Tuesday, October 13, 2009

Уриалга


50 мянгыг горьдох биш, 
сая саяын сарын цалинг нэхдэг болцгооё!

Төр засаг минь хязгааргүй баян болжээ, ард түмэн минь. 10 тэрбум долларыг дор нь босгоод ирнэ гэж байна. Таван яамны хамтарсан төсөөлөлд тэгж байгаа юм шүү дээ.
“Нэг тэрбум долларыг яасан ч босгож чадахгүй, тэгээд монголчууд хэзээ ч, яаж ч ашигт малтмалаа эзэмшиж, үр шимийг нь хүртэх боломжгүй учир, дэлхийн улс түмний сайн сайхны төлөө хамаг баялагаа харийнханд хувхайртлаан бэлэглэж, хувь тавилантайгаа эвлэрч, өөрсдийгөө бол замбуулингийн тусын тулд золионд гаргаж, дүнчүүр живаа буян үйлдэн, нирваанд харин жаргамой” л гээд дэглэмийн үзэл суртал 20 жил номлолоо. Тоглож, дамшиглаж байж үү дээ.
Үнэндээ бол төр засаг маань хязгааргүй баян болохоороон л ард түмний баялагийг даян дэлхийн үйлсэд зориулж, тэгээд бас манийгаа харангадааж алалгүй, нөгөө айхавтар арав хорин тэрбум доллараараа тэжээх гээд байж. Тийм үү дээ?
Үгүй юм аа. Дэлхий дээр 1 сая ойрд, 2 сая армян, 6 сая еврей, 10 сая украин хүнийг хядсан том том геноцидүүд байдаг. Тэр л геноцид Монголд явагдаж байна. 2,7 сая монгол хүнийг амьдрах ямар ч нөхцөл, хэрэгсэлгүй болгох ажлыг л колонийн төр засаг маань хийж, 10-р сарын 6-нд улс түмнийг цаазаар авах ялд гарын үсгээ зурах гэж байна. 10-р сарын 6-нд Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурчих л юм бол цаашид ялыг гүйцэтгэх ажил шуударна. Бүх нөхцөл байдал уулнаас өнхрөх хад, урсах уруй адил, тогтоон барихын аргагүйгээр доройтон муудах болно.
50 мянган төгрөгөөр биднээс өөрсдийг маань, үр хүүхэдтэй, ижий аавтай, амьдралтай, эх оронтой, өмч баялагтай нь худалдаад авчихна гэж санаж байна. Адгийн тэнэг урвагч бол худалдах л байх. Ард түмэн тэгдэггүй юм.
50 мянгыг биш, сар бүрийн 1000-10000 долларын цалинг нэхэн босоцгооё, монголчууд аа! Энэ бол их мөнгө биш, байдаг л цалин  гэдгийг түмэн олон маань мэдэж л байгаа. Манайх шиг дэлхийг тэжээх хэмжээний баялагтай улсын хувьд бол харин ч бага цалин. Гэхдээ яахав, багаас  нь эхэлж шаардъя.
1000 доллараас бага бол цалин гэж үзэхгүй, түүнээс  доош “цалин” авч байгаа бол ажилгүй хүнд тооцогдох нь хэвийн улсын жишиг ээ. Тийм улсад ажилгүйчүүдийн тэтгэмж 500-800 доллар байдаг шүү дээ.
Ажилгүйн тэтгэмжийг ч төр олгох үүрэгтэй. Тийм тэтгэмж олгодоггүй ардчилсан гэгдэх улс бол цор ганц Монгол!
Иргэд нь хангалттай цалин авч, хүн шиг амьдрах нөхцлийг бүрдүүлэх гэж л төр байдаг юм. Тэгж чаддаггүй төр нэг эгшин ч оршин тогтнож болохгүй. Даруй огцорч, гэм буруутнууд нь хуулийн хариуцлага хүлээх ёстой. Үүнийг сэхээрцгээж, төр засгийг маань эзэгнэсэн гадаад дотоодын үл бүтэх этгээдүүдийн эсрэг тэмцэцгээе.
50 мянгаа авцгаая! Харин түүнийг эх орноо худалдах гэж биш, эх орныхоо төлөө тэмцэх гэж авъяа. Угаасаа л биднээс дээрэмдсэн хязгааргүй их баялагийн даанч дэндүү өчүүхэн хэсэг нь юм чинь. Гэхдээ бага гэлтгүй авч, эх орноо геноцид-неоколоничлолын аюулаас  аврах тэмцэлд зориулъя.
Тэд хүчтэй биш, бид хүчгүй биш. Эх орноо чөлөөлж, аз жаргалаа олж авч бүрэн чадна аа. Сүх далайхыг бид хүлээгээд суух учиргүй. Нийлээд ганц хашгирахад маань л сүнс нь зайлах дайснуудын эсрэг нэгдэх учиртай.
Бидний аз жаргал, далай их баялагийн маань төлөөлөл болсон Оюутолгойтой салшгүй холбоотой.
50 мянган төгрөгийг биш, сая сая төгрөгийн цалинг нэхэцгээе, Оюутолгой тэргүүтэй мянга түмэн толгодоо нэхэцгээе. Ирээдүй, эх орон, ижий аав, алаг үрсээ, амьдралаа нэхэцгээе.
Хуулийн хүрээнд бүх тэмцлийг өрнүүлцгээе! Нэгдэцгээе! Нягтарцгаая! Тэмцэцгээе! Ялцгаая!
Хэн эх орон, эрх чөлөө улс үндэстнийхээ төлөө ариун тэмцэлд эрслэн боссоныг Мөнх тэнгэр ивээн хайрлаж, хэн хулчийн ухарсныг шударгаар цээрлүүлэх болно оо!

Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр
MMIX.X.I

No comments: