Saturday, May 15, 2010

Бор шувууны хот


УИДэлгүүрийн хойдохи байрнуудын дэргэдүүр явж байтал бор шувуудын учиргүй бачимдсан жиргээн сонстож билээ. Тэр зүг рүү харвал өвсөн дунд нэгэн жижигхэн амьтан дэрвэн сандчиж, золбин нохой түүнийг барихыг оролдож байв. Яаравчлан очоод учиргүй айсан дэгдээхэйг гар дээрээ өргөн модон дээр суусан бор шувууд өөд дөхүүлбэл тэд харин нисээд явчихав. Ингээд л амьтны жаахан үрийн хувь заяа миний алган дээр үлдэн хоцрох нь тэр.
Дэгдээхэйг гэртээ авчирсан боловч тэр юу ч идэхийгхүсээгүй нь шөнөжин сэтгэл түгшээлээ. Харин маргааш өдөр нь тэрбээр зуу орчим ялаа шумуулыг ховдоглон залгиснаар гэр бүлийн маань нэгэн гишүүн болсон юм. Өдрөөс өдөрт өсөн бойжиж байгаа хөөрхөн бялзуухай ямар их аз жаргалыг авчирч байсан гэх вэ.
Бид нисч сураг гээд үүрийг нь хаадаггүй байлаа. Бор шувуу манай бүх л өрөөгөөр дураар нисч байдаг болов. Хүний гар дээр өссөн түүнийг суллан тавих хэрэггүй байсан нь мэдээж. Бидэнд дассан бор шувуу маань ч манай гэрээс явахыг огт хүсдэггүй байлаа.
Бор шувуу гэдэг хорвоогийн хамгийн хөөрхөн амьтан мөн бололтой! Хөх бух шиг ганган дэгжин биш ч гэсэн, түүний чухам л даруухан бор өнгө, өрөвгөр сөрөвгөр өд сөд нь хамгийн хөөрхөн харагдуулдгийг анзаарсан юм.
Энэ л бяцхан шувуу надад ариусал, гэгээрэл, хүнлэг энэрэнгүй ёс, өрөвч зөөлөн сэтгэлийг бүгдийг авчирч, ертөнцийг үзэх үзлийг минь ч эргүүлж орхисон билээ. Түүнийг удтал харан, элдвийг шинээр эргэцүүлэн суудагсан. Алдар нэр, алт мөнгөний аль нь ч бус, өглөө сэрэхэд дэрэн дээр бор шувуу минь сууж байх л аз жаргал юм байна гэж боддог болсон.
Бор шувуу маань манай өрөөний номын хамгийн дээд тавиур дахь нэгэн зургийн ард үүрлэн амьдардаг болсон юм. Номын тавиурт маань шувуу үүрлэчихлээ гээд бодоод үз л дээ! Болжмор жижигхэн бамбарууш, муужгай, дэгдээхэйг жигтэйхэн их өхөөрддөг байсан учир бид үүрнийх нь дэргэд олон тоглоом авчран өрж, хөөрхөн амьтдын эургууд хадсан юм. Бяцхан бялзуухай үүнд ямар сэтгэл хангалуун байдаг байсан гээ! Бид бас бүхий л өрөөгөөр гялгар цалгар зүйлс, толь, тоглоомууд, мөчир тавцан тараан байрлуулж, аажимдаа энэ өрөө бүхэлдээ бор шувууын үүр болж байлаа. Бор шувуу бидний өрөөнд бус, бид бор шувууын үүрэнд амьдрах болсон гээч!
Тэр тусмаа бор шувуунаасаа салж хагацна гэдэг сэтгэл санаанд минь маш хүнд тусч билээ. Шинийн нэгэнд бор шувуу маань өнгөрсөөн, хөөрхий. Өчигдөрхөн л битүүний баяр хөөрийг мэдэрсэн янзтай цовоо цолгин дэгдэж явсан байж шүү! Яaгaад бор шувуу маань биднийг орхин одов оо? Түүнийг бүхий л шинжлэх ухaаны үндэслэлтэйгээр aсран халамжилж байсан билээ. Xaрин бор шувуунд маань төрөлхийн ямар нэг эмгэг байсан бололтой. Цээжнийх нь зүүн тапд их л овойсон хавдар гэмээр зүйл байдаг байсан. Хотын бор шувууд ямар нөхцөлд амьдaрч байгаа билээ дээ. Экологийн доройтол ийнхүү хөөрхий амьтныг маань хүртэл хөнөөсөн байнам.
Долоон сарын турш амьдралд минь аз жаргал авчирсан бяцхан амьтны тухай бодолд байнга дарагдаж явах болов
Хүмүүс бор шувуу, болжмор хоёрыг хооронд нь эндүүрэх нь олонтаа. Болжмор (Alaudidae) уртавтар зэгзгэр биетэй бол ямар ч бор шувуу (Passeridae) бөндгөр өрвийсөн амьтан байдаг. Болжмор Евразийн талын унаган амьтан. Харин тун гайхалтай нь бор шувуу Африкаас гаралтай билээ. Бор шувуу, ихэнх зүйлүүд нь Африкт байдаг нэхээч бялзуухайнуудын (Proceidae) багт багтдаг. Болжмор бол бор шувууны (Alaudidae) багтаа л орно.
Африк-арслан, зааны төдийгүй, нэхээч бялзуухайнуудын тив билээ. Тэнд нэхээч бялзуухайнууд олон арван мянгаараа сүрэглэдэг. Тэнгэр бүрхэм олон бялзуухай тариан талбайд буун ирж, ургацын 70 хувийг хүртэл зооглож орхидог гэнэ. Уг нь тэднийг үргээн хөөвөл зохистой атал африкчууд сүрэглэн ирэх үед нь шатаах бөмбөг, гал шидэгчээр хуйхлан хүйс тэмтэрдэг юм!
Тэндээс л бор шувууд Еврази руу орж иржээ. Цагтаа Еврази тэр аяараа дулаан зөөлөн уур амьсгалтай байсныг санагтун. Цаг уур хожим хүйтэрсэн ч бор шувууд Африк руугаа буцахыг яарсангүй! Буцахын ч хэрэг алга байлаа. Нэхээч бялзуухайнуудын өрсөлдөөнд хөөрхий бор шувууд түрэгдсээр анх Еврази руу ирсэн. Харин Африкийн орон зайг гайхалтай уран үүр барьдгаараа нэхээч гэж нэршсэн бялзуухайнууд бүрэн эзэмшжээ.
Удалгүй бор шувуудын хожмын амьдралд тун чухал нэгэн амьтан үүссэн нь Homo sapiens гээч байлаа. Хүн л хаана байна, тэнд бор шувуу байж байдаг болов. Тэр ч бүү хэл, “хүнээр мэргэжсэн” тусгай зүйл-гэрийн бор шувуу (Passer domesticus) хүртэл үүсчээ. Гэхдээ гэрийн бор шувуу нь мэдээж гэрт амьдардаг гэсэн үг биш. Бор шувуу туйлын болгоомжтой, хүнд хамгийн итгэдэггүй амьтдын нэг. Түүнд болгоомжоос өөр биеэ хамгаалах юу ч байхгүй шүү дээ. Хүнд дасахдаа муу болохоор нь бор шувууг хаана ч гэсэн гэрт тэжээдэггүй. Харин бор шувуу өөрөө гэрээс холддоггүй.
Тийм ч учраас гэрийн бор шувуу хүнийг даган дэлхий даяар тархжээ. Зэрлэг шувуудын дундаас хамгийн олуул байдаг нь бор шувууд, тэр дундаа гэрийн бор шувуу юм. 18 зүйл бор шувуу нийтдээ 1,5 тэрбум орчим байгаагийн олонхи нь гэрийн бор шувуу. Зарим тооцоогоор бол дэлхий дээрх 100 шувууны нэг нь бор шувуу байдаг байна.
Өнөөдөр дэлхийн арктикийн юм уу, экваторын бүсүүдээс бусад газар гэрийн бор шувуу амьдарч байгаа юм. Зэрлэг амьтдын дунд бор шувуу шиг ингэж дэлхийг байлдан дагуулсан амьтан байна уу? Африкт тэд нэхээч бялзуухайнуудыг эргээд шахан зайлуулах болсон гэнэ. Бор шувууд бас ч гэж зоригтой, дайчин амьтад билээ. Тэд олуулаа бол муурыг ч үлдэн хөөхийг оролддог. Бор шувуу дандаа хүнийг даган явдаг боловч Монголоос бусад оронд хүмүүс бор шувуунд дургүй байдаг нь хачирхалтай. Хаа газрын хүмүүс адилхан ч гэлээ, оросууд илүү шударга шулуун улс болж харагдах гэхдээ инээдтэй байдалд ч хүрдэг.


Бор шувууны болгоомжтой зан оросуудынхаар бол муу санаатай, хулгайчдуу чанар юм байх. Тэгээд тэд бор шувуунд дургүй, итгэмтгий хөх бухыг илүүд үздэг байна. Биологийн үүднээс авч үзвэл хүний дэргэд амьдардаг бор шувуу хүнээс болгоомжилж суралгүй яах вэ. Ойд амьдардаг хөх бух бол өөдөөс нь будаа цацаж угтдаг хүнийг бор шувуу шиг сайн мэдэхгүй. Гэвч оросууд бүр бор шувууг воробей буюу хулгууч гайхал гэж нэрлэдэг гээч. Сталины үед бор шувууг яагаад ч юм ургацын гол дайсан гэж тооцож, химийн дайнaaр хөнөөхөөр бэлтгэж байлаа.
Америкт анх Англиaс шилжин суурьшигчид хэдэн хос бор шувууг “төрсөн нутгийн бэлгэдэл” хэмээн авчирч тавьсан нь 1850 он юм. Бор шувуу бүх шилжин суурьшигчдын дунд гол сенсааци нь болсон. Сонинууд тэр бор шувуудыг мөшгин сурвалжилж, бүтэн нүүрүүдээ зориулж байв. Баячууд бор шувуунд зориулсан тэжээл, үүр үйлдвэрлэх ажлыг дуртайяа ивээн тэтгэж байлаа.
Яруу найрагчид бор шувуунд олон шүлэг зориулжээ.
“Бор шувууны нөхөд” нийгэмлэг байгуулагдаж, хөөрхөн шувуу арван жилийн дараа хэдэн сая болсон байна. Тэд цэцэрлэг, тариаланд олуулаа зочлон ирнэ.
Тэгээд ч дорхиноо хайр дуусчээ. Газар сайгүй хүмүүс бор шувууг хөөж тууж эхлэв. Анхны бор шувуудад зориулсан хөшөөний дэргэд эсэргүүцлийн том жагсаалууд болж, цагдаа нар түүхэн дурсгалыг хамгаалах гэж, цөхөрдөг боллоо. Сонинууд шувууг хөнөөхийг уриалж, нөгөө л баячууд энэ дайнд зориулсан зэвсэг хэрэгслийн үйлдвэрлэлд мөнгө хайрлахаа болив. Бор шувууг өхөөрддөгөө нотолсноороо ард түмний талархлыг хүлээж байсан улстөрчид огцрохоос өөр аргагүйд хүрч байлаа.
Хожим харин америкчуудын дунд байгалийг шүтэх үзэл дэлгэрлээ. Бор шувуу бүр 300 саяд хүрчээ. Дэлхийн 3 бор шувуу бүрийн нэг АНУ-д амьдрах болсон байна. Бор шувуу тийм ч их аюул учруулдаггүй болох нь нотлогджээ. Америкчууд утгагүй дайныхаа төлөө бор шувуунаас уучлал гуйж, сүйтгэгдсэн хөшөөг сэргээн босгож, эх дэлхийн өдрөөр олон хүн цэцэг авчирч тавьдаг болсон юм.
1958 оны хавар хятадууд бүх бор шувууг устгах орон даяарын дайн зарласан билээ. Үргээлгэнд гарсан үй олон хүн 20 минутаас илүү нисч чаддаггүй гэрийн бор шувууг үндсэнд нь хиаруулжээ. Хүн амын нягтшил өндөр Хятад оронд хөөрхий бор шувуудад амсхийх газар олдоогүй билээ.
Бор шувуу Хятадад хэзээ ч их гамшиг учруулж байгаагүй юм. Хятадын тариачид талбайдаа шувуу бараг оруулдаггүй байлаа. Тэгээд ч хятадууд хавь ойрын бүх шувуудаа өндөгтэй нь идчихдэг уламжлалтайг ч хэлэх үү.
Тооцоогоор бол бор шувууд ургацын нэг хувийг устгаж байсан юм байх. Харин ирэх жил нь хээрийн бор шувууд гэрийн бор шувууны байрыг эзэлжээ. Нислэгийн чадвараар хавьгүй илүү тэднийг хятадууд урьдын аргаар устгах гээд барсангүй. Хээрийн бор шувуу гэрийнхийг бодвол үр тарианд илүү их дуртай аж. Шавьжийг илүүтэй хороодог гэрийн бор шувуу үгүй болсноор авгалдай төөлүүрт бүр ч их ургацаа алддаг болжээ.
Өнөөдөр Хятад бол гэрийн бор шувуу бараг байдаггүй хачин орон юм. Харин Монголд хээрийн бор шувуу цөөн гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэрийн бор шувуу юуг ч идэж орхидгоороо ургамлыг шохоорхдог хээрийнхээс ялгаатай. Хээрийн бор шувууны эр эм нь төстэйвтэр бол гэрийн бор шувууны эр эм хоорондоо тэс өөр.
Сонгодог нүүдлийн мал аж ахуйн орон Монголд бор шувуунд дургүйцэх шалтгаан хэзээ ч байгаагүй билээ. Атар газрыг эзэмших үед ч бор шувуутай дайтаагүй юм. Тэдний хамгийн амар амгалан амьдардаг орон бол магадгүй Монгол буй за. Монгол орныхоо даруухан атлаа сэтгэлд дулаахан өнгийг би бор шувуунаас олж харах шиг болдог.
Сүүлийн үед гудамжинд гарахаараа би хаврын дуугаа дуулж буй бор шувуудын жиргээнийг баяртайгаар сонсдог болов. Энэ л эгэл жиргээнгүй бол Улаанбаатарын маань дуу чимээ гэж ямархуу байх бол? Улаанбаатар бидний хот мөн ч гэлээ, бор шувуудын ч хот. Тэднийхээр бол Улаанбаатар зөвхөн өөрсдийнх нь хот шүү дээ!
Ч.Мөнхбаяр
1999 оны хавар

No comments: