Wednesday, March 31, 2010

Засгийн газар удахгүй огцрох нь ээ! Яагаад тэр вэ?


Монголыг монголчуудаас нь цэвэрлэх нь үү

Алганы хээ судлаач Ц.Бор, бар жилд хамтарсан ЗГ огцорно гэжээ. Зурхайч Д.Дашцэрэн улс орон үе үе үймэх болно хэмээв. Тэдний зөн билиг нийгэм-улс төрийн төлөвтэй нийлэлдэж байна. Хоёр салбар дээр л авч үзэцгээе.
ЗГ-ын уналт эрүүл мэндийн салбараас эхэлсэн нь тохиолдлын хэрэг бус. Хамгийн их доголдолтой салбаруудын нэг. 
Сүүлийн үед Монгол орон шинэ халдварт өвчний хор урхгийг турших талбар болоод байна. САРС, шувууны ханиад, гар-хөл-амны өвчин Монголд тааваараа дэлгэрч, эрдэнэт монгол хүмүүний амь насыг зоргоороо авч одсон. Цаад бичил биетнийх нь өсөлт байгалийн шалтгаанаар зогсоход л, халдвар намждаг боллоо шүү дээ. Үндэсний анагаах ухааны оролцоо гэж байв уу, үгүй юу. Үхэх нь үхээд л дуусах юм. Бусад халдваруудын тухайд ч тэр. 

Гахайн ханиад дэлгэрэхэд ЭМЯ юу ч хийж чадахгүй л байсан. Салбараараа ажил хаячихсан, харин ч бүр халдвараар барьцаалж хүссэнээ нэхэж авахыг оролдов уу, яав. Гахайн ханиад дэлхийд түгсэн хавраас хойш яамны сайдууд, удирдлага урьдчилан сэргийлэх ямар ч арга хэмжээ авалгүй суусан шигээ, ноднин өвөл Монголд орж ирэхэд нь тайван амгалан байцгаа, жирийн нэгэн томуу л гээд байв. Тэр тайвшруулалт гэхэд л хатуу шийтгэл оноох ёстой хариуцлагагүй явдал. 
Тайвшрах үндэс байгаагүй. Нийслэлийнхний уушиг муу. Халдвар эрчтэй тарж байв. Гамшгийн өмнө төр гар хоосон. Ямар сайндаа цагдаагийн машиныг ч түргэн тусламжид дайчлахав дээ. Эмнэлгүүд зөвхөн гахайн ханиад дээр ажиллахад хүрч, опэрацийг бараг хориглосон. 
Ханиаданд хамгийн өртөмхий нь жирэмсэн эмэгтэйчүүд байсан нь эмгэнэлтэй. Амьсгал дутмагшуулдаг өвчин атал, УКТЭ-д л ганц амьсгалын аппараттай. Ийм байхад тайвшруулж, тайвширч байсан нь хорлон сүйтгэлт бус уу. Гэтэл харин нам засаг Японы иргэн ханиад авчирсан, Япон бактэриологийн  дайн зарлалаа гэх нь холгүй суртал нэвтрүүлэг явуулж байв. Харийн ашигт малтмал олборлогч луйварчин этгээдүүдийн охин компани болчихсон төр маань хамаг улс гүрэнтэй л дайтах гээд байдаг болсон шүү дээ. 
Хятад эмнэлгийг сурталчлан дэлгэрүүлж ч байх шиг. “Ту вэй, чэн жиан, лиан гуан, тиан ту цэгүүдээн дарж, илбээс гахайн ханиаднаас сэргийлнээ” гээд л, нам засгийн албан ёсны материалууд сонин бүр дээр хэвлэгддэг байсан. Яахаа ч мэдэхгүй, барьц алдсан л байхгүй юу. 
Энэ байдлыг нь далимдуулаад л, баахан “гахайн ханиад дардаг” улс гарч ирсэн. Адууны мах, сонгино сармис, аарц, шар тосны үнэ тэнгэрт хадаад л. Гэдэс цатгахаас өөр “эмчлэх” зүйлгүй л хүнс хоол сон. Нэг ламтан, “шарын шажин болбоос гахайн ханиадыг эрт дивангалбаас нааш анагааж ирсэн, гахайн зурагтай судар, тарни, зүүлт, Мана-4, Чацаргана-5, Үзэм-7, Зутан-25 зэрэг эм тан байдаг” гээд л авч өгсөн. Чацарганы магнат, монополист нэгэн том даргыг бүтээгдэхүүнээ төрд шахаж тэрбумтан, их наядтан болов гэсэн чинь, нөгөө дарга энэ үеэр өөрийнхөндөө бараг чацаргана зарахыг хориглосон ухааны юм ч ярьж байх шиг. 1-2 үрлийг уухад 3 хоногт эдгээдэг хятад эм гарав гэж рэклам явж байсан. Гахайн хаос л ноёлов шүү. 
Вакцин ирнэ гэж домог тарсан, тоо ёсоороо ирсэн үү, тарьсан уу, бүү мэд. Дарга нар аль хэдийнэ вакцин хийлгэцэн биз гэсэн яриа гарахад, мөхөс оюунт эрх мэдэлтнүүд би лав хийлгээгүй, би ч хийлгээгүй гээд л уралдан мэдэгдэж, онигоотож билээ. Хаад ноёд маань хүртэл урьдчилан сэргийлж чадаагүй бол, салбарын төвшин ямар дорой байгааг л харуулж буй хэрэг. Хятадууд хямд вакцин буй атал, өрнөдөөс өндөр үнэтэйг оруулж ирлээ. 
Вакцинжуулалтыг ямар ч эмх замбараагүй, бушуу дуусгаж, салж авъя гэсэн байдалтай гүйцэтгэж эхлэв. Сэтгүүлчдийг бараг хамгийн түрүүнд вакцинжуулсан. Нам засаг хэвлэл мэдээлэлтэй тулж ажиллаж, онцгой “хайрлан халамжлах” болсны нэг илрэл. Өнөөдөр вакцин, маргааш “амаа хамхи”, эс бөгөөс “КГБ, Гулаг”. Шууд л 2 дунд сургуулийг хуу вакцинжуулчихсан. Нөгөө, эрүүл мэнд муу, ахмад настай, жирэмсэн зэрэг эрсдлийн бүлгийнхнийг эхний ээлжинд сонгоно гэсэн яалаа.
Мал эмнэлэг сөнөсний 20 жилийн ой болох гэж буйн учир, бараг 20 жил сул зогссон, дэлхийд томд орох Биокомбинат маань гахайн ханиадны вакциныг дор нь үйлдвэрлээд өгье гэсэн. Саяхан тэнд, Унгарын тусламжаар шинэчлэлт хийгдсэнийг ч хэлэх үү. Гэтэл эрүүл мэндийн сайд, 20 сая хүн амтай улсад л вакцины үйлдвэрлэл зохион айгуулах ёстой гээд зөвшөөрөөгүй. Хүний амь эрсдэж байхад, юуг ч, яаж ч зохион байгуулж болох бус уу. “Тэгээд ч манайд ус вакциныг ялгах лаборатори, боломж байхгүй” гэж яамныхан мэдэгдэж байж билээ. Гайхуулах юмаа мөн олов оо.
Зарим үйлчилгээ, арга хэмжээ, үйл ажиллагааг хориглож, заримынх нь цагийг хязгаарласан замбараагүй онц байдал нь, юуны өмнө нийгмийн олон шалтгаант бухимдал дургүйцлийг муйхар хэлбэрээр дарах гэсэн, улс төрийн опэраци байлаа. Үүнээс болж, эдийн засагт сөрөг нөлөө ихээр учирч, ард иргэд өргөн хэмжээгээр хохирсон юм. Төрийн аливаа шийдвэр иймэрхүү, хортой л байдаг боллоо шүү дээ.
Эрхэм сайдыг огцруулах кампани өрнөхөд түлхээс болсон нярайн халдварыг аваад үз. Эхлээд нуун дарагдуулахыг оролдсон. Анх ам алдсан ерөнхий эмчийг даруй халав. Хүүхдүүд эндэв. Халдвар гарсан I амаржихыг удаан хугацаагаар хааж, асар өндөр үнээр ариутгах, шинэ амаржих барьчих дайны өртгөөр завсар хийх болж, нөхцөл байдал улам доройтов. Эхчүүдийг хувийн эмнэлгүүдэд байрлуулж, цаадуул нь нэг хүний ор-хоногийг 30 мянган төгрөгөөр тооцож улсаас төлбөр авах болсон. Их мөнгөнүүд дуулдаж байгаа биз. 
Энэ салбарыг удирдлага нь мөнгө хурааж, хага цохидог гахай болгохыг л зорьдог шиг. 2009 онд урьд оноос нь хоёр дахин их төсөв өгсөн атал, улам мөхөсдөж, ахиад л “төсвийг хэд дахин өсгөхгүй бол болохгүй, эмчлэх байтугай, халууны шил ч алга” гэх юм. Даатгалын гурван жилийн мөнгийг нэгмөсөн авна ч гэх шиг. Яам уу, мөнгөний “хар нүх” үү?
Эх нялхаст 20 гаруй жилийн турш маш харгисаар хандаж ирснийг тэмдэглэх хэрэгтэй. Хүүхэд чинь өсөлтгүй байна, буруу өсөлттэй байна, цэвэрлүүл, 40-50 мянган төгрөг аль гэх нь олонтаа аж. Эхийн хэвлий дэх үр хог новш болчихсон, Монголыг монголчуудаас цэвэрлэдэг болчихсон л юм байна шүү дээ. Абортыг дэлхийд хамгийн чөлөөтэй, задгай болгосон 20 жилд 600 гаруй мянган үр хөндөлт хийгдсээн гэж анагаахын салбарын том мэргэжилтэн бичсэн.
Бие давхар эмэгтэй үр хүүхдээ төрүүлэх болчихоод, сандарч мэгдчихсэн ирэхэд, хүлээж авахгүй цааргалж, ор дэр байхгүй гэж түвэгшээж, авлига хахууль нэхэж, эсбөгөөс бараг, чи хормойн донтойдоо жирэмслэв гэх нь холгүй хөөж тууж, хүлээж авлаа гэхэд ялтанд ширүүлэх адил ханддаг гэж зөндөө л шүүмжлэгдсэн. Ор байхгүй гэдэг нь ердөө л хамаг ороо гаргаад хураачихдаг юм байхчивлээ.:
I амаржих засварт орсноор үрээ тээж буй бүсгүйчүүдийн байдал улам л хүндэрч байгаа. Уг нь, сүүлийн 20 жилд нийслэлийн хүн ам их төлөв дүрвэгчдийн улмаас хоёр дахин нэмэгдсэн ч, төрөх газруудын хүчин чадал нэмэгдээгүй. Зохих хэмжээнд хүргэхийн тулд шинэ амаржих газар барих мөнгийг төсөвт суулгаад өгдөг нь ор сураггүй болчихдог, бүр газар олдохгүй байна гээд л он жилийг улираадаг аж. 
II амаржих мөн хаагдах сурагтай. Ингэснээр, жирэмсэн эхчүүдийг түр байрлуулсан бусад эмнэлгүүдэд ч халдвар гарч, хаагдах юм гэнэ. Улмаар нийслэлд хүүхэд төрүүлэх ямар ч бололцоогүй шахууд хүрнэ.
Монгол улс үндэстэн үрсийн заяагүй болох нь уу, таминь ээ. 
1974 онд Дорноговийн эмнэлэгт нохойд зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийгдэж байж. Ямар төвшин байж вэ? Гэтэл одоо...
-Парацэтамол нэрээрээ бүртгэгдээгүй тул тайлэнол нэрээр нь л хэрэглэж болно гэж гахайн ханиадны онц байдлын үеэр мэдэгдсэн.
-Өрхийн эмнэлгийг олигтой зохион байгуулж чадаагүйгээс, өдгөө хэрэгцээ нь огт харагдахгүй байгаа, хүнд суртлын дамжлага, илүүц бүтэц болж гэнэ. Нэг ч үйлчлүүлэгч үгүй шахам атал, ажиллагсад нь машин нэхэж байгаа сурагтай. Тавхан алхмын зайд хаазаа нэмээд л хурдлаад байж дээ.
-Эмнэлэг-лаборатори-аптэкийн мафижсан тойрог сүлжээнүд үүсч гэнэ шүү. Бие биеийнхээ үйлчилгээ, орлогыг л нэмэгдүүлэх зорилготой. Эмнэлэгт үзүүлэхэд тийм лаборатори, газарт ийм шинжилгээ хийлгэ, зураг авахуул гэдэг, дараа нь тийм аптэкээс л ийм ийм эм ав гэдэг, нөгөөдүүл нь бас эмнэлгээ эргээд сурталчилдаг /сурталчлах ч гэж дээ, тулган хүлээлгэдэг/, эсбөгөөс, эдгэнэ гэж гонжийн жоо хэмээн дарамталдаг явдал газар авч буй аж. Эл сүлжээнийхэнд эрүүл мэндийн асуудал бол падлийгүй, олон хүн өвчилж л байвал сайн.
-Гахайн ханиад дээр өндөр ачаалалтай ажиллаж байсан эмч нарыг яамнаас харж үзээд, лаазалсан тахианы мах түгээсэн нь, муудсан, гэдэсний өвчний нян үржчихсэн, ядаргаа тайлах биш, харин ч хордлого өгөн, баллаж тавьжээ. Тэр үеэр 2006 онд хугацаа нь дууссан хлораминаар хангалт хийсэн.
-Эрхэм сайд биеийн тамир, спортын даргаар өөрийнхөө хүнийг томилох гээд, өмнөх сайдын хүнийг /шугам зургийн багш гэв үү дээ/ хусч орхитол тамирчид, спортынхон үймсэн. Сайд тэднийг төрөөс авсан хамаг шагнал, цолоо буцааж өг гэж дарамталж байтал, ЗГ хуралдаанаараа хусагдсан даргыг эргүүлээд тавьчихав. Бокс моксоор хичээллэж байсан мундаг эр хэрнээ, шавилхан бүсгүйд ялагдав гэж нөхөд нь шоолжээ.
Одоогийн төвшин ийм л байна. 
Сайдыг гадаад явсан хойгуур нь огцруулна гэж үзэж тарсан. Байхгүй үед нь нярайн халдвар гарав. Сайд удтал дуугүй л байлаа. Гэтэл “би хоёр хоног л явсан” хэмээн гарч ирж олныг цочоов. Хоёр хоног л байхгүй асан бол, огцруулах талаар дуугардаггүй юм гэхэд, халдварын талаар яагаад чимээгүй байв? 
Сэтгүүлч, нярайн халдварын хариуцлагыг хэн хүлээх вэ гэхэд, миний биш, нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдлийнх шүү дээ, хэн буруутайг холбогдох газар нь л тогтооно биз гэж дуржигнав. 1-рт, салбарын хариуцлага сайдад оногдох нь зүй, 2-рт, орон нутгийн байгууллагууд руу бухаад байвал, хариуцдаг юм гэж түүнд үгүй болж таарч байна. Тэгэхлээр сайд ч биш, хэн ч биш гэсэн гаргалгаа гарч ирнээ дээ.
Толгойлогч нь хүртэл гадаадад эмчлүүлнэ гэдэг, салбарын талаар нэгийг хэлээд л байгаа юм. Гэтэл тэрбээр, эрүүл мэндийн салбар даяаршчихсан, тиймээс хэн ч, хаанаа ч эмчлүүлж болно гэв. Зарим улсад нь даяаршаад, заримд нь байхгүй болоод байдаг ямар сонин, хамэлэон шиг салбар вэ.
Мөн тэр хүн, манай яамны сайд гэдэг нь улс төрийн ажил болой хэмээв. Улс төр яах вэ. Эрүүл мэнд хэцүүдлээ!

Мал нь малчдаа ямаа нь улс үндэстнээ 
идэх гаж үзэгдлүүд гаарав

Өчнөөн олон том салбаруудыг хамаарчихсан нэг ланжгар яам байдаг аа. Ачаа нь хүндэдчихсэн үү, хаашаа юм, болж бүтэж буй нь тунчиг ховор.
МАА-г зөв мэргэн залуурдаж жолоодож, хөгжүүлж дэвжээж явсангүйн тул дунд нь ороод төөрчихсөн, алингаан мэдэхээ байчихсан. Мал сүрэг маань нэг бол 50 сая хүрчих гээд, нэг бол сая саяараа хиараад л. Малчид нь ядуураад л. Англид, хонь нь хүнээ идэх гэдэг үзэгдэл дундад зуунд гарсан. Тэрэн шиг л, мал нь малчдаа идэх, ямаа нь улс үндэстнээ идэх гэдэг гаж үзэгдлүүд хавтгайрлаа. 
Ямаа жилд нэг саяар өсдөг болж гэв үү. 20 гаруй сая ямаатай, дэлхийн ноолуурын 40 хувийг бэлтгэдэг гээд айдас төрүүлэм цифрүүд дуулддаг. Айхуйн учир гэвэл, Өмнөд Европ, Хойд Африк, Ойрхи Дорнод, Бага болон Баруун Өмнөд Азийн ой шугуй, нугыг ямаа л мөлжөөд цөл болгочихсон юм гэдэг шүү дээ. Чингээд, дэлхий даяар ямаанаас болгоомжилдог болсон байтал, Монгол Хятад хоёр л уралдан өсгөж үржүүлж байх шив. Морьтон Монгол гэхээсээ, ямаатан Монгол гэвэл онохоор болжээ дээ.
Хятад ямааныхаа үүлдэр угсааг сайжруулж, дээд зэргийн ноолуураар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийг хангаж байна. Манай ноолуурын зах зээлээр дураараа тоглож, нэг бол үнэ хөөргөдөж, нэг бол ханшгүйдүүлж унагаж, дундаас нь асар их ашиг олж буй.
Тэгвэл, Монголд социализмын үед хийгдсэн үүлдэржүүлэлтийн үр дүн ор мөргүй замхарч, мал эмнэлэг, зоотехникийн ухаан сөнөж, ноолуур маань үе үе л гамшиг, дарамт үүсгэдэг болов. Заримдаа малчид борлуулалтгүй болсон ноолуураа хаях дөхнө. Заримдаа хамгийг нь хужаа нар хамж авчихаад, эх орны үйлдвэрүүд урд хөршөөс импортолдог. Ноолуур сонгуулийн амлалтын нэг гол сүбект, улс төрд нөлөөлдөг хүчин зүйл, УИХ-ыг 76 ямаа гэхчлэн нэрлүүлсэн шидтэн болсон.
Татварыг нь тэглэснээр, төсөвт олон тэрбум төгрөг орж ирэхгүй болж байсан. Гээд ноолуурын үнэ өсөө ч үгүй, малчид ашиг олоо ч үгүй, үндэсний үйлдвэр сэргээ ч үгүй, харин ч сөхөрсөн. Хятадууд бүгдийг нь цөлмөх нөхцлийг төрөөс бүрдүүлж өгөөд байдаг юм чинь яалтай ч билээ дээ.
Ноолууртаа ядаж 50 хувийн боловсруулалт хийгээд гаргадаг бол монголчууд 500 сая долларын ашиг олох юм гэнэ лээ. Гэвч 20 сая ямаа, 7000 тонн ноолуурын ач тус гэж бага байна. Монголд Хятадын 20 гаруй самнах үйлдвэр ажилладаг. Бүх ноолуурыг Хятадын төлөө, бүхнийг Хятадын төлөө гэсэн төрийн бодлого хэрэгжээд байна уу даа л гэлтэй. Хятад урьд нь ноолуурын хамгийн том экспортлогч байсан ч, өдгөө нэг ч кг түүхий болон самнасан ноолуур гаргахаа больсон. 
Төрөөс эх орны үйлдвэрлэлийг хөгжүүлье, хөгжүүлнэ гэж, мунхгуудын зүрхийг хөөргөх хий хоосон уриа лоозон дэвшүүлдэг ч, үнэн хэрэгтээ үйлдвэрлэгчдээ дарамтлан элгээр нь мөлхүүлж, түүхий эд бүтээгчдээ ч мөхөөх л ажил хийдэг. Тиймээс, арьс ширний, хүчин чадал сайтай үйлдвэрлэл маань бүрмөсөн сөнөсөн, одоо анхан шатны боловсруулалт хийдэг, амбасын үеийн тэхнологитой хятадын хэдэн үйлдвэр л байх шив. Манай нэг гар урлалч, “хэрэглэх арьсаа Хятадаас авдаг, Европын холбоо манай арьс ширэн бүтээгдэхүүнийг татваргүй оруулна гэсэн атал ямар ч экспорт хийгдэхгүй байгаа, МАА-н орон байж арай ч дээ” гэж халаглан ярьсан байсан. Ер нь Монгол бол үйлдвэрлэл огт байхгүй, уул уурхайн салбар нь харийнх болчихсон, МАА-н л орон шүү дээ.
Сүүлийн үед мал ч харийнх болж байна. Зээлээ төлж чадалгүй, барьцаалагчид мал сүргээн тушааж, ихэвчлэн харь эзэд, нууц ноёдтой банкууд бумт, саят “малчид” болж буй.
Үзүүлэнгийн самбарын үүрэгтэй шахуу тоотой хэдэн фэрм байхаас бус, орчин үеийн өндөр үр ашигтай аж ахуй гэж үгүй энэ салбар Хүннү Сүннүгийн үеийн хоцрогдлоороо 21-р зуунтай хөл нийлүүлэн хурдлана давхина хэмээх нь ардын аман зохиол бөгөөд, байгаль цаг уурын атганд бүрэн орших нь санаандгүй хэрэг бус. Тиймээс Монголд л зуд болдог. Гагцхүү монголын гэхүйц сөрөг үзэгдлүүд олон. Зохион байгуулагч нь нам засаг гэхэд болно. Ард түмэнд үйлчлэх үүргээ биелүүлдэгсэн бол, бааз суурь сайтай асан ХАА 20 жилд өчнөөн хөгжиж цэцэглэчихсэн, хатуу ширүүн өвлөөр тоглож наадаад, мэтр мэтр зузаан цасыг нь ашиг орлого болгоод сууж байх байсийм.
Энэ өвөл Монголын түүхэнд ховор үзэгдсэн гамшигт зуд боллоо. Нутаг дэвсгэрийн 90 гаруй хувийг зузаан цас бүрхэж, зарим газар хоёр мэтрт дөхөж, гэр хашаа, адуу малыг үзэгдэхгүй болтол дарж, цасан шуурга, тэсгим хүйтэн энгийн норм болж, гэнэтийн дулаарал мөсөн бүрхэвч үүсгэж, хамаг малаа нядлан, махыг нь хаяад, арьсыг нь хурааж, сүүлдээ тэр мах арьсаа хашаа хороо, илүү гэртэйгээ нийлүүлээд түллээ ш дээ.
Эхэндээ дарга нар зудыг нууж хаахыг оролдсон. Социализмын үеийн өвөг дээдэс шигээ зуд гэх үгнээс тойрч зугтаж, гамшиг болоогүй юм шиг, өвөлжилтийн хүндрэл гэсэн гоё үгээр халхавчлахыг чармайсаар. Хотуудад ч зуд болж, эрчим хүчний хот Багануур хүртэл хөлдөх дөхсөн шүү дээ.
1-рт, нуун дарагдуулахыг хичээсэн, 2-рт, чадвар, хүсэлгүйдээ; гадаадаас тусламж гуйчихсан ч юм алга. Уг нь Хаитийнхтай дүйцэм, дэлхийн хэмжээний гамшиг манайд тохиочихлоо. Бөмбөрцгийн улс түмнүүд Хаитид тэрбум тэрбум долларын буцалтгүй тусламж илгээж, биечлэн асарч, өргөж, гадаад өрийг нь хүчингүй болголоо.
Гэтэл, жаал жуул тусламжийн фон дээр өөрсдийгөө рэкламдах гэж явсан /өөрсдөө тусалчихсан ч юм биш шүү дээ/ гишүүдийг, бууриа сахиж хоцорсон нэг нь тэнүүлч золбин ноходтой зүйрлэж, биеэ сайн Банхар хэмээн өргөмжлөөдхөв. “УҮГ хандив өргөх хориотой” гээд, ажиллагсад нь цалингаараа туслах гэсэн байгууллагыг авлигын хэрэгт хийчих дөхлөө. Удаж удаж, арай чарай, зудын тусламжид 3,7 тэрбум төгрөг хуваарилсан нь аманд ч үгүй, хамарт ч үгүй болоод дууссан. “Хамаг байдгаа харийн компаниудад бэлэглээд байхгүй бол Монголыг эзэлж авах гээд байна шүү” гээд л дарга нарын албат иргэдээ айлгадаг хадны мангаа болчихсон Орос, Хятад хоёр л харин гамшгийг маань олж мэдээд, сайн санаагаар бишгүй л туслав. Үзэн ядуулах гэж дарга нарын хичээдэг өвөр монголчууд тусламжийн гараа сунгаж, ганц Баяннуур аймгийнхан нь гэхэд нэг сая юаний үнэтэй өвс тэжээл өгсөн.
Хөдөө малчид махаа хямд үнээр, бүр зүгээр өгөхөд ч бэлэн байхад зальхай этгээдүүд хотуудыг хориг, бүслэлтэд оруулан, гайгүй үнэтэй махаар хангагдах арга замыг нь хааж, сэг зэмийг ч өндөр үнэд хүргэлээ ш дээ. Ядаж, тэдний гэмт хэргийг ч таслан зогсоосон юм алга. 
Махны болон, бусад үнэ хөөргөдөлтийг зохицуулах хүсэлтийг иргэд зохих байгууллагад олонтаа тавьсан юм билээ. Тэгэхэд, “үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүй” гэжээ. /Шударга бус өрсөлдөөний газар санагдана/. Үндэслэлгүйгээр өндөр үнэ тогтоож, ард иргэдийг хууран мэхэлж, шулж мөлжих буюу, дам гэдэг чинь тодорхой зүйл ангитай гэмт хэрэг.
Дарга боссуудын хүүхдүүд сурдаг хамтарсан 3-р сургуульд хүртэл сэгээр хоол хийгээд, зуу гаруй сурагч, багш нарыг хордуулчихлаа. Сэгний сурталчилгаа чөлөөтэй хийгдэж байв. Том сонин дээр төрийн албан хаагч “хөлдөж үхсэн малын мах идэхэд ч болохгүй юм байхгүйлдээ, монголчууд бол идэж болно, гадаадынхны бол муур нохой, гахай тахианы хоол болгох боломжтой” гэж номложээ. Монгол хүний зиндааг ингэж л тогтоож байна, ийм л болчихож.
Нам засгаас тэгээд тэр нохой гахайныхаа хоолыг хийх ажлыг зохион байгуулж байгаа ч юм алга, монголчуудын арчаагүй анхиагүйг гайхаж, шинэхэн сэг мах хоёрыг лабораторид л ялгана, өөрөөр ялгах боломж үгүй гэж сууна. Үнэнийг хэлэхэд, сэг гэдэг чинь тасалгааны амьтны хоолонд ч, малын тэжээлд ч тохирохгүй. Дэлхийн ёсоор бол даруй шатааж, булж устгадаг, дарга нарын ёсоор бол яах гээд байгаа юм бүү мэд.
Хөдөө сэг зэм ч олдохоо байж гэнэм. Бүгдийг нь чээнжүүд түүгээд, тэнгэрт хадсан үнэ хүргэх гээд жоорлочихсон юм уу даа. Гэтэл одоо устгана барина гээд, 5,5 тэрбум төгрөг нэхдэг улс гарч ирсэн.
Зудын сөрөг үр дагавар их. Ирэх өвөл хүртэл зудаас шалтгаалсан эндэгдэл хорогдол, өвчлөл доройтол гарна. Хоосорсон малчид бухимдана. Хөдөө нутаг 19-р зууны Амэрикийн Зэрлэг Баруун шиг болчихсон шүү дээ. Харийн нэоколоничлогчдын түрэмгийлэл /Өмнөговь аймгийн л гэхэд, газар нутгийнх нь 80 хувьд лицэнз олгогдсон/, ямаанаас үүдэлтэй цөлжилт, дэлхийн дулаарал, малын гажууд өсөлт зэргээс болж хомсодсон бэлчээр нутгаа булаалдаад буу шийдэмдээ тулж, хэн хүчтэй нь зөвддөг. Аймшигт зудын дараа ямар ч бухимдал, зөрчил гарч болно. Олон ч малчид нийслэлд ирж суурьшина. Махны үнэ тэнгэрт хадна. 30 мянга болно гэсэн эрхэм гишүүний прогноз ч биелж магад.
Ядарч зүдэрсэн малчдын зовлон дээр дөрөөлөн, улс төрчид юу хийх гэж байна? Монголыг улсын статусгүй болгон, татан буулгаж, ААН-ийн статустай болгон, харийнхантай нийлээд хувьчилж авах гэж байна шүү дээ.
Манжийн засаг захиргааны хуваарь, ноёд язгууртнуудын тогтолцоог сэргээх гэж нэг оролдсон. Орон нутагт асар их эрх мэдэл өгмөөр байна гэж улсыг хагалан бутаргах аюулыг далласан. Сумын даргын цохолтоор л орд баялаг, хамаг юмаа харийнханд бэлэглэж болох нөхцлийг бүрдүүлсэн Концэссийн хууль гээчийг батлуулсан. Гэтэл улсын бүтцийг сүйтгэн устгах ээлжит бодлогоо тунхаглав. 323 сумыг 323 компани болгох гэнэ. Үүнийг үг дуугүй хүлээн зөвшөөрвөл харж үзнэ гэж нээнтэглэхэд, аргаа барсан малчид аялдан дагаж буй юм байх.
Сум, дүүргийг компани, аймаг хотыг грүпп, улсыг корпораци болгоод, дураар командлаад, халж солиод /ямар ч амьдралгүй, гишгэх газаргүй л болно шүү дээ/, боолчилж дарлаад сууж байхнээ. 35-аас дээш настныг ажилд мэдээж авахгүй. Гадаадаас ажилчин, луйварчин оруулж ирэх нь бүрэн чөлөөтэй. Тэгсхийж байгаад, компани, грүппүүдийг увуулж цувуулаад харийнханд хувьчилж дуусгана. Өөрсдөө энийг сэтгээгүй л дээ, харийн бодлогыг л гүйцэтгэж байгаа хэрэг. Эх орон, ижий аав, үр хүүхэд, улс үндэстэн гэх ямар ч ойлголтгүй хохимой толгойтуудыг яах вэ, таминь ээ!
Оюутолгойг харьд бэлэглэх л №1 зорилго нь асан ерөнхий сайдын инжрийн навч болсон “Атрын аян” гэх нугалаа, Монголыг газар тариалангийн орон болгоно гэх хийрхэл нөхцөл байдлыг улам л муутгачихлаа. 180 тэрбумын зардал гаргаж, 80 тэрбумын ургац авлаа, Эрээнцавд тариад, Эрээнээс хураав, Угтаалд тариад Улаан-Үдээс хураав, дэлхийн хамгийн өндөр өртөгтэй буудай гарав, тариаланчид өрөнд орж, тариалангийн сангийнхан дээлээ нөмрөв, харин ч “сахил хүртсэн биш, шал дордов” гээд л зөндөө бичигдсэн дээ. Цагтаа буудай экспортолдог байсан орон ийм ч болчих гэж. 
“Атрын аян”-аа сурталчлахдаа, нинжа нарыг хулгайч дээрэмчин болгож үзүүлсэн, буудайг алтан гулдмайд хувилган харуулсан рекламын клип үзүүлж, “Жинхэнэ алт бол энэ!” гээд л хошгоруулж байлаа. Хаа байна аа, тэр жинхэнэ алт? Харийнханд л бэлэглэчихээ биз дээ?
Үндэсний үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдэг нь ашигт малтмал, тэмцэл хөдөлгөөнөөс анхаарлыг хөндийрүүлэх л явуулга байж ирэв. Үнэн хэрэгтээ үйлдвэрлэгчийн эсрэг чиглэсэн л ажиллагаа хийж байдаг шүү дээ. Нэгэн жишээ гэхэд л, гялгар уутыг хориглоод, үйлдвэрийг нь хаачихсан. Ийм арга хэмжээ авсан цорын ганц улс бол манайх бөгөөд, гадаадын хэвлэлүүдийн урт хумстай хүн зэргийг бичдэг сонин хачны буланд нийтлэгдсэн. Сэтгэцийн эмгэгийн сэтгүүлд ч гарсан байж магад.
Ардчиллын жилүүдэд 400 үйлдвэр байгуулагдав л гээд байсан чинь, 4500 ажлын байртай юм байхчивлээ. Юун үйлдвэр байхав дээ, архины хэдийг эс тооцвол, дандаа л дундад зууны цээх, мануфактур л байхгүй юу. Нэлээд нь хужаа эзэнтэй, хужаа ажилчидтай.
2009 он үйлдвэрлэлийг дэмжих жил байсан юм байнаштээ, одоо л мэдлээ. Ноднин бол гол нь гурилын Миллхаус үйлдвэр л нээлтээ хийсэн юм билээ. Уг нь 2008 онд ашиглалтад орсон. Өөр үйлдвэрсээд байх юмгүй. Миллхаус үйлвэр тэр дороо л төрийн гаж буруу бодлогын харгаагаар үйл ажиллагаа явуулах аргагүй болж, өргөх бичиг барьсан. Гурил импортлохыг хориглочихсон, дотоодын гурил гэж олдохгүй байсан байхгүй юу. Үйлдвэрлэл дэмжих жил ноолуур боловсруулдаг үйлдвэрүүд хаалгаа барих дөхсөн. Ашигт малтмалтай холбоотой үйлдвэрлэл зохион байгуулагдаагүй. Сайншандын, Багануурын аж үйлдвэрийн комплэкс байгуулна, зэс хайлуулах үйлдвэр бариулна гэж үнэхээрийн худал хуурмаг зүйлүүд яригдаад л өнгөрсөн.
Харин “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сүлжээ” гэдэг залилангийн байгууллага олон хүнийг хохироож дуулиан дэгдээх шив. 55 мянган төгрөгөөр элсэнэ, 10 хүн нэмж элсүүлбэл сард 40 мянган төгрөгийн цалин авч байх болно гээд л молигодчихсон.
Хүнс ч үгүй, ХАА ч үгүй, хөнгөн үйлдвэр ч үгүй л болоод байна уу даа!
Иймэрхүү ажилтай ЗГ унахгүй ер хаачих вэ дээ.

Боловсролын сайдыг шүүмжилдэг 
тусгай өдөр тутмын сонин ч гарав

БСШУ-ы сайд гэж байнга хэл ам таталдаг нэгэн буй. Түүнийг нь бичдэг бараг тусгай өдөр тутмын сонин байна шүү дээ. Бүр ахан дүүсээрээ иймээ тиймээ гээд л бичих. Салбар луу нь өнгийцгөөе.
Ямар ч бэлтгэлгүйгээр 6 наснаас дунд боловсрол олгож эхэлснээр, нийслэлд гэхэд л наад зах нь 4000 гаруй хүүхэд сургууль завсардав. Айсуй хичээлийн жилд бүр ч олон 6 настан гараад ирнэ. Дээрээс нь сургууль завсардагсад нэмэгдэнэ. 20 жилд нийслэлийн хүн ам хоёр, Монголын хүн ам 1,4 дахин өсөөд байхад шинэ сургууль бараг баригдаагүй, газрыг нь л харин булаацалдах юм. Юун сургууль барих байтугай, насанд нь тохирсон сурах бичиг, сандал ширээ ч алга. Нэг ширээний ард гурвуул дөрвүүлээ сууж буй дүрсийг ТВ-ээр бишгүй л харуулсан даа. 6 настны сургалт гэдэг нь төсвөө нэмэгдүүлэх л арга байж уу.
20-р сургуулийн захирал гэж багш нартаа буу тулгаж харьцдаг, эрүүлжүүлэгддэг, дураар халж сольдог, авлигаар л ажилд авдаг, сургуулиа хөлдүү балгас болгочихсон нэгний сураг гарсан. Түүнийг өөр сургуулийн захирал болгож “шийтгэсэн” юм билээ.
Монгол-Оросын хамтарсан 3-р сургуульд гарсан хордлого, сургууль цэцэрлэгүүдэд үе үе дэгдэх болсон янз бүрийн халдварт өвчнүүд түгшээхгүй байхын аргагүй.
Сургуулийнх нь хашаанд бага насны сурагчийг нь хүчиндчихээд байхад, удирдлага нь “хичээл нь тарчихсан байсан тул бидэнд хамаагүй” гэж байсан. Хэв шинжит сэтгэлгээ юм даа.
МУИС-ийн удирдлагыг зүй бусаар халж сольсон явдал гарлаа. СУИС-ийнхан армийн дэгийг хэрэгжүүлээд аймшиг нүүрлүүлэв. Их сургуулиудыг нэгтгэнэ, хотоос гаргана гэж бөөн бужигнаан үүсгэлээ.
Эрхэм сайд яамныхаа ажилтнуудад, “Элбэг арт”-ыг судал, тэгээд, эсвэл асар өндөр үнэтэй, эсвэл хэнд ч хэрэггүй хог новш гэсэн дүгнэлт гаргаж ир хэмээн даалгасан гэвүү. 1-рт, дүгнэлт нь бэлэн бол судлаад яах юм, 2-рт, тагнуулын байгууллага мөн үү. Ёстой л, улс төрийн ажил хийнэ гэдэг энэ байх даа. 
Тус сайдыг огцрохыг шаардсан багш нарын мэдэгдэлд, “монгол хөөмий, дээл зэргийг алдсан” гэж дурджээ (Нэг газрын дарга нь, монгол өвийг хятадууд ЮНЭСКО-д бүртгүүлэхэд саад болохгүй гэж авлига авсан ч гэж хардагдав). Боловсрол, соёл, шинжлэх ухаанаа бүгдийг нь л алдчихсан байх шүү.

Арван хар нүгэлтэй золгох гэж буй сайд

Эрдэс бодос, эрчим хүч бол хамгийн их хурц асуудал хуримтлагдсан салбарууд юм. Монголын төдийгүй, дэлхийн хэмжээний стратэгийн асуудал болсон, манай ашигт малтмал, энэргийн үүсвэрүүдийн том том ордуудыг харийнханд бэлэглэх ажлын нэлээдийг энэ яам гүйцэтгэж ирэв. Тиймээс, сайд нь эсвэл ялын дээд хэмжээ сонсох, эсвэл суга дэвшчих гээд байдаг. Алт баялгийнхаа төлөөх ард түмний тэмцлийн нэг үзүүр тус яам руу чиглэх нь лавтай.
Тус яамны сайд Оюутолгойн гэрээг байгуулахад оройлон зүтгэснээрээ дэглэмийн баатар болсон. Одоо Тавантолгойн гэрээ, Эрдэнэт болон Монросцветметэд манай эзэмших хувийг 51-ээс 34 болгож бууруулах, уул уурхайн гадаадын талтай хамтарсан байгууллагууд дахь Монголын өмчийг харийнханд хувьчлах, мөн манай тал дангаар эзэмшдэг уул уурхай, эрчим хүчний байгууллагуудыг тэдэнд хувьчлах, концэссийн хуулийг хэрэгжүүлэх гээд л арван хар нүгэл түүнийг хүлээж буй. Эсэргүүцэл ч ундраад эхэлсэн. Жишээ нь, Багануур ХК-ий 25 процэнтийг хувь хүмүүс эзэмшдэг. Тэдний эрхийг болон хуулийг зөрчөөд л гадаадынханд хувьчлах гэж дайраад байгаа нь дургүйцлийг төрүүлж буй. Дээрх хувьчлалын үр дүнд хувь хүмүүсийн эзэмшил шууд л 0,25 процэнт болж, 100 дахин буурах юм билээ шүү дээ. Монголчуудыгаа ингэж л үл ойшоох юм даа, хөөрхий.
“Бороо Гоулд”, МАСЗХ-ныхны элдэв авантюр, СБД-ийн 12 000 “сонгогч”, Оюутолгой, ЧД-ийн хууль бус нөхөн сонгууль гээд л өчнөөн том хэрэг, будлианд хутгалдаж ирснийхээ төлөө сайд, эрхэм гишүүний сэнтийгээр шагнуулсан залуу ноён аливаа арван хар нүглээс эрээлж цээрлэхгүй л болов уу.Тэр тусмаа л хариу нь жинтэй байх болно.
Муруй хуруугаа тэгшилж байна ч гэх шиг янз бүрээр боож баглаад, дарга сайд нарт эрхэлсэн, өхөөрдүүлсэн хүн явдаг гэнэ. Толгой дээр нь аянгын хар үүл хуралдаж буй. Тойргийнхон нь амласнаа биелүүлдэггүй гэж ихэд бухимддаг юм билээ. Хүн бүрт 2,5 сая төгрөгийг дор нь олгуулна, Оюутолгойн гэрээ чинь үүний төлөө л байгуулагдсан юм, нүүрс түлээ юу юугаар ч гэнэвээ хангана, гялайлгана гэхчилэн, үгээр алтан бороо асгаруулсаар байгаад л сонгогдсон аж. Амлахын хувьд бол ардын үлгэрч туульч шиг л авч өгсөн нэгэн юм гэсэн.
Нөхөн сонгуульд эрхээ хасуулсан 5 намынхан түүнийг сайн дураараа гишүүнээсээ татгалз, эс бөгөөс эцсээ хүртэл тэмцэнэ гээд байгаа. ҮХЦ-ийн дүгнэлт тэдний талд гарсныг ч хэлэх үү.
Хайрт “Бороо Гоулд”-ынх нь шинэ тэхнологи нэвтрүүлэх ажил эрхэм сайд гарын үсэг зурахаас л түвэгшээн саатуулаад байгаагаас болж үл бүтэн, олон хүн ажлаас халагдахад хүрч, эсэргүүцэл тэмцэлдээ тулаад буй.

Санхүүгийн салбар дарга нарын билярд, гольф, покэр боллоо

Сангийн яам маань Оюутолгойн гэрээг байгуулалцсан гэх “гавьяа”-тай. Бороо, Төмөртэй, Нарийн сухайт... гээд л “гавъяа”-нууд нь хөвөрнө дөө, хөвөрнө. Тийм ч  болохоор сайдыг нь гишүүнчилж байсан нам “манай хүн гэрээний гол ажлыг хийсэн атал өөр намын хүн ардын баатар боллоо, хоёр нам хамтарснаар л ийм амжилтад хүрлээ гэж биднийг доромжиллоо, ингэж дарлуулж байснаас хамтарсан ЗГ-аас гарвал таарна” гэхчлэн мөн ч их гомдсон доо. Ийм хэргээс бултаж зугтаж байхын оронд, манай гавьяаг дээрэмдэв гээд булаалдаад байдаг, мөн хачин аа. Аль улсын нам, улс төрчид вэ гэдгээ таг мартаж дээ. Эсвэл тодорхой мэдээд ч байгаа юм уу.
Монголын санхүүгийн тогтолцоо гэж, дарга олигарх нарын дуртай тоглоом болох билярд, гольф, покэр шиг л байж ирэв. Цохиод л, бутаргаад л, тараагаад л, холиод л, мөрийцээд л...
“Ардчиллын” он жилүүд алт дилэрийн хэргээр эхлээ биз дээ. 20-р тогтоол, банк нийлүүлсэн, хувьчилсан, банк бус байгууллагуудын залилан, 2008 оны санхүүгийн хямрал, “Анод” гээд л хар хуудсуудаар дүүрэн. Ноднин банкуудын том сүйрэл боллоо. Мянганбаяр, Олон овоот хоёр буруутай л гээд байдаг. Буруутай юм бол яагаад хариуцлага хүлээлгэхгүй байна? Гол буруутан нь гаж нөхцөл байдал, тогтолцоог үүсгэсэн нам засаг болохоор тэр үү?
Олон овоотын лицэнзээр олон банкнаас зээл авч дампуурууллаа, лицэнз нь алга боллоо, лицэнз барьцаалах нь хууль бус, Олон овоотыг Жаст грүпп эзэмшлээ, ард нь оросын түрэмгийлэгчид нуугдаж байна, үгүй ээ Мянганбаяр сууж байна, тэр өчнөөн банк дампууруулчихаад, барьцаалсан ордоо Жастын дүрээр эргүүлээд авчихлаа, Мянганбаяраас айгаад мэдүүлэг авах хүн алга, тэрбээр үнэндээ том том гарууд, дарга сайд, олигархуудын халхавч болсон гэхчилэн юу эс бичигдэв дээ. Эх захгүй энэ хэргийн учир олдов уу? Огтхон ч үгүй.
Эрх мэдэл, байр сууриа буруугаар ашиглан, их хэмжээний зээл авчихаад, тэрийгээ төлөлгүй, улс төрийн аргаар асуудлаа замхруулахад орших “банк дампууруулдаг бизнэс” энгийн үзэгдэл боллоо. ХЗХ-д яалаа даа. “Зээлээ тэр банкинд (эсвэл банк бус санхүүгийн байгууллагад) хийчихсэн байсан чинь дампуурчихлаа” гээд гүрэлздэг “бизнес” ч буй.
Саяын тэр дампуурдаг банкуудаас нэг эрхэм гишүүн 300 сая, өөр гишүүн 595 сая долларын зээл авсан байх жишээтэй. 300 саяын зээлтэй нь, “би алт ухахгүй, амьтны амь таслахгүй, аливаа зээлийг авахгүй гэсэн андгай тангараг өргөсөн хүн, тиймээс хэнд ч, нэг ч төгрөгийн өглөггүй ээ” гээд л хээвнэг, санаа амар суух ба дэвшиж дэгжээд л байх.
Дампуурсан банкуудаас үлдсэн өвдөл цөвдлийг нь нийлүүлээд Төрийн банк гэдгийг байгуулваа. Ийм банк байхыг хориглоод л, харийнханд хуу хувьчлаад байсан атлаа. Бүхий банк санхүү харийнхны саварт орсон нь худал гэж үү.
Энэ салбарыг мэддэг хүн УИХ, ЗГ-т байхгүй гэж, банкны захирал асан, 500 сая доллар Малайзын ХЗХ-нд өсгүүлэх гэж өгөөд алдсан зэрэг хэл аманд холбогдсоныхоо шанд эрхэм гишүүн болсон нэгэн баталж байна. Банк байгуулахад 20 тэрбум төгрөгөөс доошгүй үнэлэгдэх хөрөнгөтэй байх ёстой гэж тогтоосон атал Төрийн банкийг 8 тэрбумаар байгуулсан аж. Уг банкийг санхүүжүүлэх гэж 200 тэрбум төгрөгийн бонд гаргажээ. Бондыг их төлөв харийнхан л авч таараа. Тэр зээлийг эсвэл эгэл иргэд төлнө, эсвэл эгэл иргэдийн хадгаламжаар анх боссон банк, эгэл иргэдийн өмч баялаг барьцаанд хураагдаж, харийнхны өмч болно. Явж явж, буй бүхэн эцсийн бүлэгт харийнхны гарт л ордог схем хэрэгжээд байх.
Төрийн банкны мэнэжэр ч билүү, захирал ч билүү Бэн Турнбул гэдэг хүн сард 28000 еврогийн цалин авдаг, ТУЗ-ийнхөн нь ч мөн адил гэсэн. Ингээд л Төрийн банк байхгүй болох нь. Уг нь ард түмний л хөрөнгө ш дээ.
Хууль бус зээлүүдэд хяналт тавьж чадаагүй гэж Монголбанкны дэд ерөнхийлөгчдийг дуртай дургүй халав. Энэ нь тэгээд шийтгэл мөн ч юм уу. Халалтыг Лондонд төлөөлөгчөөр суух эрх, доктор цол, Монголбанк дахь албан тушаал зэрэг шагнал дагалдах юм билээ.
Хэн нэгэнд хариуцлага хүлээлгэнэ гэхээсээ илүү, хоёр намынханд бялуу хүртээхийг л гол болгосон. Энэ хоёр намаас л нэг нэг дэд ерөнхийлөгч гарах нь чухал. Тэгээд урьд нь санхүүгийн хэргүүдэд орооцолдож байснаа сураггүй алга болчихсон хашир бурхиудыг дэвшүүлэв ээ, хөөрхий. Хэрэгт холбогдож байгаагүй хүн намуудад маань олддоггүй юм уу, эсвэл тийм хүн л шаардлагыг нь хангадаг юм уу.
Урьдын сайдын 10 жил идсэнийг нэг сайд ганц өдөрт идэв гэсэн явган үг ч гарч. Мөн мундаг дэвшил ээ?

Хүмүүс зэрлэгшиж, ёс суртахууны сүйрэлд орж байна

Хууль зүй, дотоод хэргийн талаар санах бодох юм их байна.
Улс үндэстний ашиг сонирхолд нийцсэн хууль эрхзүйн орчин, хуулиудын уялдаа үгүйлэгдэж буй. Хүний эрх хамгийн ихээр зөрчигддөг орны нэг боллоо. 7.1-ний зэрэг олон том том хэргүүд огтхон ч шийдэгдэхгүй байна.
4 хилчин З офицероо буудаж хороогоод ялын дээд хэмжээ авлаа. Зоддог, дарамталдаг, үүнээс болж эрүүл мэндээр хохирсон, зуурдаар бие барсан, оргосон, дарга цэрэг рүү гал нээсэн, буудалцсан хэрэг бишгүй гарав. Байлдагчаа хөнөөгөөд, цэргүүдээ жагсааж байгаад амиа егүүтгэсэн офицер байхад, эхнэрээ хутгалсан, согтуугаар хил  давсан офицерууд ч байх. Нэг сайдын үед, дарамт, зодуур, өсөөс үүдсэн өвөр хоорондын зөрчлөөс болж 17 хилчин амиа алдаж, олон арваараа тахир дутуу болсон ажээ.
Үүнээс илүү ноцтой тооцоо ч буй гэнэ. 1945 оны  чөлөөлөх дайныхаас илүү хохирол гарч гэнэ шүү. Ямар дайн болоод байгаа юм бэ? Хилчид, монголчууд хоорондоо дайтаж байна. Үүнийг ч батлах мэт, нэг генерал: “Энэ бол эрчүүд олонтой газар учраас дахиад ч ийм аллага гарна” гэжээ.
Эрүүгийн нөхцөл байдал хүндэрлээ. Согтуу этгээд замын индүүгээр хүн дайрч алав. 13 наснаасаа хүн алж үзэхсэн гэж мөрөөдсөн залуу гэр бүлийг хөнөөв. 50 настай хөгшин хулигаанууд догширч, 49, 47 настай эхнэр нөхөр хоёрын эрийг нь гантэлээр цохиж, хутгалан бүрэлгээд, ханийг нь хүчиндэж, боомилон алжээ. Яслийн багш 5 сартай хүүхдийг тархийг нь доргитол зодоод өргөст торны цаана орсон бол, сувиллын асрагч 3 сартай хүүг цамцаар боож хөнөөгөөд ял авав. Нэг гэр бүлийн хоёр, таксины төлбөр төлөхгүй гэж гүрийж, жолоочийг нь нийлж балбан, сүхээр олонтаа цохин цааш харуулаад, машинтай нь живүүлэв. Хулгай зохион байгуулж, алдагдсан эд зүйлийг зардаг “ломбардууд” буй болов. Гахайн ханиадыг далимдуулан маск зүүж, нүүрээ далдлаад гэмт хэрэг үйлдсэн тохиолдол цөөнгүй гарлаа.
Мансуурах донтой холбоотой хэргүүд өсөн нэмэгдсэн нь түгшээхгүй байхын аргагүй. Монголд 1,6 мянган мансуурах донтон байна гэнэ. Наркоман эхээс оюун санааны гажигтай, тагнай цоорхой, өрөөл татанхай хүүхдүүд төрж байна. Донтоогүй ч, хэрэглэдэг залуусын тоо бүр их аж. Нэр алдартай хүмүүс ч наркотикийн хэрэгт холбогдож, шорон оронд суудаг боллоо ш дээ.
Хар тамхины күрерийн аюул эрсдэлтэй ажлыг хийх нь өсөн нэмэгдэж байна. БНХАУ-д Казахстанаас наркотик оруулдаг асан Монголын иргэд удаа дараалан цаазын ял сонсов. Өөр күрер Оросын Абаканд баривчлагдлаа. Гар утсандаа хар тамхи тээж авчирсан нэгэн илрэв. Монголын иргэн Хятад руу 1,7 кг хар тамхи гаргах гэж явснаа, манай гаалийнханд илчлэгдээд, хятадуудад баригдсан бол цаазлуулах байсийм гээд олзуурхаж суух.
Манай орноор “Алтан гурвалжин”, “Алтан сар” мафийн бүлэглэлийн хар тамхины урсгал дамжин өнгөрдөг болж. Бүр хар тамхины нууц үйлдвэр ч байгаа бололтой.  Урьд Баянхонгорт хятадууд эмийн үйлдвэр байгууллаа гэсэн чинь хар тамхины үйлдвэр ажиллуулчихаж л байсан. Ажилгүйдэл бараг 100 хувь болсон манай нөхцөлд, нэг удаа хар тамхи зөөхөд 400-1000 доллар өгдөг күрерийн ажлыг улс амьтан дуртайяа хийж байна гэх юм.
Амьдрах аргагүйдсэн, нийгмийн бухимдалд автсан зэргээс болж гэмт хэрэг үйлдэх нь улам өсөн нэмэгдэх төлөвтэй. Харин урьдчилан сэргийлэх, иргэдийг хамгалах, хэргийн илрүүлэх талаар дорвитой ахиц гарахгүй юм. Хүмүүс зэрлэгшиж, ёс суртахууны сүйрэлд орж байна. “Бандитский Петербург”, “Криминальная Россия” гээд айхтар кинонууд байдаг. “Бандитский Улан-Батор”, “Криминальная Монголия” гээд тийм кинонууд хийхэд хангалттай болоод байгаа шүү.

Барилгын салбарт юуны өмнө газар хөдлөлтөөс сэргийлэх ажлыг хийх учиртай

Зам тээвэр, барилга, хот байгууллагын салбарт проблэм дэндүү их. Барилгын салбарын гажуудал 2008 оны намар эхэлсэн нийгэм-эдийн засгийн Их нуралтыг үүсгэсэн. Цаашид барилга барихгүй байж болохгүй, барьж ч болохгүй, ацан шалаанд орчихоод байгаа. Барилгачдын ҮЭ мухардмал байдлыг эсэргүүцэн тэмцэхээ илэрхийлсэн.
Хот байгуулалтын хувьд газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх гэж асар их цар хүрээтэй ажил гарч ирсэн. Барилгуудыг аттэстатчилж, даацын хануудыг нүхэлснийг бөглөн сэргээж, 9-10 баллыг тэсвэрлэхгүй барилгуудыг бөхлөх шаардлагатай. Барилгыг нурахгүй байлгах нь барихаас дутуугүй ач холбогдолтой. Гэтэл газар хөдлөлтөөс сэргийлэх талаар хийж байгаа зүйл огт мэдэгдэхгүй байна. 1.9-ний газар хөдлөлтөөс хойш бишгүй л хугацаа өнгөрлөө.
Оюутны хотхоныг нүүлгэх 300 сая долларын өртөгтэй том ажлыг барьж авах нь гэв үү? Тэгснээр 800 мянган нийслэлийн иргэн үр хүүхдээ дагаад хотоос гараад явчихна гэсэн сонин хачин юм яригдаад байгаа. Уг нь хүүхдийнхээ суралцаж буй газар руу гэр бүлээрээ нүүж очоод байдаг явдал суудал гараагүй л юмсан даа. Зарим хүмүүс “Энэ чинь л газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх алхам байна ш дээ” гэж андуурч магад. Тэр дарга нар чинь миний энэ бичсэнээс сэдэв аваад л, энэ бол гамшгаас сэргийлсэн  нүүлгэх шилжүүлэлт гэж мэлзэх болохоос, харин ч бүр гамшгийн голомт руу аваачиж байгаа юм байхчивлээ. Ямар санаа байна аа?
Чанаргүй барилга баригддаг явдлыг цаг алдалгүй таслан зогсоох учиртай. Шавар авснууд хэнд хэрэгтэй юм? Салбарын бүх стандарт, норм ноцтой зөрчигддөг тухайд шүүмжлэл тасрахгүй байгаа.
Барилгуудын матэриал, тэхнологи, сантэхник, дулаан, байршил, бат бэх чанар, бүрэн бүтэн бус байдлын талаар гомдол, дургүйцэл, бухимдал маш их гардаг. Гэтэл сүүлийн үед галын аюулгүй байдлыг зөрчөсн, лифт нь эрсдэлтэй, эд хэсгүүд нь хортой гээд шинэ шинэ дутагдлууд өсөн нэмэгдэх болов. Үүний эсрэг юу хийгдэж байна вэ?
Нэоколоничлогчдын төмөр замыг барихын тулд л тус яам оршин тогтнож буй мэт ч сэтгэгдлийг төрүүлэх боллоо.

Цагаан шонхор гаргаагүйгээ хангалттай ажилласан хэмээн тооцдог яам

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Оюутолгойн гэрээг байгуулалцсаны тул, “манай үеийн баатар”-уудын нэг болсон хүн байдаг. Тэрбээр уул уурхайд их л ээлтэй нэгэн гэнэм. Буруу яаман дээр нь ч тавьчихсан юм уу даа. Харийн харгис шунахай олборлогчид Монголын байгаль орчныг улайран сүйтгэж байхад үг яриа байдаггүй. Гол мөрөн, ой хөвчийн орчинд уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон атал, эрдэс баялгийн сайд тэр хоёр нэг ч лицэнз хураагаагүй, нэг ч хэрэгжүүлэх ажил хийгээгүй гэв үү. Хэн ч санаачилсан юм бүү мэд, төрөөс зарим лицэнзийг худалдан авахад зориулж 170 тэрбум төгрөг гаргана гэсэн ажил л явагдаад байгаа. 
Эрхэм сайдыг шонхор шувууны зүй бус наймаа хийв /хийлгэв ч гэх үү/ гээд л их яригдаж бичигдсэн. Манай улс нэгдээд орчихсон, дэлхийн байгаль хамгаалах нэг том байгууллага шонхор гаргах явдлыг маань хатуу хориглосон (CITES). Идлэг шонхор гэдэг чинь Дэлхийн улаан номонд орсон жигүүртэн шиг билээ. Гэсэн хэдий ч, Монголд шонхрын наймаа зогсоогүй ээ. Харин сайд “Шонхор бариулахаа больбол арабын орнуудтай харилцаа муудна. Тэгээд ч Монголд хөгшин шонхор л байдаг. Арабууд тоодоггүй. Гэлээ гэсэн ч би шонхрын 300 үүр бариулсан. Ахиад 5000-ыг барина. Бүх шонхорт тэмдэг тавьж хянана, би” хэмээн өөрийгөө зөвтгөсөн.
Байгаль орчны сайдуудын гол ажил нь шонхор гаргах явдал юм билээ л дээ. Монгол улсын орлогын үндсэн эх үүсвэр нь шонхор л аятай зүйл ярьж ирсэн. 2000-2009 онд 2538 шонхор гаргаж, 16 сая төгрөг олсоон гээд л рапорталдаг. Хяналтаас нь гадуур гаргах нь ч мэдээж буй. Эмийг нь авч одоход эр нь дагаж ирдгийг шунахайчууд ашигладаг юм гэсэн. Шонхрыг хиаруулдаг олон арга буй.
Нэгэн сурвалжлагч идлэг шонхор гэдгийг цагаан шонхор гээд андуураад биччихэж л дээ. Цагаан нь Монголд бараг үзэгддэггүй, хойд газрын амьтан. Үүнийг ашиглаад л, нэг ч цагаан шонхор гаргаагүй гэсэн мэдээллийг, нэг ч шонхор гаргаагүй гэж ойлгогдохоор болгосон нэвтрүүлэг бэлтгээд л цацчихсан.
А.Паррот гээд, шонхрын асуудлыг илүү зүй зохистой, үр ашигтай болгох талаар тус яамтай хамтран ажиллана гэж зүтгээд тусыг олоогүй хүн байсан. Тэр”Монгол бол шонхрын наймаагаар дэлхийд дэлгүүрт, зэрлэг шонхрынхоор 1 дүгээр байранд яваа. Зэрлэг нь илүү үнэтэй, 20-200 мянган доллар хүрдэг  атал, 2 мянгаар зараад байх юм. Би, шонхроо үнэд хүргэ, дуудлага худалдаа зохион байгуул, ашгаар нь шонхроо хамгаал, өсгө гэсэн чинь алуулах дөхсөн. Намайг тал бүрээр хорлож, дарамталж, сүүлдээ бүр зодуулсан. Чихрийн шижингийн хүнд өвчлөлтэй би эрүүл мэндээр маш их хохирлоо. Танай дарга нар чинь үнээр нь зарчихаад л, 2 мянгаар өгсөн гэж тайлагнаад, зөрүүг нь завшчихдаг юм байхчивлээ. Тэгээд л намайг алах дөхлөө. 300 мянган доллараар шонхор тоолох төсөл хэрэгжүүлсэн л гэсэн, тоолсон юм байхгүй, шонхрынхоо тоог мэдэхгүй л байгаа шүү” гэж байж билээ. Тэр цагаас хойш байдал ер өөрчлөгдсөн юм уу?
Аялал жуулчлалын хувьд ч өөдөлсөн юм байхгүй. Уг нь энэ салбарыг нам засаг Монголын ганц авч явах салбар л гээд байдагсан. Үзэж сонирхчихоор ганц ч зүйл бүтээж, зохион байгуулдаггүй юм чинь юу гэж ч авч явах вэ дээ.

Дэлхийд хосгүй 100 хувийн ажилгүйдлээ яах вэ?

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд “Бид хятад ажилчдыг ялгаварлаж болохгүй” хэмээн хэлж олныг гайхашруулсан. Ялгавар тогтоох нь энэ яамны үүрэг бус уу. Хүний өөрийнхөө ялгадаггүй яам, сайд байгаад ч яах. Ялгавар гэдэг чинь зөв нь зөв, буруу нь буруу байдаг. Монгол хятадаа ялгахгүй байна гэдэг дэндсэн хэрэг.
100%-ийн ажилгүйдэл, 100%-ийн бизнесгүйдэл бараг үүсчихээд байхад ийм юм ч хийж суух гэж. Гадаадад 300 мянган иргэн маань гарчээ. Ажилгүйдлээс болж шүү дээ. Нийслэлийн хүн ам 2 дахин нэмэгдсэн. Орон нутгийн ажилгүйдлээс л болж тэр. Ажилгүйдлийг арилгах талаар анхаарч, ажлаа хийгээч ээ!
Манайх бол нийгмийн хамгааллын орон гэсэн дэглэмийнхний домгийг үнэмшилтэй болгох гэж л байгуулагдсан гэлтэй эл яамны хэрхэн яаж биднийг хамгаалаад, халамжлаад байдаг нь тодорхойгүй.
Үзэгдэмгүй төдий “халамжаа” хэтэрчихлээ, голланд өвчин болчихлоо гээд л, хасна танана хэмээн дайрдаг нам засаг шүү дээ. Дарга сайд нар голланд өвчин гэдгийг, залхуу монголчууд ажил хийхгүй, улсаар зүгээр тэжээлгээд хэвтэж байгааг хэлж байгаа хэрэг гэж тархи угаадаг. Олборлолын салбарын үсрэнгүй хөгжлийн үр дүнд үндэсний валютын ханш хэт хөөргөдөгдөж, эдийн засгийн ерөнхий хөгжилд сөрөг нөлөө учруулахыг хэлдэг мэргэжлийн нарийн нэр томъёо юм. Манайд тэр голланд өвчин нь байх ч үгүй, харийнхны гарт ороод монголчуудын мэдлийн олборлох салбар гэж бараг оргүй болчихсон, үндэсний валютын ханш унасаар ирсэн, эдийн засагсаад ч байх юмгүй л байхгүй юу. Хаа сайгүй хаос л ноёлж байгаа.
Батлан хамгаалахын салбар маань гадаадад энхийг сахиулах багуудын л нийлбэр болчихов уу даа. Дэлхийн аль халуун цэгт л Монголын зэвсэгт хүчнийхэн олон тоогоор байж байх болж. Ганц Чадад гэхэд л 800. Монголоо хэр хамгаалж байгаа юм бол? 
Урьд Ардын арми 200 гаруй ангитай байсан бол өдгөө хорин хэд. Социализмын үед арми маань 8 чиглэлээр ХАЧА-д цохилт өгч, Лоб нуур дахь цөмийн цогцолборыг эзлээд, Ланжоуд түшиц газартай болохуйц хэмжээнд бэлтгэгдэж байсан гэнэ. Одоо тэгэх хэрэгтэй гэж байгаа юм биш, гэхдээ хүчирхэг л арми байж дээ. 
50-иад онд манайх армиа тарааж, барилгын хоёр батальонтой үлдэж гэнэдэж байсан гэдэг /Зөвлөлтийнхний заавраар л даа/. Өдгөө тэр түүхийг давтах гээд байнуу, үгүй юу. Дайчид маань гадаадад, энд болохоор барилгын цэргийг сэргэнэ гээд байдаг. Эх орондоо үлдсэн дайчид маань бас болоогүй ээ, дэг мэгтэй. Хилийн цэрэг нь өөр яамны мэдэлд шилжсэн. Үндэстэн хоорондын дайн майн гараад байдаг эзэнт гүрнүүд юм уу, харгис бурангуй дэглэмтэй улсуудад л голдуу байдаг дотоодын цэрэг гэж байгуулагдав. Юу л болоод байна даа, таминь.
Гадаад харилцааны талаар ч одоо юу ярихав. Монголын хувьд харийн нэоколоничлогчид л гадаад ертөнц болчихсон бус уу. Орос, Хятад хоёртой онцгой сайн харилцана гэсэн доктрин байдаг л юм гэсэн. Нөгөө хоёр нь социализмын үеийн Варшавын гэрээний байгууллага шиг юм байгуулчихсан. Амэрик тэргүүтэй импэриалисутуд сөнөтүгэй л гээд явдаг газар. Манайх ажиглагч гишүүн нь. 
Амэрик, Япон, Өрнөдийн эсрэг үзлийг нам засаг маань цухалзуулаад байдаг. Гэхдээ л, хамгийн гол нь нэоколоничлогч компаниудын эрх ашигт үйлчлэх. Үүнээсээ болоод, Орос, Хятад эзэлж түрэмгийлэх гээд байна гээд л байсхийгээд суртал ухуулга явуулж гардаг. Үнэхээр тийм юм уу гэтэл, өнөөх компаниудын л даалгавар байдаг буюу.

100 хоногт, Монголыг харьд шилжүүлэх ажлыг л хамгаас идэвхийлэн хийв үү дээ?

Өнөөгийн ЗГ Монголын сөрөг муу бүхний шалтгаан биш юм. Гэхдээ өмнөх ЗГ-уудын алдаатай, улс үндэстний эрх ашигт харшилсан, утга учиргүй алхмуудыг үргэлжлүүлж буйд нь ард түмэн дургүйцэж байгаа. Дургүйцлийг нь төрүүлдэг зүйлсийн зах зухаас нь жишээ болгон дурдаад өнгөрье гэхэд л, хэмжээ хязгааргүй юм болчих гээд байнам.
“Шинэ” ЗГ-ын 100 хоногийн тайланг сонсох болоход тэргүүн нь ТВ-ийн ярилцлагад орно гээд ирсэнгүй. Тэр чухал тайлангаас илүү ТВ-ийн ямар ярилцлага байна аа? ЗГ-ын төгсгөлийн эхлэл нь гэгдсэн нэгэн эрхэм сайд ч ирээгүй. Хамгийн ирэх ёстой хүн тэр баймаар.
Ерөнхий сайд асан Р.Амаржаргал: “Тийм зүйл хийсэн гээд хэлчих юм алга” хэмээн отгон тэргүүний 100 хоногийг дүгнэв. Нэг талаар ингэж хэлж болох ч, нөгөө талаар бол хийсэн юм их бий гэж хэлмээр. “Эрдэнэт”, “Монросцветмет”-ийн давуу эрхээс татгалзаж, 51 хувиа 34 болгон, Тавантолгойг 100 хувь “төрийн мэдэлд” авах, харийнхантай “хамтрах” гэрээний ажлыг түргэтгэх, монгол төрийн өмчийг 12 багц болгон гадаадынханд хувьчлан, санхүүгийн хувьд дампууруулах зэргийн бэлтгэл, суртал ухуулгыг нь эхлүүлсэн гэж ойлгогдохоор байгаа.
“Бид хамтдаа чадна” аа гээд л байсан, хэн гээч “бид” хэнийг чадчихав аа гэмээр. 
Ташрамд хүний хөгжлийн сангийн дэвтэр дээр тэргүүний бичгийн хэвээр “Бид хамтдаа чадна аа” гэснийг хэвлэсэн. Сонгуулийн рекламаа эхлүүлжээ гэж нэг сонин дээр шүүмжилсэн. Ер нь түүнийг рэкламанд их дуртай хүн гэлцдэг. 100 хоногийн тайландаа ирээгүй нь үүнтэй ч холбоотой байж болох бус уу. Эсвэл тэр чаднаа гэдэг нь реклам биш, заналхийлэл юм уу?
Хамаг өмчийг нь гадаадынханд хувьчлуулан, Монголын төрийг дампууруулах гэж ямар их чармайж байна вэ? “Эрдэнэт”-ийн 34 хувиа зарахад л эдийн засаг маань сүйрэлд орох аж. “Эрдэнэт”, “Монросцветмет”, “Оюутолгой”, “Тавантолгой”, “Багануур”, дэд бүтэц, Эрчим хүчний салбар, МУИС, МИАТ гээд л байдаг бүхнээ олон улсын бирж дээр гаргаж, хувьцаа хэлбэрээр харийнханд эзэмшүүлнэ гээд байгаа. Монголчуудад бол үгүй шүү дээ, авч явж чадахгүй нь нотлогдчихсон юм гэсэн. МИАТ-ыг гэхэд л, “шунахай монголчуудын хар энерги шингэсэн тул гадаадынханд хувьчлана” гэсэн шалтгааныг нэг том дарга ажиггүй хэлээд л сууж байна билээ.
Тэр өмчүүдийг хувьчлуулах ажлын хэсэг аль эрт байгуулагдсан. Ингэснээр хөрөнгийн эх үүсвэртэй болноо гэж ухуулдаг. Хөрөнгийн эх үүсвэрээ устгаж байгаа байж. Худалдагдсан эрдэмтнээр, “бөөн орлого дэд бүтцэд орж ирнэ” гэж яриулсан. Дэд бүтцээ бас өгч, цааш нь харуулах гэж байгаа шүү дээ. 
Гадаадынханд өгөөд байх тусам л хоосорч, ядуурна гэдэг хэнд ч ойлгомжтой баймаар. Цаашдаа нам засаг хаанаас мөнгө олохов? Бонд /зээлийн бичиг/ гаргаад байх юм гэнэ лээ. 2010 онд 1,2 тэрбум төгрөгийн бонд гаргах хэрэгтэй байна л гэнэ. Сүүлдээ бонд гаргаад ч нэмэргүй болно. Тэгэхлээр яах вэ? “Монгол” корпораци гэдэг ААН-ийг буюу Монгол улс үндэстнийг зээлийн төлбөрт өгчихнө шүү дээ. Стратэги нь энэ. 
Ийм тийм салбарыг хөгжүүлнээ л гэдэг. Харийнханд бэлэглэхийн л халхавч байдаг. Тавантолгойг 100 хувь эзэмшнээ гэв. 100 хувь харьд өгөхийн халхавч биш үү.
Том 26 төсөл гэснээ, таг болчихсон. Түүнд нь Оюутолгойн зэрэг томоохон нэоколонист ажиллагаанууд багтаж. Зэс хайлуулах үйлдвэр гэдэг нь байгуулагдах үгүй нь огт тодорхойгүй манан будан. Бусад нь дандаа нэоколоничлогчдод үйлчлэх дэд бүтцүүд байсан. Хачирхалтай нь ЗГ тэр төслүүдийг хэрэгжүүлнэ гэж сурталчлаад байх хэрнээ, албан ёсны матэриалд нь болохоор хэрэгжүүлэхгүй, тэндэр зарлаж эрхийг нь л олгоно гэсэн байх жишээтэй. Тодруулж хэлбэл, харийнханд өгөх юм сэджээ.
Дарга нар маань “Тавантолгойг хувьчлах төлөвлөгөө огт өөрчлөгдөөгүй” гэж гадаад ертөнцөд мэдэгддэг аж. Бидэнд болохоор, төр 100 хувь эзэмшнээ гэдэг. Амэрикийн Пибоди Энэржи гэдэг ланжгар компани байна, тэдэнд өгвөл зүгээр гэсээр ирсэн. Пибоди бас дампуурч, гуйлгачин болж байгаа компани юмсанж. “Манай ганц алтан найдвар бол Тавантолгой” гээд дэлхий даяар бадар барьж яваа. Ийм л гуйлгачин компаниудыг оруулж ирж, дэлхийн магнай баячууд болгоод, харин тийм баян байх заяатай биднийг өлбөрөөж алчих гээд байх юм. Хог дахин боловсруул, хүний ялгадсаар бордоо, биотүлш хий, сэг идэж, муур нохойны хоол бэлтгэ... Иймэрхүү л амьжиргааны аргыг бидэнд санал болгож, сурталчлах болсон. Алтыг нь аваад, юу өгч байна вэ?
Газар хөдлөлтийн аймшигт аюул нүүрлэлээ. Түүнээс сэргийлэх юу ч хийхгүй байна. Гай лай болдог монголчууд үхэж далд орог л гэж буй шиг санагдана. Хөрш оронд тэгэхэд урьдчилан сэргийлээд зогсохгүй, газар хөдөлж, гамшиг тохиолдчихсон нөхцөлд ард иргэдээ амьдруулах хөрсөн дорх хотуудыг хадан дунд барьж байна. Санаандгүй байтал газар хөдөлж, 87 мянган хүн нас барсан нь хөршийн төр түмэнд дохио болжээ. 
 Улаанбаатарт илүү их хохирол учруулах газар хөдлөлт болно оо гээд эрдэмтэд 7 дахь жилдээ сануулж байхад ЗГ юуг хүлээж байна вэ? Газар хөдлөлтийн асуудалд асар их мөнгө хөрөнгө хэрэгтэй. Гэтэл төр түмнээ үгээгүй ядуу болгочихоод, өөрсдөө ард олны зэвүүцлээс эмээхдээ үе үе гуйлгачин болж жүжиглэдэг болсон ихэс дээдсийг яах вэ.
“90-ээд оноос хойш манай нутагт явуулсан байлдааны ажиллагаануудынх нь нөхөн төлбөр” гэж, Гүрж Оросоос 40 тэрбум доллар нэхэмжиллээ. Манай төр мөн харийн луйварчин компаниудаас тэр анзааны их хэмжээний нөхөн төлбөр авч, үтэр түргэн хөөн зайлуулах хэрэгтэй юм.
Бодот байдал дээр бол, юун тийм алхам хийх. Яамд маань салбар салбарын гэноцид /бас нэоколоничлолын/ бодлогыг л явуулж ирэв биш үү?
Нэг сайд Төв аймагт очоод “Танайх чинь хямралд өртөөгүй газар байна. Бүх юм нь болж бүтэж байна шүү!” гэв. Оёдлын болон, гутлын, гар ажиллагаатай хувийн хоёр бичил мануфактуртай танилцаж буй мэт жүжиг найруулж тавиад л, өгч буй дүгнэлт нь. 
Шинэ жил тэмдэглэхэд хориг тогтоосон, цагаан сараар зайнаас золго, утсаар золго, ядуу тарчиг баярла гэж шогтсон. Өөрсдөө ч тэрийгээ биелүүлээгүй. Шинийн нэгэнд ард түмнийг хуурах гэж хуурамч золголт /зайнаас биш шүү/ хийгээд, шинийн гурванд жинхэнэ золголтоо хийж, Төрийн ордныг нураах дөхсөн гэнэ. Нэг намынхан байрандаа эмх замбараагүй байдал үүстэл золгожээ. Ийм л дарга нар.
Нийгмийн сөрөг үзэгдэлтэй тэмцэхийн оронд тэр тухай бичиж нийтэлсэн сэтгүүлч, хэвлэлтэй тэмцдэг. Үнэнийг хэлсэн сэтүүлчийг “ардын дайсан” болгон, хэлмэгдүүлэх гэдэг. Сүүлийн үед хэвлэл мэдээлэлд дарамт шахалт их учирч, эрх чөлөө нь хязгаарлагдах боллоо.
Өмнөх ЗГ-ын тэргүүн, “хэвлэлд юу л бол юугаа бичиж л байг, тэртэй тэргүй биднийг гагцхүү дэглэм маань л унагаж чадна” гэсэн байр суурьтай байв. Үнэний хувьтай ч юм. Өөрийнхөн нь түүнийг “Уулаа идлээ, в добрый путь! Убрать посуду не забудь!” гээд л сэнтийнээс нь аваад шидчихсэн. Харин өдгөө хэвлэл мэдээллийн нөхцөл байдал хүндрэв.
Ямар сайндаа, сайд гишүүнийг хавсруулсан нэг эрхэм, боссуудын харшийн зургийг нийтэлсэн сониныг, надад харш байхгүй, би харш гэж юу болохыг ч мэдэхгүй хэмээн шүүхэд өгөөд ялж байхав. “Нэг ангийнхан” нь, чи хэнд ч мэдээжийн юман дээр ингэж хэл ам гаргаж яахнав дээ гэхэд, тэр чинь харш биш, хаус байхгүй юу гэжээ.
Даргыг, тэрний хууль зөрчив гэсэн сэтгүүлч, тэрний тухай хууль гэж бичээгүй юм байна л даа. Тухай гэдэг үгийг л орхигдуулчихаж, бүгд л тэр үгийг хэрэглэдэггүй шүү дээ. Тэгэхэд, намайг гүтгэлээ тийм хууль байдаггүй гээд л шүүхэдсэн гэв үү. Гүтгэнэ гэдэг чинь хэдэн жил хорих ял өгдөг, том асуудал. “Үхсэн даргын толгойноос амьд сэтгүүлч айна” гэх хэлц үг ч гарчээ.
Харин өөрсдөө дотроо, хэн ямар хууль зөрчсөнөө сайн мэдэж байдаг. Гэхдээ гадагш үнэрийг нь гаргахгүй гэж чармайна. “Гөлгөө яалаа, гөлөг болгоно, юун гуя гэгчээр чи яагаад байна” л гэж бие биенээ шантаажилсан улс байдаг гэнэ билээ. Тэрнийхээ хүчинд ч оршин тогтнодог.
Амьдралаас хөндийрч гүйцсэн тэднийг ашиг хонжооны тогоон доттроо л ялз чанагдаад бужигнаж байхад, ард түмэн, нөхцөл байдал өөрчлөгдсөөр байна. Засгийн газрын аливаа алдаа дутагдалд хилэгнэх явдал нэмэгдсээр. Ашиг хонжооны тогоо нь галт уулын тогоо болж хувирч байна шүү. Энэ засгийн газрын цаг хугацаа нэгэнт дуусчээ.
Угаасаа, хамтарсан ЗГ Үндсэн хуулийг зөрчин байгуулагдсан гэж гуравдахь хүчнийхэн мэдэгдэж байгаа. Шинэ тэргүүн нь хууль дүрэм зөрчөөд ороод ирсэн гэж тухайн үедээ бишгүй л яригдаж бичигдсэн. Намынхаа ч дүрмийг зөрчсөн. Тэгснээрээ энэ ЗГ-аа хууль эрхзүйн чадамжгүй, хууль бус болгочихсон. “ЗГ огцор” гэх нь ч утгагүй мэт. Ерөөсөө л ЗГ биш болж таарч байгаа шүү дээ. Хуулийн үүднээс харах юм бол.
Өнөөдөр хэн бизнес хийхийг хүсч байна - зах зээл устсан, хэн ажил хийхийг хүсч байна - ажил олдохгүй! Удахгүй төрийн гуч дөчин мянга ч билүү орон тооноос өөр ямар ч ажил  олдохгүй болох нөхцөл байдал үүсч байна. Тэр 30-40 мянга ч хэдхэн мянга болтлоо буурах,  төр ч байхгүй болох аюул нүүрлэчихсэн. Улс баялаггүй, орлогын эх үүсвэргүй,  тэгээд бас зээл тусламжийг зөв ашигладаггүй, буцааж өгдөггүй учир гадаад ертөнцөөс ч юм харалтгүй. Харин ч, хамгийн болдоггүй бүтдэггүй  улсын дансанд багтаж, олон улсын элдэв хориг арга хэмжээнд орж доройтно. Харгис дэглэмийг дэлхий ингэж сулруулдаг. Ард түмэн нь дэглэмийг унагах хүртэл чангалдаг ёстой. Дэглэмээ унагаахаас өөр амьдрах ямар ч арга зам үгүй болоод байна.  Чангалаад ч бүр болохгүй, өлбөрөөд, мөхөөд унавал НҮБ Монголыг асрамжлахыг Хятадад даалгана. Ийм төгсгөлийг монголчууд бид хүслээ гэж үү?
Аймшигт газар хөдлөлтийн сураг дуулдаж буй. Тэр гамшиг дэглэмийг  арчин хаяж магад. Харин дэглэмтэй хамт арчигдчихгүйн тулд, яаралтайгаар эрүүл нийгэм байгуулж, ашигт малтмалаа гартаа авч, газар хөдлөлтийн эсрэг хөдлөх хэрэгтэй болжээ. 
Байгалийн хуулинд л захирагдан аялдах аваас, амьтны төвшинд буух бөлгөө. Нийгмийн хуулийг бид хэрэгжүүлэх ёстой, хүн учраас. Нэрт улс төрч, “Монголын нийгмийг сармагчингууд удирдаж байна, тэдний амьтны инстинктийн эсрэг бидний оюун ухаан босох учиртай” гэжээ. Тэр үнээн.
Монгол улс үндэстнийг,  хувьсгал гарсан ч сөнөхөөр болгох гэж дэглэмийнхэн маш яаравчилж байна. Бид ч яаравчлах ёстой. Ард түмний төлөө тэмцвэл гудамжны тэмцэл гэж, ард түмнээ гудамж гэж тэд доромжилж байна. Дарлуулж доромжлуулж ханав биш үү, бид ! Хуулийн хүрээнд, бүхий хэлбэрээр тэмцэхгүй бол үхэл л биднийг хүлээж байгаа шүү!
Монгол улс үндэстний эсрэг гэноцид, нэоколоничлолын хэрэг үйлдэгсдэд хариуцлага хүлээлгэх нь хувьсгалын нэг гол зорилго. Одооноос л хариуцлага хүлээлгэх ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Аргэнтиний шүүх Хятадын Зянь Зэминийг 3341 фалунгун  шашинтны амь насыг хөнөөсөн  хэрэгт яллажээ. Манай шүүх шүүж өгөхгүй аваас, чаддагаар нь шүүлгэх хэрэгтэй.
Гэхдээ, нэг ЗГ-ыг тэр мэт нөгөөгөөр солих нь ач тусыг огт авч ирэхгүй. Энэ ЗГ-т хэргийн гол учир байгаа биш. Нэоколоничлол-гэноцидийн тогтолцоог л, төрийн эрүүл тогтолцоогоор халах үйл явдал үгүйлэгдэж буй юм. Үүний төлөө бүх монголчууд нэгдэх ёстой.
Их салхин хөдөлбөл хөдөлтүгэй!
Ч.Мөнхбаяр
MMX.II.XIX
http://moenhbayar.blogspot.com

1 comment:

Md Hossain said...

Та зээл хэрэгтэй байна уу? 100 хувийн санхүүжилт хэрэгтэй юу? Та залхаж байна уу?
эрэл хайгуул, үл хөдлөх хөрөнгө, банкууд болон бусад банкуудаас байнга татгалздаг
санхүүгийн институт, зээл хүсч зээл авах нь таны зээлийг төлөхөд туслах болно
чөлөөт, бид компаниуд, бизнес, аж үйлдвэр, хувийн,
гэх мэт. Манай улсаас үл хамааран сонирхож буй хэн боловч бидэнтэй холбоо барина уу
имэйлээр тусламж авах боломжтой: collinswillamsloanfirm@gmail.com

ГҮЙЦЭТГЭХ ТӨЛӨӨЛӨГЧИД & ГРУПЕРИЙН ЗӨВШӨӨРӨМЖИЙН ГАРЫН АВЛАГА.
* Эхний нэр: ........
* Сүүлчийн нэр: ........
* Гар утас: .........
* Хаяг: ...........
* Хот: ............
* Postal Code: .....
* Улс: ..........
* Утас: ..........
* Шаардлагатай зээлийн хэмжээ ..........
* Зээлийн хугацаа: .........
* Зээлийн зорилго: ..........
* Өмнө нь зээл авах хүсэлт гаргасан уу: (Тийм) (Үгүй)
* Мэргэжил: ..........
Таны сэтгэл ханамж, санхүүгийн амжилт бол бидний зорилго бөгөөд бид сонсохоор найдаж байна
Та нараас.
Шилдэг уншлага