Thursday, October 8, 2009

С.Баяр даргыг маань Айвеноу, Рио хоёр ална тална гээд дарамтлаад байна уу?


1. Ц.Чимэддорж: Оюутолгойг алдвал 
монголчууд бид толгойгүй болно

“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд оролцож суусан чинь Чимэдээ /Ц.Чимиддорж/ ах маань Оюутолгойг яасан ч өгч болохгүй, тэгвээс бид бүгд толгойгүй болно шүү хэмээн шүлэглэв. Үзэл санаа нийлэх би ч золтой л үсэрч дэвхэрсэнгүй…
Наадмын шударга бус шүүлт нэлээн хэдэн найрагчийг бор дарсанд хүргэв. Анд нар маань /нэг нь улсын начин/ “шүүгчдийг ширээтэй юутай нь хөмрөөд хаячихъя” гэв. Арай ч тиймдээ хүрсэнгүй. Шүүгч нэртэй тэр хэд дандаа л хороо найруулж байдаг. Тэртэй тэргүй бид хөмөрч хаяна, чадна, удахгүй...
Харин Оюутолгойн асуудал илүү хүнд байна. Чимэдээ ахынхаа үгийг сонсъё. Үнэнийг хэлж байна шүү дээ. Толгойгүй чөтгөрүүд болох цаг дөхөж ирсээн.
Гэрээ хийгээд байгаа гэх, гурван хачирхалтай этгээд буй боллоо. Тэгж гэрээ хийдэг юм уу? Урьдчилсан төлбөр гэж 125 саяыг авах гэж байснаа, 250 саяыг авах боллоо, 25 хувь нь хүүгүй, үлдэх нь 10 хувийн хүүтэй л гэнэ. ДНБ 34 хувиар, нэг хүнд оногдох бодот орлого 11.5 хувиар өснө, ЗГ-т ноогдох өгөөж бас өснө, нэрлэсэн үнэ цэнэ бас л өснө гэнэ. Энэ бүхэн бол ердөө л хоосон авиа...
Оюутолгойг эргэлтэд оруулна гэдэг нь эргүүтэлд оруулна гэсэн үг биш байлтай. 3 гэрээчний ярихыг сонсвоос, 268 сая нэмэлт доллар авна, татварын хөнгөлөлт үзүүлэхгүй, ордыг эзэмших зардал 5 тэрбум байсныг 9 тэрбум болголоо, ер нь төрд өмч ихээр хуримтлагдах нь “социализм” руугаа буцаж байгаа хэрэг гэхчлэн бавтнасаар.
Улс төрчдийн нөгөө сонгуулийн үеэр тахиа шиг донгодож, гахай шиг хуржигнаад байдаг асан нь яав. Хэнд ч ойлгомжгүй зүйлийг бөвтнөсөөр. Ард түмэнд ямар ач тус өгөх гэрээ вэ? Тэд мэдэх ч үгүй, мэдэхийг хүсэх ч үгүй. Нусаа татах бүрдээ тэд Үндсэн хууль, бусад хуулиа зөрчсөөр байна.
Монгол хүн бүрийг шейх шах болгох учиртай эрдэс баялгийг, цалингийн 10 мянган төгрөгийн нэмэгдэл болгох гээд “ухаан” сийлж байгаа эднийгээ яах вэ?

2. Ямар юм үзчихээрээ ингэж гаж донтдог юм бол?
              
Манайхантай харийнхан галзуу хүнтэй харьцаж байгаа юм шиг “ярьж хэлэлцдэг” гэнэ. “60 жил татвар өгөхгүй, 34 хувиасаа татгалз, зэс 10.000 доллараас үнэтэй бол бид ашиггүй ажиллана” гэхчилэн. Бусад уул уурхайн компани оруулсан хөрөнгөө 10-20 хувиар өсгөчихвөл бөөн баяр баясал болдог аж. Харин манай түншүүд 900-9000 хувийн ашиг шаарддаг гэх юм.


Ашиг гэхээсээ илүү, сав л хийвэл Монголыг шүүхэд өгч, 
гэсгээн цээрлүүлж, өр яланд унагаж байх тухай гэрээ юм

Эсрэг тал манайд 34 хувиас илүүг “яавч өгөхгүй” гэж гүрийж байгаа. Юун нөгөө 50 хувь. Манай баялагаар дэнчигнэж, хэдэн төгрөг босгочихоод, одоо болохоор ордын маань 34 хувийг өндөр /10 хувь/ хүүтэйгээр зээлдүүлж, хүний юмаар ч ёстой хүүдэгнэсэн шиг хүүдэгнэнэ гэв үү. Ямар кино үзчихээрээ бусдыг ингэж доромжилж, гаж донтон болдог юм бол.

3. Зоригт инээгээд, ханиагаад байхын учир юу вэ?

Оюутолгойн гэрээг УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулах гэнэ. Хуралдаа ирэх гэдгийг умартсан гишүүдийг цуглуулж  чадна гэдэг юу л бол. Нам намаас нэг хүн ирж, бусдынхаа хоноопыг дарах юм болов уу. Эсвэл, энэ л чуулганд ирц сайтай бүрдэж мэдэх л юм. Гишүүн бүрд 1 сая доллар өгч буй гэж яригдаад байгаа. Зарим нь голоод, сайдын суудал шаардаад байгаа болохоос.
Энэхүү гэрээнд, гол бүрэлдэхүүн хэсэг нь болох техник-эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ нь үгүй. Манай талаас ч, дайсны талаас ч. Монголчуудын эрх ашиг гэрээнд огт тусгагдаагүй, харин 11 хуулийн маань 23 заалтыг зөрччихсөн байгаа. Төрийн бодлогын тусгал үгүй /манайд төрийн бодлого гэж геноцидээс өөр юм байдаггүй юм чинь дээ/. Гэрээнд засвар хийх эрх байхгүй.
Саяхан Оюутолгойн зэсийг Хятад руу зөөх гэрээг 2 цагийн дотор, яаравчлан, нууцлан, бараг аман хэлэлцээрээр баталлаа. Хоёр зүйлтэй гэрээ ч гэл үү. Нөгөө эцсийн бүтээгдэхүүн яалаа?
Оюутолгойн /ер нь бүс нутгийн/ усыг хүртэл юу ч үгүй цөлмөнө.
Монголд ирэх үр ашигийн тооцоо гэж байхгүй. Улсад маань, дарга нарт хариуцлага тооцох механизм гэж байдаггүй. Оюутолгойчин-гэрээчин Зоригт гэхэд л тендерийн хэрэгт холбогдчихоод байгаа атлаа, инээгээд ханиагаад л явж байгаа.

4. Оюутолгойгоо бие даагаад 
хэд дахин эзэмшчих мөнгө ЗГ-т байсан

Оюутолгойгоос бид зөндөө ашиг гаргах гээд байна гээд л ЗГ сурталдаж байна. Тун эмгэнэлтэй нь, ЗГ-т ямар ч тооцоо байхгүй юм. Тэр бүү хэл, юун ямар тооцоо яах гэж хийхийг мэдэхгүй. Айвэноугийн өгсөн ганц хоёр шпаргалк байвал их юм.
Тэр ашиг бол байхгүй. Тонн зэс 9200 доллар болохоос нааш ашиг гарахгүй, алдагдал л гарна гээд Айвэноу мэдэгдчихсэн шүү дээ. Уг нь тонн зэс 2000 доллар байхад ашиг гарч л байдаг бөгөөд, зэс алт мэт үнэтэй болно гэж арай баймгүй.
Эрдэнэтийнх шиг бүтээн байгуулалтыг харийн гуйрамчингууд хийхгүй. Юугаараа хийх юм? Өрнөөсөө өөр гялайх юмгүй улс чинь. Бөөс шиг хэдэн гэр барьсан, тэгээд л гүйцээ. 15-20 жилд, гагцхүү манай хүдрийг цөлмөх, зөөх л ажил хийх гэж байгаа лүднүүд шүү дээ. 10 жилд, байнгын ганц амбаар барьчихаагүй хүйтэн сэтгэлтнүүд.
Айвэноу 1 тэрбумын хөрөнгө оруулалт  хийгээд, хэдэн зуун тэрбум долларын ашиг олноо. Ашиг гэж энэ. Харин Монгол улс тэр ашгийн 75 хувийг авна гэв үү? Дарга нар маань л тэгж солиороод байгаа. Гэрээн дээр бол 75 хувийн ашиг гэж “түй” ч байхгүй.
Монголын талд ашиг өгөх үү, үгүй юу гэдгийг тэр хэдэн авилгачин дарга биш, ТУЗ шийднэ ш дээ. 6 харийн этгээд, 3 манай этгээдийг ТУЗ гэдэг байхгүй юу. Манай мундаг гурван этгээд ямар ч эх оронч баг өмслөө ч, ямагт цөөнх байх болно.
Юун тэр Айвэноу Майвэноу байтугай, манайд олон уул уурхайн компани “алдагдалтай ажиллаж байна” гэж тайлагнаад болоод л байгаа шүү дээ. Монголд 34 хувийн буюу, асар их хэмжээний алдагдлыг бэлэглэж, ард түмнийг дааж давшгүй их өрөнд унагах асуудал гэрээнд тусгагдчихсан байж байгаа гэхэд болно.
Их л бодож, “Эрдэнэт”-ийн хамгийн бага ашигтай ажиллаж байх үеийнх шиг ашгийг Монголд өгч болох талаар хийсвэрлэл гэрээнд дурдагджээ. Гэтэл “Эрдэнэт” бол Оюутолгойгоос хэд дахин бага нөөцтэй орд. Ер нь, ашиг гэхээсээ илүү, сав л хийвэл Монголыг шүүхэд өгч, гэсгээн цээрлүүлж, өр, яланд унагаж байх тухай гэрээ юм.
Татварын хөнгөлөлт үзүүлэхгүй л гэнэ. 1-рт, угаасаа хуулийнхаа дагуу татвар аваад шалиад байх юм үгүй, 2-рт, чингэвэл ингэвэл хөнгөлөлт үзүүлнэ гэх эргэж буцсан заалт бишгүй л байх аж.
Ашигт малтмалын үнэ ханш өсөж байгаа өнөө үед, “мэргэн” улс төрчид маань гэнэтийн ашгийн татвар авахаа болино гэх  болов. Монголчууд ашигт малтмалаасаа авч буй бараг цорын ганц зүйл энэ биш үү. Хэрэв гэнэтийн ашгийн татвараа зөв зүйтэй хэрэглэсэн бол, Оюутолгойгоо бие даагаад хэд дахин эзэмшчих мөнгө орж ирж л байсан.
Тонн зэсийн үнэ 9200-гаас эс давбал Айвэноугаас гэнэтийн ашгийн татвар авахгүй юм гэнэ. Өдий хүртэл зэс ийм өндөр үнэд хүрч байгаагүй, одоо 2000 л байгаа. Энэ татварын хөнгөлөлт биш гэж үү?
Бороо, Төмөртийг яаж цөлмөсөн шигээ л ажлыг луйварчид хийж байна. Хууль бусаар, мянга мянган хятадын цагаачдыг оруулж ирэх, компаниудыг нь гадаад ажилчны  төлбөрөөс чөлөөлөх тогтоолыг ЗГ маань хэдэн арван удаа гаргаж байж. Гадны компаниудын оруулсан хөрөнгө гэж худал том том дуугараад байдаг асуудалд аудит огт хийдэггүй. Монголын ашигт малтмалын өмчлөлийн асуудлыг зөвхөн харьд ашигтайгаар шийдвэрлэснийгээ залруулаагүй. Өмчлөл гээд байх юм манайханд байхгүй ш дээ.
Ийм байхад Оюутолгойгоос орж ирэх ашиг тус гэж юуг яриад байна вэ?

5. Хятадын түрэмгийллээс Монголыг Айвэноу, Рио хоёр хамгаалах гэнэ

Эрдэс баялагийн зөвлөл гэдэг, Монголд ямар ч ашигт малтмал байхгүй гэж “батлахыг” зорьдог тусгай байгууллага байх аж. Оюутолгойн 45 сая тн зэс, 1800 тн алтыг, 22 сая тн зэс, 800 тн алт гэж бүртгэж авч байх юм гэнэ шүү.
МАХН-ын УШАШЁ жигүүрийнхэн, “ард түмэндээ өгнө” гэсэн 1.5 саяыг Айвэноуд өгөх гэж байгаа болохыг тооцоолоод, мэдэгдэв. Хэн нь хэний төлөө байнав дээ.



Төрд “Оюутолгой” төслийн хувьд хяналтаа хэрэгжүүлэх, хяналтын багц эзэмших боломж огт үгүй. Харин эрхэм гишүүд, “бүх замыг улс барина” гэх мэт зүйлийг хууль дүрмээс хайж олоод, “харь эзэддээ үйлчлэх сайхан боломж гарав” хэмээн их л баясч байна. Монголыг цөлмөж, үгүйрүүлэн хоосруулах неоколоничлолын дэд бүтцийг  нь төрөөс барьж өгөх хэрэгтэй гэсэн асуудалд л дарга нар маань их санаа зовох юм даа.
Эрдэмтэн С.Авирмэд ерөнхий сайд С.Баярын амь насанд заналхийлэл учраад байгаа юм биш биз гэж зовнижээ. Хэрэв тийм заналхийлэл учраагүй аваас, яахин ийм эрүүл ухаангүй гэрээ хэлцэл байгуулна гэж зүтгэх билээ гэж эрдэмтэн гайхжээ.
Нээрэн, харийн компанийхан ална тална гэж сүрдүүлээд дарга нараар маань муу зүйл хийлгээд байдаг юм биш биз дээ. Монгол төрөө тэгвэл хамгаалан босоцгооё л доо. Арай ингэж, хэдэн дарга нарыгаа дээрэлхүүлээд суугаад байж болохгүй мэт.
Гэхдээ өөр хувилбар буй нь, манай дарга нар ямар ч заналхийлэл, дарамтад өртөөгүй агаад, өөрсдөө л улс түмнээ сөнөөх гээд гүйлддэг. Харин сүүлийн үед эх орончдын дүрийг эсгэж, хоолой шахан бүдүүн бүдүүн дуугаралдах болов.
Тэр нь юу вэ гэхлээр, улс түмнээ Хятадын харгис этгээдүүдийн савраас аврахын тулд л хамаг эрдэс баялагаа харьд өгөх болж байгаа юм гэнэ шүү. Хэрэв байгаа бүхнээ харийн элдэв дампуу, хоосон, зальхай компаниудад өгч дуусгах л юм бол, сая тэдгээр нь Ху Жиньтаогийн түрэмгийллээс улс түмнийг маань цээжээрээ хаах  бөгөөд, харин юу ч үгүй хоцорсон бид өлбөрч харангадан, нирваан дүрийг олоод, цэнгэлийн манлайд түвэггүй хүрэх аж.
Үгүй тэгээд, тэр Айвэноу, Рио хоёр Монголыг Хятадаас хамгаалж чадах юм уу? Мөнгөгүйгээрээ гайхагдсан Айвэноугийн Рио-д өрөө төлөх хугацаа нь тулчихаад, дампуурах гэж байна. 40 тэрбум долларын өртэй Рио мөн тийм байдалд орсон /Тэдний өр чинь манай л өр байдаг боллоо ш дээ/.
Фридланд бол угаасаа хятадын л хүн. Намайг аваач ээ, намайг аваач ээ гээд л Хятад руу гүйгээд байдаг, цаадуул нь ч авчихсан л гэдэг. Рио бас тэгдэг. Урьд нь мундаг компани байсан л гэх. Одоо бол өөрийгөө Хятадад үнэд хүргэх гэж л аргаа барж байгаа шүү дээ.
Рио Хятадад үйл ажиллагаа явуулахдаа тагнаж чагнаж, авлигадаж, олон хуулийг зөрчсөн тул, удирдлага нь баривчлагдаж, 100 тэрбум долларын хохирлыг тус улсад учруулсан нь тогтоогджээ. Хятадыг ингэж байгаа компани Монголыг яах бол?
Ямар ч л гэсэн, эрхэм гишүүдийг, Монголын төрийг ихэрхэн сургамжилж пээдэлзсэн, ирж уулзахыг шаардсан захидал илгээж, шуугиан дэгдээгэд байгаа. Бас Айвэноу, Рио хоёр “явна” гэж их айлгадаг. Манай түшээд тэдний явахаас юунаас нь айдаг болчихсон юм бол доо. Явуулахгүй гээд л хормойноос нь зүүгдээд байдаг юм гэнэ лээ. Илчлэгдэхээс эмээгээ юү, орлог ашгийн ундаргаа алдана гэж айгаа юу.
Уг нь бол явах хүсэлтэйг нь явуулаад, харин ч бүр гадаадын хөрөнгө оруулалт гээчийг хуулиар хязгаарлах хэрэгтэй юм шүү дээ. Манайх шиг баян улс яасан ч болох л байхгүй юу.

6. Нэгэн “монгол” сонины эрхлэгч сард 
харийн компаниас 11 650 долларын цалин авч байна

Эрдэнэтийн бүтээн байгуулалт гэж байв аа, хөөрхий. Гэтэл социализмын үед сэхээтнүүд маань, “Эрдэнэт бол шулан мөлжилт. Яахлаараа манай баялгийн хагасыг ЗХУ зүгээр авч байх ёстой юм” гэж шивнэлддэг байв л. Тэр үед Зөвлөлт Эрдэнэтийн баялгийг гагцхүү зэсийн үнэ, жишгээр тооцож байсныг сэхээтнүүд маань шүүмжлэн болиулж, молибден, алт мөнгөний зөрүү үнийг гаргаж авч байв.
Эрдэнэтийг шулан мөлжилт гэж байлаа шүү дээ! Үнэний ортой л юм. Тэгвэл өнөөгийн бузар булай, галзуу солиотой гэрээнүүд, тэдгээрийн хэрэгжилтийг юу гэхэв?
Эрдэнэт бол олон салбарт эдийн засаг бүхий, том сайхан хот, бүтээн байгуулалт. Харин өнөөгийн харь олборлогчид бидэнд юу өгч байна вэ?
Тавантолгойн хувь заяаг Оюутолгойгоос өмнө, яаравчлан, нууцаар шийдвэрлэх гэж байна. Сонгогчдод амласан 1.5 саяыг Тавантолгойгоос гаргаад шидчихэд л, бүх эрдэс баялгийг харийнханд өгөх үүд хаалга нээгдээд ирнэ гэлцэн буй аж.
Стратегийн гэх статусыг нь үгүй хийж, Монголд хамаагүй мэт болгохын тулд, Ухаа худаг, Шар тээг, Бор тээг, Цанх, Бортолгой гэж тав хуваах оролдлого хийж байна. “Тавантолгойг авцгаа, бид харин дэд бүтцийг нь барьж өгнө” хэмээн, Хятад, Орос, Солонгос, Энэтхэг, Америк, Япон, Бразилийн компаниудыг урьж заллаа. Тэд нь угтаа бүгд л Хятадын компаниуд байх биз ээ. Тийм л байдаг шүү дээ. Юун тэр Антигуа-Барбудагийн мундаг компани вэ.
Дэглэмийн хэвлэл мэдээлэлд, Таван толгойн үр шимээс бага зэргийг хүртэх гэсэн монголчуудыгаа шимэгчид хэмээн доромжилжээ. Монголын нефтийг Хятад руу шахаж, “Монголынх биш” гэж мэдэгдэх гэж буй компанийг тэд юу гэх бол.  Тавантолгой Шинхуагийнх, Шивээ овоо Лүнэнгийнх, нефть Дачингийнх гээд л жагсаалт үргэлжилнэ. Бидний юм гэж байна уу?
Дарангуйлагчид хэвлэл мэдээл-лийн хэрэгслүүддээ, байгалийн баялгаа өөрсдөө олзворлох гэсэн эх орончид буюу “нинжа” нарыг Монголын ганц гай гамшиг гэж бичүүлж байна. Харин шинжлэх, хайгуул хийх нэрийн дор баялгийг маань хууль бусаар олборлон цөлмөсөөр байгсдыг юу гэх бол?
Харийнханд баялгаа, эх орноо бэлэглээд байх нь л хамгийн зөв хөгжил, ардчилал юм гэж сурталчилдаг сонины эзэн Айвэноугаас сар бүр 11 мянга 650 долларын цалин авдаг гэнэ. Энэ нь илчлэгдсэнд, ихэд уурлан хилэгнэхдээ тэр, өөрийнхөө ухаантай суут мэргэнийг баахан гайхаад, харин гудамжны рэкэтчид л Айвэноу зэргээс мөнгө авдаг, нэг нь 50 мянган доллар авсан, нөгөө нь хувийн сургуулиа тохижуулгасан гэв.
Үе үе л учир битүүлгээр таг чиг болчихдог тэмцэгчид маань ингэдэг юм бол, биднийг хэн хамгаалах юм бэ?
Бид өөрсдөө л өөрсдийгөө хамгаалах ёстой.

7. Илжиг шиг төртэй байх уу, толгойтой байх уу?

Манай улс төрчдийн өгөөмөр нь дэндсэн гэлтэй. Улс түмнээ харьд өгнө л гээд байх болохоос бус, өөр зүйлийг огт ярьдаггүй. Баялгаа өөрсдөө ашиглаж болно, өмчилж болно гэж толгойд нь огт ордоггүй.
Уг нь, үе үе Монгол улс Оюутолгойгоо, баялгаа өөрсдөө ашиглах хэмжээний мөнгөтэй болчихдог юм. Байхгүй байлаа ч, тэр мөнгийг босгох нь тун хялбар гэдгийг хэн ч ойлгох биз ээ. Дараа “зэсээрээ төлчихье” гэхэд, зээл өгөх гээд л хэвийн улс гүрэн бүр уралдаад л гүйгээд ирнэ. Эрдэнэт-маягаар хамтран ажиллах нөхцөлтэйгээр олон улсын тэндэр зарлаж болж байна. Эсэхүл тэр Чилийн Кодэлко шиг өөрийн үндэсний том корпораци байгуулъя. Тэр нь ч дээр байх аа даа. “Монко” гээд дэлхийд зартай том корпораци байвал сайхан аа.
Дайсны хэвлэлүүд, баялгаа өөрсдөө эзэмшье гэсэн хүнийг люмпэн, хэнээтэн, Хятадын колоничлолд оруулах гэлээ гэхчлэн солиорох юм. Тийм айхавтар солиотой улс уу, эсвэл өөрсдийгөө хэлээд байнуу.
Монголчууд Эрдэнэтээ 30 жил ашиглаж байна. Зөвхөн Эрдэнэтэд уул уурхайн хэдэн мянган ажилчид, мэргэжилтнүүд ажилгүй сэлгүүцэж байна. Монгол орон бол уул уурхайн боловсон хүчин, мэргэжилтэй ажилчдын илүүдэл болсон газар юм. Ийм байхад өөрсдөө Оюутолгойн болон, бусад баялгаа ашиглаж чадалгүй яах вэ?
Оюутолгой зэрэг ордоо өөрсдөө ашиглах талаар бүх ард түмний санал асуулга зохион байгуулах цаг нэгэнт болж!
С.Авирмэд доктор “ЗГ- т удаа дараалан хандаж байгаа боловч нүдэн балай, чихэн дүлий, таг чиг л байна. Илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэгтэй л адил юм” хэмээн бухимджээ. Тиймээ, ийм байдалтай би өөрөө өчнөөн удаа биечлэн тулж явлаа.
Ард түмээн! Ийм илжиг шиг ЗГ-тай, төртэй байгаад яах юм бэ. Илжигнүүдийг байдаг газарт нь аваачаад л хаших хэрэгтэй. Тэд зөвхөн өөрсдийнхөө тэнэгийг харуулаад зогсохгүй, Монгол улс үндэстнийг тэнэг болгон харуулж биднийг доромжилж байна.
Оюутолгойгүй болбол, Чимэдээ найрагчийн хэлснээр бид толгойгүй болно. Толгой буй аваас эрслэн босъё, тэмцье. Хэн тэмцсэнийг Мөнх Хөх Тэнгэр хязгааргүй хайр ивээлээрээ тэтгэж, хэн тэмцээгүйг хэмх ниргэж, толгойгүй чөтгөр болгоно шүү!
Сэрцгээе, сэхээрцгээе, сэгсэрцгээе!

MMIX.VIII.XXIII
http://moenhbayar.blogspot.com

No comments: