Saturday, May 15, 2010

Төрд хэрэгтэй зайран



шог үгүүллэг

Үс гэзэг сэгсийтэл ургаж, зүг бүр тийш арзайн хатжээ. Малгай минь урагдаж салбаран нүүр лүү унжчихсан. Хувцас хунар ч навсайж, цуурч цоороод, туузан бухал л гэсэн үг. Цүнх минь хэнгэрэг цанархуу болж хэмхэрсэн агаад, мэдээж дотор нь юу ч үгүй. Дотор ч гэж байхгүй юм чинь. 
“Ууж ч болдоггүй, уухгүй байж ч болдоггүй, хаашаа эд в дээ, энэ сархад”  хэмээсэн, наддаа л ихэд гүн ухааны бодролыг минь тасалдуулан, хэсэг улс манийг бариад авлаа. Согтуу хүнийг гэхээс биш, шартсан хүнийг эрүүлжүүлэхэд хийнэ гэж баймааргүй.
-Түргэн Дамбий гуай та Төрийн Ордондоон заларч хайрла.
-Ийм хувцас хунартай оруулж болох юм уу?
-Жийнс, мини-юбкийг л хорьсон. Энэ хүнд аль нь ч алга.
-Аль нь ч байсан нь будаа болоод, мэдэгдэхээ байчихсан юм биш үү.
-Хөхчүү бөөгөөс уламжлагдаж ирсэн онгодтой өмсгөл шүү. Хамаагүй бурж байж, ниргүүлэв чи гэлцэн, дарга сайд байлтай, сүр сүндэр, ганган дэгжин нь гэж жигтэйхэн, зүс таних боловч, адил гялтгар цагаан царай нь гялбаагаад ялгахуйяа бэрх тэд намайг бараг л толгой дээрээ өргөн зорчсоор, УИХ-ынхаа чуулганы танхимд орууллаа.

-Аугаа их Хөхчүү бөөгийн удам, Түргэн Дамбий таныг төрийн их бөөгөөр томилсныг болгоон соёрхоно уу гээд л УИХ-ын дарга өвдөг сөгдөн, есөн эрдэнээр бүтээсэн үнэмлэхийг тээж ядан, өргөн барилаа. Ломбарданд тавьчиж болох нь гэж сэтгээд, даруй шүүрэн, өөр хийх газаргүйн тул, гуталны ангархай руугаа шургуулав. 
-Шартаад мөн ч найгүй байна, дотор онгойлгох юм... гэж хэлэхчээ аядвал “юу хэлчихвээ, алив бичлэгийг буцаагаад эргүүл, чи гадаад их явж, галуу шувууны мах их идсэнээрээ орчуул” гэхчлэн тэд шаагисны эцэст, бүлтгэр нүдтэй, бондгор бор гишүүн дэгдэн ирээд:
-“Сартай Мөнх Тэнгэрийн нанчид дотоод онгод минь юм” гэх шиг боллоо! гэв. Нэг архи яваад ирэхээр нь нүүр хаасан үс, бөсөн унжлаган дотуураа нэг оруулснаа л хоосон шил гарган шидэж орхиход, гишүүд түүнд оногдох гээд л ухасхийж, нэг нь алтан толгойт хөл бөмбөгч аятай үсрэн мөргөөд аз жаргалтайяа манарснаа, үхэдхийн унав.
Хамаг биед халуун цөмийн урвал явагдах тул би орилж чарлаж, дэвхэрч цовхроод сүйд л боллоо. Үргэлжлэх хугацаа нь сүүлийн үед улам л уртасч буйн сацуу, энэ өдөр занг нь мэдэхгүй архийг “олдсон дээр нь” гээд бүгдийг нь  ховх сорчихсон чинь номхорч өгөхгүй тун чиг зовоов. Арай гэж гайгүй болж ирэхэд, ядарсандаа тэнтэр тунтар гишгэлнэ, халамжит гишүүд түшнэ. Аргагүй л мэргэшсэн түшээд юм гээч. Тэд алга нижигнүүлэн ташиж, “ёстой нэг  хийморь сүлд сэргэв байна, ямар тасархай бөөлдөг юм бэ, кайф авлаа” гэхчлэн шуугилдана.
-Бид ирэх жил нөгөө хэлтэй амтай нэг тэрбумаа зуун тэрбум болгох гээд л тархиа гашилгаж сууна. Яавал амар бүтэх вэ гэж нэг нь хашхирав.
-Хүний үнэргүй далан зургаан хулгайч аа! Та нарыг ёстой дробинкдох юмсан! гэж хилэнтэйеэ хашхирах гэсэн чинь хэл ч улам бөөрөнхий, хоолой ч гарахгүй болчихож. Бондгор:
-Хүн бүрийг далан доллараар худалдаад ав! Таалсан бүхэн чинь дороо бүтэх юмсан гэнээ хэмээгээд бөөн уухай хадаалгав.
-Монголын ард түмнийг ашигт малтмалын хараал, мал дагаж мал болох зэрэг аюулаас аврахын тулд  харьд тэр нэг хэдэн орд морд, газар шүү юмнуудыг нь өгч, бүгдэнг нь Улаанбаатарт хүчээр ирүүлэх гэж байгаа л даа, бид. Гэтэл хаврын шизо нь хөдөлсөн юмнууд эсэргүүцээд… гэж нэг гишүүн үглэхэд:
-Дуу! гэсэн чинь орчуулагч:
-Бууд! гэж хөрвүүлэв. Бас л балиашиглалт.
-Тэгсэн чинь монголчуудаас газрыг нь чөлөөлж, харьд эзлүүлээд, өөрсдийг нь нийслэлд бөөгнүүлж байгаад газар хөдлөлийн зэвсгээр устгах гэж байна гэж биднийг гүтгэх боллоо.
-Гүтгэсэн гэнэ шүү, үнэн бодлого чинь ш дээ, өөдгүй хувалзнууд аа! гэвэл:
-Гүдэсхэн хээгүй дүрээр булт, үмх махаар хуур л даа! хэмээн хөрвүүлэв. Үг минь ойлгохын аргагүй дуулдаж байсан нь ч үнэн л дээ.
Гэнэт архины үйлдвэрийн бүтээгдэхүүн савлах цээх айсуй гэлтэй болов.
Хамгаалалтын нэг ажилтан пижигнэн орж ирээд:
-Жинхэнэ Түргэн Дамбий гээд нэг хүн ирчихээд орно гэж дайраад байна. Наад хүнийг чинь хуурамч Дамбийжаа юмуу, жирийн нэг гудамжны архичин биз гэсэн! хэмээн нэг амьсгаагаар урсгав. Хурлын дарга:
-Ямархуу хүн байна гэж  гайхан лавлав.
-Яг л ийм хүн байна лээ. Тулалдаж байна!
-Манай энэ хүн тун мэргэн түргэн юм билээ.  Харин өөрөө лав хуурамч биз.
-Магадгүй. Илүү архичин ч юм байна.
-Тэгвэл тэр чинь жинхэнэ нь! Үг яриа нь ойлгогдож байнуу.
-Огт ойлгогдохгүй байсан. Таамагласнаа л танд айлтгаж байна. Зөвхөн эгшиг хэлж байсныг нь эвлүүлээд тааварлахад бол…
-Энэ хүн гийгүүлэгч хэлж байсан. Гарга наадахыгаа! Гэхдээ цонхоор! Хаалган дээр эд мөргөлдчихвөл, цаадах чинь алахаас буцахгүй, бөөн сенсаци дэгдэнэ. Биднийг л “алсан” гэнэ... 
-Даргаа  хоёуланг нь л эрүүлжүүлэхэд өгчихье л  дөө. Иймэрхүү улсыг ордонд…
-Болохгүй, хэн нэгнийх нь тэнгэр ниргэвэл яах юм гэж хурлын даргыг балмагдахад жинхэнэ зайран хамгаалалтынхныг бүгдийг нь бялба  нүдсээр, хаалга цөмлөн орж ирэв. Аргагүй  л мундаг архичин юм. Улсын Их хуралд биш, Улсын их спиртэнд байна гэж эндүүрэхээр үнэр танар кадрыг минь таслав…
Нэг л мэдэхэд, би ордны гадаа тэрийж байх юм. Их л чанга унаж дээ, цардмал дээр наалдчихаад салдаггүй. Өчнөөн сунаж, төчнөөн агшиж байж нэг юм мултрав. 
Намайг бөө шидэв үү, дарга дорго нь шидчихэв үү. Ямар ч  л гэсэн, нэгэн цонхны хагархай миний дүрстэй байхыг үзэхэд, шидүүлсэн минь л ойлгомжтой.


Шал дургүй хүрчихлээ. Гэгэлзсэн  сэтгэлээн засахын тулд, ядаж ганц юм олж уух санаатай хайж явтал эрлийн үзүүрт, хүрсэнээ бус, харин Хөтөлбөр нэхэх хүн бүрийн хөдөлгөөнийхний гэрийг олов. Эгшиг хэмээх өндөр хар хүүхний номлохыг сонссон чинь, мэргэн бодол харван орж ирлээ. 
Жаахан зайдуу очиж  зогсоод хүүхний үгийг давтан бархирч гарав шүү. Хэлгүй дультраа болчихсон маань тэр эмэгтэйгээс өөр илүү чухал зүйл ярьж байна гэж ойлгогдсон ч байх.
-Ингээд би тэмцлийн архаг хэлбэрт шилжиж, УИХ тартал хуурай архидалт зарлалаа! Өчүүхэн амь биеэ ард түмнийхээ төлөө туршлагын мэлхий, эсвэл хулгана болгон золиослохоор шийдлээ! гэсэн чинь хүмүүс дүнгэнэлдээд л явчихав. 
-Таны тэмцэлд би нэгдье! Дрозофил ялаа болъё! гээд л нэг согтуу нөхөр урагш, хөлд орж буй хүүхэд аятай баясан алхав. Нөгөө хөдөлгөөний удирдагч бүсгүйг тойрон шавсан хүмүүс ч цөм нааш хуйлрав. Ер нь Улаанбаатар тэр аяараа л хуйларсан даа.
Нүд ирмэхийн зуур, хурсан олон дундаас зуун хүн тэмцэлд маань нэгдлээ. Ихэнх  нь улаан хамартай, гэхдээ бор, хар, цагаан, шар, тодорхойгүй өнгөтэй хамрууд бас байсаан.
Хандивын хайрцаг маань дороо дүүрэхэд нэг маань тэврээд л гүйсэн, авдар архи дотор нь хийчихээд Усайн Болт гэж өөрийгөө эндүүрсэн шиг л эргээд нааш хурдлах. Ойрын хэдэн дэлгүүрийн бүх согтууруулах ундааг хуурайлав.
Өглөө нь бие сэтгэл гэж там. Эрүүлжүүлэхэд байгаа бололтой. Өчигдөр даанч их солиорсон, лав танхайн хэрэг мэрэг үүсгэсэн л болов уу. Хавьд наранд гарахаас ч өнгөрчээ, хө. 
Гэтэл үгүй юм аа. Гэр дүүрэн хоосон лонх, хагас хугас юмнууд ч харагдана. Хэн бидэн дээр гэр барьчихдаг билээ.
Зуу татаад гарвал баярын ширээ засчихаж, арай Паушок ирэх гэж байгаа юм биш биз дээ л гэлтэй. Бас цагдаа, цэрэг, тагнуул, гал команд, онцгой  байдлынхан давхар давхар бүсэлчихжээ, биднийг.
-Сайн байнуу! Танилцъя, намайг Олон нийттэй харилцах албаны дарга гэдэг! гэж ширээн дээрх нэг архи хашхирахаар нь цочсон гэж! Архи л харагдаад байсан чинь нэг нь хүн байж л дээ.
-Нам засаг хүний эрхийг дээдэлж, та бүхний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, тэмцэх эрх чөлөөг хүндэтгэж байна. Түүний илэрхийлэл болгож, уух идэх зүйлийг чинь төрөөс хариуцах болсон.  Хоргүй шүү, худлаа гэвэл… гээд архинаас хундагалан балгаж, хоолноос халбагадаж, боов боорцгийг хазаж гарав.
-Боль гэм, хамаг юм хуурайлаад...Тийм л их хүндэтгэн дээдлээд байгаа юм бол яагаад хүчнийхнээр давхар давхар бүслүүлсийм? гэж би асуув. Хэлний бөөрөнхий арилсан тул тэр намайг овоо ойлгож байх шиг. Гэхдээ удахгүй ахиад бөөрөнхий болчих байх л даа.
-Иргэдээ нам засаг хамгаалах ёстой биз дээ?
-Биднээс үү?
-Тэднээс.
-Нөгөө хөдөлгөөнийхнөөс үү?
-Үгүй ээ. Өглөө  тэдний гэрийг Дашбат гээч дайраад. Биш ээ, тэдний гэр Дашбатын машиныг  дайраад. Тэгээд хөдөлгөөнийхнийг согтуугаар тэмцлийн хэрэгсэл жолоодсон гэж баривчилсан. Харин та нарыг бол архи үйлдвэрлэгч, худалдагчдаас хамгаалж байгаа юм. Тэд та нарыг спонсордож, өөрсдийгөө сурталчлах гээд бүр томоохон бослого дэгдээсэн. 
Тэднийг нам дарахгүй бол,  та бүхнийг сүйдлээд хаячихна шүү дээ. Манайхны согтууруулах ундааны чанар ямар л билээ. Энд дандаа хятад архи байгаа. Шартуулахгүй л гэж мэд! гэж хэмээн тэрхүү хурган дарга өчив.
Ингээд л архи уудаг ажилтай боллоо. Ажил гэхийн учир гэвэл, биднийг улс үндэстнээ гээд амьдрал ахуйгаа гаргуунд  нь хаяж байгааг анхаарч үзнэ хэмээн, цалинжуулах болсон л доо. Хэвлэл, ТВ, радиогийнхон шавж, бид хэд ч рэалити-шоу боллоо. Өөрсдийнхөө тухай юу нийтлэгдэж, нэвтрүүлэгдэж буйг  хааяа сонирхоно. “Иргэний хөдөлгөөнийхөн гэж хэн бэ?” , “Хаврын синдромтнуудын үнэн нүүр царай”, “Наанаа ард түмэн гэх, цаанаа…”, “УИХ-ыг тараах гэв үү, Уух идэх хөдөлгөөн байгуулчихав уу?” гээд л авч өгсөн байх аж.
-Та нарын рэалити-шоуг, биш ээ, рэалити-тэмцлийг ард түмэнд сонирхолтой болгох бас нэг зүйл сэдэж оллоо. Тэр бол архин тангараг! гэв.
-Архин л юм бол юу ч байсан яахав гэж би яаран өчив. Нэг маань, нөгөө хөдөлгөөнийхний цусан тангарагийн үгийг чангаар унших болов. Тэр ч дэн дун, бид ч дэн дун. Амар ч юм аа даа.
-...олигархуудын… Монгол… үндэстнээ… аврах… худалдагдсан… тэмцэлд… эрслэн шийдсэн… бусармаг... гар хөл бологч, цадахыг үл мэдэгч хувалзуудыг… элбэг хангалуун, түвшин сайхан амьдруулахын төлөө… их гэгээрэхүйг цогцлуулахын төлөө нэгэн биеийн жаргалыг огоорон… Андын тангарагаа… өргөж байна. Энэхүү зорилгоо биелүүлэхэд миний төрсөн бие хайран… та нартайгаа… хамт… андгайгаа зөрчвөл… Мөнх хөх тэнгэр… ивээг гэх согтуу толгойн үг нэг л хачирхалтай, дутуу дулимаг дуулдсан ч, учрыг олох тэнхэлгүйн тул давтан хэлцгээв.
-Одоо яах вэ, өндгөө цоолох уу гэж нэг нь асуув. Дарга:
-Хуруунаас чинь юу гэж архи гоожих вэ дээ гэвэл тэр:
-Гоожноо л гэж байна.
-Та нарын, хууль дүрмээ сахиад, тайван сайхан тэмцэл өрнүүлж буйг харж үзэж,  зөвхөн нам засгийн томчуудын тангараг өргөхдөө хэрэглэдэг Төрийн их сархдыг авчирлаа гээд дарга маань гал сөнөөгч шиг данхар лонхтой эдийг өврөөсөө дааж ядан гаргаж ирэв. Наадмаар  худлаа үнэн ноцолдчихдог, нэлээн бяртай нэг маань хундагалах гээд хүчрэлгүй өвдгөн дээрээ асгачихваа. Гэтэл ширхийх чимээ гарч, уур утаа савсан, өмд нь давхраараа цоороход, мань эр муухай чарлан дэвхцэв. Архиа харин алдсангүй ээ, тас тэвэрчихэж.
Манай дарга “гал сөнөөгч”-өөс сурмаг гэгч аягалаад нэгмөсөн хөнтөрчихөв.
-Ходоод чинь түлэгдэх нь байнаштээ! 
-Та нар бас архин тангараг өргөдөг хэрэг үү?
-Бид нам засгийн томчуудын эгнээнд орж байгаа юм уу? гээд л нөхөд маань согтуу нь бүр гарчихсан, ам уралдан асууна. Улаа бутраад явчихсан дарга:
-Ходоод чинь төмөр, шилийг ч хайлуулдаг хүчилдээ түлэгддэггүймшдээ. Бусад асуулгын тухайд гэвэл нэгтгээд, “тийм” гэсэн хариу өгчих үү дээ гээд малилзтал инээмсэглэв.
Ч.Мөнхбаяр. ММХ.Ү.Ү
http://moenhbayar.blogspot.com

No comments: