Saturday, April 24, 2010

Мөнгөн дэвсгэртээ бүрэн шинэчлэцгээе!


Мөнгөн тэмдэгтийн дүрслэл улс орны эдийн засгийн нүүр царай, бэлгэ тэмдэг болж байх албагүй. Харин сонин тохиолоор Монголын мөнгөн тэмдэгтийн үзэгдэх байрлал эдийн засгийнхаа төдийгүй, нийгмийнхээ дүр төрхийг илэрхийлж байх мэт байдаг.
Манай төгрөгүүдийн зохиомжид ямар ч утга учир, логик байхгүй. 10 номиналийн төгрөг гүйлгээнд байдаг боловч, тэдгээр нь хоёрхон хүний хөрөгтэй. Нэгт, тавтын дэвсгэрт хөрөг ч үгүй, өнгө зүс ч үгүй, тэдний хэрэгцээ ч үгүй, нийтийн тээврийн үйлчилгээг л улам хүндрүүлэх үүрэг гүйцэтгэж байна, 20, 50, 100-т дээр зөвхөн ямар ч хариуцлагагүй дүрсэлсэн Д.Сүхбаатарын хөрөг. Эсрэг талд нь элэглэн дооглох мэт хачин пейзаж. 1, 5, 10 мянгат дээр өчнөөн алдаа мадагтай Чингис хааны хөрөг. Хурц тод өнгө, чамирхлыг л гол болгосноос бус, утга агуулга нь муу. Хэрэв та бидний хэнийг нь ч гэсэн үндэсний мөнгөн тэмдэгтийн төсөл гаргаад ир гэвэл ийм нүд хуурсан юм сэдэж зүрхлэхгүй байсан биз. 

Оросууд рублээ шинэчилнэ, ирээдүй, итгэл, гэрлийг шингээнэ гэж байна. В.Коваль өөрийн төсөлд I Петр /1/, В.Ломоносов /3/, А.Пушкин /5/, П.Чайковский /10/, К.Циолковский /25/ , И.Вавилов /50/, А.Сахаров /100/ нарыг дүрсэлжээ. Ар талд нь Оросын сэргэн мандалт, шинжлэх ухаан, соёл урлаг, техникийн ололт, хүмүүнлиг үзлийн бэлгэдлүүдийг дүрсэлсэн байна. Харин Е.Китаева дэвсгэрт бүрийн ар өвөрт их хүмүүсээ дүрслэх санал гаргажээ. 1 рубльд шатарч А.Алехин, хөл бөмбөгчин Л.Яшин, 3 рубльд зураач И.Репин, модернист К.Малевич, 5 рубльд дуучин Ф.Шаляпин, бүжигчин Г.Уланова, 10 рубльд П.Чайковский, Д.Шостакович, 25 рубльд Л.Толстой, Ф.Достоевский, 50 рубльд Д.Менделеев, Ю.Гагарин, 100 рубльд А.Пушкин, Н.Гоголь нарыг тэрбээр дүрсэлжээ.


Германд бүр тэгш эрхийг хүндэтгэх үүднээс их хүмүүсээ хүйсээр нь тэгш тоотой сонгон марк дээрээ дүрсэлсэн байдаг. Францад хуучирсан мөнгөн тэмдэгтээ хэсэгчилэн сольж шинээр хэвлэхдээ өөр суут хүмүүсээ дүрсэлж гаргадаг байжээ. Урьдын 50 франк дээр Морис Латур байгаа бол шинэ дээр Антуан де Сент-Экзюпери байх жишээтэй. 200 франк дээрх Шарль Монтескье-гийн халааг Гюстав Эйфель, 500 франк дээрх Блез Паскалийн халааг Пьер ба Мария Кюри авч байв.
Харин бидэнд их хүмүүс “хүрэлцсэнгүй”. 
Зүй нь 5, 10, 20, 50, 100, 500, 1000, 5000, 10000, 50000, 100000-тын дэвсгэртүүдтэй болж, 5-тын дэвсгэрт дээр хөрөг тавилгүй /гүйлгээнд хэрэглэгдэхгүй болж магад/, бусад дээр:
1.Модун хаан /10/
2.Өгөөдэй хаан /20/
3.Хубилай хаан /50/
4.Батмөнх хаан, Мандухай хатан /100/
5.Амарсанаа, Чингүнжав/500/
6. 1911 оны хувьсгал, 1913-1915 оны чөлөөлөх дайны баатрууд /1000/
7.1920-1921 оны чөлөөлөх тэмцэл, ардын хувьсгалын баатрууд /5000/
8. 1932 оны ардын бослогын баатрууд /10000/
9. Дэлхийн дайны баатрууд /20000/
10. С.Зориг /50000/
11. Чингис хаан /100000/ нарын хөргийг залж, мөнгөний шинэчлэл хийх хэрэгтэй байна. 
50, 100 мянгатын дэвсгэртийг гаргахгүй гэвэл, зарим дүр, үйл явдлыг хасч болно.

No comments: