Monday, February 23, 2009

Их нуралт


(2-р хэсэг)

5. Хямралыг гэтлэхэд ялгаварлах хэрэггүй

Хятадууд манай ноолуур, МАА-н бусад түүхий эдийн үнийг хөөргөдөж, Монголын холбогдох үйлдвэрүүд сөнөж сүйрэхэд жинтэй хувь нэмэр оруулж, амьдрах аргагүйдсэн малчдыг хамаг бэлчээрээ ямаагаар мөлжүүлэхэд хүргэж, эцэст нь “бид ноолуурын 10 жилийн нөөцтэй болчихсон, МАА маань ч хөл дээрээн баттай зогсчихлоо” гээд ноолуур тэргүүтнийг авахаа байчихсаныг юу гэх вэ? Юу ч гэж болно. Ямар ч гэсэн тэр бодлогыг нь хэрэгжүүлэхэд манай төр бүхий хүчин чадлаа дайчлан ажилласаан.
Одоо ч гэсэн, “ямаа нь хүнээ идтүгэй” хэмээн, ноолуурын үнэ 10 мянга хүрэхгүй болчихсон байхад, малчдад төрөөс зөрүүг нь төлж байж, хүчээр 40 мянгад барих гээд л гүрийж буй.
Хоёр нам хоёулаа “ноолуурын үнийг буулгахгүй, өсгөнө” гэж, нөгөө нэг “Чингис хаанаа ноолуураар тахина” хэмээгээд түймэр тавьчихсан улс шиг л аюултай тоглоом тоглож ирэв.
Ямаа өсвөл ядрахын цондон гэж үг байж. Орчин үед, “С.Баярын үед хүн болж төрснөөс, ямаа болж төрсөн нь дээр” гэх үг гарлаа. Ард түмнээ малаас дор үзэж, малаар нь идүүлэх төр юм гээч.
Өнөөдөр ямаа гаарч байна. Атрын аяныг ч тэд ховдоглон залгиж, ходоодоо дүүргэсээн. Ноолуурын үнийг буулгахгүй байх амлалтаар хоолоо хийж чадахгүй малчид, бэлчээргүй, зах зээлгүй, Хүннүгийн үеийн арга барилтай аж ахуй нь найгүй хоцрогдсоны улмаас, мал маллахаан больж, хот руу үй олноор дүрвэх магадлалтай болчихоод байна. МАА-д нүүрлэсэн сүйрэл бол ердөө л өлсгөлөнгийн урьдал юм.
Малчдад төр ямагт л илүү “хайртай” байсаан. Татвар төлөхгүй, байгалийн нөөцийг үнэгүй ашигладаг, түүхийн эдийнх нь үнийг төр өндөр байлгаад байдаг, Төрийн онцгой ийм хандлага хуульчилчихсан... Энэ нь тэгээд ямар үр дүнд хүргэв? Аль аль талынх нь алсын хараагүйгээс болж, МАА ч сүйрэлтэй тулгарлаа, энэ сүйрэл улс орныг ч даалуун байшин шиг л нураах нь ээ.
Манай төр улс түмнийхээ бүх л юманд хамгийн тэнэг мулгуугаар хандаж ирсэн дүр зураг ажиглагддаг. Гэхдээ хэргийн учир тэнэг мулгуудаа биш, устгах сөнөөх эрмэлзэлдээ байх шиг. Тийм болохоор төр юунд л хүрнэв, тэр зүйл мөхчих гээд байдаг аа.
Малчдад олгох 30,5 тэрбум нь нөхцөл байдлыг өөрчлөх үү. Үгүй ээ. Харин ч улам хүндрүүлнэ.
Ард түмнээ дэмжиж бололгүй л яахав. Гэхдээ нэг хэсгийг нь онцгой “хайрлаад”, нөгөө хэсгийг нь хохироогоод байж болохгүй.
МАА-н гажуудал амьдрах аргагүй болгосон бол, малчид уул уурхай руу шилжих хэрэгтэй. Төр өнөөгийн малчдыг тэрхүү баримжаагаар л дэмжих хэрэгтэй байв. Харин МАА-г мах-сүүний чиглэлээр, фермийн хэлбэрээр, технологийн ололтоор эрчимжүүлэх, тооноос чанарт ойртуулах шаардлагатай.
“Атрын аян” гэх зэрэг популист кампани өрнүүллээ. Нийгмийн асуудлыг хөнгөвчлөв уу, талх, ногооны үнэ буурав уу? Огтхон ч үгүй ээ. Үрийн буудайг тээрэмдүүлж, УИХ- ын сонгуулийн сурталчилгаа болгож тараасан, тэнгэр хурмастыг хамаагүй буудаж, байгалийн гамшгуудыг үүсгэсэн, зээл авсан нэлээд “тариаланч” ганзагын наймаа хийж хийж, эцэст нь Хятадаас жижиг ширхэгтэй ногоо оруулж ирж, шавар шороотой хольж хутгаад, тайлан болгож танилцуулсан, дамлан худалдсан, дарга нар баахан худлаа өсгөсөн тоо цифрүүдээр ард түмнийг тэжээх гэсэн, ийм л зүйлүүд ихээр ажиглагдлаа ш дээ.
Дэлхийд кг нь 300 төгрөгөөр худалдагддаг буудайны нэг кг-ийг тарьж ургуулахын тулд 500 төгрөг зарсан гэх юм. Худалдах үнэ нь хэд байх вэ? Ногоочид Хятадаас ногоо оруулахыг хоригло хэмээн шаардлаа. Тэд ямар үнэ санал болгох бол?
Ийнхүү Монголын ХАА-д их нуралт ажиглагдаж байна. Нуралтыг зогсоохын тулд төрийн бодлого, эдийн засгийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Гэтэл төр юу хийж байна. Хязгааргүй “баян” учраас мөнгийг л санал болгох гээд байна уу даа.
Хэрэв тэгж байгаа бол, бүгдэнд нь мөнгө өгөх хэрэгтэй. Наймаачдад шаталт, орлого бууралтынх нь нөхөн төлбөрийг өг. Үйлчилгээнийхэнд мөн алдагдал, хохирлынх нь нөхөн төлбөрийг гаргаад аль. Бүгдээрээ авцгаая, ард түмээн! Төрдөө хандацгаая, шаардацгаая! Малчдад, банкинд мөнгө өгч, шатахуун, гурилынхны татварыг хөнгөлж, тариаланчдад зээл олгодог шигээ бүгдэнд нь мөнгө өгч, татварын хөнгөлөлт үзүүлж, зээл олгог л дээ. Бүгдэнд нь л хэрэгтэй байна шүү дээ! Алаг үзэхээ болиг. Энэ бол ямар нэг муйхар барьцалт биш, шударга ёс гэдгийг хэн бүхэн зөвшөөрнө.

6. Худалдаа-үйлчилгээний орчин маань дэндүү эрүүл бус

Бизнес бол ажил үйлчилгээг өмчлөх хэлбэр болохоос, тусгай салбар биш ээ. Гэхдээ л бизнесийн тухай тусгайлан ярих хэрэгтэй. Монголын хүн ам үндсэндээ “бизнесменүүд” гэж байгаа.
1990 оноос хойш төр хүн амаа наймаа, хар амиа хоохойлох зам руу түлхсэн. Бүгд л юм зарах гээд аваад ирсэн, бүгд шатаж, бараагаа эвдэж сүйтгэж бухимдах цаг ойрхон болоод байна.
“Өртөг зардлын бодит үндэслэлгүйгээр үнэ тарифаа нэмэгдүүлсний орлогыг төсөвт хураадаг болно” л гэнэ. Манайд үнэ нэмж жүликдэхээс өөрөөр амьдрах ямар ч арга алга. Хэт худалдаа- үйлчилгээний үед зарагдаж буй цөөн хэдэн юм нь үнэтэй л байх ёстой болдог.
Үнэтэй байгаад ч нэмэргүй. Миний л мэдэхийн, харсаар байтал сонины бизнес, номын бизнес, компьютерийн бизнес /компьютерийн бараа л гэхэд Хятад дахь үнээсээ хямдаар зарагддаг болсоон/ нурж, тэдгээрийг хийгээд амьдрах аргагүй, ямар ч бололцоогүй болсон ш дээ. Хаашаа ч хөдлөхгүй, орхихоос л өөр аргагүй, таг гацчихдаг байхгүй юу. Тэгдэг л юм билээ. Өөр олон бизнес ийнхүү нурж байгаа.
Бизнес явагдаад л байгаа мэт боловч, Монголын нөгөө мундаг цалингуудаас нь бага орлоготой, алдагдалтай, өрөнд баригдсан нь олонх болсон шүү дээ. Янз бүрийн бизнес өөрийн гэсэн хичнээн гажиг, солиотой, арга ядсан ертөнцтэй гэж санана аа. Бүгд мэднэ дээ.
Зарим нэг нь болох болохгүй элдэв арга чарга хэрэглээд томордог. Компаниуд сүүлдээ томрох тусам бараа-үйлчилгээгээ борлуулж чадахаа больдог. Тэгээд л эзэд нь мухардсандаа хамаг байдгаараа дэнчин тавиад л улс төр лүү ордог. Хаа сайгүй л мухардал, мухардал, бас дахин мухардал… Бүгд бие биедээ урдаас оруулж ирсэн хэдэн бараа зараад амьдарна гэж байхгүй л болж байна.
Ийм байдал руу төр л түлхсэн шүү дээ. Зарцгаа, зарцгаа, “социалист бүтээн байгуулалт”-аа хог хаягдал гээд гаргацгаа, хог хаягдал ч авчирч зарцгаа, ямаагаар улсаа идүүлээд ноолуурыг нь ч зарцгаа л гээд байсан. Юунд хүрэв?
“Нэг нь ягаан пялтаа оруулж ирээд хэдийг зарахаар, мянган хүн оруулж ирээд бүгд шатчихдаг” гэсэн наймаачдын амны уншлага байдаг. 1990 оноос хойш Монголын эдийн засаг, хөдөлмөр бүтээл гэж “ягаан пялтаархуу” л байлаа.
Ягаан пялтаа руу хуйлрахаа больё оо, уул уурхай руу оръё гэх хүн хэд байв. Хэд ч байсангүй ээ. Алт руу хуйларсан нь бас л тэр “ягаан пялтааны” стильтэй шүү дээ. Ганц ч атугай хүн зэс рүү хуйлраад, олборлоод, цэврээр гаргаж аваад, машиныг нь оруулж ирээд стандарт бэлдэц, хуудас, хоолой, утас гээд энгийн атлаа эрэлт ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж бодов уу. Үгүй ээ.
Үйлдвэрлэсэн бол хятадууд булаалдаад л авах байсан. Хүрэл зэвсгийн үед өвөг дээдэс маань зэсээр тэр байтугай юм хийж байсан атал, өнөөгийн бид?
Бас Монголд, бизнесийн бүх салаа мөчирт нь харийнхан монголчуудыг “манай” төрийн дэмжлэгтэйгээр шахан зайлуулж буйг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Зарим бизнесийг гагцхүү харийнхан атгадгийн жишээ нь үүрэн утасны оператор компаниуд. Жилд тэдэнд монголчууд тэрбум доллар тушаадаг /гадаадаас Монголд үзүүлдэг нийт тусламж 300-400 сая доллар/. Ингэж л харийнхан монголчуудыг бүхий арга хэлбэрээр тонон дээрэмдэж, шулж мөлжиж, шим шүүсийг нь сорж байдаг аа. Дарга нарын ярьдагчлан, хамтын ажиллагаа, шударга өрсөлдөөн гэхчилэн, худал хэлэх арга байдаггүй л байхгүй юу.
Барилга гэдэг “пялтаа” руу бас бүгд хошуурсаан. Бие биеэсээ өрсөөд л, өчнөөн хужаа нарыг оруулж ирээд л, бушуу туулай борвиндоо баастайн үлгэрээр бариад л, тууз хайчлангуут нь нураад л, цуураад л, ховхроод л, хагараад л, жорлонгийн ус татахад бохирыг урсгах биш, өөдөөс цацаад л… Ганц баллын газар хөдлөлтийг ч тэсвэрлэлгүй ан цав гарч байдаг шавар шорооны /арматур нь ч шавар шороо/ овоолонгоо тэнгэрт тулсан өндөр үнээр үнэлж, хорвоо дэлхийд ямар ч хязгаар гэж байдаггүй юм шиг л туйлцгааж байсаан.
40 мянган айлын орон сууц барина гэж, 40 мянган хужаа оруулж ирсэн байх шүү. “Манай грүпп барьж байгууллаа” л гэдэг, чанх ард нь хятад компани л лого мого, туг дарцаг, уриа лоозонтойгоо бужигнаж байдаг байв л.
Байрны үнийг хөөргөдөхтэй зэрэгцээд, барилгын материалын үнийн хөөргөдөлт эхэлсэн. Гэтэл хэдхэн байр барьсан атал худалдан авагчид дуусчихлаа, худалдан авах чадвар нь барагдчихлаа. Ингээд л, зүтгүүр огцом тоормословол, вагонууд нь хойно хойноосоо мөргөлдөөд онхолдохын адил юм болов шүү.
Уг нь барилгынхан ч, байр худалдан авагчид ч зээлээ авчихсан, банк руугаа мөнгө нь эргэж төлөгдөөд л, дугуй эргээд л байх ёстой асан мэт. Гэвч гаж буруу нийгэм, амьдрал, тогтолцооны мухардал дугуйг гацаасан. Хонгилын үзүүрт бас ч гэж гэрэл асч байсан хэдий ч, улс төрийн ¹1 болж тодрох гээд байгаа хүний амбицаас болоод гэрэл бөхсөн гэнэ шүү.
Тэрбээр хотын фракц гээчийг нам дарах, санхүүжих эх үүсвэрийг нь устгахын тулд барилгын салбарыг бодлоготойгоор хорлон сүйтгэж, унагасан гэнэм. Малчдыг атгахын тулд ямааны нугалааг улам үргэлжлүүлж, тэр хэрээрээ МАА-г ч унагаж, ноолуурт намын монополь тогтоох гэхдээ, ноолуурын мангас “Буян” Жагаагийн хөрөнгийг хураалаа. Хүн амын төлбөрийн чадвартай хэсгийг туйлдуулах, бас намын элдэв өрсөлдөгчдөө сөгтгөхийн тулд банк руу довтолж, нураах гэнэ. Их нуралтыг зогсоох биш, гардан хийж гүйцэтгэчихье гэх хүн байж л байгаа юм. Өөрийгөө цорын ганц аврагч гэж сурталчлуулах боллоо.
Өлсгөлөн гуйланчлалд автсан улс түмнээ тэр Лениний аргаар аварна. Ленин иргэдээ талцан байлдуулж, хөрөнгө байтугай шанага будааг нь хуу хурааж, буй бүхнийг устган сөнөөж, цуглуулсан алт мөнгө, тариагаараа улсынх нь дайсан болох Германаас ард түмнээ харгислах зэр зэвсгийг авч, аливаа эсэргүүцлийг дээд зэргийн харгис хэрцгийгээр нухчин дарж, улмаар өлбөрсөн зон олондоо модны үрдэс, хог шороотой хольсон талхны булан түгээж, бурхан хэмээн тахигдсан билээ л.
Манай “аврагч” элгээрээ мөлхсөн хүн зоныхоо өвөг дээдсээс нь өвлөгдөн ирсэн хамаг алт баялгийг харийнханд 1997 оны дайснуудын хуулиар /одоо ч мөрдөгдөж л байгаа хууль шүү дээ, шинэ гээч нь огт хэрэгжихгүй байгаа юм чинь/ зүгээр өгч, сүү саалийг хамсны хусмыг түгээн, шүтэгдэж тахигдах юм гэхчивлээ. Хийлгээд байгаа сурталчилгаанаас нь тэгж л ойлгож байна, тэр нь амьдрал дээр ч батлагдаж буй.
Тэр хүнийг манай нэг улаан “ардчилагч” байснаа улаан “хамгаалагч” болчихоод байгаа сэтгүүлч “цорын ганц аврал”, “1997 оны хуулиас өөр ямар ч боломж байхгүй”, “энэ хүнээс өөр жам, тавилан, сонголт үгүй”, “аугаа гээд магтчих гээд байх юм, яанаа” гээд л учир зүггүй, арай дэндүү магтаж, өргөмжилжээ. Бүх л юманд хязгаар бий. Яг л тэр барилгын хийрхэлд хязгаар байсан шиг.
“Аугаа аврагч” Монголын хуулийг зөрчдөг ч, байгалийн хуулийг зөрчиж чадахгүй...
Ганц хүн л ийм их балагтай байж чадаж байна шүү дээ. Гэтэл иймэрхүү хүн мянга мянга бий, бүгд устган сөнөөх, хүйтөрөлгүйтгэх /геноцидлэх/ бүхий хүчин чадлаараа л ажиллаж байна…
500 айлын “Баян Монгол” хорооллыг нураах гэнэ. Хориотой бүсэд, шууд дураараа дайрч ороод л барьчихсан юм байх. Орон сууцнууд нь бүгд худалдагдчихсан. Гэвч нураах л болно. Хийрхэл ээ, гэж.

7. Их Нуралтыг популизмаар бус эрүүл ухаанаар давна

Популизм бол ямар ч хамаагүй аргаар таалагдах гэсэн улс төрийн арга бач, манай нийгмийн архаг хүнд өвчин. Силикон хийлгээд, хорт хавдартай болдгоос л өөрцгүй.
“Аль нь популизм, аль нь жинхэнэ юмс үзэгдэл, түмэн бодос вэ” гэдэг нь ч ялгагдахаа больчихсон нь Монголын нийгэм билээ.
“1,5 сая төгрөг өгнө өө” гэж амлаж сонгуульд оролцдог улс төр дэлхийд ер нь өөр байдаг болов уу. Арай л дэндүү бодлогогүй, алсын хараагүй, хэтэрхий авлигач, хахуульч ийм хандлагыг яах вэ, таминь ээ.
Сонгуулийн дараа л амлагсад бүгдээр “тэр мөнгийг өгөх боломжгүй” гэж тал бүрээс нь нотолж гарсан. 10 хувийг нь мөнгөөр, үлдсэнийг нь бараг арван хэдэн янзын эрх, хөнгөлөлт зэрэг хуурамч “үнэт” цаасаар, өвдөл цөвдөл цуглуулж байж “өгөх” янзтай. Өөрсөддөө болохоор 1 тэрбум төгрөгийн цэвэр орлогыг УИХ-ын гишүүн болсны шагнал болгоод урамшуулчих санаачлага гаргаад сууж байна. Хэрэв үүнд нь ерөнхийлөгч хориг тавибал тэдгээр улайрсан дээрэмчид алж ч мэднэ гэнэ шүү.
“Хамаг улсаа нэгмөсөн хааж, зогсоож, сөнөөчихөөд, тэр 1,5 саяыг нь өгч санаа амрая” гэх популистууд ч буй. Амьжиргаанд ямар ч тус нэмэр болдоггүй, харин хувийн хэвшлийнхнийг дампуууруулах балагтай, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээгээр л бүхнийг шийдчих мэт санадаг популистууд ч байна. Хүн амын багахан хувь болох төрийн албан хаагч, өндөр настнуудын цалин тэтгэвэр нэмэгдсэнээр дэглэм эдгээр үнэнч албатуудынхаа мунхралаар улам бэхжихийг санаархдаг, харин бусдынх нь аж амьдрал энэ арга хэмжээнээс болж улам л доройтдог оо.
Ямар ч л гэсэн, популистуудын “өгөх” мөнгийг эргүүлээд бид өөрсдөө л төлнө. Асар их үнээр шүү. Тэр мөнгө бол гадаад улсын хүүтэй зээл, харийн махчин компаниудын барьцаалалт шүү дээ (тэр мөнгө сүүлийн үед ашигт малтмалын үнийн өсөлтийн буюу нэмэгдсэн үнийн 68 хувиас зохих хэмжээгээр гаргагддаг болж ирсэн).
Ирэх онд, улсын бараг цорын ганц орлого болох 68 хувь /1000 төгрөгийн ашигт малтмалын үнэ 1100 болж өслөө гэхэд төр 68 төгрөгийг /6 хувь/, харийнхан 1032 /94хувь/ төгрөгийг нь авна гэсэн үг. Популизмын үнэ гэж ийм л байдаг/ үгүй болж буй. 8100 долларын үнэтэй байсан зэс 4000 болж буурсан тул, төсөв шууд 400 сая долларын алдагдалд орсон, дээрээс нь бас харийн компаниуд “үнэ буурснаас болж үүссэн бидний алдагдлын 68 хувийг Монголын төр нэмүү үнийн 68 хувийг авдаг байсан шигээ төлөх учиртай” гээд байгаа гэсэн.
Нөгөө 68 хувийг /6 хувь л даа/ тэнгэрийн умдаг атгасан аятай үзэж сагсайж багсайсан удирдагчид маань хэний ч үгийг сонсохоо байж, ОУВС-ийн хуралд сангийн сайд нар цуглахад очилгүй пээдэлзэж, буух газраа мэдэхгүй дэвхэрдэг царцаа шиг л авирлаж байсан чинь одоо популизмийнх нь санхүүжилт үгүй болчихоод, яахаа ч мэдэхгүй ангайж хоцорцгоосон. Төсөвтөө ирэх онд зэс 6700 доллар байна гээд “зөгнөчихсөн” ч гэх шиг. Ийм л “алсын хараа”-тай улс дээр заларч байна шүү дээ.
Юмны үнийг хөөргөдөж, өөрсөддөө асар их ашиг унагадаг нь дарлагч дарга ангийнхаан. Хэт хөөргөдсөн үнэ аргагүй л буухад, буулгасан дүр үзүүлээд өөрсдийнхөө л монополист компаниудад нөхөн олговор олгуулж давхар давхар хөлжинө. Тэгээд “бид үнэ буулгалаа, ард түмнийг харж үзлээ” гэж популизм хийнэ. Их нуралтын нэг том шалтгаан нь дарга нарын үнэ хөөргөдөлт юм шүү.
“Атрын аян” гэдэг популизмийг санацгаа. Тийм сэдэвтэй реалити-шоуг дарга нар хийлгэсэн нь Хойд Солонгосын улаан галзуу коммунист ертөнц шиг л юм байсан. Өөрсдөө дураараа жаргаж, дунд чөмгөөрөө жиргэж, торгон дээр хөлбөрч, тосон дээр өнхөрчихөөд, ард түмэнд ийм л юм зэхнэ шүү дээ. “Социализмийг санагалзах ностальги үүсгээд, тэрэн дээр нь давхар тоглоод, баллаж тавья” гэж санаж.
Хоёр намын хамтын ажиллагааны гэрээ гэсэн чинь үсрэнгүй хөгжил, үнийн өсөлтөөс хамгаалах хүнсний тусламж, малчид гар утас ашиглах нөхцөл бүрдүүлэх, цөмийн эрчим хүч гээд л нуль популизм байсан. Монгол хүн ашигт малтмал олборлохыг хориглоно гэж ойлгож болохоор заалт сэм оруулсан байв. Хоёр намын дундын хуйвалдааны байгууллага болох Зөвлөлдөх хороог байгуулна гэдгээ төгсгөлд нь бас дурдсан байсаан…

8. Ашигт малтмал л аврал хайрлана

Саятан дарга, олигарх нарын эгэл иргэнд хэлэх дуртай үг нь: “Чи тийм сүрхий ухаантай юм бол саятан байх нь яасийм?”. Иймэрхүү үг унагачихаад, мадалчихав гээд маадайдаг байхгүй юу.
Дээрх үгэнд хариу хэлэх амархан юм. “Чи тийм сүрхий саятан юм бол ухаантай байх нь яасийм?” гээд л болоо. Ухаантай хүн саятан болдоггүй, тэнэг хүн саятан болдог нийгэм байдаг. Манайх тийм болчих гээд байгаа. Гэхдээ, хуулийн дагуу тэр омог бардам тэнэгүүдийн хөрөнгийг хурааж, өөрсдийг нь шоронд хийж, ашигт малтмал олборлуулах цаг ирэх л билээ.
Одоо ч яахав, дураараа дургицгааж л байна. Авлигатай тэмцэх газар /АТГ/ байгууллаа гэсэн чинь, Авлигыг цагаатгах газар /АЦГ/ байгуулчихаж. Нэг ч авлига илрүүлсэнгүй гэж шүүмжлэгдсээр байгаад, аргагүй л ганц ч болтугайг илрүүлэх гэсэн даргыг нь алчихаж байгаа юм. Тэгээд л өөрсдийгөө Топ-10 энэ тэрээр тодруулгаад л /“Топ-10 бялдуулчлал” гэвээс зохилтой сон/, 40 мянгатын хулиган байсныгаа гавъяа хэмээн бичүүлж, гэмт хэрэг, танхайрлыг сурталчлаад л…
Тэд сонгогдохдоо ч, сонгогдсоныхоо дараа ч нийгмийн өвчнийг ярьдаггүй. Тийм болохоор эмчлэхгүй. Уг нь үзээд, чагнаад, шинжилгээ хийлгүүлээд, рентген зургийг нь авахуулаад, оношийг нь хайр найргүй тогтоогоод, хэлж ойлгуулаад, шуурхай, эрчимтэй эмчилгээнд оруулдаг эмнэлгийнхэн шигээр, өвчтэй нийгэмд хандах хэрэгтэй. Эмчлүүлэх гэхээр, мэс засалч: “би танд бичиг хийгээд өгчихье, та ар гэрийнхэндээ “мэс засалд орсон, эдгэсэн” гээд л хэлчих, хэн хэндээ амар” гээд явуулчихдаг, хулгай л хийгээд завгүй байгаад байдаг бол ямар байхав. Өвчнийг ярих байтугай, нуун дарагдуулдаг эмч байдаг бол яах вэ? Хор найруулаад өгчихдөг эмнэлэг байвал юу болох вэ?
Манай төр, төрийн зүтгэлтнүүд тийм л юм хийдэг шүү дээ. Хамгийн “овоо муу гар” нь гэхэд л, тулаад уулзахлаар ажлынхаа талаар юу ч мэдэхгүй, ойлгохгүй, хүлээж авахгүй, “за, энэ хүнд ямар хор найруулчихъя даа” л гэж, өөр юм санаж шаналсан хар санаатнууд л байдаг аа.
Дотроо ч бие биенээ хорлож, бие биеийн ажилд саад болж, бие биеэ доош хийх гэсэн улс л овооролдоод, юу ч амжуулж, хийж чадахаан байчихсан. Дандаа хор найруулдаг улсыг үнэлээд цуглуулчихсан чинь могойн чуулган болчихсон дүр зураг төрийн, улс төрийн олон байгууллага, бүтцэд ажиглагддаг.
Их нуралтыг тэд яаж гэтэлгэх гэж байна? Ердөө л амжиж идээд, арилж зугтацгаах гэж буй. Аливааг бүхлээр нь залгичихаад хөдөлж чадахаа байчихсан, хоолоо шингэхийг хүлээн бутанд нуугдаж хэвтсэн анаконда л гэсэн үг.
Бусад орны төвшнөөс 2-3 дахин их, ДНБ-ий 40 хувьтай тэнцэх төр-захиргааны үргүй зардлыг багасгах нь их нуралт даамжрахаас сэргийлж болох нэг том алхам. Популизмаа хязгаарлах нь бас нэг том алхам байх жишээтэй. Юуны өмнө өөрсдөө татвараа шударга төлдөг болох гэхчилэн, хэдхэн ач холбогдолтой алхам хийчихэд, нөхцөл байдал тун ч учиртайхан болоод ирэх буюу.Гэтэл худалдаж авах гэж байсан төдөн ширээ сандлыг өд болгов, төчнөөн машиныг өчнөөн болгож төлөвлөв гээд яльгүйхэн бууруулаад биччихсэн л, хямралыг “гэтлээд” сууж байгаа ажээ.
Өөрсдийн буй болгосон хямралынхаа талаар юу ч мэдэхгүйтэй адил байцгааж байгаа. Хямрал үүсгэж л чадахаас бус, хямралын талаар тэд ярьж ч үл чадна. Хараад л байгаарай. Үсэг бичиггүй шахуу албатуудынхаа оросоос орчуулмар болоод, сонин нэртэй дэглэмийн ухуулах хуудсуудад нийтлүүлсэн, дэлхийн хямралын тухай материалыг л уншиж бэлдэж байгаад, өөрийгөө рекламдах захиалгат нэвтрүүлэг, ярилцлагадаа ордог. Шалтгааныг нь зайлуулах хэрэгтэй байна гээд л, “өрөвдөхөд өр өшиглөв” гэгчээр их төлөв АНУ-ыг муучлаад, аврагч царайлаад бураад байдаг, гэтэл шалтгаан нь өөрөө л байж байдаг, зайлуулах ч хэрэгтэй байдаг.
Манай төрд чинь, Монголын мөнгө төдөн ширхэг байснаа өдөн ширхэг болчихсон гэх ня-бо л байхаас, бодлого модлого мэддэг эдийн засагч энэ тэр ганц ч байдаггүй юм гэнэ шүү, базарваань. Жишээ нь, алтыг зарж, худалдаж авч, хөдөлгөж амьдрах учиртай атал, хав дарж, улсын сан хөмрөгийг зүгээр сууж байгаад л 300 сая доллараар дундруулчихсан гэж байгаа. “Бид маш сайн бодлого явуулсны хүчинд долларын ханш буурлаа” гэж тэд сайрхдаг гэнэ. Гэтэл энэ нь сайрхаад байх зүйл биш бөгөөд манай валютын сан хөмрөг энэ ханш бууралтаас болж, бас л олон сая долларын алдагдал амсчээ.
Хор найруулж, хавийн амьтнаа “чадхийлгэн” байж дарга болчихсон, баян болчихсон л болохоос биш, жамаараа явсан бол ямар ч байгууллагын ямар ч ажил үүргийг итгэж найдаж болохгүй, тийм бүтэлгүй, арчаагүй, чадваргүй, гудамж метрлэхдээ л таарсан улс дээр заларч байдгийм. Багш Ленин нь “Тогооч авгай төр барих цаг ирлээ” хэмээсэн. Тэгвэл өнөөгийн эрх баригч нар захын тогооч авгай нараас долоон дор, ухаан нь уландаа орсон улс байдаг буюу.
Муу л юм хийж чадна. 1,5 сая төгрөгийн “хишгээ” түгээхийн тулд бас мөнгөний ханш унагаагаад, дундаас нь өчнөөн ашиг олох гээд байна гэж байгаа.
Банкинд байсан хадгаламж эзэмшигчдийн мөнгийг дарлагч ангийнхан хамаатнууддаа олгуулсан. Тэдгээр нь эргүүлж өгөхгүй нь ойлгомжтой тул, улсын эрсдэлийн сангаар орыг нь нөхлөө. Ингэж л улс түмнээ хувааж идэж байна.
Эрсдэл гарвал яах вэ? Мөнгийг өсгөж үржүүлэх бус, алга хийж л чаддаг /алга хийх ч гэж дээ, зүгээр л хуваагаад авцгаачихдаг, луйвардчихдаг, дээрэмдчихдэг юм чинь/ “монгол” маягийн банк эрсдлийн санг ёроолгүй эргүүлэг шиг л живүүлчихнэ шүү дээ. Юуг ч тэгнэ.
Хадгаламжийг баталгаажуулах хууль гаргана гэнэ. Гэтэл учир мэдэх улс нь байхгүй мөнгийг яаж баталгаажуулах юм бэ гэж гайхаж байна. Даатгалд хамруулна л гэдэг. Асуудал нь бас л адилхан. Ноёлогч ангийнхан өөрсдийгөө л баталгаажуулна, даатгана, харин улс, ААН-үүд, ард түмэн мөнгөгүй болж, дампуурч, татан буугдах гэж байна!
Бодит байдал иймэрхүү болчихоод байхад дэглэм маань “Компьютерийн тоглоомд донтох өвчин гэж аюул гарлаа!” гээд л дүйвүүлдгийг уншигчид мэднэ ээ. Хулгайч “хулгайчийг бариарай!” гэж хашхираад, хаашаа ч хамаагүй заадагтай л адил юм шүү дээ. Тийм дон өвчин гэж сүйдтэй юм алга. “Тийм өвчин гараад байна” гэж хийрхэх, хий юм үзэх өвчнийг дэглэм түгээхийг оролддог.
Харин ар хударгаар нь, “гадаадынхантай хамтран стратегийн орд эзэминэ, төр өөрийн хувь мөнгөө тэдэнд гаргаж өгнө” гээд баахан мөнгө хөрөнгө босгож аваад, тэр харийнхантай нийлж зувчуулах нэг хувилбарыг сэтгэж, зохион байгуулж л суудаг гэнэ. Монголын их буянг гадны хулгайч дээрэмчдэд зүгээр бэлэглээд зогсолгүй, “дээрээс нь бас яаж тэдэнд элдэв мэх гохоор асар их мөнгө хөрөнгө бэлэглэж, улс ард түмний өв хөрөнгийг хоослон цөлмөе дөө л гэж суудаг удирдагч нартай улс шүү дээ, бид чинь.
Тэднийг бид сонгочихсон юм л гэдэг. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу, бүү мэд. “Сонгоогүй ээ” гээд л ард түмэн хувьсгал хийгээд, нам засгаа хөмрөөд хаячих дөхсөн бус уу.
Төрийн ордны чанх ардахи байрнууд дунд, ядуучуудын умгар ганц гэр байх агаад, 10 хүн “Бээлий” үлгэрт гардаг шиг л чихэлдэн, хажуудахи хогоо бараадан амьдарна. Одоо чинь хогийн савны дэргэд айл буучихдаг, хогноос амьжиргаагаа залгуулдаг болоод байна шүү дээ. Ой гурван сартай хүүхдээ хог руу л мөлхүүлчихдэг, цаадах нь тэндээс хоолоо олоод идчихдэг гэнэ. Харин төрийн ордныхон өөрсдийгөө тойруулж хашаа хэрэм бариад л, “Сүүлчийн эзэн хаан” кинон дээр гардаг шиг эрэмдэг зэрэмдэг “Хаалттай хот” байгуулаад л. Ийм улсыг бид дуртайдаа сонгочихоод, дуртайдаа мөлхөөд явна уу, аль эсвэл...
Дубай. Энэ үг ашигт малтмал ямар хөгжил цэцэглэлд хүргэж болдгийн бэлгэдэл ажээ. Хүний гараар бүтсэн дал модон арлынх нь нээлтийн ёслолын буудлага Бээжингийн олимпийнхоос хэд дахин давсан агаад, сансраас ч ажиглагдаж байж. Уг арал дээрх тансаг орд харшууд бүгд зарагдаж, дубайчууд арал, хотхоныг байгуулсан зардлаасаа хэд дахин давсан ашгийг олжээ. “Атлантик” хэмээх дэлхийн хамгийн үнэтэй газруудын тоонд л орох буудал нь мөнгөний үйлдвэр болоод буй. Дубай – газар дээрх диваажин юм. Харин Дубайн /АНЭ-ийн/ ард иргэд энэ диваажингийн эзэн ноёд нь билээ.
Монголчууд тэгж л амьдрах ёстой байсан. Тэрнээс ч илүү амьдрах ёстой байв л. Алт зэс гэдэг нефтьнээс үнэтэй шүү дээ. Гэтэл гол ордныхоо дэргэд хогон дээр амьдрагчдыг үүсгэчихсэн ноёлогч давхаргынхныг хэрхэх вэ?
АНУ-ын иргэн Цюань Шэн Шу гэдэг “эрдэмтэн” түүхэн эх орон Хятаддаа пуужингийн нууц технологиудыг хулгайлан зарж байсан нь илэрчээ. 68-тай уг иргэн Хятадаас 200 мянган доллар авсан гэнэ. Түүнийг “эх орноосоо урвасан” гэж 25 жил хоригдох ялаар яллаад, 2,5 сая долларын торгууль оноожээ /хөрөнгийг нь хураасан/. Урвагчид ингэж л ханддаг байна.
Гэтэл манай урвагч нарын хэн нь ч Цюань овогтынхтой зүйрлэшгүй их нүгэлтэй билээ.

(Үргэлжлэл бий)
Ч.Мөнхбаяр
MMVIII.XI.XXVII

P.S. Би энэ хэсгийг үндсэндээ XI.XX-нд бичиж дуусгасан агаад, XXVII-нд зассан. Харин өнөөдөр, төр хадгаламжийг баталгаажуулж, эзэмшигчид нь хохирвол төлөх болсныг мэдлээ. Нэг сэтгүүлч, банк дампуурна гэж түгшүүрийн харанга дэлдэгсэд амаа барин харамсаж байгаа байх, түмний төлөө байдаг төрөө шүүмжлэхээ больцгооё гэжээ.
"Түймэр гарах нь" гэж түгшүүрийн харанга дэлдсэн хүн, унтраачихвал амаа барин харуусах уу? Харин галдан шатаагчид л дуугүй байх юм уу, "бүх зүйл сайхан байна, түмний төлөө байдаг төрийн л ач" гэж ярина.
Тэгээд ч банк дампуурчихсан. Төр Хөгжлийн болон Эрсдэлийн сангаар амилуулаад, зомби болгох юм гэхчивлээ. Улс хөгжихөө болино, эрсдэж болно, ийм л болчихлоо. Ард түмний сангуудаас ард түмэнд илүү ач холбогдолтойгоор очих ёстой байсан мөнгөөр хувийн банкнуудыг тэтгэчихлээ. Таны нэг халааснаас 1000 төгрөг авчихаад, нөгөө халаасанд тань байсан 1000 төгрөгийг бас авчихаж л байгаа хэрэг шүү дээ. Ингэлээ гээд, хэн ч хариуцлага хүлээсэнгүй (зохих шийтгэлээ авсангүй).
Төр хохирлыг даах учир банк дампууруулах нь нэн ашигтай бизнес болох нь ээ. Хоёр сангаар дээрэмчдийн тугийг тахичихлаа. Дараагийн удаад төр ийнхүү "ард түмнийг" ивгээхдээ бүх ашигт малтмалаар (харийнханд 1997 оны галзуу хуулиар өгнө) туг тахих юм гэнэ билээ.

No comments: