Saturday, April 24, 2010

Зууны дасгалжуулагч С.Магсар гуайг улсын баатар болгоё!


МҮОХ-ны “Зууны манлай дасгалжуулагч” өргөмжлөлт С.Магсар 1943 онд Улаанбаатар хотноо төржээ. 1961-1965 онд Ленинградын БТДС-д дасгалжуулагчийн мэргэжил эзэмшив. Кубад чөлөөт бөхийг хөгжүүлсэн алдарт мэргэжилтэн Ю.Замятин Ленинградад сурч ахуйд нь түүнд багшилж, дасгалжуулагчийн эрдмээ харамгүй өвлүүлжээ. Төгсөөд л улсын чөлөөт бөхийн шигшээгийн дасгалжуулагч, ахлах дасгалжуулагчаар ажиллаж, өндөр амжилт гаргажээ. 1973  онд гавъяат дасгалжуулагч болсон. 1978 онд МАХН-ын ТХ-ны УТТ-ны “Биеийн тамир, спортын байгууллагын зарим удирдах ажилтны намч бус үйл ажиллагааны тухай” 187-р тогтоол гарч, олон зүтгэлтнийг хэлмэгдүүлэхэд С.Магсар багш өртөж, 1990 он гартал хэлмэгдэж яваад цагааджээ. 1991-1994 онд МҮОХ-ны е.н.б.д, 1994-1997 онд БТСҮТ-д ерөнхий дасгалжуулагч, 1997-2001 онд МҮБХ-ны үндэсний шигшээ багийн зөвлөх, 2001-2006.1.1 хүртэл Үндэсний шигшээ багийн захирлаар ажиллаж байлаа. Өдгөө тэтгэвэрт гараад, чөлөөт бөхийн спортын тухай ном бичиж буй.

Тэрбээр дасгалжуулагч хүн зохион байгуулагч, эрэл хайгуулч, ажилсаг байх ёстой гэж үздэг. Ухаан бодол, хүч хөдөлмөрөө бүрэн дайчилж, тамирчин тус бүрийн бие бялдар, ур чадвар, арга мэхийг ажиглаж, хөдөлгөөн, алхам болгоныг нь ширтэж судалж байж, тухайн хүн бүрд таарсан онцлогтойгоор сургах ёстой гэдэг. Авъяастны эрэлд их гарч, сайн шавийг бус, жинхэнэ билигтнийг таних нь чухал гэдэг байжээ. З.Ойдовыг гэхэд л Баянхонгорын ТМС-ийн оюутан байхад нь татаж авсан. Анх шигшээ багт ирж, туслахаар нь ажиллахад ахлах дасгалжуулагч байсан О.Цэрэндагва гавъяатыг С.Магсар багш алтан үеийнхнийг төрүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн хүн гэж үздэг.
Чөлөөт бөх 1904 оноос эхэлж хөгжсөн, 300 гаруй мэхтэй. Магсар багш “Мэх бүрийг мэдэрдэг, үндсэн 4, хариу 10 мэхийг гарамгай эзэмшсэн байх ёстой” гэж сургаж, давтуулдаг байжээ. Тэрбээр 74 гарын шавьтай. Тэдгээрийгээ ясаа янгинаж, махаа сулартал тэмцэлд гэж шахдаг байв. 100 суниа гэхэд 99 суниасан байхад л дэглэнэ. Цаг баримталдаггүй тамирчныг нэг нүдээрээ үзэхгүй. Аварга арслан хэн ч бай, далласан газар ил, далайсан газар далд орох ёстой гэж хандана. Энэ нь заримынх нь дургүйг хүргэдэг ч байж.
60-аад онд күбийн бөхчүүд туршлага судлана гэж манайд ирж барилддаг, хамт бэлтгэл хийдэг байв. Мөнхбат аварга багийнхандаа наадуулыгаа нутаг руу нь харуулаад дараад байгаарай гэж уриалдаг, манайхан ч хөгжилдөн байж нутаг руу нь харуулан дардаг байжээ. 70-аад онд алтан үеийнхэн 10 жингийн 9-д нь дэлхий, олимпийн медалиудтай байсан. Тэр үед +100-д барилдах хүн л олддогүй байж. Адъяатөмөр агсныг 80 гаруй кг жинтэй хүүхэд байхад нь “зузааруулж 100 гаруй кг болгоё” гэж авчирч байжээ. Эрдэнэ-Очирт литр литрээр нь ус уулгаж, 100 гаруй кг–д хүргэдэг байв. Гэтэл өдгөө чөлөөт бөхийн 120 кг хамгийн олон бөхтэй жин болжээ. Энэ нь жин бариагүйгээс үүдэлтэй бөгөөд, жин барихгүй байх нь амжилт доройтох нэг шалтгаан аж.
Сайн бэлтгэл амжилтын үндэс болохыг ухаарсан бөхчүүд ачаалал даахаараа өрсөлддөг байжээ. Хойлогдоржийг 100 суниа гэхэд 120 суниадаг, 5 км гүй гэхэд 8 км гүйчихдэг. Бэлтгэл дуусахад тэр үлдээд л үргэлжлүүлнэ. Сэрээтэр цагийн өмнө ирчихээд л биеэ халаачихсан, хөлс нь цувчихсан байж байдаг байж. Нацагдорж мөн адил. 1973 онд Хойлогдорж дэлхийн аварга болоход ганц секүнд л дутжээ. Ираны бөхтэй маш ширүүн өрсөлдөж, тэнцээд байсан агаад, цаг сунгасан бол Хойлогдорж гарцаагүй ялах байж. Цаг дуусахад ганц секүнд дутуу байхад Ираны бөх үхэн хатан мэх хийж, 1 оноо авснаар 17:16-аар арайхийн ялсан аж. Ираны бөх алхаж гишгэж ч чадахгүй, хүнээр түшүүлсээр явахад Хойлогдорж нэмээд 10 оноо авчихаар л тэнхэлтэй байжээ. Шантаршгүй хатан зоригтой энэ бөхтэй барилдсан мундагцуул хамаг бие нь буларч, зайлагдаж, хямарч, барилдаан дуусахад явж чадахгүй шалан дээр ойчдог, дотор нь муухайрч бөөлждөг байжээ.
Монголчууд 1964 онд олимпод (Токио) анх оролцоод медальгүй ирсэн. 1968 оны олимпод чөлөөт бөхийн багийг бэлтгэх үүрэг Магсар багшид оногджээ. Мехико 2224 м-ийн өндөрт оршдог, тэнд очсон тамирчин амархан тамирддаг, хамраас нь цус гардаг болохыг мэдэв. 1967 оны намар 2 бөх, эмчийн хамт Мехикод очиж, 35 хоногийн турш судалгаа хийж, тэндхийн уралдаан тэмцээнүүдэд оролцож байжээ. Ирээд адилавтар нөхцөлтэй Отгонтэнгэрт судалгааныхаа дагуу бэлтгэл хийлгэсээр олимпод амжилт үзүүлж, 1 мөнгө, 3 хүрэл авчирчээ. Тэр үед Зөвлөлт, Болгар, Америк, Иран, Түрк, Япон гээд 6 орон өмнөө хэнийг ч гаргалгүй, эхний 6 байрыг хуваан эзэлдэг байсан атал монголын бөхчүүд 4-р байр эзэлсэн. Ялангуяа Ж.Мөнхбат зөвлөлтийн Б.Гуревич, болгарын П.Гаржев нарын алдарт дэлхийн аварга бөхчүүдтэй тэнцэж, нэг ч ялагдалгүй мөнгөн медаль хүртсэн нь бахархалтай. Тэрбээр 4-р байранд сэтгэл ханасан янзтай байхад нь Магсар багш аварга цолыг нь сануулан, хамар юуг нь үрчийлгэн байж, хор шарыг нь маажиж хурцалж өгсөн юм гэдэг.
Магсар багш шигшээг дасгалжуулж оролцсон тэмцээнүүдэд манайхны үзүүлсэн амжилтыг тоймлон харцгаая. 3 олимпийн чөлөөт бөхийн тэмцээнд Монголын шигшээ 1968 онд 41 орноос 4, 1972 онд 47-гоос 8, 1976 онд 43-аас 6-р байранд орж байв. ДАШТ-үүдэд 1971 онд 33 орноос 5, 1973, 1974, 1975 онуудад мөн төдий орчим орнуудаас 4-р байр эзэлж, бусад онуудад ч дээгүүр байр эзэлж байлаа. Олимпийн тоглолтоос 3 мөнгө, 3 хүрэл, ДАШТ-ээс 3 алт, 4 мөнгө, 6 хүрэл медалийг түүний шавь нар хүртжээ. 1975 оны Дэлхийн цомын тэмцээнд манайхан бүх жинд медаль хүртэж, 1 алт, 5 мөнгө, 4 хүрэл медаль авч, багаараа 2-р байр эзэлсэн аж. Залуучуудын ДАШТ-ээс 1 мөнгө, 1 хүрэл медаль авсан. Универсиад наадмаас 3 алт, 3 хүрлийг хүртсэн. Азийн АШТ-ээс олон алт мөнгөн медаль авсан. Улс төр, үзэл суртлын үүднээс хандаж, Азийн АШТ болон зарим ОУТ-үүдэд төдийлөн оролцуулдаггүй байсан агаад, хэрэв тиймгүйсэн бол бүр ч өндөр амжилт үзүүлэх байсан буй заа. Тэр үедээ их нэр хүндтэй байсан Тбилисийн ОУТ-ээс алт 1, мөнгө 6, хүрэл 13, Дан Коловын ОУТ-ээс алт 4, мөнгө 5, хүрэл 7-г авч байжээ. 
Магсар багшийн шавь нараас ОУХМ 35, үндэсний бөхийн улсын цолтон 25, хөдөлмөрийн баатар 3, гавъяат тамирчин 12, гавъяат дасгалжуулагч 3, олон улсын шүүгч 9 төржээ. ФИЛА түүнд 1970 онд олон улсын шүүгчийн зэрэг, 1972 онд шилдэг шүүгчийн шагнал, 1973 онд чөлөөт бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж одонгоо олгосон байна.
Манай чөлөөт бөх зөв голдрилоор хөгжиж, олимпийн алт тамирчид дасгалжуулагчийн нүдэнд харагдан байх тэр үес Кремлийн эзэддээ үнэнч коммунист дарангуйлагчид ээлжит хорт муу үйлээ хийж, тэрхүү сайхан ирээдүйг таслан зогсоожээ. 187-р гэх хар тогтоолоороо 30 гаруй хүнийг ажлаас халж, цөлж, салбарынхаа чиглэлийн ажлыг хийхийг хорьсон. Хамгийн өндөр амжилтаараа Монголын ард түмнийг бахдуулж байсан чөлөөт бөхийнхнийг спортынхон дундаас онцгойлж төрөлчлөн хэлмэгдүүлж, уналтад оруулсан. Зөвлөлтийн бөхийг ялж байсан нь зөвлөлтийн боол дарга нарыг хорсгосон ажээ. “Буруутгасан” гол шалтгаан нь “Монгол-Зөвлөлтийн найрамдалд ан цав суулгасан, ах дүү орнуудын тамирчдыг эсрэгцүүлж тавьсан” гэх бөгөөд, жишээ болгож “Зөвлөлтийн бөхийг заавал ялах ёстой” гэсэн Магсар багшийн өгүүлбэрийг тогтоолдоо цохон дурджээ. Энэ нь бас үндсэрхэг үзэл гаргасан гэж буруутгагдахад хүргэжээ. Үнэндээ бол хэлмэгдүүлэгчид өөрсдөө Монголын ард түмнийг хагалан бутаргах гайтай ястнархаг үзэлтэй байсан юм билээ л дээ.
Тэр үед Зөвлөлтийн бөхчүүд тасархай амжилт үзүүлдэг байв л. Харин манай зарим бөх “Зөвлөлтийн бөхийг мань мэт нь яаж барахав” ч гэдэг юм уу, “Зөвлөлт ах нартай нэг их тэмцэлдээд яахав” ч гэдэг юм уу, нэг тиймэрхүү халирамтгай байдал гаргадаг байж. Ийм байдалтайгаар амжилтаа ахиулахад бэрхтэй. Магсар багш “Спорт  бол спорт. Зөвлөлтийн бөхийг ялахгүйгээр яаж түрүүлэх юм!” гэж хэлж, тэр бууж өгөмхий байдлыг арилгах гэж их хичээж явжээ. Үүний дүнд ч өндөр амжилтад хүрч чаджээ. Гэтэл тэр л үгийг нь өлгөн авч, Монголын ард түмний бахархал болсон чөлөөт бөхөд цохилт өгөхөд ашиглажээ. Тэр үеэс хойш чөлөөт бөхийнхний амжилт уруудсаар өнөөгийн түвшинд хүрчээ.
Магсар багшийг гэр бүлийнх нь хамт Булган аймагт цөлсөн байна. Байнгын хараа хяналтын дор янз бүрийн ажилд зүтгэж явснаа, хотод аргалан орж ирээд төмөр замд цэвэрлэгч, туслах машинист, машинистын ажил хийж байв. Урьд нь өөрөө хэлмэгдэж явсан генерал бөх зүрх гарган, түүнийг “Алдар” нийгэмлэгт татан авчээ. Магсар багш ч “Алдар” нийгэмлэгийг 5 удаа улсын аварга болоход нь хүчин чармайлтаа зориулжээ.
Ид ажиллаж бүтээх үеийн 13 жилээ хэлмэгдлийн хар сүүдрийн дор өнгөрөөсөн түүнийг 1990 онд цагаатгасан. Шигшээ баг хэрэггүй гэх үзэл дэлгэрч, түүнийг баримтлагчид шигшээг тараасан нь сайн үр дүнд хүргэсэнгүй. Олимпоос заавал медальтай ирдэг уламжлал 2000 онд тасарч, Сиднейгээс 6-р байр л шүүрцгээжээ. Монгол улс 150-р байранд оржээ. Энэ байдалд зохих дүгнэлт хийгдсэнээр Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо байгуулагдаж, шигшээ байх нь зөв гэсэн үзэлтэй Магсар багшийг Үндэсний шигшээгийн захирлаар томилов. Тэрбээр спортын 6 төрлөөр үндэсний шигшээ байгуулж, олимпод бодлоготойгоор бэлтгүүлж  эхэлжээ. Яггүй бэрхшээлтэй ч учирч байв. Наад зах нь л, тамирчид, багш нар нь гэж хэнд ч захирагддаггүй, дураараа улс болчихсон байх жишээтэй. Олимпоос медаль авах бололцоотой нэгэн бөхөд битгий наадам хэсээд бай, бэлтгэлээ базаа гэхэд өөрийнхөөрөө зөрүүдэлж явсаар олимпийн өмнөхөн гараа гэмтээчихээд иржээ. Афины олимпиадаас манайхан медаль хүртэж, 74-р байранд орлоо. Азийн 45 орноос 13-т орох амжилт үзүүлсэн гэж бодвол чамлахааргүй. Магсар багш ямар ч гэсэн медальтай ирнэ гэсэн амлалтаа биелүүлсэн ч, дотроо бол 4-5 медаль хүртэж болох юм гэж бодож байжээ. Гэвч тамирчдын хувийн хариуцлага дутагдсанаас тэр нь бүтсэнгүй.
Зорилгодоо хүрсэн Магсар багш Бээжингийн олимпоос алт авах зорилготойгоор ажиллана гэв. Гэтэл хэлсэндээ хүрдэг энэ хүнд албан тушаалын хэнээтнүүд гай болжээ. Мөнгө идсэн, уусан гэж гүтгэхэд нь тэрбээр “Хэн хэдэн хуушуур идсэнийг хүртэл хэлж чадна” гээд баримт, нотолгоогоо гаргаад ирэхэд тэд таг болов. Азийн тоглолтод өндөр амжилт үзүүлэх нь олимпийн бэлтгэлд ихээхэн ач холбогдолтой хэмээн ажиллаж байхад нь тэтгэвэрт гаргана хэмээн ажлаас нь зайлуулж дөнгөжээ.


Тэрбээр 1978 оны хар тогтоол өнөөг хүртэл хүчинтэй байх шиг байгаад эмзэглэдэг. Тухайлбал, тэр тогтоолд сайн бөх хүн л сайн дасгалжуулагч болж чадна гэсэн нь өнөөдөр хэрэгжээд л явж байна. Тэр тогтоолын хоморголон халж, хэлмэгдүүлдэг арга барил ч хэвээр. Т.Ганди гэхэд л БТСУХ-ны дарга Г.Пүрэв-Очир нарыг халж, УИХ-ын сонгуульд өөрийнх нь менежер байсан, эвлэлийн ажилтан Ч.Наранбаатар нарыг тавьсан.
Өнөөгийн бөхчүүд урьд Магсар багшиин хийлгэдэг байсан бэлтгэлийн 50 хувьд ч хүрэхгүй ачаалалтай бэлтгэл хийж байгаа ажээ. Баахан штанганд суусан улс байдаг, тэр нь бөхийн бус булчин шөрмөс суулгаж, сөргөөр нөлөөлдөг аж. Жаахан бэлтгэл хийчихээд л архи авгай эргүүлээд явчихдаг. Дасгалжуулалтын тогтолцоо алдагдаж, бэлтгэл сургуулийн чанар суларсан. Мунхаг дасгалжуулагч гавъяат тамирчин Энхээг буруу дасгал хийлгэж байгаад гэмтээж суумгай болгосон байх жишээтэй. Энэ бүхэнд санаа зовж суудаг Магсар багш Өсөхбаяр, Сүхбат, Сумъяабазар, Гантогтох нар чөлөөт бөхөөр тууштай хичээллээд, хоорондоо өрсөлдөөд явсан бол хүнд жин сайхан болох байсан гэж үздэг.
Спортын ертөнцөд хөрөнгө мөнгө шамшигдуулах, албан тушаалыг урвуулан ашиглах явдал гаарсан, дарга нар хамаг мөнгийг идэж уучихаад, тамирчдыг хий хоосон уриа лоозонгоор хуурах гэдэг болсныг Магсар гуай эрс шүүмжилж, “Дэлгэр Монгол”-ыг хичнээн дуулаад дэлхийн аварга болж чадахгүй” гэж хэлж ирсэн.
“Зууны дасгалжуулагч” цолыг зүй ёсоор хүртсэн, дэлхийд гарамгай гэж гайхагдсан С.Магсар гавьяат үнэхээр алтан дасгалжуулагч билээ. 
Ардчиллын үед түүнийг цагаатгасан ч удалгүй хор найруулан, спортоос хөндийрүүлж, дахин хэлмэгдүүлсэн.
Хөдөлмөрийн баатар, магадгүй Улсын баатар ч болж болох энэ хүний дайчин гавьяаг тольдоцгооё. 

Olympic Games
1968. 41 орноос 4-р байр
1972. 47 орноос 8
1976. 43 орноос 6
Олимпийн медаль: 
Ж.Мөнхбат 1968 мөнгө
Х.Баянмөнх 1972 мөнгө
З.Ойдов 1976 мөнгө
Ч.Дамдиншарав 1968 хүрэл
Д.Сэрээтэр 1968 хүрэл
Т.Артаг 1968 хүрэл
ДАШТ
1969. 21 орноос 6-р байр
1970. 29 орноос 7-р байр
1971. 33 орноос 5-р байр
1973. 31 орноос 4-р байр
1974. 25 орноос 4-р байр
1975. 23 орноос 4-р байр
1977. 30 орноос 7-р байр
ДАШТ-ий медаль
Алт: З.Ойдов 1974
З.Ойдов 1975
Х.Баянмөнх 1975
Мөнгө: Б.Жамсран 1971
Х.Баянмөнх 1971, 1974
М.Хойлогдорж 1973
Ц.Нацагдорж 1975
Хүрэл:
Ж.Мөнхбат 1967
Д.Сэрээтэр 1970
М.Хойлогдорж 1971
О.Энхтайван 1973
Ц.Нацагдорж 1974
З.Ойдов 1977
Дэлхийн цом 1975
Алт: Г.Хишигбаатар
Мөнгө: Д.Ганбат
Ц.Самбуу
Ц.Нацагдорж
Л.Гантөмөр
Д.Цэрэнтогтох
Хүрэл: А.Норов
Х.Баянмөнх
Т.Артаг
Д.Хадбаатар (багаараа 2-р) 
Залуучуудын ДАШТ /1971/:
С.Батсүх мөнгө
Ж.Дамдинсүрэн хүрэл 
34 орноос 6-р байр
Тивийн АШТ /1973/:
Чөлөөт бөх
Алт: О.Энхтайван 48
Д.Ганбат 52
М.Хойлогдорж 57
З.Ойдов 62
Ц.Нацагдорж 68
М.Бат-Амгалан 74
Т.Артаг 82
Ж.Мөнхбат 90
Х.Баянмөнх 100
Д.Адъяатөмөр 130
Сонгомол бөх:
Алт: М.Дүгэрсүрэн 48
Ж.Мөнх-Очир 52
А.Басхүү 74 
Т.Батчулуун 82
П.Дагвасүрэн 90
Ө.Эрдэнэ-Очир 100
багаараа 1-р байр.
Азийн тоглолт/1974/
Алт: Д.Цэрэнтогтох
Х.Баянмөнх
Мөнгө: З.Ойдов
Д.Сэрээтэр
Хүрэл: О.Энхтайван
Ц.Нацагдорж
Д.Цэрэндаш
Ж.Мөнхбат
Д.Адъяатөмөр
ЗХУ. Тбилис ОУТ /чанар нь ЕАШТ/
Алт: Д.Сэрээтэр 1968
Мөнгө: П.Дагвасүрэн 1967
Д.Сэрээтэр 1968
Ж.Мөнхбат 1968
Х.Баянмөнх 1968
С.Сүрэнжав 1969
З.Ойдов 1976
Хүрэл: Х.Намшир 1966
Ч.Дамдиншарав 1967
Б.Жамсран 1969
Б.Намжим 1969
Д.Ганбат 1970
Х.Баянмөнх 1970-1972
Ж.Мөнхбат 1970-1971
Н.Пүрэвсүрэн 1970
О.Энхтайван 1972
Т.Артаг 1973
Ц.Лхаажав 1976
Д.Багахүү 1979
Болгар. Дан Колов ОУТ /чанар нь ЕАШТ/: 
Алт: Д.Сэрээтэр 1968
З.Ойдов 1974
Х.Баянмөнх 1974
Ц.Нацагдорж 1976
Мөнгө: Д.Сэрээтэр 1967
Ж.Мөнхбат 1968
Х.Баянмөнх 1971
С.Сүрэнжав 1974
Х.Баянмөнх 1976
Хүрэл: Ч.Дамдиншарав 1967-1968
М.Хойлогдорж 1970
Д.Сэрээтэр 1971
Д.Ганбат 1974, 1976
О.Энхтайван 1974
М.Бат-Амгалан 1975
Ч.Гочоосүрэн 1976
Универсиад:
Алт: Д.Нацагдорж 1973
З.Ойдов 1977
З.Дүвчин 1977
Хүрэл: Ж.Мөнх-Очир 1973
О.Энхтайван 1977
Ж.Даваажав 1977
ОУХМ
48 кг-д-4
52 кг-д -4
57 кг-д -4
62 кг-д -5
68 кг-д -3
74 кг-д -4
82 кг-д -5
90 кг-д -4
130 кг-д-2
Ч.Мөнхбаяр. MMVI

No comments: