Monday, February 23, 2009

Дугуйлангийн хөдөлгөөн л монголыг аварна!


Бусад оронд тариачид нь хадуур сэрээгээ бариад босч л байх үед, харанхуй бүдүүлэг гэгдсэн монголчуудын дунд дугуйлангийн хөдөлгөөн үүсч, өрнөж, өргөн дэлгэрлийг олсон билээ.
Дугуйлангийн хөдөлгөөнд харц ядуу ард иргэд хамрагддаг байсан. Тэдний гол үйл ажиллагаа нь хуулийн дагуу зарга хийх явдал. Сайн дурын, албан бус, бэсрэг хэлбэртэй энэхүү иргэний хөдөлгөөн нь асар уудам нутагт таран суусан нүүдэлчин амьдралын онцлогт зохицсон байв.
Заримдаа хүч хэрэглэх, зэвсэгт эсэргүүцэл үзүүлэх үйлдэл хийдэг ч, дугуйлангийнхан гол нь “оюунлиг” тэмцлийг өрнүүлдэг байв. Феодалын бурангуй үед заалдаад, заргаа авдаг ч байсан нь монголын эгэл ардуудын соёл боловсролыг нотлох бүлгээ. Тэд эрх тэгшээ илэрхийлж, басхүү сайн үйлс нарны сацраг адил мандан бадартугай гэсэндээ, дугуйг тойруулан гарын үсгээ зурцгаадаг байсан. Нөгөө “бичиг үсэггүй, хоцрогдсон” гэгдсэн ардууд маань ийм л байж шүү дээ. /Бяцхан халил хийхэд, дундад зууны хятад түүхч: “Монголчууд бичиг эзэмшихийг эрмэлзэх бөгөөд, заасан багшдаа цагаан дээл, саарал морь бэлэглэдэг уламжлалтай” хэмээсэн байдаг”/.
Ар Өвөр Монголд адил хэмжээгээр дугуйлангийн хөдөлгөөн өргөн дэлгэрсэн байлаа. Манай Ар Монголын дугуйлангийн хөдөлгөөний алдарт зүтгэлтэн бол Ард Аюуш /1859-1939/.
Тэрбээр Засагтханы аймгийн Дархан гүний хошуунд /өдгөө Ховд аймгийн Цэцэг сумын нутагт/ аж төрж байхдаа дугуйлангийн хөдөлгөөнийг санаачлан өрнүүлсэн харц ард билээ. Дугуйланд нь мөн харц ардууд цуглаж, нийгэм-улс төрийн хэргийг хэлэлцдэг, хошуу ноён Маньбазарын дарлалыг хязгаарлах арга замыг эрэлхийлдэг байв. Нийгмээ алхам алхмаар сайжруулж, сайн сайхан болгоно гэсэн хувьслын үзэл энэхүү дугуйланд зонхилдог байлаа.
Одоогийн манай дарга нарын харгис дарлалыг санагдуулам “нөхөр” байж л дээ, тэр Маньбазар. Хувийн ажилдаа хууль бусаар ардуудыг дайчилна, хятад худалдаачидтай нийлж, харъяат олноо шулж мөлжинө, тансаглан жаргасны өр төлөөсөө албатуудаараа л төлүүлчихнэ, дугуйлангийн хөдөлгөөнийг нухчин дарна.
1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалыг дэмжин оролцож, дугуйлангийнхан “Буянт” пүүсийнхнийг нутгаасаа хөөн гаргаж байжээ. Хэсэг хугацааны дараа уг пүүсийнхэн эргэн ирж, Маньбазар ноёнтой нийлэн, үймээн самуун дэгдээлээ гэж Аюуш нарыг хориулж, эрүүдүүлж байж. Чингэхэд, Цэцэг нуурын дугуйланг дэмжигч ард иргэд босож, тэднийг суллуулжээ. Үнэндээ энэ хошуу хоёр засагтай болсон мэт байв. Нэг нь хошуу ноёны, нөгөө нь Цэцэг нуурын дугуйлангийн засаглал.
Аймгийн чуулган асуудлыг шийдэж өгөхгүй байсан тул, Аюуш нарын төлөөлөгчид заргын болон бусад баримтуудаа /жишээ нь, эрүүдэн байцаахад тасарч унасан мах/ бүгдийг авч, Их Хүрээнд очин заргалдсан байдаг. Аюуш Шүүх яам руу дайран орж, асуудлаа танилцуулж байжээ.
Феодалын засаг хэцүү шүү дээ. Төдийлөн нааштай хариу өгсөнгүй. Гэвч дугуйлангийнхан нутгийн ардуудаа дарлуулахгүй гэж, 10 жил Маньбазар нартай тууштай тэмцсэн аж.
Ард Аюуш сайн эрийн шинжтэй, есөн эрүүг ч ажиггүй давчихаар нэгэн байсан хэдий ч, зэвсэгт хөдөлгөөн, сайн эрийн тэмцлийг сонголгүй, бичиг сачигтай ноцолдож байсан нь нэгийг хэлээд байгаа юм. Монголчууд маань улс төрийн тэмцлийн соёл боловсрол, арга туршлага сайтай байжээ.
Социализмын үед дугуйлангийн хөдөлгөөн ахин өрнөх вий гэж эмээж, Ард Аюушаас бусдыг нь ярьдаггүй байлаа. Өдгөө бас тэгж байнам. Ард Аюушийг ч ярихаа больчихсон юм биш үү.
Өдгөө харгис дэглэмийн эсрэг олигтой тэмцэл өрнөхгүй байна. Хоёр том нам нэгдээд, харийнхны дэмжлэгтэй нэг цул дарангуйлал болж хувирлаа. Бусад намууд дарагдсан, залгигдсан, засаглалд санаархагсдын л гишгүүр төдий болсон байдалтай. Иргэний хөдөлгөөнүүд нухчигдсан, завхарсан, худалдагдсан, нэр хүндээ алдсан, доройтсон гээд л янз бүрийн шалтгаанаар замхарч дуусч байх шиг.
Ард түмэнд эрх чөлөө, ардчилал, тусгаар тогтнолыг авчрахын тулд тэмцлийн шинэ хэлбэр, жинхэнэ ардын хэлбэр хэрэгтэй гэж хэлж болно. Энэ шаардлагад тохирох улс төрийн хөдөлгөөн бол-Дугуйлан.
Монголын уламжлалт энэхүү тэмцлийн хэлбэрийг сэргээх цаг нэгэнт болсон. Миний бие энэ талаар нэг бус удаа дуугарч, ноднин ХБХ дээр хэлээд ч авсан.
Иргэдийн улс төрийн ухамсар, нийгмийн идэвх, тэмцлийн дадлыг дээшлүүлэхэд дугуйлангийн хэлбэр туйлын зохистой. Дугуйлан ер нь хуулийн хүрээнд тэмцдэг тул төр засгийн репрессийн үйл ажиллагаанд өртөх нь бага байх болно. Хүртээмжтэй, ардач, бүтээлч, хөгжүүлэгч, гэгээрүүлэгч чанаруудыг агуулах тул өргөн хүрээг хамарч чадна. Сайн дурын, албан бус зарчим дээр ажиллах учраас төрөөр хүлээн зөвшөөрүүлэх тал дээр бэрхшээлгүй, аливаа хүнд суртлаас ангид байх юм. Эхэн үедээ авсаар бага хүрээтэй байх дугуйлан нь хүчтэй лидер, их хэмжээний санхүүжүүлэлт, далд том “ивгээгчийг” шаардахгүй. Бүх л зүйл нь, яг л урьд ямар байсан шигээ, уламжлалаа дагаад явчихад бүтнэ гэсэн үг. Жинхэнэ ардын хөдөлгөөн л байх учиртай юм.
Дугуйлангийн хөдөлгөөн өргөн олныг хамарвал монголчууд маань аяндаа нэг том дугуйлан мэт болон нэгдэж нягтраад, улс төр сая нэг ард түмнийх болж чадна.
Олны хүч оломгүй далай гэдэг. Далай шиг их хүч байхад, нийгмийн ямар ч асуудлыг шийдвэрлэж чадах нь ойлгомжтой. Ардын хөдөлгөөн-Дугуйлан улс түмнийг маань аварч чаднаа!
Дугуйлангаа байгуулж зөв шударга үйлсийн төлөө тэмцэцгээгтүн! Дугуйлан мандтугай!

Ч.Мөнхбаяр
ММVIII.XII.XX

No comments: