Monday, February 23, 2009

Их нуралт


(3-р хэсэг)

Хөршүүдтэйгээ жинхэнэ ёсоор найрамдаж нөхөрлөж явъя

Манай улс төрчид хоёр хөршөөсөө хараат байх ёстой, хараат байхаас ч өөр аргагүй гэж их ярих болсоон. Ингэж ярьдаг, ийм юмны төлөө зогсдог улс төрч гэж байх ёсгүй, байдаг ч үгүй юм. Харин эсрэгээр, хэрэв том улстай хөршилдөг бол юун түрүүн түүнээс хараат бус байхыг улс орнууд эрмэлздэг байна.
Хэнээс ч хараат бус байхын тулд л улс гэж оршин тогтнож байгаа. Болбол дэлхийн хамаг улс гүрэнтэй найрамдан нөхөрлөж, тэдэнтэй эрх тэгшээр хамтран ажиллахын тулд гадаад харилцаа гэж инститүц байдаг. Манайд тэр нь нураад уначихжээ. Түвдийн бослогыг дарсныг дэмжиж байна гэж ганцаараа орилдог, иргэнийг нь харьд үзэл санаанаас нь болж бариад хорьчихоор нууцалдаг, хар тамхины наймаачдаа болохоор суллуулъя гээд хөөцөлдөөд байдаг “гадаад харилцаа” л манайд байна.
Их нуралтад шатахууны өндөр ханш, үнийнх нь байнгын өсөлт нэлээд үүрэг гүйцэтгэсэн. Орос гэхээр л шатахуун ярьцгаадаг. Кремль “ингэхгүй тэгэхгүй бол шатахуунаа нийлүүлэхгүй, хөнгөлөлт үзүүлэхгүй” гэж сүрдүүлээд хүссэнээ хийлгээд байдаг юм байх. Ингэж л дарга нар маань боол нь болчихсоныгоо тайлбарладаг.
Тэр шатахуун нь дэлхийд хамгийн өндөр үнэтэй. Бөмбөрцөг даяар үнэ нь унаад л байхад харин өсөөд байдаг, тийм л нэг “ид шидтэй” шатахуун. “Яагаад шатахуун хямдрахгүй байна вэ” гэхэд “Роснефть л ийм үнээр бидэнд өгөөд байгаа. Харин ч бидэнд хөнгөлөлттэй үнээр нийлүүлснээсээ болж, Роснефть сая сая долларын алдагдалд ороод байгаа” гэж дарга нар маань гоншгонодог.
Путиний гаж буруу дэглэм нефтедоллар дээр л тогтож буй. Дотооддоо ч өндөр үнэтэй нефть, хий, шатахуунаасаа санхүүждэг. Тэр дэглэм манайд экспортлогдсон гэлтэй. Оросуудын өмнө /бас хятадууд, харийн элдэв луйварчдын өмнө/ өөрийн толгойгүй, мал шиг болчихдог дарга нарыг яалтай нь ч билээ. Мал бол заазлана гэхсэн. Ямар ч ашиггүй л амьтас санж.
Монгол өөрөө Дорнод, Дорноговь, Хэнтийд нефть нь илэрчихсэн, бусад газар ч илрэх магадлалтай, нефть болох боломжтой нүүрсийн хязгааргүй шахам нөөцтэй орон. Бас Казахстан, Хятад, Арабаас шатахуун авах боломжтой гэж байгаа. Гэтэл Путиний дэглэмийг нефтедоллараар санхүүжүүлэх сүлжээний нэг хэсэг нь болчихоод л, тэдний юу хэл, хий гэснийг нь гүйцэтгээд л, ардчиллыг нухчин дараад л, алт мөнгөө өргөн бариад л явдаг болж. “Шатахууны эх үүсвэр ганц гэдэг нь хэнд ч ойлгомжтой” гэж мэдэгдсэн улс төрч хүртэл буй.
АНУ-д литр бензин 600 төгрөг байхад манайд 1300-гаар зарагдаж байна шүү дээ. Тэнд хөдөлмөрийн цагийн үнэлэмжийн доод хэмжээ 8000 төгрөг атал, манайд 500 төгрөг юм биш үү.
Дэлхийн зах зээлийн ханшаас өндөр үнээр авдаг орос шатахуунаа дэглэмийн дамчид маань дамлачихна. Шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд талх 6, кг мах 20, такси 10 төгрөгөөр нэмэгдэх учиртай гэнэ. Түүнээс 10 дахин их нэмэгдэж, ард олныг зүйл бүрийн шулаачид туйлдуулж ирсээн.
Найрамдал-дружба маань нэг иймэрхүү. Шатахууны жишээн дээр л ярьлаа.
Колонкийн сүлжээ байгуулгахгүй бол шатахуун нийлүүлэхгүй ч гэж Кремль, Роснефть хоёр гэдийж байсан. Аягүйдвэл шатахууны цэрэг ч гэдэг юм уу, углеводородные войска ч гэдэг юм уу, ороод ирнэ. Гүржид цагаач осетуудын москва хийцийн тоглоомын улсанцарт железнодорожные войска гэгч орж ирээд, тэгээд л эзэлж аваад л, дайтаад л, “тусгаар тогтнуулаад” л, Оростой болон Орос-Беларусийн холбооны улс гээчтэй нэгдэх хүсэлт гаргуулаад л, даян дэлхийг яаж л алмайруулан хөшөөж байгаа билээ дээ.
Хөрш сайн гээд нэгдэж болохгүй, хөрш муу гээд нүүж болохгүй гэх үг байдаг. Манай эрх баригчид ч, “нэгдэхгүй бол шатахуун өгөхгүй нь ээ” гэж солиорчих гээд л хэцүүхэн сууж буй.
БНХАУ-д нэгдэх хүсэлтийг бол удаа дараалан, бүр аймаг сумын дарга нь хүртэл гаргаж байсныг дэлхийн мэдэж авсан. “Энэ улсын ард түмний төлөөлөгч болох төрийн түшээд нь олон жилийн турш манайд нэгдэх хүсэлтийг тавьж ирсэн тул, аргагүй ёсоор болгоход хүрлээ” гэж олон улсын өмнө тайлагнах гээд, архивлаад цуглуулж байдаг юм гээ биз дээ.
Харин тэр л хүсэлтийг тавьж байсан дарга нар өдгөө Хятадад ширүүн дориун хандчих гээд, тэр гүрэнтэй улс орноо муудалцуулчих гээд байдаг болсон нь учиртай. Өөр “атмааны” ивээлд орчихлоо гээд л пээдэлзэж, бацаан зангаа гаргаж байхгүй юу. Тараг уугаад л, ташраар нь толгой цавчсан тухайгаа яриад суудаг банди нартай адил царайлж чаддаг л хэрэг.
Тэд 1990 оноос хойш улс орноо Хятадаас дэндүү хараат болгосон. Хятадын өвчтэй эрхтэн л болгочихсон шүү дээ. Хамаг судас шөрмөсийг залгаж оёулсан.
Юманд учир, суманд гичир гэж буй. Өнөөдөр Хятадтай дайсагналцвал олон сөрөг үр дагавар гарахаар болсон. Хятадын хямд бараа бүтээгдэхүүн дээр суурилж худалдаа-үйлчилгээ эрхэлдэг үй олон хүн зон яах вэ.
Дан ганц Оросыг түшиглэсэн 70 жилийг давтах нь Монголын ард түмний туйлын хүслэн, оршихуйн утга учир мөн үү? Хойд Солонгос стилийн хачирхалтай нийгэм байгуулж буй хойд хөрш хэдийнээ дэлхийгээс тусгаарлагдаад эхэлчихсэн, “Оросын эсрэг бүх дэлхийн хуйвалдаан”-ыг ярьдаг болсон. Хүнсний гачаалд орох шинж тэмдэг тэнд илэрч буй. Нефтийн үнэ ч, рүблийн ханш ч унаж байгаа…
Энэ л улсын “үндэсний соёлын автономи” (ҮАС) гээч нь болох гээд яараад байна уу даа гэх хардлагыг дарга нар маань төрүүлээд байх юм. Автономиудаа устгаж эхэлсэн Москва тийм бүтцийн тухай ярих болсон л доо. ҮАС гэдэг нь юу ч биш л гэсэн үг юм. Тухайн хэлээр ярихыг хориглохгүй л гэсэн үг юм билээ (Оросоос өөр үсгээр бичихийг бол хуулиар хориглочихсон шүү дээ).
Хятадтай харилцаагаа хүйтрүүлэх гээд байна уу даа гэлтэй зарим деталь ажиглагдаж байгаа болохоос бус, байсан хандлага үндсэндээ хадгалагдаж буйг тэмдэглэх нь зүйлтэй юм. Нэг бус, хоёр улсын ҮАС болох магадлал илүү үнэмшилтэй байгаа билээ.

Дэлхийн хямрал ба бусад

“Америкийн аюул занал”, “Хөрөнгөт нийгмийн хорлол”… Социализмын үеийн эдгээр тэнэг мунхаг үзэл суртал эргэн ирж байна. 1990 оноос хойш унаж ирсэн оюуны түвшинд таарах болохоор тэр үү, аль эсвэл?
Дэлхийн хямралтай холбоотойгоор Америкийг хараан зүхэж байна. Монголын Их нуралт бол “ихэс дээдсийн” маань мулгуутай огт холбоогүй, харин дэлхийн хямрал, тухайлбал гайтай хөөтэй Америкаас л болсон юм байх.
АНУ, Европ, Япон бол Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилал, хөгжил дэвшлийн баталгаа юмсан. Манайд тэд л хамгаас их тусалж ирсэн, манай олон сайн сайхан тэдэнтэй холбоотой, тэдний гарант байгаагүй бол Монгол өдийд байхгүй…
Гэтэл эдгээр анд нөхөд, “гуравдахь” хөршүүдийгээ ад шоо үзэн хялайх болсон нь өрөвдөхөд өр өшиглөв гэлтэй хүний үнэргүй явдал мөөн.
АНУ хямрахад л дэлхий хямарна. Гэхдээ АНУ-ын хямрал гадаадын шалтгаантай байж болно. Антисемит үзлээр халхавч хийж, ашиг хонжоо хайсан олон орны баячууд еврей бизнесчдийг унагах, еврейг хавчин гадуурхдаггүй АНУ-ыг бас хяхан боох гэж чармайсны дүнд 1930-аад оны Их депресс болсоон гэж вээрс байдаг.
Азийн хямрал Монголд мэдэгдэхүйц нөлөөлөлгүй өнгөрч байсан. Дэлхийн хямрал ч Монголын нуралтад төдийлөн их үүрэг гүйцэтгэхүй байна. Зэсийн үнэ унасан хэдий ч, ашиг малтмалын ач тус гэж ард түмэнд ирдэггүй байсан болохоор нөлөөлөөд байх юм алга шүү дээ. Ноолуурын явдал бол хятадуудын эртний бөгөөд, урьдчилан харж бүрэн болох байсан төлөвлөгөө болохоос бус, дэлхийн хямралтай холбоогүй юм. Дотоодын хямралдаа л орно.
Монгол орон олон улсын банк-санхүүгийн ертөнц, үндэстэн дамнасан хувьцааны тогтолцоо, дэлхийн эдийн засгийн чиг хандлагатай холбоо сул, хамаарал бага нийгэмтэй, зүгээр л хувь хүн болгон нь “бие даасан” “нано эдийн засаг” болоод явдаг тул дэлхийн хямралд өртөөд сүйдэн майдан болоод байх явдал үгүй юм. Дотоодын хямрал болох Их нуралтдаа л нэрвэгдээд явнам, бид. G20 л гол нь хямраад байгаа шүү дээ.
Тэр Америкийг хараан зүхэж байхын оронд, хэн нэгнийг 3 жилийн цалинг нь өгөх болзолтойгоор халж байгаа, хүний төлөө гэсэн нийгмээс нь суралцаасай даа, манай дарга нар.
Нэгэн вээрсээр бол, дэлхийн хямралыг Хятад зохиогоод бантан хутгачихсан аж. Хямд бараагаараа бөмбөрцгийг дүүргэж, хөдөлмөрийн глобал хуваарийг эвдэж, хаа сайгүй ажилгүйдэл, дампуурлын үрийг тарьсан. Өөрсдөө бүсээ чангалж байж, олон жилийн турш дойлууран уул овоо хуримтлуулсныгаа гэнэт хямд үнээр зарж, ханшийг нь унагасан. Ингэснээр доллар, түүнтэй уягдсан валютуудын үнэ цэнэ буурч, юанийх өссөн. Доллар, холбогдох валютуудын масс ихтэй орнууд автоматаар ядуурч, Хятад юаний массаараа “баяжиж” ирэх жишээний.
АНУ, Барууны компаниуд валютын ханш унаад ирэхлээр, бүтээгдэхүүн-үйлчилгээнийхээ үнийг нэмэхэд хүрч, улмаар худалдан авагчгүйдэх, үнээ нэмэхгүй байсан ч бүтээгдэхүүн-үйлчилгээ нь үнэ цэнэгүйдэх, хямдрууллаа гэхэд хэмнэлтийн зарчимтай мөргөлдөөд, аргагүй гацаанд орон, уруудсаан.
Хятад бусад оронд хямд бараагаа улам ихээр (болж өгвөл үнийг нь зарим хэмжээгээр өсгөөд) борлуулж, мөн хямдарсан бүтээгдэхүүн-үйлчилгээг нь авах замаар тэдгээр орныг хямд ажиллах хүчнээ болгох, бас түүхий-эдийн үнийг өсгөөд монопольдон авч бусдыг улам доройтуулах, өөрөө оройлон хөгжиж, дэлхийд цойлоод манлайлан жанжлах төлөвлөгөөтэй байсаан. Хятадад, “ийм юм битгий хий” гэж том гүрнүүд мөн ч олон удаа хэлж байсан, тусыг олоогүй. 1980 оноос хойш үүнийг л чиглэж ирсэн улс болохоор, замаасаа буцахгүй.
“Дэлхийн хямрал гэтлэгдэхэд хүчин туслалц” гэхэд Хятад тэгьяа гээд, ахиад л их хэмжээний доллар, валют гаргаж ирж, ханшийг нь унагаад байсан. G20-ын чуулга уулзалтад Ху Жинтао долларыг шүүмжилж, дэлхийн валютын тоог нэмэгдүүлэхийг шаардаж, юанийг олон улсын төлбөр тооцоонд ашиглахыг санал болгосон нь “эдийн засгийн дэлхийн дайн”-ы төлөвлөгөөнийх нь эс ширхэг л буюу.
Ийм вээрс ч байдаг байна шүү, таминь ээ.
Хятад ашигт малтмалын үнийг өсгөх, өөр бусад шалтгаанаар ч өсч ирэх магадлалтай. Тэгэхлээр хямралыг гэтлэх манай гол хөзөр бол ашигт малтмалаа л галзуурч солиороод байлгүй шиг, хэвийн хүний ухаанаар ашиглах энгийн үйлдэл юм.
Гэтэл даунист төр маань гадаадаас урт хугацааны их хэмжээтэй зээл авах, гадаадын зээл тусламжид тулгуурлан төрийн том банк байгуулах, засгийн газрын бонд гаргаж гадаадад худалдаад олсон мөнгөө арилжааны банкуудад байршуулах, арилжааны банкуудын хувьцааг худалдаж авах – гээд л, янз бүрийн мөнгө босгож дарга нарт төрийн болон хувийн бизнесийнхээ шугамаар, аалзны торныхоо битүү тойргоор хувааж идэх боломж гаргаж өгөх л юм сэтгэж буй. Ашигт малтмалаас бол “зугтаад” л давхиад байгаа юм.
Хэрэв ашигт малтмалдаа зөв хандвал дэлхийн санхүүгийн хямралыг ихээхэн хожоотой ч давж гарч болно. Түр засаг гээчис маань харин хүн ардаа харгислаад л, ард түмний өмчийг гахай шиг хомхойрон идээд л, язарч дэлбэрчих гээд л түгшээн байна. Уг нь ухаалаг хандвал, хямрал дээр дөрөөлөөд хөгжчихөж өлхөөн болдог аж. Ялангуяа байгалийн баялагтай улсууд.
Дэлхийд ашигт малтмал хэрэггүй хэмээн эх орондоо элэг буруутай адгийн шаарууд арван жил чарлалаа. Өдгөө харин ашигт малтмалгүй нь гайтай хямарч, малтмалтай нь гайгүй хямарч байна. Ерөөс хүн төрөлхтний амьдралын материаллиг үндэс нь ашигт малтмал аж. Ашигт малтмал, түүхий эдийн үнэ өсч, тэдгээрээр бүтээсэн 2-догч, 3-дагч бүтээгдэхүүн, эсвэл ашигт малтмал дээр суурилаагүй бүтээгдэхүүний үнэ үргэлжлэн унах ялгарал гарч ирж байна шүү дээ.
20-р зууны 30-аад оны дэлхийн их хямралын үеэр ЗХУ тэр 2, 3, 4-дөгч бүтээгдэхүүнийг Баруунаас хямдаар авч, анхдагч буюу ашигт малтмалаа зөв эзэмшээд хөгжиж байсан түүхтэй. Энэ хямрал гараагүй бол, хичнээн гулаг-ольтриг байгуулаад өндийж босохгүй байсан юм.
Иргэний хөдөлгөөнийхөн, ардчилагчид, эх орончдыг “Эд харийнханд бэлэглүүлэхгүй байсаар байгаад, ашигт малтмалын үнийг унагачихлаа!” гэж харгис дэглэмийнхэн хилэнтэйеэ зэмлэж байна. Харийнханд 1997 оны хуулиараа бүрэн бэлэглэчихсэн байсан ч, үнийн нэмэгдлийн 68 хувь үгүй болох л байсан. Басхүү өөрсдөө харийн луйварчдын дунд авлигын уралдаан зарлачихаад, дүгнэлгүй удаашруулж, улам ихийг халааслан суусан нь 1997 оны геноцид-хууль нь хэрэгжээгүйнх нь гол шалтгаан шүү дээ.
Их нуралтыг тойрон хүрээлж буй гадаад нөхцөл байдлын талаар ярилаа. Хэрэв ашигт малтмалаа л эрүүл ухаанаар ашиглах аваас, гадаад нөхцөл байдал туйлын таатайгаар эргэх нь дамжиггүй.
...Аяа, 1990 оноос хойш үндэсний ашигт малтмалын үйлдвэрлэлийг хөгжүүлсэн бол...

Ч.Мөнхбаяр
MMVIII.XII.XVI

No comments: