Saturday, April 24, 2010

Хэрвээ…



Миний бие, 1998 онд түүхийн сэтгэмжийн “Хэрвээ…” хэмээх ном бичих санааг олсон ч, завдал болсонгүй өдий хүрсэн билээ. Юутай ч гэсэн, ямар нэг байдлаар л эхлүүлье гэж бодоод цуврал товч тэмдэглэл бичихээр шийдэв. Хэрвээ, Монголын түүхэнд  тохиолдсон, сөрөг үр дагавартай томоохон үйл явдлууд байгаагүй буюу, сүйрэл учруулахуйц хэмжээний бус асан бол, манай улс гүрэн ямар байх байв гэсэн сэтгэмж номын утга агуулга нь юм. Хүүхэд залууст түүхээ сонирхох хүслийг төрүүлэх, сургамжийг нь ойлгоход туслах, эх оронч, үндэсний үзэлтэй нөхөрлүүлэх зорилгыг хэрэгжүүлнэ гэж бодож байлаа. Түүхийн баримт, таамаглал сэтгэмжийн суурь болсон. Хожим дэлгэрүүлж бичихийг горилном.

Монголын эрт үе, 
Мөнгөн улсын түүх, соёл
Монголын тал хамгийн эртнийд тоологдох тул хүн үүссэн голомт байх боломжтой. Энэ тухайд 19-р зууны эцсээс Амэрик, Оросын эрдэмтэд таамаг дэвшүүлсэн. Өдгөө, Африк бол хүний өлгий гэх нь давамгайлж буй ч, их настай яс /6-9 сая жил/ олдсоноор чингэж буй талтай. 1931 он хүртэл 600-700 мянган жилийн өмнөх яс илэрсэн Зүүн Өмнөд Азийг голомт гэж асан. Одоогоор Монголд сая гаруй жилийн өмнө хүн амьдарч байсны баталгаа олдоод байна. Мөн приматуудын /хүн, сармагчин, лэмүр/ хамгийн эртний өвөг заламбдалэстэсийн үлдэгдэл олдсон болой.
Хэдэн сая жилийн өмнө анх чулуун зэвсэг хийснийг хүний оюун ухаан үүссэний шинж гэдэг. Эртний хүн 2-3 бумны өмнө ихэнх сармагчин шижнээсээ салсан бөгөөд, 50-40 мянганы өмнө кроманьон буюу бидний зүйлийн /Homo sapiens/ хүн үүсчээ. Кроманьон хүний тархины төрөлхийн чадвар нь биднийхээс ялгаагүй, үг яриа төлөвшсөн, их эрт цагт арьстны шинж бүрэлдсэн, угсаатны үүсэл тавигдсан байв.
Хүн төрөлхтөн монголоид, европэоид, нэгроид гэсэн гурван их арьстан /төрхтөн/-аасбүрддэг. Монголоид нь дотроо, тивийн /Төв Ази/, далайн /Зүүн Ази/, малайн /Зүүн Өмнөд Ази/, палэо /Хойд Ази/ гэсэн дэд арьстанд хуваагдана. Тивийн монголоидууд, тэр дотроо монголчууд /бусад нь европэоидтой янз бүрийн хэмжээгээр холилдсон/ арьстныхаа хамгийн хэв шинжит төрхийг агуулах тул, монголоид гэх антропологийн нэр томъёо үүсчээ. 
Хүн төрөлхтний түүхийн эхин болох хүй нэгдлийн эринийг  хуучин чулуун /палэолит, НТӨ 2.5 сая-15 мянган жил/, дунд чулуун /мэзолит, НТӨ 15-8 мянга/, шинэ чулуун /нэолит, НТӨ 8-4 мянга/, зэс-чулуун /энэолит, НТӨ 4-2 мянга/, хүрэл /НТӨ 2-1 мянга/, төмөр зэвсгийн үе гэж дундаж хугацаагаар баримжаалан хуваадаг.
Доод палэолитийнхэн галыг ашиглаж эхэлсэн ч, хэдэн зуун жил үл унтрах түүдгээ байнга манадаг байв. Манай өвөг дээдэс их л балар цагт чулуу хавсран гал асаахыг сэдсэн байдаг. Зарим эрдэмтэн үүнийг, мод үрэх аргаас ч өмнө үүссэн байж болзошгүй хэмээн үзэж буй. 
Монгол бол дэлхийн чулуун зэвсгийн гол төв гэдэг нь чулуун зэвсэг бэлтгэдэг асан том том газруудаар нотлогдов.
Өвөг дээдэс маань эртнээс нүүдэллэж байсан. НТӨ 70-12 мянган жилийн туршид Америк тив рүү “Бэрингийн хүзүүвчээр” нүүдэллэж байсан жишээтэй. Амэрикийн индианчууд нь нөхцлийн явцад хувьсан өөрчлөгдсөн ч, европэоид, нэгроид төрхгүй, чухам манай өвөг дээдэс тийш нүүдэллэж асныг нотлох мэт.
Мөстлөг эхлэхэд монгол нутаг дахь хүмүүсийн үйл ажил улам ч эрчимжин хөгжиж, урц оромж барих, арьс шир боловсруулах, ээрч нэхэх, өмсгөл хувцас хийх, хүнс нөөцлөх, эмчилж анагаах зэрэгт гаршиж, тариалан, МАА-н суурийг тавьжээ.
Палэолитийн үед, төрөл садны суурин дээр үүссэн овгийн байгуулал, бөө мөргөл, эхийн эрхэт ёс буй болжээ. Мэзолитийн үед овгууд аймаг болон нэгдэж, засаглах давхарга бүрэлдэж, нум сум дэлгэрч, тариалан, МАА хөгжив. Тосгон суурин ч бий болсон. Суурьшмал байсан протомонголчууд нэолитийн үед, мал сүрэг өссөний улмаас нүүдэллэж явдаг боллоо. Тариаланч, гар урлалч ард иргэд суурин хэвшлээ хадгалж үлдэв.
Нүүдэллэх нь тухайн үед аж ахуйн тэргүүний хэвшил байлаа. Өвөг монголчууд хамгийн нүүдэлчийн ард түмэн байв. Гэр, дугуй, тэрэг, мал эдлэх тоног гээд олон зүйлийг нүүдэлчид анх бий болгожээ. МАА үүссэн нэгэн голомт Монголд ч тэдгээрийг анх бүтээсэн байж болох билээ.
НТӨ 5000 жилийн орчимд өвөг монголчууд зонхилсон, нүүдэлчдийн Мөнгөн улс (Мөнх Гал, Мянгад улс гэсэн нэртэй асан гэх хувилбарууд бий) хэмээх холбоо байгуулагдав. Цалин цагаан мөнгө мэт итгэл сэтгэлээр нэгдэв гэж, басхүү мөнгө, ер нь төмөрлөгийг хүндэтгэн үзэх тул ийн нэрийджээ. Өргөмжлөх зүйлдээ урьд өмнө байгаагүй үг хэрэглэх ёсын дагуу Монгол болгосон ажээ. Зарим судлаач Мөнгөн улс, түүний түрүү үеийн өвөг монгол аймгуудыг соёл иргэншлийн анхдагч өлгий гэх нь буй.
Эртний Ки /хурц, ирт гэсэн үг/ хааны өвөг удам алтан ургийнхан гэгдэн, захиран ноёлох дархан эрхийг олжээ. Ки ясныхан гэх үг сунжирч киян, кияд болсон. Алтан ургийнхан улс үндэстнээ зангидан нэгтгэх хүчин зүйл байв.
Мөнгөн улс нь боол эзэмшигч ч биш, хэв шинжит фэодалын улс ч биш, цэргийн ардчилал зонхилсон, өвөг монгол голдуу нүүдэлчин аймгуудын чөлөөт холбоо /конфэдэраци/ байлаа. Холбоогоороо шийдвэрлэх учиртай асуудлыг ноёд өрлөгүүдийн чуулганаар шийдвэрлэнэ. Хэдийбээр, цэргийн ардчилал нь өнөөгийн ардчиллаас өөр ч гэлээ, хамгийн дэвшилт нийгэм байв.
Манай орноос 6000 жилийн өмнөх хүрэл, 5000 жилийн өмнөх төмөр зэвсэг олдсон нь, мэталл боловсруулалтын тэргүүн эгнээнд байсныг  харуулна. Дэлхийн хүрэл зэвсгийн томоохон төв бол Монгол билээ. Зэс, цагаан тугалга, мөнгө, цайр, сурьма, арсэнийн хайлшаас хүрэл бүтдэг. Хүрлийн үеийн өвөг дээдсийн маань талаар тухайн цагийн гадаад сурвалжид анх дурджээ. Тэр үед хятад улсууд болон, нүүдэлчин овог аймгуудтай зөрчилдөн дайтах нь ихэсчээ. 
 НТӨ 1797 онд хятадын Гүн Лю Ван Монголд ирж, нүүдэлчин амьдралд оров гэсэн мэдээ байдаг. НТӨ 480 онд Хятад 7 улсад хуваагдсан агаад, хойд зүгийн нүүдэлчдийн өмнө бүр ч мөхөсдөв гэсэн эх сурвалж буй. Протомонголчуудын морьт цэрэг, байлдааны тэрэг  хятад болон бусад улс түмнүүдийн зэвсэгт хүчнийг айдас хүйдэс, үлгэр домогт автуулдаг байжээ.
Өвөг монголчууд өрлөг жанжид, хүчирхэг баатрууд, дайны ялалтуудаараа их бахархдаг, шүтэн биширдэг дайчин хүмүүс байлаа. Нүүдэлчин амьдралын онцлог дайчин чанарыг аргагүй л төлөвшүүлж, хүн бүр анчин, дайчин болдог. Ав хоморгоос анх үүдэлтэй, цэргийн чөлөөт, тэргүүний сэтгэлгээ, тактикийг хэрэглэнэ. Аюул заналыг газар дээр нь очиж шийдвэрлэнэ гэсэн номнолтой. 
Аян дайнуудад үе үе мордож, асуудал төвширтөл ноёлон суух буюу, олз омог ихтэйгээр буцаж ирнэ. Эцэг дээдсийн маань морьт цэрэг, хөлөг онгоцууд хаа л бол хаана богино хугацаанд очиж, гэнэтийн цохилт өгдөг байлаа. Гэхдээ, харийнхны дайсагнал, түрэмгийллийн хариуг эрхгүй барьж буй хэлбэрээр л дайтаж эхэлдэг бодлоготой нь алсын харааг гэрчлэнэ. Мөнгөн улс Искандэр Сулхарнайн /Макэдоны Александр/ армийг тосон очоод, хиар цохиж, дорно зүг рүү хийсэн их аян дайныг нь таслан зогсоож байсан билээ. Хайрцагламал тактикийн сул тал тэгэхэд дэлхий даяар ойлгогдсон ч, үндсэндээ түүнээс, XX зууны эхэнд л ангижирцгаасан болно.
Цаашид угсаатны ялгаа улам тодорч, овог аймгийн хүрээ бүдгэрч, эцгийн эрхт ёс эхэлж, “дөрвөлжин булшны” гэгдсэн соёл үүсч, худалдаа наймаа хөгжжээ.
Төмөр зэвсгийн үед монгол нутгаас нүүдэлчид баруун зүг олноор одож, скифийн (сарматын) соёлыг үүсгэлцсэн байна. Энэ нь археологийн олдвороор тодорсон. Скифийн соёлыг янз бүрийн угсааны нүүдэлчид хамтран бүтээсэн юм. Өвөг монголчуудын нөлөө үүнд их байжээ /Жишээ нь Сарматын нийслэлийг Ки /одоогийн Киев/ гэдэг асан нь, өвөг монголчуудын ки ургийнхны нэрээс гаралтай ч гэгддэг/. Он цагийн явцад “монголчууд” илүү олон тоотой ардуудад уусч, иран хэлтэн скиф болсон байна. Ер нь нүүдлийн соёл, аж ахуйн хэвшлийг элэнц дээдэс минь бүтээж, түгээсэн байх магадлал тун өндөр.
Мөнгөн улсынхны амьжиргааны гол чиглэлийн нэг нь МАА. Ашиг шимээр нь өөрсдийн ихээхэн хэрэгцээг хангадаг. Жилд дунджаар 400-500 км холыг туулан нүүдэллэнэ. Зарим хэмжээгээр газар тариаланг түшиглэн, суурин МАА эрхэлнэ. Газар тариалан хятадуудын бодлогоос хамааралтай байв. Тэд эдийн засгийн хориг тавибал эрчимтэй хөгжиж, хямд бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлбэл уналтад ордог байлаа.
Төмөрлөг олборлож, хайлуулж, эцсийн бүтээгдэхүүн хийх, гадаадад цэвэр төмөрлөг, мэтал эдлэл гаргах салбар их хөгжжээ. Тухайн салбарт ноёдын өмчлөл нэлээд байснаас гадна, чөлөөт олборлогч, үйлдвэрлэгч иргэдийн үүрэг ч багагүй. Дархан хүн бурхан ухаантай хэмээн алдаршиж, ахуйн эдлэл, ялангуяа зэр зэвсгийг онцгой сайнаар үйлддэг, зохион бүтээх сэтгэлгээтэй байв.
Улс түмнүүд мэталлыг ихэд дээдлэн үздэг, нэрийг нь зүүдэг асан цаг үе. Өвөг дээдэс маань ч мөн адил. Мөнгийг ач ивээлтэй хэмээн хүндэтгэх учир улсаа ч Мөнгөн хэмээжээ. Дайсны бүслэлтээс, уулын хүдрийг хөөрөгдөн хайлуулж, цоолон нүхлээд, түүгээр гарч чөлөөлөгдсөн эртний элэнц нарын тухай туульс хайлдаг байв. Нүүрс, занар, үнэт болон барилгын чулуу, шохой, шавар зэргийг мөн олборлож ашиглана.
Гар урлал Мөнгөн улсынхны эдийн засгийн нэг чухал салбар.  Хэдэн зуун хүн ажилладаг гар урлалын том газрууд ч байв. Худалдааны салбар мөн хөгжсөн. Тэмээн жин, усан онгоцоор зорчиж, Мөнгөн улсын худалдаачид шаардлагатай газраа очиж, арилжаа наймаа хийнэ. Энэ нь аялал, танин мэдэхүй, тагнахуйн зорилгыг бас агуулж асан.
Өвөг монголчууд 8000 жилийн өмнөөс хот байгуулж эхэлсэн бололтой. Мөнгөн улсын сүүл үед Хархорум, Их Хүрээ, Оюутолгой, Дархан, Эрдэнэт, Луут, Мөөмт, Байшинт зэрэг хот балгад боссон байсан. Алтай Хангай, монгол аймгуудын уулзварт орших, нийт монгол нутгийн төвд байрлах Хархорум /анхдагч нэр нь Хархүрэм/ хот Мөнгөн улсын нийслэл. Манай эртний хотуудын нэр алдар хол ойрын улс түмнүүдэд алдаршиж, харийн худалдаачид, ноёд баяд зорин тэмүүлж байлаа.
Анхны нүүдэлчдийн нэг байсны тул, өвөг монголчууд янз бүрийн газар оронд очиж, дайны болон энхийн аргаар нутаглах эрхийг олдог байв. Нүүдлийн МАА-д өргөн уудам бэлчээр нутаг хэрэгтэй, байгалийн бэрхшээл үе үе тохиолддог, өнөр өтгөн гэр бүлтэй байхыг эрхэмлэх тул ердийн өсөлтөөр дэлхийд дээгүүрт ордог, цэрэг-дайны давуу талтай байсан зэрэг нь шалтгаан, тохироог бүрдүүлж, түлхэц өгдөг асан. Гэхдээ, онцгой эрч хүч, ивээлтэй Монгол нутгаа тахин шүтэхүй, үндэсний үзэл зэргээс шалтгаалан, одоод удсан ч гэлээ буцаж нүүдэллэх нь түгээмэл. Үүнийг ордын хөдөлгөөн гэдэг. Буцаж ирэгсэд нүүдэллэн амьдрах гэвэл газар хомсдох тул, суурьшлуудыг нэмэгдүүлж, дэлхийн соёл иргэншлийн үнэ цэнэт зүйлсийг дэлгэрүүлж, аж ахуй, эдийн засгийг хөгжүүлдэг байв. Ордын хөдөлгөөний ач тусыг хаад ноёд ойлгож, хөхиүлэн дэмжих ч болов.
Онцгой хүч, соёл, шашин, үзэлтэй Мөнгөн улс руу зарим улс гүрнүүд уулгалан довтолж, үндэсний гэх онцлогтой бүхнийг устгах, ард олныг уусган үгүй хийхийг оролдддог байв. Үүнээс болж, хэдэн ч удаа өвөг дээдсийн маань соёл их сүйтгэлд өртжээ. 
Янз бүрийн соёл, хөгжлийн төвшинтэй ард түмнүүд, улсууд монгол нутгуудыг хүрээлж байв. Монгол нутаг эртнээс нааш (хэлбэлзлүүдтэй ч гэсэн илүү тогтмолын хувьд), умард зүгт Байгаль нуурын хойд бие, дорно зүгт Монголын тэнгисийн эрэг, өмнөд зүгт Хөх нуур, өрнөд зүгт Эрчис мөрнийг багтааж иржээ.
Умардад манай өвөг дээдэст алба гувчуур төлдөг, Хойд мөсөн далай, Амэрик хүртэлх ойн ард иргэд нутаглана. Дорнодод заримдаа холбооцож, заримдаа эвдрэлцдэг тунгус хэлтэн ард түмнүүд байв. Өмнө зүгт түрэмгий эрмэлзэлтэй хятадын улсууд, мөн түвдийн өвөг дээдэс оршино. Баруун зүгт арий, согд зэрэг иран хэлтнүүд, мажаарууд байлаа /Арий, мажаарууд өрнөд рүү нүүж, согд уусч үгүй болжээ/. НТӨ I зуунд өвөг монголчуудаас түрэг хэмээх ард түмэн салж гарав. Тэдний анхан нэр дуулга боловч, иран хэлт  нүүдэлчдийг уусгах явцдаа тур /туран/ гэх ерөнхий нэрийг нь түрк болгон авчээ. 
Хөрш зэргэлдээ улс түмнүүдээс гадна, Шүмэр, Египт, Эллин, Энэтхэг, Вавилон, Пэрс, Ром зэрэг том улсуудтай соёл иргэншлийн хувьд өвөг дээдэс маань харилцан нөлөөлөлцөж, тэдний заримтай харилцаатай байсан. 
Өвөг монголчуудын үед хүн төрөлхтөний хамгийн эртний итгэл бишрэл бөө мөргөл, улмаар хамгийн эртний шашин тэнгэр шүтлэг (тэнгэризм) үүсчээ. Зороастризм, буддизм, манихэизм, христианизм зэрэг шашнууд тэнгэризмээс үүсч, хожим, харилцан нөлөөлөлтэй байлаа. 
Тэнгэр шүтлэг нь шашны дээдэх шашин маягаар төөлвшжээ. Тиймээс, бусад шашинд хүлцэмжтэй хандахуй, өөр шашинд итгэгч нар тэнгэр шүтлэгийг давхар дагахуй зэрэг онцлог үзэгдлүүд үүссэн.
Хөх тэнгэр эцэг, Хөрст дэлхий эх гол бурхад нь юм. Тэдний хүүхдүүд нь дэлхийн янз бүрийн шашны бурхад бөгөөд монголчууд өөрсдийг нь дааж ивээдэг Монгол гэдэг хүү-бурхныг шүтэх ёстой. Хүү-бурхнаас гадна, шинж чанар, юмс үзэгдэл, орон нутгийг болон гэгээн хүнийг бэлгэдсэн шүтээнүүд буй.
Хөх тэнгэр эцгийг хас сүлдээр төлөөлүүлдэг. Хасын хамгийн эртний дүрслэл Монголд, хадны сүг зургаас олдсон агаад, үндэсний гол бэлгэдэл ч юм /Хүн төрөлхтний угсаатны явцад ихээхэн нөлөөлсөн арийчуудаар дамжин, хас сүлд дэлхий даяарт түгжээ/. Хөрст дэлхий ээжийг шүтэх ёсноос үүдэн эх Монгол нутаг, байгалиа тахин дээдлэх үзэл хүчтэй хөгжжээ.
Тэнгэр шүтлэг нь догм багатай, шинэчлэгдэх боломжтой учир монголчуудын соёлын болон матэриаллаг хөгжилд эерэг нөлөө үзүүлж иржээ. Тэнгэризмийн олон сүрлэг сайхан сүм хийд, пирамид, бусад байгууламж монгол нутагт баригдаж, суурьшлын эх болдог байв. 
Өвөг монголчууд маш эрт цагт, нэлээд бие даасан байдалтай нөхцөлд анх үүссэн, хожим соёлуудын харилцан нөлөөллөөр баяжиж хөгжсөн, өвөрмөц соёл иргэншилтэй. Монгол орон тэр цагийн соёлын дурсгалаар баялаг бөгөөд, сүүлийн үед олон сонирхолтой олдвор нээгдсэний тул, архэологийн Мэкка болж, Монакогийн экспэдиц ч ирж ажиллав.
Монголын дурсгалуудыг ултай судалсан архэологич П.Козлов “Монгол шиг, хөрснийхөө дор, дээр өдий их дурсгалтай орон өөр байх болов уу” гэжээ.
Хадны сүг зураг буюу пэтроглифийн бөөмнөл гэхэд л, сүүлийн 10 жилд хэдэн зуугаар илрэв. Өдгөө Монголд байхгүй арслан заан, агуйн баавгай, савгат хирс, ороонгот гөрөөс, тэмээн хяруул зэрэг амьтдыг намнаж байсан нь сүг зурагт дүрслэгджээ. Арцбогд дахь, тэр үеийн хүмүүсийн ирж зэвсэг хийдэг байсны үлдэцтэй талбайн хэмжээ 12х8 км ажээ.
Ямаан усны хавцалд саяхан зурган хана илрэв. Ихэнх дүрс нь 3000 жилийн өмнө зурагджээ. Зэрлэг илжиг, барс, бар, хиеэн чоно, өдгөө манайд буй олон амьтныг тодорхой дүрсэлсэн. Мөн дайн, жанжид, байлдааны тэргүүд буй. Шашны зан үйлтэй холбоотойгоор зурдаг байжээ. Мэсопотамийн загвартай тэрэгнүүдийн дүрс илэрсэн нь маш их анхаарлыг татсан (Мэсопотамын загвар уу, Монголын загвар уу гэх эрдмийн маргаан ч үүсэв). Ханан хаданд гагцхүү авирах нь л гэхэд нэн түвэгтэй байж. Эртний хүмүүс хэрхэн тэнд бүтээж туурвиж асан нь оньсого таавар хэвээр.
Енисэйд Карасукийн соёл гэгдсэн олдворын бөөмнөл илэрч шуугиан дэгдээсэн агаад, мэталл боловсруулалтын өндөр төвшинг илтгэх төмөрлөг цутгамлууд нь олныг шагшуулсан. Тэгвэл, Карасукийн соёлын бүр эртний олдворууд Монголд илэрч эхэллээ. Скифийн, андроновын, уюкийн гэхчилэн, харьд хамаатуулсан соёлуудын тухайд ч тийм байв. Түүх судлалын монголоцэнтризм бол маш ирээдүйтэй хандлага юм.
Евразид өргөн түгсэн бугын чулууд Монголоос хамгийн их олдсон (нийт 700 гаруйгаас 550 нь). Бугыг тэнгэрт хүргэх амьтан хэмээж, тотэмлэн шүтсэнээс үүдэлтэй. Дөрвөлжин булшнууд, хүн чулууд, хэдэн зуун кг чулуугаар хийсэн яст мэлхийн баримлууд олон нууцыг агуулсан хэвээр. Дөрвөлжин булшны гэх гайхамшигт соёлыг үүсгэгч тээгчид нь монгол хэлтнүүд байсан нь тогтоогдсон. Цагаан шонхрыг шүтэхтэй холбоотой дурсгалууд олон (Хойд зүгээс хааяа ирж өвөлждөг, ховор тохиолдох цагаан шонхрыг тэнгэрийн элч хэмээн биширсэн нь үндэсний бэлгэдэл сүлд болоход хүргэжээ). Тэдгээр дурсгалуудад шашны, үндэсний арвин баялиг утга агуулгыг шингээсэн байдаг. 
Цэрэг-дайны соёлын дурсгал, хамгийн дайчин ард  түмнүүдийн нэг монголчуудын өлгий нутагт ихээр олдох нь зүйн хэрэг. Нэг жишээ гэхэд, дуулиант “Улаан үст дайчин”-ы муми. Мөсөнд занданшсан дайчин байлдааны сүх, нум сумтай, цэргийн гавьяаны шагнал гэлтэй, модон “мэдал”-уудыг зүүсэн, хамгийн гайхалтай нь, үсээ улаанаар будсан байв. Энэ нь ямар нэг гавъяа зэрэг дэв, албан тушаалын бэлгэдэл байж болно. Тэр дайчны үед үс будаж болох будаг гараагүй байсан аж.
Өвөг монголчууд ямагт хүчтэй байсангүй. Эвдрэлцсэн, сулран доройтсон үед нь харийнхан уулгалан довтолж, түйвээж сүйтгэдэг байлаа. Элэнц хуланцыг маань 3 жил тутамд дарж, хядаж байхгүй бол болохгүй, устгахгүй бол болохгүй гэх үзэл ч амь бөхтэй байв. Тиймээс, Хүннүгээс өмнөх соёл их сүйджээ. Тэр цаг үед юу ч байсан байж болзошгүй. Эрдэмтэд зоригтой, заримдаа үлгэр домгийн гэмээр таамаг дэвшүүлж, ер бусын зүйлийг сонирхогчид Шамбал, Агарти, Сүмбэр, Гипэрборэй, Атлантид, Лэмүр монгол нутагт байсан хэмээн зүтгэж, эрж хайсаар байна. 
Өвөг монголчуудын хэл бичиг хамгийн эртний хэл бичгүүдийн тоонд орно. Анх Европод, дараа нь түргүүдийн нутагт руны дурсгалыг олж, тэдгээрт хамруулан үзэж асан. Гэтэл Монголд нэн эртний рун бичгийн дурсгал, хөгжлийн янз бүрийн шатуудыг нь олж, тамгаас үүсэлтэй болохыг нь тогтоосон юм.
Монголын рун нь авиа, үе, дүрс үсэг холилдсон, маш өвөрмөц тогтолцоо бөгөөд, хамгийн боловсронгуй үсэг бичиг байв. Дүрс үсэг /ер нь бүх үсэг нь/ хялбар зурлагаараа онцлогтой. Жишээ нь, Бурханыг хас тэмдгээр бичиглэнэ. Хамгийн өргөн хэрэглэгдэх 1000 ойлголтыг дүрс үсгээр тэмдэглэжээ. Өдгөө дэлхий даяар мөнгөн бичиг гэж хэвшжээ. Мөнгөн бичгээс бусад үсэг бичиг салбарлан гарсан байж болзошгүйг эрдэмтэд цохон тэмдэглэдэг.
Өвөг монголчууд эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлж ирсэн нь шашны хүлээс байгаагүйтэй холбоотой. Нүүдэлчин ахуй нь адгуулахуй, хүн малын эмнэлэг, анатоми физиологи, амьтан ургамал, цаг уур, одон орны судлал, газарзүй хөгжихөд хүргэсэн. Дорно дахины гүн ухаан, сэтгэлгээний цөм - арга билгийн сургаалийг анх монголчуудын дээдэс үүсгэсэн гэх таамаг буй. Эрдэмтэн Э.Шаванн сарны тоолол Монголд буй болсон хэмээжээ.
Эрт дээр үеэс монголчууд номыг онцгой эрч хүчтэй хэмээн, мөргөж залбирч, хүндэтгэж ирсэн. Ном бүтээхийг хамгийн буянтай хөдөлмөр гэдэг. Цаас, будаг, бэх, даавуу, үдээс, цавуу гээд номд шаардагдах бүх зүйлийг эртнээс өөрсдөө хийж бэлтгэж чаддаг асан. Цаасыг анх бүтээсэн ч гэгддэг. Чимэг сэлтийг өнгө өнгийн зураг, наамал, сийлбэр, цутгамал, хөөмлийн аргаар, есөн эрдэнээр урладаг байлаа. Өвөг монголчууд эрт цагт шашин, түүх, уран зохиол, үлгэр  туульс, цэрэг-дайн, үндэсний үзэл, мэргэ зурхай, аяллын холбогдолтой номуудыг туурвижээ. “Алтан дэвтэр” хэмээх шашин-гүн ухаан-үзэл суртлын олон боть хөлгөнийг тэр цагаас туурвиж эхэлсэн. Ташрамд, номыг урьд дэвтэр гэж байсан ч, эллин хэлнээс номос /сургааль ёс/ гэх үгийг зээлдэн хэрэглэх болсон байдаг. Номын дагуу, номоороо болж байна гэхчлэн анхдагч утгаар нь ч хэрэглэнэ. Газар газрын мэргэдтэй өргөн харилцаатай байсны баталгаа юм.
Монголчуудын итгэл бишрэл, ертөнцийг үзэх үзэл, аж төрөх ёс, хүмүүжүүлэх ухаан, үнэ цэнэт зүйлс уламжлагдах нэг хэлбэр нь арвин баялаг ёс заншил. Монгол ёс заншилд, ард түмний дулаан, итгэл, эвсэг зан, хамтач сэтгэл шингэсэн байдаг. 
Монголчуудын хот балгадын соёл өвөрмөц. Монгол гэрийн санаа, зохион байгуулалтаас сэдэвлэн 24, 12, 6, 4 өнцөгт ханатай барилга барьж эхэлжээ. Харьд ч хот байгуулж, архитэктураа түгээсэн. Монгол гэрийн соёл их бөгөөд, гэрийг анх монголчууд бүтээснийг нотолдог.
Хувцас гоёлын соёл маань ч эртнээс арвин дэлгэр байсан хийгээд, элэнц дээдсээсээ өгсүүлээд хамгийн ганган дэгжин, зохист сайхан хувцасладаг ард түмнүүдийн нэг байж иржээ.
Ч.Мөнхбаяр
MMX.II.XX

No comments: