Tuesday, October 13, 2009

Шорлог


улс төрийн үгүүллэг

1
Батболд Төв цэнгэлдэхийн аль хаалган дээр очих ёстойгоо гайхан хэсэг маанагтав ч гэх үү, манарав ч гэх үү. Дайн тулааны талбарт бүх юм ойлгомжтой байдаг атал, энх амьдралд эсрэгээрээ аж. Түм түжигнэж, бум бужигнаж, инээж хөхөрч, орилж хашгирах нь нэг л түгшүүр төрүүлж, толгой эргүүлнэ.
Тэр бүх үзэгдэцийг сэрэмжлэн харна. Нэлээд биерхүү, үс нь яагаад ч юм, 80-аад оны засалттай, цайвар ягаан футболк, урт цагаан юбк өмссөн, гоолиг ч гэж боломгүй, харин жинхэнэ болц гүйцсэн, харахад харц дүүрэн, барихад барьц дүүрэн эмэгтэй охиноо тэврээд, нэг зүйлийг зааж, тайлбарлан зогсох нь Батболдод их л уяралтай сайхан харагдахын сацуу, тэртээгээс нэг мунхаг рок залуу морин дээр байна уу, шороон дээр байна уу гэдгээ төдийлөн анзаарсан янзгүй амгалан сууж, хар хурдаар уулгалан давхих нь зэрэг зураглагдав. Аргагүй л дайн үзэж,  дарийн утаа үнэрлэсэн хүний хэвшил юм.
Шийдэл гаргаагүй мөртлөө, баяссан олныг хага яран давшилж, заримыг нь дайрч гуйвуулсаар, рок залууг амдан тосч, морины жолоо цулбуураас шүүрч авбал, өгсүүрт торсон хөлөг Батболдыг нэг их чирэлгүй тогтов. Хүмүүс ч, саяын энэ аюулыг ажиж уулга алдаад явчихад, бүсгүй эргэн харж цочсондоо таг болов. Тийм ээ, Батболд байгаагүй бол хүн хөлөг нийлсэн араатны хөлд хүүхэн, охин хоёр үрэгдэх л байв.
-Чи чинь яадаг хар дурак вэ? Морь унаж сурчихаад давхи! гэвэл рок залуу:
-Хэ хэ, энэ чинь л өөрөө яваад байсан ш дээ гээд тодорхойгүй харцаар гөлийх нь яавч эрүүлийн шинжгүй. Морины эзэн ч навсганан гүйж ирлээ. Батболдын хамраас цус урсав. Бүсгүй:
-Танд баярлалаа гэснээ, охиноо тэвэрсэндээ их л түүртэн байж, алчуур гарган, цусыг нь арчсан боловч нэмэргүй. Батболд:
-Өө, зүгээрээ гээд дээш гэдийн халаасаа ухахын өмнө, туйлын ялдамхан, гомдсон ч юм шиг, хөөрхөн зүс царайг үзсэн бөлгөө. Ер нь түүний бодлоор бол, хөөрхөн бүсгүй гомдсон мэт зүс царайтай байх ёстой. Тэгж байж л эр хүнийг татна.
Бүсгүй өөрийг нь хөтлөн, нэгэн шорлогны асарт аваачиж суулгахад маш их эвгүйцэж, золтой л гарч зугтах дөхсөн ч биеэ барилаа.
-Танилцъя. Намайг Батболд гэдэг гэж арай чүү тэнгэр харан хэлэв. Аврагдсан бүсгүй салфетк авчран, хамрыг нь бөглөнгөө:
-Намайг Ариунзаяа гэдэг, Ариука л гэдэг юм даа гэх нь, зуны сэрүү шиг дотносох янзтай.
-Өө, намайг ч Баагий л гэдгиймдөө гэж дууриан хэлэв. Бүсгүй охиноо суулгачихсан нь, ширээний тавцанд эрүү нь тулаад хичнээн өхөөрдөм. Үгүй бас, орчлон дэлхийд ийм арчаагүй, сул дорой, эжийгээсээ бүрэн хамаарсан амьтан бас байдаг аа. Ээж нь ч мөн адил. “Энэ охин тайван сууж байхад би...” хэмээн тэсэн байв л. Ариука:
-Би шорлог аваад ирье гэхэд:
-Хэрэггүй ээ! гээд Батболд бараг бархирчихав. Бүсгүй маш их гайхсан байдалтай:
-Танд охин бид хоёр талархсанаа илэрхийлэх гээд л... Тэгвэл өөр хоол захих юм уу гэтэл хүүхдүүд дарь дэлбэлж, пис пас дуугаргахад дайчин эр ч дэв давхийн, бараг ширээний ард нуугдах дөхөв. Асар эмэгтэйлиг бүсгүй түүнийг үлэмж гайхан харснаа:
-Аан, өөрөө энхийг сахиулагч юм байна ш дээ. Тэгээд л... Вьетнамын дайнаас ирсэн залуугийн тухай кино үзэж байсаан гэв. Нөхдийнхөө зөвлөснөөр, очсон улс орнуудынхаа одон медаль, энгэрийн тэмдэг, бэлгэдлийг дүрэмт хувцас, десант малгайндаа дүүртэл зүүчихсэн түүнийг энхийг сахиулагч гэхээс ч биш яахав дээ.
-Ариука, уучлаарай, би шорлог идэж чаддаггүй юм. Хэдүүлээ өөр газар очиж, өөр хоол идье тэгэх үү гэж гуйгаад, Батболд халааснаасаа багсайсан  мөнгө гарган ирж дүйгүйтэхэд, бүсгүй жаахан эвгүйрхсэнээ:
-Тэгье, тэгье гээд охиноо тэврэх гэв.
-Би охиныг чинь тэвэрчих үү. Аягүй бол надаас айх байх даа. Ариука:
-Чиний одон медаль хөлийг нь нухчих байх гээд инээмсэглэв. Шорлоггүй газар үгүй тул нэлээд аялав.
Зэрэгцэн алхаж явахдаа, Батболд Руандад сэтгэлээрээ оччихсон байлаа. Аанай, хуту, тутси гэгдсэн, угтаа бол нэг үндэстэн түмнүүд хядалцаж, нэг нь нөгөөгөө үй олноор нь шатааж түймэрдсэн байв. Ам л ангайвал дурак гэж хараадаг хошууч Балжинням ч ангайж орхисон.
Тийм ээ, шорлогны үнэр ханхалж байсан. Гэхдээ амьдаараа шатаж тарчилсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийн түлэгдсэн махны үнэр. Тэдний гар хөлийг олс, сатурк, төмөр утсаар тарчилган хүлж, дараа нь дунд нь напалм-гранат гээч, Хойт Солонгост л үйлдвэрлэдэг аймшигт зэвсгийг хэрэглэн, түймэрдсэн ажээ. Амьдаар шатаавал, тарчилсан хүний эрч сүлд хэд дахин өсч, алуурчны биед шингэн, хүчирхэг болгоно гэсэн мухар сүсэг байдгийг яалтай ч билээ.
Хоёр хөл нь үнс болтлоо шатчихсан атлаа, амьд нэгэн эмэгтэйг харсан. Нүүр биед нь үсэрхийлсэн напалмын цэгүүдээс ч гал улалзаж байв. Хувцсаа тайлан бүтээхэд, гал унтарсан ч, эмэгтэй өөрийн хэлээр, их л чухал бололтой зүйлийг давтан давтан хэлж, бүлтрэх дөхсөн нүдээрээ Батболдыг цоо ширтэж байгаад нас барсан билээ. Тэр нь захиас гэрээс л байсан бололтой.
Хошууч Балжинням бүх цогцсыг даруй булаад, булснаа эргэн төнхчихгүй шиг, нуувч ухахыг тушаасан сан. Хүнд ажил байлаа. Хамгийн гол нь шорлог шиг үнэртэх нь тэсвэрлэхийн  аргагүй зэрлэг сорилт байв. Тэрний хажууд өмхий хамхай юу ч биш.
Гар утас нь хангинаж, найз Төвшинтөгс нь ясны зангаараа, хэнд ч дуулдтал хашгирч гарав:
-Хөөе, дурак минь чи хаана төөрчив өө. Бас хүүхэн эргүүлэх санаатай л эргэлдээд явна уу гэхэд, Батболдын нүүр час улайж, Руандын дурсамжаасаа түр хөндийрөв. Мань хүн эв хавгүй яриагаараа:
-Чи юу яриад байна аа? Намайг харж байна уу? Яг хаана очих билээ гэхэд,
-Сурын талбайн чанх харалдаа гэж мянга хэлээ биз дээ гэх дүрсгүй дуун сонсдоод, “дийд дийд” үргэлжлэн гонгинов. Батболд бүсгүй рүү харан инээвхийлж:
-Манай энхийг сахиулагч хэсэг нөхөд өнөөдөр уулзаж, наадамдах гэсэн юм л даа. Сурын талбай хаана байдаг билээ. Тэнд очиж, гурвуулаа хоол идье хэмээхэд бүсгүй  ч зөвшөөрөв. Арай, “аварсан биш, түвэгтэй нөхөр үү” гэж бодохгүй байгаа хэмээн Батболд сэтгэл зовж л явав. Уулгалсан олон түмэн, алиалагч, наймаачин, морь мал дундуур зүтгэх нь битүү ширэнгийг туулахаас хэцүү юм гээч. 
Тухай тухайн оронд байж, янз бүрийн ажиллагаанд оролцсон гэдгээ нотлох гэж ядан, зүсэн зүйлийн дүрэмт хувцас, гоёл чимэглэлийг алаглуулсан дайчин нөхөд нь наадамчдын үзмэр болон инээж ханиан зогсох нь сэтгэл сэргээв. Тэгье гэж бодоогүй мөртлөө л Ариунзаяагийн бэлхүүсэнд хүрч “нөхөдтэйгээ мэндчилээдхэе” гэвэл, хөлс нь цувсандаа огт түүртээгүй бүсгүй харин ч сониучирхсан янзтай “тэгье, тэгье” л гэв. Төвшинтөгс мэлхий адил дэвхрэн ирж:
-Тээр хэлээгүй юу, манай Баагий ганцаараа биш болчихжээ гээд бүгдэнг нь тэврэн авлаа.

2
Нөхдийгөө бөх харж байх зуур, Батболд Ариунзаяа хоёр бие биеийг дайлна хэмээн баахан мэтгэлцсэнээ, эв түнжинг олж, нам жим болцгоов. Батболд  Нараа гэх өчүүхэн жаахан охиныг ч, унжаад унах гэж байгаа усан үзэм мэт боловсорсон эмэгтэйг ч галзууран шунамгайрсан мэт харцаар харж, өлбөрч үхэх гэж байгаа янзтай, хоолыг атгалах нь холгүй залгилна. Ариука:
-Хи хи, чив чимээгүй хоол идэцгээгээд л хэмээн хөхөрснөө:
-Яг хаана ямар ажил хийдэг юм? гэж сээтгэнэх янзтай гилжийн асуув.
-Юу? Би... гэрээт цэрэг л дээ. Арван жил энхийг сахиулж явна гэвэл бүсгүй:
-Хөөх, ямар аймаар юм бэ? Тийм олон жил дайтлаа гэж үү? хэмээв. Хэдэн долларын орлоготой вэ гэж асуугаагүйд нь урамшсан Батболд нийслэл салатнаас халбагадангаа:
-Харин чи ямар ажил хийдэг вэ? гэж тоть мэт давтав.
-Би юу? Би ажилгүй...
-Тэгээд яаж аж төрж байна?
-Охин бид хоёр Увсаас ирсэн. Тува нараас зугтаж, дүрвэж ирсэн л дээ. Одоо дүрвэгчдийн байранд, дүрвэгчийн тэтгэлэг аваад л байж байгаа. Ажил олдохгүй юм.
Энэ мэт яриаг сонсохоор л, Батболдын зүрх ёг  хийнэ. Дэлхийн хамгийн  их ашигт малтмалтай, нөхцөлгүй баян орон атлаа, яахлаараа, ард түмэн нь ямар ч авралгүй гуйлгачин байдаг байна гээд, бодоод бодоод олохгүй.
Уг нь Батболд Алтан хануудын удам  юм. Тэд бүх урианхайчуудыг Засагт хан аймагт нэгтгэж өгч байсан түүхтэй. Гэтэл одоо төрсөн ахан дүү тува, монголчууд дайсагналцаж, Увсын хойд нутгууд эзгүйрч байна гээд санахлаар, үнэхээр гайхмаар. Адилхан л монголчууд шүү дээ.
-Тэнд чинь л ёстой энхийг сахиулмаар юм байна даа гэхэд Ариука:
-Яг тийм! гэж уулга алдсанаа, харц буруулан тонгойв.
Энэ өдөр эх охин хоёр энхийг сахиулагчдын хамтаар их л зугаалав. Хамаг одон тэмдгээ мулталж хармайлаад, Нараа охиныг тэвэрч, түүнтэй балчир хэлээр нь ярилцаж, зуу татчихсаных нь тул болгоомжлон, бөөр нийлүүлэн явах Ариукатай ханьсан, их л жаргалтайгаар Зайсан толгой өөд өгсөв. Гэтэл Ариунаа амьсгаадаж:
-Жаахан амаръя аа. Бүр ядраад... гэв. Ундаа авч хуваан ууцгаалаа.
-Чи тэгээд, байнга л дайн дажинд явж байдаг юм уу?
-Байнга ч арай биш л дээ. Одоо нэг л явах байх. Энхийг сахиулна гэдэг чинь арын хаалгатай, амар олддоггүй ажил. Миний норм гүйцэхийн дээдээр гүйцсэн, бүр хэтэрчихсэн.
-Дайнд явахыг хүсдэг хүн байна гэж үү? Цэргийн алба хаах дуртай хүн ч байдаггүй л биз дээ.
-Мөнгө өгвөл өөр хэрэг шүү дээ. Сард би 300 доллар авдаг. Ийм ажил өөр яаж олдох билээ хэмээн Батболд, бүсгүй орлогыг нь асуухаас урьтан, цухалдангуй ч юм шиг хэлэв. Ядаж:
-Чи гэр бүлтэй юу? гэж Ариунзаяа асуудаг нь ч юучив дээ. Яг эмзэг цэгийг нь олж хатгажээ. Афганд байхад, тэндхийн эрчүүд нэг муу шавар тагзтай болж байж гэрлэхийн тулд, дөч тавь хүртлээ, нуруугаа бөгтийж, гараа сарвайтал зүтгэдэг юм билээ. Батболдын хувьд ч тийм болчихоод байгаа хэрэг.
-Би чинь нөгөө орон гэргүй хүн гэдэг нь шүү дээ. Манай бүх залуус л тийм байгаа. Энхийг сахиулахаа л больчихвол гудамжинд гарах хүн чинь яаж гэрлэж бараалах вэ дээ хэмээн санаашрангуй хэлэв. Ариунзаяа ч ихийг бодолхийлэн буйг нь салхинд эрчтэй хийсэх үс сэвлэг нь илэрхийлэх мэт.

3
Дүрвэгчдийн байр гэж арай ийм аймшигтай зүйл байна гэж Батболд бодсонгүй. Өндөр хөгжилтэй орны асар их мөнгөөр барьсан л юм гэсэн.
Баруун Сахар улс руу явах замдаа Египтэд түр саатахад, иймэрхүү оромжууд харагддагсан. Улс нь каркас босгочихоод л, ядуучуудыгаа “энд орон гэрээ барьцгаа” гэдэг, цаадуул нь дур дураараа бөглөж таглаад л орчихдог, тэгээд нэг зүүдэнд ором эвгүй сууцууд бүрэлдчихсэн байдаг байж билээ. Тэрнээс ч долоон дор юм гээч.
Үүдний жижүүр нь, ерөнхий сайдын харшид бүрэн зэвсэг агссан “Аль-Кайда”-гийн амиа золиослогч ирсэн юм шиг л, Батболдыг байцааж, саатуулж, бүр хурандаатай нь ярьж байж л, сая нэг пропуск бичиж нэвтрүүлэв.
Өмхий хамхай, нуранги цооронги нь хэтэрсэн байрны 9-р давхарт Ариунзаяа суудаг ажээ. Ёстой жинхэнэ там. Коридорт хамаа намаагүй хаясан хогон овоонуудыг ялаа жоом бараг битүү бүрхсэн, тэгээд бас хаа сайгүй л шалбааг.
Швейцарь цэрэг тонгоргийнхоо гар чийдэнг асааж байж, 937 тоотыг оллоо. Байсан байгаагүй ямар ч нэмэргүй сарампай хаалгыг тогших гэтэл, онгорхой байв. Явж оронгуут л Ариука, Нараа хоёрын амь амь амьсгал мэдрэгдэн, хамаг муу муухайг мартаж, нэг ч сандалгүйн учир яйжгий төмөр орон дээр санаа амар лаглайтал, пүрш нь бараг шал хүртэл сунав.
Эзгүй айлыг харцны дураар шинжвэл, хамгийн хямдхан л бололтой ширээ шүүгээ, халцархай халтар хана тэргүүтнийг Энх-Амгалан хаан, заан, фэншү-гийн хэрэгсэл, алаг эрээн хуанли зэргээр гоёж чимэх гэж чадан ядан оролдсоноор л өнгө үзэмж төгсжээ. Харин ч их л цэвэрлэж цэмцийлгэдэг бололтой. Тоос шороо даанч нэг нүдэнд нь өртсөнгүй, нэг ялаа л цонх мөргөлөн жүнгэнэнэ. Ийм амгалан тайван байдал яагаад ч юм, дайны талбараас илүү түгшүүртэй санагдаад эхлэв.
Ариунзаяа Батболд хоёр наадмын тэр нэг өдрөөс хойш, утас шөрмөсөөр харилцаж, аар саар уулзсаар өдий хүрсэн. Батболд Судан руу жилийн хугацаатай гэнэт явах болсон тул, бүсгүй түүнийг гэртээ урьжээ.
Хаалга сэвхийн онгойход, Батболд золтой л байхгүй буугаа тэмтрэх дөхөв. Арван жилийн хугацаанд бараг анх удаагаа л энгийн хувцастай яваа болохоор ямар ч буу байх билээ дээ. Ариука:
-Сайн уу гэснээ:
-Чи дандаа л айж цочиж явах юм аа. Яаж дайтаж байлддаг байна аа хэмээн аальгүйтэн инээмсэглэв. Батболд:
-Үгүй, юу л даа. Чи яагаад гэрээ эзгүй орхиов гэж балмагдан хэлэв. Бүсгүй:
-Би цагаа буруу харчихаад, угаалгын өрөө лүү яваад өгсөн байлаа л даа. Тэгээд ч, манай гэрт хулгайд алдагдах юм байхгүй ээ гэснээ, нойтон үсээ учиртайхан илбэн янзлахад, цээж нь төвийн, бэлхүүс нь ялгаран тодроод тун чиг үзэсгэлэнтэй харагдав. Дайчин залуу ч өөрийн эрхгүй инээмсэглээд, цүнхнээсээ баглаа цэцэг гарган өгснөө, нэг ойртсоных гэсэн шиг хацар дээр нь үнсчихэв. Бүсгүй өрөвдөлтэйхэн инээмсэглэснээ:
-Баярлалаа хэмээсэн нь цэцэг, үнсэлт хоёрын алинд зориулж хэлсэн нь тодорхойгүй. Түүний бэлхүүсээр тэвэрсэн байсан Батболд ингээд л зогсоод баймаар байсан авч, ичингүйрэн хөндийрч,
-Нараа хаачаа вэ гэв.
-Манай нэг хамаатан дээр байгаа. Баянхошуунд. Тэнд чинь Увс аймаг бараг бүхлээрээ нүүгээд ирчихсэн ш дээ. Тэр айл үрчилж авъя л гээд байгаа юм хэмээгээд, бүсгүй хоол зоог бэлтгэж эхлэв. Батболд:
-Юу гэнээ? Нарааг үрчлүүлж болохгүй шүү. Тэр чинь бидний үр хүүхэд шүү дээ гэж шийдэмгий хэлэхэд Нараа ажлаа зогсоож,
-Бидний хүүхэд ээ? Хэзээ тийм болчихсон юм гэж маягтайхан өчих нь, тэврүүлэх энхрийлгэхийн тулд л төрсөн мэт, урьхан дотно харагдана. Тэгснээ:
-Охиноо үрчлүүлэхгүй. Тэгэх юм бол би энэ байрнаас хөөгдөнө ш дээ хэмээгээд, гуниглангуй тонгойж, ажлаа үргэлжлүүлэв. Дайчин эр:
-Уг нь би Нараа та хоёрт юм авчирсаан гээд цүнх дүүрэн бэлэг, чихэр жимсийг гарган, хаа тавихыг мэдэхгүй балмагдахдаа цонхны тавцан дээр өрөв.
-Хөөх, чи ямар их юм авчраа вэ? Биднийг дэндүү эрхлүүлж байна шүү. Нэг мөсөн бүх юмыг аваад ирсэн байна ш дээ. Юм ээлж дараатай байвал зүгээр биш үү. Ямар ахиж уулзахгүй биш хэмээн Ариунзаяаг өхөөрдөм дуугаар шулганахад нь 30 нас руу дөхөж, нүүрэнд нь үрчлээс сууж яваа эмэгтэй гэж үнэмшимгүй. Нэгэн биед эх охин хоёр цогцлов уу гэлтэй балчир өнгө мэдрэгджээ.
-Заримыг нь байрныхаа хөргөгчинд хийлгүүлье гээд тэрбээр маягтайхан алхсаар гарлаа.
Батболд өндийн, шууд л хоол зоогных нь ажлыг үргэлжлүүлэн хийж эхлэв. Хажуу айл нь янз бүрийн өргөн түгсэн дуу хөгжмийг чих дөжиртөл чанга тавих нь түвэгтэй, бас түгшүүрт бодлыг нь улам дэвэргэн хөглөнө. Ингэж хөгжим орилуулж байж л, дүрвэгчийн сэтгэл тайтгардаг юм байлгүй дээ.
Төвшинтөгс найзынхаа ятгалганд орж, армийн гэрээгээ цуцлуулсан нь, нэг л урвалт шиг бодогдож, ихэд шаналгана. Зугтсан, бууж өгсөн, олзлогдсон ч юм шиг, өнчирсөн ч юм шиг.
Бараг цэцэрлэгээс хойш үерхэн нөхөрлөж байгаа Төвшээгээ Батболд нас чацуу мэт ч, дүү шигээн хайрлаж хамгаалж явдаг билээ. Тэрбээр нүд нь гэрэлтээд, ямагт л гэмгүйхэн хэрэг зөрчил гаргачих гээд, саваагүйтэж дэггүйтээд явдаг. Чанга хатуу эр ч биш. Батболд түүнийг харж хандаж, хамгаалж ивээж байдаггүй бол ч…
Хүнд бодол, хүчирхэг хөгжимд дарагдсан дайчин эр зургаадах зөн билгээрээ Ариунзаяаг чимээгүйхэн орж ирэхийг мэдэж, эргэн ширтвэл, тэрбээр гэнэгүйхэн инээмсэглэснээ, ичингүйрэн харц буруулав. Тэд одоо хоюулхнаа байна.
Ариука дуугүй ирж, шууд л ажлаас нь хамжилцав. Хэзээ язааны нэг гэр бүлийн хоёр шиг, дотно дулаан сэтгэгдэл төрнө. Хэн хэнд нь тийн бодогдож байсан биз ээ. Бодлыг нь нөгөө чанга дуу зуучлан дамжуулах ч шиг. Ариука тэсэлгүй:
-Чи хэзээ явах вэ. Сонин дээр, манайхан сарын дараа Этиоп гэдэг улс руу явна гэж бичсэн байсан гэвэл Батболд,
-Миний очих улс Судан л даа гээд золтой санаа алдсангүй.
-Хэдүүлээ явах юм бэ. Манайхан чинь одоо мянга мянгаараа л яваад байгаа юм биш үү.
-Тийм ээ, хориод улсад бараг мянга мянган энхийг сахиулагч оччихоод байна. Америк, Британи, Оросын арми, Францын легионд ч олон байгаа. Элдэв хөлсний хүчинд зүтгэж байгаа нь ч тоогоо алдсан байх аа гэхчлэн Балжинням даргынхаа үгийг давтан, баахан булзааруулснаа:
-Бид хоюулхнаа л явна. Армийн тусгай даалгавар гэв.
-Хоёрхон хүн гэнэ ээ? Хэнтэй хамт явах юм. Хоёр хүн явж болдог юм уу?
-Төвшээ бид явна.
-Хэзээ Төвшээ тийм тусгай даалгавар биелүүлдэг мундаг цэрэг болчихсон юм.
-Харин л дээ гэх Батболдын итгэлтэй бус дууг сонсоод, Ариунзаяагийн эргэлзээ улам ихсэв.
…Найз Төвшээ нь нэг л өдөр, нүд нь орой дээрээ гарчихсан давхиж орж ирээд:
-Саудын Арабад хөлсний цэрэг элсүүлж байна. Суданд, “Жанжавид” бүлэглэлийн талд байлдах юм байна. Сард 5000 доллар төлөх гэнэ. ISSS стандартад нийцэх дайчныг нүдээ аниад л авах юм байна. Бид хоёрын махаа идэж байж, ISSS стандартын шалтгалтыг өгч, тэнцэж байсан маань одоо л аминд орох нь хэмээн бархирсан өдрийг өдгөө Батболд бараг хараан зүхэх болсон.
-Юу ярина вэ. Багийнхан Этиоп явах гэж байхад гэвэл Төвшээ:
-Тэр манай ЗГ-ын хоёр гурван зуун “бэнжамин”, өлбөрүүлэх дөхдөг хоолны норм, ганц хоёр сумтай ямбий АК-г март. Биднээр энхийг сахиулсны төлөө, гадаадаас ЗГ-т хичнээн мөнгө орж ирдэг гэж санана. Хэдэн дарга нар л хуваагаад идчихдэг биз дээ. Тэр дуракуудын боол болж, амиараа дэнчин тавиад яах юм. Судан явж, байрны мөнгө хийе. Байртай болчихсон цагт амьдарна ш дээ, эрхбиш хоолныхоо мөнгийг олоод байх биз хэмээн хашхирна.
-Үгүй, чи аяар ярь гэм. Сахилгад суух нь уу.
-Биднийг хэн ч сахилгад суулгахгүй. Явж, гэрээгээ цуцлуулъя.
-Торгууль төлнө ш дээ.
-Яадаг юм. Сард 5000 доллартай, бас хугацааны, амжилтын нэмэгдэлтэй... Тамаас мултрах өөр ямар гарц байгаа юм. Ариунзаяатайгаа сайхан амьдрахыг бодохгүй байна уу, дурак аа!
Балжинням хурандаа нь сав л хийвэл дурак гэж хараадаг амны уншлагатай агаад, хурандаагаа бүгд л дуурайж, харин ч “дурак багийнхан” гэх хочийг бусад багийнхнаас хүртсэн ч, эд огт сэтгэл зовдоггүй.
Харин өөр зүйлд, үхлийг сөрөн байж, сард 200-300 доллар оловч, тэр нь амьдралыг нь өчүүхэн төдий ч өөдлөн дэвжээдэггүйд Батболд сэтгэл зовнин ирсэн билээ. Дарга нар 10 сая доллараар казинодож, тэрбум тэрбум долларын хадгаламжаараа өрсөлдөж, бараг өдөр бүр гадаад руу нисэн цэнгэж байхад, Батболд мэтийнх нь амьжиргаа амьдрал огтхон ч дээшилж ахилгүй он цагийг элээнэ. Үнэхээр л энэ боломжийг алдвал дурак болох бус уу. ISSS стандартад багтлаа гээд, цалин нь хэдхэн доллараар л нэмэгдсэн.
Хамгийн гол нь, Төвшээ найзыгаа ганцаар нь явуулж чадахгүй, хүчээр тогтоон барьж чадахгүй нь ч үнэн юм. Байрны мөнгөтэй болж, Ариукатай жаргах нь, магадгүй бүр ч чухал.
-Манайхан ч Судан явж магадгүй гэдэг. Өөрийнхөн рүүгээ буу онилох болж байна уу гэвэл Төвшээ гараа савчин сүйд болж:
-Би бүхнийг бодож боловсруулчихсаан. Монголын зэвсэгт хүчин байлдааны ажиллагаа нь зогссон газарт л очих номнолтой шүү дээ. Тэгэхлээр асуудалгүй.
-Бид чинь өөрсдөө жинхэнэ байлдааны ажиллагаанд орж байгаагүй…
-Энхийг сахиулах нэрийн дор бишгүй л байлдаж байсан биз дээ.

4
Батболд, Ариунзаяа хоёр оройн зоог барьж, дарс ч хүртэж, зөндөө л ярилцлаа. Ариука:
-Би магнитофон олоод ирэх үү. Хөгжим сонсъё, бүжиглэе гэхэд Батболд:
-Энэ хажуу айлын дуу чимээг яах билээ хэмээв. Бүсгүй:
-Манай байранд чинь ганц л хөгжим байдаг байхгүй юу. Ерөөсөө хоёулаа энэ сонсогдоод байгаа аянд бүжиглэе л дээ гээд гараас нь татав. Ийм зүйлээс хөндий төсөө явсандаа эвгүйрхсэн ч, бас ч гэж дарсанд халаад авсан юм гэсэндээ, бүсгүйг тэврэв. Орчлонгийн бүх хүүхнийг тэвэрсэн мэт, эмэгтэйлиг бүхэн өөрийг нь дүүргэх аж. Бүсгүй хүн гэж ийм гайхамшигтай ертөнц байдаг юм уу. Ариунзаяагийн зөөлөн бие, сүрчигт мансуурах дөхөн салгалж байтал, уян ая дуусчихав.
Харин хэмнэл түргэн, эрчтэй дуу эхлэхэд, Ариука яг л тааруулан тун чиг эвлэгхэн бүжих нь харц булаана.
-Бүжиглээч дээ! гээд л бүсгүй дуу алдана.
-Би бүжиг хийж чаддаггүй юм.
-Намайг дууриагаад л хийхгүй юу.
-Өөрөө эмэгтэй хүний бүжиг хийгээд байгаа юм биш үү?
-Нээрээ тийм дээ гээд л Ариунзаяа бүжнэ. Юутай уран гоёхон үзмэр гээч вэ. Дайчин эр Японы сүүлийн үеийн хүн-роботуудын төвшинд бүжиглэхчээ аядаж байтал, тог тасарч, хүндхэн үүргээс чөлөөлөв.
Сэтгэл хөдөлсөн бүсгүй:
-Хоёулаа харанхуйд бүжиглэе гээд л тэврэн авлаа. Батболд ч биедээ аль болох нааж ойртуулж, илж таалж, эцсийн удаа учирч буй мэт яаран, хичээн үнсэв. Яг л сурагч залуусынх шиг догдлол, цоо шинэхэн мэдрэмж эзэмдэхэд, тэд ухаан мэдээгээ алдатлаа, салгалж чичиртлээ озолцов. Түр хөндийрөхөд Батболд:
-Би сүүлийн даалгавартаа явна. Жилийн дараа би байрны мөнгөтэй ирнэ. Тэгээд гурвуулаа сайхан амьдарна гэж балмагдан үгүүлэв. Ариука:
-Чи яасан сайхан сэтгэлтэй юм бэ? Нараа чиний охин биш шүү дээ. Тэгэхэд чи өөрийн хүүхэд шигээ санаж л хайрлах юм хэмээн өчих нь уйлах гэж байна уу гэлтэй. Батболд түүнийг хагацал үзэх гэж байгаа юм шиг л, улайран илж таална.
-Тэр чинь миний охион. Бид хоёр урьд сэтгэлээр учирч явсан байх. Чамайг би анх харангуут л, “ийм л бүсгүй надад хэрэгтэй” гэж бодсон.  Жигтэйхэн их дотно дулаан санагдсан.
-Магадгүй. Сэтгэлээрээ учирч явсан гэдэг чинь яасан сайхан үг вэ. Эсвэл урьд насандаа бид ханилж явсан юм болов уу. Уг нь Нараагийн эцэг… тува хүн гээд чичигнэн шуухитнах нь гарцаагүй уйлж буй аж.
-Өө, тийм үү. Тува гэдэг ч монгол л доо. Ямар хүн байдаг юм бэ?
-Мэдэхгүй. Дайрч орж ирээд л, давхиад явчихсан гэхэд, Батболд бүхнийг ойлгов. Дотроо онгойтол уйлаад авахаар сэтгэл шуударсан бүсгүйг элбэрэн илэх завсраа: “Өвөг дээдсийн минь нэгтгэж байсан нэгэн ард  түмэн, ингэж харийн хатгалгаар дайсагналцаж явах гэж. Тувагийн хүүхдийг тээлээ гэж энийг маань ад шоо үздэг байсан байх. Эвий, эвий” хэмээн бодлоо.
Тог ирж, нүд гялбаахтай зэрэгцээд, хаалга салж унах дөхтлөө савж, комендантын цэргүүд автомат буугаа атгачихсан, галлах нь холгүй үсрэн орж ирэв. Юу ч ойлгож амжаагүй байтал нэг нь Батболдын хуйхыг язартал буугаараа дэлсэж, нөгөө нь хавсран унагаж, улмаар бүгд өшигчин, зодож нүдэв. Ариунзаяа байдгаараа чарлаж, тэдний араас зуураад, харин ч алгадуулан ойчлоо.
Чингээд, цус нөжтэй нь хутгачихсан дайчинг гарыг нь мушгин суулгав.
-Чи оргодол Батболд мөн биз? хэмээн, нэг цэрэг сурвалжлах хуудастай тулган харна. Батболд:
-Мөн бишийг нь мэдэж байж балбаж байгаач. Би оргодол биш, бэлтгэл ахлах түрүүч гэхэд бүлгийн ахлагч:
-Хэнийг яахаа бид мэдчихье. Муу гэрээтийн бааснууд та нар хугацаат цэргийн биднээс юугаараа илүү юм. Хэдэн сармагчны улсад оччихоод, сагаад, бас оргоно гэнэ ээ! Наадхынхаа нүүрний цусыг арч, эсвэл толгойг нь уутаар бүтээ. Ардууд тэнэгтээд унаж магадгүй гэв. Байрны жижүүр,
-Энийг би бүр нэг олиггүй амьтан гэдгийг нь зөн совингоороо мэдээд байсиймаа. Чөлөөний хуудасгүй мөртлөө, чөлөөөгөөр яваа гээд. Бүр дээд удирдлагатай нь ярьж байж, оргодол гэдгийг нь тодрууллаа шүү гэв. Ариунзаяа:
-Та яасан муухай хүн бэ. Дандаа л хүний ул шагайж явдаг. Наад хүн чинь тусгай даалгавартай гэж жижүүрт хэлээд уйлав. Жижүүр эр:
-Чи дут! Хоёр төрд нүүртэй яваа намайг юу юу гэнээ. Хамаг паянг чинь мэднэ шүү. Хэний хүүхдийг тээж төрүүлснийг чинь дуулбал, нутгийнхан чинь өршөөхгүй байлгүй. Бас эмэгтэйчүүдийн байранд оргодол харцуулыг орогнуулах санаатай. Байрнаас хөөлгөөд, гудамжны янхан болгочихож чадах байх шүү гэхэд цэргүүд “Өө, энэ гав барихаа байчихаж. Сүүлчийнх нь чадхийв ээ, хөөрхий”, “Алив, цаад цахилгааны утсыг нь тасдаад сайн хүл. Гар чийдэнгээ тусаа” гэлцэнэ. Харанхуйд чөтгөр шиг харагдах жижүүр,
-Энэ чинь гэрээгээ цуцлуулчихаад, гэхдээ тойрох нь зурагдаж гүйцээгүй байхад ангиа орхиод оргосон юм байлээ. Хөөе, хүүхдүүд минь ах нь хаанаас шагналаа авах вэ? гэв. Цэргүүд:
-Оргодлыг торгуулийн батальонд өгнө. Шагнал чинь тэр!
-Чи муу зөнөг матаагүй бол, бид шоудаад сууж байх байсийм. Өчнөөн түвэг удчихаад үхсэний чинь шагнал!
-Наад басганаар чинь шагначихъяа, хө. Гэрлийг нь унтраагаад өглөө, болоо юм биш үү, ха ха гэсээр Батболдыг цохилж өшигчин, чирч гулдран гарцгаав. Батболд:
-Ариука, би оргодол биш  шүү. Хоёулаа сайхан амьдарна аа! гэхэд:
-Муу оргодол битгий хуцаад бай. Алчихсан ч бидний эрх шүү гээд л дэлсэх чимээ дуулдана.
Лифтгүй энэ өндөр байшингийн шатаар өнхрөх дөхөн уруудах зуур Батболд:
-Та нар чинь яачихсан дуракууд вэ. Тойроход ганц хүний л гарын үсэг дутуу, би “зуруулчихаарай” гээд туслахад нь захиад үлдээсэн шүү дээ. Бүгд л миний таньдаг хүмүүс гэвэл ахлагч:
-Харин тэр чинь зурагдаагүй байна гэсэн. Нөгөө нэг оргодол чинь хаана байна. Тэндээ очиж байгаад, муу хулгайчийг сайхан байцаана аа. Эхээс төрсөндөө харамсах вий, чи гэв.
Аймшигт үзэгдэлд цочирдсон, мэхлүүлсэн мэт санагдан хямарсан, жижүүрт элдвээр хэлүүлсэндээ эмзэглэсэн, хувь заяандаа гомдсон Ариунзаяа харанхуй өрөөндөө, орон дээрээ түрүүлгээ харан хэвтээд л, зогсолтгүй уйлна. Уг нь, тэр хоёр одоо энэ л орон дээр янагийн цэнгэл жаргалд умбан, эрхлэн наадаж, хайр дурлалын гал дөлийг биесдээ бэлэглэн байж болох л байсан.
Гэтэл амьдралынх нь түшиг тулгуур болно гэх эр нь армийн тусгай даалгавар ч гэх шиг түгшмээр юм ярьснаа, гэрээгээ цуцлуулсан, бас оргосон болж таарлаа. Тэр хуурч мэхлэв гэж үү? Үүнд итгэхийг үл хүснэ. Батболдод хайр хүрэвч, түүнийг яаж хайрлах билээ.
Маргааш анги дээр нь очих уу, яамаар хөөцөлдөж гүйх үү. Эсвэл бүр энэ хотынхон шиг өлсгөлөн зарлаж, хэвлэл мэдээллээр шуугиан дэгдээх үү. “Ямар ч гэсэн бууж өгч болохгүй, хайраа хамгаалах хэрэгтэй” гэж бүсгүй бодов.
Автоматын тачигнаа Ариунзаяаг цочирдууллаа. Бүхнийг мартан цонх руу харвал харанхуйгаас өөр юу ч үл үзэгдэнэ.
…Батболд, лужир биетэй, зэрлэг балмад ч цэргийн эрдэм муутай мунаг харгалзагчид нь, хэсэг танхайдуу залуус ойртохыг үзүүт, “хэрэг явдлыг мэдүүлэхгүй” хэмээн, томоотой дүр эсгэхийг далимдуулан, ISSS-ийн бие хамгаалах стандартуудаас толилуулан мултарч, хүлэгтэй чигээр шөнөд уусан алга болжээ. Нөгөөдүүл ч гал нээж, залуус: “Дүрвэгчдийг буудаж байна! Өнөө бууддаггүй гээд байсан хаачив? Яасан цусанд ханадаггүй засаг вэ?” гэж бархиралдаж, хавь ойрынхон ч чулуун мөндөр буулгасаар бүчин авлаа.
Энэ байшинд ойртож байхдаа л жинхэнэ дайчны харцаар бүгдийг шинжиж, хананы маш их өмхөрч муудсан, цоорхой хэсгийг ажсан билээ. Очиж хэд өшиглөвөл, дороо нурж, манай хүн ч шурган ороод, шууд тулгарсан шатаар өгсөхөд, ашгүй тээр цаана, гадагшаа сониучирхан гарах гэсэн дүрвэгчидтэй ухаангүй хэрэлдэх хэнхэг жижүүр анзаарсангүй.
Ариунзаяагийн давхрын коридор мөнхийн харанхуй байдаг нь яамай. Хана даган гэтсээр хаалгыг нь түлхэн орвол, Ариука ашгүй лаа асаачихсан байв.
-Баагий! гээд л шууд өөрийг нь тэврэн авав.
-Би чамд хайртай гэдгээ хэлэх гэж ирлээ.
-Би ч бас чамд хайртай. Тэд чамайг ямар аймаар болгочихоо вэ?
-Дуракууд. Юу ч мэдэхгүй байж хэлмэгдүүлж байхгүй юу. Би оргодол биш ээ. Тусгай даалгаврын тухай нэг их мэдээлээд байдаггүй. Тэгээд л будилж байгаа юм. Би энд удаж болохгүй, хүлгийг минь тайлаадах хэмээн, нүүрийнх нь цусыг арчин цэвэрлэж эхэлсэн Ариукадаа хэлэв. Бүсгүй:
-Би ямар тэнэг юм бэ, нээрээ хүлгийг чинь… гээд л хүлэгтэй нь бачимдан ноцолдов.
-Хаздаг бахь бий юу?
-Байхгүй.
-Тэгвэл чи тайлж чадахгүй ээ. Би явлаа. Чамд хайртай гэдгээ л хэлэх гэсэн юм. Жилийн дараа бүх юм сайхан болно. Амлаж байна, хайр минь.
-Би ямар ч уяаг тайлчихдаг юм аа.
-Чи яасан их амьсгаадаа вэ?
-Буун дуу гарахаар би шууд доошоо гүйсэн. Жижүүр гаргахгүй гэсэн, тэгснээ бас “зөвхөн намайг л гаргаж болох юм” гэж шан нэхсэн. Эргээд гүйж орж ирээд байтал чи ирлээ л дээ.
-Тэгвэл аргагүй ээ.
-Тайлчихлаа.
-Баярлалаа, миний Ариука! гээд бүсгүйгээ тэврэн авч, шуналтайяа үнсэхэд уруул нь, ер нь хаа сайгүй тэсэхийн аргагүй хөндүүрлэн өвдөж байсан ч, түүнийгээ ерөөсөө хэлсэнгүй. За, баяртай гэчихээд л гүйн гарав. Ариунзаяа ч хүлгийг тайлахад, гар нь өвдөж, зүсэгдэж байхад ёо гээгүй...

5
Гэмтэл, шарх сорвио эдгээх гэж нэлээд хэд хоног саатахад нь Төвшинтөгсийн бухимдсан гэж. Гэхдээ энэ хугацаанд сэргэлэн тэр, оргодол хэмээн эрэн сурвалжлагдаж байгаа ч, харьд одох арга ухааныг сүвэгчилж амжжээ.
Ариунзаяагийн өрөөнд коменда-турынхан жижүүрлэж, бүсгүйг гэрийн хорионд оруулаад, эрх чөлөөг нь хязгаарласан болохыг, Батболд найзаараа тандуулан мэдэв. Эртүүд тэр хавьцаа, 80-аад оны “Хорьдугаар дэлгүүрийн зодоон” шиг юм болсон тул, өдгөө Батболд үймээн самуун дэгдээсэн, төрийн төлөөлөгчийг зэвсэглэн эсэргүүцсэн, оргосон зэрэг ялд унаж, цаазаар авах ял төлөвлүүлээд байгаа билээ. Анд нь ч мөн адил.
Удалгүй арабын шонхорчин хэдэн хүн мань хоёрыг авч явав. Нүүр хувиргалт хийж, араб хувцас өмслөө. Очсон улс болгоныхоо хэлийг сурчихдаг адтай Төвшээ арабаар дуржигнатал ярьж, тэдэнтэй инээлдэж ханиалдаад л.
Баян арабуудыг хараад манай хүн хаа ч гэсэн мэхэлзээд бөхөлзөөд, үйлчлээд л гүйчих аж. Мэдэхгүй гэж толгой сэгсрэхээс өөрийг мэдэхгүй явах Батболдод ч бялдуучлах нь дургүй хүргэм. Ингээд Монголынхоо хилийг даван нисч, Бээжинд, дараа нь Саудын Арабад буулаа.
Тэдний нүдийг нь боон, харанхуй фургоноор тээж, цэргийн нууц газар аваачсан. Дан зэрлэг араатнууд цугласан байх нь эгдүүцэл төрүүлсэн билээ. Газар газрын улайрсан алуурчид. Харин Төвшээ тэдэнтэй ямар л бол ямар хэлээр хэлэлцэж, барилдаж ноцолдон марзганаж явах нь гайхмаар.
WSSQ хэмээх, бодвол алах шудахаас өөрийг мэдэхгүй, мэргэжлийн зандалчдын бололтой стандартад нийцэх гэж 3 сар шаргуу хичээллэв. Ердөө л энэ сургуулилтынх нь үед амиа алдчихаж болох юм гээч. Төвшээ болохоор, жинхэнэ нинжа болж байна даа гээд л баясна.
WSSQ-гийн сертификатаа авсны дараа, хамаг баримт бичиг, эд зүйлсээ хураалгаж, янз бүрийн лалын улсуудын хуурамч паспорт авав. Манай хоёрт Афганистаных оногдов. Батболд Хусайн, Төвшээ Махмуд болон хувирав. Хувь хүнийг нь бүрмөсөн устгаж буй мэт их л эвгүй сэтгэгдэл төрөв. Аллахын сайн дурын дайчдын “Аль-Акидах” багийнхан гэх нэр зүүлээ.
Суданы бас нэг нууцлаг цэргийн обьектод очингуутаа шахуу онгоцонд сууж, цуст Дарфурын шөнөөр мянгуулаа десантаар буув аа. Дайчин эрийн сэтгэл хөөрч, бахадмаар ч санагдав. Лалын нэгэн тосгонд маршилж хүрэхэд, ард олон  нь үнэн сэтгэлээс талархан биширч угтсан  нь Батболдыг улам ч догдлуулав.
Энэ араб тосгоныхон саяхан фур хэмээх хар африк үндэстний зэвсэгт бүлэглэлийн халдлагад өртөж, бараг хүн  төрөлхтний түүхэнд байгаагүйгээр харгислуулсан юм байх. Төвшээ ардуудын үгийг орчуулж өгөхөд, галзуурсан хэрцгийллийн тухай дуулаад дотор нь муухайрсан Батболд хэрэггүй хэмээн дохиж, чихээ бөглөх дөхөв.
Дэггүй анд нь эсвэл араб хүүхдүүдээр, эсвэл араб хүүхнүүдээр хүрээлүүлчихсэн дэгдэж явах аж. Эндхийн арабууд негрүүдийн нөлөөгөөр, нэлээд чөлөөтэй, задгай, бас тэдэнтэй цус их холилдсон шинжтэй үзэгдэх аж. Тиймээс нэг бүсгүйтэй нэлээд хөгжилдөж, ээж ааваас нь бараг гэрлэх зөвшөөрлийг авчихсан Төвшээ, тун дургүйхэн ойролцоо цэргийн бэхлэлт рүү хөдөллөө. Камила гэх нэр түүний амны уншлага болжээ.
Нөгөө бэхлэлтэд очиход, “одооноос эхлээд хамгийн өндөр сахилга баттай бай, хүний эрхийг март, зөвхөн тушаасан, зөвшөөрснийг хий, үг дуугүй гүйцэтгэж сур, бүү асуу, асуулгаагүй л бол бүү ярь” гэхчлэн сануулж, Батболдод бүр ч таагүй сэтгэгдэл төрөв. Торгуулийн батальоноос зугтлаа гэсэн  чинь харин элсчихвүү дээ. Сануулах болгонд алуурчин машин шиг “эрс мэдлээ” гэж юу ч бодолгүй хашхирна.Төвшээг урвайх байх гэж бодтол, “ёстой нэг жинхэнэ эр цэргийн ертөнц гэж энэ” гэж байх юм.
Анхны “тулалдаан” нь нэгэн фур тосгоны дэргэд боллоо. Үүрээр багийнхан нь тосгоныг бүрэн бүслэхэд, тэнд буй бүхэн нойрсож байв. Баахан алан хядагчид тэнд бүгчихээд, унтаж хэвтэж буй юм байх. Хуруу гараар командыг дамжуулангуут л, газар тэнгэр давхцах шиг болж, тосгон тэр аяараа дэлбэрэлтээс боссон тоос шороо, напалм гранатын галд живлээ. Зугтах гэсэн амьтай бүхнийг, хүүхэд эмэгтэйчүүдийг ч шүршин алав. Ерөөсөө л энэ нь хүй төрлөөр устгах хядлага байв.
Салаан даргадаа энэ талаар илтгэвэл, “Цэрэг Хусайн та яагаад сахилга батыг зөрчөөд байна. Тэр тосгонд фур алан хядагчид нуугдаж байсан. Тэд хэдэн хүүхэд, эмэгтэйчүүдийг барьцаалж, бамбай хийсэн ч, бид цохилт өгөхөөс өөр ямар ч аргагүй. Суданы үнэн итгэлт сая сая арабуудыг хядуулахгүйн төлөө, фурын зарим энгийн иргэнийг золиослохоос өөр замгүй. Тэгээд ч тэр хүүхэд эмэгтэйчүүдийн гэдсэнд бөмбөг хийж оёчихоод гүйлгэдэг болсон. Байг устгахаас өөр сонголтгүй. Дахиж иймэрхүү юм асуувал, сахилгад хийнэ шүү. Зөвхөн байлдааны ажиллагааг сайжруулах талаар, онцгой шаардлага гарсан нөхцөлд л асууж болно” гэв.
Тийм ч юм болов уу гэж Батболд санажээ. Тосгодоос зугтаж гарах хүн цөөн тул, хичнээн тооны, ямар хүмүүс алагдаж буйг эс мэднэ. Гэхдээ л Батболд, илт үзэгдсэн энгийн хүмүүс рүү шүршүүр буугаа чиглүүлдэггүй байв.
Хэрэглэхийг нь хориод байгаа напалм гранатыг багийнхан нь бараг гол зэвсгээ болгосонд эмзэглэнэ. Урьд онгоцоор хаядаг байсан аюултай шатаагч бөмбөг одоо жирийн гранатын хэлбэрийг олжээ. Ус, хоронд ч унтрахгүй атлаа, онцгой эрчтэй, хурдтай гал дөл үүсгэдэг тамын зэвсэг юм. Напалм напалмдаа цоо шинэ хувилбарын напалм бодис ашигласныг ч хэлэх үү. Авдар авдраараа овоолоостой тууз тууз гранатаар тусгай бууг цэнэглээд л, галдаж гарна.
Аз болоход, эдний багийнхан гол довтолгооныг хийчихээд даруй зайлна. Араас цэвэрлэх багийнхан гээч ирж, гүйцээж сөнөөдөг, бүгдийн духанд хяналтын буудлага хийдэг, өөр газар зөөж булж далдалдаг гэв үү. Тэд үгүйсэн бол, хүний шарагдсан махны, шорлог мэт үнэрийг огт авч чадахаа больсон Батболд муужирч унах байсан биз ээ.
Энд цэргийн командаас өөр ямар ч мэдээлэл ирдэггүй болохоор, Монголын эрх баригчид гадаадын тусламжийг нэмэгдүүлэхийн тулд, байлдааны ажиллагаанд туслалцахаар шийдэж, Дарфур луу түмэн цэрэг илгээснийг манай хоёр хэрхэн мэдэх билээ.
Нэгэнтээ тэд өөр тосгон руу гэтэж явтал фур дайчид үзэгдэв. Ахлагч Абдуррахман:
-Цэрэг Хусайн, тэр хэсэг бургас, овгор шорооны ард очиж, шүршүүр буугаар гал нээ. Буруу номт хар чөтгөрүүдийн хамаг анхаарал чам руу чиглэхэд, бид шинэчилсэн байршлаас гэнэтийн цохилт өгнө гэв.
Өөртэй нь төдийлөн таарамжгүй байдаг Батболдыг тонилгох санааг давхар агуулж, гарцаагүй үхэл рүү илгээж буйг нь ойлгоход түвэггүй байв. Эртүүд Батболд, тосгонд зэвсэгт бүлгийнхэн байгаа эсэхийг тандсаны дараа гал нээж байя гэхэд, дээрэм, хүчин, архидалт гээд дуртай зүйлүүдээ гүйцэлдүүлэх боломжгүйд гонсойн явдаг “зэрлэг нугас” хэмээх араатан дайчид дэмжиж, сахилга бат нэлээд алдагдаж л байсан. Энэ мэтээр багийн ахлагчтай байнга л зөрчилдөнө. Төвшээ ч төдийлөн дуулгавартай бус. Тэрбээр, англиас бусад хэлээр ярихыг хорьсон атал:
-Баагий, битгий яв. Энэ дурак чамайг цааш нь харуулах гэж л ингэж байна ш дээ гэж монголоор хэлэв. Абдуррахман гар буугаа сугалан:
-Чимээгүй бай, цэрэг Махмуд. Бидний байршлыг мэдэгдэх гээ юу. Суу гэм! хэмээв. Төвшээ:
-Ахлагч та яагаад түүнийг үхэл рүү… гэхэд харгис дарга бууныхаа сойлтыг мултлан, хоёр монгол руу ээлжлэн онилж байж:
-Талийгаач Анварыг орлох  хүн ирээгүй болохоор ганц шүршүүрчнээ явуулахгүй яах юм. Өөр арга алга. Хэрэв Хусайн бидэнд цохилт хийх боломж олговол, одонд тодорхойлогдож, өндөр мөнгөн шагнал хүртэнэ гэв.
Батболд явахад бэлэн болоод:
-Хошууч та наад буугаа буулгаач. Байршил мэдэгдчихнэ гээд шүршүүр буугаа мөрлөж, хайрцаг сумаа тэврэн ширэнгэ дунд далд орлоо. “Найз Төвшээгээ ч хамгаалах юм чинь явахнээ нь ч яахав дээ. Намайг ч гэсэн Төвшээ өөрийн амь биеэ хайрлалгүй аварч л байсан юм чинь” гэж тэр боджээ. Абдуррахман:
-Жинхэнэ шахид! гэж шал худал магтаад, буугаа далдлан, дурандав.
Нэлээд олон тооны фур дайчин чухал түшиц газар луу сэм хүрэхийг зорьж буй бололтой, ямар ч чимээ гаргалгүй явцгаах нь сүрэг хар мэт.
Батболдын шүршүүр буу тачигнав. Олон ч фур цэрэг хадагдсан өвс адил унаж, бусад нь олигтой байршил эзлэхийг оролдон, задгай талбайд эмхгүй бужигнавч, туршлагатай дайчин тийм боломж огт олгохгүй байх аж. Энэ хооронд багийнхан тэднийг бараг бүслэв.
Гэтэл напалм гранат Батболдын орчимд дэлбэрч, дороо гал  түгэн, хөлд нь авалцлаа. Шорлогны хурц үнэр, аймшигтай тарчлан ухааныг нь балардуулахад, алгадаж унтраах хэмээн мунхаглаад, зүүн гараа шатаав. Хар дайчид ура хашхиран атаклахад араас нь “Аль-Акидах” багийнхан амьд өт хорхой ч үлдээхээргүй ширүүн гал нээв.
Төвшинтөгс “Ахлагч аа, би Хусайн дээр очъё” гэхэд Абдуррахман:
-Одоо хожимдсоон! гээд аанай л буугаа сугалав. Түүнийг нэгэнтээ ширүүн харснаа Төвшээ үсрэн одлоо. Ахлагч хэд буудаад л нам унагав. Дайчид ч, тушаалыг зөрчвөл юу болохыг үзэж улайран галласаар.
Бүхий бие нь дүрэлзсэн дөлд хучигдахад сая Батболд унтраах гэж дэмий тэмцэлдэхээ больж, “Ариунзаяа минь дээ…” хэмээн хэлтэл их бууны сум исгэрэх чимээ сонсдож, дэлбэрэлт чихийг нь дөжрүүлснээ, хэлтэрхий нисэн ирж, бие, тархинд нь зоогдов.
Монголын анги эртнээс “Аль-Акидах”-ыг мөшгисөн агаад, гал нээхэд нь тодорхой байршлыг нь олж, артиллерийн буудлага хийжээ. Акидахчууд ч тал бүр тийшээ бутран зугтав. Ахлагч Абдуррахман аль болох олныг цаазлахаар буугаа сугалсан чинь, нэг цэрэг нь өрсөн буудчихаад, хар гүйхээрээ алга болов.
Напалмын түймэр Төвшин-төгсийн цогцсыг бүрэн шатаасан атал, Батболдын баруун алгыг үлдээсэн нь гайхалтай ч, аймшигтай ч үзэгдэнэ.
Удсан ч үгүй, уухай хашгирсаар монголын мянгат тулааны задгай талбайд орж ирэв. Мянгатын дарга хурандаа Гомбодорж, ажлын местэн дээрээ жанжин штабын орлогчоо жадалсан гэмээ цайруулах, генерал болж, өөрөө тус штабын орлогч болох санаархлаа биелүүлэхээр ирсэн байнам бөгөөд, үлэмж бие нь чихэлдэн байж, “69”-өөс арай ядан гарч ирэв. Тэрбээр:
-Гайхамшигт ялалт! Монголын армийн түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал боллоо. Алив, хошууч чи тэмдэглэ! гэв. Түүний орлогч Цэнгэл:
-Байршлаа яаралтай сольж, ширэнгэ рүү орох хэрэгтэй юм биш үү. Задгай талбайгаас бушуу холдъё. Ойр хавьд “Жанжавид”, “Аль-Акидах”-ын өөр багууд байгаа мэдээ бий шүү дээ. Зугтсан акидахчуудыг мөшгиж, самнаж, олзлох ч хэрэгтэй байна гэв.
-Байлдааны тэмдэглэл бушуу бич гэм! Тэр зугтсан улсыг мөшгиж байгаад урхинд орчихвол яах юм. Кино мино үздэггүй юм уу. Харин энэ үхсэн улсуудаас мэдээлэл цуглуулж, зэр зэвсгийг нь олзлох хэрэгтэй. Сум хангамж дуусч байгаа.
-Цэргүүд маань аль хэдийнээ мэдээлэл байтугайг цуглуулж, үхэгсдийг чармай шалдалж байна даа.
-Яадаг юм! Дайны 100 грамм, дайны олз, дайны хүүхэн гурав бол цэргийн байлдааны чадварыг нэмэгдүүлэх тулгын гурван чулуу гэж, намайг Оросын академид сурч байхад зааж байсан. Чеченийг тэгж л ялсан юм билээ. Алив, тэр тосгоноос сайн дурын тусламж, хоол хүнс цуглуул. Цэргүүд маань өлбөрч үхлээ.
-Хурандаа, та чинь дайсны тосгон гээд арабуудыг дээрэмдүүлээд байсан. Одоо “өөрийн талынхнаа” дээрэмдүүлэх нь үү. Хүчингийн хэрэг ч гараад л байгаа шүү.
-Битгий олон юм яриад бай. Байлдааны олз, сайн дурын тусламжид л бүгдийг нь хамруулж бич. Хүүхнүүдийг бол, өөрсдөө сайн дураараа стресс тайлах үйлчилгээ үзүүлсэн гэж тайлбарла. Энэ цэргүүдийн чинь юу хүссэнийг зөвшөөрч байхгүй бол яаж үгэнд орох юм. Тэр засгийн 300 долларыг хангалттай гэж бодож байнуу. Холоо хэвтэнэ. Цэргүүддээ хатуурхаад байвал дагзандаа сум зоолгоно гэж мэд. Харин ч цэргүүдтэйгээ ойлголцоод байгаа болохоор манай мянгат удаа дараалан ялж байгаа биш үү.
-Ялсан нь үнэн. Гэхдээ олз ашиг цуглуулсаар хөсөг маань хүчиршгүй их боллоо. Энэ цэргүүд ч эвдэрч гүйцлээ.
-Дуугаа тат! Бид чинь байлдааны анги, би байлдааны хурандаа. Гүржийн дайнд биеэр оролцож, дадлага хийсэн надтай чи муу энхийг сахиулагч нусгай юу ярих гээд байна. Муу хар хүүхний бөгс хагсыг өмөөрөөд, сүйд майд болно гэнэ ээ. Тэгэхийн оронд, гондоомын хангамжийг таслахгүй байхаа хичээ. Цор цор гээд байвал хээрийн шүүхэд… гэхэд нэгэн дэслэгч:
-Хурандаа, танд олзны дээжийг өргөн барья! гээд мөнгөн царан дээр тавьсан алт мөнгө, доллар, чимэгтэй чамин буу зэргийг, мэхийн байж гардуулав. Гомбодорж хурандаа:
-Хэ хэ, яахнав дээ. Миний машин руу хийчих. Орлогчдоо ийм юм бэлдсэн үү гэв.
-Цуглуулж байна аа.
-Түргэлээрэй, явж болно гэснээ хурандаа хошууч руу эргэж, сайхан зантайгаар:
-Олдох боломжоор нь л авч, идэж ууж байхгүй бол, монголчууд бид яаж амьдрах юм бэ. Олзонд дургүй эр хүн байдаг юм уу. Чи ч цаанаа дуртай л байгаа л даа. Аягүй бол хүүхэнд ч санаатай байх. Ээ мөн, дэггүй монш гээд нударгаараа шанааг нь зөөлөн түлхсэнээ, бүр нэг жаргалтай хүний шинжтэй дэлгэр цэлгэр хөхрөв. Нэг цэрэг гүйн ирж, хам хум ёслоод:
-Сайн ч мэдээ байна, муу ч мэдээ байна. Сайн нь гэвэл, “Аль-Акидах”-ын багийн ахлагч хошуучийн цогцос, цүнхтэй хамаг бичиг баримт нь олдлоо. Муу нь гэвэл, нэг монгол хүний цогцос бас байна. “Энхийг сахиулагч байсан Батболд” гэж нэг цэрэг гарынх нь сорвиор танилаа. Цогцсуудыг нааш нь авчирч яваа хэмээн илтгэв.
-Тэр муухай, балиар хүүрнүүдийг над дээр авчирч яахнав, хэрэггүй. Хоёулаа л сайхан мэдээ байна ш дээ. Батболд гэдэг чинь ардын дайсан. Бүр монголчуудтайгаа байлдаж байж шүү дээ. Ийм муухай дайсныг устгасан нь том гавъяа болж. Дайсны цүнхтэй бичгээс хамаг нууцыг нь мэднэ дээ. За, ямар байна даа, хошуучаа. Ялалтаас өөр юм сэтгэгдэж байна уу гэхэд цэрэг:
-Хурандаа, монгол хүн юм байна, Батболдын цогцсыг нь аваад явах уу гэв.
-Муу бузар урвагчийг юу гэж авч явж байх юм. Харин патиардаж, баримтжуулж, үхлийг нь баталгаажуул. Тэгээд хэн ч бүү гар хүр! Цөөвөр чонын хоол болно биз хэмээв.

6
Мунхаг хурандаагийн баг удалгүй арабын бүлэглэлд цохигдон ухарчээ. Сунжирсан, хориглох байлдаан хийж байхад нь нэмэлт хүч ирж, ахин тосгоныг эзэлсэн аж. Энэ явцад, дарга ангийнхны ашиг хонжооны золиос болсон арван нэгэн монгол дайчин амь насаа алдсан бөгөөд, тэдгээрийн цогцсыг Улаанбаатар хотод хүлээн авах ёслол болов. Ерөнхийлөгч сүрт парад, торгон цэргүүдийн шоу, тусгай ангийнхны үзүүлбэр, армийн дуу бүжгийн чуулгын тоглолт зэргийг толилуулсны дараа, Монгол орны ардчилал, эрх чөлөө, хөгжил дэвшил, гарамгай удирдагчийн талаар хэдэн цагийн турш хашгичих нь заримдаа Гитлерийг санагдуулна.
Дараа нь л, садан төрлүүдийг нь халуун наранд шатах дөхсөн авснуудад ойртууллаа. Батболдын ар гэр, мөн Ариунзаяа охинтойгоо ирсэн байв. Нэгэн офицер тэднийг таньж,
-Та нар чинь нөгөө хөөцөлдөөд яваад байдаг улс шив дээ. Оргодол Батболд алагдсан нь тодорхой болсон ч, цогцсыг нь авчраагүй. Учир нь тэр бол эх орноосоо урвагч төдийгүй, Монголынхоо ахан дүүсийг шүршүүр буугаар хядаж явж. Бүр удирдлагагүй болгох гэж хурандаа Гомбодорж руу галлаж, шархдуулсан ч, ардын арми урвагчийг аюулгүй болгосон. Түүний үхлийг баталгаажуулсан баримтыг харин үзэж болно гээд, өөр офицерийг дуудан, зураг авчруулав.
Түлэгдсэн аймшигт цогцсыг хараад эх нь ухаан алдан унав. Ариунзаяад гарных нь зураг оногдсон агаад, нулимсаа арчин байж ажвал, сорви нь аргагүй л мөн, гэхдээ нарийхан гэгч, хуримын мөнгөн бөгж зүүсэн байхыг нь үзээд, гайхан хөшив. Тэр өөр бүсгүйтэй ханилан суусан юм гэж үү.
-Дүүгийн минь толгойг залгисан муу гичий! Чамаас л болж, миний дүү амьдаараа шатаж, тарчлан зовж үхлээ. Чи муу шулам таараагүй бол, миний дүү байрны мөнгө олно гэж, тэгж дайн байлдаан руу явахгүй байсан юм. Наад нүүрийг чинь ураад, нүдийг чинь сохлоод өгье хэмээн, цэргүүд хаасны хүчинд л тогтох Батболдын эгч улаан галзуу орилох нь хурсан олон түмний анхаарлыг татав.
Ариунзаяа ч охиноо элгэндээ чанга тэвэрсээр, салахгүй адгах олон дурангийн онин дор зугтан гүйхэд, нулимс нь бүрэлзээд хавь ойр хөвөх живэх мэт.
Сарын дараа, шонхорчин арабууд бүсгүйн умгар өрөөнд орж ирэв. Тэд нэг том хайрцагтай зүйл өгөөд:
-Таны гэгээн нөхөр Батболд аль Хусайн Аллахын төлөө баатарлагаар тулалдаж, хувилгаан болсон. Нөхдийнхөө амийг аврахын тулд, өөр дээрээ буруу номтон дайснуудын анхаарлыг татахаар явж, ганцаараа тэр тулалдсан, напалм бөмбөгөнд шатаж эрсэдсэн. Хусайны найз Төвшинтөгс аль Махмуд нөхрөө аврахаар, ганцаараа довтолгоонд орж бас шахид болсон гэв.
-Юу, тэр бас нас бараа юу? Амьд, Монголын армийн эсрэг байлдсаар байгаа гэсэн шүү дээ.
-Цогцсыг нь хайртай бүсгүй Камила нь таньсан. Тосгоныхон амь үрэгдсэн “Аль-Акидахын” дайчдыг хүндэтгэлтэйгээр оршуулж, шүтээний газар болгосон. Гэгээн шахид Хусайн, Махмуд хоёрын хөшөөг хамгийн төвд, хамгийн томоор босгосон байгаа.
Хусайн “Дарфурын шахид”, “Жанжавидийн баатар” одонгуудаар нэхэн шагнагдсан, тэнд тулалдаад удаагүй ч, ар гэрт нь жилийн цалинг нь олгохоор болсон. Батболд таныг “өөрийн гэргий” гэж мэдүүлж, мэшээт сүмд эчнээгээр ахин гэрлэх ёс үйлдүүлж, зөв номын хуримлалт болгон бататгасан.
Тэгэхлээр “Аль-Акидах”-ын шариат удирдлага, Батболдын гэргий, эцэг эхэд бие цогцос, шагнал, мөнгийг хоёр хуваан олгохоор шийдсэн. Зөв номын танд гарыг нь, “Дарфурын шахид” одон, 35 мянган доллар авчирлаа. Ар гэрт нь чандартай бумба, “Жанжавидийн баатар”, 25 мянган доллар өгнө. Таныг зөв номоор гэрлэсэн тул илүү хүндэтгэж үзсэн. Бас фото зургууд авчирсан. Аллах акбар! гээд урилгагүй зочид, цорхирон уйлах бүсгүйг орхин одов...
Батболдыг өөр хүүхэнтэй болсон юм болов уу гээд хардаж байсан чинь, харин Ариука, Нара хоёртоо тусыг гэрээслэж үлдээх гэж л, тэнд гэрлэх ёс үйлдэж, хуримын бөгж зүүсэн юм байна шүү дээ. Даруйхан, даруйхан гарыг нь үнсэж, тэр бөгжийг ядам хуруундаа зүүе гээд, хайрцгийг онгойлговол, гоёмсог жаазтай араб бичиг, алтадсан савтай одон гарч ирэв. Нэн бишрэлтэйгээр ширээн дээрээ заллаа. Цөөн тооны фото зургуудыг нь мөн жаазалжээ. Аймшигт араатнууд арзайлдан инээцгээж, тэврэлдэн хэлхэлдсэн дунд Батболд, Төвшинтөгс хоёр л хүн төрхтэй, бас гүн гунигтай ч юм шиг үзэгдэнэ. Зэрэгцсэн хоёр цагаан хөшөө харагдлаа. Энд урвагч гэж байхад, тэнд баатар гэж байх. Атиралдаж эрэмдэгшсэн, аймшигтай шатсан цогцосны зураг үзэгдэхэд орь дуу тавин шидсэнээ, тонгойн авч, бүтэн үлдсэн ганц зүйл болох царвуун дээр нь үнсэв.
Зүрхээ чангалан байж, хамгийн дор буй хүнд хайрцагт хүрвэл тэр нь бяцхан хөлдөөгч аж. Нэлээд хатаж хорчийн, харласан гарыг үзээд алдах дөхсөн ч, ухаарал сэхээрэл тархинд нь ирж, уруулдаа аажим ойртуулан үнстэл, шорлогны үнэр мэдрэгдсэн нь мууруулан унагах дөхөв. Хүн-шорлог гээд бодохоор л…
Гэвч хатсан хуруунд нь суларсан бөгж сэтгэлийг нь арай л сэргээв. Авч үзвэл, дотор талд нь “Ариунзаяа” гэж бичсэн байх нь хурц хараанд нь өртлөө. Ядам хуруундаа зүүгээд, “Би чамтай гэрлэхийг зөвшөөрч байна, хайрт минь!” гэж хэлэн ахин гарыг нь үнссэнээ, энэ бүхэн тун чиг аймшигтай санагдан, гараад л гүйчихлээ.
Гүйж гүйж, дараа нь ядраад алхаж явахад хаа сайгүй л шорлог. Монгол даяар шорлогны үнэр ханхийнэ…

7
Батболдын ар гэрийнхэн “Ариунзаяа цогцос, шагнал, мөнгийг авах учиргүй” хэмээн шүүхээр заргалдсанаас үүдэн, харин ч бүгдээр алан хядагч бүлэгтэй холбоотой гэгдэн, Төвшинтөгсийн садан төрлүүдтэй хамт саатуулагдав. Дарга нар тэднийг гадаад улсуудад өндөр үнээр худалдахыг оролдсон ч бүтсэнгүй тул, одоо ч хоригдсон хэвээр. Хууль бус орлого гэж хураан авсан мөнгө л дарга нарын хорхойслыг жаахан намжаав.
Харин Батболд гурван газар оршуулагдсан агаад, амьддаа, ийм юм болно гэдгийг яавч төсөөлж чадахгүй байхсан буйзаа.

Ч.Баяр

No comments: