Оюутолгойн ХОГ-ийг шүүхэд өгч, цуцлуулцгаая!
Монголын ард түмнийг цэнгэлийн манлайд хүргэж, улс орныг хөгжил цэцэглэлийн дээдэд залах учиртай их эрдэс баялгийн орд болох Оюутолгойгоо бид хэрхэвч гадаад дотоодын нэоколоничлогч-гэноцидчидийн саварт алдах ёсгүй билээ. Оюутолгойн ХОГ гэгч, тусгаар тогтнолыг алдагдуулах, улс үндэстнийг мөхөөх ялт хэргийн баримт бичгийг цуцлуулж, хүчингүй болгож, түүхийн хог дээр таягдан хаях ариун гэгээн үйлс өнөөгийн монголчууд биднийг хүлээж байна.
ХОГ-ний хүчин төгөлдөр болох болохгүй нь эх орончдын шударга тэмцэлд өчүүхэн төдий саад тотгор болж үл чадна. Аливаа хулгай дээрэм, урвалт шарвалт яаж ч хүчин төгөлдөр боллоо гээд, гэмт хэрэг л бол гэмт хэрэг. Хүчин төгөлдөр гэж зарлагдсан аваас гэмт хэргийг хэрэгсэхгүй гэсэн хууль байдаггүй.
Учир иймд, Оюутолгойн ХОГ-г шүүхэд өгч, цуцлуулж, гэмт буруутнуудыг цээрлүүлж, эх орноо чөлөөлөхийг ард түмэндээ уриалж байна. Шүүхэд өгөх өргөдлийн төслийг толилуулъя.
Монгол Улсын Дээд Шүүхэд
Ил өргөдөл
Улаанбаатар Утга нь: “Оюутолгой төсөл”-ийн
Огноо “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г цуцлуулах тухай
“Оюутолгой төсөл-ийн талаар Монгол Улсын Засгийн Газар, нөгөө талаас “Айвэноу Майнз”, “Рио-Тинто” компаниудын хооронд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль зэрэг олон хуулийг зөрчсөн баримт бичиг болжээ.
Дээрх гадаадын тал дотоодын хамсаатнуудын хамт, Оюутолгой төслийн хүрээнд:
1.авлига хэрэглэн хууль тогтоомжид нөлөөлсөн;
2.авлига хэрэглэн: лицэнз авч, мөн хүчингүй болсон эрхийг нь сэргээсэн;
3.Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиудыг зөрчсөн гэрээг авлига хэрэглэн байгуулсан;
4.ордыг өөрийн хөрөнгө хүчээр нээсэн гэж үндэслэлгүйгээр мэдээлсэн;
5.санхүүгийн чадвар хангалтгүйгээ нуусан;
6.асар их хөрөнгө оруулсан, оруулна гэж хуурамч тооцоо гаргасан;
7.ордыг эзэмшихэд 1 тэрбум доллар зарцуулагдах атал 9 тэрбум доллар зарцуулагдана гэж мэхэлсэн;
8.Монголын иргэд хувьцаа эзэмших, Монголын биржид хувьцаа борлогдох боломж гаргаагүй;
9.түүх-соёлын дурсгалыг хамгаалах талаар зохих ёсоор дүгнэлт хийлгээгүй, шаардлагатай арга хэмжээ аваагүй;
10.байгаль орчныг сүйтгэсэн гэж лицэнзээ хүчингүй болгуулж байсан ч, холбогдох дутагдлуудаа арилгаагүй;
11.үнэн бус мэдээлэл түгээх, гүтгэж доромжлох, дарамт үзүүлэх зорилгоор хэвлэлийн, төрийн бус байгууллагуудыг зүй бусаар хөлсөлдөг, санхүүжүүлдэг
зэргээр хууль зөрчсөн эсэх;
“Хөрөнгө оруулалтын гэрээ”-г
12.Монгол Улсын хуулиудыг зөрчин;
13.техник-эдийн засгийн үндэслэлгүйгээр;
14.ордын нөөц хангалттай тогтоогдоогүй байхад;
15.Монгол улсын болон олон улсын стандартчиллыг дагалгүй;
16.Монгол Улсын мэргэжлийн байгууллагаар хянагдалгүй;
17.даатгалын асуудлыг шийдэлгүй;
18.аудитын хяналт шалгалтгүйгээр;
19.хоёр талын эрх тэгш байдлыг хангалгүйгээр байгуулсан
зэргээр хууль зөрчсөн эсэх;
“Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд
20.хөрөнгө оруулалтын зохих хэсэг нөхөгдсөний дараа, Монголын ЗГ-ын хувьцаа эзэмших хувийг 34-өөс 51 хүртэл нэмэгдүүлнэ гэсэн хоёр талын тохиролцоо тусгагдаагүй;
21.манай тал ямар бодот үр өгөөж хүртэх нь тодорхойгүй;
22.Монголын ЗГ-ын эдлэх эрх нэн хангалтгүй;
23.Монголын талыг хяналт тавих, хяналтын багц эзэмших эрхгүй болгосон;
24.эзэмших, өмчлөх статус маргаантай;
25.татварын хөнгөлөлт эдлэхгүй гэсэн хэрнээ эдлэхээр тусгагдсан
26.ажиллагсдын олонхи Монголын иргэд байна гэснийгээ олон болзлоор боломжгүй болгосон;
27.хөрөнгө оруулагчийн хүлээх үүргийг баталгаажуулаагүй;
28.хөрөнгө оруулагчид хариуцлага тооцох механизм үгүй;
29.хөрөнгө оруулагчийг Монго-лын тал эцсийн шийдвэр гаргах дээд шат гэж үзэхээр томъёологдсон;
30.цуцлагдах нөхцөл тодорхойгүй
зэргээр хууль зөрчсөн эсэх;
“Хөрөнгө оруулалтын гэрээ”, хоёр талын тохиролцоонуудад харшлах:
31.тэхник-эдийн засгийн үндэслэлдээ:
1/ шаардагдах судалгааг дутуу гүйцэтгэсэн;
2/ ашиг орлогын асуудлыг тодорхойгүй тусгасан;
3/ 45 сая тонн зэсийг 26 сая тонн гэж мэдүүлсэн;
4/ ВНР компанид орлогын 2 хувийг өгөх ёстой, үүнийг Монголынтал хариуцна гэж гэнэт тулгасан /урьд гадаадын тал хариуцна гэдгээ мэдэгдэж байсан/;
5/ Монголын иргэдийг төсөлд оролцуулах үүргээ бүрхэгдүүлсэн;
6/ олборлол-үйлдвэрлэлийн хүчин чадлыг тодорхойлоогүй;
7/ усны ноцтой асуудлыг хэрхэн зохицуулахаа танилцуулаагүй зэргээр гэрээг зөрчсөн;
32.Оюутолгой 70 жил олборлох нөөцтэй гэж байснаа, 30 жил гэх болсон;
33.зэс, алтнаас бусад мэталлын их нөөцийг нуун дарагдуулж буй;
34.аль агууламж ихтэй, хүндрэлгүй газраас нь сорчлон, богино хугацаанд цөлмөхийг эрмэлзсэн;
35.гэнэтийн ашгийн татварыг цуцалбал зэс хайлуулах үйлдвэр барина гээд, наад зах нь 20 тэрбум долларын ашиг гаргасан хэрнээ, өдгөө үйлдвэр барих асуудлыг тодорхойгүй болгосон;
36.зэсийн дундаж үнэ 4200 доллар байхад ашигтай ажиллана гэж байснаа, дараа нь түүнээс бараг 2 дахин өндөр үнэд хүрээд байхад ийм нөхцөлд ашигтай ажиллахгүй гэх болсон;
37.хяналтаа хэрэгжүүлэх боломжгүй Монголын төрийг хуурамч алдагдлын 34 хувийн өрөнд унагах нөхцөлийг бүрдүүлсэн;
38.170 мянган ажлын байр бий болгоно гэж байсан ч, 56 дахин бууруулж, 3 мянга болгосон хэрнээ, холбогдох зардлаа 6 дахин өсгөсөн;
39.ВНР, Chinalco зэрэг компаниудыг зүй бусаар төсөлд оролцуулах хандлагатай байгаа;
40.Монголын талтай тохиролцолгүйгээр ордын том хэсгийг Солонгосын талд зарсан;
41.Монголын ЗГ-т сард 5 хувийн хүүтэйгээр 100 сая доллар зээлүүлснийг урьдчилсан төлбөр гэж худал ойлгуулсан;
42.гадаадын тал манай баялгаар дэнчин тавьж босгосон компанийхаа 34 хувийг Монголын талд 9 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, Оюутолгойн ордыг бүрэн мэдэлдээ авсан нь, Монгол улс ирээдүйд их өрөнд ороход хүргэх үр дагавартай байхаар зохион байгуулагдсан
зэргээр хууль зөрчсөн эсэхийг шалгаж тогтоон, хууль бус гэрээг цуцлан хүчингүй болгож, гэм буруутнуудад хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсье.
Өргөдөл гаргасан ... ... ... ... ... ...
Сэтгүүлч Ч.Мөнхбаяр
MMIX.IV.III
No comments:
Post a Comment