Монгол Ардын Нам анх байгуулагдахдаа Их Хүрээний гурван нууц бүлгэм нэгдсэн дээр суурилсаан. Бүлгэмийн гишүүн, язгуурын эх орончид маань алсын мэргэн бодлоготой, бичгийн өндөр соёлтой, уран цэцэн үгтэй, тиймдээ ч олны үнэн сэтгэлийг дагуулж чадсан тийм л хүмүүс байж. Тэд хэмжээгүй эрхт хаанчлалыг халж ардчилсан засаг тогтоох, тархай бутархай байдлыг арилгаж, бүх монголчуудыг нэгэн улс гэр болгох, хятад мөнгө хүүлэгчдийн мөлжлөгийг таслан зогсоож эрх тэгш зарчимт зах зээлийн эдийн засгийг хэвшүүлэн хөгжүүлэх гээд л дандаа л зөв зүйтэй, чигч шулуун зорилгуудыг дэвшүүлж, цусан андгай тангарагаа өргөөд, амьдралд хэрэгжүүлэх гэж тэмцэж явсан билээ л.
Дайснууд шударга сайн бүхнийг хорлож хөнөөж, адгийн шааруудыг өөд нь татаж гаргаж, их харгислалыг үйлдэхдээ тэдгээр сайхан эх орончдыг маань бүгдийг нь бүрэлгэсээн. Хойч хойчийн эх орончдыг мөн л егүүтгэсээр, нэг л мэдэхэд Монгол Ардын Намыг дуулгавартайгаас цаашгүй этгээдүүдийн толгойлсон Монгол Ардын Хувьсгалт Нам гээч болгон хувиргасан байв.
Тэдгээр люмпенүүд оросуудын “А!” гэж дуугарсныг “Э!” гэж орчуулж хэлэхээс өөр юмгүй шахуу манкурт боолууд байсаан. Даравч далдайж, булавч бултайна гэгчээр эх оронч хөвүүд энэ намын эгнээнд өсөж өндийж, “том том дуугараад” гараад ирдэг байсан ч большевикуудын төмөр савар тэдний толгой дээр лантуу мэт буудаг байв л.
Гэхдээ МАХН-ынхан муугүй гүйцэтгэгчид байсан. Оросууд юу л гэнэ, түүнийг нь үндсэнд нь биелүүлдэг байв. Одооныхон шиг идлээ уулаа, урвалаа хөрвөлөө гэхчлэнгийн эвгүй муухай авирыг тэд гаргадаггүй асан. Арын хаалга маалга хэрэглэчихнээ, бас.
Гэтэл аянга цахилж, ардчилсан хувьсгал мандав. МАХН-ынхан арга бач хэрэглэсээр засгийн эрхийг гартаа үлдээж чадлаа. Харин дараа нь яах вэ? Ердөө л тэд яахаа ч мэдэхээ байчихсан. Зааж зааварладаг орос “ах” нар буюу ЗХУКН хуулиар хориглогдчихлоо. Нэг бодлын энэ нь завшаан биш үү. Хэн ч “боль, болохгүй” гэж хорихгүй. “Идье ууя” гэсэн бодол энэ намынхны тархинд харваж эхэлсэн хэрэг. Ингэж л шинэ маягийн монгол “төр”-ийн хэв маяг төлөвшиж эхэллээ дээ.
Идэх уухаа далдлахын тулд коммунист суртлаасаа салж, Нагаржунагийн хоосон чанарын онолыг баримтална гэж баахан мунгинав. 1990-1996 онд ч улс орон сайн хоосорсон доо.
1996 онд “Ху” нам Ардчилсан намынханд хиар цохиулсны дараа Нагаржуна энэ тэр гэдэг ч үгүй, зүгээр л хор найруулж мэргэшсэн шинэ “улс төрчдийн” давалгаан хүчээ авлаа. Ингээд л Ху намын эволюци зогсох нь энэ үү?
Үгүй юмсанжээ. “Ху” намын уруудал доройтолд хязгаар гэж алга бололтой. Шинэ давалгааныхан өөрсдөө, өөрсдийг нь булшлах хүчнийг бэлтгэж эхэлсэн юм. Хуучин гвардийнхныг нарим цохиулах, хүчтэй дэмжлэгтэй болох, сөрөг хүчнийхнийг айлган сүрдүүлэх зорилгоор, залуучуудын гэх бүтцүүдийг ээлж дараалан байгуулав. Тэд хийрхүү, омогтой, түрэмгий. Энэ нь л гол онцлог. “Хунвэйбин” буюу “улаан хамгаалагчдын бүлэг” байгууллаа ч гэж сөрөг хүчнүүд шүүмжилж байв.
Тэдгээрийн оройд чанга нударгатныг тавилаа. Тэрхүү чанга нударгатныг латины икс (X) үсгээр түр нэрлэе л дээ. Х бүлгээ чанга нударгандаа бат атгаж байлаа.
Тэр идэр насандаа бор дарсыг ус цас адил залгилж, галзуу барын аманд гараа хийж явсан. Цэргийн сургуульд суралцаж байхдаа военсамбо зэргийгээ сурч, нударгаа улам чангаруулаа биз ээ. Зүй ёсоор бол, Монголын арми бас нэгэн хэцүүхэн шанаадагчтай болох байв. Гэвч тэгсэнгүй ээ. “Ху” намд шанаадагч хэрэгтэй гэдгийг тэр дуулсан байж. Тэгээд л “Ху” намтай ойлголцсон. “Ху” намын дотоод ажил, зохион байгуулалтын арга барил нь шанаадалт, нударгын хэлбэррүү тууштайгаар шилжиж байлаа.
Дээд ноёд, ивээгч өмгөөлөгчдийн хаацайн дор, Х нударга зангидан занахыг үйл ажиллагааныхаа гол болгож явлаа. Түүний хүнд нударгаас эмээх нь намын доторх жанжин чиг шугам болж хувирлаа.
Х. МАСЗХ, “Улаан сарнай”-н залууст гар хүрлээ гэж дуулиан дэгдээв. Замын цагдааг жанчив гэсэн сенсаци тарав. Тэглээ гээд энэ нь Х-д ямар ч гай болсонгүй. Нударганаас нь айж буйд, нударганых нь нэр нөлөө өссөнд эрэмшсэн тэр эзэн ноёддоо агсрах болов. Гэвч хор найруулагчдын үе арай өнгөрөөгүй байлаа. Тэд хүчтэй хэвээр байв. Тиймээс аргагүй л Х уучлал гуйхад хүрчээ.
Дээд ноёд түүний нударгыг үргэлжлүүлэн ашигласаар л байв. 2004 онд Ардчилсан эвсэл ялахад тэр үүний эсрэг хунвэйбиний жагсаал цуглаануудыг зохион байгуулж, айлган сүрдүүллээ. 2006 онд Элбэгдоржийн засгийн газрыг гэнэт өмгөөлж гарсан иргэний хөдөлгөөнүүд үймээн дэгдээхэд Х бас л хунвэйбиний жагсаал босгож, хандыг нь хага дарлаа. Элсний 13-ыг Х элсэнд живтэл нь дайрч давшиллаа.
Е.Отгонбаяр дарга зодуулсан хэрэг гарсан. Үүнд Х холбоотой юу? Зарим нь холбоотой гэх юм, зарим нь холбоогүй л гэх юм. Гэхдээ энэ намд Нударга хамгийн гол хүчин зүйл, жанжин чиг шугам болж байгаа нь үнэн.
Е.Отгонбаяр дарга зодуулаагүй гэж гүрийж байгаа. Гэхдээ тэр жигүүр, шинэчлэл, элсний 13-ыг дэмждэг. Улс төрийн шалтгаан, тохироо нь байна. Сэжигтэй мэдээллүүд байна. Түүнээс гадна тэр яагаад долоо хоног маш нууц байдалд оров? Жирийн эмчилгээ байсан бол ингэхийн учир юу? Дэндүү олон зүйл их л сониноор тохироод байгаа юм биш үү. Дараа нь “Отгонбаяр дарга зодуулаагүй” гэдэг бичил жүжгүүд ярилцлага, сурвалжлагын хэлбэрээр өрнөлөө. Сурвалжлагч санаандгүй байдалтай мэтээр очиход тэр өрөөндөө инээд алдаад л бэлэн зэлэн сууж байдаг, цовхорч босоод л ТВ-ийнхний гарыг атгаад байдаг, тийм л мэдээнүүд цацагдсан шүү дээ...
Нударга ширүүслээ, томорлоо, өндийлөө. Элсний 13 төдийгүй, ерөнхийлөгчийг хулгайчаар нь дуудлаа, шоронд суулгана гэж заналхийллээ. Сөрөг хүчнүүд ганц “хоншоортой” аавын хүү, дарангуйлагчийн эсрэг тэр л гагцхүү сөрж зогслоо, энэ тэр гээд л цаасан малгай өмсгөж, хошгоруулахыг оролдлоо. Хаана буухаа мэдэлгүй үсрэх царцаануудыг санагдуулам биш үү. Дараа нь Чойбалсанг бишрэгчийн хүнд нударга өөрсдийг нь няц дарвал яана. Зүүний хүчний холбоо, Офицеруудын холбоо зэрэг хүч хэрэглэвэл хэрэглэчихээр бүтцүүдээр хүрээгээ тэлж байгаа зантгар том нударга юм шүү.
Ерөнхийлөгчийнхөн уучлал гуйхыг шаардаад, ёстой л нэг нармайгаа нээлгэлээ дээ. Нударга хэнд ч дийлдэхээ байжээ. “Би бол ард түмний дуу хоолой, тэгвэл харин өөрөө тийм, тийм юмныхаа төлөө уучлал гуйгаарай. Шаардаж байна!” гэж өөдөөс нь тасхийв шүү!...
“Ху” намын эволюци ээ гэж. Эх орончдын намын суурин дээр үүссэн гэж байгаа. Дараа нь люмпен коммунистууд, хоосон чанарыг бишрэгч нагаржунистууд, зүгээр л хор найруулагчид. Эцэст нь Нударгын нам. Хэн чанга нударгатай нь лидер! Балар эртний хүн сүрэгт ч зөвхөн чанга нударгатай нь толгойлж байсан гэхэд эргэлзэнэ.
“Ху” нам ч больж дээ. “Ху” нам биш, “Ху” нударга болж дээ.
Ч.Мөнхбаяр
2007.6-р сар
No comments:
Post a Comment