Thursday, January 19, 2012

Эсрэг тэсрэг байр суурь

Олон сая Монгол туургатан орж ирэх үү?

"Алаг хорвоо" сонины сүүлийн дугаарт Монгол орныг аврах ганц зам бол бүх монголчуудыг нүүлгэн шилжүүлж авчрах явдал гэжээ. Дэлхий даяар олон сая хүнийг нүүлгэн шилжүүлэх бололтой. Гэтэл Израйльд таван сая еврейг авчирсан. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ХБНГУ бүх германыг цуглуулна гээд долоон саяыг авчирсан гэж байгаа боловч зургаан сая нь Судет, Силез, Кенигсбергээс хөөгдөж ирсэн. Казахстан дөрвөн сая казахыг авчрахыг мөрөөдөж байгаа ч санасан бодсондоо яавч хүрч чадахгүй байна. Энэ улсуудын хүч чадлын дэргэд Монголынх өчүүхэн. Еврей, герман, казах хүмүүсийн үндэсний үзэл, эв нэгдлийн дэргэд монголчуудынх бас л өчүүхэн. Монгол улс одоогийн иргэдээ яая гэж байна. Амьдрах аргагүй болсон монголчууд хилийн чанад руу хэдэн арван мянгаар одсоор байна. Залуусын бага бус хувь нь гадаадад гарахыг л мөрөөддөг нь үнэн бус гэж үү. Гэтэл ийм орон руу ирэхийг ямар монгол туургатан мөрөөдөх юм бэ?

Хэрэв манайх руу гадаадын монголчууд ирж эхэлдэг юм аа гэхэд Монгол улсын эдийн засаг, улс төр, гадаад харилцаанд сүйрэл нүүрлэх болно. Ирэх боломжоор бусдаасаа илүү өвөрмонголчуудыг аваад үзье /Тэд Богд хаан болон Чойбалсаны үед олноор ирж байсан удаатай/. Тэдгээрийн малчид голдуу ирнэ. Манай улсын малчид хэд дахин өснө гээд бодоод үз. Гэтэл өнөөдөр манай малчид нутаг дэвсгэр дээр багтаж шингэхээ болиод байна. Энэ нь мал аж ахуйд хямрал авчирна.
Гадаадаас ирэх монголчууд манайхнаас мэргэжил чадвараар илүү байх магадлал ихтэй тул ажил, байр суурийг булаан авч, шахан түрж байх болно. Ажилгүйдэл, эмх замбараагүй байдал газар авна. Монгол улс шилжин ирэгсэдэд тэтгэмж, орон сууц гэх зэрэг тусламжийг олгох үүрэг хүлээхээс гадна, өргөн хэмжээний цагаачлал зохион байгуулах гэж  мөнгө зараад эхлэхээр юу болох вэ. Гадаадаас монголчууд олноор ирснээр эдийн засаг тогтворгүйжиж, мөнгөний ханш унаж, бизнесийн тааламжгүй байдал үүсч, амьдралын түвшин доройтно. Израйль улс бол Америк, Баруун Европын баян еврей нарын мөнгө. Гэтэл манайд туслах баян монгол олдоно гэвэл үлгэрийн далай.
Өвөрмонголчуудыг хятад гэж үздэг халхууд, өөрсдийгөө бусад монгол угсаатнаас дээгүүр тавьдаг буриадууд эв найртай амьдарч чадна гэж үү. Янз бүрийн зөрчил үүсч, угсаатны үл ойлголцол дээр үндэслэсэн мөргөлдөөн, хүчирхийлэл гарч ч болох юм. Энэ бол улс төрийн хувьд сүйрэл л гэсэн үг. Соёлын ялгааг аваад үз. Гадаадаас ирэгсэдэд монгол хэлийг яаж эзэмшүүлэх вэ? Халх аялгуу хамгийн төгс дээд гэх үү. Эсвэл монгол бичгийн хэлээр ярих юм уу, шинэ хэл зохиох уу. Буриадуудтай оросоор харилцсаар, оросжиж ууссан тэдний жишээг дагах уу. Үл ойлголцол үг хэлнээс л эхлээд гараад ирнэ. Мөн харь орнуудад хавчигдаж хяхагдсан гэсэн үндэслэлээр монголчуудыгаа дуудахад хүрэх тул хөршүүд үүнд дургүйцнэ. Том гүрнүүд ч хөршүүдийг аялдан дагалдана. Ингэхээр гадаад харилцаа яаж хөгжих вэ.
Нөгөөтэйгүүр, уриалаад уриалаад Монголд нэг ч монгол туургатан ирэхгүй байж мэдэх юм. Дээр хэлсэн, манай улс орны байдал ямар байгаа билээ. Монгол туургатнууд бие биедээ хэр их хайртай билээ гэж. Бас тэдний хувьд байгаа газар нь төрсөн нутаг, эх орон болохоос
Монгол улс бол харь орон, манай иргэд харь хүмүүс. Тэдний байгаа газар ч угтаа бол монгол нутаг. Тэр монгол нутагт монгол хүн амьдрахгүй болгож, харийн түрэмгийлэгчдийн хойч үед бэлэглэнэ гэдэг эх оронч гэх нь байтугай, харин ч эсрэг сэтгэлгээ мэт. Хилийн чанадын тэр монгол нутгуудад үлдэхийн төлөө, тэр нутгуудыг харийнханд алдахгүйн төлөө монголчууд амь хайргүй тэмцэж ирсэн. Гэтэл тэр нутгуудийг өөрсдөө өгчих хэрэг үү.
Монголд харин ямар хүмүүс эхний ээлжинд ирэх нь тодорхой. Монгол гэж паспорт дээрээ сийлүүлсэн ч, цэвэр "ари" хятадууд Өвөрмонголд олон буй. Тэд ёстой л сая саяараа Монголд ирэхээс буцахгүй. Мөн монгол гаралтан гээд Афганаас террорист этгээдүүд орогнох гээд ороод ирэхийг хэн байг гэхэв. Монголд тагначихаар зүйл байдаг юм аа гэхэд тагнуулууд мөн монгол туургатан дүрээр орж ирнэ. Бүх монголчуудыг нүүлгэн суурьшуулах мөрөөдлийн ирээдүй ийм л байна.


Орос, Хятадаас далайд хүрэх гарц нутаг авах хэрэгтэй

Бүх монголчуудыг Монгол улсад суурьшуулах нь үнэхээр аврал мэт санагдана. Сүүлийн үед манайхан харийнханд газар нутгаа өгөх юм уу, худалдчихаад тэгж олсон хэдэн төгрөгөө идээд гэдсээ илээд хэвтэж байх мэт зүйлийг ярих болсон. Иймэрхүү мунхагууд олширвол монголчууд амьтад адил сөнөж мөхөхөд ядах юмгүй. Харин энэ газар нутгаа харийнхандаа бус монголчууддаа л өгөх, зориулах хэрэгтэй билээ.
Буриадын олон зүтгэлтэн хорьдугаар зуунд Монголын эв нэгдлийн санааг мандуулж ирсэн, өнөөдөр ч хэвээрээ байна. Бүх буриадуудыг Буриадын БНУ-д ирүүлж, титул үндэстний хувийг өсгөн, унаган хүн амын байр суурийг бэхжүүлэх "Ордын хөдөлгөөн" үйл ажиллагаа явуулж байна. Хорьдугаар зуунд буриадууд хэд хэдэн удаа Монголд олноор нүүн ирж байв. Буриад зон монгол түмний эв нэгдлийг эрхэмлэдэг сэтгэлдээ хөтлөгдөн юун түрүүн Монгол улсад шилжин суурьшиж эхлэх магадлалтай.
Өвөрмонголчууд 1910-аад болон 1940-өөд онд Монгол улсад нэгдэх хүслээ илэрхийлж, мөн нүүн ирж сууж байснаар нь сум хүртэл байгуулж байв.
Өнгөрсөн зууны 30, 40-өөд онд гарамгай эх оронч Дэмчигдонровын удирдлагын дор тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан. Өвөрмонголчуудын үндэсний үзэл сүүлийн үед их сэргэж, мөн Монгол улсад маш элэгтэй болсон. Өвөрмонголчууд Монгол улсад ирэхийг хүсэх нь дамжиггүй.
Тува 1910-аад он хүртэл ямагт Монголын бүрэлдэхүүн хэсэг байсан ба 20-иод онд Монгол улстай нэгдэх тэмцэл гаргасныг оросууд нухчин дарсан. 40-өөд он хүртэл Буриадын нэгэн адилаар Монголд нэгдэх үзэл тэнд хүчтэй байв. 90-ээд онд монгол үндсээ сэргээх тэмцэл үүсэхэд оросууд нухчин дарж, тэнд зохиомол хямрал үүсгэж, монголчуудын эсрэг турхирах болсон. Хэрэв тувачуудыгаа аваад ирвэл монгол хоорондын зөрчил арилна. Хил залгаа Алтайн БНУ-ын ойрдууд, мөн алс холын Халимагийн болон Афганы монголчуудыгаа ирүүлж, бүгдээрээ элэг бүтэн амьдарцгаахсан. Үүнийг хүсэхгүй монгол хүн бий гэж үү.
Монголчууд ирснээр эдийн засаг хүчирхэгжинэ. Буриад, Халимаг, Өвөр Монголоос үйлдвэр, үйлчилгээ, бизнес, шинжлэх ухааны чадварлаг мэргэжилтнүүд ирж, УААА-г шинээр зохион байгуулж, хямралаас гаргахад хувь нэмрээ оруулна. ОХУ, БНХАУ-аас монгол гаралтан мэргэжил сайтай ажиллах хүч ирнэ. Аж үйлдвэр, уул уурхай, их барилга сэргэж, шинэ салбарууд үүсч, хот суурингууд баригдана. Малыг хашиж өсгөх туршлагатай Өвөр Монголчууд, эрчимт мал аж ахуйн уламжлалтай Халимагууд манай өнөөдрийн бэлчээрийн натуралист арга барилыг үндсээр нь өөрчлөхөд тусална. Манайхтай ижил нөхцөлд газар тариаланг үр дүнтэй хөгжүүлж ирсэн Өвөр Монгол, Халимаг, Афганы тариаланчид ХАА-г өөр түвшинд хүргэнэ. Монгол хэл соёл төсөөлөхийн аргагүй өндөрлөгт гарч, хөгжиж баяжина.
Энэ зохих хэмжээний баталгаатай, хүлээн зөвшөөрөгдсөн газар нутаг дээрээ аль болох олон монголчуудыг байлгах нь л үндэстний насыг уртасгана. Хэрэв ирээдүйд их гүрнүүд дэлхийн газар нутаг, баялагийг тэгш хувааж авах санал дэвшүүлбэл зөвхөн өнөөгийн Монгол улсын иргэд (3 саяас илүү өсөхгүй байх магадлалтай) багахан газар нутаг авч өчүүхэн дээрээ өчүүхэн болно. Хэрэв арав, хорин саяулаа байвал тийм байдалд хүрэхгүй.
Харин ч газар нутгийн өөр нэгэн чухал асуудлыг дэвшүүлж тавих хэрэгтэй. Бүх Монголчуудыг Монгол улсад нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон чухал асуудлыг дэвшүүлэх шаардлагатай. Олон сая Монголчуудыг авчрахад үндэстэн маань их хэмжээний газар нутгаа алдахад хүрч байна. Харийн түрэмгийлэгчид Монголын аль сайхан нутгуудыг эзлэн авч байсан билээ. Байгаль нуур, Соён, Алтай, Хянганы нуруу, Өмнийн их говь, Хөх нуур, Ижил мөрний сав газар асар их баялаг, хэтийн төлөвтэйгээ орхигдох болно. Тэгэхээр компенсаци болгож, Хятад, Оросын хилийн дагуу буфер бүс маягтайгаар далайн гарцад хүрэх коридорыг гаргаж өгөхийг тус улсуудаас хүсэх, шаардах хэрэгтэй юм. Орхигдсон газраас хэмжээгээр бага боловч, Монголын хувьд стратегийн их ач холбогдолтой уг коридор манай түгжигдмэл, хязгаарлагдмал байдлыг эгнэгт арилгах учиртай.
Энэ мэтчилэн бүх Монголчуудыг нүүлгэн суурьшуулах нь бидний хамаг асуудлыг шийдэж өгч, ирээдүйг маань жинхэнэ гэрэл гэгээтэй байлгах мэт санагдана.

Эсрэг тэсрэг байр сууриудыг тэмдэглэсэн Ч.Мөнхбаяр
“Алаг хорвоо” сонин. 2001 он

1 comment:

tugsuu said...

yagaad bolohgui gej.chi dandaa l muugii n bichsen bna shd. USA evrei geed l end tendees irsen tsagaach naraas burdsen oron delhiid baina. ted huchirheg baigaa. bid yagaad busdadaa deerelhuulne gej. ene ardchilsan oron gedeg utgaar n huchtei uldej huchgui n muhuj baih n horvoogiin jam. olnoos olon uhaantan garna. malchid irvel mal olon bolno. belcheer usaa saitar zohitsuulj bolno sh dee. tertee tergui mongoliin ovol hatuu. ter humuus ireed mongoliin malchdaas deer garna gej ugui. tsag uur baigaldaa dassan malchdiig ted yaj guitseh ve. medeej 1 hesegtee hetsuudene l dee. uimeen samuun ch garna. gevch daraa n mongolchuudiig undesniihee uzleer huglugdunu. 13 r zuund enenees ch door baisan bish uu.Ene yalzarsan ulsiig tseverleh hamgiin shildeg arga bol ene.