Saturday, May 15, 2010

Газар хөдлөлтөөс айх уу, итгэл найдварын зул асаах уу?



Эмээхгүй байх 10 үндэслэл

Газар хөдлөлтийн асуудал хэн бүхний сэтгэлийг түгшээж байна. Төр засаг маань: 2004 оноос хойш эрдэмтэд “УБ-т 2010-2012 онд 10 баллын газар хөдлөлт болно” гэж анхааруулж ирсэн гэж ард түмнээн айлгасан хэрнээн, тайвшруулах юу ч хийсэнгүй. Би харин тайвшруулах гэж оролдъё.
Газар хөдөлж магад хэмээн хэрэндээ юм хүм эмхэлж цэгцлэн бөөвийж суух болсон ижийгээ харахлаар  нулимс унагах дөхнө, элдвийн  л юм бодогдоно. Тэр элдэв бодлоосоо хуваалцсу.
1.Хэрэв бүгд  худлаа бол яахав? 2004 оноос  хойш яагаад дарга нар тэр талаар дуугараагүй болж  таарах вэ? Тэдний үнэн гэсэн нь худлаа, худлаа гэсэн нь үнэн болох нь олонтаа.

2004 оноос тэр аюул мэдэгдэж асан бол дарга нар  түүнийг янз бүрээр ашиглаж болох байв. Сонгууль, тэндэр, төсөл, тэмцэл  хөдөлгөөнийг дарах, ард түмнийг номхруулах гээд л.
2010.1.9-нд Дундговийн газар  хөдлөлтөөс болж Улаанбаатарт доргилт үүсэхэд л нам засаг санаа авсан байж болно. Газар хөдөлтийн сэдэв тал бүрийн ашиг авчирч магад гэж. Гэхдээ энэ сэдвийг ашиглах тал дээр дарга нар санал зөрөлдөөнтэй байж болзошгүй. Зарим нь, энэ нь хувьсгалаас урьдчилан сэргийлэхэд тустай, зарим нь харин ч бүр хувьсгалыг өдөөнө гэж.
2.Яагаад дарга нар өөрсдийгөө хамгаалахгүй байна? Хувийн жаргалын төлөө юу ч хийхээс буцахгүй явж ирсэн бус уу? Амь нас, өмч хөрөнгөө хамгаалан, аюулгүй газар очих, зөөвөрлөх оролдлогыг яагаад эс хийнэ вэ? “Үхсэн ч ард түмэнтэйгээ хамт” гэх сэтгэлгээтэй улс гэж үү?
3.Газар хөдлөлийн ихэнх нь далайн ёроолд болдог. Хуурай газар бол, залуу уулстай, уулс бүрэлдэх явцтай, галт уулстай нутагт хөдөлнө. Хуурай газарт газар хөдлөлийн хоёр том бүс байдаг. 
Газар хөдөлдөг нутагт бол ер нь  хөдөлж л байдаг, шинж  тэмдэгүүд нь байнга ажиглагддаг. Энэ нөхцөл байдлуудаас аваад үзэхэд Монгол бол газар хөдлөлийн хамгийн магадлалгүй орон ажээ.
Далайгаас хол, уулс нь эрт төлөвшсөн, элэгдсэн, унтарсан, тэгш тал, цөл голлодог, газар хөдлөлийн гол бүсүүдээс хол, газар хөдлөлийн гамшиг, шинж тэмдгүүд нэг их ажиглагдаад байдаггүй. 2010.1.9-нөөс хойш л тийм аюултай газар гэж яригдаад байдаг болчихлоо. Урьд нь Монголд ч, хилийн чанадад ч тэгж яригддаггүй л байв.
4.Хаити, Калифорни, Еллоустоун, Африкийн Эвэр гээд газруудын газар хөдлөлийн талаар дэлхийн эрдэмтэд байнга анхааруулж ирсэн, анхааруулсаар ч байгаа. Монголд яагаад тэр хэмжээний  анхааруулга өгөхгүй байна.
Тэгэхлээр эрдэмтдийн санал хуваагдмал байгаа бололтой. Аюул айсуй гэж таамаглаж буй эрдэмтэд нь ирж судалж, анхааруулж. Тэдэнтэй хамтран ажилласан манай эрдэмтэн мэргэжилтнүүд нөлөөнд нь автсан байж болно.
5.Хагарал илрүүлсэн гэсэн. Гэхдээ урьд газар хөдөлсний ул мөр юм уу, удахгүй газар хөдлөх гэж буйн дохио юм уу гэдэг нь бүрэн тогтоогдоогүй.
6.Газар хөдлөлийн идэвхжил нэмэгдэж буй гэв. Ер нь дэлхий даяар нэмэгдэж байгаа. Идэвхжил нэмэгдэх нь хамгийн хүчтэйгээр газар хөдлөхийн лавтай  баталгаа бус. 4.5-нд нарны хүчтэй соронзон шуурга болсон атал Улаанбаатарт газар хөдлөлийн ноцтой үзэгдэл ажиглагдаагүй нь нэгийг хэлнэм. 
7.Дунд зэргийн газар хөдлөл нэг удаа болоход л аюул дундраад ирдэг. Газар хөдлөл өөрөө аврал болох нь буй.
8.Дэлхийн түүхэнд тоотой хэд тохиолдсон тийм хүчтэй газар хөдлөл болчихдоггүй л юм бол, бүх барилга гамбир болчихно гэж байдаггүй. Дээрээс нь дарах хүч үгүй шүү дээ.
9.Газар хөдлөлийг таслан зогсоох хэд хэдэн арга буй.  Гадаадынхан энэ тал дээр туслана ч гэж байгаа. Манай төр засаг арай тусламж авахгүй гэхгүй байлгүй дээ. Тэгвэл өөрсдөө ч гамшигт нэрвэгдэх эрсдэлд орно, ард түмэн ч дургүйцэн босно.
Тэдгээр аргыг болзошгүй аюул дөхөөд  ирэхээр хэрэглэдэг гэнэ. Нээрээ ч, аюул хол байхад аврана гэж яараад яах вэ дээ.
Яагаад Хаити, Хөх нуур, Чили, Сычуаньд тэр аргаа хэрэглээгүй юм бэ гэсэн асуулт гарна. “Хаитийн” голомт далайн ёроолд, олдохооргүй байж гэнэ. Нөгөөдүүл нь газар хөдлөлийн идэвхжилтэй бүсэд орших тул, байнга л гамшгийн шинж тэмдэгтэй, урьдчилан тооцоолоход хүндрэлтэй гэнэ шүү.
Нөгөөтэйгүүр, газар хөдлөлийг зогсоох зарим арга биднийг л аврах гэсэн мэт саяхан нээгдсэн. Гэнэраторын аргыг нээсэн оросууд манай төхөөрөмжийн сүлжээг тавьчихвал хэзээ ч тэнд газар хөдлөхгүй гэж ам бардам хэлдэг болж шүү дээ.
10.Эцсийн эцэст, байшинд сууж буй хүнд л газар хөдлөл аюултай. Гэрт сууж буй хүнд бол газар хөдлөлийн дараах нөхцөл байдал л бэрхшээлтэй учруулна. Наад байраа орхиж болохгүй гэж хэн ч хориогүй. Байраа зараад, гэр хороололд амьдарч болно шүү дээ. Гэр хорооллын  жижиг байшин ч том барилгуудаас хавьгүй эрсдэл багатай байх болно.

Ийнхүү би 10 зүйлээр уншигчдаа тайвшруулахыг оролдлоо. Яг үнэндээ бол тайвширч болохгүй юм л даа. Төр засгаас л үнэнийг, тодорхой алхмуудыг сайн шаардах хэрэгтэй байна. Өөрсдөө бас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч л байх хэрэгтэй. Гэм нүглийг цээрлэж, арван цагаан буяныг арвижуулж, бурхан тэнгэртээ сүсэглэн залбирч явбал аврал  дөтлөнө гэж боддог. 
Тайвшруулах гээгүй юм бол яагаад энэ бүхнийг ярив гэж зарим уншигч асууж болно. Ямар ч авралгүй сөнөнө мөхнө гэсэн харанхуйн дунд би  зул асааж, гэгээ гаргах гэсэн юм. Итгэл найдварын зул.
Ч.Мөнхбаяр
MMX.IV.XIII

P.S. Нийтлэлийг бичсэнээс хойш, сонины дугаарыг шилжүүлэх гэж буй энэ өдөр (IV.XXVIII) хүчтэй газар хөдлөнө гэх цуурхал гарав. Цуурхал гэдгийг нь мэдэх тул тайван ажиллаж байв. Янз бүрийн атгаг зорилготой байж болох тийм цуу ярианд бүү автаарай.

No comments: