Thursday, January 19, 2012

1912 онд монгол цэргүүд Орост асар том дуулиан тарьж байв

Үлэмж биет монгол цэргүүдийг Николай хаан авах гэж зүтгэсэн

Урьдын Монголын ихэс дээдэс маань уран нарийн ухаантай байжээ. 1912 онд тусгаар тогтнолын асуудлаа Оросоор дэмжүүлэх гэж явахдаа Ханддорж чин ван маань хувийн бие хамгаалагч гээд Өндөр Гонгор, Намхайцэрэн бөх хоёрыг авч явжээ.
Элдэв сонин хачныг сонирхон цуглуулах дуртай Богд хаан тэр хоёрыг ордондоо байлгаж, бие хамгаалагч хийлгэж, олны бишрэлийг өдөөдөг байж.
Тэгэхлээр нь Ханд ван: “Манайх мэт шинэ тулгар тусгаар тогтносон, хүн бүл цөөн, хөгжил дэвшил буурай улс орны элч төлөөлөгчдийг Баатар цагаан хаан бахдан ойшоохгүй байж магад. Энэ хоёр аваргыг авч явбал эрхбиш бишрэх буй заа” гэхэд Богд хаан хүн-тоглоомуудаа зээлдүүлэхийг зөвшөөрчээ.


Чингээд Ханд ван Санкт-Петрбург хотноо морилон очиход Оросын ихэс дээдэс хүүе хаая болоод л явчихаж. Юу вэ, яаваа, яасан ийсэн гэсэн чинь Ханд ван тайвнаар үгүүлж байх юм гэнэ. “Өө энэ бол манай эгэл цэргүүд. Цэргүүдээсээ хоёрыг нь л бие хамгаалагч болгоод аваад ирлээ” гэж.

Монголын талаар ямар ч ойлголтгүй орос дээдэс “Пээ Чингисийн монголчууд дэлхийг эзлэх нь аргагүй юм байна. Нэг нь аравтай тулалддаг байж. Барьж аваад л цээж бөгсөөр нь хуваагаад хоёр тийшээ шидчихдэг байсан биз” гээд л мэдэмхийрч. Аальгүй хатагтай нар яанаа ийнээ, ямар гээч нь энэ вэ гээд л сэвүүрээрээ нүүр амаа таглаж явжээ.
Оросын хэвлэлд тэр үед гарсан энэ зурагт “Монголын цэргүүд гэж өөрсдийгөө үзүүлээд мөнгө олж болохоор улс байдаг юм байна” гэсэн тайлбар бичсэн байгаа юм.
Улс төрчид нь Монгол гэдэг чинь Хятадын хэсэг биш юм байна шүү, монголчууд хужаа нараас огт өөр юм байна шүү гээд л сүйдэн майдан болж. Баатар цагаан хаан инээвхийлж: “Бие хамгаалагчдаа надад үлдээчих юм биш биз” гэж сонжин асуужээ. Ханд ван: “Энэ баатар эрс маань бүх монголчуудыг нэгтгэх их аян дайнд мордохсон гэж тэсч ядан буй тул даруй буцахыг хүсч буй биз ээ” гэжээ байна. Энэ хариулт хаанд таалагджээ.
Монголын төлөөлөгч олон хүнээс бүрдсэн байсан агаад, Оросын засгийнхны дунд гүн хүндэтгэлийг олсон юм. Оросын тал манайхныг сар гаруйн хугацаанд зочлуулж, их л хүндэтгэн саатуулж байсан байдаг. Танай Монгол улсын тусгаар тогтнол болон, бүх монголчуудыг чөлөөлөн нэгтгэх дайныг бүрэн дүүрэн дэмжинэ, харин одоохондоо манай хоёр улсын л хоорондын асуудал байг гэж оросууд аминчлан хэлсэн нь Ханд ван нарын том ялалт байлаа. Даанч энэ ялалтыг япончууд үгүй хийсэн болой.

No comments: