Луу жилийн шинийн нэгэнд Ардчилсан Холбоо эвслийнхэн «Сонгогчидтой байгуулсан гэрээний урьдчилсан биелэлтэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа» гээч эрүүл бус нэрийн дор шинэлэлтээ эхэлж, өөрсдөө түүндээ гарын үсэг зурцгаан, сонгогчдоо доромжлон тохуурхав.
Угаасаа тэр гэрээ гээч нь олигтой юм байсангүй. Үйлдвэрээс утаа гарна, малаас төл гарна, наймаачид бараа зөөнө, хүмүүс түүнийг нь худалдаж авна, сургуульд хүүхэд сурна, Монголоос цөмийн дайн гарахгүй, хотынхон орон сууцанд амьдарна, малчид мал маллана гэхчилэн мэдээжийн зүйлс «гэрээ»-нд дүүрэн байлаа. Тэр мэдээжийн зүйлсийг л «биелэлт» гэж нэрлэчихээр бүх юм болоод явчих гэж үү?
«Гэрээ»-г сонгогчид дүгнэж гарын үсэг зурах учиртай байлаа. Ирэх сонгуулиар шүү. Харин өнөөдөр эвслийнхэн «биелэлт»-д хичнээн удаа гарын үсэг зуравч нэмэргүй юм.
Биелүүлэх ёстой байсан бүх юм биелсэнгүй. Төрийн байгууллагуудыг задалж, хэдхэн хүнд зориулсан үйлчилгээний төв болгов. Төсвийн хяналт суларч, хөрөнгө зувчуулалт замбараагаа алдав. Шүүх мэдэл хүний эрхийг зөрчихөд чиглэж, төрөөс зохион байгуулсан аливаа төлөвлөгөө, сэдэл, тендер зөвхөн хээл хахуулиар тодорхойлогдож, татвар хуйвалдаан, булхайгаар дүүрэв. Үй олон үйлдвэрлэгч, үйлчилгээнийхэн, наймаачид хоосорч, түүхий эд, ашигт малтмал гадагшаа үерийн ус шиг л хий урсаж, газар тариалан «Ногоон хувьсгал» нэрийн дор тоглоом болоод өнгөрч, мал аж ахуй хоцрогдон мухардаж, гадаад худалдааны бодлого дотоодынхноо боомилж, байгаль орчны хамгаалалт шонхрын наймаагаар хязгаарлагдав. Хувьчлал байнга шударга бус явагдаж, угаас өөрсдийнх нь өмч байсан орон сууц, гэр хашаа зэргийг иргэдэд «өгсөн» нэр хэмээв. Цэрэг, цэрэгжсэн байгууллагуудыг сөнөөснөөр тувагийн танхайчуудад ч дарлуулж, харин монголчуудаа жандармын дарангуйллаар талхих болов. Гадаад бодлого Хятадыг аялдан дагалдахад тууштай чиглэв...
Хэнийг сонгочих нь энэ вэ, ард түмээн! Төрийн төвшинд ер нь ухаан, бодлого байв уу? «Залуустаа өгөөд үзсэн» чинь юу болчихов оо? Итгэлийг хүлээсэн залуу сайхан улс төрчид, улс төрийн хүч хаачив аа?
Ийм асуулт гарах нь аргагүй хэрэг ээ. Хэнтэй хариуцлага тооцох вэ. Алдсан бүхнээ хэнээс эргүүлж авах вэ? «Ардчилсан холбоо» эвслээс үү? Зүйтэй. Гэхдээ даанч эвсэл үгүй болчихлоо. Задарчээ, өөрөөр хэлбэл ялзарчээ. Хэсэг хугацааны дараа хэлхээ яс нь л үлдэнэ. Хэн ч хариуцлага хүлээхгүй, тэгэхлээр ард түмэн хэнийг ч сонгоогүй юм байж. Угаасаа байгаагүй «улс төрчид» байхгүй болчихож. Яаж тэр вэ?
Уг нь Монголын түүхэнд 30 гаруй нам үүсэн байгуулагдаж байжээ. Ямар нэг намын бүртгэлд нэр нь орж байгаагүй хүн ховор л байх. Гэхдээ өөрийгөө намын гишүүн гэж ухамсарлаж байсан хүн ч ховор.
Бараг адилхан нэртэй нам хичнээн олон байв. Ардын социалист-Ардчилсан социалист, Либерал ардчилсан-Ардчилсан либерал, Сэргэн мандлын-Ардчилсан сэргэн мандлын, Хөдөөгийн хөгжлийн-Орон нутгийн хөгжлийн, Социал демократ-Шинэ социал демократ гэх мэт. Мөн хөгтэй байгаа биз. Намдаа өгөх нэр олдохгүй болохоор Б.Жаргалсайхан С.Зоригийн 1991 онд байгуулж байсан Бүгд Найрамдах намын нэрийг бүтээлчээр авч ашиглажээ.
Нэг хүн олон нам байгуулсан нь ч цөөнгүй. О Дашбалбар эх оронч үзлийн МТТН байгуулж явснаа, консерватив маягийн МУНН, национал-социалист МҮАСН, зүүний хэлбэрийн МУШЁТН гэхчилэн барьж байгуулалцан, намын бүртгэлийг баяжуулж байжээ.
Монголын Коммунист нам хүртэл байгуулагдав. Социалист демократ үзэл баримтлалтай гэгдэх дөрвөн нам байж байна. МАХН, МСДН, Шинэ социал-демократ нам, Ардчилсан социалист нам гэх мэт. Яагаад тэр вэ? Гаднаас ивээн тэтгэдэг Социалист Интернационал гэдэг юм байдаг болохоор л тэр шүү дээ.
Гэвч олонхи нам маань хэт өчүүхний харгайгаар хар аяндаа устдаг байв. Харин өнөөдөр Ардчилсан эвсэл өөрөө юу ч үгүй задран устаж байгаа нь аргагүй сонирхолтой үзэгдэл юм
МҮАН-аас МоАН салж, УИХ-ын 3 гишүүн дагалдав. МоАХ алийг нь аялдахаа мэдэхгүй байхад, МҮАН-ын МоАН, тусгаарласан МоАН хоёр ширүүн тулалдаж байна. МҮАН МоАХ-г устгах төлөвлөгөө боловсруулж, МҮАН дотор МҮДН-чүүд монополь тогтоох гэж хор найруулж байна. С.Оюун «И.Зориг» хэмээгч нам байгуулж МҮАН-ын УИХ-ын хэдэн гишүүд бас л дагалдав. МҮАН дотор цаашид салж бутрах эрмэлзэлтэй фракциуд байсаар байна
«Ардчилсан Холбоо» эвслээс МСДН сүр дуулиантай салж хөндийрч байна. Тэд арван жилийн ойгоороо МСДН бол сэхээтний нам, элитийн нам, МоАН-ын люмпенүүд социалист нийгмээ сайжруулна гэж байхад бид анх марксизм-ленинизмийг үгүйсгэсэн, МСДН байгуулагдахад эхлэн бүртгэгдсэн 53 гишүүн бүгд сэхээтэн, тэдэн дунд ганц пролетари нь Эрдэнэ гэгч жолооч байсан гэх зэрэг зүйлсийг улиг болтол давтах нь инээдтэй байлаа. Биднийг сэхээтэн биш гэж бодох вий, МоАН шиг люмпен пролетари гэж бодох вий гэсэн айдас нь л гэхэд тэднийг сэхээтэн биш, люмпен мөн гэдгийг юунаас ч илүү нотлон харуулж байлаа. МСДН-д элсчихвэл сэхээтэн болчихдог юм байна гэж мунхагласан маш олон люмпен эгнээг нь тэлдэг нь ч ойлгомжтой юм.
МҮАН-аас «нэрээ цэвэрлээд» авчихвал 30 суудал авна гэж МСДН-ынхан бодож байна. Гэтэл МСДН-аас нэрээ цэвэрлэж авах гэсэн хүмүүс ч бас олон болжээ. Л.Дамдинсүрэн гэгч Монголын шинэ соцдек нам гэдгийг байгуулсан нь үүний жишээ.
1990 оны ардчилсан өөрчлөлт, Даш-Ёндонгийн үе, Сэргэн мандалтын нам, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиуд, XXII их хурал, МАШСН, МИАШЛН гэхчилэн байнга задарч ирсэн МАХН-ыг ч «Ардчилсан Холбоо» эвслийнхний бутрал тойрохгүй гэх баталгаа үгүй юм. МАХН доторхи олон том толгой нар, ахмад дунд үеийнхний зөрчил, залуучуудын байгууллага юу ч дуулгаж мэднэ.
Үлдсэн намууд хичнээн хоорондоо эвсэж нэгдэвч, тэр тоолонгоор жижгэрсээр байна. Эргэлзээтэй нэгний шинэ эрэл болох МАШСН ч томорч чадахгүй.
Ингээд Монголын «улс төрийн тэмцлийн тогтолцоо» өнөөдөр хэзээ ч байгаагүйгээр задарч бутарч, толгой эргэм холион бантан болжээ. Яагаад ийм амархан задарч бутарч байна вэ? Тэднийг нэгтгэж байсан зүйл ийм эмзэгхэн байсан юм гэж үү?
Тэднийг чухам юу нэгтгэж байв? Улс үндэстний эрх ашиг уу? Либерал, консерватив, центрист, зүүний барууны үзэл үү? Ямар нэг бодлого уу, Аль нь вэ?
Аль нь ч биш юм шиг танд санагдаж болох юм. Тийм ээ, аль нь ч биш. Улс төрийн нам гэж юм манайд байхгүй. МАХН 100, МҮАН 70, МСДН 50, МАШСН 65 мянган гишүүнтэй юм гэдэг. Гэтэл түм бумаар тоологдох энэ олны дунд «би тийм, ийм намын гишүүн, тэгээд тийм ийм үзэлтэй» гээд гараад ирэх хүн хэн байна? Улс төрийн маргаан явуулж, онолын цэц булаалдах хүн лидерүүдийн дунд нь ч гэсэн бий гэж үү?
Яг үнэнээр хариулаад үзээрэй. Байхгүй шүү дээ. Лидер гээд байгаа нөхдүүдийн толгой дотор эмх замбараагүй хов жив бужигнаж, идэж уух шунал буцалж байгаа. Харин үзэл бодол, улс төрийн бодлого бол байхгүй шүү.
Зарим нь улс төр гэж юу болохыг ч мэдэхгүй. Улс төр гэдэг маань ердөө л улс үндэстнээрээ, бүгдээрээ хамтран аж төрөх ухаан, өөр юу ч биш юм. Ард түмэн амьдарвал би амьдарна, үгүй бол үгүй гэж ухамсарласны үндсэн дээр улс төрч болдог, үзэл онолуудаа сонгодог, гаргаж ирдэг. Гэтэл манайд улс үндэстнээрээ хамтран амьдрах тухай бодож байгаа нэг ч «улс төрч» байхгүй. Харин яаж хамтран амьдрахгүй байх вэ гэж бодож байгаа харь элэгтэй этгээдүүд л төр засгийн эрхэнд байна. Мөн тийм этгээдүүд эрх мэдэл рүү хошуурч байна.
Тэгэхээр улс төр ч гэж алга, үзэл онол ч гэж байхгүй. 90 оноос өмнө ч байсангүй. Тиймээ, манайд марксизм-ленинизм, коммунистууд гэж байгаагүй юм! Марксаа хэн ч ойлгоогүй, уншаагүй, хүсээ ч үгүй. Тийм болохоор МАХН Нагаржунай руу дэндүү л хялбархнаар эргэсэн.
«Социализмын» үед ЗХУ Монголын өмнөөс бодлого явуулж, төрийн эрх мэдлийн местүүдэд бэлэн зэлэн идэж ууж заншсан бэртэгчин дарга нар (номенклатур, колоний түшмэдүүд) толгойнууд байж байдаг байв. Нэг хэсэг бэртэгчнүүд эрх мэдэл булаалдан, ардчилсан хөдөлгөөнийхөн гээчийг зохиогоод гаргаад ирсэн. Хувьсгал биш инспираци байв (Хэдийбээр, ард түмэн жинхэнэ хувьсгалыг хүссэн ч). Нөгөө залуус нь идэж ууж сураад, ахмадуудыгаа шахан түрэх болов. Өөр залуус бас гарч ирэв... Идэж уухын хязгааргүй ороомог сүлжзэ Монгол орон даяар шороон шуурга адил эргэлдэж байна.
Идэж ууна гэдгийг жинхэнэ нэрээр нь хэлбэл ердөө л хулгай юм. Тиймээ, төр засаг гэмт хэрэгтнүүдийн гарт л ордог болов. Янз бүрийн хулгайчдын бүлэг бие биенээ халж сольж, хоорондоо муудалцаж, бүр нэгнийгээ алж хороож байна.
Хулгайч нар ард түмний өмчийг бүхэл бүтэн үйлдвэр албан газраар нь, орд уурхайгаар нь, мал сүргээр нь, оюун ухаан, авьяас билгээр нь цөлмөн хоосолж байна. Эцэс төгсгөлгүй хулгайч нар... Хулгайчдын цувааг шинэ шинэ хүмүүс дагалдаж, хулгайчдын эргүүлэг эрч хүчээ нэмсээр байна. 100 мянга, 70 мянга, 50 мянга. Энэ бол зөвхөн тоо. Намын бичиг цаасан дээрх нэрс. Өнөөгийн Монголын нам гэдгийн цаана арав хорин их гарын хулгайч нар боолуудтайгаа байж байдаг болжээ.
Монголд хэзээ ч нам, улс төр гэж байгаагүй юу гэвэл байсаан. Монгол Ардын нам... Тэд монгол туургатнаа нэгтгэнэ, харийн түрэмгийлэгчдээс чөлөөлнө, нийгмийн тэгш бус байдлыг арилгана гэж эрмэлзэж, тэмцэж байв. Жинхэнэ тэмцэгчийн амьдралаар амьдарч, тэмцэл бол аз жаргал юм гэдгийг ойлгож, тэмцлээрээ үнэтэй дотно бүхнээ аварч байв. Тэд ард түмний төрүүлсэн жинхэнэ хувьсгалчид байв.
Хэрэв ард түмэн өнөөдөр тийм хувьсгалч хүүгээ төрүүлж, зөв сонголтоо хийхгүй бол том хулгайч нараа дагасан жижиг хулгайчдьн бөөгнөрөл л болно. Хулгайч ард түмэн гэгдэх болно. Дээрэмчин ард түмэн гээд Чеченийг ОХУ эрээ цээргүй устгаж байгаа шиг хулгайч ард түмэн гээд Монголыг устгах улс орон хэтэрхий амархан олдоно.
Ч.Мөнхбаяр
P.S. Энэ үгүүллийг 2000 оны эхээр “Өнгө мөнгө” сонинд (Б.Сэргэлэн бид хоёр “хувьсгалт дугаар” гэдгээ бэлтгэсэн) зориулан бичсэн ч, нийтлүүлж чадаагүй. 10 жилийн дараа анх нийтлүүлж байна.
No comments:
Post a Comment