Saturday, February 28, 2009

Өнөөгийн ЗГ-ыг огцруулах цаг болжээ!


Ард түмний эсрэг тогтолцооноос ч салцгаая!

С.Баярын өмнөх ЗГ-ын үеэс нийгэм-эдийн засгийн дотоодын Их нуралтын шинж тэмдэгүүд илрэх болсон. Тэр үед, ашигт малтмалаа 100% эзэмших, олборлолоос бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүрэн циклийг нь барьж байгуулах, энэ салбарын ашиг дээр суурилсан олон салбарт эдийн засгийг цогцлооход чиглэсэн алхмуудыг цаг алдалгүй хийсэн бол, өдийд нийгэм-эдийн засгийн сэргэлт ирсэн, дотоодод их нуралт тохиолдохгүй, байгалийн баялагтай бусад орнуудын адилаар дэлхийн хямралыг сөрөг нөлөө багатайгаар даван туулах байлаа. Гэвч тийм алхмуудыг хийгээгүй, харин ч Их нуралтыг улам ойртуулах, хор хөнөөлийг нь нэмэгдүүлэх алхмыг л тууштай хийж ирэв.
Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг хувийн өмчөө болгочихсон С.Баяр дахин ЗГ тэргүүлсээн. Тэгэхдээ, АН-тай хамтарсан хэдий ч, тусыг эс олов.
Аанай л, Монголын нийгэм-эдийн засагт сөрөг нөлөө л учруулах алхмуудыг хийж ирэв. Аливаа нэг зүйлийг «дэмжлээ» ч, сөнөтөл нь «дэмжиж» байсан байх юм.
Барилгын салбарын цар хүрээ хэтэрч, зах зээлд таагүйгээр нөлөөлж болох шинж тэмдгүүд илэрсээр байхад шийдвэртэй арга хэмжээ аваагүй. Харин ч уг гажуудлыг улам дэвэргэн хөөргөдсөөр, Их нуралт үүсгэх нэг гол түлхэц болгочихсон. Өчнөөн хөрөнгө залгисан баахан дутуу барилгатай л боллоо. Баригдаж гүйцсэн нь борлогдохгүй болсон, хамгийн гол нь маш чанаргүй.
Монголд олон жил ажилласан украины мэргэжилтэн хэрэв нураах л шаардлагатай ийм барилгажуулалт цаашид хийгээд байх аваас, газар хөдөлбөл хүн төрөлхтний түүхэнд 2-рт орох хөнөөлтэй гамшиг болно шүү гэж анхааруулсан. Их нуралт гэдэг маань барилгын салбарт шууд утгаараа тохиолдох нь байна шүү дээ.

Энэ салбарыг гамшиг, ирээдүйн их аймшиг бо
лтол нь хөгжүүлснийг «барилгын» хүйтөрөлгүйтгэл гэмээр байна.
МАА-н сүйрлийг аваад үз. Бэлчээрийг цөлжүүлэх, салбарыг явцуу бүтээгдэхүүнтэй болгож эрсдэлжүүлэх уршигтай ямаа үржүүлгийг хэт өөгшүүлсээр байгаад, хүрэх боломжтой хамгийн муу үр дүнгүүдэд нь хүргэчихсэн. Хэдэн зуун мянган малчин давхаргынхан үгүйрэн хоосорч, нийслэлд цагаачлан ирж, нэн ядуучуудын армийг өсгөх магадлалтай болсон.
Цаашдаа МАА хүн амыг махаар ч хангах үүргийг гүйцэтгэж чадахааа болих төвөгтэй. Олон мянган жилийн түүхтэй МАА сүйрч, хүн амыг ажлаар, хүнсээр хангахад туйлын бэрхшээлтэй болж ирэх нь ээ. Үүнийг «МАА-н», «ямааны» хүйтөрөлгүйтгэл гэмээр байна.

Малчид бүгд үгүйрч, үгүйрсний улмаас дахин МАА-г босгож чадахгүй. Төр мэдээж устгах л зорилготой юм чи
нь юу гэж босгож ирэх билээ. Ингээд л МАА авралгүй сүйрнэ. Бүгд л ингэж үгүйрч, сүйрч байна. Монгол бүхэлдээ!
1990 оноос хойш улс орны бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, түүхий эдийг тонон дээрэмдэж, «хог хаягдал» нэрийн дор харьд гаргаж, хог хаягдал авчирч дамлах аян руу нам засаг нийт хүн амыг түлхсэн. Үр дүнд нь, улсын эдийн засагт маш их сүйтгэл учирч, дэндүү олон иргэн худалдаа, үйлчилгээ рүү хошуурч явцуурсан.

Худалдаа, үйлчилгээ хэтэрсэн ч, худалдан авагч, үйлчлүүлэгч хомсодсоор ирсэн нь аргагүй юм. Өдгөө худалдаа, үйлчилгээ эрхлэгч олноороо хоосорч дампуурч, цаашдаа худалдаа, үйлчилгээ ч хомсдож, худалдан авагч, үйлчлүүлэгч ч ядуурсаар байх чиг хандлагатай болсон. «Худалдаа-үйлчилгээний» хүйтөрөлгүйтгэл гэж бас байсан буюу. Бүх төрлийн хүйтө
рөлгүйтгэлийг өнөөгийн ЗГ таслан зогсоох бүү хэл, өмнөх ЗГ-ын адилаар үргэлжлүүлж, гардан гүйцэтгэж эрчимжүүлсээр л ирлээ. Үйлдвэржилт, атрын аян гээд л ярьдаг ч, худал хуурмаг уриа лоозон, тоогоор ард түмнийг хуурав. Монгол шиг үйлдвэржилт, газар тариалангийн түвшингээр доогуур улс гэвэл, тэдгээрийг хөгжүүлэх боломжгүй бичил улсанцрууд л байгаа. Зориудаар үйлдвэр-газар тариаланг устгасан ерээд оны эрх баригчдын бодлогыг засах дүр үзүүлэвч, үнэн чанартаа үргэлжлүүлсээр л байгаа нь энэ ЗГ. «Үйлдвэр-газар тариалангийн» хүйтөрөлгүйтгэл үргэлжилсээр.


Бүтээн байгуулалт (фотог Ч.Мөнхбаяр)

Ашигт малтмалыг харийнханд бэлэглэлийн журмаар өгч, зуучилсан гэж ашгийн 10-15 хувийг авч байх дарга ангийнхны гэмт хэрэг улс орныг ямар ч авралгүй болгох гэж байна. «Хууль бус хуулийн хэрэг», «10-15 хувийн хэрэг», «Тогтвортой байдлын гэрээний хэрэг», «34 хувийн хэрэг», «3 тэрбумын хэрэг», «Хэдэн зуун ордын хэрэг» зэрэг олон улсын чанартай гэмт хэргүүд энэ салбарт үйлдэгдсэн буюу, үйлдэгдэж байна. Монголчуудыг амьжиргааны ямар ч эх үүсвэргүй болгохыг завдсан «ашигт малтмал»-ын хүйтөрөлгүйтгэлийг энэ ЗГ урьд өмнө байгаагүй хэмжээнд эрхлэн хэрэгжүүлж байна.
Улс түмнийг хавтгайд нь эрүүжүүлж, өөрсдөө үлгэрлэж байгаад гэмт хэрэгжүүлж, хууль зөрчихөөс өөрөөр амьдрах аргагүй болгож, гэмт хэргийн нээнтгэн дор байдагтаа дэглэмд хүлцэнгүй захирагдахаас ч аргагүй болгож, ёс суртахууныг устгаж байгаа нь маш ноцтой хэрэг юм. «Ёс суртахууны» энэ хүйтөрөлгүйтгэлийн хожим учруулах гай түйтгэрийг урьдчилан тааварлахад нэн бэрх.
Боловсрол, соёл, шинжлэх ухааныг унагаж, оюуны хоосролыг нийгэмд буй болгосон гэм аймшигтай. Манайх шиг харанхуй, мунхарсан улс орныг гэгээн цагаан өдөр дэн бариад хайсан ч олохооргүй болсон. Нэг л жишээ хэлэхэд, дунд сургуулийн цээж бичгийн шалгалтанд унахгүй хүн хамгийн зөв бичих ёстой салбарт тун ховор байгаа бөгөөд, ерөнхий мэдлэгийн талаар бол дурдах ч хэрэггүй болчихоод байна. Хэрээс хэтэрсэн дээд сургуулиуд нь шахааны ном борлуулах, шоудах талбар л болчихсон, бусад шатны боловсрол гэж мөн л үгүйтэй адил. «Оюуны» хүйтөрөлгүйтэл гэж энэ.

Эрүүл мэндийн салбарыг 19 жилийн турш устгаж ирлээ. Дарга нар маань харийн эрүүл мэндийн байгууллагуудад хөрөнгө оруулж, тэнд л өндөр үнэтэйгээр эмчлүүлэхийг санал болгодог. Энэ мэт хандлага нь суурь ноцтой өвчлөлүүдгүй монгол хүн гэж үгүй болгосон нь «эрүүл мэндийн» хүйтөрөлгүйтгэлийн үр нөлөө.

Улаанбаатарын агаарыг үзэгтүн. Дэлхийд ийм бохирдсон агаартай цэг галт уул дэлбэрэлтийн дараа л түр буй болохоос бус, өөр алга. Хоёр сая хүнтэй болох магадлал бүхий нийслэлийн хүн ам нэгэн өдөр бүрэн агааргүйдэж, багтран хиарах, тэр өдрийг хүртэл амьсгалын замын өвчлөлүүд, тэдгээрээс үүдэх бусад өвчлөлүүдээр олноор үхэж үрэгдсээр байх нөхцлийг л дарга нар маань бүтээн байгуулж байна. Бүхий улс орны агаар, ус, хөрс дээд зэргээр бохирдож, хордож байгааг үзэгтүн. Эцсийн эцэст, хүн гэдэг ус, хөрс, агаараас бүтдэг тул энэ гурав доройтвол яахин амьд явах билээ. «Экологийн» хүйтөрөлгүйтгэл гэж энэ.
Монгол үндэстний түүх соёлыг мушгин гуйвуулах, гутаан доромжлох алхмууд байнгын төлөвлөгөөтэйгээр хийгдэж ирсээн. Бага буурай учраас яс үндэсгүй дарга нарын маань нүдийг хорсгоод болохоо байсан үндэстний маань өөрийн гэх буй бүхнийг устгаж байна. Оронд нь, залхаах зориулалттай тэнэг мунхаг атрибутууд, бутафоруудыг санал болгодог нь «үндэс угсааны» хүйтөрөлгүйтгэлийн нэг л мэх. Харьд уусгах томоохон ажлуудыг зохион байгуулж буй нь бас нэг мэх. Олон мэхээр «үндэс угсааны» хүйтөрөлгүйтгэлийг хийж байна даа.
Хямралын үед ард иргэдээ өргөн тэтгэх байтугай улам дарж, сөгтгөж, мөлхүүлж авч байгаа «хямралын» хүйтөрөлгүйтгэл ч идэвхитэй явагдаж байна.

Ард түмнийхээ эсрэг хүйтөрөлгүйтгэлийг нь эсэргүүцэх боломжгүй болохын тулд сөрөг хүчнийг дарж, нэг намын үзэл суртлыг тулгаж, жандарм-шоронгийн хатуу дэглэмийг тогтоож, «их хэлмэгдүүлэлт»-ийн хүйтөрөлгүйтгэлийг хэрэгжүүлж ирэв.

Шүтэн бишрэх эрх чөлөөг боогдуулж, шашны байгууллагыг төрийн үзэл суртлын нэгэн аппарат болгох төлөвлөгөө хэрэгжүүлж, итгэл бишрэлийн үнэт цэнэт зүйлсийг буй бүхнээрээ завхруулах нөлөө үзүүлж, харин ч массыг сатанизаци, шулмизаци руу хөтлөөд байгаа байдал төрд ажиглагддаг. “Итгэл бишрэлийн” геноцид гэж үүнийг хэлмээр байна.

Энэ төрийн гадаад харилцаа мөн хүйтөрөлгүйтгэлд чиглэж ирсэн. Ардчилалгүй, гаж буруу дэглэмтэй зарим улсын эрхшээлд орох, асар их зээл авч монголчуудыг дааж давшгүй өрөнд унагах, неоколоничлолыг урьж залах чиглэлээр л гадаад харилцаа явагдаж ирэв. Өөрийн эрх ашгийг дэлхийн эрх ашиг болгож оршин тогтнохуйгаа хангах нь гадаад харилцааны гол зорилго байдаг бол, харийн зүй бус ямарваа эрх ашгийг өөрийн «эрх ашиг» мэт болгож, улсаа сөнөөхийг эрх баригчид маань зорьсоор өдийн хүрлээ.
Энэ ЗГ-ынхан хувийн ёс зүйгүй байдлуудыг ч гаргасаар ирсэн.

Асуудлыг ойлгохгүй, ойлгохыг хүсдэггүй байдлаараа өнөөгийн ЗГ гайхширал, алмайралд оруулдаг. Жишээ нь, санхүүгийн хямрал гээд ганц хоёр банкны дарга, эзэд хямраад байгаа юм шиг зүйл ярьж, тэр хямрал нь доллар, валют солигч (“ченж”), импортын бараа зэргээс болсон мэт солиордог. Санхүүгийн хямрал бол Их нуралтын зөвхөн нэг симптом бөгөөд, шалтгаан нь олон төрлийн хүйтөрөлгүйтгэл юм. Дээрх хүйтөрөлгүйтгэлүүдийг зогсоохгүйгээр, үүний тулд хэрэгжүүлэгчдийг нь албан тушаалаас нь халж, зохих хариуцлагыг хүлээлгэхгүйгээр симптом ч арилахгүй, шалтгаан ч арилахгүй.

Тиймээс, 90-ээд оноос хойшхи манай ЗГ-уудын өөрийн улс түмнийг устгах уламжлалт бодлогыг залгамжлан авч, илүү далайцтайгаар, өргөн хүрээтэйгээр, шинэ шинэ харгис хэрцгий арга хэмжээгээр баяжуулан хэрэгжүүлж, эцсийн үр дүнд хүргэх үйл ажиллагаа явуулж ирсэн өнөөгийн ЗГ огцрох болжээ.

Эрх баригчдын хорлонт үйл ажиллагаа улс орноо улаан кхмерийн Камбож болгоход чиглэж байна. Ухаалаг бус удирдах давхаргынхан нь улс түмнээ хайр найргүй мөлжиж, сөнөөж байснаас, үгээгүй ядуучууд бусдыгаа дээд зэргээр үзэн ядаж, улаан кхмер гэх улангассан этгээдүүдийн амжилт олох хөрс нь болсон юм. Улаан кхмер гээч, люмпенүүд дээр суурилсан хүч «нэн ядуу тариачдаас бусдыг устгах хэрэгтэй, хэн хүнс буй болгонов, тэр л идэх шаардлагатай» гэхчлэн туйлширч, харийн туршилтын тоглоом ч болж, 3 сая гэмгүй ард иргэдээ алж хядаж, улс орноо дундад зуунд оруулж байсан. Ийм аюул, буруу хувьсгал ч гарч мэдэх юм шүү /Зөв хувьсгал бол зүйтэй асуудал л даа/

«Өөрийн хүнсийг л буй болгочихдог тариачдын нийгэм буюу «тосгоны коммунизм»-ыг байгуулах нь амар юм биш үү» гэсэн харийн мунхаг онолын туршилтын талбай нь Камбож болж байсан. Амьдрах бүх нөхцлийг нь устгаж, эцэст нь өлбөрлийн хэсгийг нь хүнстэй хэсэгтэй нь алалдуулах замаар бага улс түмнүүдийг устгаж болох биш үү гэсэн онолын туршилтын талбай нь Монголд болоод байна. Харийн даалгавраар уг туршилтыг гардан гүйтцэтгэгч лаборантууд нь манай ЗГ-ууд байж ирлээ дээ.

Их бага аливаа улсын хувьд, бусад улс түмэн үгүй болох нь дотоодын нь бүх асуудлынх нь хойно тавигддаг билээ /Туршилтын туулайнуудын орон-Монголд л харийн эрх ашиг дотоодын бүх асуудлын дээгүүр тавигдаж ирлээ/. Камбожид харь гүрний зарц нар харгис туршилт хийж, 3 сая хүнийг алж хядаж байхад хэн ч болиулаагүй. Манайхад ч мөн тэгж хандахыг үгүйсгэх аргагүй.

Тиймээс хувь заяагаа зөвхөн би, чи, та, бид бүхэн, монголчууд минь л шийдвэрлэх ёстой. Хэн нэгэн иргэний үүргээ, хүний үүргээ биелүүлж чадахгүй малгай өмссөн мал шиг явах аваас, тэр туршилтын ямаанууд шиг заазлуулна шүү. Тийм арчаагүй «хүмүүс» цөөнх гэдэгт итгэж найддаг аа.

Ард түмний эсрэг тогтолцооноос салцгаая!
Хамгийн түрүүнд хийх алхам маань гэвэл: Ард иргэд минь, цаг алдаагүй дээр энэ ЗГ-т үгүй гэж хэлцгээе! Би л лав «үгүй» гэдгээ хэлчихлээ.


Ч.Мөнхбаяр
MMIX.II.XV
"Болсон явдал", №3, 2009.2.23

No comments: