Thursday, October 8, 2009

Элений намар (хайрын үгүүллэг)


Үгүүллэг



Хайр найргүй төөнөх наранд, түлэм болтлоо халсан элс зах хязгааргүй үргэлжлэнэ. Элсэн дунд гурван хорхой атилзах нь Ганзориг, Батсүх, Алтанцоож болой. Монголын хилийг даван мөлхсөөр урд хөрш рүүгээ орж ирсэн тэдний ажил үйл гэж даанч нэг халшрам болой.
Ганаа, Баагий, Алтаа гурав залуу палеонтологич бөгөөд, гарцаагүй лидер нь болох Ганаагийнхаа онолыг батлах гэж “ки” буюу “түлхүүр” яс гээчийг олох гэж хайн, ийнхүү зовж зүдэрчээ.
Уг онолын ёсоор бол, саяхан шинээр нээгдсэн нэгэн рапортод, динозавр шувуу хоёр угтаа нэг амьтан гэдгийг нотлох ки яс гэж байх ёстой. Тэр л олдчих юм бол, динозавр шувуу хоёр бол ойр төрлүүд ч биш, нэг нь нөгөөгөөсөө үүссэн ч биш, харин динозавр бол шувуу, шувуу бол динозавр гэсэн Ганаагийн онол бүрэн батлагдах байв.
Элсэнд түлэгдэн зовсон Ганаа элдэв ясыг бийрдэн тандаж суутал, ки яс үзэгдэх шиг болов. Нүдэндээ ч итгэсэнгүй. Уг нь тэрбээр ки ясыг арай өөр гэж бодож байсан. Гэтэл бодот амьдрал дээр болохоор…
Ясыг барьцалдсан чулуутай нь хамт ховхолж, хулгуух мэт нууцлан, цүнх рүүгээ шургуулав. Урьд нь “оллоо” хэмээн хэдэнтээ бахирч, дараа нь эндүүрэл гэдэг нь тодорч байсан болохоор, энэ удаа чимээгүй байхаар шийдлээ. Ганаа:
-Ерөөсөө хэдүүлээ ажлаа түр зогсооё. Та хоёр малтлагаа далдлаад амар, манаж хоно. Ойлгомжгүй зүйл их байна, лаборатори дээр очиж жаахан сууж байгаад, цаашид яахаа шийдье. Энэ янзаар бол бидний ажил дуусашгүй нь гээд өндийв. Хөгжилтэй Алтаа:
-Амрах болсон гэдгийг бүр аль эрт зөн совингоороо мэдээд байсийм. Хоёулаа Эрээн явъя л даа. Баагий ганцаараа манаж дөнгөх байлгүй гэхэд Батсүх:
-Солиор! Би энэ элсэн цөлд цөхрөнгөө бараад, чи бас гээтэн гудамжинд жаргах уу. Тэгж ярихгүй ээ, хө. Чамайг заавал авч үлдэнэ дээ. Би ямар ганцаар ууж чадах биш гэв.
Ганаа авч явах зүйлсээ эмхлэх зуур:
-Битгий л эртүүдийнх шигээ хэтрүүлж үзээрэй. Майхандаа уухгүй бол харвах байх шүү. Францууд ирвэл үг алдаж огт болохгүй. Тэгэхлээр ерөөсөө уугаад хэрэггүй гэв. Алтаа:
-Бидний цөлд хаягдах хохирлыг тэгээд юугаар барагдуулах юм бэ? гэхэд Ганзориг хэдийнэ зам чиглэн алхаж явав.



Эрээний геологийн лабора-торид Энхээ гээд өвөр монгол найз нь байх. Түүнд хамгийг даатгаж, бас нууцлалын талаар мянгантаа сануулж орхиод, Ганзориг буудал руугаа зүглэв. Энхээ найдвартай нэгэн болохоор сэтгэл амар таксинд сууж, аз жаргал, түгшүүр хосолсон нүдээр хотыг харан явахад бүх юм сайхан шиг, ер бусын ч шиг.
“Найрамдал” хэмээх буудлынх нь үүдний танхимд, дуучин Ализег шууд санагдуулах харь бүсгүй сууж байсан нь баяр хүргэлт мэт. Нэгэнтээ Ганзориг Сорбоннд судалгаа хийж байсан бөгөөд, тэгэхэд Францад Ализе яг л ид моодонд орж байсан тул дурсамж, дурдатгал сэртхийн цочоов.
Амьдрал гэдэг гайхалтай учралаар дүүрэн. “Ализе” өөдөөс нь инээмсэглэн босч ирэх нь тэр. Арай над руу хандаагүй байлгүй гэж бодтол бүсгүй францаар:
-Та ноён Ганзориг уу? гэв. Чихэндээ ч итгэмгүй.
-…Харин та хатагтай Ализе… гэхэд бүсгүй тас тас хөхөрч,
-Хүн болгон л тэгж асуудаг юм. Бид хамаатнууд ч биш. Ализе корсикийнх, би Амьенийх.
Танилцъя, намайг Элен Дюмон гэдэг.
Тэд буйдан дээр сууж ойр зуурын зүйлс ярилцав. Элен палеонтологич гэхийг Ганаа сонсоод палхийв. Өөрийнхтэй нь адилавтар онолыг батлахаар энэ хавьд францын нэг экспедиц ажиллаж байгаа. Манай гуравтай харьцуулахад нэн хүчирхэг ч, Ганаагийн бодлоор бол, буруу замаар будаа тээгээд байгаа. Онолын үндэслэлээ дэндүү хуучинсаг хийсэн, АНУ, Аргентиний зохих эрдэмтдийн, мөн өөрийнх нь дүгнэлтийг эс ойшоосон.
Нууцаа француудад алдах вий гэсэн зовнилыг нь өөр зовнил түрэн зайлуулав. Юу гэвэл Ганзориг угаасаа ч Ализед дуртай, гэтэл Ализетэй адил энэ бүсгүй сэтгэлийг нь дор нь соронздон татчих шиг. Ийм амархан гэж үү.
Бүсгүйн шулганахыг сонсвоос, тэрээр Ганзоригийн бүтээлийг Интернетээс уншсан, бараг фэн нь юм байх. Багийнхныгаа алдаатай ажиллаж байна, Ганзориг шиг ажилла” гэж шүүмжлээд муудалцчихсан, тэгээд салж явсан гэнэ. Харин Ганзоригийн багийг дагаж ажилламаар байна, шавь нь болмоор байна гэв.
Үүнийг юу гэж ойлгохоо Ганаа мэдсэнгүй. Шинжлэх ухааны тагнуул гэхэд арай ч гэнэн юм шиг. Буу ч байхгүй, мөнгө ч алга, тэгээд зүгээр л шууд баг дээр нь очоод бүгдийг мэдчих гэнэ. Эм хүний увдисаар  бүхнийг шийдвэрлэх гэж байгаа юм болов уу?



Элен Эрээн хотыг үзмээр байна, танилцуулж өгөөч гэхэд нь, сэтгэл гэгэлзэж хоносон Ганзориг татгалзаж чадсангүй. Яаж Ализед татгалзаж болох билээ.
Говийн өглөө, хөв хөх тэнгэр юутай цоо шинэхэн, бүхнийг амлан байнам бэ? Эленд хамаг зүйл л сонин сайхан, баяр баясгаланг бэлэглэн байх мэт. “Үнэхээр энэ чинь Ализе юм биш үү? Дэлгэцээр харагддагаасаа, амьдрал дээр арай өөр байж магад” гэж бодогдоно. Гэвч өчигдөр Интернетээр тусгайлан судалж, Элен Дюмон гэдэг залуухан палеонтологич байдгийг мэдэж, үгүүллийг нь уншиж, үнэхээр өөрийнх нь үзэл баримтлалыг таашаадгийг нь мэдэж авсан билээ.
-Ганаа, чи хятад хэл мэддэг юм уу?
-Үгүй.
-Тэгээд яаж эдэнтэй чөлөөтэй ойлголцоод байна?
-Монголоороо  ярьж байгаа байхгүй юу.
-Энэ хотынхон цөм монгол хэл мэддэг юм уу?
-Юу ч гэмээр юм бэ дээ. Энэ хот бол Монгол улсын иргэдэд зориулж босгосон хот. Тэгэхлээр монголоор ярилгүй яахав.
-Хятад Монгол улсын иргэдэд зориулж хот босгосон гэнэ ээ?
-Үнэнийг хэлэхэд Монголын өмнөд хэсэг нь Хятадын мэдэлд байдаг юм. Надтай монголоор яриад байгаа энэ хүмүүсийн дотор: Хятадын иргэн монгол хүн олон бий. Ямар ч гэсэн, энэ хотод ирсэн манай улсын иргэн зөвхөн эх хэлээрээ ярьдаг юм.
-Ямар сонин юм бэ? гээд л Элен үнэн сэтгэлээсээ гайхна.
Өчигдөр тэд бие биеийн өрөөгөөр зочилж, палеонтологийн тухай баахан хууч хөөрсөн. Зэрэгцэн суугаад үзэж харах юм их байсан тул, тэр хоёр залуу хүмүүний хажуу биес их л халж байсаан.
Харин өнөөдөр палеонтологийн тухай огт ярьсангүй. Өдрийн одны гялбаа мэт инээмсэглэл нь бараг зүрх өвтгөм хөөрхөн бүсгүй Элен байсхийгээд л Ганааг нална, сугадна, хөтлөлцөөд явна. Ийм үзэсгэлэнт хань ижилтэй болохын тулд түүнд юугаа ч өгч болох мэт. Юугаа ч…
Лабораторийн дүн хойшлоод байсан тул, яаралгүйхэн зугаалав. Гэхдээ энэхүү арилжаа наймааны жижиг хотод үзэж хараад байх зүйл төдийлөн ихгүй. Харин Парисаас ирсэн, юм үзэж, нүд тайлсан Элен л бултыг сонирхож, хорвоогийн диваажинд ирсэн мэт жаргалтай байх нь гайхалтай. Намрын шарангуй гуниг түүний хувьд юу ч биш бололтой. Зарим хүн яаж ийм өөдрөг, аз жаргалтай байж чаддаг байна аа.
Эрээний шинэ захад Элен сүвенир бүхний хөөрхөн, гоёхныг шагшиж, худалдагчдын горьдлогыг дүрэлзүүлж байв. Ердөө л нэг “ар монголын ганзагын наймаачин” атлаа ийм хөөрхөн “авгайтай” Ганзоригийг эндхийнхэн үнэн сэтгэлээсээ гайхаж, жиг жуг хийж байв.  Ганаа сүвенир сонгох талаар, бүр нэг мэддэг хүний шинжтэйгээр зөвлөсөн чинь Элений бахадсан гэж.
Нөгөө хоёрын архи дуусч байгаа нь тодорхой тул, архины тасагт орлоо. Ганаа энд байгаа дэлхийн шилдэг “брэндүүдийг” зааж, үнийг нь евро руу хөрвүүлэн хэлэхэд Элен өөрөөр нь тоглов хэмээн, зөөлөн цохиод авч байна. 5 мянган төгрөгийн “Грант” виски л байж байгаа юм чинь, нэрийг нь “Грунт” гээд л биччихсэн болохоос.
Чанартай сайн архи шаардан зогсоо Ганааг Элен “архи уух нь” гэж бодоод, өчнөөн шилийг авахад нь бяцхан эмээжээ. Учир явдлыг тайлбарлаж, өөрийгөө юрийн галавын ёсоор уудаггүй хэмээхэд бүсгүй бас л бишрэх шинжтэй.
Монгол хүн бүр хошигнох дуртай байдаг хойно, Ганаагийн эгэл монгол хошигнол хойно хойноосоо урсана. Бүсгүй ч Ганааг хорвоогийн хамгийн хөгжилтэй эр гэж үзэж буй янзтай. Ээ дээ, ингээд  л үүрд хамт байгаад байвал мөн сайхан аа.
Орой нэгэн цэнгээний газар очихоор болж, түр салав. Өрөөндөө орж ирээд Ганаа бараг салгалан чичрэв. Үнэн үү, худлаа юу. Цагтаа бараг бишрэн шүтэж явсан Ализе нь өөртэй нь хамт , бас шавь нь болно гэнэ. Эленийг дагуулаад очиход нөгөө хоёрын согтуу эгшин зуур гарах төдийгүй хөдөлмөрийн бүтээмж нь хоёр дахин нэмэгдэх нь илт.
Ажил хөөцөлдөж гадуур явлаа. Элентэй явсан газар бүр өдгөө цоо шинэ газар орон болон хувирч, хурц тодоор гэрэлтэнэ. Элен, Элен, Элен… Зөвхөн тэр л үзэгдэж, тэр л бодогдоно.
Лабораторийн Энхээ “Чулуутайгаа айхтар барьцалдаад бараг нэг цул болчихсон яс юм аа. Салгаж шинжлэх гэсэн чинь саатал гараад байна…” гэх нь баясал төрүүлэх ч шиг. Хачин аа. Өчигдөрхөн л амьдралын хамгийн чухал зүйл нь ки яс байсансан. 
Орой нь, мөнгөлөг даашинз өмсөж, бүсгүй хүний гоёж чимэх урлагийг нэлээд ашигласан Элен улам ч үзэсгэлэнтэй харагдав. Тэд Эрээний аль дөнгүүр цэнгээний газар очив.
“Ди-жэй” нь Ализегийн тухай дуулаагүй байв. Интернетээс татаж авлаа. Монголоор: ”Францаас ирсэн үзэсгэлэнт Элен бүсгүйд зориулж, Ализег тавьяа!” гээд л зарлаж байв. Цэнгэгсдийн ихэнх нь монголчууд агаад, бас л, ийм “хөөрхөн авгайтай” Ганзоригийг гайхна. Энэ нь Ганаад тунчиг таатай сэтгэдлийг төрүүлж байв.
Ализегийн дуу явахад тэр хоёр эргэн тойронд нь өөр хэн ч байхгүй мэт бүжлээ. Элений тунгалагхан харц, гялалзсан инээмсэглэл цэнгээний газрыг өдөр шиг гэрэлтүүлж, Ганаагийн зүрх сэтгэлийг чинадын чинадад хөөргөн байсан авай.


Хаалга ширүүн балбах чимээ Ганааг сэрээв. Хэрэг түвэг тарьчихаагүй л юмсан. Үүдээ нээвэл Алтаа зогсож байх юм.
-Яасан айхтар балбадаг юм? Цагдаа гэж бодлоо шүү…
-Тайлахгүй байгаа юм чинь өөр яах билээ?
-Чи чинь арай оргож яваа юм биш биз.
-Үгүй. Пээ, чи чинь бид хоёрыгоо бас мартаагүй байжээ?
-Юу гэсэн үг вэ.
-Тэр гоё гоё ганзай мэглүү, боов чихэр гээд л хэмээн, Алтаа шууд нэг архи задлав.
-Үгүй, чи чинь, цай ч уулгүй, архи задлаад юу болж байна?
-Чамайг энд хүүхэнтэй зугаалж байхад чинь…
-Юу, хэн тэгж байна?
-Үүдний ресепшн цэнхэр палаажтай бүсгүй чинь миний авгай болох гэж байгаа ш дээ.
-Тэгээд?
-Тэгээд яахав дээ, Баагий бид хоёр аугаа нээлт хийхгүй юу. Нээлт хийсэн ч гэж,  чинийхээ онолыг баталлаа гэж, хээрийн ажлын тоост хувцас нь гоёмсог тасалгаанд огт зохицохгүй байгаа Алтаа хэлээд, хоёр аяганд архи дүүргэв.
-Чи чинь одоо шал согтуу байна уу даа. Би ч ямар архи бараг уух биш. Юу болоод байна?
-Өнөөдөр бол ууж болно. Алив тэр франц хүүхнээ аваад ир. Гурвуулаа наргия. Өө, чи чинь нээрээ биднийг француудтай харьцахыг хориглочихсон шүү дээ, харин өөрөө… 
-Алтаа наад архи дарсаа далд хий…
-Ийш нь үү хэмээн гэдэс рүүгээ зааснаа мань хүн халааснаасаа хэдэн шагайны яс гарган асгах шиг болов.
Ганаа ухаан алдах дөхөв. Ахин мэргэжлийн гал дөл нь аслаа!
-Ки яснууд! Яасан хамаагүй авч явдаг юм? Хориглоно! Алтаа! Баагий та хоёр чинь ид шидтэн биш биз дээ. Та хоёрыгоо чангахан тэвэрч үнсмээр байна!
-Франц бүсгүйг биш үү?
-За, боль доо. Тулгачихъя хэмээн мөргөлдүүлснээ, Ганаа архийг үхэр шиг залгилаад, яснуудыг үзэж:
-Ийм байдаг байсан юм бий вий! Яг мөн дөө! Хөөрхий хөөрхий. Дэлхийн шинжлэх ухаан одоо бид гурвыг сонсох болно! Баагий хаана байна!
-Юмаа хараад үлдсэн. Би бүр яараад…
-Яаж та нар олов оо? Анд минь яриач!
-Чиний “хуурай хууль” дороо хүчингүй болсон. Тэгээд зуу татаж, стрессээ тайлангаа онолыг чинь задлан ярьж байсан чинь нөхдүүдийн бөөмнөрөл огт өөр газар байх ёстой болж таараад… Тэгээд л архиа сугавчлаад л малтлага хийсэн. Зөвхөн ки яснуудыг нь мулталж аваад хүрээд ирлээ. Зөв биз дээ?
-Зөв. Бидний онолд гагцхүү ки яс л хэрэгтэй. Ер нь шувуураптор олдсоноос хойш… гэхчилэн андууд эрдмийн яриа хөврүүлэн удтал сууцгаав.


Намрын шарангуй гуниг гэж байдаг л ажгуу. Элен, Ганаа хоёр буудлын өмнөх цэцэрлэгт хөгжил баясал багатайхан сууцгааж байв. Хэн хэнийх нь хоолойд нэг юм тээглээд, ярихад тунчиг хэцүү.
Ки ясыг олсноос хойш Ганаа Улаанбаатар луу даруй явж, яаралтайгаар илтгэлээ бичих ёстой. Лабораторийн Энхээ Ганаагийн өгсөн ясыг арайхийн чулуунаас салгасан ч, геологийн ёсоор салгасан тул, геометрийн зөв тойрог хэлбэртэйгээр зорон, мөлчийтэл нь өнгөлчихсөн байв. Түүний өгсөн шинжилгээний дүнгүүдээс бол ки яс гэдэг нь тодорсон. Даанч хуримын бөгжтэй дэндүү адилхан болчихож дээ.
-Тэгээд бид хоёр хамтран ажиллахгүй юм биз дээ.
-Тийм л болчихлоо, Элен. Эрснээ олчихлоо…
-Би та нарыг зөв замаар яваад байна гэдгийг мэдэж байсан.
-Та нарт ч гэсэн аз тохиож болно шүү дээ.
-Би бусадтайгаа муудалцчихсан шүү дээ. Тэгэхлээр та нар гэж яриад яахав. Тийм биз дээ.
-Чи бүр ганцаараа болчихсон гэж үү?
-Тэглээ.
-Чи надаас болж л ганцаараа болчихлоо шүү дээ гээд Ганаа хоёр гарыг нь атгав. Элений үс нүүр рүү нь хийсэвч, хоёул гараа атгалцсан тул, хойш нь болгож эс чадна. Толгойгоо сэжин хойшлуулах гэвч эс чадах Элений нүдэнд нулимс гялалзах шиг.
Ганаа гарыг нь тавьж, үсийг нь хойшлуулан илбэв. Элен муухан инээмсэглэнэ. Дэлхийд алдар цуугаа бадраах гэж байгаа залуухан, бас халамцуухан палеонтологич маань энгэрийн халааснаасаа нэг зүйл атган гаргаж ирснээ, хуримын бөгж зүүдэг хуруунд нь зүүгээд өгчихөв. Элен:
-Юу болж байна вэ! хэмээн инээвхийлснээ, гайхан нээсэн уруулаа нөгөө гараараа таглав.
-Энэ чинь ки яс байна, тийм үү гэж бүсгүй дуу алдлаа. Тэрбээр насандаа ингэж гайхаагүй байх.
-Чамд бэлэглэж байгаа юм.
-Энэ бэлгийг чинь юу гэж ойлгох вэ? Яагаад энэ хуруунд…
-Юу гэж ч ойлгоход болно оо, Элен.
-Ганаа! гэснээ Элен хэлэх үгээ ч олж ядан, догдолж суух нь өрөвдөлтэй байсан учир, залуу түүнийг тэвэрч аваад үнсэв. Тийм ээ, ийм л юм болох ёстой байж. Бүх юм жамаараа л болж байх шиг. Тэр хоёр хорвоогийн хамаг сайхан уруулд нь л хурсан мэт үнсэлдэж, багтрах дөхөхдөө л салав.
-За, би явъя даа гээд Ганаа өндийв. Баагий ирчихсэн болохоор, гурвуул хундага тулгалгүй бол горьгүй.
-Ганаа!  гээд бүсгүй араас нь дуудав. Эргэн харвал,
-Битгий их архи уугаарай гэх нь сонсогдов.


Урьд өдөр нь нилээн хүртчихсэн Ганаа ширээн дээрх хугас шил архинаас томхон балгаж орхисон чинь дотор нь цэлмэв. Монгол руугаа хөдлөхөд ч биеийн бэлтгэл нь хангагдлаа, хө.
Нөгөө хоёрынхоо буусан өрөөний хажуугаар гэтэх дөхөн явж, Элений өрөөнд очвол, бариулд нь “чөлөөтэй” гэх бичиг өлгөөтэй байв. “Салах ёс ч гүйцэтгэлгүй яваад өглөө гэж үү?” хэмээн гайхав. Ахин Эленийг үнсэнэ, магадгүй Элен бэлгийг нь гэрлэх санал гэж ойлгоод зөвшөөрч ч болох юм гэж бодож байсныг яана.
Буудлын ресепшн, Алтаагийн “авгай” өвөр монгол бүсгүйгээс асуувал:
-Франц хатагтай өчигдөр явсан. Танд үүнийг орхисон гээд дугтуйтай зүйл өгөв. Гол нь овойхыг харвал, бэлгийг нь буцааж өгсөн бололтой. Сэтгэл нь үлэмж үймэрч, захидлыг уншлаа.
 “Ганаа минь!
Чи намайг гагцхүү жигших ёстой. Би ч өөрийгөө жигших ёстой. Бэлгийг чинь буцааж өгөхгүй байж чадахгүй нь. Чиний нүдэнд дахин үзэгдэж чадахгүй нь ээ.
Чамайг энэ захидлыг задлан уншиж байх эгшинд магадгүй, би багийнхантайгаа жинхэнэ муудалцчихаад (уг нь муудалцаагүй байв), эзгүй майханд юм уу, газар очин ганцаар уйлж суух биз ээ.
Ганаа, чи минь юутай гэнэн цагаан сэтгэлтэй билээ. Тагнуул гэдэг минь бараг миний духан дээр бичээстэй байхад чи үг бүхэнд минь итгэсэн. Хамгийн сайхан сэтгэлээр чи надад хандсан.
Эрээн хотын гудамжаар чамтай хөтлөлцөн явахдаа, “манайхны даалгавар замхарч үгүй болоосой, үнэхээр энэ сайхан монгол залуутай хөгжилдөн зугаалахсан ч гэж бодож байлаа. Үе үе даалгавраа мартчихаад, чин сэтгэлээсээ хөхөрч, романтик бодолд автаж, чамтай нийлэн дуулж бүжиглэж, баясч явсан юм шүү.
Хэрэв ки ясыг олохгүй бол, удтал бүтэлгүй үйл ажиллагаатай байж ирсэн манай байгууллагад жинхэнэ сүйрэл ирж, спонсорууд нүүр буруулж, бүхэнд төгсгөл ирэх байв. Тэгээд экспедицийнхэн маань танай багийг тандаж турших юм болж, зөндөө л хэлэлцсэний эцэст намайг оролдоод үз гэсэн. Бидний төлөвлөгөө гэнэн байв, мэргэжлийнхэн биш шүү дээ. Өөр төлөвлөгөө ч байлаа. Гэвч эхний төлөвлөгөө биелж, ки ясыг чи надад өгсөөн.
Бүхэнд төгсгөл ирэх байв гэж би түрүүн бичсэн. Тийм биш байж. Хэрэв би ки ясыг экспедицдээ аваачиж, даалгавраа биелүүлсэн бол харин бүхэнд төгсгөл ирэх байж.
Би чамтай худал үнсэлцээгүй шүү.
Чиний, нүгэлт Элен” гэсэн байв.
Захидлыг уншаад Ганаа золтой уйлах дөхөв. Тун ч янз бүрийн мэдрэмж, бодол тархинд холилдон сүлэлдэнэ. Нэг бодлын, гутамшигтайгаар хууран мэхлэгдсэн мэт, нөгөө бодлын, энэ бүхнийг өөрөө эхнээс нь мэдэж л байсан мэт, нэг бол Элен зорилгынхоо төлөө яахаас ч буцахгүй аймшигт хүүхэн байсан шиг, нэг бол бусдын төлөө өөрийгөө золиослогч гэгээн бүсгүй ч юм шиг.
-Явъя аа, хөөе! Чи чинь хаашаа гэгээрээд алга болчихов? гэсэн Баагийгийн дуу л бодлыг нь тасалдуулав.


Эрээнд танилцсан залуу хосын харилцаа огт тасалдаагүй бөгөөд, тэр намрын өдрүүдээс хойш зургаан сарын дараа, урьхан хавартай хамт Элен бүсгүй дэлхийд нэртэй эрдэмтэн болсон Ганзоригийн гарын шавь болохоор Улаанбаатарт ирж, өнөөх л гялбам инээмсэглэлээрээ гийгүүлсэн билээ.
Ч.Мөнхбаяр
2009.08.31

No comments: