АНАТХ тэргүүтэй хөдөлгөөд тэмцлээ далайцтай үг яриагаар эхэлсэн билээ. Хувьсгал, УИХ тар гээд л . Учир битүүлэг санхүүжилт, хүчирхэг ар тал, танигдаагүй тэмцэгчид, хөдөөг голлон түшиглэсэн бүтэц, ҮШН-ын идэвхтэй оролцоо, ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих магадлал гээд л янз бүрийн асуудлаар шүүмжлэгдэж, хар PR-нд өртөж, эргэлзээ төрүүлж байв.
Тэд цусан тангараг өргөснөөр олон хүнд итгэл өгсөн юм. Би ч дэмжиж, 4.5-ны жагсаалд эчнээгээр оролцож буйгаа илэрхийлсэн /бэртэлтэй байв/ ил захидлаа нийтлүүлж, ард түмнээ уриалсан. Оюутолгойн гэрээг шүүхэд өгч, үүнийгээ амлалт нэхэх тэмцлийн нэг хэсэг гэж үзсэн. Удирдагчдад нь бичгээр болон утсаар хандаж, дэмжиж, хамтран тэмцэхийг эрмэлзэж буйгаа мэдэгдсээн.
Магнай, Батзандан нар “Босоцгооё!” гэж уриалсан хэрнээ, төрд нэг жижиг бичиг өгөөд л чимээгүй болчихсонтой энэ тэмцэл зүйрлэшгүй өргөн хэмжээтэй өрнөх шиг санагдаж байв. Нам засаг ч нэлээд сандарч, түгшсэн. Ямар сайндаа эл тэмцлийн талаар нэвтрүүлэхийг ТВ-үүдэд хорьж байхав.
Долоон удирдагч, өөр олон хүн өлсгөлөн зарлалаа. 20 жилийн дарлал мөлжлөг одоо л нэг…гэж санагдах үе байсаан. Киргизэд хувьсгал гарч, Роза Отунбаева гэдэг эмэгтэй улс төрч засгийн эрхийг гартаа авлаа. Өөрийн эрхгүй, Г.Уянгатай зүйрлүүлэн бодоход хүрч байв.
Гэтэл, нам засаг сурсныг сураар боохгүй гэгчээр, шөнө цагдаагийн ажиллагаа сэм зохион байгуулаад, долоон удирдагчийг эмнэлэгүүдэд салган тарааж хорьчихов.
АНАТХ-ий өлсгөлөн зарлагчид, миний, Оюутолгойн гэрээг
шүүхэд өгсөн тухайгаа өчсөн ярилцлагыг уншаад
сууж байхад нь энэ зургийг авсан юм билээ.
Өлсгөлөн удалгүй зогслоо. Төрийн зүгээс, 1,5 саяыг олгоно, хүүхдийн мөнгийг сэргээнэ, Ашигт малтмалын хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн найруулна, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгох эсэхийг шийдэх ажлын хэсэг байгуулна, Оюутолгойн гэрээг анхаарна гэжээ.
Үнэндээ нам засаг тэдгээрийг гүйцэлдүүлнэ гэж итгэх аргагүй юм. Хэд дэх удаагаа молигодчихов доо л гэмээр байна. Тэр хэлснээ хөсөрдүүлээд ч эхэлчихсэн.
Ялалт мөн үү, үгүй юу? Биш гэж би бодож байна. Өөрийнхөө төлөө бусдыг өлс гэж шаардах нь ёс суртахуунгүй хэрэг. Гэхдээ тэмцлийн олон хэлбэр бий шүү дээ.
Ямар ч гэсэн тэд ард түмэнд хэрэгтэй үгийг хүргэсэн, хонх цохисон. Олигархуудад ч сануулга өгч чадлаа. Үүний ач холбогдол их.
Тэмцэл ялалтад хүрээгүй, төгсөөгүй, харин ялалт руу хүрэх зам нь дөнгөж эхэлж байна гэж би үзэж байна. Яагаад гэвэл “Улс үндсээ аврах андын тангараг”-т харгис дэглэмийг халах, харийн ноёлогчдыг хөөн зайлуулах утга буй. Үүний төлөө нэгэн биеийн жаргалыг огоорон,шорон, үхэл, аливаа эрсдлийн өмнө үл няцан, амь хайргүй, эцсээ хүртэл тэмцэнэ гэж тэд цусаараа андгайлан тангарагласан.
“Андын тангараг” нь зөв зүйтэй л юм билээ. Тангаргаа биелүүл гэж тэмцэгчдийг шахаж шаардах нь гол биш. Ард иргэд бид эх орныхоо төлөө гэсэн тийм чин эрмэлзэлтэй байж, хувь заяаныхаа төлөө, нэгэн санаагаар эрслэн босож, эцсийн үр дүнг үзтэл тэмцвэл зохино. Эсбөгөөс саяын явдал л давтагдана, дарлал мөлжлөг улам л гаарна.
Ч.Мөнхбаяр
MMX.IV.XXV
No comments:
Post a Comment