1. Ц.Элбэгдорж: “Ойрын нэг сарын дотор ч
газар хөдөлж болзошгүй”
газар хөдөлж болзошгүй”
Дэлхий даяар доргин донслох мэт. Токио, Тайвань, Афганистан… магадгүй бид газар хөдлөлтөд илүү мэдрэмхий ханддаг болсон байж мэдэх. Чили 8.8 баллаар доргиж, 1.5 сая хүн хохирлоо. Эпицэнтр буюу төв нь Консэпсьон хотоос 115 км зайд, далайн дор 55 км гүнд байж гэнэ. Гэтэл 340 км алсад орших нийслэл Сантьяго 30 сэкүнд салгалан чичирч, Латин Амэрикт улбаалсан 45 газар хөдлөлт болж, 2 сая хүн орон гэргүй болов. Маш хүчтэй энэ газар хөдлөлтөөс болж, дэлхий тэр аяараа донсолж, эргэлт нь удаашрав. 3.26-нд Филиппинд 6,1 магнитудын газар хөдлөлт болж их хохирол учирлаа. Он гарсаар Монголын Дундговь, Ховд, Баян-Өлгий, Увс зэрэг газар 6 удаа газар хөдлөв.
Монгол бол газар хөдлөлтийн идэвхжилтэй орон. Үе үе хүчтэй газар хөдөлдөг. Хөдөө, хүн малгүй газар болоод байсан болохоор тоодоггүй, тэгээд ч хэзээнээс төр нь нууж хааж явж. Олон хавар нэгэндээ гэгчээр Улаанбаатарын ээлж ирж.
Уулархаг, өндөрлөг нутагт газар их хөдөлдөг. Дэлхийн өнгөн давхаргын хавтангуудын уулзвар тул, гарагийн агшилтаас болж, шахагдаж өргөгдсөн хэрэг шүү дээ. Дөрвөн уулын дунд идэвхжил байлгүй яах вэ. Өөр нутагт газар хөдөлсөн ч их мэдрэмтгий. Дундговьд газар хөдлөхөд яав. 1957 онд хаа холын Говь-Алтайд 9-12 баллын хүчтэй доргилт болоход Улаанбаатарт 5 баллын хүч ирж байв.
Ерөнхийлөгч “ойрын нэг сард газар хөдөлж магадгүй” гэж ард түмнээ айхавтар гэгч айлгалаа. Гэхдээ, гоё гоё үзүүлэн авчирчихаад, заагуур мод доёгонуулан худал донгодоод байсан дарга нарыг нөгөө айхтар дүрсхийдэг зангаараа гайгүй сайн загнаж, үнэнийг нь хэлээдэхсээн, хөөрхий. Ерөнхий юм яриад байхаас биш, юу ч хийгээгүй л байнаштээ гэж.
Тэрбээр, би ерөнхий сайд байхдаа л /2004-2006/ газар хөдлөлттэй тэмцэж байсан гэв. Яаж тэмцэж байсныг нь хэн ч мэдэхгүй. Нууц байдалд ганцаараа тэмцсэн юм уу?
Мань хүн их аюулын талаар мэдээлэл авсан анхны ерөнхий сайд болж таарах нь шиг (Өмнөх ерөнхий сайд нь уг мэдээллийг авсан ч байж болох л доо). Юуны учир нам засаг маань газар хөдлөлтийн талаар нууцаар тэмцэж, нууцлалыг эхлүүлсэн юм бэ? Яагаад ард түмнээс нууж цаг алдуулав. Одоо яригдаж буй асуудлыг 2004 онд ярих ёстой байж шүү дээ. Чингэсэн бол өдийд айх аюулгүй, амар жаргаж суух байв…
Хүүхэд байхдаа Мезенцев гэдэг хүний “Ертөнцийн гайхамшгуудын нууцаас” хэмээх номыг уншаад, газар хөдлөлтийн аймшгийг гайгүй сайн мэдэрч билээ. Хаана ч, хэзээ ч, яаж ч газар хөдөлж болно гэх ойлголтыг аваад палхийгээд л явчихсан.
1992 онд миний бие нийслэлийн захиргааны “Улаанбаатар” сонинд ороод, бараг анхны летүчкэндээ сууж байтал эрхлэгч Ү.Хүрэлбаатар “Хотын төдийлөн хөндөгддөггүй ноцтой асуудлууд байна. Тэдгээрийн талаар бичих хэрэгтэй. Хорт бодис, дэлбэрэх аюул, цэвэр ус, газар хөдлөлт …” гэхчилэн тоочсон. Нийслэлийн газар хөдлөлийн асуудал гэсний талаар лавлаж асуутал “Улаанбаатар бол газар хөдлөлийн идэвхжилтэй бүсэд оршдог” гэсэн. Дараа нь энэ тухай дуулиантай материал биччихье гэж сонирхож үзсэн ч гавьтай мэдээлэл олоогүй. Нууцлал аль эртнээс эхтэй ч юмсанж уу?
Хоёр мянга хэдэн оны ч билээ, нэгэн том даргын эрхэлдэг сэтгүүлийг эргүүлэн суутал, эргэн тойрны 100 км радиустай тойргийг нь тухайн газрын газар хөдлөлийн бүс гэнэ, Улаанбаатарын бүсэд олон удаа газар хөдөлдөг, 10 жил тутамд хүчтэй газар хөдөлдөг хэмээн сонирхуулан бичихдээ, эгээтэй л “Цай уух зуур” буланд тавиагүй байв. Улаанбаатарт тэр нь тохиовол яах вэ гэж түгшин бодож, дарга нарын амгалан тайван байдлыг гайхан суув.
2006 онд, Еллоустоун зэрэгт хүчтэй газар хөдлөлт болно гэх асуудлыг сонирхож, улмаар Монгол орны нөхцөл байдлыг тодруулах хэмээн, холбогдох байгууллагуудаас асууж сурсан юм. Гэтэл дэлхийн газар хөдлөлтийн талаар ч, Монголын газар хөдлөлтийн талаар ч хэлж ярьж өгөх хүн олдоогүй. Гадаадын хэвлэлээс авсан мэдээлэл дээр л суурилан материалаа бичсэн.
Найз сэтгүүлч Л.Батцэнгэл маань ноднин газар хөдлөлтийн аюулын талаар бичихээр хөөцөлдсөн юм билээ. ОБЕГ, Одон орон геофизикийн судалгааны төв, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Газар хөдлөл судлах сектор зэрэг олон байгууллагаас мэдээлэл авах гэж хөөцөлдсөн ч “Улсын нууц” гэсэн үгээр ам таглаж байжээ. Өөрсдөө ч сэргийлэхгүй, гадаадынханд ч таниулахгүй, харин нууцалж ирснийг юу гэх вэ?
2. “Газар хөдөлнө” гэж олныг түйвээсэн нусгай бандийн өмнө төр яах ч учраа эс олж, таг чиг болов
1.9-нд нийслэлд газар хөдөлснөөс хойш анх түгшүүрийн харанга дэлдсэн нь би л болов уу.
Тэгэхэд Интэрнэтэд цөөнгүй хүн намайг элдвээр дайрч давшилж, хамгийн зөөлнөөр хэлэхэд л “худал зүйл бичлээ” гэсэн утгыг илэрхийлсэн. Одоо бол нөхцөл байдал өөрчлөгдөө биз ээ. 1.9-нөөс хойш миний бие энэ асуудлаар 6 дахь удаагаа бичиж байна.
Тэр өдрийн дараа төр маань ард иргэдийг тайван байлгах талаар л их анхаарч байв. Туслахын оронд, хуураад байна гэдэг юу гэсэн үг вэ? Худал үг, хутган үймүүлэгчдэд бүү итгээрэй л гээд байсан.
Газар хөдлөлтийн тухай дуугарахаар л хүн ардыг сандаргах гэлээ, амгалан байлга гээд байсан шүү дээ. Амгалан үхэцгээг л гэсэн үг биш үү?
Хэдэн долоо хоногийн дараа ерөнхийлөгч газар хөдлөлтэй холбоотой мэргэжилтнүүдийг хүлээж авсан санагдана, тэгэхдээ их чимээгүйхэн. 2-р сарын 20-доор ЗГ дуугарч эхэлсэн. Дараа нь нийслэлийн удирдлага, хот ямар ч бэлтгэлгүй, хэрэг болохуйц бүх зүйл сөнөж сүйдчихсэнийг илрүүлснээ халаглан ярьж, газар хөдлөлт тохиолдлоо гэхэд хотын удирдлагыг хаана байрлуулахаа ч мэдэхгүй байна гэсэн. Өөрсдийгөө аврах дээрээ тулахаар л тэд дохио авсан гэлтэй.
Өмнө нь төр маань газар хөдлөлтийн асуудлыг дотоодод ч, гадаадад ч таниулахгүй л байсан. Гадаадын тухайд бүр хэцүү л дээ. Дээр хэл мэдэх, ажил мэдэх хүн нэгээхэн ч байхгүй. Ямар гартай хөлтэй биш газар юу гэж хөдөлж байдаг юм л гэсэн улс байв. Дэлхийд таниулах чадвар ч байхгүй. Өөрсдийгөө аврах жаал жуул юм л хийж магад. Бие бие рүүгээ ажил үүргээ түлхээд бухаад хэцүү л суугаа гэнэ билээ.
Гэтэл Улаанбаатарт хэзээ ч 9-10 баллын газар хөдлөлт болж мэднэ гэсэн мэдээлэл анх төрд 2004 онд ирсэн байгаа юм шүү дээ. 9 баллд үндсэндээ бүх барилга нурдаг гэж байна. 10 баллд үнэндээ бүх байшин нурна гэнэ.
Нэг дарга Улаанбаатар гэр хороололтойгоороо азтай, боломжтой бол гэр хороололд байгаа хамаатан дээрээ оч, ер нь байгалийн гамшгаас аврагдана гэдэг хувь хүнээс л шалтгаална гэв. Амь амиа л бодоорой гэж арай хэлсэнгүй. Ийм мануухай шиг төр гэж байх уу? Гол өмч хөрөнгө болох байраа алдахыг хэн хүсэх юм? Өөрсдийгөө яая гэж байгаа гэр хорооллынхон дээр байрныхан нэмэгдэхээр юу болох вэ? Тэнд ч байшин, гэр нурна, гал түймэр гарна, өчнөөн асуудал үүснэ шүү дээ. Газар хөдөлсний дараа тэнд ямар амьдрал байх вэ? Юун аз вэ?
Аюулгүй байя гэвэл Улаанбаатараас 100-200 км хол дүрвэх хэрэгтэй гэчихээд сууж байгаа албан тушаалтан ч байна.
Бас нэг дарга нийслэлийн барилгын 20 хувь нурах эрсдэлтэй гэв. 100 хувь шүү дээ.
Тэгвэл өөр дарга, бид Түркэд газар хөдлөлтийн сургалтанд явж байсан, хаалганы дэргэд зогсвол аюулгүй юм билээ гэх. Хаалга гэдэг чинь хананаас бөх юм уу, онгорхой хана юу нь аюулгүй байх вэ. Ийм үг хэлж ирэх гэж Түркэд сурч байх ч гэж.
Дөрөвдэх дарга нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн хагарлуудыг “газар хөдлөлийн голомт уу, газар хөдлөлтийн улмаас бий болсон уу гэдэг нь тодорхойгүй” гэв. Газар хөдлөлтөөс болоогүй, газар хөдлөлийн голомт гэдэг нь тогтоогдчихсон учраас л түгшүүр үүсээд байгаа шүү дээ. Өөрөө урьд нь голомт гэж ярьж байсан байхгүй юу. Ер нь тэр талын судлаач мэргэжилтнүүдийн нэлээд нь эхлээд “тайван байх хэрэгтэй, 100 жилийн дараа ч магадгүй”, дараа нь “ойрын үед” гэж байснаа, одоо болохоор “2010-2012 он” гэж бархирч, төр л юу гэж хэл гэснийг давтаж байгаа нь ичгүүртэй.
2004 онд эрдэмтэд анхааруулж, энэ оны 1-р сарын 9-нд Улаанбаатарт газар хөдөлснөөс хойш, өчнөөн цаг алдаж байж төр засаг маань сая ухаан мэдрэл орсон мэт, газар хөдлөлтийн талаар анхан шатны мэдэгдэхүүнийг олж, танин мэдэхүйн чанартай зүйлийг сүүлийн үед сүржигнэн ярих болов. Анхан шатны мэдэгдэхүүн биш, аврал хэрэгтэй байна шүү дээ. Газар хөдлөлтийн шалгалтыг төр маань давж байгаа байдал нь өндөг, авгалдай, хүүхэлдэй гэсэн шатыг дамжиж байснаа, ганц өдөр дэрвээд үхчихдэг шавжийг санагдуулах юм. Түс тас шийдвэрийг 1.9-нд гаргаад л, өдийд улс үндэстэнээ аварчихсан байх ёстой байхгүй юу.
Өнөөдөр мэссэнжэрээр “3 цаг 30 минутад газар хөдөлнө гэж Газар хөдлөлийн үндэсний төв анхааруулж байна” гэсэн эвгүй мэдээлэл түгж, хүн ардыг багагүй сандаргав. Төр маань бас л 1.9-ний өдөр ямар байсан шигээ таг чиг. “Худал мэдээлэл болохыг анхааруулж байна” ч гэдэг юм уу, сураг чимээ өчүүхэн ч үгүй. Олон түмэн гэж баахан л яахаа ч мэдэхгүй үймэлдсэн улс. 1.9-нөөс хойш төр газар хөдлөлтийн асуудлаар хий хоосон сүржигнэхээс өөр юу хийв ээ? Дахин, төр гэж Монголд байхгүй нь мэдрэгдсэн дээ.
“3 сарын 30-ны 3 цаг 30 минут” гэдэг дээр тоглочихсон өөдгүй этгээд л тэр мэдээллийг цацаж л дээ. Төр маань тэр нусгай бандиас хүчгүй байнам.
3. Газар хөдлөлт дарга нарт тал бүрийн ашигтай
ШУТИС-ийн хэсэг багш Улаанбаатарт газар хөдлөлд тэсвэртэй нэг ч барилга байхгүй гэж мэдэгдсэн. Нэгэн эвэртэн туурайтан няцааж байгаа нь гэсэн чинь: “Тэдний яриа үндэслэлгүй. Гэхдээ улсын комисс 6-7-хон мэргэжилтэнтэй юм чинь газар хөдлөлд тэсвэртэй эсэхийг мэдэх боломж байхгүй” гэж байгаа юм. Өөр албан тушаалтан газар хөдлөлд тэсвэргүй 263 барилга байна гэсэн. Оны эхнийх шигээ, одоо хүртэл ард түмнийг хуурах юм их ярьж байгаа.
Яахав, саявтар нэг түшмэд 75 хувь нь тэсвэргүй, ялангуяа орон сууцууд, цахилгаан станцууд, эмнэлгүүд, Төрийн ордон, АСА цирк... гэж дуугарсаан.
Үнэндээ дарга нар маань “Хэн Монголыг илүү сөнөөх вэ?” гэсэн уралдаантай л ажиллаж ирсэн шүү дээ. Иргэний хамгаалалтаа устгасан цорын ганц орон бол Монгол. Юу ч хэлэхэв.
Одон орон геофизикийн төвийнхөн “Саяхан болтол газар хөдлөлийн мэдээллийг флашаар зөөдөг байсан. Одоо онлайнаар зөөдөг болсон” гэж ярьж байх юм. Хэддүгээр зуун бэ, та минь ээ?
Сонсголон, Эмээлт, Буянт-Ухаа, Богд Уул, Эмээлтэд хагарал их үүссэн. Гэтэл нийслэлийн иргэдийг эдгээр газар л суурьшуулах нь ирээдүйтэй гэж төлөвлөж ирсэн /2004 оноос хойш шүү дээ/. Сүүлийн үед оюутны хотхонууд болон, тэдгээрийг дагалдана гэх 800 мянган иргэнийг ийш нь л суурьшуулна гэх болсон бус уу? Санаанд багтамгүй аймшигт хорлол, гэмт хэрэг, гэноцид харагдаад байх юм.
Газар хөдлөлд маш их өртөх аюултай Сонгино, Орбит, Толгойт, Таван шар, Мах комбинат, Өнөр хороолол зэрэг хотын баруун захын барилгажсан хэсгийн ард иргэд хамгийн түрүүн төрөөс тусламж авах ёстой. Гэтэл тэнд газар хөдлөлтийн эсрэг ямар ч арга хэмжээ авагдахгүй байгааг оршин суугчид мэднэ.
Аюулт гамшгийн эсрэг яг ямар бодот юм хийгдэж байна вэ гэвэл дүр зураг иймэрхүү л байна.
Юу үлдэв? Гагцхүү залбирах. Газар битгий хөдлөөсэй гэж би Мөнх Тэнгэртээ ямагт залбирч байгаа. Нэг хазгай гишгэвэл газар хөдөлж магадгүй, харин гэм нүгэл бүрийг тэвчихийг хичээж явбаас хөдлөхгүй, би газар хөдлөлтийг дааж байна гэж өөрийгөө тайвшруулдаг аргатай. Түүнээс биш, байдал ямар ноцтой байгаа гэж санана.
Болзошгүй гамшгийн асуудал ¹1-рт тавигдах ёстой атал дарга нар 18,9 их наяд төгрөг зарцуулж, нийслэлийн утааг 50 хувиар багасгана гэлцэж байсан билээ. Харин газар хөдлөлтийн эсрэг ганц төгрөг зарцуулах тухай ярилгүй сар сарыг үдсэн. Одоо мөнгө зарцуулах болж байх шиг байна. Гэхдээ яаж, яах гэж?
Судалгаа шинжилгээний тоног төхөөрөмж шинэчлэхэд 3 тэрбум, газар хөдлөлтийн 3 шинэ станц байгуулахад 4 тэрбум, гамшгийг урьдчилан мэддэг төхөөрөмж авахад бас хэдэн тэрбум гээд л баахан тэрбумсаг улс гарсан. Цагаа олсон арга хэмжээ, санхүүжүүлэлт мөн үү? Аврал мөн үү?
Орчин үед газар хөдлөлт болохыг таслан зогсоодог арга хэрэгслүүд буй болсон атал тэр талаар тэд огт ярихгүй байна. Ингэхлээр, үнэндээ төр засаг иргэдээ аврахыг огт хүсэхгүй байна. Энэ нь юу гэсэн үг вэ? Ард түмнээ сөнөөхийг хүсч байна шүү дээ. Хагарлууд руу иргэдээ суурьшуулахаар илгээж байсныг ахин сануулъя.
Дарга нар газар хөдлөхийн төлөө байна гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Газар хөдөлбөл ингэнэ тэгнэ гэхээс бус, газар хөдлөхгүй байж болно гэж огт ярихгүй юм. Судалгаа сайн хийнэ, барилгуудыг шалгана, шинээр барилгажуулна, нүүлгэн шилжүүлнэ, сэргээн босгоно, эрсдэл хохирлыг багасгах талаар анхаарна л гэх. Гамшиг огт болохгүй байж болно гэдгийг ярихгүй байна.
Газар хөдлөлт дарга нарт тал бүрийн ашигтай.
1-рт, асар их мөнгө олж болно.
2-рт, хувьсгалт тэмцэл хөдөлгөөн дарагдана.
3-рт, монголын ард түмэн маш их сулран доройтож, талхны булангаас өөр юм бодохоо болино.
4-рт, ингэж улс түмнийг сөнөөсний тул харь эздээсээ гавьяа шагнал хүртэнэ.
Дарга нарт Монголын ашигт малтмалыг харийнханд бэлэглэчихээд бялуу хүртэж суух нь хэрэгтэй болохоос, Монгол улс үндэстэн хэрэггүй.
4. Газар хөдлөлтийн аргаар монголчуудыг устгах уу?
Нэг дарга “Уг нь газар хөдлөлт хүнд тийм ч аюултай биш. Байшингаас л гол нь болдог” гэдэг байна. Газар хөдлөлт чинь хүнд ерөөсөө аюулгүй, байгалийн гамшиг огт биш юм байна шүү, мэдээд авъя хө. Ялаа хорхойг л няц дардаг, өвөл бол хорхойн ч аминд хүрэхгүй тийм эд байх нь. Харин ард иргэдийн үхэн хатан зүтгэж байж олж авсан гол өмч хөрөнгө байр нь л гол гамшиг юм байх. Нэртэйгээр нь “Байртай тэмцэх үндэсний төв” байгуулчихгүй. Тэгээд бөмбөгдөөд л.
“Газар хөдлөлт бол аюул биш. Газар хөдлөлтийн үед иргэд яахаа мэдэхгүй, ямар ч бэлтгэлгүй байгаа нь л аюул” гэж ерөнхийлөгч маань хачин үг хэлсэн.
Цонхоороо олс унжуул, тэгээд л газар хөдлөнгүүт олсоороо буугаад явчихна ч гэж хэвлэл дээр зөвлөсөн байсан. Айл болгоны цонхоор олс унжчихсан, тэгээд өрх бүрээс 5-10 хүн түүгээр бууж байх юм гэж төсөөл дөө. Нурж байгаа байшингаас өчнөөн нинжа, спайдэрмэн үсэрч гарч ирээд баллаж тавих юм байх.
Албан тушаалтны ярих нь: “Газар хөдөлбөл хот цахилгаан, ус, дулаангүй болно. Тэгэхээр нүүхээс өөр аргагүй. Гэр хорооллын ахан дүүс рүүгээ нүү” гэжээ. Байр нь нурчихаад байхад яаж нүүх юм? Гэр хороолол цахилгаан, ус, дулааны ундрага юм уу?
Тэгснээ иргэдийг нүүлгэх юм болоод явчихлаа. Эмээлт, Өлзийт зэрэг газрыг дурдаж байгаа юм. Хагарал нь ангал болчих газар луу нүүлгэж яахнав, үйх нь үү? Гамшиг давтагдаж болзошгүй атал голомт руу нь аваачдаг нь ямар учир вэ?
“Зам гүүрт ихээхэн эвдрэл гарч, бүтэн үлдсэнд нь түгжрээ үүсэх учир нүүлгэх нь хүндрэлтэй, боломжгүй болоод байна л даа” гэж учирлав. Ёстой л үнэнээ л хэлж дээ.
“Сүхбаатарын, Эрх чөлөөний, 5-р сургуулийн талбайнуудад иргэд цугларах хэрэгтэй. Гэхдээ нийслэлийн иргэдэд тэр талбайнууд юу ч болохгүй л дээ” гэв. Яах гэж тэнд чуулах вэ? Тодорхойгүй.
Газар хөдлөлтийн дараа эмнэлгийн тусламж үгүй болж, ус хүнсний хангамж тасарч, хорт бодисууд дэгдэж, цацагдаж, асгарч, өчнөөн зүйлүүд, газрууд дэлбэрч, гал түймэр гарах тул сэрэмжлэгтүн гэв. Өөр улсад ч арай ингэж бүх төрлийн гай гамшиг зэрэг тохиолдохгүй байх. Монгол, Улаанбаатарыг харгис дэглэм газар дээрх там болгож чадсан байгаа биз.
Нөгөө дарга гадаад оронд газар хөдлөлтийн даатгал гэж байдаг, манайд байхгүй гэж нэмж өчив. Олон барилга нурсан нөхцөлд иргэдэд олгох газар Улаанбаатарт хүрэлцэхгүй гэв. Бүх юм байхгүй, бүх юм сөнөнө.
“Иргэд өөрсдөө л давна” гэж дайран дээр давс нэмэв. Хамаг юмаа алдаж нөмгөн нүцгэн гудамжинд гарах бум буман хүн даанч эмгэнэлтэй. Өвөл бол дороо хөлдөж, осгоно. Дулааны улиралд байлаа ч, харангадна, өлбөрнө, каннибализм гарахгүй бол их юм. Энэ бүхнийг “иргэд өөрсдөө л давлаа” гэхэд дараа нь яаж амьдрах юм бэ. Амьдрах ямар ч аргагүй орчин угтана. Сэйсмогэноцид, газар хөдлөлийн хүйтөрөлгүйтгэл гэж энэ. Газар хөдлөлийн аргаар монголчуудыг нэг мөсөн зүйл дуусгаж байгаа л хэрэг шүү дээ.
Газар хөдлөлтөөс “аврах” дэглэмийн төлөвлөгөө ийм л байна.
5. Улаанбаатарын нутаг дэвсгэрт 2000 жил тутамд 10-аас илүү баллын газар хөдлөх үечлэл буйг тогтоожээ
Монголчууд бид цаг алдаж огтхон ч болохгүй. Он гарсаар Эмээлт, Хустайд газар хөдөлснийг нам засаг нууцлангуй л байгаа. Удахгүй гол газар хөдлөлт болно гэдгийг зарладаг өмнөтгөл форшок нь юм биш биз дээ!!!
Хүн төрөлхтөн газар хөдөлгөх зэвсэг /тэктоник их буу/ гээчийг бүтээснээрээ, газар хөдлөлтөөс аврах арга замыг санаандгүй олчихсон гэлтэй. Газар хөдлөлт гэдэг бол ердөө энэрги шахуу. Гурван цэгээс өдөөж өгснөөр, тодорхой нэг цэгээс хөрсөн дорх энэргийг оргилуулж болно гэсэн зарчим дээр тэктоник зэвсэг үндэслэгджээ. Ингэхлээр сэйсмо энэргийг удирдах боломж нээгдсэн. Тэктоник их буугаар өдөөгдсөн энэргийг орон зай, цаг хугацаанд тарааж цацан аюулгүй болгоно гэх онол үүсчээ. Зөвлөлтийн сэйсмо цэрэг-дайны төв Эрхүү хотод байгуулагдан ажилласан аж. Өөрчлөн байгуулалтын үед энхийн зорилгоор мөн ажиллаж эхэлжээ.
Урьдчилан мэдэгдэж буй газар хөдлөлтийг таслан зогсоодог соронзон-гидродинамик гэнэраторын /СГД-гэнэратор/ арга Орост илүү хөгжиж байгаа бөгөөд, цөмийн аргаас ирээдүйтэй, аюулгүй гэгдэж байна. СГД-гэнэратор гэдэг нь өөрөө өргөн ашиглагддаг төхөөрөмж. Түүний ажиллагааны зарчмыг газар хөдлөлтийг таслан зогсооход ашиглахаар эрдэмтэд мэрийж, тусгай төхөөрөмж бүтээсэн нь саяхан. Хотод нь хүчтэй газар хөдлөлт болох магадлал буй тул Эрхүүгийн төвийнхөн энэ чиглэлээр эрчимтэй судалж байна.
Сүүлийн үед дэлхий тоосны бөөмнөлөөс бус нарнаас үүссэн нь тодорхой болж байна. Нар ч, дэлхий ч өөрсдөө үндсэндээ СГД-гэнэраторууд юм. Тиймээс дэлхий хэмээх байгалийн гэнэратортой хүн төрөлхтөний бүтээсэн гэнэраторыг холбож, сүлжээ байгуулбал гамшгаас ч сэргийлнэ, олон глобал асуудлыг амжилттай шийдвэрлэнэ.
Газар дор ихээр хуримтлагдаж, ялгаран гарахад бэлэн болсон энэргийг их талбай, цаг хугацаагаар дамжуулж аюул осолгүй, аядуу зөөлөн чөлөөлнө гэсэнд л СГД-гэнэраторын арга оршино. Оросууд бүр “газар хөдлөлтийн төлбөртэй эмчилгээ” хийнэ шүү гэж зарлан тунхагладаг болж. Калифорнийн эргээр манай СГД-гэнэраторуудын сүлжээг суурилуулбал тэнд хэзээ ч газар хөдлөхгүй гэсэн байна билээ.
Цөмийн дэлбэрэлт хийж, зэлүүд газраар сэйсмо-энэргийг гаргадаг арга бас буй. Газар хөдлөлтийг таслан зогсоох чиглэлээр нам засаг маань юм хийхгүй, судлахгүй байгаа нь гачлантай. Хаитийн нийслэлд хүчтэй газар хөдлөлт болно гэж эрдэмтэд сануулсаар атал, хувийн эрх ашгаа л боддог мунхаг удирдагчид нь зохих арга хэмжээг авахгүй байсаар улс үндэстнээ сөнөөчихсөн явдал Монголд давтагдах учиргүй.
2004-2006 онд монгол, орос, япон, францын эрдэмтэд Улаанбаатарын орчмын хагарлуудыг судалж, аюулыг тогтоосон аж. 2000 жилийн өмнө энд асар хүчирхэг газар хөдлөлт болжээ. Түүний давтамж нь удахгүй гэнэм. Ийнхүү Улаанбаатарын газар хөдлөлтийн үечлэл 2000 жил гэдэг нь тогтоогдсон байна. Болзошгүй газар хөдлөлт 10 баллаас илүү хүчтэй байх гэнэ. Нийслэл байсан газар юу ч байхгүй болно гэсэн үг шүү дээ. Дөрвөн уул л арай нурчихгүй юм уу даа. Оросын хэвлэлээс л олж мэдлээ. Манай мэргэжилтнүүд гамшгийн үнэн нөхцөл байдлыг ч, түүнээс аврагдах арга замыг ч нуугаад л, мэдэн будилаад л өдий хүрсэн. Хагарлуудын үүсэл гарал тодорхойгүй, үечлэлийг нь тогтоогоогүй, юу юу ч гэлээ. Өөрсдөө судалгаануудад оролцсон байж, нам засгийн зааж өгсөн үгийг 6 жил давтаж ирж. Хаитид яг л тэгсэн байгаа юм.
Монголын ЗГ-аас санхүүжүүлбэл, нөхцөл байдлыг судлах, гамшгийг таслан зогсоох өргөн хүрээний үйл ажиллагаа явуулахад бэлэн байна гэж оросууд мэдэгдсээр ирсэн юм билээ. Тэдний энэ мэдэгдлийн талаар дарга нар дуугарч байсан уу? Үгүй шүү дээ. Олон уншигч миний энэ нийтлэлээс л мэдэж авч буй биз ээ. Гадаад улстай газар хөдлөлийн аюулаас сэргийлэх талаар хамтран ажилласан зүйл үгүй гэдгийг лав л ерөнхийлөгч бухимдан хэлж байсан.
Яагаад газар хөдлөлтийг таслан зогсоох ажлыг санхүүжүүлээгүй юм бэ? Хариулт тодорхой. Газар хөдлөх нь дарга нарт тал бүрийн ашигтай. Хэрэв хөдлөхгүй бол хохиролтой. Мөнгө тэдний халаас руу биш, оросуудад очно. Нэг зүйлд дэглэмчдийн ухаан хүрэхгүй байна. Хэзээ газар хөдлөхийг тэд мэдэхгүй. Тэгэхлээр хамтдаа л сүйрнэ шүү дээ!
1.9-нөөс хойш, ард түмнээ газар хөдлөлтөөс аврах талаар зохих арга хэмжээг аваагүй ЗГ огцрох ёстой. Энэ харгис дэглэмийг ард түмэн минь түлхэн унагацгаая! Газар хөдлөхөөс өмнө, цаг алдалгүй босоцгооё! Тэгж, засгийн эрхийг гартаа авч байж л, монголчууд бид өөрсдийгөө гамшгаас аврах юм байна.
“Улс орноо харьд худалдсан гэж Мөнх тэнгэрийн гэсгээл удаа дараалан ирэв. Газар хөдлөлт бол ээлжит цааз. Юуны өмнө харьд худалдсаныг ядаж болиулсан цагт гамшиг цаашлана” гэж нэгэн Мөнх Тэнгэр судлаач айлдсан. Эх орныг маань бид биш, эрхтэн дархтанууд худалдсан шүү дээ. Тэднээс болж, бид хэлмэгдэх ёстой гэж үү? Гэхдээ бид аль болох их буянтай байвал газар хөдлөхгүй, харин нүгэлтэй байвал…
Дэлхий гэж бий гэдгийг монголчууд бид мэднэ. Нам засаг биднийг өнчрүүлэх гэж, санах сарвайх хэн ч үгүй болгох гэж хичээсэн ч, хүн төрөлхтөн биднийг өнчрүүлэхгүй ээ. Нөгөөтэйгүүр, бид өөрсдийгөө аврахыг хүсэхгүй байгаа бол дэлхий хүчээр цэрэглэн орж ирж, хүлж баглаж байгаад аврах ёсон бас үгүй. Тиймээс, бид хүн төрөлхтөнөөс тусламж гуйх ёстой. Гуйхын дээдээр гуйх!
Хүж дэлхийн хүн төрөлхтөн бидэнд яаж л бол яаж тусалж чадна. Хамгийн гол нь бид асуудлаа даян дэлхийн хүн ардын зүрх сэтгэлийг шимширтэл нь ойлгуулж чадах хэрэгтэй. Дэлхийн улсуудын төр засаг, Монголд туслах шийдвэрийг ард түмэн нь халуун дулаан сэтгэлээр дэмжинэ гэдэгт итгэлтэй байх болтол нь ойлгуулах учиртай.
Өнөөдөр Монгол дэлхийн анхаарлын төвд байх ёстой. Бүх дэлхий Монголыг аварцгаая гэж нэгдэж нягтрах учиртай юм. Америкийн 25 одод нийлж, Хаитиг аврахын төлөө We Are The World дуугаа дуулж, хүн төрөлхтнийг уриалан дуудав. Тэд Хаити, Монгол хоёрыг аварцгаая гэж дуулах ёстой байсийм.
Ард түмээн! Сэхээрэх цаг болжээ. Газар хөдлөлтийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг шаардан, үр дүнтэй тэмцэл өрнүүлье. Тэр америкийн дуучид шиг манай рок-попынхон дуу хоолойгоо өргөх хэрэгтэй байна. Бүгд хувь нэмрээ оруулж байж л, Монгол улс үндэстэн үхэл мөхлөөс аврагдана. Дэлхий даяар Save Mongolia! хөдөлгөөнийг өрнүүлье. Тэмцэхээс өөр ямар ч арга зам байхгүй шүү. Тэмцэхгүй л бол үхэл!
Ингээд нийтлэлийнхээ эцэст, 1.27-нд дэвшүүлсэн уриалгаа яльгүй өөрчлөн давтъя.
1. Газар хөдлөлтөөс сэргийлэх хамгийн түгээмэл арга нь нүүн шилжилт. Шаардлагатай бол нийслэлийн хүн ардыг, оюуны болон материаллаг баялгийг нүүлгэн шилжүүлцгээе! Өмч хөрөнгөө давагдашгүй хүчин зүйлээс болж алдсан иргэдийн хохирлыг төрөөс барагдуулах, тэднийг сууц, ажлын байр, төрөл бүрийн тусламжаар хангахад мөн бэлтгэцгээе!
2. Дараагийн түгээмэл арга нь, хөрсөн дор цөмийн дэлбэлэлт хийж, газар хөдлөлтийн энэргийг эзгүй нутаг руу татаж, гаргах. АНУ, ОХУ зэрэг улсууд энэ аргыг үр нөлөөтэй хэрэглэж, туршлага хуримтлуулсан ажээ. Энэ аргыг боломжтой бол хэрэглэцгээе!
3. Сүүлийн үед соронзон-гидродинамик гэнэраторын /СГГ/ аргыг ОХУ-д боловсруулан буй болгожээ. Бага хэмжээний нутагт төвлөрөн, хүчтэй гарах энэргийг их хэмжээний нутгаар бараг мэдэгдэхгүй доргилт болгон цацаж гаргадаг арга юм. Үүнийг мөн судалж, боломжтой бол хэрэглэцгээе!
4. Газар хөдлөлтийн аюулаас улс үндэстнээ аврах ажлыг санхүүжүүлэх арга замуудыг олцгооё!
5. Улаанбаатарын, Монголын газар хөдлөлтийн асуудлыг олон улсын тавцанд ил тод гарган, сурталчлан таниулж, дэлхий дахинаас тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэцгээе!
6. Газар хөдлөлтөөс улс үндэстнээ аврахын төлөө тэмцлээ, ардчилсан хувьсгалын болон, ашигт малтмалаа хууль бус “эздээс” нь чөлөөлөх тэмцэлтэй зэрэгцүүлэн бадруулж, асуудлыг цогцоор нь, багцаар нь шийдвэрлэцгээе!
Газар хөдлөлтийн эсрэг хөдөлгөөн байгуулан тэмцэцгээе! Монголоо аврах хөдөлгөөн байгуулан тэмцэцгээе! Төр шиг төртэй болбол, Монгол шиг хязгааргүй баян улсын ямар ч асуудлыг түвэггүй шийдэх боломжтой. Яг л одоо эрслэн босож, болзошгүй аюулаас бүхнийг аварцгаая!
Ч.Мөнхбаяр
MMX.III.XXX
http://moenbayar.blogspot.com
МАРГААШИЙГ ГУЙЯ
Өгсүүр мөрт шад шиг Улаанбаатар
Өршөөл бадагт найраг шиг таны алган дээр байна.
Өвсний шүүдэр шиг “тавилантайгаан”,
Өндөрлөөгүй зураг шиг гялалзаж байна.
Эв төгс монгол газар эх минь
Эжий бүхнийг бодож бүү шилгээ!
Элбэрэлт мутар дээрээс тань өөр
Эрхлэх газаргүй үрсээн уучил!
Болор шиг тунгалаг цуурайтах нийслэл
Ботгон нүд шиг нулимсаар чимж байна.
Үүрэндээ багтахгүй үй түмэн үрс нь
Өдөлж амжилгүй дэрвэх нь байна.
Томоогүй балчир үрсийн тоост хот
Торойх юмгүй Хиросима болох учир юун.
Хүж дэлхий хөрст жаргаланг дархалж ахуйд
Хүүхдүүд бид өнчин ганц хөшөө болох учир юун.
Цөхрөлийн дуу шиг зүүд минь агаарт хөвж
Цөмийн бөмбөг шиг маргаашийг сонсч байна.
Тавил зөв эгшиг шиг хувь заяаг биш
Тасарсан чавхдас шиг төөргийг сэрж байна.
Мөнх Тэнгэр танаасаа бид мөнхийн цэнгэлийг гуйхгүй ээ.
Мөрөөдөл шиг даль жигүүр минь ургаж гүйцэхийг л хүснэм!
Газар эх танаасаа бид гачлангүй амьдралыг гуйхгүй ээ.
Ганц олдох хорвоогоо галавгүй хайрлах маргаашийг гуйя!
Ч.Мөнхбаяр
2009.3.30-ны өглөө
No comments:
Post a Comment