Үлдсэнийг нь ялтан солилцох гэрээгээр буцааж тушаах гэж байна
Нийслэлийн Оюутны талбайд “Өмнөд монголчуудын төлөө хамтдаа!” цуглан боллоо. Цуглааныг үндэсний хөдөлгөөний идэвхтэн Ч.Мөнхбаяр, А.Сарнай нар зохион байгуулж, “Эсгий туургатан”, “Даяар Монгол” ТББ, фэйсбүкийн “South Mongolian Support”, “Хужаа нарт дургүй залуусын грүпп” бүлгийнхэн, өмнөд монголчууд оролцжээ. Мөн Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан, “Гал үндэстэн”-ий удирдагчдын нэг М.Баатархуяг, “Нармай Монгол” ТББ-ын ГЗ Энхжаргал, судлаач Л.Бат-Очир, Н.Болд, Мөнхжаргал нар оролцсон юм. Цуглааны үеэр яггүй хүйтэн байсан ч, оюутнууд, зорчигчид саатан сонирхож байлаа.
Тэд “Өмнөд монголчууд аа, бид та нартай хамт шүү!”, “Хуучинхүүг сулла!”, “Эх хүнийг тамлахаа боль!”, “Өмнөд монголчуудаа хамгаалцгаая!” зэрэг лоозон, Өмнөд Монголын далбааг барьсан байв. Ташрамд, өмнөд монголчууд гэдэг нь БНХАУ-ын өнөөгийн нутаг дэвсгэрт оршин сууж буй бүх зургаан сая гаруй монголчуудыг хэлж буй юм. Өөрөөр хэлбэл, ӨМӨЗО, ШУӨЗО, Хөх нуур муж, бусад мужуудад буй монголчууд. Энэ өдөр бусад улсуудад мөн 12 цагт өмнөд монголчуудын хүний эрхийн төлөө жагсаал цуглаан болжээ.
Зохион байгуулагчид Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-ны өмнө цуглаан хийнэ гэж төрийн холбогдох байгууллагуудад мэдэгдсэн ч, хууль зөрчих агуулгатай мэдэгдлийг хүлээж авах боломжгүй гэжээ. Уг нь арга хэмжээ болох бүх улсад БНХАУ-ын ЭСЯ-ны өмнө жагсах учиртай байж. Даанч гагцхүү Монгол улсад тэгж болдоггүй аж.
Нэгэнт тэр өдөр ямар арга хэмжээ болох нь мэдэгдсэн тул, хэрэв бид ЭСЯ-ны өмнө жагсвал таслан зогсоох чиглэлээр бэлтгэгдсэн ажиллагаатай гарцаагүй тулгарч төлөвлөсөн маань бүтэлгүйтэх байв. Зөрчилд холбогдсоноор ихээхэн сөрөг үр дагавартай учрах хүмүүс ч тэмцэлд маань оролцох хүсэлтэй байгаа гэх зэрэг шалтгаанаас болж, Оюутны талбайд цуглах болсон. Энэ нь бас ч гэж элчинтэй ойр газар юм. Өмнөд монголчуудын төлөө тэмцлийг төрийн байгууллагууд хүлээн зөвшөөрч байгаа нь ахиц мөн. Цаашдаа олон зүйлийг хүлээн зөвшөөрүүлэх нь бидний зорилго гэж Ч.Мөнхбаяр ярив. Г.Арслан:
-1990 оноос хойш 1000 гаруй өмнөд монгол хүн Монголын иргэн болох, байнга оршин суух хүсэлт тавьж орж ирснээс, 900-г нь буцаасан, Хятадад барьж өгсөн, гуравдагч оронд цагаачлахад хүргэсэн байна. Даяар Монголын ариун голомт гэж төрийн дуулалдаа тунхагласан манай улсын засгийн газар ийм бодлоготой, үйл ажиллагаатай байж болно гэж үү дээ.
Батзангаа гэдэг үндэс угсаагаа гэсэн сэтгэлтэй монгол хүн хавчигдлаас дайжин гэр бүлтэйгээ ирэхэд, Хятадаас “эрүүгийн гэмт хэрэгтэн” гэсэн бичиг, цагдаа нар нь ирээд л, манай цагдаа нартай нийлж НҮБ-ын дүрвэгчийн комиссариатын дэргэд отоо хийж хамтран баривчилж авч явсан, хувь заяа нь хэрхсэн нь тодорхойгүй.
Г.Арслан, Ч.Мөнхбаяр нар жагсаалын үеэр
Монголд буй 100 гаруй өмнөд монгол хүнийг ч аль болох л зайлуулах санаархал байгаа. БНХАУ бол тэднийг “гурван хор буюу салан тусгаарлалт, хэт давралт, зандалчлалт” зэрэгтэй холбоотой гэж үзэж авах сонирхолтой байдаг. Ялтан солилцох гэрээ байгуулагдсан учир, Хятадад хар тамхи, хүний наймаа, биеэ үнэлэх хэрэгт холбогдсон иргэдээрээ тэднийг солих магадлалтай байгаа. Уг нь бол хятад гэмт хэрэгтнүүдээр сольж авч болно. Гэвч тэднийг Хятадад зүгээр л шилжүүлчихдэг гэж байв. Энхжаргал:
-Монголд өмнөд монгол хүн оршин суух хүслээ илэрхийлэхэд биелүүлэх боломжгүй шаардлага тавьдаг. Хоёр сая төгрөгийн цалинтай ажлыг таван жил хийх баталгаа, БНХАУ-ын янз бүрийн тодорхойлолт гэхчилэн. Үүнийг нь биелүүлж чаддаггүй учраас өмнөд монгол хүн Монгол улсад хууль дүрэм зөрчигч мэт болдог. Тиймээс тэднийг албадан гаргах нөхцөл бүрддэг.
Бас өмнөд монгол хүн Монгол улсад цагаачлах ямар ч шалтгаан байхгүй, Хятад улсад бүх юм сайн сайхан байгаа гэдэг. Монгол хүнтэй гэрлэсэн л бол орж ирж болно гэдэг ч энэ нь хүртэл ямар ч баталгаагүй. Гэр бүлээс нь салгаад л хөөчихдөг. Ардчилсан улсад ийм хэм хэмжээ байж яавч болохгүй гэж байв. А.Сарнай:
-Өмнөд монголчуудын эрх Хятадад асар их зөрчигдөж байна. Өвөр Монголын Ардчилсан Холбоо гэдэг байгууллагыг байгуулж, анхны цуглааныг нь зохион байгуулсны төлөө Хадаа багшийг 1996 онд баривчилж, 15 жил хориод, 2011 онд сулласан гэсэн ч, нууцаар хориод байгаа. Тэр хүн ийнхүү насаараа хоригдож ч магадгүй байна. Түүний эхнэр Шинээ, хүү Үйлс мөн хоригдож байсан. Одоо бүр гэр бүлээрээ хоригдож байна. Сураггүй алга болсон ч гэж хэлж болно.
Тэгвэл, “Хадааг хамтдаа тосон угтъя” гэж блогдоо бичиж уриалсан Хуучинхүү багшийг хулгайлан хорьсон. Хадаа багшийг хаалттай шүүх хурлаар ялласан бол, Хуучинхүү багшийг ерөөсөө л сураггүй алга болгочихсон. Ингэж хүн хулгайлах нь Хятадад ердийн үзэгдэл болоод байна. 60 хүрч байгаа тэр эмэгтэйн байнга зэрлэгээр зодуулж, жанчуулж байдгийг нотолсон зураг хэдэн сарын өмнө, интернэтэд тавигдсан. Энэ нь дэлхий нийтийг цочирдуулсан. Өмнөд монголчуудыгаа өмөөрч Хятадын элчингийн өмнө жагсах гэтэл саад тотгор учирлаа. Гэвч бууж өгөхгүй, цаашид санасандаа хүрэх л болно гэв.
Сурвалжилсан П.Тулга
No comments:
Post a Comment