Tuesday, August 18, 2009

Ахан дүү монголчууддаа


Хандах бичиг

Утга нь: Дэмжлэг авах тухай

Эрхэм монгол ахан дүүс ээ!

Хамгаас үнэт, хайрт Монгол улс үндэстнийхээ төлөө амь амьдралаа зориулна гэж л бодож зүтгэж явдаг чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр миний бие 20 гаруй жилийн өмнөөс өөрийн бүх боломжоор эх орныхоо сайн сайхны төлөө тэмцэж ирсээн. Миний төлөвшилд аугаа эцэг өвгөдийн минь үзэл санаа, гайхамшигт ард түмний минь үнэ цэнэт зүйлс ихээхэн нөлөөлсөн бөгөөд, Монголынхоо амжилт ололтод баясч, асуудал бэрхшээлд зовниж явдаг аа.
Монгол улс түмэндээ ямагт итгэж найдаж ирсэн учраас энэ захидлыг бичиж байна.



1990 оны Ардчилсан хувьсга-лын үр дүнд Монгол Улс зөвлөлтийн дарлал, коммунист дарангуйллаас ангижирсан хэдий ч, урьдын ноёлогч давхаргынханд хууль ёсны хариуцлагыг хүлээлгээгүйн балгаар тэд алдагдсан байр сууриа эргүүлэн олж авч, бэхжүүлсээр, өдгөө улс оронд маань дахин дарлал, дарангуйлал тогтоод байна.
Эрх баригч хоёр намын эвслийн бурангуй сурталд нийцээгүй бүхэн хяхагдан хавчигдаж, шорон гянданд хоригдож, элдвээр хорлогдож байна, олноор нь урвуулж, дэглэмдээ элсүүлж ч байна. Хүн амд оногдох эрдэс баялгийн нөөцөөр дэлхийд дээгүүр орох хэдий ч, монголчуудын амьжиргааны түвшин нэн доогуур байгаа бөгөөд, улам л ядууран уруудсаар. Худалдаа, үйлчилгээ, мал аж ахуй, барилгын тэнцвэргүй өсөлт, хэтрэлт миний Их нуралт гэж томъёолсон үзэгдэлд өртөж, эдийн засаг, хүн ард жинхэнэ сүйрэлтэй учраад байна.
Монголын ард түмний үгүйрэл хоосрол намайг тойроогүй бөгөөд, хичнээн ажиллаж хөдөлмөрлөвч, бизнес хийх гэж олон удаа оролдовч, нэн ядуу амьдралтай хэвээрээ л байна. Ард иргэдээ амьдрах ямар ч аргагүй болгосон нь дэглэмийн улс түмнийхээ эсрэг үйл ажиллагааны үр дүн билээ.



1992 онд л би “ардчилал аюулд өртөж, эдийн засаг явуургүй хошуурлаар завхарч, оюуны ертөнц уруудаж, улс орон уруудан мөхөж байна” гэж анхааруулан бичиж эхэлсэн.
2000 онд “төр улс хулгай дээрмийн гэмт бүлэглэлүүдийн атганд бүрэн оржээ” гэж дүгнэсэн.
2007 оны эхнээс дарангуй дэглэмийг эсэргүүцэх, ардчилал, шударга ёс, хууль сахихуйг өмгөөлөх, улс орны бүрэн сүйрэл мөхлөөс сэрэмжлүүлэх сэтгүүлчийн үйл ажиллагаанд тууштай орж, ингэснээрээ тэрслүү үзэлтэн диссидент болон хувирлаа.
Бүр 1993 онд л, тагнуулын байгууллага тусгай досье нээн, намайг мөрдөж эхэлсэн (Намайг хариуцан тагнаж байсан хүн нь өөрөө надад тэр тухай ярьсан).
Үнэнийг бичиж ирснээсээ шалтгаалж, хавчигдан гадуурхагдах явдал байсан, тэр нь улам ихэсч байна. Зөвхөн найз Я.Мөнхжаргалынхаа хувийн сонинуудаас өөр хаана ч би өгүүллүүдээ нийтлүүлэх боломжгүй болоод байгаа. Бие даасан байр суурьтайгаар бичиж нийтлүүлэгч Монгол улсад маш цөөн, бараг ганц би үлдээд байна.
Хэзээ ч намайг баривчилж, хуурмаг ял тулгаж, шоронд хорлож болох тийм магадлал, түгшүүрийн дор би ажиллаж амьдардаг. Ямар ч үндэслэлгүйгээр, хүний амь нас хөнөөсөн, галдан шатаасан, банк дээрэмдсэн зэрэг хэргүүдэд холбогдуулах гэж байсан. Үнэнийг бичих гэж чармайсан, сэтгүүлчийн үүргээ гүйцэтгэсэн л гэж тэр шүү дээ.
Миний бие гагцхүү шүүмжлэх бус, бүтээх нь чухал гэж үзэж, өргөн хүрээний үйл ажиллагаатай байхыг эрмэлзэж, нийгэмд тустай олон санал санаачилгыг дэвшүүлж байсаан. Монгол улс үндэстнийхээ түүх соёл, эх оронч үзлийг сурталчилсан “Монголын сүлд хийморийн гайхамшиг”, “Монголын 108 гайхамшиг” номуудыг хэвлэн нийтлүүлж байв.
Монгол латин үсэгтэй болох (1991), Улаанбаатарыг Чингисхот гэж нэрлэх (1993), архигүй өдөртэй болох (1999), 7.1-ний үйл явдалд оролцогсдыг өршөөх, цагаатгах хууль (2008), 7.1-нд амиа алдагсдад хөшөө босгох (2008), хямралын эсрэг төрийн хөтөлбөртэй болох (2008) зэрэг санаачилгууд маань нийгэмд нэлээн олон хүний дэмжлэгийг янз бүрийн хэмжээгээр авч байсан. Дарга нар болон, янз бүрийн хүмүүс миний сэдсэн, бичсэнийг өөрийн санаа мэтээр гаргаж ирэх явдал ч олон байдаг.
Өдгөө Монголын нийгмийг “дарангуйллаас ангижрах, уул уурхайн салбарт гадаадын анд нөхөдтэй харилцан шударгаар хамтран ажиллаж, үр ашиг дээр нь суурилсан олон салбарт эдийн засгийг цогцлоон бүтээх гэсэн хоёр алхам л аварна” хэмээсэн санааг сурталчлан дэлгэрүүлж явна.
2008 онд л гэхэд: Монголын нийгэм-эдийн засгийн Их нуралт тохиолдох нь байна шүү гэж прогнозлож, 4-р сард анхааруулж; ашигт малтмалыг зөв эзэмших; үзэл бодлоосоо болж БНХАУ-д баривчлагдсан Монголын иргэн Ж.Соёлтыг суллуулах; сонгуульдаа зөв шударгаар оролцох; 7.1-ний үйл явдлын дараа үндэсний их эвлэрлийг тогтоох; 7.1-ний хэлмэгдэгчдийг цагаатгах хууль гаргах; дугуйлангийн хөдөлгөөн өрнүүлэх талаар төрд болон, ард түмэнд ч уриалж байсан.
Шүүмжлэлд минь төдийгүй, санал санаачилгуудад минь дэглэм дайсагнаж ханддаг нь ойлгомжтой.


Сүүлийн үед найз Я.Мөнхжаргалыг маань заналхийлэх, дарамтлах, шүүхээр торгуулах, эдийн засгийн хуурмаг хэрэгт орооцолдуулах, хавчиж хяхах, бүр зодож нүдэх (үүнээс болоод гэмтэж бэртэж, төрөл бүрийн зовиурьтай ч болсон) зэрэг явдлууд гарлаа.
Түүний эрхэлдэг “Болсон явдал”, “Байлдан дагуулагч” (энэ хоёр сониныг би үүсгэн санаачилж, эрхлэн гаргаж байгаад найздаа шилжүүлсэн), “Далд амьдрал” сонинуудад хэвлүүлж нийтлүүлдэг бусад сэтгүүлчдэд, түүний дотор надад ч тийм явдлууд тохиолдсоор ирэв.
Жишээ нь, 2007 оны 6-р сард, харгис дэглэмийг шүүмжилсэн “Монгол Омен” романаа хэвлүүлсний дараа үл мэдэгдэх этгээдүүд тодорхой ойлгогдох шалтгаангүйгээр намайг зодож нүдэж, улмаар машинд оруулан, үргэлжлүүлэн зодсоор авч явж, ухаан алдуулсан байдалтайгаар хотын захын 22-ын товчоо гэх цэгийн наахна, эзгүй хээр аваачин гуунд хаясан. Үүнээс болж, би дунд зэргийн олон тооны гэмтэл авч, хатгаа тусч, улмаар гэдэсний булчингийн гэмтлээс болоод 2008 оны 1-р сард мэс засалд орж, биеийн хүчний хөдөлмөр хийх чадваргүй болсон. Энэхүү явдлыг харгис хүчний айлган сүрдүүлэх ажиллагаа гэж таамаглаж болохоор байгаа.
Саяхан Я.Мөнхжаргал найзын маань эрхэлдэг нэгэн сонинд чанаргүй хоол хүнсийг өндөр үнээр дамладаг тухай шүүмжилсэн. Тэр тухай олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл урьд нь шүүмжилж байсан. Гэтэл тэр байгууллага найзын маань сонинг шүүхэд өгсөн. Тус газрын гаргаж өгсөн худал үнийн жагсаалт дээр суурилан, шүүх найзын маань сониныг буруутай гэж “тогтоосон” билээ. Энэ мэт жишээ олон бөгөөд, энгийн явдал.
Гэвч миний бие Монгол улс түмэндээ хайртай, эх оронч, үндэсний үзэлтэй нэгэн тул тэмцлээ зогсоохгүй нь ойлгомжтой. Харин дэглэм ард түмний тэмцэл хийх боломжийг улам хумьж, харгислал үйлдэж буй нь ноцтой бэрхшээлийг учруулж байна. Найз Я.Мөнхжаргалыг маань хавчиж хяхсаар, намайг сонинуудад нь хэвлэж нийтлүүлэх, ажиллах боломжгүй болгохоор чармайцгааж байна.
Миний нийтлэлийг хэвлэн нийтлэгч Я.Мөнхжаргалыг “Бор шувуу”-ны хэрэг (“Бор шувуу” гэдэг нууц хэвлэл гарсан) гээчид холбогдуулан, эрүү үүсгэж, улмаар бүлэг сониныг гаргадаг “Алаг хорвоо” нэгдсэн редакцийг нь устган дарах, түүний үүсгэн байгуулалцсан Нийслэлийн сонины холбоог нь гишүүн сонинуудынх нь хамтаар мөн устгах, гишүүдийг нь хоморголон хэрэгт холбогдуулах ажиллагаа ч нэг хэсэг явагдсан. Тэрхүү нууц сонинд ямар ч холбогдолгүй (би зөвхөн ил тэмцдэг) намайг болон миний төрсөн дүүг уг хэрэгт холбогдуулахыг оролдсон билээ.
Монголын сонинуудын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Улсын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Монголын зохиолчдын эвлэл, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо зэрэг байгууллагыг, мөн хүний эрхийг өмгөөлөх ёстой байгууллагуудыг болон ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслийг харгис дэглэм мөнгөөр эрхэндээ оруулах, айлган сүрдүүлэх, татварын дарамтад оруулах зэрэг замаар бүрэн атгаж, шударга дуу хоолойг хааж боох цензурын хэрэгслүүд болгосон.
Хэвлүүлж нийтлүүлэх боломж маань үгүй болох магадлал тун өндөр байна.
Нийгмийн шударга бус явдлыг үл зөвшөөрөгсдийг дэглэмтэй хамтран ажиллахаас өөр ямар ч аргагүй болгодог. Би өөрөө ч: “амьд явах, ар гэрээ асрахын үүднээс тийм зам руу халтиран орох вий” гэж маш их түгшин зовдог. Тийм аюулаас авраач хэмээн хүсч байна!

Зүүн гар талаас: Сэтгүүлч Я.Мөнхжаргал, Ч.Мөнхбаяр,
П.Гантулга нар 2008.07.01-нд


Би цаашдаа диссидент үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, ардчилал, эрх чөлөө, шударга ёс бүрэн ялж мандтал тэмцэх болно. Шаардлага гарвал толгойлж, тэргүүлж, нэр хүндтэй лидер, удирдагч ч болж ч болох юм.
Харин зүй ёсны байх учиртай тусламж дэмжлэгийг хүлээн горилсоор ирсэн минь үр бүтээлтэй болоогүй учир, Монгол улс үндэстнийхээ сайн сайхны төлөө тэмцэж яваа миний бие, эх орон нэгт анд нөхдөөсөө тусламж хүсэхээс өөр аргагүй боллоо.
Миний бие зорьсон үйл хэргийнхээ төлөө:

1. Нийгмийн дарангуй бурангуй, шударга бус явдлын эсрэг тэмцэх дугуйлан, хөдөлгөөн; хүний эрх, хөдөлмөрчдийн эрх ашиг, шүтэн бишрэх эрх чөлөөг хамгаалах ТББ байгуулж ажиллах;
2. Улс төрийн акци, арга хэмжээ, эсэргүүцэл, тэмцэл зохион байгуулах;
3. Ардчилал, шударга ёсонд тустай төсөлд хамрагдан ажиллах;
4. Дарангуйлал, ардчиллын мөн чанарыг харуулсан нийтлэл, сэтгүүлзүйн үйл ажиллагаа явуулах, хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүдээр нийтлэлээ төлбөр төлж нийтлүүлгэж, нэвтрүүлгэж байх;
5. Ардчилал, шинэчлэлийн төлөөх сонин, сэтгүүл, сайт, дайжест зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг үүсгэж, эрхлэн ажиллах;
6. Өөрийн нийтлэлүүдийн эмхэтгэл “Дэглэм ба Монгол” хэмээх хоёр боть номыг эмхлэн бүтээж, олны хүртээл болгох, нийтлэлийн бусад номыг ч бүтээх, бусад хэлээр орчуулган гаргаж, Монголын үнэнийг дэлхий дахинд хүргэх;
7. Дэглэмийн мөн чанарыг илчилсэн “Монгол Омен” романыхаа 2-р дэвтрийг бичиж, олны хүртээл болгох, энэ 2 боть романаа бусад хэлээр орчуулган гаргаж, дэлхийн шударга түмэнд толилуулах, уран зохиолын (бүх жанраар) хэлбэрээр дарангуйлалтай тэмцэх;
8. 1) Өнөөгийн дэглэмийн өөрийн ард түмний эсрэг явуулж буй хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болох геноцидийг зохих субьектүүдээр хүлээн зөвшөөрүүлэх;
2) Монгол дахь геноцид, неоколоничлолын хэргийг Гаага дахь олон улсын, НҮБ-ын эрүүгийн шүүх, бусад шүүхэд өгөх;
3) Геноцидийн (хүйтөрөлгүйтгэл) нөхөн олговрыг олгуулах;
4) Шаардлагатай бол НҮБ-ын цэргийг оруулж НҮБ-ын түр засаглалыг тогтоолгох;
5) Тусгаар тогтнол, ардчилал, аюулгүй байдлын баталгаа болгож Монгол улсын нутаг дэвсгэрт гуравдагч орны баазыг байрлуулгах;
6) VOA, BBC зэрэг мэдээллийн агентлагуудаар монгол хэлээр (дэлхийн бүх монголчуудад зориулж) нэвтрүүлэг явуулдаг болгох;
7) Хөрш улсуудтай нутгийн солилцоо хийж хилийн чанадын монгол туургатнуудаа нэгтгэн авах, стратегийн ач холбогдолтой хиллэлтийг Казахстан улстай үүсгэх;
8) Монгол, Орос, Хятад, Казахстан улсууд хилийн уулзвараа тойруулж, адил хэмжээний газар нутаг гаргаад, олон улсын эдийн засгийн “Шинэ Алтай” (нэрийн өөр хувилбарууд бий) чөлөөт бүс байгуулах;
9) Орос хэлний сургалтыг англи хэлнийх болгож өөрчлөх;
10) Монгол туургатны түүх-соёлын хичээлийг бүх шатны боловсролын хүрээнд заадаг болох;
11) Хууль бус цагаачлалтай тэмцэхдээ монгол хэлний шалгуур зэргийг ашиглах;
12) Электрон сонгуулийн системтэй болох;
13) Хүн амын ердийн өсөлтийг нэмэгдүүлэхийг хөхиүлэн дэмжих хуультай болох;
14) Монгол улс үндэстний жинхэнэ баатруудыг тодруулан мөнхжүүлэх,
15) Монголыг шарын шашны “Ватикан” болгох зэрэг санал санаачилгуудаа олон түмэнд сурталчилж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах, санал санаачилгуудынхаа эмхэтгэлийг “Монголыг хэрхэн аврах вэ?” (“Монголыг хэрхэн хөгжүүлэх вэ?”) нэртэйгээр гаргах;
9. 2007.10.22-нд ХБХ-аар танилцуулсан “Монгол улс үндэстний нөхцөл байдлыг сайжруулах багц санал, төсөл”-д багтсан
1) Монгол туургатныг Монгол улсад нүүлгэж ирүүлэхэд чиглэсэн Уугуулшууллын (репатриаци) тухай хуулийн төсөл;
2) Бүх монгол туургатныг Монголын улсын дан буюу давхар иргэншилтэй болгож, Монгол улсад элэгшүүлэх зарчмыг тунхагласан Элэгшүүллийн тухай хуулийн төсөл;
3) Монгол туургатныг сталинист дэглэм, “соёлын хувьсгал”-ын үед хүй төрлөөр нь хөнөөж байсан геноцидийн үнэнийг хүлээн зөвшөөрөх, зөвшөөрүүлэх, таниулахад чиглэсэн Геноцидийн (хүйтөрөлгүйтгэл) тухай хуулийн төсөл;
4) Монгол улсын болон элэг нэгтнүүдийн монголтуургач (даяармонголч, интермонголист, панмонголист) нэгдмэл бодлого, хамтын ажиллагаанд чиглэсэн Засгийн газрын монгол туургач номнолын (концепци) тухай санал;
5) Ашигт малтмалын хуулийг бие даах, дангаарших үзлийг тусган шинэчлэн зохиох тухай санал;
6) Төрийн далбаа, сүлд; улс, үндэстэн, парламентийн нэршлийг шинэчлэн тогтоох тухай санал;
7) Монгол латин үсгийн төсөл зэргийг олон түмэнд сурталчилж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах зэрэг алхмуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд,

Эх орныхоо хөгжил цэцэглэл, ардчиллыг дэмжигч байгууллагууд, анд нөхдөөс аль боломжтой зүйлд нь
- санхүүгийн дэмжлэг
- хамгаалалт (шаардлага гарвал, өөр оронд улс төрийн орогнол олгох, бусад улсын иргэн болгох ч байж болно),
- зөвлөгөө
- мэдээлэл
- орчуулгын тусламж
- уран бүтээлийг дэмжих
- хамтран ажиллах зэрэг чиглэлээр тал бүрийн тусламж үзүүлэхийг, чин сэтгэлээс итгэж найдсандаа хичээнгүйлэн хүсч байна.



“Хүйтэн дайн”-ы үед социалист гэгдсэн орнуудын ардчилал-шударга ёсны төлөөх диссидент үзэлтнүүдийг шударга улсуудын анд нөхөд, үзэл бодол нэгтнүүд нь дэмжиж байснаар, дэлхийд аюул занал учруулсан асар том тогтолцоо нуран унахад хүргэж байсныг хүн төрөлхтөн мэднэ. Азийн зүрхэнд ардчилал, эрх чөлөө, шударга ёс, хөгжил дэвшлийг авчрахын төлөө тэмцэж буй монголчууд минь ч надад болон тэмцэл зүтгэл нэгтнүүдэд минь туслана гэдэгт найдаж байна.
Надад шууд туслах боломжгүй бол тусалж дэмжих хүмүүс, байгууллагуудын талаар мэдээлэл өгч, болбол холбож өгөн зуучилж, гүн туслалцаа үзүүлнэ үү.
Би зөвхөн тусламж дэмжлэг авах бус, үзэл нэгт, эх оронч нөхөд та бүхэнд чадах зүйлээрээ туслах, хамтран ажиллахад бэлэн байх болно.
Тусалж дэмжих элгэн халуун сэтгэлтнүүдтэй уулзаж тодорхой асуудлыг ярилцаж хэлэлцэхийг хүсч байна.

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж,
хүндэтгэн ёсолсон чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр

Блог сайт: http://moenhbayar.blogspot.com

No comments: