Сураггүй алга болсон тэмцэгчид маань
хар гэрт хоригдов уу, хадан гэрт залагдав уу?
Монголыг Чернобыль болгох төлөвлөгөөг
эрхэм гишүүд сонсох ч үгүй батлав
эрхэм гишүүд сонсох ч үгүй батлав
Бусад орны төрд хүмүүс байдаг атал, манай төрд малууд байнам уу, гэлтэй. Харийнхны өгөх тэвштэй тэжээлнээс өөр юм толгойд нь ер орохоо байж дээ.
Гадаадынхан шударгаар хамт-ран ажиллая гэхэд татгалзаад, “заавал манай ордыг зүгээр ав, тэгээд надад тэвштэй бордоо өг” гэдэг тухай би бишгүй л сонсч байсан. Тэр үнэн аж. Япон улс 1990 оноос хойш “манайд туслая” гэж, түмэнтээ санал тавихад дарга нар маань авлига нэхээд, үгүйдээ л залхуураад татгалздаг байж. “Стандарт бэлдцүүд /гулдмай, рулон, утас, элдэв цутгамал/ үйлдвэрлэх хүртэл үе шаттай олборлол-үйлдвэрлэлийн цогцолборыг буцалтгүй тусламжаар бариад, хүмүүсийг чинь сургаад ажиллуулаад өгье, харин манайд л бүтээгдэхүүнээсээ худалдаж байгаарай” гэж санал тавихад татгалзчихаад, харин “ордыг маань зүгээр ав /тэвштэй бордоог бол мартахгүй/” гээд л явж байна шүү дээ. Харийнханд орд тараадаг л ажилтай, бордмол мал-дарга нартай болж дээ, Монгол гэдэг үйлтэй улс түмэн.
Орд тараах ажлаа нэгэн гишүүн чуулган дээр “Насаараа УИХ-д суух биш, насаараа идэж уух биш” гэж өмгөөлөн зөвтгөсөн байна.
Ямар ч утгагүй муу сурлагатан хяналтын ажлын үеэр “2х2=4”-ийг хуулан бичих адил “тогтоол” нэгийн зэргийг, УИХ Оюутолгойтой холбогдуулан гаргалаа. Нөгөө геноцид-гэрээг байгуулах эрх ЗГ-т олгогдлоо. Сүйрэл мөхөлд хүргэх ажил шуударчихлаа шүү дээ. Үүнийг эсэргүүцэн тэмцээд байсан нөхөд хаачив? Сураггүй алга болж. Арай дэглэмийнхэн тэднийг маань хар гэрт хийх юм уу, хадан гэрт залаагүй байгаа?
Дэглэмийн хэвлэлүүдийг үзэхүл, тэд хийдэг рэкэтээ хийж, авдаг юмаа ч аваад тониллоо гэж нэлээд ууртай бичицгээж байна. Үнэн үү, хө?
Нэгэн асар тэнэг дарга: “Рио-Тинтод өгүүлэхгүй бол, Хятадад өгөхөөс өөр арга алга. Монголчуудад 34 хувь хангалттай. 50 гэвэл хөрөнгө оруулагч ирэхгүй. 50 гэдэг бол хуулиас гадуур хэрэг. Ер нь төрийн өмчид төвлөрүүлнэ гэдэг бол урьдын социалист сэтгэлгээ. Бид ардчилал, эрх чөлөөний замаар явах уу, үгүй юу гэдэг эндээс харагдана. Хятадад өгвөл эдийн засаг, тусгаар тогтнол, аюулгүй байдалд харшлана. Оюутолгойг Айвэноу 100 хувь эзэмшиж байгаа, хууль ёсны өмч нь учир, төр түүнийг нь цуцлах, өмчлөлийн эрхэд нь халдах эрхгүй. Хамгийн шилдэг сонголт бол Рио-Тинто” гэж худалдаж авсан хуудсан дээрээ донгосч өгчээ. Энэ хэдхэн үгэнд ямар хязгааргүй их урвалт, гэмт хэрэг, тэнэглэл, галзуурал агуулагдана вэ? Хязгааргүй зүйлүүд дарга нарт маань маш их байх аж.
Яагаад бид баялгаа заавал өгөх ёстой юм? Хөрөнгө оруулагч нэртэй хулгайчдаар яах юм? Ардчилал, эрх чөлөө гэж неоколоничлол, геноцидийг хэлээд байна уу? Айвэноу, Рио-Тинтогийн жинхэнэ эзэд нь хятадууд, энэ компаниуд Хятадын тусын тулд л ажиллах атал, Хятадад өгөхгүй гэж юу яриад байна. Айвэноугаас Оюутолгойг авч болдоггүй юм бол яаж монголын төр, Хятад, Рио-Тинто авах гээд байгаа юм бэ?
Энэ мэт тэнэгүүдийн оюун санааны удирдагч нэгэн: “Оюутолгой жинхэнэ эзэн Айвэноудаа зарагдлаа. Одоо өрнийн компаниуд орж ирэхгүй, зам нь хаагдлаа. Айвэноу баларлаа, сүйрлээ /гол нь үүнд л их санаа зовж бичсэн байв. Ч.М/. Уг нь зүгээр л Айвэноуд өгчихсөн бол Монголын ДНБ өсч, ашгийн 70 хувийг нь төр авч, улс орон Күвэйт болох байв. Гэтэл гурван парламентийн авлигачид, гудамжны рэкэтчид саад хийлээ. Ард түмэн ордыг хурдан эргэлтэнд оруулахыг л хүсч байна” гэхчлэн, нэн бачимдан бичжээ.
Хууль бус хууль, хүчингүй хууль зэргийн дагуу олгогдсон орд яаж Айвэноугийнх байх билээ? Луйварчид баларч сүйрэх нь монголчуудыг юугаар хохироох юм ? Харийн түрэмгийлэгчдийн цөлмөн дээрэмдэх тоо хэмжээгээр ДНБ-ээ өсгөх шаардлага бий юу, зөвхөн дааж давшгүй өр авчрах дээрэм яаж ашгийн 70 хувийг өгөх вэ. 1997-2009 онд ашигт малтмалаа неоколоничлогчидод өглөө гээд сүйрлээс өөр юу авчрав? 12 жил ашигт малтмалаа эргэлт гээчид нь оруулж ирэв, эргэлт гэдэг чинь устгахын нэр үү?
ЗГ “Оюутолгойн гэрээг янзал” гэсэн чиг өгмөр аядсан чинь, дотоод гадаадын луйварчид харин ч бүр: “Монгол ганц ч хувь эзэмшихгүй байж болох бөгөөд, татвараар ашгийн 70 хувийг авах боломжтой ” гэж өөрчлөх санааг гаргаж ирж, улам даварсан. Одоо түүнийг нь хэрэгжүүлэх эрх ЗГ-т олгогдчихлоо. Алдагдалтай ажилланаа гээд амлаад байгаа улсаас алдагдлаас өөр ямар 70 хувь авах юм бэ?
Монголын баялгийг Хятадад өгөхийн төлөө тэмцдэг хүн өдөр тутмын сонинд ярилцлага өгөөд байна гэв үү. Гэтэл Хятадад өгөх талаар мэргэшсэн хүн түүнийг эсэргүүцэн бичсэн байх аж.
Хятадад өгөхөд учир бий. тэр гүрэн бол ганц хүн биш. Хэнд нь өгөх вэ гэдэг дээр л авилгачид маань маргалдаад, яс булаалдсан золбин нохос шиг уралцаж байна. Ван-д өгөх үү, Ли-д өгөх үү гэдэгт л асуудал байгаа юм байна шүү дээ. Нэг нь Ван-гийн нохой, нөгөө нь Ли-гийн нохой.
УИХ маань Оюутолгойн эрхийг ЗГ-т өгөх гэж яараад л, бусад асуудлуудыг сонсох ч үгүй, нүдээ аньж байгаад л баталсан байх юм. Тэрэн дотор нь, Монголын эрх ашгийг өчнөөн шамшигдуулчихсан цөмийн энергийн тухай хууль буй. 1990 оноос хойшхи ЗГ-уудын Монгол улс түмний эсрэг явуулж ирсэн 20 гаруй салбар геноцидтэй их хүйтөрөлгүйтгэл дээр, цөмийн хүйтөрөлгүйтгэл нэмэгдэж байна шүү дээ. Монголчуудыг бүр хэдэн арав дахин, устгах гэж, найдвартай үгүй хийх гэж “төр” маань чармайсаар л ирэв.
Монголын Чөлөөлөх Байгууллагад нэгдэн, улс түмнийхээ төлөө тэмцэцгээе! Хэн тэмцэхийг Мөнх Хөх Тэнгэр ивээж, тэмцээгүйг гэсгээн цээрлүүлэх болно гэсэн маань амьдралд харагдаад л байна шүү дээ. Эх орныхоо төлөө тэмцэхгүй байх нь хамгийн том гэм нүглүүдийн нэг. Харин тэмцэх нь хамгийн буянт үйлүүдийн нэг гэдгийг санацгаая!
Төрийн том толгой түшээдэд эрүүл ухаан буй аваас, хууль бусаар үнэмлэхүй олонх орд олгогдсоныг цуцалж, “Энэржи рэсүрс”-д хандсан шигээ адил тэгж ханд гэж уриалъя! Хэрэв тэгж чадвал, хүн мөн гэдэгт үнэмшье.
Харийн компанийханд “Энэржи рэсүрс” шиг байцгаа гэж уриалъя! Тэр л цор ганц аврал нь мөн. Эсбөгөөс, гарцаагүй Монголд наран гийж, шударга ёс тогтоход, шоронгийн хадаас болж, Халхын гяндан, мөглөнгийн хатуу ширүүнийг амсаж болноо гэдгийг анхааруулъя!
Ч.Мөнхбаяр
MMIX.VII.XXVI
MMIX.VII.XXVI
No comments:
Post a Comment