Saturday, April 24, 2010

Өвөр Монголыг чөлөөлөх үндэсний фронтыг байгуулсан минь


Хүүхэд л болсон хойно доо. Цэрэг дайны холбогдолтой зүйлийг их л сонирхдогсон. Монголд Чингис хаан гэдэг дэлхийг эзэлсэн их хаан, аугаа жанжин байсан тухай сургуульд орохоосоо өмнө л лав үлгэр домог-цуурхлын хэмжээнд сонсож амжсан байв. 1 дүгээр ангид байхдаа, 4 дүгээр ангийн эгчийнхээ сурах бичгүүдийг амтархан уншиж, Монголын түүх, баатарлаг  дээдсийнхээ талаар ойлголттой болж, бахдан биширсэн билээ л. Гэхдээ социализмын үед үндэсний бахархлаа дэвжээх боломж тийм ч их олдохгүй.
Марк, мөнгө цуглуулдаг, мүзэй үзэх дуртай, номын хорхойтон зэрэг минь зарим боломжуудыг гаргаж өгнө. Хүүхэд байхдаа би Монголын, социализмаас өмнөх бараг бүх зүйлийг шүтэн бишрэгч болсон байв. Дүрслэх урлаг, соёлын дурсгал,  түүх өөрийн эрхгүй л асар их нууцлаг, жаргал мэдрүүлсэн илч дулааныг хайрлан эзэмддэг байсан нь үндэсний үзэл бүрэлдэн асан, ассан хэрэг байж дээ.

Миний бага нас Бээжингийн аюул заналын уур амьсгал дор өнгөрсөн. БНМАУ-ын суртал ухуулга Хятадын жанжлан ноёрхох үзэлтнүүдийг сөрөн, бүхий хүчин чадлаараа ажиллаж байлаа. Энэ нь хүүхэд намайг хятадын гэсэн болгоныг үзэн ядагч болгосон явдал буй. Өдгөө би ямар нэг ард түмнийг бус, харш буруу бодлого, явуулгыг сөрөх хэрэгтэй гэж үздэг ч, хар багын төлөвшлийн үр дагавар их ээ. Монголд над шиг Хятадын аливаа зүйлээс хол хөндий, тэдгээрийн талаар мэдлэггүй нэгэн үгүй биз ээ. Хятад Монголын талаар ямар бодлого явуулж ирсэнийг л гэхээс, Хятадын өөр бусад зүйлүүдийн  талаар бараг ойлголтгүй дээ.
Долоо наймдугаар ангиасаа хилийн чанадын монголчуудын талаар маш их сонирхох болов. БНХАУ ч ойлгомжтой. Харин яагаад ахан дүү Зөвлөлт маань монгол яст буриад, халимаг, тува нарыг бидэнтэй нэгтгэчихэж  болдоггүй юм бэ, яагаад монгол нутгууд хойд хөршийн маань харьяанд байна вэ гээд бодохоор л, итгэл  найдварыг минь хүлээж байсан тэр гүрэн яг л намайг өөрийг минь хуурч мэхэлж ирсэн мэт дотор харанхуйлдаг байлаа. Тэр үеийн монголчуудын дунд зөвлөлтийн эсрэг хандлага багагүй байсан  юм шүү. Надад ч бас нөлөөлнө. Ингээд ЗХУ-д итгэх итгэл минь алдарсаан. Харин ч зөвлөлтийн эсрэг үзэлтэн болж эхлэв.
Есдүгээр ангийнхаа 2 дугаар улирлын үед би Өвөр монголыг чөлөөлөх үндэсний фронт гэсэн нууц бүлгэм байгуулъя гэж  шийдсэн. Тэгээд ангийнхаа Батболд, Тогоо, Нармандах нарыг юун түрүүнд  элсүүлсэн билээ. Өвөр Монголыг таньж мэдье, Хятадын дарлалаас чөлөөлөхийн төлөө чаддаг бүхнээ хийж явцгаая гээд дүрэм, зорилгоо тодорхойлсон. 1984 онд, өөрчлөн байгуулалт ч эхлээгүй байхад, бүлгэмийн маань ажил нэг ч их өргөжин тэлж өгөхгүй байх нь  тодорхой. Хаанаас ямар мэдээлэл авах вэ, хэнийг нэмж элсүүлэх вэ, юу хийх вэ гэсэн асуулт бүр мухардалтай учруулна. Маш аюул осолтой зүйл сэдсэн байв л.
Манай 51 дүгээр сургуулийн 6 дугаар ангид суралцаж асан үеэл дүү Ш.Одонтөр маань ангийнхаа хэдэн хүүхдийн хамтаар бүлгэмд нэгдэх хүслээ илэрхийлэв.Түүний дүү, 33 дугаар сургуулийн 5 дугаар ангид суралцаж асан Ш.Ундраабаатар ч нэгдлээ. Ундраа дүүгийн ч үзэл бодол нэгтнүүд буй ажээ. Уг нь би насан бага гээд тэднийг энэ хэрэгт татан оролцуулах бодолгүй байсан ч, чин эрмэлзлийг нь үзээд зөвшөөрсөн. 
Бид бөөнөөрөө цуглах, уулзахаас болгоомжилдог байв. Мэдээлэл солилцох, болгоомжтойгоор суртал ухуулга хийцгээх нь гол үйл ажиллагаа. Хэзээ  нэгтээ ил гарах боломж олдоно, шударга ёс ялна, харин бид тэр хүртэл тал бүрийн бэлтгэлийг хангаж байх ёстой гэлцдэг байлаа.
9 дүгээр ангийнхаа хавар би бүрэн панмонголист  болон төлөвшвөө. Зөвхөн БНХАУ-аас бус, ЗХУ-аас ч ахан дүүсээ газар нутгийнх нь хамт эргүүлэн авах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй боллоо. Одгоо, Ундраа дүү нартайгаа ярилцаад, шинэ дүрэм, зорилгыг боловсруулав. “1915 оны Хиагтын шударга бус гэрээний үр дагаврыг арилгах” гээд л бичиж байж билээ. Хүүхдүүд учир гэнэхнээр, логном хэл гэдгээр, латин үсгээр анхны хувилбарыг нь бичсээн. Тэгвэл, алдагдсан ч, өөр бусад хэн ч тайлж уншиж чадахгүй гэж санасан хэрэг. Логном гэдэг нь үгийг тонгоруулж бичихийг л хэлж буй.  Хожим нууц бичиглэлээ улам түвэгтэй болгосон.
1985 онд фашизмыг ялсны 40 жилийн ой боллоо. Зөвлөлтийн эсрэг үзэлтэй миний хувьд Гитлэр, Ш Рэйх, вэрмахт нүдэнд дулаан харагдаад эхлэв шүү. Ингээд фашист үзэлтэй боллоо /Хожим Фашист залуучуудын холбоо гэх бүлгэмийн гишүүн ч болж явсан. Одоо бол би фашист биш болоод удаж байна л даа. Ер нь үндэсний, эх оронч үзлээ фашист гэж алдаатай нэрлэж явсан тал бий/.
Дүү нар, нөхөддөө ч нөлөөлөв. Бид чинь панмонголист, антисоветист, бас фашист, хамаг эсэргүү үзлийн цуглуулга, жинхэнэ диссидэнтүүд болоод байв. Зиг хайль хэмээн ёсолж мэндчилнэ. Монголчуудын язгуурын сүлд бол Хас гэсэн “нээлт” ч хийв. Монгол ардын нам болон, урлаг, соёлын дурсгалтай холбоотой хас дүрслэлүүдэд залбирч мөргөх л дөхөж явсан даа.
Голдуу мэдээллийн үйл ажиллагаатай бүлгэмээ зүгээр л Хамтын ажиллагааны нийгэмлэг гэж, нууцлалын үүднээс нэрлэх болов. 1985 оны зун Одгоо, Ундраа дүү нартайгаа панмонголист үйлсийн төлөө амь биеэ зориулнаа хэмээн ёслол үйлдэцгээж, шинэ баримт бичиг  боловсруулав. Тэр хоёрын маань аав ээж, дүү нар хөдөө явсан тул,  тэднийд хонон өнжин элдвийг чөлөөтэй хэлэлцдэг байлаа. 
Өвөр Монголын тухай ном бичнэ гэж матэриал цуглуулна…
10 дугаар ангиа төгсөцгөөсөн, би Свердловскод сэтгүүлчийн мэргэжлээр суралцахаар явсан, өөрчлөн байгуулалт, ил тод байдал, ардчиллын үйлс эхэлсэн зэрэг нь  нууц бүлгэмийн маань үйл ажиллагааг сулруулж, улмаар оршин байх аргагүйд хүргэсэн. Нууж хааж хэлэлцдэг зүйлсээ  чөлөөтэй ярьж болох болсон хэрэг.
“Манайд ардчилсан хувьсгал ялсан тул үзэл суртлын холбогдолтой хичээлүүдийг үзэхгүй” гэж өргөх бичиг өгч, бойкот хийснээр, Уралын их сургууль намайг “эрүүл мэндээр” чөлөөлсөн болой. Хувьсгал гарахаас ч өмнө би Зөвлөлтийн шовинизм, большевизм,  хаос хосолсон уур амьсгал дунд суралцах дургүй байсан л даа.
1990 онд МУИС-даа шилжин ирэхэд, монгол хэлний 3 дугаар курст сурч асан, ардчилсан хувьсгалын партизан болчихсон Одгоо маань баяртай угтаж, хамтдаа МОХ-ны “Бамбар” сонинд нэг хэсэг гар нийлэн ажиллаж, улмаар Монголын анхны хувийн сонин “Шинэ үе”-ийг гаргав /1990 оны 12 дугаар сар/. Тэргүүнд нь “Хуваагдмал Монгол” хэмээх панмонголист өгүүллийг тавьсан даа. Түүнийг АПН дор нь орос руу хөрвүүлээд, факсдан илгээж байсан гэж найз Д.Цыбыкдоржиев маань баталдаг юм…
Түүнээс хойш олон жил өнгөрчээ. Миний бие панмонголист хэвээр, Монголын  олон сайхан үндэстний үзэлтнүүдийн найз нөхөр, үзэл санаагаа байнга сурталчилж явдаг, холбогдох санал санаачилгууд цөөнгүйг дэвшүүлсэн нэгэн. Ш.Одонтөр маань хэл зохиол судлаач эрдэмтэн, Ш.Ундраабаатар АНУ-д ажиллаж амьдарч буй. Нармандах маань насан нөгчжээ. Бусад нөхөд хаана юу хийж явааг эс мэдмүү. Тэртээ социализмын үед, балчир бага хүүхдүүд хэрнээ, тухайн үедээ маш эрсдэлтэй алхмыг хийж, хамтран зүтгэж явсан дүү, найз нартаа талархсаар явдгаа, юуг ч мартаагүй гэдгээ энэ дурсамжаар илэрхийлмүү.
Ч.Мөнхбаяр
http://moenhbayar.blogspot.com
ММХ. III.XIV

No comments: