Monday, February 23, 2009

Эв нэгдэл биднийг Тэнгэр заяат болгоно


Монголчууд бид өөрсдийгөө Тэнгэр заяат хэмээдэг. Бидэнд олон сайхан нөхцөл байдлууд заяасан нь үнэн. Жишээ нь, зүй зохистойгоор ашиглавал хишиг буянаа харамгүй хайрлах алт эрдэнэс, ашигт малтмалын нөөц байна. Гэхдээ нэгэн гол хүчин зүйлийг бид ямагт санаж, бүрдүүлж явахгүй бол Тэнгэр заяандаа хүрэхгүй байж ч болох бүлгээ.
Яадаг ч байсан л Тэнгэр заяатай явах хэрэг биш юм. Түүнийг бид сонгох, түүнээс бид татгалзахгүй байх хэрэгтэй. Сайн явбал сайн заяатай байх болохоос, муу явбал тийм биш ээ.
Тэнгэр заяанд хүргэх тэрхүү нэгэн гол хүчин зүйл юу вэ? Тэр бол ЭВ НЭГДЭЛ. Эв нэгдэлгүй бол хичнээн үндэсний үзэлтэй байгаад ч нэмэргүй. Үндэсний үзэлт гэх хүмүүс хоорондоо нутаг ус, ястан, улс төрийн баримтлал, биширдэг хувь хүн зэргийнхээ ялгаанаас болж, хагаралдаж, таарч тохирохгүй байх нь зөндөө л тохиолддог. Эв нэгдэлгүй бол мэдлэг боловсрол, ажил хөдөлмөр, ахиц дэвшлийн аль нь ч сөрөг үр дагаврыг арилгахгүй төдийгүй, нэмэгдүүлнэ.
Модун хаан 24 өвөг монгол аймгийг нэгтгэн зангидаж, хүчирхэг гүрэн байгуулсан нь МТӨ 209 он. Тэр үед Өрнө зүгт Ром, дорно зүгт Хүннү гэж хоёр хүчирхэг, дайчин, дэлхийд нөлөөтэй гүрнүүд байсан агаад, хоорондоо харилцаатай байсан нь тогтоогдсон. Ингэж сайхан хүчирхэгжиж байтал, I зуунд Хүннүгийн Жижи хаантай дүү Хуханье нь зөрчилдөн, тал Хүннүг босгон, иргэний дайн өдөөжээ. Үр дүнд нь их гүрэн задарч, хүннүчүүд Евразиар нэг цацагджээ.
Өвөг монголчууд ахин нэгдэж, Сүмбэ улсыг байгуулваа. “Сүмбэ улс Хүннүгээс хүчтэй болов” гэж сударт тэмдэглэгдсэн нь буй. Гэвч бас л эв нэгдэлгүйд идэгдэж, Нирун, Тоба, Муюн, Тогоон зэрэг улс болон бутарч, хоорондоо удтал тэмцэлджээ. Үүний харгаагаар өвөг монголчуудын нэлээд хэсэг 555-924 онд Түрэгийн, Уйгурын, Киргизийн ноёрхолд автаж, ихэд зовж зүдэрчээ.
Кидан буюу Төмөр гүрэн гэж хүчирхэг, соёл боловсролтой өвөг монгол улс байлаа. 1063 онд хаан ачийнхаа эсрэг тэмцсэн өвөг Елү Жуньюань үймээн самууны эхийг тавьж, улсаа доройтуулсан байх юм.
Монгол овог аймгууд хоорондоо дайсагнаж, “Хөнжилдөө орох завгүй Хөвчилдөн тулалдаж, Орондоо орох завгүй Орчилдон тэмцэлдэж” байсан хар бараан үе бий. Тэр бүх зөрчил хагарлыг таслан зогсоож, Их Монгол улсыг байгуулж, эв нэгдлийг бадраасан нь Чингис хаан. Монголчуудын эв нэгдэл ямар хүчтэй байдгийг даяаршлын далбаан дор орсон дэлхий тэгэхэд мэдэж авсаан.
Чингис хаан насан эцэслэсний дараа үр хойч нарынх нь дунд зөрчил тэмцэл үүссэн нь тун ч харамсалтай. Харамсалтай төдийгүй, эмгэнэлтэй. Үндсэндээ Манжийн дарлал хүртэл тархай бутархай, дайсагнан байлдаж явсан нь монгол ноёд, аймгууд. Эсэн тайш, Мандухай хатан, Батмөнх даян хааны үед монголчууд хүчирхэгжиж, Мин улсын түрэмгий цэргийг бут цохин, тусгаар тогтнолоо амжилттай хамгаалж байсан нь эв нэгдлийн л ач.
Манжид эзэрхэгдэх үед монголчууд хагарч бутрахын балгийг маш их амссан. Зүүнгар улсын хүн ардын ихэнхийг Манжийн цэрэг алж хядсаныг дурдахад хангалттай. Түүнээс хойш монголчууд хоорондоо дайсагналцаж, иргэний дайн өдүүлэх явдлыг огтхон ч гаргаагүй юм.
Харин ч эв нэгдлийг эрхэмлэж, харийн дарлалаас ангижрах нэгэн үзүүрт сэтгэлд хөтлөгдөн тэмцэж ирсний үр дүн нь тусгаар Монгол улс билээ. Энэ бидний улсыг байгуулахад Ар Монголын төдийгүй, Өвөр Монгол, Барга, Буриад, Халимагийн эх оронч хөвүүд амь бие хайргүй хүчин зүтгэж байсныг түүх мартаагүй.
Дэлхийн хамгийн олон хүн амтай, империйн эзэрхүү мөн чанартай Манж Чин гүрнээс салан тусгаарлаж чадсан, улмаар бүх туургатнаа нэгтгэнэ гэж мэдэгдсэн дорой буурай, жижиг Монголыг тухайн үед даян дэлхий их л гайхаж байсан гэдэг. Гэхдээ дорой буурай, жижиг байсангүй юмсанжээ. Эв нэгдэл Монголыг хүчтэй, их болгож байжээ.
Монголчууд харийн бодлогын сөрөг нөлөөн дор ихээхэн хэлмэгдэж, сөнөж мөхөж буй гэгдэж явсан атал, социализмын он жилүүдэд эх орныхоо төлөө гэсэн нэгэн сэтгэлээр зүтгэсээр хөл дээрээ баттай зогсож чадсаан.
Эв нэгдэлтэйгээр Ардчилсан хувьсгалаа мандуулж, бүрэн дүүрэн эрх чөлөөг сонгоцгоов. Зөвлөлтгүйгээр энэ орон гарцаагүй сүйрнэ гэж таамаглагчид олон байв. Тэгсэнгүй. Бие даан оршин тогтнож сурлаа, аль ч гүрэнтэй эрх тэгш харьцдаг боллоо. Социалист асан зарим орнууд шиг дотооддоо хагаралдан тэмцэлдээгүй, эв нэгдэлтэй байсан учраас л тэр шүү дээ. Бүх юм төгс төгөлдөр байлаа гэж хэлэх гээгүй, гэхдээ эв нэгдэл байсан юм шүү. Монголоо гэсэн сэтгэл зүтгэл байсан, байгаа ч юм шүү.
Өнөөдөр Монгол орон нэгэн зааг үе дээр ирээд байна. Тэр нь юу вэ гэвэл байгалийн баялгаа өргөн хэмжээгээр ашиглах асуудал. Энэ л асуудал Монгол орны нийгмийн бүх салбарыг, хүн бүрийн амьдралыг өөрчлөнө.
Тэрхүү зааг үеийг давсны дараа зарим улс орон хөгжиж дэвших бус, эсрэг байдалд орж байсан түүхийн сургамж буй юм. Эв нэгдэлгүй байсан нь л тийм гайг дуудаж авчирч байжээ. Эв нэгдэлтэй нь харин үлгэрийн диваажин болон хувилжээ.
Эв нэгдэл бол аз жаргалын алтан түлхүүр. Эв нэгдэлтэй байх аваас, Монголын ард түмэн алтан түлхүүрээр газар дээрх диваажингийн үүд хаалгыг нээх л болно оо.
Монголчууд эв нэгдэлгүй үедээ л уруудаж доройтож, хямарч сүйрч, бүр мөхлийн ирмэгт ч тулж байж. Харин эв нэгдэлтэй үедээ гарцаагүй мандаж бадарч, сүлд хийморь, хүчтэй болж байж. Эв нэгдэл л биднийг Тэнгэр заяат болгоно оо.

Ч.Мөнхбаяр

No comments: