Thursday, October 1, 2009

Эх орноо Иудагийн 30 зоосоор худалдах үгүйгээ 30-нд шийдэцгээ!


Тэнгэрийн гэсгээл гэж байдаг нь үнэн л юм. Үүнийг тэрлэн суухад нүдгүй цас шуурч байна. Мод дөнгөж шарлаж эхэлж байхад шүү дээ. Нөгөө дуулиантай Атрын аян дарагдах нь дарагдаж, хөлдөх нь хөлдөж буй сураг дуулдана. Жилийн дөрвөн улиралд цас орж, үер болоод л, тэрийг нь залгилж цэрийгээд л, эх орноо худалдсан 30 дойлуураа тас атгаад л хөвцгөөх юм гэж үү дээ, бид.
Эх орноо харийн булаан эзлэгчдээс чөлөөлөхгүй, харин ч тэдний боол зарц болох, хусам угаадсыг нь долоохыг горьдон явагсдын гэм нүглээс болж, тэнгэрийн гэсгээл ирж байна шүү дээ, таминь ээ.
Харийнхны зохиосон хууль бус хуулийн дагуу, Монголын хамаг хууль дүрмийг зөрчсөн гэрээ ёсоор, ирээдүйд биднийг их өр, олон улсын шүүхийн ял, экологийн гамшиг, түмэн зовлонд унагахаар төлөвлөсөн неоколоничлол-геноцидийн нэгэн том ажиллагаа, 10.30-наас эхлэн хэрэгжиж эхлэх гэж байна. 12 сая хүн амтай Чили улсыг Африкаас, Европын түвшинд аваачсан зэсийн баялгаас нь илүү зэс ганц Оюутолгойд л байсныг хүний махан хүнстэн хоёр намын дэглэм юу болгон хувиргасныг хар. Энэ дэглэмээн дэмжих нь дэмжээд, сонгох нь сонгоод, хүлцэх нь хүлцээд явсны харгаа тэнгэрийн гэсгээлийг дуудлаа. Зөвхөн эхлэл нь л энэ шүү дээ.
Атрын аянаа хөлдөөгөөд, хамаг бэлчээрээ талхлаад, харийнхнаар сэндчүүлээд, мах ноолуураа гадаад руу 1000 төгрөгөөр гаргаж бараад, худалдаа-үйлчилгээ нь явахаа байгаад, үйлдвэрээ хог хаягдал гэж, байгалиа түүхий эд гэж урагш нь зөөгөөд, ашигт малтмалаа булаан эзлэгчдэд бэлэглэчихлээ, 30 доллараар эх орноо худалдлаа, тэгэхээр яах вэ? Юу эхлэхэв?
Эх орноо худалдсаны маань төлбөрийг өгөхийн тулд ЗГ 250 сая долларыг Айвеноугаас 75 хувийг нь 10 хувийн хүүтэй зээлж авна, цаадах нь манай баялгаас барьцаалж байгаад, зээл авч энэ мөнгийг өгнө. Оюутолгойг харьд өгснөөр нэг хүний бодот орлого 10 хувиар өснө гэж байгаа юм, өсчихлөө л дөө, 50 мянган төгрөг гэдэг чинь 5 сарын орлогыг тэгж өсгөх хэрэг, цаашаа бол юм байхгүй шүү дээ.
Зэс 10 мянган долларын үнэд хүрэхээс (хэзээ тийм үнэд хүрч байгаагүй, одоо 3000 доллар байгаа) нааш алдагдалтай ажиллана гэсэн, алдагдлын 34 хувийг нь бид төлнө. “Бороо Гоулд”-ын маягаар хийсэн гэрээгээр харийнхан бүхнийг цөлмөнө, Монголд зөвхөн хохирол ирнэ. Манай баялгаар дэнчин тавьж босгосон мөнгөнийхөө 34 хувийг ЗГ-т 10 хувийн хүүтэй зээлдүүлнэ, тэр нь төлөгдөж чадалгүй их өр болно, сүүлдээ тэгээд банкны барьцаанд Монгол улс үндэстнээ өгнө.
1994 онд нэлээн эрүүл ашигт малтмалын тухай хуулийг боловсруулалцсан Ч.Хурц энэ мэт явдлыг “нохой имнэсэн хүндээ янаг” гэж хэлжээ. “Монгол ажилчдыг 15 жил ажилтай болгоно гээд байсан “Бороо Голд” 5 жилийн дотор бүхнийг цөлмөж, манайд бараг юу ч өгөлгүйгээр 800 сая долларыг авч гарч, гэнэт халсан нөхцөлд харж үзэх нөхцлөө умартан, ажилчдыг үнсэнд хаясан шалз болгосон шиг л явдал Оюутолгойд давтагдах гэж байна” гээд л тэр бухимдах юм.
Юу ч гэж хэлэхэв. Оюутолгой, ашигт малтмалыг тойрсон галзуу солиотой, тэнэг мунхаг бүхнийг тоочоод байвал барагдахгүй. Би гэхэд ашигт малтмалын асуудлаар хэдэн ботийн дайтайг сэрэмжлүүлэн, сануулан, уриалан бичлээ ш дээ. С.Баярт илгээсэн ил захидал маань товхимлын дайтай болж байсан.
“Нохой эзэндээ зодуулах тусам хайртай болдог, улыг нь долоодог” гэдэг. Бид чинь нохос биш, дэлхийд хүчирхгээрээ гайхагдаж явсан монголчууд шүү дээ.
Ашигт малтмалаас авч байсан ганц зүйл гэж болох 68%-ийн татварыг цуцалснаар, харийнханд 20 тэрбум доллар шууд л бэлэглэчихлээ. Тэр татвараар нийгмийн халамжийг санхүүжүүлдэг байсан. Одоо төрөөс, халамж харалтгүй. Горьдохын халцгай. Алуурчны төмөр нүүрийг л харна.
Тэндээс 55-76 хүртэлх хувийн ашгийг татвар, янз бүрийн аргаар авна л гээд байгаа. Гэрээнд бол нууц, ёгт томъёолол, хэллэгээр юу ч авахгүй ээ, Монгол улс түмнийг хоослоод, мөлжөөд, устгаад өг л гэсэн юм байгаа. Энэ гэрээг даатгасан ч юм байхгүй хохирсон чигээрээ л өнгөрнө. Цуцална гэвэл бараг хоолойд дүүжлүүрийн олс углах юм тохиролцсон байгаа.
Рио Тинто өнөөдөр бол дэлхийн хамгийн том гуйлгачин, 40 тэрбумын өртэй. ЗГ Риог хамгийн том баян болгох гэж буй. Монгол улс үндэстний үнээр шүү дээ.
Уг нь Оюутолгойг бие дааж ашиглах боломж бидэнд 100 хувь бий. Уурхай л бол уурхай. Ажиллуулдаг, ажилладаг улс нь ч байхын дээдээр байна, мөнгө төгрөг, зээлдүүлэгч, туслагч ч байна, бүх боломж байна. Тэгээд улс гүрнээрээ баяжаад, мэргэжсэн ажлаа хийгээд 2000-10000 долларын цалин аваад, улам хөгжиж дэвжээд явах байсан атал, 30 доллараар улсаа худалдахыг л санал болголоо шүү дээ. 50 мянган төгрөг юу юм бэ. Эмнэлэгт очоод ганц зураг авахуулахад 55 мянгыг нэхдэг юм байхчивлээ.
Манай баялгийг өгсөн урвагчдад хуулийн дээд хэмжээ өгөх, авсан харийнхныг шоронд хийж, шохой малтуулах нь л улс түмний хувьд хамгийн чухал, хамгийн тулгамдсан асуудлууд болоод байна. Гэтэл дандаа буруу алхмууд хийгдээд байх юм. Монголчуудад оюунт толгойгоо 30 доллараар худалдахыг тулгалаа. Гялгар ууттай байлдаж байна. Ийм юм хийж байгаа улс өөрсдөө л тэр хийсээд, хөглөрөөд байгаа гялгар уут шиг үнэ цэнэтэй, хог л байхгүй юу.Хүн-хог. Тэгээд таарсан юмтайгаа, хоноц хоноцдоо дургүй гэгчээр байлдаж байгаа нь тэр. Хэн тэр гялгар уутыг хийсгэсэн юм. Дарга нар өөрсдөө. Тэд улс түмнээ сөнөөх, хулгай дээрэм хийх, эх орноо худалдах гээд гэмт хэргээс өөр юм үйлддэггүй учир гялгар уут хийсч байгаа.
30-нд л ерөөсөө улс түмэн ангал руу өрөөсөн хөлөө сунгах нь байна шүү. 30-нд Монгол улс үндэстнийг цаазаар авах гэрээнд гарын үсэг зурна. 30-нд дайсан ар нуруу руу хутга дүрнэ.
“Яагаад дуугүй сууцгаана вэ? Яасан улс үндэстнийхээ үхэл мөхлөөс айдаггүй улс вэ. Ядаж алаг бяцхан үрээ ч хайрлахаа байчихсан хүрэл чулуун зүрхэтнүүд болоо юу. Амиа хоохойлох нь амиа хорлох болчихоод байгааг ухаарахгүй байна уу? Нөгөө олон тэмцэгч, хөдөлгөөн, ухаантнууд хаана байна? Хөл дор ангал байгаа шүү! Гучнаас өмнө хөлөө татах уу, үгүй юу?” гэж энэхэн эгшинд, бархирмаар санагдана.
Ч.Мөнхбаяр
MMIX.IX.XIX

No comments: