Thursday, January 19, 2012

Хазар монголчууд өөрсдийгөө Чингисүүд, Чингис хүн гэдэг


Эрхэм судлаач элий балай болов уу?

Судлаач Ганхуяг гээд л ойр орчмынхон нь хөөргөддөг ч, юу судалдаг, судлаач мөн эсэхийг нь ч олон түмэн үл мэдэх бөлгөө. РR-чин гэвээс илүү зохилтой гэж хүмүүс ярилцдаг л юм билээ.
Энэ хүн “Stop Killing Hazaras” хэвлэлийн хурлыг зохион байгуулж, элэг нэгтнээ өмгөөлсөн хүмүүс рүү утга учиргүйгээр дайрч, элдвээр доромжилжээ. “Ганц ч үгэнд нь итгэж болохгүй гэдгийг судлаачийн хувьд баталж байна” гэж хүртэл дүвчигнэжээ. “Хазар монголчуудаа дэмжицгээе!” уриалгад нэгдсэн 20 гаруй ТББ-ыг энэ хэдийн байгуулсан хулхи байгууллагууд гэж гүжирджээ. Нийгэмд танигдсан ТББ-уудыг мэддэггүй энэ судлаач сүүлийн үед газар аваад байгаа “Монголын ертөнцийг мэдэхгүй байх” гэдэг өвчинд мөн нэрвэгджээ.
“Хазарууд бидэнд патлий ч үгүй, монгол гэдгийг нь шинжлэх ухаан батлаагүй, хангалттай баримт байгаа” гэж бодот байдлаас яг эсрэг зүйл хэлжээ. Тэгвэл, хазаруудыг бүх дэлхийн “түрэгжсэн монголчуудаас гаралтай” гэж нэгэн дуугаар тодорхойлдогийг хаанаас ч үзэж болно. Үүнийг бичигч бээр: түрэгжсэн монгол төдийгүй, өвөг монгол, монгол, пэрсэжсэн монголчуудын түрлэг хазарын ард түмэн үүсэн бүрэлдэхэд гол хүчин зүйл болон нөлөөлсөн агаад, гэхдээ дотроо бас ялгавартай, монголчуудад элэгтэй нь байхад, өөр бодолтой нь ч буй гэдгийг бичиж ирэв. Бүх хазарууд бол монголчууд юм гэж хэзээ ч хэлж байсангүй, бидэнд элэгтэйг нь хазар монголчууд гэж томъёолж, нийт хазаруудыг ах дүү ард түмэн хэмээе гэсэн маань буй. Юм гэдэг нарийн, “судлаачийн” хувьд дэндүү бүдүүн.

Гумилёвын “Хазарыг нээсэн нь” номыг уншаад Д.Ганхуяг бүхнийг ойлгосон гэнэ. Тун харамсалтай нь уншаагүй ажээ. Уг номд, Хазария буюу Хазарын каганат гэгддэг сөнөсөн гүрний тухай үгүүлж, хазарууд хаашаа алга болов хэмээн, таамгуудыг дэвшүүлсэн байдаг. Огт оргүй болсон улс түмний тухай бичсэн болохоос, одоо бидэнтэй учран золгож буй хазар монголчуудын тухай бичээгүй болой. Хэдэн жилийн өмнө Монголын өдөр тутмын том сонинд нэг сурвалжлагч бүсгүй хазар монголчуудын тухай үгүүллээ гэсэн чинь мөн тэр устсан улс түмний тухай орчуулж хэвлүүлсэн байсан нь элэг хөшөөсөн. Түүнийг л Д.Ганхуяг уншиж судалсан бололтой. Гумилев ч түүхийн баримтлалыг бүрэн дүүрэн өгч чадахгүй, алдаа мадаг гаргасан байдаг бөгөөд, үндэсний асуудлыг судалж мэдэхэд нэг ном хангалтгүй юм.
"Судлаачийн" эл бичвэрийн ихэнх хэсгийг нь, Д.Энхбатыг дагаж ИЗН-д нэгдээгүй, НН-ын зүтгэлтнүүдийг гутаан доромжилсон зүйлс эзэлжээ. Өөрөө Д.Энхбатын ч билүү, Д.Энхбатын “НН”-ын ч билүү зөвлөх гэнэм. Д.Ганхуягийн согтуу хөлчүү, элий балай гэмээр үгсийг ойлгоход энэ л хангалттай. Түүний бичдэг зүйлс ард түмний эсрэг улс төрийн бүлэглэлүүдэд нэн таатай л юм билээ.
Дээрх хэвлэлийн бага хурлын гол зохион байгуулагч нь би юм. Хазарын асуудлаарх акцидаа урихад ойшоон оролцсон нөхдийг маань дайрч давшилсныг эс хүлцэн, үүнийг тэрлэж сууна.
2001 онд, зарим хэмжээний эрх чөлөөтэй болонгуутаа, манай засгийн газарт хандан тусламж хүсч, хамтран ажиллахыг санал болгон илгээсэн, хазар монголчуудын захидлыг эрх баригчид өдий хүртэл нуун дарагдуулсан нь саяхан илрэв. Монголын дарангуйлагч нар монгол туургатныг ¹1 дайснаа гэж үзэн ядсан үйл ажиллагаа явуулж байдгийг, хазар монголчуудад яаж хандаж ирснийг би нэг бус удаа бичсэн.
“Stop Killing Hazaras” хэвлэлийн хурлын дараа хазаруудын эсрэг хандлага идэвхжив. Зовж зүдэрсэн хазар монголчууд руу дайрч давшилсан зүйлүүд ч бичигдэж цацагдаж байна, “сэтгэгдэл зохион байгуулалт” зэрэг ажиллагаа ч лут байна. Нэг мэдээллийн дор 100 гаруй сэтгэгдэл байх ба хэдхэнээс бусад нь цөм анти-хазар чиглэлтэй байв. Би өөрөө хэвлэл мэдээллийн хүн тул аль нь сэтгэгдэл, аль нь “сэтгэгдэл зохион байгуулалт” болохыг мэдэлгүй яах вэ. Хазарын асуудалд гардаг хэвийн рэакци ямар байдгийг гадарлахтайгаа.
Д.Ганхуягийн тухайд гэвэл блог-сайт дээрээ сэтгэгдэл бичээд байх бүрэн боломжтой, учир нь сэтгэгдлийн хэсэгт нь IP байдаггүй юм билээ. IP байхгүй, эсвэл бүрэн бус IP-тай сэтгэдлүүд бол худал суртал ухуулга байдаг юм шүү дээ. Худал IP гаргадаг программ ч буй болсон.
Хэвлэлийн хурал руу маань янз бүрээр дайрч довтолж байгаа нь биднийг сэтгэлээр унагахгүй юм. Дэлхийн хазар монголчууд бидэнд талархал ерөөлийн үгсээ илгээн баясгасаар байна. Тэд “Бид бол монголчууд”, “Бид нэг ард түмэн”, “Миний амьдралын хамгийн аз жаргалант өдрүүдийн нэг”, “Бид өөрсдийгөө хазарууд гэхээс гадна чангэзичүүд /Чингис гэхийг тэгэж хэлнэ/ гэдэг” гэх зэргээр бичиж, чин сэтгэлээ илэрхийлж байна.
Үндэсний эсрэг хүч биднийг Хазарын тухай дуугарсан ч, Өвөр Монголын тухай дуугарсан ч, бүр Монгол улсынхаа тухай дуугарсан ч “цаагуур байсан гайг наагуур дуудав” гэж хялайдаг. Яс үндсийн талаар эргэлзээтэй этгээдүүдээр толгойлуулсан хүчний хувьд монгол үндэстэн, туургатан гай юм байж. Харин монголчуудын хувьд тэд өөрсдөө жинхэнэ гай юм. Тэр гайтнуудын ганц ч үгэнд итгэж болохгүй гэдгийг монгол хүний хувьд баталж байна.
Ч.Мөнхбаяр
ММХI.Х.ХIII
http://moenhbayar.blogspot.com

1 comment:

small said...

өөрийн блогт шүүмжилсэн сэтгэгдэлыг хаадаг ганхуяг гэх судлаачын толгойд авах гээхын ухаангүй шүүмжлэл даахгүй авгай хэрүүлтэй амьтан бна лээ