Saturday, August 15, 2009

Хө.Хүчит: Чи бидний Нармай Монголын үзэл санаа дийлэх цаг удахгүй ирнэ!


Анд, зохиолч, сэтгүүлч Х.Хүчитбаатарын захиаг 7.16-нд гардан авч, ихэд баяссан, бас нийгмийн ороо бусгаа явдалд бухимдсан ч билээ. Шүүх хурлын тухай мэдээг ихэд тулгуу авч, яаран очсон ч, “эхэлчихсэн тул болохгүй” гээд оруулаагүй.

Хэдийбээр анд маань өөрийнхөө тухай хэвлэлд бүү бичээрэй гэсэн ч, захидлаас нь олон түмэнд толилуулж болох хэсгийг нийтлэх нь нүгэл болохгүй, харин ч буруу ташааг залруулах тустай болох биз ээ гэж үзээд энд толилуулахаар шийдэв.
х х х
Миний үзэл санаа нэгт, үндэсний үзэлтэн
эрхэм нөхөр Ч.Мөнхбаяр танаа


Энэхүү өдтэй бичиг хүрэх өдрийн мэндийг хүргэн мэндчилье!

Чи бидний Нармай Монголын үзэл санаа
ялан дийлэх цаг удахгүй ирнэ!

... Одоогоос бараг долоо найман жилийн өмнө мань мэт нь Их Монголын үзэл санааг ярьж хөөрч байхад хүмүүс ихэд хачирхаж “Энэ Хүчит гэдэг нөхөр хэвийн бус, тэр бол “их муухай үндэсний үзэлтэн”, түүнээс хол байх хэрэгтэй” гэдэг байсан.
Тэгвэл одоо бараг бүгдээрээ үндэсний үзлийг мэддэг, ярьдаг, бас зарим нь энэ тухай наддаа сургадаг болж байна. Энэ нь нэг талдаа их сайн хэрэг мөн боловч нөгөө талдаа өдгөө бидэнд туйлын хариуцлагатай цаг үе ирж байна. Учир нь юу вэ гэвэл үндэсний үзэл санаан дээр тоглож гарч ирэх гэсэн өтөл бэртэгчид, улс төрийн хүчнийхэн, өнөө маргаашийн ашиг хонжоо хайгчид эдүгээ их болжээ.
Тэд “Үндэсний үзэл хэрэгтэй л дээ... Гэхдээ хэт үндсэрхэх хэрэггүй, үндэсний үзэл санаа гэдэг бол нөгөө муухай ПанМонголизм биш л дээ, Нармай Монгол бол үндэсний үзэл биш шүү! Зөвхөн Монголдоо л сайхан амьдарцгаая, тэгвэл бусад нь бидэнд огт хамаагүй!” гэх зэргээр ухуулан энд тэндгүй сурталчлах болов. Харав уу? Тэд үндэсний үзэл санааг Нармай Монгол буюу ПанМонголизмоос салгаж, огт ондоо зүйл болгон тоглох гэж байгааг!
Империалистууд “Хуваа, захир!” гэсэн уриатай байдаг. Дээрхи үг хэрэгжсэн жишээ нь манай монголчуудын XVII-XX зууны дунд үе буюу 1654-1944 он хүртэлх эмгэнэлт үйл явдлуудын он цагууд!
Тэгвэл одоо нийт монголчууд нойрноос сэрж, манангаас гарч ирээд, өөрсдийнхөө оршин тогтнох, амьдрах утга учрыг олж, үндэсний үзэл санаа нь дахин сэргэн мандаж эхлэв бололтой. Энэ сэргэлтэнд та нарын “Байлдан дагуулагч”, “Алаг хорвоо”, “Болсон явдал”, “Далд амьдрал” сонин, О.Чинбаярын “Маш нууц”, Б.Галсансүхийн “Ноцтой мэдээ” зэрэг сонинууд маш их нэмэр болж байна.
Нэмэр болж байгаагийн жишээг би өөрийнхөө нүдээр яг одоо энд олонтаа харж сууна. Эгэл жирийн хүмүүс урьд өөрсдийнхөө хар цай, бор талхныхаа төлөө их боддог байсан бол одоо арай өөр болжээ. Сайн цагийн дохио!!!
Тэд одоо төр засагт итгэл алдрахын зэрэгцээ, өөрсдийнх нь газар нутгийг сүйтгэн булааж, тонож дээрэмдэж буй гадаад дотоодын гэмт этгээдүүдийн явдлыг өөр хоорондоо шүүмжлэн хэлэлцэж, хойчийн цаг үе, үндэс угсааныхаа төлөө ихээр сэтгэл зовних болжээ. Сэтгэл нь зовнисон хүмүүс авралын од, гэрэл гэгээг хайж эхэлдэг, бие биеэс асууж эрэлхийлдэг, уншсан, үзсэнээ ярьж, санал бодлоо солилцож хэлцгээдэг, сонин хэвлэлээс эш татдаг.
Үүний нэг жишээ гэхэд, саяхан чиний “Байлдан дагуулагч” сонин дээр нийтлүүлсэн тува нарын тухай, тэд манай монголчууд бөгөөд 1914 оноос оросуудын явуулгын золиос болж, төдөлгүй тоглоомын улс болон Монголоос салан тусгаарлагдаж улмаар, 1944 онд Улаан Импери СССР-ийн бүрэлдэхүүнд орсон тухай материал; бас буриад-монголын цагаантаны хазаг цэргүүд; германы цэргүүдтэй хамтран сталинизмын эсрэг тэмцэгч халимаг-монголчуудын тухай сонирхолтой гэрэл зураг бүхий жинтэй материалууд хүмүүсийн сонирхлыг их татсан.
Хамгийн сонин сайхан мэдээ гэвэл, чиний тэр материалыг эндхийн Ганцхудагийн хуягууд, бас хоригдол ялтанууд гар дамжуулан амтархан уншаад, дараа нь надад сонирхуулан ярьцгааж билээ.
Энэ мэт жишээ олон байна. Танай сонин дээр хичээнгүй сайд Цэрэндоржийн тухай, тэрээр гамингуудтай хуйвалдаж, тэднийг Монголд “урьж авчирсаныг” хэзээ ч юм нийтэлсэн байж. Энэ тухай тэд одоо ч хүртэл ярьж хөөрч, Цэ Янь Шань хэмээх хятад нэртэй, Бао Лин-гийн буюу Балингийн Цэрэндоржийн жинхэнэдээ хэн байсныг надад ярьж өгч байлаа.
Чиний бичсэн монгол уугуулшууллын тухай уншаад хүмүүс их дэмжиж байна. Сонинуудыг чинь энд хүмүүс их амтархан уншиж, хадгалж, бас өөр хоорондоо булаалдах, дамлан зарах ч явдал их бий. Учир нь танай сонинууд дээр Монголын үндэсний үзэл санаа үнэртсэн материал тогтмол гардгаас тийнхүү энэ газар, шоронд үнэд орж байна. Харин хоосон хов жив, хөлсний захиалгат бичвэр, гүтгэлэг, ухуулга нийтэлдэг сонинуудыг хүмүүс нэг их тоохоо больжээ.


Тиймээс дээрх хэдэн сонингууд болоод, тэднийхээс нэг их ялгарахгүй сонингуудад чи энэ талаар сайн хэлж, нөхөрсөг зөвлөгөөг минь дамжуулаарай! Би яагаад сонин хэвлэлийн эрэлт хэрэгцээг гэнэтхэн дүгнэдэг болчихсон бэ? гэвэл Ганцхудагт хоригдож буй хүмүүс, бас тэднийг харгалзаж байгаа ахлагч офицеруудын дунд хийсэн ажиглалтын үр дүн тиймд хүргэв шүү дээ!
Хүмүүс ар гэрийнхэндээ та нарын сонинуудыг авчирч өгөхийг их захидаг болжээ. Сүүлийн үед хүмүүс үндэсний үзлээр “өвчилж”, маш их сонирхож ярих нь ажиглагдлаа. Аргагүй биз дээ, нийгэм маань ямар байгаа билээ дээ. Энд хятад солонгосуудаас охид хүүхнээ, найз бүсгүйгээ өмөөрч харамласнаас болж, хэрэг дэгдээсэн залуучууд маш ихээр хоригдож байна.
Монгол болон гадаад /хятад/ хоригдлуудын нөхцөл байдлын ялгавар намайг их эмзэглүүлсэн.
Би энд төдийлөн ядарч зүдрээгүй. Анх орж ирэхэд, урьд нь улаан армидаа гурван жил алба хаасны ч хэрэг нэлээд гарах шив дээ.
“Хүчээ минь яав даа!” гэж бичсэнийг чинь олж үзчихээд, “Миний найз уг нь хүн алах хүн даан ч бишсэн дээ!” гэж арга тасарсан байдалтай бичсэнийг чинь уншчихаад дараа нь би их л юм бодож эргэцүүлсэн дээ!
Чиний зөв өө! Би тэгэх хүн биш ээ! Тэгэхдээ би аргагүй хамгаалалтыг хэтрүүлчихсэн юм. Тэр явдалд уг нь талийгаач буруутай. Намайг гэртээ хатгалгаатай халуурч хэвтэж байхад тэр, хаалга үүд пижигнүүлж байж согтуу орж ирчихээд надаас архи, мөнгө нэхээд байсан юм.
Сүүлдээ бүр даварч, хэвтэж байгаа намайг дээрээс зодож, бүр багалзуурдан дарсан хэрэг л дээ. Дээрээс дараад багалзуурдсан түүний гараас яаж гарахаа олж ядсандаа гарт таарсан хайчаараа зузаан гуянд нь дүрчихсэн нь гай болж, тэр судас нь таарчээ. Тэр намайг дарамтлахаа больсон боловч цус алдсаар байгаад, нас барсан юм.
Би эмнэлэг рүү тэр дороо зөндөө утасдсан боловч ирсэнгүй. Ингээд би тэр нөхөрт чадах мэдэхээрээ эмнэлэгийн тусламжийг үзүүлэхээр хичээсэн боловч нэмэр болсонгүй ээ! Тэгээд би цагдаа руу утасдаж юу болсоныг бүгдийг нь хэлсэнээр, тэд ирж намайг гавласан. Ерөнхийдөө ийм л юм болсон хэрэг! Түүнээс биш би айлын гэрт очиж, эзэнтэй нь архи ууж, эцэстээ маргалдан хутга шөвөг болоогүй ээ! Энэ бол ташаа мэдээлэл!
Харамсалтай нь энд Ганцхудагт бусдадаа агсам тавьсан хэн нэгэнтэй зодоон нүдээн хийж байж хэрэгтэн болсон хүмүүс зөндөө олон байна даа! Би тэдний л нэг! Тэгэхдээ найз минь сэтгэлээ бүү зовоогтун! Би хүний амины хэрэгтэй ч өч төчнөөн жилийн ял арай авахгүй байх! Энд хөнгөрүүлэх шалтаг олон байгаа болохоор энэ зүйл анги нь 25 жилээр гяндан, онцгойд биш харин хөнгөрүүлж 10-15 жилээр чанга дэглэмд гэж ял авах байх даа.
Шоронд ч бас зүгээр байхгүй. Юмаа бичиж байна. Ойр зуур орчуулга хийж, бас шоронд орсон залуу дүү хөвгүүдэд хэл ус зааж, үндэсний үзэл санааны талаар хэлж өгч байна. Товчдоо гэвэл ийм байна.
Чи харин одоо анхааралтайгаар миний хэлэхийг сонс! Хамаг Монгол, Хөх Монгол, Даяар Монгол хэмээх залуучуудын хөдөлгөөнүүдийг би сайн мэднэ. Учир нь тэдний анхдагч болох Даяар Монгол хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг нь бол би! Тиймээс надтай хамт түүнийг үүсгэлцсэн Пүрэвсүрэн, Бат-Очир ах, элчин сайд Гүрбадам, Рэнцэнтавхай нартай холбоотой байгаарай!
Монгол үндэстний нэгдэл хэмээх байгууллага байдаг гэнэ. Түүнийг хэн үүсгэсэн болон цаана нь ямар хүмүүс байгааг сайтар судлаарай! Үнэхээр монгол үндэстнээ гэсэн үзэл санаа байна уу? Эсвэл өөр санаа байна уу?
Чи үндэсний үзэлдээ үнэнч байж, улс түмнийхээ төлөө тууштай тэмцэж яваарай. Чамд би төдийгүй, үндэсний үзэлтэн олон хүн итгэж найддаг шүү. Үндэс угсаагаа гэж явдаг хэн бүхэн чамайг мэддэг, чамд итгэж найддаг гэж бодож байна.
Тун удахгүй намайг шүүх хурал болно. Тэр шүүх хурал дээр та нар, намайг таньж мэдэх нөхөд ирвэл их сайн байна шүү!!!
Шүүх хурал хэзээ болохыг өмгөөлөгчөөс маань асууж байгаад ирээрэй!!!
Анд нь шоронд ял эдлэх хугацаанд өөрийгөө боловсруулна, ялангуяа англи хэлээ бие дааж сайжруулна, юмаа байнга бичих болно оо!
За анд минь! Шүүх хурал дээр уулзая даа!

2009.06.21. Хө.Хүчитээс

No comments: