Tuesday, June 15, 2010

Гамшиг сүйрлээс өрсөж, Засгийн газрыг огцруулъя!


“Монгол улсынхаа хуулийг дагах аваас ерөнхий сайд маань даруй огцрох учиртай ажээ. Огцрохгүй удах тусам л ял нь хүндэрнэ. Төрийн эрхийг хууль бусаар булаан авсан, төрийн эргэлт хийсэн гэж зүйлчлэгдэх гээд байна шүү дээ.
Учир нь юу вэ? Ерөнхий сайд чөлөөлөгдсөний дараа үүрэг гүйцэтгэгч нь томилогдох учиртай. Тэгсэнгүй. Үүрэг гүйцэтгэгч томилогдохоос өмнө, тэр дайрч очиж, засгийн эрхийг булааж авсан шиг болчихоод байна.
Бас, ерөнхий сайдгүй ЗГ-ын гишүүдийн эрх зүйн чадамжийг нь тогтоож өгөөгүй. Эрх зүйн чадамжгүй хэсэг улс дээр шууд очоод л, ЗГ-ын тэргүүн болчихож байгаа нь, бас л засгийн эрхийг дураар булаасан хэрэг.

Ерөнхий сайд чөлөөлөгдөнө гэж хуулинд байхгүй. Бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллаж чадаагүй л бол, ямар ч шалтгаантай байсан огцрох ёстой. Сая бол, эрүүл мэндийн шалтгаанаар огцорсон гэж мэдэгдэх учиртай байв. Ерөнхий сайд нь огцорсон бол, ЗГ нь огцордог л хуультай. Огцорсон баахан улс дээр очоод, ЗГ ажиллуулна гэдэг нь бас төрийн эргэлт.
Хуучин ЗГ-ын бүрэн эрх дуусгавар болсон. Үнэндээ бол, Монгол улс ерөнхий сайд ч үгүй, ЗГ ч үгүй л байгаа юм. Шинэ ерөнхий сайд ч, “ЗГ-ын” гишүүд нь ч Монголын хуулийг дээд зэргээр зөрчөөд, ямар ч хуульзүйн эрхгүй, чадамжгүй, үндэслэлгүй байж, гүйцэтгэх засаглалыг эзэгнэн байгааг төрийн эргэлт гэхээс өөр юу гэх вэ? 
Ерөнхий сайд, ЗГ, УИХ, төр маань хуулийн ямар ч ойлголтгүй байна. Хэрвээ хуулиа сахья л гэвэл, бүгд гэмээ зөвшөөрч, төрийн эргэлт хийсний төлөө хариуцлагаа хүлээх ёстой!” хэмээн ноднин бичиж байж билээ. Гэвч улирсан сайд нарын улигт ЗГ тогтносоор, балагт үйлээ үргэлжлүүлсээр… 
Хаврын улс төрийн тэмцэлд оролцогчид “УИХ тар!” гэх гол шаардлагыг тавьсан . Гэтэл, УИХ нь ЗГ-тай үүргээ бараг сольчихоод байгаа. Шилжүүлсэн гэвэл илүү оновчтой. ЗГ-ын л дайвар бүтээгдэхүүн болчихсон шүү дээ. Хэргийн гол учир ЗГ-т байгаа нь хэнд ч ойлгомжтой баймаар.
Яагаад “ЗГ тар!” гэж тэмцсэнгүй вэ? ЗГ нь УИХ-аас юугаараа дээр, яагаад тарж болдоггүй юм? Хэдүүлээ харцгаая.
Эрүүл мэндийн салбарт: гахайн ханиадтай хангалтгүй тэмцсэн, нярайн халдварыг газар авахуулсан, даатгалжилтыг уландаа гишгэсэн, нөхөн үржихүйг бараг хааж хориглосон, илүүц шат дамжлагадаа дарагдсан, улсын сэктор нь хувийнхаа хавсарга болсон, эмзүйн хяналт алдагдсан;
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт: мал аж ахуйг завхруулсан, ямаа үржүүлэхийн сөрөг нөлөөг гааруулсан, мал эмнэлэг, зоотэхникийн ажлыг сэргээхийг умартсан,  боловсруулах үйлдвэрлэл зохион байгуулахыг хийдүүлсэн, модэрнизацид огт анхаарал тавьдаггүй, зудын гамшигт хариуцлагагүй хандсан, хүнсний аюулгүй байдлыг хамгаалдаггүй, махны хомсдол, үнийн хөөргөдлөөс урьдчилан сэргийлээгүй, газар тариаланг үр өгөөжгүй болгодог;
Боловсролын салбарт: зохих бэлтгэлийг хангалгүйгээр, 6 наснаас сургуульд ордог тогтолцоонд шилжсэнээр олон хүнд асуудлыг үүсгэсэн, сургууль завсардалт нэмэгдсэн, будлиантай тендерүүддээ буруудаж баларсан, боловсролын байгууллагын газрыг  наймаалдаг, систэмийнхнээ бүхэлд нь ёсзүйн уналтад оруулсан, их сургуулиудыг хотоос нүүлгэнэ гэж хэлмэгдүүлсэн, хүнсний хордлого удаа дараалан гарсан;
Эрдэс бодос, эрчим хүчний салбарт: ашигт малтмал, энэргийн үүсвэрүүдийн том том ордуудыг харийнханд бэлэглэх ажлын нэлээдийг гүйцэтгэсэн, Тавантолгойн гэрээг жишгээр нь байгуулалцах, Эрдэнэт болон Монросцветметэд манай эзэмших хувийг 51-ээс 34 болгож бууруулах, уул уурхайн гадаадын талтай хамтарсан байгууллагууд дахь Монголын өмчийг (сүүлийн үед “Эрдэнэс МГЛ”-ын тухай яригдаж байна) харийнханд хувьчлах, мөн манай тал дангаар эзэмшдэг уул уурхай, эрчим хүчний байгууллагуудыг тэдэнд хувьчлах, концэссийн хуулийг хэрэгжүүлэх гээд гэмт үйлдлүүдийг хийж, хийхээр зэхэж байгаа;
Санхүүгийн салбарт: мөн ашигт малтмалыг харийнханд бэлэглэх ажилд оройлон оролцдог, банкуудын сүйрлээс урьдчилан сэргийлээгүй, банк дампууруулах бизнэстэй хутгалдсан, янз бүрийн санхүүгийн хуурмаг байгууллагуудын томоохон залилан гарах нөхцлийг бүрдүүлсэн, санхүүгийн том албан тушаалтан их хэмжээний мөнгө зувчуулан завшихыг таслан зогсоодоггүй, Монголын банкуудыг яаж ийгээд л харийнханд эзэмшүүлчихдэг, бонд гаргахад зүй ёсны сэрэмжлүүлэг өгч, хяналт тавьдаггүй, мөнгөний болон боловсон хүчний бодлогоо алдсан;


Хууль зүй, дотоод хэргийн салбарт: улс үндэстний ашиг сонирхолд нийцсэн хууль-эрхзүйн  орчин үгүй, хүний эрх хамгийн ихээр зөрчигддөг орны нэг болсон, олон том том хэргүүдийн гэм буруутнууд шийтгэгдээгүй, хилчид буудалцдаг, эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн, мансуурах бодисны хэрэг газар авсан, хэрэг илрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ард олныг хамгаалах тал дээр нэн хангалтгүй байгаа, хууль хэрэгжилт уналтын шатанд орсон;
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын салбарт: барилгын салбарын гажуудал 2008 оны намар нийгэм-эдийн засгийн их нуралтыг өдөөсөн, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх бодтой алхам хийхгүй байгаа, барилга байгууламжийн стандарт мөрдөгдөхөө байсан, чанаргүй барилгуудыг ашиглалтад хүлээж авдаг, харийн олборлогчдод дэд бүтцийг нь татвар төлөгчдийн мөнгөөр барьж өгөхөөр зэхэж буй, орон сууцжуулалтын асуудлыг будлиантуулсан, утаажилттай тэмцэхэд  зориулах асар их мөнгө хөрөнгөний асуудлыг холион бантан болгосон; 
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт: гадаадад хамаг байгалийн баялгаа бэлэглэхийг нэг гол үүргээ гэж үздэг, харийн олборлогчид байгаль орчныг улайран сүйтгэж байхад нүдээ аниад өнгөрдөг, гол ус, ойн орчинд уул уурхайн үйл ажиллагааг хориглосныг хэрэгжүүлэх гэж огт яардаггүй, шонхор шувууны зэрэг зүй бус наймаа хийдэг, аялал жуулчлалыг хөгжүүлэх байтугай хөнөөсөн;
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт: хятад ажилчдыг ялгаварлахгүй гээд Монголын ажиллах хүчийг гадаадад дүрвэхэд хүргэдэг,  гадаадад ажиллах хүч гаргах ажлыг ч маш муу зохион байгуулалттай гүйцэтгэхчээ болдог, бараг 100%-ийн ажилгүйдлийг анхаардаггүй (амьжиргаанд хүрэлцэхгүй орлоготой бол ажилгүй гэж тооцдог дэлхийн жишиг буй), хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх асуудлыг үл тоомсорлодог, ор нэрийн төдий халамжаа хэтэрлээ гээд хасаж танахыг л эрмэлздэг, эрсдлийн бүлгийнхэнд чиглэсэн үйл ажиллагааг тууштай явуулдаггүй;
Батлан хамгаалах салбарт: гадаадад энхийг сахиулахыг гол болгодог, улс орноо батлан хамгаалахад хангалтгүй анхаардаг, цэргийн албан хаагчдын дунд дүрмийн бус харилцаа буюу дэглэлт газар авсан, удирдах ажилтны дунд танхайрал, авлигын зэрэг хэрэг гарч дуулиан тарьдаг, боловсон хүчний бэлтгэл шүүмжлэгддэг,  зэвсэг техник муутайн дээр түүнийгээ арчлах, хямгадахдаа асуудалтай;
Гадаад харилцааны салбарт: гадаад бодлого гэж үгүй болсон, бусад гүрнүүдийн бодлогыг мухар сохроор аялдан дагалддаг, ардчилсан шударга улс орнуудаас холдож, тэдний эсрэг бүлэглэлүүд рүү ойртож байгаа, холбогдох мэргэжил боловсролгүй ажилтнуудаар дүүрсэн, хилийн чанадын монголчуудынхаа эрх ашгийг хамгаалдаггүй, ЭСЯ-ны ажилтнууд, гэр бүлийнхэн нь хар тамхины, контрабандын, хүчингийн зэрэг хэрэгт холбогддог гээд тунчиг олон, зөвхөн ганц нь л ЗГ-ыг огцруулахад хангалттай хэргүүд үйлдэгдэж ирлээ.
Зарим хэргийн бүх хариуцлагыг одоогийн сайд хүлээхгүй ч, таслан зогсоох талаар олигтой арга хэмжээ аваагүйн төлөө хариуцлагаас бултах аргагүй.
Манай ЗГ-ууд ямагт төр түмний хөрөнгийг хулгууж завших, эх орноо харьд худалдах, харийн нэоколоничлогчидтой хамтран ард түмнийхээ эсрэг гэноцид явуулах үйл ажиллагаатай байсан гэхэд хилсдэхгүй. Тэгэх тэгэхдээ бүр,  урьд урьдынхаасаа давж гарах гэж өрсөлдөж ирэв үү гэлтэй.
Энэ ЗГ Тавантолгойг харийнханд өгөх асуудал дээр л гол анхаарал, чармайлтаа дайчилж байна. Монголын төр 100 хувь эзэмшинэ гэдэг нь үгнээс хэтэрсэнгүй. Цаашид энэ үг  өөрчлөгдөхгүй гэх өчүүхэн төдий ч баталгаа байхгүй. 100 хувь  эзэмшинэ гэх нь “Эрдэнэс МГЛ”-ын мэдэлд  байна гэсэн үг. Гэтэл “Эрдэнэс МГЛ”-ыг харийнханд өгөх нууц яриа хэлцэл явагдаж байна гэх. Мөн харийнхан хувьцаагаар манай баялгийг мэдэлдээ бүрэн оруулах боломж нээлттэй. Монголчуудад эзэмшүүлэхгүй, ашиглуулахгүй л гэж, монголчуудаас лицэнзийг нь хурааж аваад, харийнханд өгтлөө хадгалж хямгадаж, хамгаалж манаж байгаа дүр зураг харагдаж байгаа. Гадаадын өчнөөн консорциум (том компани, грүппүүдийн нэгдэл) Тавантолгойг авна  гээд дугаарлачихсан, зарим нь манайх гэж зарлан тунхаглаж байна.
Газар хөдлөлтийн аймшигт аюул нүүрлэсэн. Түүнээс сэргийлэх юу ч хийх чадваргүй нь харагдлаа.  Улаанбаатарт дэлхийг донсолгох газар хөдлөлт болно гээд эрдэмтэд 7 дахь жилдээ сануулж байхад ЗГ юуг хүлээж байна вэ?
Энэ гамшгийн өмнө, хойно асар их мөнгө хөрөнгө хэрэгтэй. Гэтэл төрөө санхүүгийн хувьд бүрэн дампууруулж, улс орноо дааж давшгүй их өрөнд оруулж, ард түмнээ аяга хоолгүй болгох ажил хийж буй ЗГ-ыг яах вэ?
Огцруулах л хэрэгтэй.  Яаралтайгаар эрүүл нийгмийн үүд хаалгыг нээж,  ашигт малтмалаа гартаа авч, газар хөдлөлтийн эсрэг хөдлөх хэрэгтэй. Хуулийн хүрээнд, бүхий хэлбэрээр, цаг алдалгүй тэмцэхгүй бол биднийг үхэл мөхөл л хүлээж байгаа шүү!
Гэхдээ, нэг ЗГ-ыг тэр мэт нөгөөгөөр солих нь ач тусыг огт авч ирэхгүй. Нэоколоничлол-гэноцидийн тогтолцоог л, төрийн эрүүл тогтолцоогоор халах хэрэгтэй. Үүний төлөө бүх монголчууд нэгдэх ёстой. 
Их салхин хөдөлбөл хөдөлтүгэй!
Ч.Мөнхбаяр. ММХ.VI.III
http://moenhbayar.blogspot.com

P.S. МMХ.II.XIX-нд бичсэн үгүүллээ товчлон суурь болгов. ЗГ-ыг огцруулах шаардлагаа ард түмэндээ болон төрийн өндөрлөгүүд, ТББ-ууд, нэрт зүтгэлтнүүдэд хүргэх болно.

No comments: