Monday, February 23, 2009

Улс төрийн хэлмэгдүүллийг таслан зогсооё!


ЦАУЗБУК-т бичсэн ил захидал

1. 70 хүн буудуулж, нас барсан уу?

7.1-ний үйл явдлыг “Пьяные мародеры сожгли штаб-квартиру правящей партии” хэмээн оросын хэвлэлд бичсэн байж билээ. Пьяные мародеры шатаасан байж болно оо. Харин хэн нь вэ?
МАХН байраа голж чамлах болсон, 20 гаруй давхар цамхаг босгож, түрээсээр нь яггүй ашиг олчих төлөвлөгөө боловсруулсан, зураг төсөл нь хавар бэлэн болчихсон байсан, 7.1-нд өөрсдөө шатаачихаад харин мөнгийг нь улс түмнээр гаргууллаа, бурууг нь шударга залууст үүрүүлж яллалаа гээд л өчнөөн бичигдэж яригдлаа ш дээ.
Байр шатсаны эргэн тойронд 5 хүн амь үрэгдэж, 30 хүн шархдаж, 1000 хүн баривчлагдаж, 300 нь яллагдлаа. “Сөрөг” хүчний сонины №283 /3058/-д “Дал шахуу хүн буудуулж нас барсан, бууны суманд өртөж шархадсан хүний тоог гаргах аргагүй” гэсэн ч байдаг.
ИХН-ын ЕНБД Э.Батбаяр: “Урьд нь олон жагсаал болж байсан, 7.1-нийх огт өөр болсон. Үймээний хэргийг МАХН цагдаагийн байгууллагатай хамтарч үйлдсэн” гэж мэдэгдсэн билээ.

2. С.Баярын хамсаатан 7.1-ний үймээнийг зохион байгуулсан гэж баривчлагдсан

7.1, 2-нд баривчлагдсан 800 гаруй хүмүүсийг Линчийн шүүхээр оруулж, толгой түрүүгүй балбаж, гар болон цахилгаан бороохойгоор тамлаж, дэглэлт, хүнд нөхцлөөр зовоож, “Би хулгайч!” гэж том цаасан дээр бичүүлээд бариулан зогсоож, зургийг нь дарж байсан аймшигт хэрэг байдаг.
Хэн Линчийн шүүх хийв, тэр линчийн шүүхийг авах магадлалтай. Ард түмэн авдгаа авчихсан, буцаан өгч мэдэх юм шүү. Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг эгэл үнэнийг санаж, хаа хаанаа бодолтой, хариуцлагатай байх хэрэгтэй юм.
Баривчлагдсан хүн бүр тархи толгой, элэг бөөр, нуруу нугасны гээд өчнөөн хүнд өвчтэй болсон. Үүний хариуцлагыг хэзээ хэн хүлээх вэ, хохирлыг нь яаж барагдуулах вэ?
Шархадсан нэгнийг өрөвдөөд эмнэлэгт хүргэж өгсөн хүн баригдаж, хоригдсон. СТӨ-г галаас хамгаалж байсан хүмүүс мөн баривчлагдсан. С.Баярын сонгуулийн штабад ажиллаж байсан хүнийг ч үг яриаг нь тоохгүй бариад хорьчихсон. Магнайн жолоочийг нууцалсан дугаараар дуудаад, очиход нь отоод барьж, улмаар МАХН-ын байр луу очсон онц ноцтой хэрэгтэн гээд ялласан.
Хоморголон баривчлалт одоо ч үргэлжилсээр. Цагдаа нар цуглуулсан бичлэгээ 7 сарын турш үзсээр, харсан бүхнийхээ царайг нүдэлчихсэн, эрж хайсаар явдаг гэнэ. Шинэ жилээр талбай дээр зургаа авахуулж яваад баригдсан хүний ар гэр тэр тухай өчлөө ш дээ.
Барьсаар, хорьсоор л байна. Хэзээ хүртэл үргэлжлэх вэ?

3. Манайд хүн буудаж алаад, акт биччихэд л болчихдог гэнэ

Олон янзын нэртэй шорон гяндангуудын маань хүнд нөхцөл, эрүү шүүлт дэлхийн аймшгуудын нэг билээ. Хүн бүхэн түүнийг гэрчлэн ярьдаг. Харин бичихлээр шүүхдүүлдэг, шүүх төр талдаа л үйлчилчихдэг болж. Шоронгийн хоол ундны асуудал дээр тийм жишээ саяхан тодорхой гарлаа.
7.1, 2-нд баривчлагдсан хүмүүсийг харгис хатуу нөхцөлд хорьж саатуулж байсан, эрүүдэн шүүсэн нь тус тус ялт хэрэг мөөн. Гэм буруутныг олж хариуцлагыг нь хүлээлгэх нь шударга түмний үүрэг юм.
Төрийн төлөөлөгч буугаа сумлаж тулгаад “Чамайг буудаж алчихаад акт биччихэд л болоо. Амийг чинь хэн ч нэхэхгүй” гэж байсан байх юм. Бас: “Энэ хэргийг хүлээхгүй бол ээжийг чинь шоронд хийнэ, юу болохыг ойлгож байгаа биз!” ч гэж байж. Төрийн өнгө ийм болоо юу.
Олон удаа хэлмэгдэн хоригдон тэмцэгч Баасан гуай: “Нэл халдварт өвчин болсон, хүйтэн, чийгтэй, бохир, бөөс хуурстай, хөнжил гудас нь хүрэхгүй нөхцөл л тэнд байна. Өглөө орой 1 талхыг 4 хүнд хуваан өгдөг, өдөр адууны цувдай, шар будаатай шөл өгдөг. Тэндхийн ажилтнууд хоригдогсдыг дэглэж уйдаагаа гаргадаг. 128 хүний нормтой газар 400 хүн хоригдож байна. Амьдаараа ялзарсан охин тэнд байж л байх юм. Жирэмсэн хоригдоод энд зулбасан бүсгүй ч байна. Төрөнгүүтээ биеэ үнэлсэн, гэр бүлийнхээ орлогын цорын ганц эх үүсвэр болсон, нөхөр нь хүүхдийг авчирч хөхүүлгэдэг тийм эмэгтэй ч байна” гэж ярьсаан.
Шорон гяндангийн орон болсон Монголд минь “Жагсаалд оролцсон хүмүүсийг яллаж дуустал өршөөлийн хууль гарахгүй. Аль болох олон хүн, олон айлыг залхаан цээрлүүлж байгаад ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр өршөөнө” гэх яриа их тэнүүчилж байна. Монголчууд бид зөвхөн улс төрийн тоглоомын золиос л байх тавилантай юм гэж үү?

4. Монголын хуулийн байгууллага хүүхэд гэж юу байдгийг мэддэггүй

Манайд шүүх гэж юм үгүй болж, яллах автомат л байгаа бололтой. Гэм бурууг нотлох шаардлагагүй болжээ. Эрүү шүүлтэн дор өөрөөр нь гэрчлүүлээд л, чулуу шидсэн болгоод л, хэргийн бүрдэлгүйгээр яллачихаж байна. Нотлох баримт үгүй бол шүүгдэгчид ашигтайгаар шийднэ гэдэг хуультай атал эсрэгээр шийдэж ирэв.
Биесээ огт танихгүй хүмүүсийг хүчээр багц болгоод, “бүлэг” гэж хүндрүүлэн ялласан. Тэр “бүлэг”-тээ хүүхдийг зохиомлоор оруулж, хүүхдийн хэргийг хаалттай шүүх ёстой хэмээн, олон түмний нүднээс далдхан яллаж байв л.
Тэгсэн атлаа, хүүхдийг яллаагүй гэх хачин мэдэгдэл хийх болсон. Д.Батсайхан гэдэг дарга: “Монголын шүүх хүүхэд шийтгээгүй, харин насанд хүрээгүй хүн шийтгэсэн” гэж тайлбарласан. Монгол төрийн хувьд хүүхэд гэж байхаа больжээ!
“7.1-ний үеэр галдан шатаалт, хулгай дээрэм, хүчирхийллийг тэгж ингэж зохион байгуулсан, мөнгө, архи, чулуу, молотовын гранат тараасан” л гээд төрийн пропаганд тархи угаасаар ирэв. Тийм ялт хэргийг үйлдэгчид нь илэрсэнгүй, ул мөр нь ч огт үгүй. Ил задгай хорлон хийгээд байцгааж байсан бол газар дээрээ камердуулаад, танигдаад, илчлэгдээд, хэдийнээ тодорхой болох байсан биз ээ. Гэвч тэр үл үзэгдэгч хүмүүс, МАХН-ынхан далдыг харагчид бололтой.
Шударга бус яллалт ар гэрийнхнийг нь ч яллаж, тэднийг түмэн зовлонд унагаж байна. Яллагдсан хүн гэр бүлийнхээ тэжээгч байсан нь олонтаа. Өмгөөлөгч хөлслөх, эргэлт оруулах зэрэгт зарцуулах мөнгө, элдэв явдал суудал, хөөцөлдлөгөө, дарамт ар гэрийнхнийг туйлдуулж гүйцэж байгаа.
Өмгөөлөгчдийн үүрэггүй байдал олныг гайхашруулсан. Тэд дэглэмийн талд илэрхий зогсож, мөнгө төгрөг ихээр зувчуулж, ар гэрийнхнийг айлган сүрдүүлж, байдалтай эвлэрэхийг тулгаж байжээ.
Өмгөөлөл гэдэг явц шүүх процессоос хасагдчихжээ. Цаашдаа өмгөөлөгч ч гэж байхаа болчих нь бололтой. 1000 өмгөөлөгч буй атал, төрийн гэх хэдхэн өмгөөлөгчдөөр “үйлчлүүлэхийг” санал болгох болсон.
Улсын яллагч Б.Энэрэл: “Дээрээс өгсөн чиг үүргийн дагуу үймээнд оролцсон хүмүүст ял төлөвлөсөн” гэж ам алдсан тухай нэгэн сонинд бичсээн. Шүүх гэдэг чинь нам засгийн чигээр бус, хараат бусаар ажиллах ёстой юм биш үү.
Ард түмнийг залхаан цээрлүүлэх чиг үүрэг хэрэгжсээр.
МАХН-ын 3 тэмдэг газар хэвтэж байсныг авчихсан хүн 7500 төгрөгийн эд зүйл хулгайлсан гээд яллагдлаа.
Хүүхдүүдийг хэрэг төвгөөс сэргийлж, хамгаалж, “гэртээ харь” гэж байсан нь камерт өртсөн хүн ялт хэрэгтэн боллоо.
Магнайн бие хамгаалагчид ял сонслоо. Тэдний буруу гэвэл ажил олгогчоо хамгаалж, цалинтай ажлаа л хийсэн. Гэтэл “та нар Магнайг хууль зөрчихийг нь болиулаагүй” гэжээ. Бие хамгаалагч гэдэг чинь дэглэмийн харгалзагч байх ёстой юмсанжээ.
Машинд нь цагаан хоолой л байсан, ИХН-ын жолооч Д.Даваасамбууг үймээн дэгдээгчдийг болон, үймээн дэгдээх хэрэгсэл зөөсөн гэж буруутгав.
Ийм жишээг тоочивч баршгүй....

5. Эрүү бууддаг маньякийг яагаад хайхгүй байна?

Зөвхөн нэг талаас л яллаад байгаа нь бас л “чиг үүрэг” биз ээ. Нөгөө талаас бол хэнийг ч ялласангүй.
Хамгаалах хэрэгсэлгүй иргэд рүү чулуу нүүлгэнэ гэдэг нэг гэмт хэрэг. Асуудлыг намжаах арга хэмжээ авалгүй, хурцатгасан гэмт хэрэг гэж байна. 7.1, 2-ны өдрүүдэд баривчлагдсан ард иргэдийг Линчийн шүүхээр оруулсан хэрэг, хоригдогсдыг харгисласан хэрэг, эрүү шүүлтийн хэрэг, хуурамч хэрэг хүлээлгэсэн хэрэг, хэлмлэгдүүлэн ялласан хэрэг... Бас СА маягийн этгээдүүдийг ард түмний эсрэг турхирч, байдлыг дэвэргэсэн хэрэг гэж байна. Хамгийн ноцтой нь олон хүнийг буудаж алсан, шархдуулсан ялт хэрэг. Энэ бүхний эздийг олж, ял хүлээлгэх асуудал яагаад огт байхгүй байна вэ?
Эрүү бууддаг маньяк алуурчныг яагаад хайхгүй байна?
Яагаад хариуцлага хүлээх ёстой албан тушаалтнуудыг багш болгочихов? Тэд залууст юуг зааж сургах хэрэг вэ?
“Чиг үүрэг”-ийн гэмт хэрэг ч гэж буй шүү!

6. Буудуулсан хүнийг зодож алсан бололтой

Буудуулсан Г.Ариунбаатар нарийн гэдсээ тайруулсан, наалдангитай болсон, хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Шударга ёсны төлөө тэмцлийг зохион байгуулах болжээ.
Ж.Батзаяа мөн буудуулсан. Хөлөндөө 4 удаа хагалгаа хийсэн, бяцарсан ясаа мөн ч их түүлгэсэн. Шархадчихаад хэвтэж байхад нь толгойг нь өшиглөж, дэвсэж, “Хохь нь!” гэж хашгирч байсан хууль сахиулагчдыг тэр гэрчлэн ярьсан.
Буудуулсан хүү Э.Энхтөр 16 настай. Барилгын коллежид орж суралцана гэж бодож явсан. Харин 7 сар хэвтэрт байна. Хэзээ тэр босохыг бүү мэд.
Алагдсан Т.Батсайханы ах: “Моргонд очиход, дүүгийн цогцсыг ороосон даавуу цустай нь наалдаад хөлдчихсөн байсан. Толгой нь их хавдсан, тоос шороо болсон, хөхөрсөн, арьс нь язарч урагдсан байсан. Дүү минь буудуулаад зогсолгүй, зодуулж амиа алдсан бололтой” гэж ярьсан.
Байр шагнал, түйвсэн хэргийн мөрөөр дэндүү чармайн ажиллаад, бусад хэргүүдийн мөрөөр яагаад чармайн ажиллахгүй байна вэ? Буудуулсан, зодуулсан, гэмтсэн иргэдийн эрх ашиг нь эрх ашиг биш юм уу?
Буудсан хүмүүсийг зарим иргэд “цагдаа нар” гэж байна. Заримдаа бол төрийн СА албаныхан байсан байж болохор юм ойлгогдоод байгаа.
Хүний амь, эрүүл мэнд үнэгүй болчихсон, зөвхөн байр үнэтэй болчихсон газар уу, энэ Монгол маань?

7. Монголд сөрөг хүч бүрэн устгагдлаа

7.1-нээр далимдуулж, сөрөг хүчнийг нам дарж, удирдагчдыг нь хорьж, хэрэгт холбогдуулж, айлган сүрдүүлж авлаа. Улс төрийн харгислал нам засгийн энгийн практик, нийгмийн ердийн уур амьсгал болсон.
ИХН-ын гэхэд л жолооч, бие хамгаалагч, сонгуулийн штабад нь ажиллаж байсан оюутнуудыг нь хүртэл хорив.
Нам засагт таалагдаагүй бүхнийг л араандаа зуугаад, гүжирдэж гүтгээд, хэлмэгдүүлэхийг зэхээд байдаг боллоо.
“Иргэдийн шударга шүүх” хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалт нэг шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэнийг өмгөөлж, уг шүүгчийн талаар гомдол гаргажээ. Гэтэл уг гомдол алга болж, Х.Бат-Ялалтыг “хүний нэр хүндэд халдав” гэж баривчлав. Ард иргэдийг өмгөөлөх нь гэмт хэрэг гэж тооцогддог болчихож.

8. С.Баяр улс төрийн хэлмэгдүүлэлт болж буйг зөвшөөрсөн

“Засгийн газрын 100 өдөр” гэж, “Шрек” киног санагдуулам хөгийн жүжгийг нэгэн зоригт эмэгтэй тасалдуулж, “...Тэр яриад байгаа сайн сайхан чинь хаа байна? Хаа байна, тэр эрх чөлөө? Та нар намайг буудчихаач!...” хэмээн, индэр дээрээс бачимдан орилсон билээ. Тэрбээр өршөөлийн хууль гарахгүй байгаа, хэлмэгдэгчид хоригдсоор байгаад бухимдсэн хэлмэгдэгчийн ар гэр аж.
Тэгэхэд жүжигчин олон “Наадхийгаа бууд!”, “Эднийг цөмийг нь бууд!”, “Хөөе, чи зайлаач ээ”, “Галзуу амьтныг Шар хаданд хэвтүүл!”, “Болиоч, буугаач!” гэхчилэн хашхичиж, улангасан эсэргүүцэж байв.
Ноён Нямдорж дараа нь үг хэлэхдээ, тэр эмэгтэй өөрийг нь буудахыг завдсан мэт болгож, шууд л гүтгэж байна билээ. Мэргэшчихсэн юм билээ л дээ, нам засаг маань.
Тэр эмэгтэй уг нь нөгөө гутал шиддэг нөхөд шиг л алдаршчих учиртай байв. Гэвч дарга биш болохоор нь ХМХ-үүд дараад л өнгөрсөн.
Сүүлийн үед “хүлээлт” гэдэг бүдүүлэг яриаг дарга нар гаргав. Тэдний хэлээрр өчихөд, өнөөгийн нийгмийн гол хүлээлтийн нэг нь өршөөлийн хууль болоод байна. Уг нь бол хүлээлт биш, шаардлага л даа.
Өршөөлийн хууль гэсэн дарцгаар өөрсдийгөө дарга нар рекламдаад ч авсан. Арвин гишүүн “100 хувь өршөөнө” гэлээ. Хүн буудчихсан, буудуулгасан, эрүүл мэндийг ноцтой хохироосон, хохироолгосон албан тушаалтнууд, албан хаагчид, ялт хэрэгтнүүдийг бол өршөөж болохгүй л байх. Өршөөж болохгүй өөр ч тохиолдлууд бий.
“Хууль зөрчөөд ч болсон суллая” гэж нэг УИХ-ын гишүүн хэлэв. Хууль тогтоодог хүн хууль зөрчье гэж хэлж таарах уу. Үгүй ээ. Хууль зөрчиж яллах нь ч буруу, суллах нь ч буруу.
“Шийтгэхдээ хавтгайруулсан...” гэж ЕС С.Баяр хэвж, хэлмэгдүүлснийг хүлээн зөвшөөрсөн. Хавтгайруулан дэглэмчин болгох чиглэлтэйгээр суллах төлөвлөгөө буй ч гэж дуулдлаа. Юуг ч хавтгайруулж эс болно.
Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод, ял эдэлж буй хүнийг өршөөдөг хуультай болохоос бус, гэмгүй хүнийг өршөөх нь түүнийг гэмт хэрэгтэн гэж гүтгэж, ахин хэлмэгдүүлэх хэрэг болно.
7.1-ний үйл явдалтай холбоотойгоор хэлмэгдсэн О.Төгөлдөр улс төрийн нам байгуулж тэмцэнэ гэж мэдэгдлээ. Байдал ахин хурцдаж болно.
Улс төрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсооход юун түрүүн хэрэгтэй алхам бол хэлмэгдэгчдийг цагаатгах явдал юм. Ноднин би энэ тухай нэг бус удаа бичиж, 10.22-нд “Цагаатгах тухай” шинэ хуулийн төслийг уриалгатай хамт гарган төр түмэнд хүргэж байсан.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс /ЦАУЗБУК/ бол яг энэ асуудал дээр гардан ажиллаж байх учиртай байгууллага юм.
Тийм учраас ЦАУЗБУК-д хандан:
1. 7.1-ний үйл явдалтай холбогдон хэлмэгдэгсдийг “Цагаатгах тухай” шинэ хууль гаргуулахын төлөө тэмцэх;
2. Тус хэлмэгдэгсдэд холбогдох материалуудыг судалж, цагаатгахад шаардагдах материалыг бүрдүүлэх;
3. Тус хэлмэгдэгсдийг цагаатгах үндэслэл, шаардлагыг сурталчлах;
4. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн гэм буруутнуудыг гэсгээн цээрлүүлэхийг шаардах ажлуудыг хийж гүйцэтгэхийг уриалж байна!
Энэ бол ЦАУЗБУК-ийн эрх үүрэг төдийгүй, нэр төрийн үйл хэрэг юм!

Ч.Мөнхбаяр

No comments: