Monday, February 23, 2009

Шамбалын орон


Шамбалын орон. Энэ тухай дуулаагүй хэн байх билээ дээ. Бурханы шашны ном сургаальд Шамбалын орон хэмээх төгс төгөлдөр ертөнц хойд зүгт буй хэмээжээ. Үүнийг үе үеийн хүмүүс гайхан биширч, эрин зууны чанадаас “Тэр үлгэрийн дагшин орон хаана байна вэ” хэмээн эрэлхийлж, мөрөөдөж ирж дээ.
Даян дэлхий дээр ер нь диваажин байдаг юм биш биз, тийм гайхамшиг бүхий улс орон аль зүгт буй хэмээн газар газрын хүн ард хүсэмжилж, тэмүүлж байв аа. Тэр л эрмэлзэлдээ автан, газарзүйн их нээлтүүдийг хийсэн бус уу?
Эртний грекүүд Гиперборея гэдэг төгс төгөлдөр орон Төв Азид буй гэдэг асныг хожмын судлаачид Монголтой холбон үзжээ.
Бас сөнөсөн тивийн хүмүүс атлантид нар Монголд очсон, тэгээд хуваагдаж Шамбал, Агарти хэмээх хоёр хүчирхэг хаант улс үүсгэсэн, Шамбалд нь байгаль, хүн төрөлхтнийг захирах хүч буй болсон, Агартийн иргэд цэвэр бясалгалд автсан гэх домог буй.
Америк үзмэрч Э.Кейси “Атлантчууд Египет, Төв Америк, Монгол руу явсан. Говьд алтан дээвэртэй сүм, бүсгүй хүний цул алтан баримал байж. Би энэ бүхнийг үзэж харлаа” гэжээ.
Өөр нэг домгоор бол Эдем Говьд байсан, суурин дээр нь Цагаан арал гэдэг орон үүссэн, энэ орныхон Шамбал, Агарти орон болж хуваагдсан, нэг хэсэг нь өрнө рүү явсан нь арийчууд гэдэг. Агартид ч гэсэн агуу хүч бий хэмээдэг бөгөөд, үүнд итгэгсдийн нэг зохиолч Ф.Оссендовский Монголд Агартиг хайж явжээ.
Бурхад, гэгээн хүмүүсийн орон болох Сүн далай, Сүмбэр уулс Монголд байсан гэж зарим нь таамагладаг.
Оросын судлаач С.Волков Говьд далай байхад тэнгэрээс ариун чулуу унаж, түүнийг тойрон хуурай газар өргөгдсөн, тэнд төгс сайхан орон байв гэх домгийг сонсчээ. Асгарт гэдэг гайхамшигт хотынхон Монгол руу явж, газар дор хот байгуулсан гэх домог ч бий.
Оросын судлаач Н.Пржевальский, Г.Потанин, О.Козлов, Н.Рерих нар Монголд нууцлаг орныг далдхан хайж байв. Зөвлөлтийн эрдэмтэд ч ийм ажлыг сэм хийж байв.
Германы оккультчид, эзотерикчид, мистикчид нууц орны тухай домгуудад онцгой анхаарч байлаа. “Монголын Говьд агуу хүч буй. Үелзэлтэйгээр хүмүүст хүрдэг. 30-40 мянган жилийн өмнө арийчууд уг хүчийн ачаар тэнд өндөр соёл иргэншлийг үүсгэсэн. Дараа нь хүчгүй болж, өрнө зүг рүү явсан. Дорнын хүч арийчуудыг ивгээх цаг өдгөө нэгэнт иржээ” гэхчлэн номлож байв.
Тэд хайгаад л байв, хайгаад л байв. Гэхдээ Шамбалын орныг олсонгүй ээ. Шамбалын орон байсангүй юу? Эндүүрч төөрөлдсөн байж уу?
Яагаад тэд Монголыг аугаа их эрч хүчтэй, ер бусын гэж таамаглаж ирээ вэ? Ямар учраас сүсэглэн бишрэх хүртэл хэмжээнд очиж байгаа вэ? Монголын нууцлаг хүч, энергийн тухай зохиол, судалгаа, өгүүлэл бишгүй л бичигдэж. Оросын философич Соловьёв “Панмонголизм” гэдэг шүлэгтээ Монголын эрч хүч л хорвоо дэлхийг хямрал сүйрлээс аварна гэж зөгнөсөн байдаг. Дуулиан шуугиант онол дэвшүүлэгч Мулдашев ч Монголд гайхамшигт орныг хайж ирээ л биз дээ.
Их Чингис хааны маань сүр тэднийг бишрүүлсэн хэрэг үү. Тийм ч байж болох. Гэхдээ яг ч бас тийм биш юм. Монголыг бишрэх олон шалтгаан харийнханд байж дээ.
Жишээ нь, палеогеологийн ухаанд “Монголын өндөрлөг болбоос, бүх дэлхий далай тэнгисээр хучигдсан байх үед анх товойн гарч ирсэн хуурай газар мөн болой” хэмээн онол байдаг. Биологид гэхэд л хуурай газрын амьдрал, амьтан ургамлын олон бүлэг Монголд эхлэн үүссэн юм гэх онол буй.
1857 онд Америкийн эрдэмтэн Ж.Лейди Монгол бол хүн үүссэн голомт гэсэн таамаглал дэвшүүлжээ. 19-р зууны эцсээр мөн Америкийн судлаач Г.Осборн “Монголын Говьд эртний организмуудын олон грүппийн үүслийн төв оршиж байна” гэв. Оросын эрдэмтэн А.Борисяк мөн тэгж дүгнэжээ.
Эдгээр онолуудыг батлахаар Р.Эндрюсийн алдарт экспедици 1922-1929 онуудад Ар Өвөр Монголд ажиллаж, дуулиант нээлтүүдийг хийлээ. Амьтдын овогсын өвөг болсон шинэ зүйлүүдийг нээлээ, үүний дотор хүн сармагчин зэргийг багтаадаг примат овгийнхны өвөг заламдалестес гэдэг амьтны ясыг олсон. Сармагчны ясыг ч олсон. Динозаврыг өндөг гаргадаг, түүнийгээ дардаг, халуун цустай, шувууны өвөг амьтан байсныг нээсэн. Хожим Польшийн экспедици дээд хөхтний өвөг амьтны ясыг олсон гэхчилэн дээрх онолыг батлах бишгүй л материал олдож дээ.
Гэхдээ шинжлэх ухаанаас Монгол бол Шамбал амуй гэсэн дүгнэлт гарахгүй. Далд ертөнцийн ер бусын хүчинд итгэгчид Монголд Шамбалыг хайсаар л байх болно.
Харин бидний хувьд Шамбалын орныг хайгаад байх шаардлага байхгүй. Монгол маань тэр аяараа бидэндээ Шамбалын орон билээ. Сэр сэр салхитай, бур бур бороотой Бумбын орон билээ.
Энэ л сайхан орон минь биднийг ивээнэ. Бид энэ сайхан орноо Шамбал болохыг нь ойлгосоор, мэдсээр, мэдэрсээр ирсээн. Энэ бол бидний итгэл, эрхэм шүтээн. Бид Монголоороо амьдарна, Монголоороо л оршино.
Монгол хүн болж төрөх нь Дээд Тэнгэрээс заяасан их хувь тавилан. Монголчууд аугаа ард түмэн байж, хүн төрөлхтний хувь заяаг эргүүлж, даян дэлхийд хосгүй түүхийг бүтээсэн юм. Монгол хэмээх Шамбалын орны, монголчуудыг л ивгээгч хүчийг авч байсан учраас тэр бүлгээ.
Монголын энерги, эрч хүч агуу. Хэрэв Монголоо гэсэн сэтгэлтэй явбал бүх түүхийн далай их эрч хүч маань хүн ардад харамгүй түгж очих нь мэдээж билээ. Монголынхоо эрч хүчийг авч байсан учраас Модун, Таньшихуай, Шэлүн, Елү-Амбагай, Даши, Чингис, Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуй, Бат, Гүюг, Мөнх, Хубилай, Хүлэгү, Төмөр, Бабур, Зэв, Зэлмэ, Сүбээдэй, Мухулай, Боорчи, Хасар, Шихихутаг, Чуумэргэн, Чингай, Жамуха, Хабул, Тогоон, Эсэн, Мандухай, Батмөнх, Түмэн, Баатар, Галдан, Цэвээнравдан, Галданцэрэн, Даваач, Амарсанаа, Чингүнжав, Ханддорж, Намнансүрэн, Цэрэнчимэд, Хайсан, Дамдинсүрэн, Магсаржав, Дамдинбазар, Бавуужав, Тогтох, Сумъяа, Мэндбаяр, Жамцарано, Ринчино, Доржиев, Бодоо, Данзан, Сүхбаатар, Дэмчигдонров, Болдчинсан, Сагансэцэн, Чойжи-Одсэр, Мянгат, Үлүгбэх, Ёндонжамц, Ишбалжир, Агваандандар, Агваанхайдав, Агваанбалдан, Лувсанпэрэнлэй, Лувсанчүлтэм, Заваадамдин, Дандарон, Занабазар, Бурхинов, Корнилов, Бадмаев, Калмыков, Сердюков, Иринчинов, Тундутов, Хардаваа, Чойбалсан, Цэдэнбал, Дамбийжанцан, Норгой, Калмык, Вампилов, Илюмжинов, Гүррагчаа, Ойдов, Баянмөнх, Мөнхбат, Будаев, Дагвадорж, Даваажаргал нар хүчтэй байсан юм. Монголоо гэсэн сэтгэлтэй явбал энэ бүх хүчтэй хүмүүсийн эрч хүчээс ч хүртэнэ. Үе үеийн баатрууд, өвөг дээдсийн сүр сүлд ивээх болно оо.
Эх орон маань хязгааргүй их эрч хүчтэй онцгой нутаг. Монгол Тэнгэр хоёр нэг мэт ч санагдана. Учир нь, Монгол бол Тэнгэрийн эрч хүч. Бурхан Тэнгэрээс хайртай хүүхдүүддээ бүтээж өгсөн өлгий нутаг. Монгол бол бидний амин сүнс. Монголгүй бол бид юу ч биш болно. Эрч хүч ч үгүй, оюун ухаан ч үгүй, амь ч үгүй, сүнс ч үгүй, амьсгал төдий л болцгооно.
Хэрвээ Монголоо мэдэж, ухаарч, хайрлаж, биширч, шүтвэл сая бид хүн төрхтэй байна. Өөр зам огт үгүй юм. Монголоо дээдэлбэл монгол хүн бүр амьдралын утга учир, аз жаргалтай болно. Асар их эрч хүчээр байнга тэтгэгдэж байх болно.
Монголынхоо сүлд хийморь, ид шидийг хүртэж байхын тулд хэрхэх хэрэгтэй вэ? Юуны өмнө Монгол улс үндэстэн, байгаль, баялаг, газар шороогоо хайрлаж, энэ чинь миний өлгий нутаг, гэр орон шүү дээ гэдгийг ухаарч мэдрэх хэрэгтэй. Энэ бүхнийгээ хэнд ч яасан ч алдаж болохгүй, хязгааргүй үнэ цэнэт эрдэнэс болохыг нь ойлгож, өмгөөлж хамгаалан тэмцвэл зохино. Монголын сайхан оронд аюул учрах нь гэр оронд аюул учирснаас огт өөрцгүй. Улс гэрээ алдсан монгол хүнд жинхэнэ амьдрал гэж үгүй болно.
Эх түүхээ ариун судар мэт үзэж мэдэгтүн. Монголын түүх монгол хүн бүрийн өмнөх амьдрал. Түүхийн сургамж хойчийг заах гэрэл гэгээ. Монголын гарамгай хөвүүдээ бишрэн шүтэгтүн. Тэдний эрч хүч хэзээ ч бөхөшгүй. Үлгэр дууриал нь өнийн явдлыг гийгүүлнэ.
Монголын төлөө цохилох зүрхийг амьдралын бамбараа болго. Монголоо дорой буурай биш, Их болгохын төлөө тэмц. Их Монгол гэдэг нэгэн шүтээнийг сэтгэлдээ үүсгэ. Бүх Монголын эв нэгдэл бүх монголчуудын гэгээн үйлс байх ёстой.
Монголчуудын хэл соёл үнэлж баршгүй өв мөн билээ. Олон зууны өмнөөс шинжлэх ухааны үндэстэйгээр хөгжин дөтөлсөн монгол хэлний төгс төгөлдөр нь бахархлыг төрүүлсээр ирсэн. Монголын нүүдэлчдийн соёл хорвоод хосгүй. Төрөлх хэл соёл маань биднийг монголоор минь байлгагч гол хүчин зүйл билээ. Монгол хэл соёл үгүй бол хэрхэн бид монгол байх аж. Унаган хэл соёл судсаар гүйгч цус мэт тэтгэнэ.
Газар нутгийн хүч агуу. Монгол газар нутаг Мөнх Тэнгэрийн хэмжээлшгүй их энергийг шингээсэн. Газрынхаа хүчийг хүртэж мэддэг байх үедээ монголчууд хүчирхэг байсан. Тэр байдлыг Гумилёв пассионар буюу оргилмол чанар гэж томъёолсон байдаг. Энэ газар нутагт эцэг өвгөдийн маань мянга мянган жилийн хүч, эр зориг, илч дулаан хуримтлагдсан юм. Бидний монгол нутаг монгол хүндээ хязгааргүй ээлтэй, ивээлтэй. Хөл нь газарт хүрэх тусам хүч ордог Антэй баатартай бид адил. Газарт амьдын хүч, амьдрал тэтгэгч эрчим дүүрэн лугшиж байдаг. Хөрсөн дээр гишгэхэд эрч хүчийг мэдэрч, хүртэж, эцэг дээдсийн сүнстэй нэгдэж, ивээлийг авдаг.
Монгол бол эх эцэг, хайрт хүмүүс, гэр орон, унаган нутаг, төрөлх хэл соёл, оюун ухаан, үнэлж баршгүй эрдэнэ, үзэсгэлэнт байгаль, эрч хүч, сүлд хийморь, амьдралын утга учир, өөрийн гэсэн бүх юм, амин сүнс. Монголынхоо төлөө бурхан тэнгэртээ залбир. Монголоо хайрла, тэгвэл Монгол таныг хайрлана.
Монголыгоо шүтнэ, биширнэ гэдгийг хий хоосон мухар сүсэг гэж ойлгож болохгүй. Монголынхоо төлөө хийж бүтээж, сурч мэдэж, ухаарч явцгаая аа.
Ингэж би үеийн залуустаа хэлмээр байдаг аа. Энэ эссегээрээ ч хэлж байна. Монголоо таньж мэдэх тусам л Монголоо ойлгож мэдэрч, Монголоороо бахархаж, Монголоороо амьдарч эхэлдэг ээ.
Хосгүй, хосгүй, хосгүй... Мянга түмэн хосгүйг Монголынхоо тухайд хэлж болно. Монгол маань үнэхээр биднийхээ хувьд Шамбалын орон билээ. Үүнийг эцэг өвгөдөөс өгсүүлээд өнөөгийн олон монгол хүн харж, мэдэрч ирсээн. Гадныхан Шамбалын орныг хайж л байг, тэд Монгол тэр чигээрээ Шамбалын орон болохыг харж чадахгүй байна. Харин бид хардаг, яагаад гэвэл бид монголчууд учраас.
Гэхдээ Шамбалын орон байх уу, үгүй юу гэдэг нь биднээс мөн шалтгаална. Гэм нүгэл тэр хүний бүх ертөнцийг там болгон хувиргана. Алийг сонгох вэ? Мэдээж, буянаар оршигч, бүтэгч Монгол хэмээх Шамбалын орноо сонгоцгооё оо.

Ч.Мөнхбаяр

No comments: