Tuesday, October 20, 2009

Монгол оронд хувьсгал хэрэгтэй!


1990 оны хувьсгал Зөвлөлтийн дарлалаас ангижруулсан хэдий ч, нийгмийн эрүүл бус мөн чанар хөндөгдөлгүй үлдсэн төдийгүй, улам даамжрав. Зөвлөлтийн дагуул байсан бол, харийн луйварчдын колони боллоо. Соцлагерийн дэглэмийн үед колоний ажил хийж байсан, метрополидоо бэлтгэгдсэн колоний түшмэдүүдийн үр хүүхэд, залгамжлагч нар хязгааргүй хомхой сувдаг, маньяк, бирд болохынхоо улмаас яг л тийм ажил хийгээд, ард түмнээ давхар дарлаад, язартлаа баяжиж, дэлбэртлээ омогшоод л явж байна.
Ардчиллын хөдөлгөөний эхэн үед соцлагерийн үеийн гаж буруу зүйлс ямар ч үнэ цэнэгүй болж байсан. Тахин шүтэгдсэн хүнийг намаас нь хөөгөөд, шагналыг нь хураасан. Гэтэл өнөөдөр соцлагерийн хамаг зүйлийг сэргээн засварлаад, урвагч, дайсан гэгдсэн нөгөө хүндээ дэглэмийн нь үед байгаагүй олон хөшөө, кино, ном, өргөмжлөл, арга хэмжээг зориулаад л байж байна.
Яалаа гэж хөшөө босгов? Тэр, улсаа ЗХУ-д нэгтгэх гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж явсан. Зөвлөлтийн дарлал мөлжлөг, устгах бодлогыг гардан хэрэгжүүлж асан. Өнөөдөр, ЗХУ, Цэдэнбал, МАХН гурав нийлээд хамаг сайн сайхан юмыг хийчихсэн, Монголын ард түмэн үе үеэрээ зүгээр тэжээлгэж хэвтээд, эрхийн тэнэг болчихсон гэж сурталдах болж.
За яахав, тэгж л байг. Дарга нар өөрсдөө хувьсгалыг даллаж, урьж залж, ардчилсан хувьсгалын тохироо, нөхцөл бололцоог нь бүрдүүлж, овоо босгож байна. Шувуу ирж, үлийн цагаан оготнуудыг тонших л болох нь.
Дэлхийн хамгийн баян Монгол орныг монгол хүн байтугай, Монголын мал амьтан амьдрах аргагүй там болгожээ. Ямаа, харийн луйварчид л амьдарч болох болж. Үүнийг юу засах вэ? Үндэсний чөлөөлөх болон ардчилсан хувьсгал л засна. Өөр ямар ч арга алга.
1. Монголын ард түмэн зөвлөлтийн эгэл жирийн, шударга анд нөхөдтэйгээ гар нийлэн, 70 жилийн турш бүтээсэн бүхнийг "зар, устга" хэмээн уриалж, зохион байгуулж, санасандаа хүрсэн нь “ганзагын наймааны” хүйтөрөлгүйтгэл.
2. Бүхнийг дамын наймаа, нүд хуурсан үйлчилгээ рүү хөөргөдөн түлхсээр, гарцгүй мухардуулсан нь “худалдаа-үйлчилгээний” хүйтөрөлгүйтгэл.
3. Гаалийн татвар тэглэх, бодлогоор доройтуулах зэргээр салбаруудыг бүрмөсөн сөнөөж, өдгөө хий хоосон уриа лоозонгоос өөр юмгүй болгосон нь “үйлдвэр-тариалангийн” хүйтөрөлгүйтгэл.
4. Ямаа хэт өсгөх нь үлэмж хор хөнөөлтэйг мэдсээр байж зориуд гааруулсан; арга ажиллагааны хоцрогдол, зах зээлийн хязгаарлалд оруулж, салбарыг мөн мөхөхөд хүргэсэн нь “МАА-н” хүйтөрөлгүйтгэл.
5. Харийнханд бүх эрдэс баялгийг бэлэглэж, өөрсдөө ашгийн хувь хүртэж, хэрэв баялгаа буцааж авах гэвэл дааж давшгүй өрөнд орох, гадаадын цэргийн хүчинд дарагдах болгон зохицуулсан, ард түмний жинхэнэ гэрэлт ирээдүйг булшлахыг санаархсан нь “ашигт малтмалын” хүйтөрөлгүйтгэл.
6. Мухардсан олныг барилгын салбар луу хошууруулан төөрөгдүүлж, ганц баллын газар хөдлөлтөд тэсвэргүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй барилгыг олноор бариулж, хорлон сүйтгэсэн нь “барилгын” хүйтөрөлгүйтгэл.
7. Хоосорсон ард түмэн төлж хүчрэхгүй зээлийг их хэмжээгээр авч, завшиж, үрж, банк-санхүүгийн системийг заналтайгаар бусниулж, дотоод валютыг доройтуулсан нь “зээл-санхүүгийн” хүйтөрөлгүйтгэл.
8. Эдийн засгийн болон бусад чиглэлийн томоохон хямралуудыг зохион байгуулж, уг хямрал дээр дөрөөлөн өөрсдөө улам хөлжин дэвжиж, ард түмнийг өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдүүлж, элгээр нь мөлхүүлж ирсэн нь “хямралын” хүйтөрөлгүйтгэл.
9. Оюуны хоосрол, хомсдолд хүргэх үйл ажиллагаа явуулж, боловсролын системийг завхруулж, соёлыг унагаж, эрдэм мэдлэгийн ертөнцийг сөнөөж, ухааны эсрэг суртал нэвтрүүлэг хийж, золиосуудыг нь өөгшүүлэн дэмжиж, дэглэмд таатай мангуунуудыг олноор үйлдвэрлэсэн нь “оюуны” хүйтөрөлгүйтгэл.
10. Нийгэмд хууль зөрчих, хулгай хийхээс өөрөөр амьдарч болохгүй нөхцөл бүрдүүлж, үлгэрлэн үзүүлээд, оройлон манлайлж, хүн зоныг үйлдсэн их бага гэмийнхээ сүүдэрт эмээн явдаг, эсэхүл гэмийг гэм бус гэж үздэг болгож, авлигажуулж, эрүүжүүлэн эвдсэн нь “ёс суртахууны” хүйтөрөлгүйтгэл.
11. Ард түмнийг мунхруулах, төөрөлдүүлэх, тэмцэл хөдөлгөөнөөс хөндийрүүлэх зэрэг дэглэмийн зорилгод шашныг ашиглаж, итгэж бишрэх эрх чөлөөг боогдуулж, угтаа бол чөтгөр шулмын мөн чанарлуугаа цаламдан татаж, сатанизаци, шулмизацид уусгаж байдаг нь “итгэл бишрэлийн” хүйтөрөлгүйтгэл.
12. Хүн амын хагас нь амьдардаг нийслэлийг утаан хот, хөдөө нутгийг элсэн цөл, шороо манаргасан нүх, гол нуурыг хуурай сайр, бохир ус болгон хувиргаж, байгаль орчныг дээд зэргээр сүйтгэж, сүйтгүүлсэн нь “экологийн” хүйтөрөлгүйтгэл.
13. Нийгмийн хүнд хэцүү нөхцөл байдлаар ард түмний эрүүл мэндийг доройтуулж, бүх хүнийг ноцтой суурь өвчлөлүүдтэй болгож, эмнэлэг, аптекийг сөнөөж, улс орондоо эмчлүүлэх боломжийг устгасан нь “эрүүл мэндийн” хүйтөрөлгүйтгэл.
14. Хүүхдийн эндэгдэл, цаг бусын үхлийн түвшинг өндөрсгөж, абортыг өөгшүүлэн дэлгэрүүлж, эх нялхаст эмнэлэг, асрамж халамжаар үйлчлэхийг даран мөхөөж, хүн амын өсөлтийн эсрэг суртал нэвтрүүлэг, кампанит ажил явуулдаг нь “хүн ам зүйн” хүйтөрөлгүйтгэл.
15. Антимонголистууд, нацистууд Монголын түүх соёлыг мушгин гуйвуулж, муучлан харлуулж, мартуулах, устгахыг оролдож, монголчуудыг бүхий муу муухай язгууртай хэмээн сурталчилж, Монгол улс үндэстнийг үзэн ядах үзлийг түгээж, монгол хүнийг 2-р сортын болгон, шинэ апартеидээр ялгаварлан гадуурхаж, хавчиж хяхаж, монгол хүн байсных нь төлөө хоёрдахь холокостоор устгахыг завдсан нь “үндэс угсааны” хүйтөрөлгүйтгэл.
16. Нийгмийн эрүүл бусын эсрэг, харгис дэглэмийн эсрэг тэмцсэн, бичсэн, хэлсэн, бодсон бүхнийг түмэн зүйлийн аргаар хорлож, гишгэх газаргүй болгож, шоронд хорьж, амь насанд нь халдаж ирсэн нь “их хэлмэгдүүлэлтийн” хүйтөрөлгүйтгэл.
17. Харийн колоничлогчдын даалгавраар монгол улс үндэстэн оршин байх бүхий нөхцөл бололцоог үгүй хийж, хамаг баялаг, нөөц боломж, газар нутаг, сайн сайхын болгоныг гадаадын луйварчдад бэлэглэж, тэдэнд зориулан Монгол орныг хүн амаас нь, монголын гэсэн бүхнээс нь чөлөөлж өгч, өөрсдөө зүсэм хүртэн бялуурч ирсэн нь “неоколоничлолын” хүйтөрөлгүйтгэл...
1990 оноос хойш каннибалууд маань олон чиглэлийн хүйтөрөлгүйтгэл явуулж, чиглэл бүрээс их ашиг хонжоо олж, бага ард түмнийг өнөөгийн нөхцөлд устгах туршилтыг монголчууд дээр хийж, вивисекцид оруулан тамлаж, хүйтөрөлгүйтгэлийн бизнесээр хөлгүй баячууд болжээ. Хожим Монголын энэ аймшигт хүйтөрөлгүйтгэлийг харуулсан, Камбож дахь Улаан кхмерүүдийн мүзей шиг мүзей байгуулагдаж, шударга хүн төрөлхтнийг айлгаж, сэрэмжлүүлж байх болноо.
Монголын хүйтөрөлгүйтгэлийн тухай ярихаар эрх баригчид “бөөс шиг юм ярилаа”, “бөөсний асуудал ярьлаа” гэдэг. Тэд бохироор бордоо хийж амьдрахыг уриалан, монголчуудыг “ивгээдэг”. Алт эрдэнэс, аз жаргалыг нь харийнханд өгч, өөрсдөө эзэмшилцчихээд, ард түмэнд баас шээсээ санал болгон доромжилж байна. Төгсгөл гэж юу байдгийг тэд мартаж!
Хүйтөрөлгүйтгэл бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг. Хэзээ нэгтээ олон улсын хамтын нийгэмлэг Монголын хүйтөрөлгүйтгэлийн гэмт хэрэгтнүүдийг шүүх болно. Гэхдээ монголчууд бид өөрсдийн хувь заяаг өөрсдөө шийдвэрлэж сурах ёстой. Гаднаас тусламж залж авчирна уу гэхээс, хүлээн сууж болохгүй юм. Эсбөгөөс, олон улсын шүүх сөнөсөн ард түмний тухайд явагдах болно.
Ардчилсан хувьсгалын үйл хэрэг зөв байсан уу? Зөв. 1990 оноос хүнд нөхцөл байдал бүрэлдсэн үү? Тийм. Тэгэхлээр юу хэрэгтэй вэ? Хувьсгал!
Хувьсгал гэдэг бол эсрэг тэсрэг ангиудын хайр найргүй тэмцэл гэж би хэлэхгүй. Дарга ангиас ч хувьсгал гарч болно. Ухаарч сэхээрсэн дарга зөв бодлогыг эхлүүлж, хэрэгжүүлэн хувьсгал хийж болно. Түүхэнд тийм туршлага байсан. Гэмшиж гэгээрсэн дарга хүйтөрөлгүйтгэлийн гэмт хэргийг ил тодоор илчлэн, хуулийн байгууллагатай хамтарч ажиллан хувьсгал хийж болно. Хулганы сүүл 7.1-нд шавхуурдсан. Харшлалт жилийн хатуу эвэрт өлгөгдөх гэгч бүр хэцүү байх нь ойлгомжтой. Дарга нар аа, сонсоцгоо, зэвсгээ хураалгацгаа, бууж өгцгөө!
Монголын шинэ хувьсгал ямар байх вэ? Берлиний ханыг нураасан, Тяньаньмэний, Чаушескуг унагасан, Улбар шар, 1990 оны Монголын хувьсгалын алинтай нь төстэй байвал зохих вэ? Мэдээж, сүүлийн хувилбар нь, манай хувьсгал л бидэнд зохино оо. Хүчирхийлэлгүй, хууль зөрчихгүй хувьсгал бидэнд хэрэгтэй. 1990 оных шиг, зөрчилдөгч талууд харилцсан ойлголцсон хувьсгал байвал сайн. Хувьсгалчид болон дэглэмийнхний хооронд иргэний дайн гарах, далимдуулж харийн цэрэглэсэн түрэмгийлэгчид орж ирэх, нухчин дарсны дараа бүр харгис хэрцгий дэглэм тогтох зэрэг хамгийн муу хувилбарууд бүү үзэгдэг.
Хувьсгал л Монголын хүйтөрөлгүйтгэл, Монгол дахь неоколоничлолыг зогсоож, Монгол улс үндэстнийг сөнөл сүйрлээс аварч, амьдрал жаргалтай залгуулна аа.
Тэр хувьсгалыг хийх, удирдан жолоодох баатар хэн бэ? ТА!
Ч.Мөнхбаяр
MMIX.V.XVI

No comments: