Tuesday, August 18, 2009

Тэмцэгч Энхбаяр: Монгол хүн уг нь дэлхийд хамгийн баян, төр л өмч хөрөнгийг нь булаачихаад, өгөхгүй байгаа


Сонин хэвлэлийнхэн болон ард иргэдийн хөл тасрахгүй байлаа

Миний бие 7.1-ий хохирогчдын тэмцлийг эхнээс нь талархан дэмжиж ирсэн билээ. Ноднин хоёр оны зааг дээр, тэсгим өвлийн хүйтэнд, тэдний хөөгдөж туугдаж байж тэмцэн зогсохыг хараад өрөвдөж, бахархаж, дэглэмийг жигшиж “Мангас” хэмээх акци-шүлгээ бичсэн. Түүнийгээ, 10.22-нд зохиосон “Цагаатгалын тухай” хуулийн төсөлтэйгөө хамт тэдэнд өргөн барьж, эв санааны нэгдлээ илэрхийлье гэтэл, шинэ жилийн баяраар шалтаглан, тэмцлийг нь таслан зогсоосон байв.
Сая тэдний тэмцлийг дэмжих боломж олдож, шүлэг, төслөө өгч, санал бодлоо солилцож, цуглуулж буй гарын үсэгт нь нэмрээ үлдээж, дуу хоолойг нь олонд хүргэхээр болов (сонин, интэрнэт). Энэ үеэр, хоёр ч цагдаа эргэлдэж, сахин зогсож, яриа чагнаж, энд хүн цуглаж болохгүй гэхчлэн сануулж байлаа. Тэд хашаан доторхио хамгаална уу гэхээс, иргэдийг тагнах, дарах үүрэггүй л байлтай. Хэрэв сэтгүүлчийн үнэмлэх үгүйсэн бол, бороохойдон хөөж мэдэх л байлаа.
8.3-ны оргил халуун өдөр, өлсгөлөн зарлан, амаргүй л суугаа тэдний, цогт шаардлагуудаа томоор хэвлэн толилуулчихсан, Саарал ордон хэмээх аймшгийн өргөөний үүдэнд эр зоригтойгоор тэмцэж байгаа нь бахархлыг төрүүлж байв.
Алаг үрээ, алуурчдын суманд алдсан Энхбаяр гуайд редакциа төлөөлөн, асуултуудыг тавьсан юм.

-Та бүхэн ямар шаардлага тавин тэмцэж буйгаа уншигчдад танилцуулна уу?
- • 7.1-ний эмгэнэлт явдлуудад буруутай С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарт хуулийн хариуцлага хүлээлгэ!
• Буудах тушаал өгсөн албан тушаалтнуудыг тодруул!
• Алуурчдад өршөөгдөх боломж олголгүй, харин ч олж тогтоож, зохих ялыг нь өг!
• ЕС ЗГ-аа төлөөлөн, ард түмнээс уучлал гуй!
• УИХ-аас ажлын хэсэг гаргаж, 7.1-нд хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон, хүний эрхийг зөрчсөн хэргүүдийг судалж, албан ёсны дүгнэлт гарга!
• Монгол хүний үнэ цэнийг бодтоор тогтоож, нөхөн олговор олго!
• Эрүүл мэндээр хохироод байгаа иргэдийн эмчилгээний асуудлыг төр бүрэн хариуц!
• 7.1-нд амь насаа алдсан иргэдийн гэрэлт хөшөөний газрыг шийд! гэсэн шаардлагуудыг тавьж, биелүүлтэл нь өлсгөлөнгөө зогсоохгүй. Бид 7.1-ний үйл явдлаас үүдсэн асуудлуудыг цогцоор нь шийдүүлэхийн төлөө, тэмцэж сууна даа.
-Та бүхэн жил гаруй тэмцэж явна. Төрийн зохих байгуулла-гуудад хэрхэн хандаж, ямар хариу авч байв?
-Ерөнхийлөгч, ЗГ, УИХ, ХЗДХЯ, УЕП, Дээд шүүх, ҮАБЗ, Хүний эрхийн байнгын хороо, байгууллага зэрэг газруудад хандсан маань тоогоо алдсан. Тус бүр нь тав зургаа хандав уу даа. Ихэнх тохиолдолд маш хүйтэн цэвдэг, хүн гэж тоосон шинжгүй, дайсагнасан, заналхийлсэн байдалтай зэргээр хандаж байсан. Голдоо ортол гомдож, цөхөрмөөр үе их л байдаг байсан. Ард түмнээ үл ойшоодог энэ байдлыг өөрчлөх нь бидний зорилго. Цөөн хэдэн удаа хүлээн авсан, хариу өгсөн ч үнэхээр хангалтгүй байсан.
Өлсгөлөн зарлаж эхэлснээс хойш, шаардлагуудаа Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-т хүргүүлсэн. Ямар ч хариу алга. ЗГ л “та нарын асуудлыг ХЗДХЯ шийднэ” гэж дуугарах шив дээ.
-Бан Ги Мүнийг ирэх сургаар тэмцлийг тань хүчээр зогсоов оо доо. Жорж Буш, Солонгосын ерөнхийлөгч, бүр Хорватын ерөнхийлөгч ирэхэд хүртэл тэмцэл хөдөлгөөнийг хүчээр тарааж, гадаад ертөнцийг хуурч мэхлэх арчаагүй оролдлого хийх юм?
-Харин тэгсэн шүү дээ. 8 хоног өлсгөлөн зарлаад байсан улсыг маань хүч хэрэглэн, эмнэлэгт хориод байна. “Монгол шиг сайхан нийгэмтэй орон байхгүй” гэж Бан Ги Мүнийг хуурч, жүжиг найруулж үзүүлээд л явууллаа. Ноднин НҮБ-аас 7.1-ний хэрэг явдлын талаар асуулга ирүүлэхэд ЗГ хариу өгөөгүй. Сая ЕНБД нь ирэхэд хууран мэхэлчихлээ.
Азийн хүний эрхийн байгууллага 7.1-ний асуудлыг овоо сонирхоод эхэллээ. Юу болох юм бол доо.
Бид тэмцлийг сэргээж, өлсгөлөн зарлаад, 6 дахь хоног дээрээ байна.

Энэ зуны оргил халуун өдөр байв

-Энэ халуунд, бас тэгээд өлсөх гэдэг мөн хэцүү байгаа даа?
-Амь насаа алдсан, эрүүл мэндээр болон бусад талаар хохирсон үрсээн бодоод л тэсч сууна даа. Төр засаг маань л биднийг ийм юм хийлгэж байна шүү дээ. Бид төрдөө үгээн дуулгах гэж, төрөөрөө асуудлаа шийдүүлэхийн тулд л, шат ахин тэмцэж явсаар, өлсгөлөн зарлаад байна.
-Дарга нар, та нарыг мөнгө л бодсон рэкэтчид гэх мэтээр хэлэх, бичүүлэх, нэвтрүүлгэх явдал их байна даа.
-Тийм ээ, ямар л бол ямраар гүтгэж доромжлох байх. Амь үрэгдэгсэд, хохирогсодыг траншэйнийхан л гэсэн, хулгай дээрэмчин л гэсэн, гутааж хэлээгүй үг байхгүй...
Зарим дарга “хүний амийг үнэлсэн хууль байхгүй, үнэлж болшгүй ч зүйл” гэж яриад, үүнээсээ харин, хүний амь ямарч үнэгүй, үнэ цэнэгүй мэт гаргалгаа гаргаж ирээд байна. Бидний эсрэг сөрөг сурталчилгаа явуулж, буруу ойлголт түгээж байна.
Монголд чинь, монгол хүний амь, Монголын газар шороо хоёр төрдөө үнэгүй болчихсон юм байна шүү дээ. Төрийн хариуцлагагүй байдлаас болж, ард иргэд нь амь насаа алдсан том том хэрэг явдлууд хичнээн гарав. Төр ямар сургамж авав, тэдний амь насыг яаж үнэлэв. Сургамж ч аваагүй, монгол хүнээ үнэлээ ч үгүй.
Бид харин монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх, төрийн монгол хүнээ дээдэлдэг болгохын төлөө тэмцэж байна. Улс үндэстэндээ ач тус болох зүйл хийчих юмсан гэж, өөрсдийгөө золиослохоор шийдсэн.
-Та газар шороо үнэгүй боллоо гэж хэлэв ээ дээ.
-Баялгийг нь харийнханд өгчихөж байна, үнэ цэнийг нь мэдэж байна. Харин алтыг нь аваад авдрыг нь хаяв гэгчээр газар шороог нь хүн амьдрах аргагүй болгож, ширгэсэн гол ус, манарсан улаан тоос шороо, том том том нүхнүүд л үлдээж байгаа шүү дээ. Энэ төрд монгол хүн, Монголын газар шороо хоёр үнэгүй байна гэдэг чинь Монгол улс үнэгүй байна гэсэн үг шүү дээ. Үнэгүй, үнэ цэнэгүй гэсэн юмандаа яаж хандахав. Ийм л болчихоод байна.
-Хүн ардын дэмжлэг хэр байна?
-Янз бүрийн хөдөлгөөнийхөн, шударга улс төрчид, ард иргэд, хэвлэл мэдээллийнхэн, учрыг мэдсэн гадаад хүмүүс гээд л их дэмжиж байна аа. Тэд бидэнд хэцүүг туулах урам зориг, эрч хүчийг өгч байна. Нийлээд шудрага ёсны төлөө тэмцье гээд ХЗХ-ны хохирогчид хэлж байсан. Улам их дэмжээрэй, ойлгоорой гэж ард түмэндээ хэлье ээ.
Насанд хүрээгүй хүүхэд нь буудуулсан, 3-4 удаа хагалгаа хийлгэсэн ч биеийн байдал нь хүнд, зовж шаналсан, гадаадад эмчлүүлэх шаардлагатай, ар гэр нь олон сая төгрөгийг зээлж эмчилгээнд хэрэглээд өрөнд орчихсон, жил гаруй хугацаанд төр байтугай МУЗН-ээс эргэж тойроогүй, сонирхоогүй, ийм хүүхдийн эцэг аргаа бараад, амь биеэ золиослоод, энд өлсгөлөн зарлаад л байж байна. Монгол улс түмэн ер нь иймэрхүү хэцүү байдалд л орчихоод байгаа шүү дээ. Монголчуудын гашуун зовлонг хэзээ зогсоох юм бэ, дуусгах юм бэ. Цаашид ямар байдалд хүртлээ зовох вэ. Энэ байдлыг өнөөдөр, одоо л эцэслүүлэхийн төлөө тэмцэх хэрэгтэй байна шүү дээ.
Хурдан морь, шонхор манайд ямар үнэтэй байдаг билээ. Гэтэл монгол хүн? Монголчууд бид чинь уг нь дэлхийд байхгүй баян хүмүүс шүү дээ. Хязгааргүй шахам ашигт малтмал, өргөн уудам газар нутаг ард иргэдийн өмч. Тэгэхлээр нэг монгол хүн хэр баян байхав. Үүнийгээ монголчууд бид ухамсарлаж, өмч хөрөнгөө, үнэ цэнээ мэдэж явах ёстой. Өөрийнхөө өмч баялгийг яаж авах вэ, зарцуулах вэ гэдгээ монголчууд бид л мэдэх учиртай. Төр харин, гүйцэтгэх ажлаа хийх ёстой.

Ч.Мөнхбаяр. 2009.08.03
Блог сайт: http://moenhbayar.blogspot.com

No comments: