Monday, February 23, 2009

Өмнөд хөршид зорчсон тэмдэглэл


(Үргэлжлэл)

2. Бээжингийн дардан зам

Нэгэн найз маань “Хятадад амьдрал ямар байна?” гэж асуусаан. “Бээжин хүртэл бол манайхаас дор, Бээжиндээ бол манайхаас дээр л байдаг юм байна” гэхэд тэр үнэмшсэнгүй. Үгээгүй ядуу тосгодын тухай ярихад, “тэд чинь цаанаа өчнөөн мөнгөтэй тэрбумтнууд байхгүй юу” гээд л зүтгэв. Төмс байцаанаасаа өчүүхэн бага ашиг олдог, хямд үнээр л хоорондоо өрсөлддөг, бүхий амьдралаа хүнд хүчир ажилд нухчуулан зовж зүдэрч өнгөрүүлдэг хөөрхий тэр ногоочдыг би тэрбумтан гэж бодохгүй ээ.
Үй олон хүн амтай, байгалийн баялаггүй энэ улсад амьдарлын төлөө тэмцэл нь дэндүү бэрх, хурц ширүүн өрсөлдөөнтэй юм билээ. Ачааны дугуйгаар цемент зөөвөрлөх, зулайгаасаа үл хүртлээ цав цагаан болчихсон эрийн зовлонт харцыг би мартахгүй. Тас хар болчихсон ногоочдын харц бас л тийм байлаа.
Энэ улсад байгаль- хүн амын асуудлаас нь үүдсэн гачлан, ядуурал их байна. Төдийчинээ хэмжээгээр төр засаг нь иргэдийнхээ төлөө гэсэн бодлого явуулж, халамж тавьдаг нь ажиглагдсан. Харин манай төр засаг 1990 оноос хойшхи 18 жилд эсрэг нөхцөл байдалтай Монголд асар их гачлан зовлон, ядуурал гуйланчлалыг буй болгочихсон нь муу ёрын гайхамшиг юм даа.
Хятадууд Монголд болон, улсдаа огт өөрөөр биеэ авч явдаг гэлтэй. Манайд тэд хичнээн хэл ам, хэрэг зөрчил тарьж, таагүй сэтгэгдэл, уур амьсгалыг үүсгэдэг билээ. Харин Хятадад бол цагаан цайлган, найрсаг нөхөрсөг, тусч эвсэг улс бишгүй л байгаа бололтой.

Бээжин рүү хөдлөхийн өмнө

Туршлагагүйгээс болоод, дан хятадууд зорчих хот хоорондын автобусанд сууж орхиход, Бээжинд шөнө буугаад өвөр монгол хүнтэйгээ холбоо барьж чадалгүй мунгинахад, тэндхийн элдэв газрааар явахад аль болох тусалж дэмжих гэсэн, эсвэл зүгээр л найрсаг нөхөрсгөөр хандсан хятад хүмүүнүүд зөндөө л тохиодсоон. Монголын иргэн гэдгийг маань мэдэж байгаа мөртлөө шүү дээ. Урьд нь бол ”Монгол манай хэсэг!” гээд л бариад идчих ухааны юм төсөөлж байсныг нуух юун.
Бээжин бол дэлхийн том мегаполисуудын л нэг болж. Токио, Осака, Сөүл, Гонконг ийм харагдаж болох биз ээ. Мегаполист байдаг бүхэн энд байна. Мегаполис буюу хэт хотод байдаг дутагдлууд ч буй. Жишээ нь, бүх юм нь нүсэр, аварга энэ хотод хүн өчүүхэн жижиг шоргоолж болж хувирах мэт дарамттай сэтгэгдэл төрнө. Тэр нүсэр, аварга чанар нь хүний чанараас хэтэрхий давамгайлаад байх аж.
Улаанбаатарын гол ажил үйл хотын төвд л өрнөдөг. Тэр хэсэгт бол явган таваргаад л байхад болно, явган таваргах нь ч илүү хурдан. Нэг өдөр сондгой, нөгөө өдөр тэгш дугаартай машин хөдөлгөөнд оролцдог Бээжингийн ширээ шиг өөгүй тэгш замаар ямар ч саадгүй хичнээн хурдлавч, хаанаас ч хаашаа хүрсэн, цаг гаруй давхичих гээд байх аж. Хэт нүсэр хотод ажил амжуулахад бэрхтэй ийм хүнд асуудал гардаг байна.
Таксины үнэ нь манайхаас хямд ч гэлээ, таксидаад байвал багагүй мөнгө үрнэ. Автобус нь гэж вагон шиг том, шил толь болсон, ямагт суудалтай, кондуктор нь халамжилсан унааны тасалбар нь ердөө 1 юань. Метроны билет нь 2 юань бөгөөд, газар дээрх унаануудаасаа хурднаараа давуутай юм билээ.
Бээжингийн компьютерийн худалдаа нь Жонгуанжун ч билүү гудамжинд нэлээд төвлөрөлтэй агаад, олон давхар шилэн байшингуудтай хотхон-зах байсан. Эндхийн компьютерийн барааг үзэж сонирхъё гэвэл бүтэн сар ч явж магадгүй.
Энэ хотод нартай байх нь тун ховор. Ямагт бүрхэг байх агаад, зүг чигийг ч мэдэх аргагүй, бороо харин элбэг. Нам дор газар байрлах тул агаар нь нягт бололтой. Амьсгалахад хүнд, чийглэг агаар нь монгол хүнд нэн зохимжгүй гэлтэй. Дээрээс нь бас өчүүхэн төдий салхигүй бүгчим, халууныг нэм. Гэхдээ дасчихаж л байгаа юм. Эрс тэс бөгөөд, дундаж байгалийн нөхцөлтэй бид дасан зохицох чадвараар муугүй бололтой. 9-р сард, яванхынхаа өмнө би “халууныг нь яана” гэж халширч байсан ч, энд ирээд, дороо дасаад, тоохоо байсаан.
Хүнсний асуудал Монголоос бусад бүх л оронд хүнд байдаг бололтой. Бээжинд, Монголын жирийн гуанзны хэдэн хуушуур шиг нүнжигтэй хоол олж идье гэвэл хэдэн зуун юань зарах юм уу, хаашаа юм. Тэнд гахайн шарсан мах идсэн чинь огт үл амссаны дайтай “цатгасан” агаад, Монголоос авчирсан боорцог харин хавьгүй илүү нүнжигтэй санагдсан нь юуны учир вэ. Хичнээн идсэн ч өлсөөд байдаг асан Оросын, оюутан насны минь цаг үе санаанд орж байв. Харин гадныхан Монголд ирээд, манай ямар ч үндэсний хоолыг идээд гэдэс нь өвдчих гээд байдаг нь үнэн бус уу.

Монголчууд их төлөв буудаг буудал

Бээжин – сайхан хот оо. Шил толь, гял цалд нь болж байгаа юм биш. Хүний төлөө гэсэн сэтгэл тэнд байдаг нь хамгийн сайхан санагдсан. Автобусны буудал дээр тусгай ажилтан байх агаад, хаачих нь вэ, ийчих нь вэ, ийшээ зогсвол зохистой, энд зогсвол сүүдэртэй, тэнд та сууна уу гээд л зорчигчдод үйлчилж гарах жишээтэй.
Өнгө үзэмжийн хувьд биширч бахдана уу гэхээс, өөлөх юм даан ч үгүй. Хуучин барилга байшин нь хааччихсан ч юм. Монголын төр засаг улс орноо сөнөөсөн хугацаанд Хятадын төр засаг их юм хийж бүтээжээ.
Тэр олон сайхан барилга байшингийн дунд нүд эрээлжилж, толгой эргээд нэгийг нь ч тогтоож, нүдэлж чадаагүй. “Олимпийн бамбар” гэдэг нэг байшин л санаанд тодхон хоногшсоон. Шавар, модон тагзны бохир заваан хот байсан Бээжин хэний ч өмнө нүүр улайлгахгүй, орчин үеийн гайхалтай сайхан шилэн хот болжээ.
Улаанбаатар ийм болж чадах байсан уу. Мэдээж чадах байсаан. Ашигт малтмалаа зөв ашигласан арабууд Дубай-гаа ямар үлгэрийн хот болгож байна. Бид ч тэгж чадах байсан. Өөдгүй муухай дарга ангийнхан л Улаанбаатарыг маань утаандаа дарагдаж, шороондоо булуулсан, дэлхийн хамгийн тааруухан нийслэл болгож хувиргав.
Ойр дотны хүмүүс, дурсамжууд, Монгол улсын нийслэл, монголын соёл-нийгмийн төв, гэр орон, төрөлх хот гэсэн талуудаас нь аваад үзэхлээр Улаанбаатар минь яриангүй сайхан.
Хэрэв би харь хүн байсан бол Улаанбаатар ямар харагдахав. Газар дээрх там мэт л үзэгдэх байсан буй за. Ийм зүйлүүдийг бодон, Бээжинд барайж явав л. Энэ хотын сайханд бас баясч явав л.
Бээжингийн автовокзал дээр монголын наймаачидтайгаа тохиов. Тэд Бээжин-Эрээний ганцхан автобусанд л сууна. Өөр зөндөө автобусанд суух хятадууд энд хүлээж байлаа. Гэвч хэдэн монгол маань хятадуудаас хавьгүй их дуулиан шуугиан дэгдээн, түмэн “гахай” юугаа хятадуудаар зөөлгөх нь зөөлгөж, өөрсдөө үүр дүүрч, өнхрүүлэх нь өнхрүүлсээр орж ирэх нь аргагүй л нэг эрч хүчтэй. Монгол, хятад хүмүүсийг даан ч нэг ажиггүй ялгаж таньж болохыг мэдлээ. Царайг нь харахад л, шууд л нүдэнд дулаан, нүнжигтэй, хүчтэй шинж мэдрэгдээд ирж байгаа юм. Гэхдээ хятадууд муу муухай гэх гээгүй шүү, өөрийнхөн маань өөр юм аа л гэж байгаа ухаантай.
Унтлагын автобусандаа бид багтаж цөхөн чихэцгээлээ. Гучаад монгол ачаатайгаа холилдон хөглөрч хэвтсэн ганц том күпе-нд орчихсон адил хөгжилдөн аяллаа. Унтах нь унтаж, уух нь ууж, худал ярих нь худал ярина. Харин улсдаа байж, харьд буй мэт байдалд орсон хэдэн хятад бишүүрхэн болгоомжилно.

Эрээнд буцаад ирлээ

21 цаг өнгөрөөгөөд автобус нэг хоолны газрын гадна зогсов. Өөр автобусууд ч байлаа. Улсын ач холбогдолтой, замын чухал буудал аж. Гэвч би амьдралдаа ийм бохир зааван газар үзээгүй. Цөм л илээр бие засацгаана. Харин ч тэнд нь гуанзныхан ногоо тарьчихсан. Ийм дүр төрх Хятадад энгийн л юм билээ. Бээжин орох замд нэг хоолны газрын гадаа зогсоход, бүсэлхээр татсан ганц тоосгон хаалт л байсан нь хоёр талд нь эр эм хүндрэх учиртай, ил гэхэд дэндүү ил “жорлон” байсан агаад, зорчигчид түүгээр түвэггүй үйлчлүүлж байсансан. Арга ч үгүй юм. Хятадын хот хоорондын автобусны нэг зовлон гэвэл зогсоно гэж огт үгүй. Хятадууд үүнд тэсвэртэй хандан гүрийж суух бөгөөд, нэгэнтээ автомат буутай харуулуудын дэргэд сарьцгаана билээ. Харин монголчууд маань хурдны замд зогсож болохгүй гэсэн жолооч нарыг барьж зодох дөхөн эсэргүүцэж, хүссэн цагт л зогсч байх болгон, буулт хийлгэж билээ...
Замын-Үүдэд ирээд, гуанзанд нь хоол идсэн чинь хөлс чийхрав. Тааруухан л хол байсан, гэхдээ Хятадад би ийм сайхан хоол олж идэж чадаагүй ээ.
Вагоны билет олдохгүй гээд, хүмүүс урдаас өглөө эрт орж ирдэг, гэтэл галт тэрэг маань болохоор 18 цагаас хөдөлдөг сонин зохион байгуулалт байх аж.
Тэр хүртэл эндхийн буудалд орж унтахаар шийдэв. Энэ хотод харц тогтоох юу ч үгүй, ганц хоёр алхахад л гутал элсээр дүүрч, агсам согтуучууд хялайж, өчүүхэн төдий сүүдэрлэх зүйлгүй гудамжийг нь говийн нар хайр найргүй шарах тул өөр яах билээ.
Буудлын 2 хүний өрөө цагт 2000 төгрөгийнх хөлстэй аж. Дүү бид хоёр 10 мянган төгрөг төлөв. Эрээний “Зүн Юань” гэдэг буудлын бидэндээ орд харш мэт өрөөнд хоноход 88 юань, өөр нэг тохь муутай буудалд хоноход 20 юань төлж байсан билээ.
Гэтэл Замын-Үүдийн энэ буудал 20 юаний буудлаас ч дор аж. Эрээнийх нь давхартаа жорлонтой байсан бол, энэ 3 давхар буудал подвалдаа жорлонтой бөгөөд, тааз нь тонгойход хүргэнэ. Өрөөндөө зай завсар ч байхгүй, хана, таазных нь шохой нурчихсан, хаалга нь салхинд хүн тогших, сэгсчих мэт туж дуугарна. Нэг хананд нь унтахаас бусад бүх зүйлийг хориглосон уртаа гэгч жагсаалт хадаатай. Нөгөө хананд нь зурагт, хөргөгч, агааржуулагч, ширээний чийдэн зэрэг огт байхгүй зүйлүүдийг ч оруулж байгаад хөврүүлсэн, эвдэж үрэгдүүлбэл гурав нугалуулж төлүүлнэ гэж мэдэгдсэн, мундаг мундаг гарын үсэг, тамгануудтай жагсаалт хадаатай байх ажээ...

Ч.Мөнхбаяр
ММVIII.IX.XXI

No comments: