Monday, February 23, 2009

Их Нуралт


(4-р хэсэг)

МАА болон хувь хүний нуралтын аймшиг нүүрлэв

Уг нь, “эрх баригч намыг овоо шүүмжлэх гээд байнуу даа” гэж ойлгогддог байсан нэгэн нийтлэлч маань сүүлийн үед бараг улаан хамгаалагч хунвэйбин нь болж хувираад, “төр маань хошного шиг хэдий ч, миний л хошного, бидний л хошного, тэгэхлээр энэ төрийг тойрч хаяж яавч болохгүй ээ” ч гэх шиг, янз бүрийн аргаар л өмгөөлөөд байдаг болсон.
Саяхан, тэрбээр: “1986 онд жилд нэг хүнд 86 кг гурил оногддог байсан, одоо 120 кг оногдож байна. Урьд борлогдож буй гурилын 80 хувийг 2-р гурил эзэлдэг байсан, одоо бол 5 хувийг эзэлдэг боллоо” гэж бичээд, улс хөгжиж, амьдралын түвшин дээшилж л байгаа даг хэмээжээ.
Би өөрөө ч социализмын үед өссөөн. Тэгж их хар гурил идээд байгаа амьтан тааралддаггүй л байсан. Өдгөө ч, тийм 120 кг гурил идээд байгаа улсыг үзэхгүй л байна. Дээрх 86 гэдэг тоо 1986 оны сүүлийн хоёр цифр, 120 гэх тоо чөлөөт бөхийн дээд жингээс хуулбарлагдсан бололтой. Эсвэл урвуулаад биччихсэн байж таарна.
Социализмын үед нийгмийн халамж дээд зэрэг, амьжиргаанд хүрэлцэх цалинтай, үнэгүй эмнэлэг, сургуультай, сайн ажиллавал байртай байсан нь үнээн. Одоо бол, тэр хачирхалтай их, цаасан дээрх гурилнаас өөр юу байна? Нүглийн нүдийг гурилаар хуурнаа, гэж...
Дээрх бичигч, Монголын гол гамшиг бол үндэсний үзэлтэн, иргэний хөдөлгөөнийхөн, мэргэч төлгөч, шашныг шинэтгэхийг оролдогчид, боловсролын салбарынхан зэрэг сэтгэцийн өвчтөнүүд гэжээ. “Нялх хүүхдийг эрдэмтэн болгохыг оролддог” хэмээн тэр, боловсролын салбарынхны сэтгэцийн өвчнийг нотлох гэсэн байх жишээтэй. Бас, “мухар сүсэг улс орныг бараг бүрэн эзэлсэн солиорол болсон” гэх нь ч үзэгдэнэ.
Монголын гол гамшиг бол харийнхны дэмжлэгтэй тоглоомын дэглэм. Оюуны салбар дээр тогтож ярих аваас, 18 жилийн турш дэглэмээс зохион байгуулж ирсэн оюуныг хоосруулах, хомсдуулах ажиллагаа юм гэж нэг гамшиг байж байна.
Хэн ч нялх хүүхдүүдийг эрдэмтэн болгох гээгүй. Дээрх бичигчийн сонин, боловсролыг эсэргүүцэж, хичээнгүй бичиг зааж болохгүй гэж хүртэл туйлширч ирсэнтэй адил зүйлийг л боловсролынхон хийж явсан буюу.
Нийгэмд сэтгэцийн өвчин, солиорол бий юу, бий. Гэхдээ золигт гаргах гээд байгаа тэр хэдэн бүлгийнхэнд байгаа бус юм. Төр оюуны геноцид хийх Бүх Монголын хөтөлбөртэй ажилласан болохоор хаа сайгүй л бий. Наад зах нь, “гурилны үлгэр”-т итгүүлэх гэж, тийм хөтөлбөр хэрэгжүүлсэн юм шүү дээ.
Итгэж ч байгаа. Монгол гэдэг нэрээс ичдэг болчихсон атлаа л, үнэнийг хэлэхлээр, эх орноо мууллаа гэж өрвөлзөх. “Ухаантай” л юм бичихгүй бол, огт ойлгоогүй байж, уурласан хилэгнэсэн, жигшсэн, “гурилны үлгэр”-т хэт итгэсэн улс талаар дүүрэн л болж шүү дээ. Юундаа уурласан юм бол гэж бүр гайхмаар. Мөн чанартаа бол, улс орныхоо эмгэг өвчнийг тоолгүй, анагааж асрах байтугай, тэр тухай сонсохоос ч зугтаж байгаа, намын бууны ноход, пиарчид болчихсон, арчаагүй цанца-нууд олширсоор л аж.
“Эх орон минь сайхан л байна!” гэж маанайгсдын дунд, үнэндээ сайн сайханд дургүй, сайн сайхныг багтаах зайгүй бачуу дотортнууд олоон. Сайныг үзэх аваас давчдаж үхэх дөхдөг нь, нар үзээд хайлах вампируудын адил. Тэдний атаа жөтөө Монголын сайн сайхан бүхнийг сөнөөж чадна.
Монгол орон сөнөх нь ч, шинэ цагийн зомби-нуудад падгүй. Нэг хүн амиа аргалчихаж болно, харин үүнээс болж ард түмэн яах вэ? Тэр тухай огтхон ч боддоггүй, төрсөн эхийгээ алахаар дайрдаг манкуртууд өсч үржсээр л байна.
Энэ улс түмний төлөө хэн тэмцэх юм бэ? Хэн ч биш л болчих гээд байна. Бүгд л хар амиа хичээцгээх нь ээ. Янз бүрийн нам, хөдөлгөөнд энгийн иргэнийг юу угтдаг вэ. Гагцхүү түлхэх хүч. Ерөөсөө нам, хөдөлгөөн ч гэлтгүй, хаа сайгүй, өнцөг булан бүрд л тийм байдаг шүү дээ.
Миний угаадсыг булаачихвий гэсэн хашааны халтрын харц, харамлал, битүү хүрхрэлт, аягүйдвэл хуцалт, зуулт угтдаг аа. Ийм байхад, сумын улаан булан шиг хоцрогдсон улс орон маань яаж өөрчлөгдөх вэ дээ.
Монгол өнөөдөр татгалзлын орон, аткаазын орон болсон. Ардчилал биш, аткаазыг бид барьж байгуулаад байна. Хуцмал халтрын зөрүүдлэл яагаад асар их газар авсан бэ.
Учир нь зөрүүдлэх гэдэг бол өөрийгөө харуулах, онцлох хамгийн хялбар арга. Хамгийн хялбарыг оюуны хоосролын хөтөлбөрөөр онц боловсрогч л сонгох буюу.
Зах зухаас нь задгай зэлгий жаахан өгүүлэхэд л ийм байх жишээний. Хувь хүний нуралт-өнөөгийн нийгмийн гол асуудлуудын нэг буюу.


“Социалист нийгэм ямар ачтай билээ. Тэр хэн улаан архичин л байсан, намын дарга болгочихлоо. Тэр хэн ямар банзал хүүхэн байлаа, эвлэлийн дарга болгочихлоо. Нөгөө хэн чавганцын хүү гээд умаахан тэнэг амьтан байсныг багийн дарга болгочихлоо ш дээ” гэж онигоо байдагсан.
Гэтэл манайд дээрх онигоо, бодит байдлын хооронд ялгаа тун бага болж. Тэнэгүүд дээр гарчихсан. Тэд нь чадвартай хүнээр өөрсөддөө хэрэгтэй юм хийлгээд авахын оронд, юу хүсээд байгаагаа ч мэдэхгүй эргүүтэж, хэнд ч хэрэггүй юм хийлгэж, улмаар тэр хүнийг чадваргүй гэж дүгнэцгээдэг. Оюуны хомсдолтой дарга таны ярьсныг ойлгохгүй, яаж тархи нь шархирч, шажигнаж, шаналж байдаг дүр зургийг санагтун. Тэнэгүүдэд зохимжтой, тэнэгүүдийн энэ нийгэмд, их л бодож угтах үйлчилгээнд сууж байх ёстой хүн дарга, захирал болчихоод л, өөрөөс нь илүү оюун ухаантантай ойлголцохгүй, бухимдаад, тархи нь шажигнаж дуугараад л явж байдаг. Ойлголцох тэнэгүүдийгээ өөд нь татах шалгарлыг л тэд зохион байгуулж ирсээн.
Уг нь, тэнэг хүнийг өөд нь гаргаж, тэр тусмаа төрд гаргаж болохгүй. Ухаантай хүн дээд шатанд, тэнэг хүн доод шатанд л байх ёстой. Харин манайд яаж яваад, тэнэгүүд ухаантнуудын дээр гарч, тэнэгүүдийн дарангуйллыг тогтоож, тэнэгүүдийн нийгмийг байгуулчихав? Ухаантнуудын дээр гарчихав уу?
Зарим улс оронд тэнэгийг маш их жигшдэг. Харин манайд тэнэгийг шүтэх, ухааныг жигших хандлага их болж байна. Яагаад тэр вэ?
Тэнэг нийгэм байгуулах, тэнэгжүүлэх, дэглэмд нэн тааламжтай мангуунуудыг үй олноор үйлдвэрлэх төрийн бодлого л гол буруутан буюу. Төрийн аугаа тэнэгүүд тэнэг олонхийн хүчээр эрүүл хүмүүсээ улам цөөнх болгоод, ялаад явахсаан гэж мөрөөдөж, тусгай бодлого хэрэгжүүлсэн. Үр дүнд нь тэнэгжсэн хүн олон болсон. Гэхдээ дарангуйлагчдын мөрөөдөл биелээгүй. Биелэхгүй гэж найдаж байна.
Харин байдал улам л хүндэрсээр. Энэ нийгэмд хангалттай тэнэгжээгүй бол амжилт олох нь үлгэрийн далай. “Тэнэг бол, эсвэл тэнэг болж жүжиглэ, тэгвэл гурил өгнөө, үгүй бол үх” гэсэн тулгалт л нийгэмд ноёлж байна шүү дээ. Тэнэглэл, эсвэл үхэл.
Тэнэг болохоос өөр арга алга. Бүр оюун ухаангүй адгуус болохоос. Тэгээд л хэн нэгний өмнө өнхөрч, шарваж, үл долоож амьдарна. Үхэж байж л амьдарна.
Төрийн тэнэгжүүлэх, улс түмнийг сөнөөх бодлого оюуны сулрал, бухимдлыг гааруулж, бүр сэтгэцийн ноцтой өвчлөл, оюуны хөгжлийн бэрхшээлд /инвалид/ өвчлөлд хүргэж байгаа.
Хий төсөөлөлд автах буюу шизофрени, хэт донтох буюу мани, хэт айх буюу фоби зэрэг өвчлөл, бас шинж тэмдгүүд нь түгшим ихэсч байага нь статистик юм. Дебилизм, идиотизмийн шинж тэмдгүүд ч хаа сайгүй чөлөөтэй тэнүүчлэх болсоон. Уншич та хараад л байгаарай. Их болсон шүү!
Оюуны хомсдол /олигофрени/ бол төрөлхийн өвчин. Харин оюуны хоосрол бол нийгмийн үзэгдэл юм. Энэ үзэгдлийг зохион байгуулж болно, байгуулсаар ч ирсэн. Тийм болохоор гоц халдвартай.
Үр дүнд нь тархи үйл ажиллагааны ямар ч хөгжилгүй сул биетний булчин шөрмөс адил, тээр дараа болохоос өөр зүйлгүй улцгар нялцгар юм болдог. Ингэснээр уг хүн хомо сапиенсээс өмнөх, 500 мянга, хэдэн сая жилийн өмнөх байдалд ордог буюу. Өөрөөр хэлбэл зэрлэгшиж ирдэг.
Эртний хүн санах ой нь хөгжөөгүй тул, дотно хүнээ нас барангуут мартаж, хүүрийнх нь дэргэдүүр тоох ч үгүй алхаж явдаг асан. Мэдээлэл хуримтлуулж, боловсруулж чаддаггүй. Тэгээд сая жилд огт хөгжилгүй, нэг л юмаа, шувуу үүрээ засах адил инстинктээрээ давтан хийдэг байсаан. Манайд тийм юм өчнөөн болчихоод байна. Инстинктээрээ л хулгай хийгээд, худал хэлээд, хууран мэхлээд явдаг, өөр юм байхгүй улс олон. 500 мянган жилийн өмнөх дутуу хөгжилтэй хүнээс ялгагдах юмгүй.
Зэрлэгшинэ гэдэг нь амьтан болно оо гэсэн үг. Хүнийг амьтнаас ялгах хэл, мэдлэг соёл, хөдөлмөр, бүтээлч чанар, нийгэм, нэр төр, хайр, итгэл бишрэл, тэмцэгч шинж, энэрэх нигүүлсэхүй, эх оронч үзэл, тэгээд ёс зүй, ёс суртахуун, ёс заншил, шударга ёс, хууль ёс гээд баахан “ёс”, нэг үгээр хэлэхэд соёл иргэншил гэж байна. Дээр дурдагдсан бүхэн яагаад манайд багассаар байна вэ. Зэрлэгшил, амьтаншлын л шинж шүү дээ.
Эртний индианы угха хэлэнд эрдэнэс мэдлэг хоёрыг нэг үгээр хэлж байж. Харин манайд мэдлэгийг үнэлдэг хүнийг бараг “мэдрэл муутай” гэж үнэлдэг болсон учир, зэрлэгшил газар авсаан.
Уг нь дээр дурдагдсан соёл иргэншлийн үнэ цэнэт зүйлс бол нийгмийн буюу хүний оршихуйг хангах гэж буй болгосон элементүүд юм. Тэдгүйгээр хүн үхэж мөхөх бөгөөд, нэг илрэл нь зэрлэгшил.
Дарга нар маань хулгай их хийдэг ээ. Дарга ангийнхныг бишрэгчид “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэж түүнийг нь зөвтгөдөг. Сайн эр гэж өхөөрддөг, урьдын сайн эрчүүдтэй адилтгах гэсэн оролдлого ч зөндөө.
Манжийн тогтоосон дэглэмийг эсэргүүцэх абрек маягийн тэмцэл нь сайн эрийн хөдөлгөөн байсийм. Одоо тийм хөдөлгөөн байхгүй шүү дээ. Дарга нар хулгайлсан зүйлээ ядуу ардуудад тарааж өгдөггүй биз дээ.
“Чадаж байгаа юманд арга байхгүй” гэж хулгайг зөвтгөх бол амьтны “сэтгэлгээ”. Амьтад хүнээс бүр илүү сайн хулгай байдаг. Хэн айхавтар хулгайч байна, тэр илүү амьтанлиг л байна гэсэн үг. Гэхдээ амьтад байгалийн хуулийнхаа дагуу хулгай хийж байна, харин хүнийг амьтаншчихсаан гээд, байгалийн хуулиар авч үзэлгүй, эрүүгийн хуулиар нийгмээс зайлуулдаг буюу. Улс түмнээрээ хууль зөрчдөг болох явдал бий. Тэгвэл олон улсын хуулиар дэлхийн хамтын нийгэмлэгээс зайлуулдаг байна.


Энэ нийгэмд амжилт олъё гэвэл хулгайчдын сэтгэдгээр сэтгэж, хийдгээр хийж, амьсгалдгаар амьсгал, өөр зам үгүй. Ийм л болсон байна.
Манайд хуулийн дагуу амьдарвал өлбөрч үхнэ. Хулгайлахаас өөрөөр амьдрах аргагүй болгож байна.
Төр маань 1990 оноос хойш, социализмын үед Монголын ард түмний хүчин зүтгэл, найрамдалд итгэсэн зөвлөлт нөхдийн сэтгэлээр (Зөвлөлт, Монголын большевик намуудын бодлогыг хэлээгүй шүү) бүтээн босгосон бүхнийг сөнөөж, буурин дээр нь үлдсэн ард түмэндээ “бүгдээрээ наймаа хий” гэж уриалсан.
Бүгд худалдаа хийнэ гэдэг марк солилцохоос өөрцгүй. Хэдэн хүн зөвхөн марк солилцоод суугаад байвал, ашиг орлогогүй болж, өлбөрч үхнэ ээ дээ. Тэрэн шиг л юм болж ирлээ ш дээ. Бүтээснээ солилцдог болохоос, байгаагаа л солилцоод, барж идээд, модоо бариад сууж байдаг манайх шиг нийгэм гэвэл Зимбабве. Дэлхий даяар халуун там Зимбабве, хүйтэн там Монгол хоёр оо гэж ярьж бичдэг болж шүү дээ.
Зах дээр мах гурилаас өөр юм зарагдахаан больж байна. “Хэдэн сарын хугацаанд, баярын үеэр ч юу ч зарсангүй, шатаж, өр ширэнд баригдаж гүйцлээ” гэх наймаачид зөндөөн. Сард 30-50 машин зардаг асан худалдаач “2 машиныг л, авсан үнээсээ өчнөөн хямд өгөөд, банкны хүүгээ өглөө” гээд л уйлж сууна. Монголчуудад худалдаж үйлчлэх гэж л босгосон Хятадын Эрээн зэрэг хотууд дампуурч, манай адил л сүйрч байна. Баялаг бүтээдэг ч гэлээ, гагцхүү ноолуур гэдэг баялаг бүтээж туйлширсан малчид маань банкны өр барагдуулах алба гээч эрүүгийнхний дарамтад орж, амиа хорлож эхэллээ. Долларын ханш сар бүр 200-гаар нэмэгдэж 1500-д хүрэв, чанараар авч үзвэл бүр илүү чангарч байгаа юань 300 боллоо. Улам л эрчтэйгээр цаасарч, новширч буй төгрөг маань ямар ч бараа, үйлчилгээний өмнө сөхөрч, үнийн галзуу өвчин ээлжит удаагаа хөдөллөө.
Одоо яах вэ? Оюуны аугаа хоосролыг бүтээлцсэн, дэглэмд дөт маанагуудыг үйлдвэрлэх гавъяа байгуулалцсан боловсролынхон “ажил хаяна” гэж сүрдүүлээд, төрөөс хэдэн төгрөг авлаа. Хэдхэн төгрөг шүү дээ. Харин олон хүн хулгай хийхээс л өөр аргагүй болдог юм.
Бүгд хууль зөрчин амьдрахад хүрч, тэгээд үүнийхээ шантаажин дор дэглэмийн боол болж орхидог. Төрд таалагдаагүй л бол хууль зөрчсөнийхөө нээнтгэнд Гулаг ольтриг руу явна, илрээгүй бүх хэргийг тэрхүү золгүй нэгний дээр овоолно. Тиймээс, нийгэмд ахих тусмаа, хулгай их хийдэг, төрд таалагдах гэж илүү чармайдгиймаа. Төр нь, бүгдээрээ л адгийн шаар болоосой гэж хичээдгиймаа.
Нэг сонин дээр хэний тухай ч билээ, өвөө нь эх орноо хамгаалагч баатар, эцэг нь социализмын үеийн бэртэгчин дарга, өөрөө улсаа худалддаг урвагч, охин нь биеэ үнэлэгч гээд л бичсэн байсансан...
Хувь хүний нуралт үнэхээр хэцүү хэмжээнд очсоон. Хувьсгал, хувьсал хэрэгтэй юу, хэрэгтэй. Харин хэрхэн, яаж?
Зарим хувьсгал улс орныг улам доройтуулж байсан. Ухвар мөчид дарга нараас болж, сүйрүүлэгч хувьсгал гарах магадлалтай болсон. Жишээ нь, бөөн улс дайраад л хамаг юмыг хуваагаад авчихдаг, тэгээд улсад нь харин ч бүр юу ч үлддэггүй, тийм хувьсгал Африкт бол байнга л гарч байдаг.
Зөвхөн төр улсын түвшинд бус, өөрийнхөө түвшинд хувьсгал, хувьсал хийхгүй бол, нохойн баас шиг амьдрал маань өөрчлөгдөхгүй, цаад юмтайгаа улам л адилхан болно.

Төгсгөл

Дэлхийн санхүүгийн хямрал Их нуралтын гол шалтгаан биш ээ. Их нуралт 1990 оноос хойш эхэлсэн. Юм бүхэнд оролцож байдаг G20, бусад өндөр хөгжилтэй орнуудад л голдуу, дэлхийн санхүүгийн хямрал хүндээр тусч байгаа билээ.
Дэлхийн хямрал нөлөөлж байлаа ч, дарга нар буруугүй гэсэн үг биш, буруутай гэсэн үг. Их нөлөөлөх тусам л тэд их буруутай.
1978 оны шинэтгэлээсээ хойш жинхэнэ ёсоор хийж бүтээсэн, 30 жилд ДНБ-ээ 15 дахин өсгөсөн Хятад хямралаас харин ч хожоо гаргаад байна. Гол цохилтыг өөр дээрээ авсан Америкийн төр ард иргэдээ халдашгүй цайз мэт хамгаалж, амар төвшин аж төрүүлж байна. Манайх шиг их баялагтай агаад, ухаалиг Эмирт юу ч болоогүй юм шиг цэцэглэн хөгжиж байна.
Манай улсын №1 гамшиг бол дарангуйлал, дэглэм, дарга ангийнхан. 200 дайсан Монгол орныг атгаж байна гэж бичих юм. Үндэсний үзэлтэн Д.Энхбат төрийн гэмт хэрэгтэн 30 гаруй мянган хүн байгаа гэж бичсэн. 450 нь цаазлуулах, 1000 нь насаараа хоригдох, 10 мянга нь 20 гаруй, 20 мянга нь 10 гаруй жил хоригдох ялт хэрэг үйлдээд байна гэж Ж.Нэргүй доктор бичиж байв.
Хулгай хийхгүй бол огт болж өгдөггүй донтой дарга нар, идэж уухаас өөрийг мэдэхгүй гахай дарга нарын дүр нэн түгээмэл боллоо. Тэд улс түмнийхээ хувь заяаг хулгайлсан, улс түмнийхээ мах цусаар хооллож байна.
Дарга захирал нар өөрсдийнхөөрөө хар хувьсгалыг хийж, үймээн самуун дэгдээж, дэглэмээ тогтоосон, 18 жилийн турш мянга мянган жилийн түүхтэй Монголын ард түмнийг дарласан. Тэд харийн даалгавраар Монгол Улсад ялын дээд хэмжээ оноочихоод, гүйцэлдүүлж байгаа.
Гэвч хулгайч дээрэмчдийн дэглэм унана аа, заавал унана. Хулгай дээрэм хийж байна гэдэг амьтны түвшний ухааныг нотолж буй хэрэг.
Хэт үржиж олширсон, хамаг мэх, сэтгэлгээгээ дуусгасан, тархи нь өөхөлсөн, гашилсан зэрэг шалтгаанаар хороо ч хүссэнээрээ найруулж чадахаа болиод байгаа. Хүн үхвэл нян бактер нь хамт үхдэгтэй дарга нарын ухаан, алсын харааг зүйрлэж болом. Одоо тэд зөвхөн харийнхны амыг хардаг болж. Тэр харийнхных нь нөлөө, үйл ажиллагаа ч хязгаартай юм. Тэнэглэл нь хязгаарлаж байгаа. Тэд бол бүх дэлхий биш.
Мянга мянган дэглэмчин нар гэр бүлээ гадаадад суурьшуулсан байдаг гэнэ. Монголын Их нуралт өөрсдийг нь ч нэрвэж, дэглэмийн Их уналт болно гэдгийг тэд жаахан мэдэрч. Хэзээ ч зугтахад бэлэн л байдаг болж. Тун ч гэнэхэн байна даа. Тухайн улсуудаас шаардаж авчруулаад л хариуцлага хүлээлгэнэ шүү дээ. Цалингийн доод хэмжээ буюу 108 мянган төгрөгөөс илүү хохирол учруулсан бол эрүү үүсгэдэг хууль байгаа.
Монгол орон Оросын 1905 оны хувьсгалын өмнөх байдлыг санагдуулахаар болж. Байдал манайд бүр ч хүнд байгаа.
Их Нуралттай хамт бүгд сүйрч, дэглэм өөрөө унахыг хүлээх юм уу, эсвэл улс орноо буюу өөрсдийгөө аврах юм уу гэсэн сонголтын өмнө бид тулж иржээ.

Их нуралтыг хамтдаа гэтэлцгээе!
(Уриалга)

Өнөөдөр, Монголын нийгэмд олон жил ужгирсан сөрөг үзэгдлүүдийн үр дагавар болох дотоодын Их нуралт Дэлхийн хямралтай хавсарснаас үүдээд нөхцөл байдал нэн хүнд бэрх, эрсдэлтэй, түгшүүртэй боллоо. Аврал, амьдрал өөд замнах уу, аль эсвэл хамтдаа сөнөж мөхөцгөөж, баатар дээдсийн байгуулсан улсын мянга мянган жилийн түүхийг төгсгөх үү гэсэн сонголтыг хийх цаг ирлээ.
Их нуралтын аюултай явцуудаас сэргийлэх, уг гамшгийг даван туулах гол арга хэмжээг юуны өмнө хууль тогтоох, гүйцэтгэх засаглал авч хэрэгжүүлэх ёстой. Гэтэл гагцхүү сталинизмыг сэргээж, ард түмнээ айдас, террорын хүчээр атган дарангуйлах, 1937 оны хэлмэгдүүлэлтийг давтах ажлыг л гол зорилгоо хэмээн гүйцэлдүүлэх боллоо.
Үүнийг ард түмэн бид удтал хүлцэн тэвчиж чадахгүй. 18 жил дарга ангийнхны дарлалд шаналан зовж, гэм буруугүйчүүдийн концлагерийн галзуу солиотой ертөнцөд амьдралын ихээхэн хэсгээ үрж, сүйтгэж өнгөрүүллээ.
Бид амьдармаар байна. Амьдрахын тулд Их нуралтыг гэтлэх хэрэгтэй.
1. Ашигт малтмалын баялгийг эдийн засгийн зөв (!) эргэлтэд оруулж, мөнгөжих;
2. Их нуралтыг гэтлэн давахад зориулж, төрөөс ямар нэг ялгаваргүйгээр Монгол Улсын харъяат бүрд мөнгөн тэтгэлэг, ашигт малтмалын салбарын хувьцаа, даатгалуудын болон төлбөрүүдийн хөнгөлөлтүүд, орон сууцны болон бусад зээлийн батламж зэргийг багтаасан, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд хүрэлцэх хэмжээний багц тусламжийг ихэнхийг нь буцалтгүйгээр, хямрал арилж, эдийн засаг хэвийн голдрилд ортол байнга олгож байх;
3. Нийгэм-эдийн засгийн хямралаас үүдэн хохирсон иргэн бүрийн хохирлыг төрөөс ямар нэг ялгаваргүйгээр барагдуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
4. Ашигт малтмалын баялагт суурилсан олборлолт-боловсруулалт-үйлдвэрлэлийн бага, дунд цогцолборууд олноор байгуулагдах, тэдгээрийн тусламжтайгаар олон салбарт эрүүл эдийн засаг үүсч хөгжихийг дэмжих бодлого явуулах
5. МАА, худалдаа-үйлчилгээ, барилгын салбарт ажилгүйдсэн хүмүүсийг уул уурхай, үйлдвэрлэлийн салбар луу шилжүүлэх;
6. Амьдралын гол баталгаа байх учиртай цалингийн хэмжээг ойрын жилүүдэд 1000 доллар болгох чиглэлтэй ажиллах;
гэсэн зургаан алхмыг яаралтай хийснээр болзошгүй сүйрлээс зайлсхийх бололцоотой. Энэ алхмуудыг ард түмэн бид төр засгаас шаардах хэрэгтэй болоод байна. Цаг алдаж үл болох эгшин нэгэнт тулж иржээ.
Дээрх зургаан алхам нь ямар ч боломжгүй гэж дарга ангийнхан ам таглаж, дэлхийн хямралын талаар тодорхой ойлголтгүй байж, ард иргэдийг мунхруулахыг чармайн, элдвийг ухуулах буй заа. Тэгснээр Их нуралт гэтлэгдэхгүй, дарга нар болон хэн бүхэн үүрэгт ажлаа л сайн хийснээр гэтлэгдэнэ.
Ашигт малтмал-эдийн засгийн зөв эргэлт, хямралын үеийн багц тусламж, хохирлын тэгш барагдуулалт, ашигт малтмалын салбарын эрүүл хөгжил, гаж өсөлттэй салбаруудын ачааллыг уул уурхай, үйлдвэрлэл рүү шилжүүлэх, цалингийн доод хэмжээ 1000 доллар гэсэн зайлшгүй шаардлагатай эл зургаан алхам нь хэрэгжих бүрэн боломжтой гэдгийг миний бие батлан илэрхийлж байна. Учир нь, ашигт малтмалын нөөцтэй ихэнх оронд уг алхмуудын үндсэн зарчмууд амжилттай хэрэгжиж ирсэн юм.
Хэрвээ Их нуралтыг гэтлэх тодорхой алхам хийлгүй, өнөөгийн янзаараа байх аваас, чаддаг улсаар нь хийлгэх хэрэгтэй. Засаглалуудын талаар бүх нийтийн санал асуулга явуулах зэргээр, энхийн замаар асуудлыг шийдвэрлэж болно гэж үзэж байна. Тардаггүй, огцордоггүй засаглал гэж байдаггүй.
Зөв алхам хийж болно гэдэгт хамаг учир байгаа юм. Бид болгоё л гэвэл болох бүтэх бөлгөө.
Тиймээс ард түмэн минь төр засгаас Их нуралтыг гэтлэх алхмуудыг, хөтөлбөрийг шаардацгаая. Бид бүхний хүсэл зоригоос л амьдрал, ирээдүй, аз жаргал маань хамаарах болно!

Ч.Мөнхбаяр
MMIX.I.IX

No comments: