“Ерөнхийлөгчийн ажилтан надад: Монгол улс үндэстэн
гэдэг ойлголт байдаггүй” гэж хэлсэн”
гэдэг ойлголт байдаггүй” гэж хэлсэн”
Төрийн өндөрлөгүүд, хэвлэл мэдээлэлд “7 зүйлт санал санаачилга”-аа хүргүүлээд, хувь заяаных нь төлөө зовнин яваа сэтгүүлч Ч.Мөнхбаяртай ярилцлаа.
-Та урьд нь бас санал санаачилгууд дэвшүүлж байсан байх аа?
-1991 оноос эхлээд, хэдэн арвыг дэвшүүлсээн. Монгол латин үсэгтэй болох; Улаанбаатарыг Чингисхот гэж нэрлэх; архигүй өдөртэй болох; 7.1-ний үйл явдалд оролцогсдыг өршөөх, цагаатгах хууль гаргах; амь үрэгдэгсдэд нь хөшөө босгох; хямралын эсрэг төрийн хөтөлбөртэй болох гээд янз бүрийн хэмжээгээр хэрэгжсэн зүйлүүдийг чинь анх би санаачилсан, дуугарсан юм шүү дээ.
Гэхдээ би хэзээ ч, хэнд ч мэдээжийн зүйлийг “санаачилж”, ниргэсэн хойно хашхирав гэгчээр явсангүй. Зохих цагт нь, гэхдээ жинтэй дуугарахыг чармайж байсан. Яахав, зарим хүмүүс санааг минь, өөрсдөө санаачилсан гээд аваад яваад байдаг юм. Нэгэнт хэн санаачилсан нь тодорхой болохоор, хэрэгжиж л байвал болоо биз дээ?
-Бүх монгол туургатныг нүүлгэж ирүүлэх Уугуулшууллын тухай хуулийн төсөл тань юу болсон бэ?
-2006 оны тэр саналаа би 6-р сарын эхээр олон хүмүүс, газарт хүргүүлсэн. Ерөнхийлөгчид өгөхдөө би “Их Монголын 800 жилийн ойн өмнө юм уу, үеэр уугуулшууллын тухай тунхаглавал маш утга учиртай байх болно, Эзэн Чингисийн бүх монгол туургатнаа нэгтгэх үзэл санааг одоо гаргаж ирвэл дэлхийд цуурайтсан үйл явдал болно” гэх зэргээр бичээд л өгч байлаа. Хэрэв санааг минь ойлгоод, хүлээж аваад, тунхаглаад өгчихсөн бол энэ хүн их л гавъяа байгуулах байлаа даа. Магадгүй, II Чингис хаан ч гэгдэх байсан юм билүү. Тэр түүхэн шаансыг Н.Энхбаяр ерөнхийлөгч алдсан даа. Уг нь, түүнийг л хүлээж авч болзошгүй гэж би тухай үеийн байдалд үндэслэн, тооцоолсон байсан. Үндэсний үзлийг дэмжээд байгаа юм шиг байсан шүү дээ. Гэвч...
Бүр өмнөөс нь харамсмаар байж билээ.
-Уг нь ерөнхийлөгчийн хүмүүс тантай уулзаад байсан гээ биз дээ?
-Хэд хэд уулзсаан. Зөвлөх, ажилтан 3 хүн намайг хүлээж авч ярилцаж байсан. Даанч тэд Монгол улс үндэстний талаар маш муу ойлголттой тул, танин мэдэхүйн уулзалт болж хувирсан. Ерөнхийлөгчид танилцуулах бичгээ ч тэд надаар бичүүлсэн. Тэгээд л таг чиг болсон. Тэд ч ерөнхийлөгч Н.Энхбаярт хүргэлгүй устгачихсан байж болно л доо. Асуухаар өөдөөс өчүүхэн аян шалтаг л хэлээд байдаг байсан...
Монгол төрийн улс үндэстнээрээ хандах хандлагын нэг жишээ л юм даа.
-Та шударга ёсны төлөө тэмцэнэ гэж ярьдаг. Гэтэл авлигын загалмайлсан эцэг гэгдэх Н.Энхбаяртай хамтран ажиллана гэдэг чинь юу гэсэн үг вэ?
-1-рт, Байгаа төрөөс өөр ямар төрд би хандах билээ. 2-рт, Монгол үндэстнээ нэгтгэхийн тулд хэнтэй ч хамтран ажилласан яах вэ. Тэр тал дээр л Н.Энхбаяртай хамтран ажиллах дөхсөн юм шүү дээ. Энэ бол тактикийн асуудал. Стратеги бол шударга ёсыг тогтоож, Монгол улс үндэстнээ мандуулан бадраах. Тактик бол янз бүр байж болно. Гол нь стратегиасаа л хазайж болохгүй.
Саяын сонгуулиар л гэхэд би Н.Энхбаяр ялбал, оппозиц болж болно гэж тооцоолж байсан. Чингэвэл дэглэм сулрах магадлалтай. Ингэж ярихлаар, зарим нь намайг урвагч гэх нь холгүй л байсан. Улс төр гэдэг чинь үржүүлэх хүрд шиг энгийн биш шүү дээ.
Нестор Махно большевикууд-тай ч, петлюрчүүдтэй ч хамтран ажиллаж байсан. Тэр бол тактик. Харин стратеги нь болох анархизмаас өчүүхэн ч хазайгаагүй шүү дээ. Би ч гэсэн панмонголизм, эх оронч үзэл, ардчилал, ашигт малтал дээр суурилах хөгжлийн замнал зэргээс хазайхгүй л байхгүй юу. Харин тактик бол тактик.
-Та хэвлэлийн бага хурал хийлгээд бүлэг санал дэвшүүлж байсан байх аа?
-2007 оны намар шүү дээ. Бас 7 зүйлт багц санал дэвшүүлж, персоналист тэмцлийн “Нэгдсэн Монгол” сайн дурын хөдөлгөөн байгуулж буйгаа зарлаж, “Монгол Омен” романыхаа презентацийг тэр хэвлэлийн хурлаар хийсэн л дээ.
1-рт, бүх монгол туургатныг Монгол улсад нүүлгэн ирүүлж, уугуул болгох Уугуулшууллын хуулийн төсөл,
2-рт, бүх монгол туургатныг дан буюу давхар иргэншилтэй болгож, Монгол улсад элэгжүүлэх зарчмыг тунхагласан Элэгшүүллийн хуулийн төсөл,
3-рт, бүх монгол туургатныг сталинист дэглэм, соёлын хувьсгалын үед хүй төрлөөр нь хөнөөж байсан хүйтөрөлгүйтгэлийн /геноцид/ үнэнийг хүлээн зөвшөөрөх, зөвшөөрүүлэх, таниулах тухай Хүйтөрөлгүйтгэлийн тухай хуулийн төсөл,
4-рт, МУ-ын болон, элэг нэгтнүүдийн монголтуургач /панмонголист/ нэгдмэл бодлого, хамтын ажиллагааны талаархи төрийн монголтуургач номнолын /доктрин/ тухай санал,
5-рт, Ашигт малтмалын хууль тогтоомжинд дангааршлын зарчмыг тусгах тухай санал,
6-рт, Төрийн хас сүлднийы тухай, улс,үндэстэн, парламентийн нэрийн тухай саналууд,
7-рт, 1987 оноос хойш боловсронгуй болгож ирсэн Монгол латин үсгийн төсөл зэргээ би төр түмэн, хэвлэл мэдээлэлд толилуулсан.
Тэгсэн чинь төр таг дүлий мэт хандсан. 2006 онд Н.Энхбаярын хүмүүс надтай уулзаж, ХЗДХЯ-наас “гадаад иргэдийн талаарх хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулахдаа судалж үзнэ” гэсэн албан бичиг ирүүлж, Төрийн хэлний зөвлөлөөс репатриаци /уугуулшуулал/ гэдэг үгийн орчуулгын талаар албан зөвлөмж өгч байсан. Харин 7 зүйлт санаачилгад маань бүлх залгисан мэт л хандсан даа.
Н.Энхбаярын хүн гэж нэг жаахан хүүхэд надтай харьцсан. Тамгын газар нь миний багц санал санаачилгыг алга хийчихсэн юм билээ. Тэгээд тэр хүүхэд “дахиж өг” гэсэн. Өгсөн чинь, “Монгол Улс гэдэг ойлголт байхаас бус, Монгол улс үндэстэн гэж ойлголт байхгүй ш дээ. Тиймээс юмыг чинь бүртгэж болохгүй байна” гээд л байсан. Манай төрд чинь Монгол улс үндэстэн гэсэн ойлголт байдаггүй юм байна ш дээ.
Тэр багц маань “Монгол улс үндэстний нөхцөл байдлыг сайжруулах багц санал, төсөл” гэсэн нэртэй байсан л даа.
-Энэ удаа та ямар санал, төслүүд дэвшүүлэв?
-Янз бүрийн санал, төслөөсөө төрийн өндөрлөгүүдэд хамаатай, энэ цаг үед тулгамдсан 7-г нь сонгоод, “7 зүйлт санал санаачилга” нэртэйгээр энэ оны 6.29-нд төрийн өндөрлөгүүд, хэвлэл мэдээлэлд өргөн барилаа. Далимд нь, ЕС С.Баярт бичсэн, товхимлын дайтай ил захидлаа ч хүргүүлсэн.
1-рт, “Эх нутгийнхээ 43 хувийг чөлөөлөх 43 тэзис”. “Ашигт малтмалын тухай хуулийг дангааршлын зарчмын үүднээс шинээр тогтооё!”, “Улс түмэнд маань жинхэнэ гэрэлт ирээдүйг авчрах “Монгол Дубай” хөтөлбөрийг хэрэгжүүлцгээе!”, “Ашигт малтмалын гэмт хэрэгтнүүдийг яллах “Шүүлтийн өдрийг” шаардацгаая!”, “Мөнх тэнгэрийн зарлиг дор эх орноо чөлөөлөх тэмцэлд эрслэн босоцгооё!” гэсэн 4 бүлэгтэй тэзисүүд юм.
2-рт, “Төрийн цахим сонгуулийн ситсемийн тухай” хуулийн төсөл. Модон хайрцгаар сонгууль авч, будлиан хийж, үймээн гаргуулж байдгийг болиулах төсөл юм л даа. Угаасаа ихэнх орон тийм системд шилжчихээд байгаа. Энэ талаар би ноднингийн сонгуулийн дараахан дуугарсан.
3-рт, Монгол, Орос, Хятад, Казахстан 4 улс хамтарсан “Шинэ Алтай” хэмээх чөлөөт эдийн засгийн бус байгуулах тухай санал. 4 улс тэнцүү нутгийг уг олон улсын бүсэд хуваарилан, хоорондоо холбогдоод, Алтай нутгийг хөгжүүлэх тухай юм л даа. Манай улсад бол, гуравдахь хөрштэй ойртох маш сайхан боломж гарч ирэх давхар ач холбогдолтой байгаа юм.
4-рт, “Яс үндсээр ялгаварлан гадуурхах явдалтай хийх тэмцлийг чангатгах тухай тогтоолын төсөл”. Сүүлийн үед энэ аюултай үзэгдэл нийгмийг хагалан бутаргах, монгол туургатныг өвөр хооронд нь дайсагналцуулах маш ноцтой хэмжээнд хүрээд байгаа. Үүнийг таслан зогсооно.
5-рт, “Монгол Улсын баатар”, “Монгол үндэстний баатар” цолуудын тухай санал. “БНМАУ-ын баатар”-ууд шууд “МУ-ын баатар” болчихсон нь зохисгүй. Тэнд Сталин, Брежнев, зөвлөлтийн сансрын нисэгчид, манай болохгүй бүтэхгүй нөхөд хамрагдчихсан л тууж яваа. XX зууны: 11 оны хувьсгал, 13 оны чөлөөлөх дайн, 19-20 оны чөлөөлөх тэмцэл, 32 оны ардын бослогын баатруудыг нэмж хамруулан, болохгүй бүтэхгүйг орхиж, “Монгол Улсын баатар”-уудыг шинэчлэн тодруулах хэрэгтэй байна.
Нийт монгол үндэстэнд гавъяа байгуулсан, Хүннүгээс өдий хүртэлх баатруудад “Монгол үндэстний баатар” цол олгоё оо л гэж байгаа юм л даа, би.
6-рт, “Үр хөндөлтийг хориглох тухай хуулийн төсөл”. Өнөөдөр Монгол үр хөндөлтийн процентоор ч, чөлөөт байдлаар ч дэлхийд хол тасархай түрүүлээд байгаа. Хорт бодлоготнуудын 20 жил хэрэгжүүлсэн үр хөндөлтийн хүйтөрөлгүйтгэлийн дүнд, 600 мянган бяцхан үр хэрцгийгээр яргалуулан амь насаа алдсан. Одоо л үүнийг хориглохгүй бол, хэзээ хориглох билээ. Аргагүй хэдэн тохиолдолд зөвшөөрөөд л, бусад тохиолдолд хүн амины хэрэгтэй дүйцүүлж шийтгэх тухай хууль юм.
7-рт, “Уран зохиолын Олимп” төслийн тухай санал. Манайх шиг жижиг зах зээлтэй оронд уран зохиолоо төр анхаарахгүй бол, Монголын соёл, цаашлаад улс түмэн цаасан байшин шиг нурж унана. Спортын олимпийн аваргыг төрүүлсэн шиг л уран зохиолоо анхаарч, дэлхийд нэр алдраа цуурайтуулсан бүтээл, туурвилчийг төрүүлэх тухай санал юм.
-Та С.Баярт юун тухай ил захидал бичсэн юм бэ?
-Уул уурхайн салбарыг эрүүлжүүлж, улс орноо неоколоничлол, геноцидээс аврах тухай. 4-р сард бичиж эхэлсэн. Хэвлэн нийтлүүлэх нөхцлөөс шалтгаалж 6-р сард дуусгасан л даа. Би ерөнхий сайдад буруу замаар будаа тээхээ эртхэн болиоч ээ, иргэний хөдөлгөөнд нэгдээч, хамтдаа хувьсгал хийцгээе гэж уриалсан.
-Их л зөв зүйтэй саналууд дуулдаж байна даа. Ямар хариу авав?
-Ямар ч хариу аваагүй. Сар өнгөрөөд байхад шүү дээ.
2006, 2007 онд, ядаж хэвлэл мэдээлэл надад гайгүй хандаж байв. Гэтэл энэ жил бүр таг.
Жил ирэх тусам л зөвхөн даргыг л хүн гэж үздэг нийгэм болон хувирч байна.
УИХ-ын байнгын хорооныхон “Гагцхүү УИХ-ын гишүүн, ерөнхийлөгч, ЗГ-ын л саналыг тусгана. Бусдынхыг хүлээж авах боломжгүй” гэхийг сонсоо биз дээ. Иргэдийнхээ саналыг хүлээж авдаггүй ийм төр байж болох уу?
Би нэг ЭСЯ-нд мөн хандаж үзсэн юм. Олон улсын чанартай санал ч бий шүү дээ. Бас хариу үгүй. И-мэйл явуулсан ч таг, бичгээр хандаад ч дүлий дүмбэ. Энэ гадныхан чинь ийм бүдүүлэг улс байдаг юм уу, үгүй бол манай дэглэмд уусан нийлэлдчихэв үү. Хаанаасаа хаалгач гэгчээр монгол ажилтнууд нь устгачихдаг ч байж болох л доо. Визний найман займаа гээд гэмт хэргээс өөр юм сонирхдоггүй, тэгээд бас дэглэмийн тагнуул туршуул улс шургалчихсан, гадаадынхныг гэнэн мөндөл шиг хуруугаа тойруулаад л, шороо үмхтэл нь хөөрхөн молигодчихоод суудаг шиг билээ. 2000 онд нэг найз маань ЭСЯ-д хандахад, хариуд нь хөөрхөн гэгч зөвлөгөө ирүүлж байсан юм. Гэтэл өнөөдөр?
Харин зөв санаа сэтгэлтэй хүмүүс бол намайг дэмжиж байна. Германаас эх орон нэгтэн маань, намайг “Саарал ордонд засаглагсдаас илүү ихийг бүтээж буй жинхэнэ тэмцэгч” хэмээгээд, надаар бахархаж буйгаа илэрхийлсэн байсан. Энэ үнэлгээ биш гэж үү?
-Та санаагаа хэрэгжүүлэхийг тулд яая гэж бодож байна?
-Тэмцэх л болно. Бусад улс оронд төр нь иргэдийн санаачилгыг тулгын чулуугаа болгодог юм. Манайд гудамжны гуйлгачид гэх нь холгүй доромжилж, ихэрхэж, маргааш гэж байхгүй юм шиг, хууль, ял гэж байх ёсгүй юм шиг харалгантаж байна.
Урьд би, олон монгол хүний индивидуалист байдлыг хараад, персоналист тэмцлийн хэлбэр нийгэмд дэлгэрвэл, олон хүн шударга ёсны төлөө тэмцэлд, ардчилсан хувьсгалын үйлсэд нэмэгдэж орно доо гэж бодож байлаа. Персоналист тэмцэл гэдэг чинь хувь хүний, ганцаарчилсан, сайн эрийн, абрэкийн тэмцэл гэсэн үг шүү дээ.
Персоналист тэмцлийн “Нэгдсэн Монгол” сайн дурын хөдөлгөөнийг санаачилсан. 2006 онд өрнөсөн ашигт малтмалын төлөөх тэмцэл дээр би очиж, хувь хүний зүгээс ухуулга хийдэг байлаа. Тэгэхэд намайг нэг хөдөлгөөний удирдлага элсүүлж авах гэсэн. Би персоналист зарчмаа яриад татгалзсан. Гэвч энэ зарчим минь санасан үр дүнд хүргэсэнгүй.
Одоо би иргэний хөдөлгөөнд хамрагдаж, олон нийтийн тэмцэлд оролцох болно. Санал санаачилгаа хамтаараа, улам хүчтэй дэвшүүлнэ, эрчтэй тэмцэнэ.
20-р зууны эхэнд эсерүүд гэж аюултай террорч улс гарч ирэхэд нэг улс төрч “Оросын эрх баригчид юу хүссэнээ л авлаа” гэсэн байдаг. Манай эрх баригчид ард түмний уур хилэнг дэвэргэхээс бус, ард түмэнтэйгээ нэгэн цогц байж чадахгүй байна...
Ташрамд хэлэхэд, миний санал санаачилгуудтай http://moenhbayar.blogspot.com-д танилцаж болно.
-Ярилцлага өгсөнд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Таны санал санаачилгууд хэрэгжих болтугай гэж ерөөе.
Ярилцсан П.Гантулга
No comments:
Post a Comment