Saturday, April 24, 2010

Сод хүмүүн О.Дашбалбар гитар наадах тун чиг дуртай байжээ


Монголын Үндэсний түүхийн мүзэйд “Зохиолчид-оюуны язгууртнууд” хэмээх сонин сайхан үзэсгэлэн нээгдэв. Монголын ПЭН-төв, Соёлын өвийн “Боловсрол” төв, Бичиг соёлын төвөөс зохион байгуулжээ. 
Манай зохиолчдын амьдрал, уран бүтээлийн замналын олон талыг харуулсан жинтэй үзэсгэлэн болжээ. Хэн нэг нь уянгат гитараар эгшиглүүлэн тоглох нь сонсдох шиг. Шилэн хоргоны цаана сод найрагч, тод зүтгэлтэн О.Дашбалбар агсны хөх гитар үзэгдэнэ. Тэнгэр шиг хөх энэ гитараар тэнгэрлиг аялгууг наадмаар аа.


Түүний гитар тоглож буй фото зураг байсан. Гэтэл энэ эрхэм хүнийг гитар нааддаг байсан гэж хэн хүн мэдэхгүй билээ. Магадгүй, эгшиглэнт чавхдаснаас зарим мөрүүд нь төрсөн ч юм билүү. 
Аль ч цагийн зохиолчид оюуны язгууртнууд аа. Гэтэл билгүүн найрагч, дуун хөрвүүлэгч М.Цэдэндоржийн хамаг зовлонгоо гаслантайяа үгүүлж, аргагүйн учир мөнгө зээлдүүлэхийг хүссэн гунигт захидал сэтгэл сэрдхийлгэсэн юм. Одоо ч оюуны язгууртнууд маань ийм байдалтай л аж төрж байгаа бус уу. Үүнийг чухам юу гэж үзвэл зохистой вэ? Сэтгэлийн хувьд хамгийн баян ч, эдийн хувьд хамгийн ядуу нь өдгөө зохиолчид л буюу. Тэрхүү гунигт захидлаас хойш, М.Цэдэндорж агсан тунчиг удалгүй нас баржээ. Хэзээ бид амьддаа бие биенээ хайрлаж сурах вэ? 



Манай редакцийн уран бүтээлч Я.Мөнхжаргал, 
Ч.Мөнхбаяр нарын “Жаргалтай”, 
“Өвлийн охин” шүлгүүд уран бичлэгээр

Эрдэмтэн зохиолч Ш.Гаадамбын урласан шатар, гаанс, эсэргүү зохиолч Р.Чойномын урласан хуур гээд л сонин үзмэрүүд харагдлаа. Ташрамд хэлэхэд, давхар давхар авъяастай зохиолчид тун ч олон байсан бөгөөд, одоо ч мөн адил бөлгөө. Тэгэхээс ч биш яах билээ. Зохиолчдын маань үндсэн ажил хөдөлмөр дандаа л уран бүтээлээс өөр үйл хэрэг байлаа шүү дээ. Зохиолчдын хоёрдахь авъяас билгийн талаар бас нэг үзэсгэлэн гаргах буюу, их зүйлийг үгүүлж болно. 
Энэ үзэсгэлэнд шинэлиг зүйл шинээр бүтээгдэж тавигдсаныг хэлэхгүй өнгөрч болохгүй. Тэр нь “Бичиг соёл” төвийн төлөөлөгч, нэрт уран бичээч Д.Ганбаатарын каллиграфи бичлэгийн бүтээлүүд юм. Дорнын их өв соёлтой ард түмний нэг нь монголчууд болох нь энэ бүтээлүүдээс мэдрэгдэнэ. Урьдын монгол бичээч /бичиг номын хүмүүн / болон язгууртнууд уран бичлэгийн эрдмийг эзэмшсэн байх учиртай асан. Монгол уран бичлэг нь өрнөдийн юм уу, лалын хичээнгүй гоёмсог,чимэглэлийн бичгээс өөр, уг юмныхаа утга, агаарыг илэрхийлнэ. Мөн дорнодын дүрс үсгийн каллиграфийг бодвол бүхий дүрс хэлбэрт уусан хувилж чаддаг. Тиймээс монгол уран бичлэг хэмээх урлаг сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй бөгөөд уран зохиолтой дөрөө харшуулах нь их болжээ. Үзэсгэлэнд Т.Баянсан, Г.Бадамсамбуу, Б.Галсансүх, Б.Золбаяр, Б.Одгэрэл, Ц.Отгонжаргал, Ч.Мөнхбаяр, Я.Мөнхжаргал, Д.Цогбадрах, Х.Чилаажав нарын мөнгөн үеийн яруу найрагчдын бүтээлийг уран бичлэгээр толилуулжээ.
П.Тулга

No comments: