Monday, February 23, 2009

Их нуралт


1. Оршил

Зөвлөлтийн колоничлолоос анги-жирсан ч, неоколоничлолын талхин дор орсон Монголын нийгмийн уруудан сөнөх процессийг би 18 жилийн турш ажиглалаа, бичлээ. Худалдаа болон зарим үйлчилгээ хэтэрсэн, МАА гаж буруу хөгжсөнөөр л тодорхойлогдох, төрийн гэмт бүлэглэлүүд болон олигархиудын авлига, хулгайн хэрэг дор нухлагдаж гүйцсэн энэ эдийн засаг нурж унах нь ээ гэж анхааруулсан, сануулсан. Сонгуулийн дараа нийгэм-эдийн засгийн Их нуралт болох нь ээ гээд л сэрэмжлүүлсэн.
Зөн билгийн тулаан гэж байдаг. Миний бие нийгмийн явцыг ажигласаар, тийм “зөн билигтэн” мэт ч боллоо. “Тэр аягүй бол тэгсэн дээ”, “одоо ер нь тийм юм болно” гээд хэлсэн, бичсэн олон ч зүйл маань батлагдлаа, биеллээ. Их нуралтын хувьд ч мөн адил.
УИХ- ын сонгуульд АН ялна, гэхдээ албан ёсны үр дүн нь сонгогчдын саналаас хамаарахгүй гээд л бичиж байж билээ. Юу болов? “7.1” боллоо. Иймэрхүү үймээн болно гэдгийг би нийтлэлдээ ч, “Монгол Омен” улс төрийн романдаа /2007 оны 6-р сар/ ч бичиж байсан /Ер нь “Монгол Омен” романы олон үйл явдал амьдрал дээр давтагдсан/. “7.1”-ний дараа тэрхүү роман дээр дүрслэгдсэн мэт дэглэм бүрэн бэхжин, тогтнолоо ш дээ.
Гэхдээ би зөвхөн ингэнэ тэгнэ гэж ёрлож суудаггүй ээ. Яаж болзошгүй сөрөг үзэгдлүүдээс зайлсхийх вэ гэдэг талаар олон нийтлэл бичиж, санаачилга, уриалга гаргасан.
7.2-нд гэхэд л би нийгмийн хурцадмал байдлыг тогтвортой болгохын тулд үндэсний их эвлэрлийг тогтоох хэрэгтэй байна гээд л багц саналыг дэвшүүлж байсан /хожим нь улам цар хүрээг нь өргөжүүлж, сайжруулаад хэд хэдэн удаа дэвшүүлсэн/. Анх дэвшүүлсний дараа үндэсний эвлэрэл, өршөөлийн хууль, хөшөө босгох зэрэг санаа оноонууд маань янз бүрийн хэмжээгээр түгж, хэрэгжлээ.
Гэхдээ нэг зүй бус явдал байх юм. Анх санаачлагчийн нэрийг орхигдуулж, талархлаа илэрхийлэхээ “мартчихаад” байх бололтой. Боломжтой хэвлэлүүд, сайтуудад тавьж сурталчлаад байхад, тиймэрхүү зүйл сонирхдог хүмүүс үзэж харалгүй нүдээ аньж байгаад л, ав адилаар сэтгэчихнэ гэж байхгүй /байлаа ч, анхдагч нь сэдсэнд тооцогддог, давуу эрхтэй буюу/.
Бичсэн маань хэвлэгдсэний дараа бусад хүмүүсийн ухаарал, нам засгийн бодлого болоод л гараад ирдэг. Санаануудыг маань хулгайлаад, мөлжөөд идээд дууслаа. Эшлэх ёс, оюуны өмчийн тухай хууль хаана байна?
Ядаж нэрийг минь дандаа биш ч гэсэн, заримдаа дурдаж баймаар юм. Би санаачилж, эрээ цээргүй нь өөрсдийн сэдсэн зүйл хэмээн гүйж харайдаг бараг жишиг тогтлоо. Хуультай, оюуны хулгай шүү дээ. Нийтлэлүүдийг маань ч бишгүй л хуулах юм. Аргагүй, шударга бус, цөхрөм байдал л намайг ийм үгс бичихэд хүргэж байна.
Нийгэмд ач холбогдол ихтэй хэдэн арван санаачилгыг би дэвшүүлсээн. Эсвэл ойлгодоггүй, дэмждэггүй, хүлээж авдаггүй, эсвэл хулгайлдаг, ийм хоёр янзаар л хандаж ирэх шив дээ. Гэвч би мохохгүй ээ. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадгийг үзэж харж л явлаа. Тэгдэг л юм байна.
Эрээ цээргүй этгээдүүдэд зориулж бус, ард түмнээ аврах үйлсэд зориулж, санаж сэдэж, бичиж нийтлүүлж явдаг болохоор би энэ чиглэлээрээ ажилласаар л байх болно.

2. Сонгуулийн дараа их нуралт эрчимжив

Нэг бүдрэхэд, долоо бүдэрнэ гэгчээр, сонгуулийн дараа Их нуралт эрчтэй эхэлж, тун ч тууштай өрнөсөн. “7.1” бол дэглэмийн том нуралт мөөн. Энэхүү үймээнийг нам дарчихаад, “баганагүй” болсон дарга нар найр наадам хэсэн жаргаж явахад, нийгэм ямагт уруудан доройтсоор л байлаа.
Сонгуулийн өмнө, Их Нуралтын процессийг дэглэм хиймлээр, алсын хараагүйгээр, гажуудаар, эрүүл бусаар тогтоон барьж байсан. Операцид орох шаардлагатай хүн архидаад л, “би зүгээр байна аа” гээд явдаг шиг байдалд нийгмийг тэд оруулсан.
Аятайхан сэтгэгдэл төрүүлж байгаад л, ахин сонгуулиар “гарч”, Монгол гэдэг тогоог улам шавхах гэсэн тэд Их нуралтад санаа зовохгүй ээ. Нурвал, долларын саятан, тэрбумтан болсон дарга нар маань, Европ, Америк, Солонгост бариулсан орд харш руугаа зугтаж, Швейцарийн нууц дансан дахь асар их мөнгөө хүүлээд л, нүд аньтлаа жаргаж хэвтэх хойно.
Францын “Өлсгөлөнгийн эсрэг хөдөлгөөн” гэдэг байгууллага Монголд өлсгөлөн өргөн хэмжээнд хүрчээ гэж дүгнээд, тусгай үйл ажиллагаа явуулах болов. Монголчууд түүхэндээ өлсгөлөнг үзээгүй ард түмэн гэдэг шүү дээ.
С.Баяр сайд ч өлсгөлөн гарна гэсэн утгатай мэдэгдлийг хилийн чанадад хийж, дэлхий нийтээс тусламж хүсэх болсон. МАА уналтад орох нь өлсгөлөнгийн нэг гол шалтгаан. Дотоод эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, худалдаа-үйлчилгээний дампуурал, үнийн өсөлт, инфляци, шинэ колоничлогчдын хорт бодлого гээд л өөр олон шалтгаан буй.
Дэлхийн хямрал ч нөлөөгөө үзүүлж л байгаа. Манай Их нуралттай хавсраад л дарж өгч байна шүү дээ. Ашигт малтмал, түүхий эдийн үнэ унаж байна. Эрүүл бус, ашигт малтмалынхаа нэмүү үнийн 68 хувийг л авдаг, боловсруулах бүх үйлдвэрээ хог хаягдал гээд гаргачихсан улсын хувьд бол дэлхийн хямрал хүндээр тусна. 68 хувь ч байхгүй, МАА-н түүхий эдээ ч борлуулж чадахгүй.
Харин эрүүл нийгэм бүхий, олборлогч, түүхий эдтэй улсууд танагтай давах төдийгүй, тийм юмгүй улсуудаас давуу талтай болж, хөгжиж дэвжих юм билээ. Саудын Арабын хаан “бидний хөгжиж дэвжих цаг ирлээ” гээд л 500 тэрбум доллар гаргаж ирж байна. G20 улсууд хямарчихаар, тэдгээр өрсөлдөгчгүйгээр чөлөөтэй хөгжих боломж нь байгалийг баялагтай улсуудад гарч ирж буй. Манайд л үгүй. Хамгийн солиотой, Зимбабвегээс галзуу нийгэмтэй юм чинь.
Алсдаа ч дэлхий улам хямарна. Дэлхийн улс төр, эдийн засаг, түлш, хүнс ус, байгалийн тэнцвэрийн асуудал доройтсоор байгаа. Хязгаартай энэ ашигт малтмалаа эцсийн бүтээгдэхүүн болгож, гамтай зарж үрэхгүй бол, олсон 500 тэрбум доллараараа бараг автарки эдийн засаг босгож ирэхгүй бол аврал байхгүй.
Байгаль, цаг уурын гамшиг нэмэрлэвэл Монгол улс өндийж сэхэхгүй ээ гэж нэг эдийн засагч бичиж. Тэр гамшгууд нь тохиолдоод байгаа шүү дээ.
Өчнөөн л үер, түймэр, гал, аянга, шуурга, цаг уурын цочир үзэгдэл тохиож, шувуу, зээр, хиарч, хортон шавьж үржиж, малын халдварт өвчин гарлаа.
ЭВ-71 гээд, дарах талаар нь төр засаг юу ч хийгээгүй аюулт өвчин гагцхүү Монгол улсад байж л байна. Бусад оронд бол устгачихсан. Хүйтэнд анх дэгдэж эхэлсэн энэ өвчний тухай “Хүйтэн эхлэхээр өөрөө алга болчих байлгүй дээ” гээд л, холбогдох яамны дарга сайд нар нь зориулалтын мөнгийг нь идээд л сууж байгаа. Нэгэнт туссан хэдэн мянган хүний хувь заяа хэрхэх вэ? Ааг омгоо багтааж ядсан гэмт дарга нар “хохь нь” гээд л тавлаж суугаа биз ээ. Одоо чинь тэгдэг л болсон шүү дээ. Тэдэнтэй харьцаад үзээрэй. “Хохь чинь” л гэнэ. Ард түмэн мэдэж ч байгаа биз.
Каксаки-А гэдэг аюулт вирус дэгдээд эхэлсэн. Ер нь монголчууд маань неоколоничлогчдын боол дарга нарын ачаар хавтгайгаараа өвчтэй ард түмэн болчихсон юм билээ. Судалгаагаар тэгж гарч буй. Цусны даралт, чихрийн шижин, хавдар, сүрьеэ, БЗХӨ бараг хүн бүхнээс илэрч байна гэж судалгааны дүн гарч. Дээрэс нь мөнгөн ус, меламин, хортой хүнс, эм гээд л.
Бүх талаар л доройтож байна. Ийнхүү бичих сонин ч гарахгүй байж мэднэ. Захиалах үнэ нь 10 мянгын сонинд 13 мянгын төлбөрийг шуудан оногдуулж байна гэнэ. Үнээ 2-3 дахин өсгөхөөс өөр аргагүйд хүрч. “Намын үнэн” сонин л үлдэж, мянгуужин-ньюсээ түгээх юм биз дээ.

3. Энэ бүхэнд хэн буруутай вэ?

Үерт автсан айлуудын дуудлагаар онцгой байдлынхан хөдөлж, 3 цаг хайгаад ололгүй, ерөнхий сайдтай тохиолдсон онигоо шиг тохиол байдаг. Манай төрийн ажил энэ шүү дээ. Онцгой байдлынхан нь зүгээр нэг жирийн иргэнээс дор, ерөнхий сайд нь намын пиар хийгээд, гүрнийг хэсч явсан байдаг.
Ченжүүд хэмээх эвгүй гарууд махны үнийг тууштай хөөргөдсөөр 4000-д хүргэсээн. Хүнд оногдох малаар тэргүүн байр эзлэх хэрнээн, малгүй орных мэт үнэтэй мах идэж заяагүйтэцгээв л. Үнэндээ, үнэ хөөргөдөхгүйгээр орлого олох аргагүй, бүгдээрээ хөөргөдөөд л, цугаараа ядуу байсаар өдий хүрлээ дээ.
1500-2500-гаар авсан махаа ченжүүд 3000-4000-аар зарж хэсэг туйлцгаасан. Зарим нь махнаас гарч, ядарч туйлдаж эхэлсэн. Гэтэл өнөөдөр нөгөө л мах 1800-2000 болж буурлаа. Энэ бол ердөө л муу дохио шүү дээ. МАА ашиггүй болсон тул өчнөөн олон малчин малаа нэн цөөрүүлж, мөнгөтэй болохын тулд маш их хэмжээний мах бэлтгэж, зарим нь бүр хотоо харлуулаад, нулимс дуслуулан нутаг усандаа залбирчихаад, нийслэл рүү нүүдэллэж байна. Дараа нь мах олдохоон байж, үнэ нь тэнгэрт хадахын л дохио. Өчнөөн малчин ажил амьдралгүй болж, нийгмийн асуудлууд бүр ч хүндрэхийн дохио юм.
Сонгуулийн дараа л юмны үнэ нэмэгдээд эхэлсэн шүү дээ. Наадмаар нэлээд нэмэгдсэн. Гүйлгээ борлуулалт удаашраад, мөнгөний ханш муудаад л ирсэн 18 жилд үнээ л хөөргөдөж амь зогоосон наймаачдыг ч, ченжийг ч нэг их буруутгаад яахав. Морь унасан толгойгүй хүн-төр л буруутай. Толгойгоо хайж, таарсан бүхнийгээ толгойг хяргадаг морьтонтой төр адилхан болсоон.
Хямралын эсрэг арга хэмжээ болгож, “цахилгаан дулаан, нийтийн тээвэр, шатахуун гээд л олон төрлийн гол чухал зүйлүүдийн үнийг эхний ээлжинд, дараа нь бүх бараа үйлчилгээний үнийг ямар ч хяналтгүй бүрэн чөлөөтэй болгох” гэсэн хувилбар нам засаг дээр яригдаж байгаа. Ард иргэдийн нүдийг хуурах гээд үнийг хэсэг барьдаг, гэтэл худалдаа-үйлчилгээнийхэн босчих гээд байдаг. Үнэ чөлөөлж, хэдэн төгрөгтэй улсыг нь түшиг тулгуураа болгодог юм уу гэж сонголтоо хийх сурагтай.
Тэгэхлээр амьжиргаа ямар болохов. Ер нь, төр чөлөөлсөн чөлөөлөөгүй, үнэ дийлдэхээ болих, хяналтаас бүрэн гарах магадлал тун ч өндөр байгаа. Зимбабве-д ханш 12 сая хувиар унаж, хүмүүс нь тор мөнгөөр тор талх авдаг болсон нь Монголд давтагдах гээд л байгаа шүү дээ. Сүх далайтал үхэр амгалан л болохоос биш.
Зун Монголын хувьцааны ертөнц сүйрч эхэллээ л гээд байсан. “Хэт их хувьцаа гаргаж байгаагаас болж үнэгүйдлээ, гүйлгээ уналаа, ер нь хувьцаа ашиггүй болж ирлээ, удалгүй хувьцааны хохирогчид гэж ХЗХ-ны хохирогчид шиг олон улс гарч ирэх нь ээ л” гэж байсан даа. Одоо аягүй бол сүйрчихсэн биз. Нөгөө хувьцааны хохирогчид нь үймээн самуун дэгдээсэн хэрэгт холбогдон, 1937 оны байцаалтад орж, таслагдахаас эмээгээд, чимээгүй байгаа байж болох юм.
Хохирогчдын тоо нэмэгдсээр л байх болно. Банкны үй олон хохирогч буй болох төлөвтэй байна. Монгол орон-хохирогчдын ороон.
Аль зун л банк зээл гаргахаа байчихсан. Үүнийг ард түмэн мэдэж л байгаа. Яагаад зээл гаргахгүй, хадгаламж эзэмшигчдэд хүү төлөөд л, алдагдалд ороод сууж байдаг болчихов оо? Хариулт нь маш энгийн: ердөө л мөнгөгүй болчихсон. Мөнгөгүй болно оо гэдэг чинь дампуурлаа гэсэн үг мөн үү? Мөөн.
Ингэж бичлээ гээд, цуу дэгдээсэн хэрэгт орж магад гэнэ. Цуу бол дүгнэлт, прогноз, ажиглалт, таамаглалаас өөр юм шүү. Би цуу дэгдээгээгүй, хорт муу зорилго агуулаагүй, учрыг мэдэх том улс төрчид, эдийн засагчдын үг, мэдээлэл, илчлэл дээр суурилж, ард түмэн, улс орноо сүйрлээс сэрэмжлүүлэх гэж л бичиж суугаа юм.
Барилгын салбар луу хуйлрхан хийрхсэн, худалдаа-үйлчилгээ хэтэрсэн нь хамаг зээлийг ор мөргүй залгичихаад байна. Янз бүрийн авлига, хахууль, хураамж, татвар, рэкет, дам зэргээс болж, барилга босох өртөг өндөрссөөр, байрны үнэ ч тэнгэрт хадсаар байсан. Зээл гаргаж өгсөн хүн л гэхэд 10 хувийг нь авчихдаг.
Барилгын материалын худалдаачид үнэ хөөргөдсөн нь бүр ч нэрмээс болоод, сүүлдээ байр авах хүнгүй болж, барилгын ажил ч зогсож, санхүүжилтгүй болж, их хэмжээний зээл төлөгдөлгүй, банк хоосорлоо ш дээ. Төр барилгын салбарынхныг хийрхэлд автуулж, бодлогогүйгээр санхүүжүүлж, цээж дэлдсэн уриа лоозон дэвшүүлж байснаараа үүнд мөн ч их буруутай.
Зээл олгогдохгүй болсноор ААН-үүдийн үйл ажиллагаа, эдийн засаг, амьдралын түвшин бүгд уруудан доройтож ирсээн. Нам засаг улсын хөрөнгийг ёроолыг нь гартал шавхаад л, хувийн банкнуудад подароклаад байдаг болж. Бодлогогүй банк түүнийг нь бас л алга хийчихнэ ш дээ. 20 хувийн зээл гаргах юм гэнэ. Авсан хүнээ гарцаагүй дампууралд хүргэх ийм зээлээр амжилт олох уу? Хар тамхи л наймаалахгүй юм бол.
Төр өөрөө ямар ч мөнгөгүй болж, Монгол улс тэр чигээрэ дампуурах нь байна ш дээ. Улс орон санхүүгийн хувьд дампуурсан цорын ганц тохиолдол болох биз.
Дампуурсан улсыг чинь НҮБ нь татан буулгаад, аль нэг улсын “асрамж”-нд өгөх байлгүй. Өөр яах юм? Янз бүрийн улс түмнийг “асрамж”- нд өгч л байсан шүү дээ. Германы колони байсан Намибийг “одоохондоо улс байх чадваргүй” гээд ӨАБНУ-ын асрамжинд өгч байсан, бусад жишээнүүд ч бий. Олон улсын тийм хууль угаас буй юм. Цаадуул нь “асрахын” оронд, элдэв референдум энэ тэр зохион байгуулаад, эсвэл зүгээр л муйхарлаад өөртөө нэгтгэчих явдлууд гарч байсаан.
Тэр асуудлаас наана банкны хохирогчдыг хэрхэх билээ? Уг нь, хувийн байгууллага хувь хүн хоёрын хоорондын явдлыг төр хариуцаад, хохирлыг нь барагдуулаад байж болохгүй л дээ. Хууль бус ч юм, чингээд байвал нийгэм ч утгагүй болно.
Гэвч манай төр бол тэгэхээс өөр аргагүй. ХЗХ-ны мөнгийг эрх баригчид их хэмжээгээр авч ашигласан, барилгын зээлийн явдалд ч хувийн ашиг сонирхлын үүднээс ихээхэн оролцсон, хутгалдсан. Бас популист өвчнөөсөө болоод “төр төлчихдөг юм” гэх ойлголтыг төрүүлчихсэн. Хохирогчид мөнгөө шаардаад л босоод ирнэ, мөнгөний асуудалд бол зоригтой болцгоочихдог ч юм билээ. Өгөх мөнгө нь төрд байх уу? Тэр бол маш эргэлзээтэй.
ХЗХ-ны хохирогч 100 гаруй хүн хохирсноосоо янз бүрийн байдлаар шалтгаалаад нас барсан юм гэдэг. Банкны бүр олон хохирогч, бүр олон нас барагч гарах магадлалтай байна. Хадгаламж үгүй болбол ард түмэн хохирогч болно.

4. 100%-ийн ажилгүйдлээ яах вэ?

Их нуралтыг гэтлэх явдлыг хүндрүүлэх нэг том нөхцөл байдал бол 100 хувийн ажилгүйдэл. Өнөөдөр Монгол орон тийм түвшний ажилгүйдэлтэй байгаа.
Дундаж цалин 350 мянга байгаа гэж нам засаг сурталчилдаг болсон. Тэр цалин хаана байн? Сэтгүүлч бид л лав 100 мянган төгрөгний цалинтай. Өөрөө багагүй орлого олдог төрийн, улсын зарим байгууллагад 350 мянгын цалин байсан байж болох ч, удахгүй тэгшитгэнэ гэсээн.
Ажил гэдэг бол цалин. Дундаж цалин гэдэг нь 1-10 мянган доллар юм. Дэлхий даяар тийм л байгаа. Монголд бол 100 доллар /бас Зимбабве-д/. Бүтэн сар хөдөлмөрлөөд ганц костюм авч дөнгөхгүй, тийм цалин гэж, хөдөлмөр гэж, утга учир гэж байж болох уу.
Амьдралын баталгаа болж чадах нэг ч ажлын байр гаргаж өгч чадахгүй байгаа ЗГ шүү дээ.
Монголд өндөр цалинтай байх боломж бол бий. ХААН банкны гадаад ажилтнууд 20-50 мянган долларын цалин авдаг байна /монгол ажилтнууд нь 100-200 доллар/. Боломж байгааг харж байгаа биз. Гэтэл монгол хүн эх орондоо харийнхнаас хэдэн зуу дахин бага цалин аваад л, боолын боол болоод явж байна. Хятад барилгачдын зарцаар ажиллаад, 2-5 дахин бага цалин авдаг л шүү дээ. Ийм л юмыг төр зохион байгуулж ирэв.
Иргэд нь цалинтай ажлаа, санаа амар хийгээд амьдардаг нийгэм л эрүүл нийгэм. Тийм биш нийгэм нь үхлээ хүлээгээд хэвтэж байгаа өвчтөнөөс ялгаагүй.
Манай улсад цалинтай ажил хийгээд амьдрах ямар ч нөхцөлгүй. Хэн бүхэн эрсдэлтэй худалдаа, үйлчилгээ эрхлэхэд аргагүй хүрч байгааг ажил гэхэд хэцүү байна. Тэр худалдаа-үйлчилгээ аргагүй сөнөж, мөхөж байна.
Улс орон дотоодын хэрэгцээт зүйлсээ ихээхэн хэмжээгээр үйлдвэрлээд, бас дэлхийн хөдөлмөрийн хуваарьт оролцоод, үүнээс буй болсон ажлын байрууд дээр очоод цалинжина уу гэхээс, бүгд худалдаа үйлчилгээ эрхлээд яах юм бэ. Нялх хүүхдэд ч ойлгомжтой шүү дээ.
Янз бүрийн хишиг түгээнэ л гэх юм. 4 жилд 1,5 сая буюу, сарын 30 мянган төгрөгөөр амьдралын түвшин ер нь дээшлэх үү, асуудал шийдэгдэх үү. Огтхон ч үгүй билээ.
Цалингийн индексийг хэвийн болгох ганц л арга хэмжээ цалинтай ажиллагчид юун түрүүн чухал аа. Цалингийн доод хэмжээ 1000, дундаж нь 10 мянга болох хэрэгтэй. Төр ийм болгох ч үүрэгтэй. Энэ үүргийг биелүүлж чаддаггүй бол төр биш ээ.
Манайх шиг байгалийн баялаг ихтэй айлд цалингийн индексийг хэвийн болгох бүрэн боломж буй.
Америкийн индианчуудыг ус нутгаас нь хөөгөөд, амьдралгүй болгож устгах гэхэд, бизон дагаад амьдраад байжээ. Тэгэхэд бизоныг нь алж дуусгасан юм гэдэг. Ингэж л индианчуудыг геноцидлэж чадаж дээ.
Неоколоничлол Монголын үйлдвэр, газар тариаланг устгаж, МАА, худалдаа-үйлчилгээг сөгтгөв. Ганц найдвар ашигт малтмалыг нь булааснаар, монголчуудыг бүрэн геноцидлэхийг зорьж байна.

Үргэлжлэл бий.

Ч.Мөнхбаяр. MMVIII.XI.XX
“Далд амьдрал”. 11.25

No comments: