4-р сарын 5-ны жагсаалд оролцогч, үйл хэрэг нэгтнүүддээ хандсан ил захидал
Өнөөдөр ардчилсан хувьсгалын их жагсаал болж байна. 20 жил монголчууд хүсэн хүлээсэн гэж болох жинхэнэ хувьсгал айсуй. 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнг элдэв бэртэгчин, урвагч, шунахай этгээдүүд булаан авснаар ард түмэн минь 20 жил зовж зүдэрлээ.
Янз бүрийн улс төрийн зүтгэлтэн, хүчинд итгэж, тэдгээрийг сонгосноор сайн сайханд хүрнэ гэж олон түмэн санадаг байсаан. Гэвч сонголтыг нь дураар гуйвуулж, засгийн эрхийг хуваан завшдаг болсон. Үүнийг эсэргүүцсэн 2008.7.1-ний бослогыг хоёр нам хамсаатнуудтайгаа санал нэгдэн, цус асгаруулан, нухчин дарсан билээ.
Тэгвэл одоо ард түмэн өөрсдөө хувь заяагаа гартаа авах гэж хуран чууллаа. Миний бие эрүүл мэндийн байдлаас шалтгаалан, биечлэн оролцож чадсангүй. Гэхдээ, харгис дэглэмийг сулруулах, ганхуулах, мөхөөх бүх үйл явцыг би дэмжиж, сэтгэл оюунаараа оролцох болно. Энэхүү ил захидлыг минь ард түмэнтэйгээ хамт жагсаж байна гэж тооцоорой.
Эсэргүүцлийн хөдөлгөөн, зүтгэлтнүүдийг “ард нь тийм хүн, хүч бий”, “атгаг зорилготой”, “захиалга биелүүлж байна” гэхчилэн гутаах, ингэснээрээ шударга тэмцлийн эрчийг сааруулахыг хичээцгээж байна. Тийм явдлыг битгий тоогоорой.
Хэн, юу хийж байна гэдгийг хараарай. Элдэв гүтгэлэг, дайралтанд өртөж буй энэ зүтгэлтнүүд л ард түмнийг уриалан дуудаж, оройлон явж, сэрээж, босгож чадсан биш үү. Эд харгис дэглэмийг устгах эцсийн зорилготой гэдгээ хэлсэн, хэлснийгээ биелүүлэх гэж, хийж чадах бүхнээ хийж байгаа биш үү.
Бидний ард, ард түмэн бий гэж тэд учирлахад хүрч байсаан. Ард түмээн! Монгол улс үндэстний төлөө тэмцэхээр зориглосон хэн нэгний араас явах биш, тэднийгээ тойрон хүрээлж, бүгдээр хамтдаа нэгэн эгнээнд урагшилцгаая. Хэн нэгэн аврах үүрэгтнүүд биш, ард түмэн бид л санаа зорилгоо нэгтгэж чадаж байж өөрсдийгөө аварна шүү дээ! Хүн бүр хичээж, тэмцэж, дэглэмийг чадах бүхнээрээ эсэргүүцэх ёстой.
Тэрний ард тэр байна, тэр тийм захиалгат даалгавар биелүүлж байна гэж давшлан, бидний эв нэгдлийг алдагдуулахыг зорьж байгаа тэр этгээдүүд бидэнд юу өгсөн юм бэ? Өөрсдөө юу авсан бэ? Санацгаая:
Нэгэн зүйл. Хүн амд оногдуулж үзвэл Монгол бол дэлхийн хамгийн баян орон. Нэг хүнд тэрбум тэрбум доллар оногдохуйц ашигт малтмалын баялаг буй.
Гэтэл харгис дэглэм тэр их баялагийг харийнханд өгчихөөд, өлбөрүүлж байгаад дараа нь зүсэм талхаар дагуулдаг Ленин-Сталины аргыг ард түмэндээ хэрэглэж байна. Цагаан сараас өмнө ахмадуудад 50 мянгыг өгнө гэж байснаа, 70-ыг гэхэд л хөөрхийс баясч байгаа юм. Ард түмэн минь ямар их ядуурч, ядраа вэ? Тэр мөнгөний төлөө хэдэн өдрөөр оочирлож, хөлдөж, архи ууж байгаад хөл дээрээ тогтож, хоорондоо алалдах дөхөж байсаан. Уг нь сонгуулийн сурталчилгаа түгээдэг шигээ, ахмадууддаа аваачаад өгсөн ч болох л байсан. Гэвч алалдуулахыг хүсч байгаа юм. Ард түмэн минь тэдний хүссэнээр хоорондоо алалдах биш, уур хилэнгээ хорон санаатнуудын эсрэг чиглүүлэх ёстой. Дэлхийн хамгийн баян ард түмнийг тэгж дээрэмдэж, тэгж доромжилж болдог юм уу?
Харгис дарга нар 70 мянгаа авах гэж байгаа ахмадуудыг харан зугаацаж, хөх инээд нь хүрч: “Гадаадад байгаа ахмадуудад яаж 70 мянгыг нь өгье дөө? Нас барсан ахмадад яаж 70 мянгыг нь өгөх вэ?” гэхчлэн даажигнан, тавлаж байсныг санагтун.
Нэгэн зүйл. Ахмадууд 70 мянгыг авсны дараа үнийн хөөргөдөлт угтаж, нөгөөхийг нь ор мөргүй ховх сорсон. Шудрага бус өрсөлдөөнтэй тэмцэх газрынхан хууль-эрхзүйн орчин байхгүй учир үнийн хөөргөдөлтийг зогсоох ямар ч боломжгүй гэж мэдэгдсэн.
Нэгэн зүйл. 70 мянган төгрөг авахгүйн төлөө хөдөлгөөн гэдгийг дэглэмээс зохион байгуулсан. “Бидний хувьд, 70 мянгыг авах ичгэвтэр байна” гэж хэлүүлж, ахмадуудыг доромжлуулсан. Бас “70 мянгаа төрийн хуримтлалд тушааж, 70 мянган ажлын байр бий болгож, улс орноо хөгжүүлье!” гэж тэднээр өдөөн хатгуулсан. Ахмадуудаас бусдад 70 мянгыг өгөх ямар ч боломжгүй гэж, олон эрхтэн дархтан ярьсан, түүнийг авах гэсэн хүнийг бараг л эх орныхоо хөгжилт цэцэглэлтийн дайсан гэх болсон.
Нэгэн зүйл. “Эрдэнийн хишиг” гэх доромжилсон нэртэй мөнгийг түгээх ажлын бэлтгэлийг бичиг баримтын төгөлдөршил гээчтэй хамсруулж байгаа. Гэхдээ хурууны хээг авах болсон. “Эрдэнийн хишгийг” авах гэсэн хүнийг хулгайч, гэмт хэрэгтэнтэй адилтгаж байнам бус уу? Дэглэмийнхэн өөрсдөө эх орноо тэр чигээр нь хулгайлсан шүү дээ!
Нэгэн зүйл. “Эрдэнийн хишиг”- ийг санхүүжүүлэх нэрийн дор улс орныг сөнөөх шалтгаан, зэвсэг болгон ашиглах гэж байгаа шүү. Сүүлд нь, “Та нар л мөнгө авъя гээд байсан шүү дээ” хэмээн ард түмэн рүү бурууг бухахыг санаархаж буй. Баялагтаа эзэн болсноор, улс орноо хөнөөж сөнөөх биш, хөгжүүлж цэцэгжүүлж, жинхэнэ “Эрдэнийн хишиг”- ийг хүртэж болно гэдгийг ард түмэн бид мэднэ ээ!
Нэгэн зүйл. Хүүхдийн мөнгө, шинээр гэр бүл бологсдын мөнгө зэргийг хүчингүй болгож байж, ахмадуудад 70 мянгыг олгосон. Ард түмнээ халамжлах халамж нэмэгдсэн үү?
Нэгэн зүйл. Нийгмийн халамж төрд ахдаж, хэтэрч, дарамт болж байна гэж дарга нар ярьдаг. Төрийг тэд гуйлгачин шиг ядуу болгочихсон юм чинь арга байж уу? Хэрэв харийн нэоколоничлогчдоос баялгаа, дотоодын гэноцидчидээс засгийн эрхээ авбал тэр асуудал үгүй болно!
Нэгэн зүйл. Траншэйг тохижуулаад, цахилгаан оруулаад амьдардаг, тэр хэсгээ хувьчилж авъя гэдэг гэр бүлүүд буй болжээ. Хотын захаар газар ухаж, нүхэн гэрт ч амьдрах болж. Хог хаях цэгт алмас гэгдэх зэрлэг хүмүүс буй болжээ.
Нэгэн зүйл. Төрийн статистикийн судалгаагаар бол Монгол орон хөгжсөөр, монголчуудын нөхцөл байдал сайжирсаар байгаа гэнэ. Тэр үнэн үү? Нэг дэглэмчин: “Урьд дундаж цалин 5 доллар байсан бол одоо 300 болсон” гэжээ. Үнэн үү? 5 долларын цалин авдаг байснаа 300-г авдаг болсон, амьдралын төвшин нь сайжирсаар байгаа хэн, хаана байна вэ?
Нэгэн зүйл. УИХ-ын гишүүний цалин 10 гаруй сая, унааны зардал 6,6 сая, үүрэн телефоны төлбөр 1,44 сая, тойрогтоо ажиллах томилолтын зардал 8,7 сая, хэвлэл захиалгын зардал 480 мянга, хэвлэлтийн зардал 240 мянга, зочин хүлээж авахад зарцуулах зардал нь 720 мянга, бэлэг дурсгалын зүйл худалдан авах зардал 100 мянга, туслах, зөвлөхийн цалин 26,6 сая, туслах, зөвлөхийн хоол, унааны зардал 193 сая, сонгогдсон тойрогтоо хөрөнгө оруулах мөнгө 1 тэрбум. Энэ баримт хуучирсан бөгөөд, улам өссөн шүү. УИХ-ын жирийн гишүүн байнгын хорооны даргын цалин, хангамж эдлэх, байнгын хорооны дарга бүр илүүг эдлэх шийдвэрийг сэм гаргачихсан байх жишээтэй. Шинэ хууль санаачлах үүрэгт ажлаа хийсний төлөө 20 сая төгрөг авдаг.
Нэгэн зүйл. Дарга нар маань гадаад дотоодод томилолтоор явахдаа орчуулагч, эмч, бие хамгаалагч, НБД, туслах, зөвлөх гээд, хаад ноёд бараа бологчдоо дагуулах адил өчнөөн хүнтэйгээр, маш их тансаглан аялж зугаалж, бүх зардлыг улсаас гаргуулдаг. Өндөр албан тушаалтай тусмаа зардал өснө.
Нэгэн зүйл. Саяхан нэг нууц казино илрэхэд гишүүд нь парламент дахь МАХН, АН, гуравдагч хүчний төлөөлөл байв. Ард түмний төлөө эсрэгцэж тэсрэгцээд, хоорондоо маргаад тэмцээд байдаг юм шиг хэрнээ, камераас далд бол бүгд найз нөхөд шүү. Дэглэмийнхэн л бол дэглэмийнхэн.
Нэгэн зүйл. Сая байтугай долларын үнэтэй харш манай дарга нарт байдаг. Тэр битгий хэл Лондон, Хавай, Амэрикийн хотуудад ч тансаг харштай байдаг юм.
Нэгэн зүйл. Тойрогтоо хөрөнгө оруулна гэх хууль бус зүйлийн цаана юу ч байдаггүй. Нэг гишүүн орон нутагтаа баригдчихсан байсан барилгыг “шинээр барьсан” гэж худал мэдүүлсэн явдал ч бий. Нэг гишүүн “4 тэрбумыг авах шаардлагатай” гэсэн бол, зарим гишүүн “10 тэрбум хэрэгтэй” гэх болов.
Тэд ард түмэнд юу өгөв, өөрсдөө юу авав? Тэд ингэнэ гэж амласан уу?
Ард түмээн! Газар хөдлөлтийн аюулыг тэд 2004 оноос хойш нуун дарагдуулж, нөхцөл байдлыг дортгон даамжруулсаан. Харин одоо, хувьсгалт тэмцэл хөдөлгөөнийг саармагжуулах, нухчин дарахын тулд газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх ажлыг эрчимтэй хийж буй мэт дүр эсгэх боллоо. Магадгүй, газар хөдлөлтөөс сэргийлнэ гээд онц байдал зарлаж, тэмцэл хөдөлгөөнийг хорьж, их хэлмэгдүүлэлт зохион байгуулж, дэглэмээ аврахыг оролдож болзошгүй. Сонор сэрэмжтэй байгаарай!
Аюул бол харгис дэглэм. Олигархуудын харгис дэглэм үгүй бол ямар ч аюулыг бид гэтэлж чадна. Болзошгүй газар хөдлөлтийг таслан зогсоодог аргууд байдаг бөгөөд, дэглэм тэр талаар сонирхоо ч үгүй юм шүү. Дэглэм биднийг газар хөдлөлтөөр шалтаглан номхруулах гэж санаархаж байгаа нь бүтэхгүй. Газар хөдлөхөөс өмнө монголчууд бид хөдөлж, ард түмнийхээ эсрэг нэоколоничлол-гэноцидийн ялт хэрэг үйлдэж ирсэн дэглэмийг эгнэгт арчин үгүй болох ёстой.
Монголчууд бид эв санаагаа нэгтгэж улс үндэстнээ аврах ёстой. 1990 оны ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг бид гагцхүү шинэ ардчилсан хувьсгал хийж тэмдэглэх ёстой. Харгис дэглэм сөнөтүгэй! Ардчилсан хувьсгал мандтугай!
Монголын ард түмэн, улс үндэстэн, төр мандтугай! Сайн үйлс дэлгэрэх болтугай! Мөнх тэнгэр бидийг ивээнэ ээ!
Хамтдаа ялцгаая!
4-р сарын 5-нд, ард түмнийхээ хамт
сэтгэл оюунаараа жагсаж буй сэтгүүлч
Ч.Мөнхбаяр
МХХ.IV.II
No comments:
Post a Comment