Monday, February 23, 2009

Өмнөд хөршид зорчсон тэмдэглэл

1. Эрээний гуниг

Элсэндээ шигдэх дөхсөн Замын-Үүдийн хүйтэн өглөө, хилийн хоёр хотын хооронд л мөлхөх манай халтайсан навтгар автобусны пиг чихэлдээн, бие биеэ түлхэлцэн гаалийн оочир луу ухаан жолоогүй гүйлдэх авгай хүүхнүүд, 1943 онд тээшээ шалгуулж байгаа германы хөөрхий еврей нар шиг дүр төрх.
Манай гааль “хятадууд оруулдаггүй юм” гээд монгол хэл дээр байгаа ном сонинг хичээнгүйлэн хурааж байв. Уг нь “гадагш монгол хэлээр байгаа ямар ч зүйлийг гаргаж үл болно” гэсэн Монголын хууль дүрэм байдаггүй л байлтай.
Хятадуудын ажлыг хийдэг монгол гаалиасаа гарахад нэг цүнхэн дээр хоёр гурваараа овооролдож, монголоор “Хөөе!”, “Яв аа!” гэхээс өөр харьцааны соёлгүй өмнөд хөршийнхөн маань угтав. Бас ч гэж вагонд уншиж явсан детектив романыг маань ямар ч яриа тайлбар, ёс төргүй л хураачив. Өчүүхэн төдий ч оочир дараалал үүсгэлгүй, шуурхай шалгах нь тайвшруулах ч, амбаардах дөхөн хөөж тууж, зандарч омогдох нь “Шиндлерийн бүртгэл”-ийг санагдуулаад байв аа.


Эрээний "Шинэ зээл"-ийн нэгэн гуанзанд арилжаа наймааны ажил явдлаа ярин суугаа нь

Хятадын гаалиас өнгөртөл, диваажин гээч нь энэ үү гэлтэй дүр зураг угтав. Нар дээр хөөрч, бээрсэн биеийг бүлээцүүлэн ээнэ.
Асар том солонгын дүрсэт арк. Хүн амьтангүй, нүд алдам цэлийсэн цэмцгэр гудамж талбай. Хүч хайрлалгүй тарьсан, цэл ногоон навчист алаг цэцэг, мод бут.
Автовокзал дээр бужигнах ахан дүү өвөр монголчуудтайгаа уулзлаа. Гэтэл тэд маань монгол хэлийг тун чиг халтуурдаад сурчихсан харийнхан шиг, эсвэл орбоотууд шиг санагдаад болж өгдөггүй. Харьцааны соёл гэдгийг энэ насандаа дуулаагүй янзын тэд “Хөөе! Явъя аа!”, “Буудал явъя аа!”, “Зах явъя аа!” хэмээн омогтой шаардаж, баривчлах мэт гар хөлөөс чангааж, булаагч шүүрэгчид адил ачаанаас үгтээнэ. Юун нөгөө ахан дүүс байхав. Сүүлдээ дургүй хүрч, уур оволзоод ирдэг юм билээ.
Хайнгууд харахад хотын үзэмж гоё сайхан ч үнэн янз байдал нь их л гэнэн. Нэгэн гол талбайд нь нүцгэн европ эмэгтэйн дүртэй, ренессансын үеийнхийг санагдуулам томоо гэгч барималтай усан оргилуур буй бөгөөд, утга агуулга нь юу вэ? Гурилдсан, халтуурдсан зүйлс ч зөндөө.

Буусан буудлынхаа өмнөх нэгэн гоё усан оргилуурын дэргэд саатсан минь

Цэвэр, шинэ гудамжийн хажууд аймшигтай бохир заваан, хар бараан, манай гэр хороолол хажууд нь гэгээ болом хуучин гудамжнууд тохиолдоно. Ерөөсөө хэдэн гайгүй гудамжаас нь хадуурчихлаар нь тийм ертөнц угтана. Манай нэг ТВ-ээр саяхан Эрээнийг бурхны орон байгаа адил шагшин магтаж, “хөгжил нь Улаанбаатараас хол тасарчээ” л гээд байсан. Тийм биш юм.
Өргөн зам гудамжаар нь машин, хүн тоотой хэд үзэгдэнэ. Машинтай хүн энд ховор, харин жирийн болон “мянгын” дугуйтай нь бол тэднээсээ хавьгүй олоон. Нэг гэм нь элдэв дугуйтнууд явган хүний замаар ч, зах зээлээр ч хаа хамаагүй сүлжилдэн давхиад амар заяа үзүүлэхгүй. Эл хульхан байхын учир нь, монголчуудад л худалдаж, үйлчлэх гэж босгосон энэ хотын ард иргэд цөм дэлгүүр хоршоо, гуанз, буудалдаа нуугджээ.
Шинэ зах нь шилэн дээвэртэй, чулуун шалтай, гял цал болсон газар. Даанч, манай “Нарантуул”-тай зүйрлэх аргагүй. Амь амьдрал гэж даанч үгүй. Уртаас урт, өргөн гудмуудад нь хаа нэг хэдэн монгол үзэгдэнэ.
Лангуунуудаар ороход эзэн олдохгүй байх нь ховор биш үзэгдэл. Чанх дээр, 2-р давхарт нь байх гэртээ бүгчихсэн байх аж. Аль нэг мухарт нь ТВ үзээд, хоол идээд сууж байх юм уу, хэвтээд унтаж байх зэргээр “үйлчилнэ”. Ажилч хичээнгүй л гэдэг, залхуу, санаачлагагүй улс уу гэж бодогдоно. Манайд тийм наймаачин байдаггүйсэн.
Эрээний зах “үнийн диваажин”. 7 мянган төгрөгийн костюм зэрэг элэг хөшмөөр зүйл ч тохиолдоно. Нэгэн лангуунд дэлхийн хамгийн алдартай виски, коньяк, дарс, манай “Чингис”-үүд ч 7-10 мянгаар л овоолоостой байв. Оригинал эсэхийг таних “мэргэжилтэн” би ч ялгахааргүй л юм билээ.
“Улаанбаатарын ориг бараа” гэсэн хаягтай лангуун дотор Монголын цөөхөн брэндүүд хэд дахин хямд үнээр өрөөстэй. “Gobbi” гэдэг манай брэндийн тусгай лангуу ч бий.
Даян дэлхийн бүхий л нэртэй зартай бүтээгдэхүүн ирийнэ, ярайна. Манайд байдаг бүхэн л байх юм билээ. Хүнс л байхгүй. Ерөөс хүнс гэдэг Хятадын хүнд асуудал болох нь ойлгогдсон. Хүнсний төлөө л Эрээн хот боссон аж.
Монголын худалдаачид цөөн үзэгдэх хэдий ч, барааг “дарж” өгнө дөө. Тэдний ярихыг сонсвол, хамаагүй чихэж баглаж байгаад, “гахай”-гаа дэлбэлдэг гэнэ. Яг л гранат дэлбэлсэн шиг юм болж, хүмүүс нь хийсч ойчоод, бараа нь өөдөс үртэс болчихдог юм гэсэн. Үнэн худлыг бүү мэд.
Захынхаа гудмын голд энд амьдардаг наймаачид хамаг хогоо овоолоод хаячихна. Хогийн сав гэж мэддэггүй бололтой. Овоорсон хогийг золбин нохой муур онгично. Ариун цэврийн талаарх ойлголт, төлөвшил нь ондоо. Улс нь сайн сайхан юм барьж босгож өгөөд байхад ингэх ч гэж дээ гэж өмнөөс нь харуусна. Авто замын голд нэг томоо гэгч хүүхэд баагаад сууж байхад буруутгах амьтан олдохгүй л байсан.

Элсэн дээр ийм гоё цэцэг ургадаг юм байна

Захаа тойроод монгол наймаачдад зориулсан жижиг буудлууд шавчихсан. Тэр буудлуудын үүдэнд Монголоос “гаальтай” машинууд маань ирж үйлчилнэ. Би нэг тийм буудалд шөнө Бээжингээс ирээд хоносон чинь, өглөө нь 20 юань л авсан юмдаг. Тэндхийн эзэн нөхөр гэргий хоёр буудлынхаа үүдний дэргэд ороо засаад л унтдаг, хоол ундаа хийгээд иддэг, эндээ амьдардаг л юм билээ.
Эрээний тэнгэр цэлмэг, агаар цэвэр тунгалаг, гудамж талбай тоос шороогүй. Монгол хэл мэдэхгүй хүн гэж үгүй, бүгд л хэрэндээ найрсаг, уриалгахан. Түүнийг нь өвөрмөц харьцааны “соёлоос” нь болоод хэгжүүрхэж, янз үзээд байна уу гэж ойлгох явдал бий. Дасаад ирэхлээр тун ч дажгүй санагдах хот юм билээ.
Гэхдээ Эрээний уйтгар гуниг гэж бий. Худалдаа үйлчилгээ хэтрээд ирэхлээр ажил амьдрал утгагүй болдог байна. Эндхийн худалдаа үйлчилгээ Монголын хэрэгцээнээс өчнөөн дахин давчихаж л дээ. Чингээд борлодоггүй бараа, үйлчилгээнийхээ дэргэд гансарч цөхөрсөн, монгол хүн нааш харвал царайчилж, аргаа барсан, тийм хүн ардын хот болчихжээ.
Манайх ч гэсэн, өнөөгийн янзаараа явбал тийм л болно. Харин Хятадад засгийн газар байдаг болохоор Эрээнийг үйлдвэржүүлэх, олон салбарт эдийн засагтай болгох арга хэмжээ авч буй нь харагдсан. Тэр нь Монгол орны хэтийн төлөвт аятай таатай нөлөөлнө гэж үү дээ.
Бас Эрээний хүн ардыг өвөр монгол, хятадын аль болохыг мэдэх арга үгүй. Бүгдээрээ л адил царай зүс, дүр төрх, соёлтой, монголоор муухан, хятадаар ус цас ярьдаг. Бид ч бас ийм болох вий дээ гэсэн уйтгар гуниг эзэмдэн байсан авай.

(Үргэлжлэл бий)
Ч.Мөнхбаяр. MMVIII.IX.XXI

No comments: