Monday, February 23, 2009

Уриалга


Эх орноо хамгаалж, эрслэн босоцгооё!
“34 хувийн”, “3 тэрбумын” зэрэг ялт хэргүүдийг эсэргүүцэн зогсоцгооё!

Улс оронд бас нэгэн онц ноцтой аюул учирлаа. Тэр бол “3 тэрбумын хэрэг” юм.
Монголын төр 19 жилийн турш яаж энэ монголчуудыг идэх хоолгүй болгоё доо л гэж чармайж ирсэн мэт сэтгэгдлийг төрүүлж байна.
Оюутолгойн ордын 34 хувийг эзэмших боллоо, Монгол улс зардлын тийм хувийг өөрт ногдох ашгаасаа төлнө, цэвэр ашгийн төдий хувийг авч байна гэдэг нь “хамтын ажиллагааны” хамгийн муу хувилбар. Үнэндээ бол, уг орд 100 хувь харийн мэдэлд үлдэж, ашиг нь гэрээ ёсоор удтал “Рио-Тинто”-д 100 хувь оногдож, дараа нь “алдагдалтай ажилласан” гэх шалтгааны дор Монголд ямар ч ашиг ирэхгүй болох тийм хэтийн төлөв л харагдаж байгаа юм.
“34 хувийн хэрэг” намжаагүй байхад, дарга ангийнхны бас нэг ялт хэрэг буюу, “3 тэрбумын хэрэг” босч ирлээ.
Энэ бол Монголыг Дубай болгох мөнгө. 3 тэрбум доллараар Монгол улс хэний ч гарыг харалгүйгээр ашигт малтмалын баялгаа эзэмшиж дөнгөнө. Монголчууд ашигт малтмалаа эзэмшихийг дэмжихэд л зориулж болох мөнгийг, Монгол улсыг сөнөөхөд зориулах гэж буйгаараа улс үндэстнийхээ дайсан болсон этгээдүүд өөрсөддөө ялын дээд хэмжээ оноож байна.
Дэлхийд томд орох уг зээлийг олгосны шанд Тавантолгойг “Шинхуа” гэдэг компанид үндсэндээ бэлэглэх юм гэсэн мэдээлэл дуулдсаар ирсэн. Улам л үнэнлиг болж сонсодсоор байгаа.
Дээрх компанид зориулж, манай баялгийг зөөх дэндүү үнэтэй “алтан” төмөр зам барьж өгөх зэргээр, монголчуудад дандаа сөрөг нөлөөтэй зүйлүүдэд уг зээлийг үргүй зарлагадан дуусгах төлөвтэй боллоо. Хорвоод хосгүй тэнэг байдлаар л зарцуулах сураг дуулдаж байгаа. Үүгээрээ дарга нар маань дэлхийд зүйргүйгээ харуулаад байгаа биш үү?
Тавантолгойн орд бүхлээрээ харийн өмч болох учраас тэнд томоохон гадаадын хот баригдах магадлалтай байна. Неоколоничлолд орох дүр зургаас өөр зүйл харагдахгүй байна.
1990 оноос хойш дарга нарын маань зээлж үргүй зарлагдаж, үгүй хийсэн 3 тэрбум гаруй доллар Монгол орныг өөд татсангүй, харин 19 жилийн турш бүх талаар уруудан доройтуулж ирлээ.
Одоо 19 жилд бараг болдог байсан зүйл нэг эгшинд болох гэж байна. Нэг эгшинд дарга нар 3 тэрбумыг геноцид болгох асуудлыг шийдвэрлэнэ, нэг эгшинд Монголд 19 жил үргэлжилснээс ч илүү сүйрэл гамшиг тохиолдоно.
Тавантолгойгоо өгчихөөд, харийн том хот, 3 тэрбум долларын их өрөөс өөр юуг ч бид олж авахгүй нь!
Оюутолгойгоо өгчихөөд, экологийн там болсон том хар нүхнээс өөр юуг ч олж авахгүй нь!
Арай ч дээ, монгол ахан дүүс минь! Одоо л эх ороноо хамгаалахаар эрслэн босохгүй бол, улс түмний, бид бүхний төгсгөл тулж ирлээ.
Учир иймд:
-Гагцхүү Монгол улсын иргэд /цаашид монголчууд гэх/ ашигт малтмалаа эзэмших явдлыг дэмжих гэсэн зориулалттай л бол зээлийн түвшинг 1990 оноос хойш байгаагүй өндөр түвшинд хүргэх;
-Зээлээр тусалсны хариуд Монголын стратегийн ордын талбайн 10 хувиас илүү нь гадаадынхны мэдэлд очиж болохгүйг тогтоох, 10 хувь гэдгийг ямар ч байдлаар илүү хувь болгон тайлбарлахыг хориглох;
-Дээрх нөхцлүүдийг гадаадын тал зөвшөөрөхгүй бол, зээл авахгүй байх;
-Монголчууд ашигт малтмал эзэмшихийг хориглосон бичигдээгүй “хууль”-ийг цуцлах;
-Монголчууд бичил, бага, дунд олборлол хийхийг дээд зэргээр хөхиүлэн дэмжиж, төрөөс хөрс хуулах, цооног гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж өгч туслах;
-“34 хувийн хэрэг”, “3 тэрбумын хэрэг”-ийн гэм буруутнуудыг тодруулан, хуулийн хариуцлагыг хүлээлгэж, шударга ёсыг тогтоох-
-гэсэн зургаан шаардлагыг тавьж, хуулийг зөрчихгүй бүхий арга хэлбэрээр тэмцэхийг уриалж байна!
Хэн эх орныхоо төлөө тэмцэнэ, түүнийг Мөнх тэнгэр хайрлан ивээж, хэн тэмцлээс ухарсныг Мөнх тэнгэр гэсгээн цээрлүүлэх болно!

Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр
2009.02.09

No comments: