Thursday, January 19, 2012

Зөвлөлт нийгмийг халах оролдлого хийгээгүй учир Монголд ардчилал тогтоогүй


Дэсоветизацийг цаг алдалгүй өрнүүлэх нь амин чухал асуудал болоод байна

Дэлхийн II дайны дараа зохих улс орнуудад нацист үзэл суртлаас ангижруулах буюу дэнацификацийг хэрэгжүүлснээр нийгэм нь эрүүлжиж байсан билээ. Тэгвэл хүйтэн дайны дараа, социалист лагэр гээчид “хоригдож” байсан зарим оронд зөвлөлт (большевик) үзэл суртлаас ангижруулах буюу дэсоветизаци амжилттай явагдав, заримд нь явагдаж байна, харин манай оронд л бараг явагдсангүй. Нацизм, большевизм хоёр нь эн зэрэгцэхүйц муу муухай, харгис хэрцгий, хүн төрөлхтний эсрэг, хууль бус дэглэмүүд билээ. Большевизм нь муу муухайгаараа давж гарах ч байх.
Дэсоветизацигүйгээр шинэ, ардчилсан, эрүүл нийгмийг бид байгуулж үл чадах төдийгүй, өөрсдийгөө үргэлжлүүлэн устгасаар байх болно. Сүүлийн хорин жилд 20 гаруй чиглэлээр, Монгол улсын ард иргэдийн эсрэг гэноцид үйл ажиллагаа явагджээ.
Гэвч үүнд эмзэглэх, дургүйцэх зүй ёсны рэакци үгүйлэгдэж байна. Яагаад гэвэл, нам засаг юу ч хийж байсан зөв, бид зөвхөн дагах л ёстой гэсэн зөвлөлт маягийн сэтгэлгээ хэвээр ноёлж буй учир монголчууд Монгол орондоо эзэн нь болж чадсангүй.

Сатэллитизм, коллаборационизм, колониализм, космополитизм, номэнклатур, коррупци, кареризм, паразитизм, цинизм, нигилизм, антидэмократизм, антиисторизм, антиамэриканизм гээд социализмын үед байсан сөрөг, сүүдэртэй бүхэн өнөөдөр нийгэмд маань улам гаж буруугаар хөгжөөд л байж байна. Нэо-тоталитар нийгмийг бид байгуулчихаад, шаналан зовж шар нар, бор хоногийг өнгөрүүлж байна.
Тоталитаризм гэж юу вэ гэдгийг нийгмээрээ тодорхойлох, ойлгох, тэгээд жигших, ангижрах амин чухал шаардлагатай болоод байна. Ард түмэн, төр засаг аль аль нь үүнд хүчин чармайлт гаргах учиртай. Эсбөгөөс, өөрийгөө устгагч нийгмийг, ард түмнийг устгалцан, ашиг хонжоо олж, буй бүхнийг нь эзэмдэх гэсэн харийнхан дээд цэгтээ хүртэл гаарлаа. Урьд зөвхөн Зөвлөлтийн дор нухчуулж байсан бол, одоо бүхний дор орлоо. Байдал энэ хэвээр үргэлжилсээр ахул, тоталитаризмын бүх аймшиг хичнээн л бол хичнээн дахин өсч үржсэн байдлаар давтагдана, шинэ аймшгууд ч нүүрлэнэ.
90 оноос хойш про-чайна баримтлалтнууд бүх сөрөг зүйл Зөвлөлт болон гар хөл бологчдоос нь шалтгаалсан гэсэн замбараагүй суртал ухуулга явуулж, одоо тийм юм болохгүй гэж тайвшруулж, нэг ноёрхогчийн орон зайг нөгөөгийнхөөр дүүргэн хятаджуулж ирснээс бус, зөвлөлт нийгмийн ч, ардчилсан нийгмийн ч мөн чанарыг таниулсангүй. Зөвлөлт нийгмийг халж, ардчилсан нийгмийг байгуулсангүй.
Өөрчлөн байгуулалтаас өмнө хүмүүс “Амьдрал яах вэ, Анжэла Дэвис л хэцүү байна” гэж мэндэлдэг байсан л юм гэсэн. Өдгөө “Амьдрал яах вэ, аав хүү Каддафи л хэцүү байна” гэж байгаа шүү дээ. Дэсоветизаци биш, рэсинизаци хийгдсэн учир. Ташрамд, ЗХУ ч Монголд синизаци хийж байсан явдлууд буй агаад, үүнийгээ “пролэтарийн интэрнационализм, Монгол бол Хятадын хэсэг гэсэн үүднээс бид засан тохинуулж тусалж байна” гэхчилэн энд тэнд тайлбарладаг байж.
Орчин үеийн Монгол улсаа БНХАУ-ын үзэл суртал орж ирэх зузаан хөрс бүрэлдэж амжжээ. Тиймээс ч өнгөрсөн нийгэмд буцаж орох тухай уриа лоозонгууд багагүй тохиолдох боллоо. Зүй нь, хятаджуулах биш, монголжуулах, шинэ маоизмын бус, шинэ панмонголизмын үзэл санаагаар нийгмийг цэнэглэх ёстой байв. Монгол гэж болдоггүй, БНМАУ л гэдэг, монголчууд гэж болдоггүй, хөдөлмөрчид л гэдэг нийгмийг өөрөөр яаж ч өөрчлөхсөн билээ дээ.
Сүүлийн үед социализмын үеийн томоохон гэм нүгэлтнүүдийг цагаатгаж, хэлмэгдэгсдийг дахин хэлмэгдүүлэх явдал хавтгайрлаа. Тоталитар дэглэмийнхэн л үндсэндээ ээлж халаагүйгээр засгийн эрхийг барьж ирсэн тул энэ нь аргагүй мэт. Ингэснээрээ нэо-тоталитар дарга нарыг алдаршуулан мөнхжүүлэх ч боломжийг өөрсдөдөө гаргаж ирж байна. Гэхдээ энэ зүй бус рэабилитациа таслан зогсоож, нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөхөд оролцохоос өөр ямар ч аврал пост-номэнклатур дарга нарт байхгүй юм.
Монгол бол Цэдэнбал, Чойбалсангийн орон биш, Чингис, Баатар Эзэн (Модун шанью) хаадын орон билээ. Харин коммунист намын том дарга нар колонийн систэмд үйлчлэгч том гэмт хэрэгтнүүд хэвээр л үлдэнэ. Тоталитар дэглэмийн гэмт, хууль бус мөн чанарыг ардчилсан хууль зүйн үүднээс эцэслэн зөв тогтоож, эргэж хуучин нийгэмд орох зам байхгүй гэдгийг эргэлзээгүй болгох шаардлагатай. Гэм зэмгүй иргэдийн амь амьдралыг золиослож байж сайн сайханд хүрнэ гэдэг ямар ч нийгэм байх ёсгүй юм.
Жинхэнэ гласность буюу ил тод байдал манайд байсангүй. Түүхийн олон асуудал цагаан толбо хэвээр, нууцлагдмал байна. Ил тод байдлыг шинээр эхлүүлэх хэрэгтэй. Тоталитаризмын хувьд ч, нэо-тоталитаризмын хувьд ч.
Түүх судлал-сургалтыг тоталитарист үзэл суртлын нөлөөгүйгээр хөгжүүлэхгүй бол болохгүй. Зөвлөлт маягийн сэтгэлгээнээс салаагүй, бэртэгчин, атгаг эрдэмтдийн, энд тэнд нь жаал жуул хуурмаг засвар хийсэн түүх хэнд ч хэрэггүй. Яагаад тоталитар нийгэм хэрэггүй вэ, яагаад ардчилсан нийгэм хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулах л түүх бидэнд хэрэгтэй.
ОХУ-д өнөөдөр дэсталинизацийн явц гараагаа эхэлж байна. Дэсталинизацийг постсовет болон соцлагэрийн орнуудтай хамтран хэрэгжүүлэх ёстой гэж буй. Энэ нь ОХУ-ын хувьд маш чухал юм.Учир нь тус улс гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээгээгүйн улмаас дайсагнасан орнуудын (бид л орос ах нар гэж хайр зарласаар) хүрээлэл дунд оршиж ирлээ.
Хойд хөршийнхөн дэсталинизацийн үндсэн дээр Их эвлэрэл тогтооно гэж байна. Зарим улсын янз бүрийн зүтгэлтнүүд “манайд коммунист дэглэм хүчээр тогтоосны төлөө нөхөн төлбөр авна” ч гэж буй юм байх. Ер нь бол нөхөн төлбөрийн тухай ярих хэлэлцэх, өгөх авах ёстой. Гэхдээ цаг нь болсон болоогүй гэж асуудал бий.
Харин, Оросын монгол туургатнуудын хүрээнд дэсталинизацийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх тухайд бол эртдэх биш, оройтож байгаа юм. Хойд өмнөд хоёр хөрш хуйвалдан, нийт монголын гэноцидийг (төрөлгүйтгэл) зохион байгуулсан нь үнэн билээ. Тэрхүү гэноцидийг хүлээн зөвшөөрөх, сөрөг үр дагавруудыг нь арилгах засах үйл ажиллагаа явуулах, монгол түмнүүдийн хэл соёлын нэгдмэл байдал, түүхэн нэршлүүд (Буриад Монгол, Тагна Урианхай, Ойрд ба бусад), нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, засаг захиргааны статус, хувь заяагаа тодорхойлох эрх (авто-дэтэрминаци), туургатны дотоодын хэлхээ холбоо зэрэг алдагдсан үнэт зүйлсийг сэргээх, цагаатгалыг гүйцэд болгож өргөжүүлэх гээд л зайлшгүй хийх шаардлагатай олон тодорхой алхмууд байна.
Орос, Хятад хоёр бол харилцан уялдсан бодлоготой, холбоотон улсууд. ОХУ дахь дэсталинизаци БНХАУ дахь айсуй, адил төстэй шинэтгэлүүдийн урьдал дохио байж болох юм. Тиймээс, гурван улсын хамтарсан, монгол туургатны дэсталинизацийн бодлогод идэвх санаачлагатай оролцоход бид бүх талаар бэлтгэлтэй байх ёстой.
Дэсоветизацийг бодтойгоор хэрэгжүүлж нийгмээ аврахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
1.Мэдээлэлд ил тод байдлыг нэвтрүүлж, тоталитар нийгмийн үнэн мөн чанарыг илчилж, зохих ухуулга сурталчилгааг бүх арга хэлбэрээр өрнүүлж, тоталитаризмыг судлах тусгай бүтэц буй болгоё!
2.Цагаатгалыг хамрах хүрээ, хууль зүйн боломжийнх нь хувьд өргөжүүлж, эд матэриал, сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийг нь нэмэгдүүлж, холбогдох мэдээллийн дутмагшлыг нь арилгая!
3.Тоталитар дэглэмийн хохирогчдын хөшөө дурсгалыг олноор босгож, бөөнөөр алагдсан хүмүүсийг булсан газруудыг олж тогтоон, хүндэтгэлтэйгээр оршуулж, хэлмэгдэгчдийн мүзэйг өргөтгөн тэлж, өдрийг нь илүү цар, далайцтайгаар тэмдэглэе!
4.ОХУ-тай хамтран, монгол туургатны дэсталинизацийг хэрэгжүүлж, нийт монголын гэноцидийг хүлээн зөвшөөрцгөөж, сөрөг үр дагаврыг нь арилгах үйл ажиллагаа явуулъя!
5.Тоталитар дэглэмийн үйл ажиллагаа, үр дагаврыг хууль-эрхзүйн үндэстэйгээр яллан буруушаая!
6.Зөвлөлтийн тулгасан гажууд түүхийн судлал-сургалтыг халж, шинэ монгол түүхийн судлал-сургалтыг тогтоон хөгжүүлье!
7.Хэл соёлоо оросжуулалт, зөвлөлтжүүлэлтээс ангижруулан цэвэршүүлж, эрүүл зүй тогтолд оруулъя!
8.Тоталитар суртал ухуулга, үзэл суртлыг хориглож, тоталитар рэабилитаци, рэанимацийн хандлагуудыг таслан зогсоож, эдгээр гэмт үйлдлүүдийг шийтгэх хууль-эрхзүйн орчинтой болж, дарангуй дэглэмийг мөнхжүүлсэн баяр, нэршил, бусад зүйлсийг шийдвэртэй устгая!
9.Дээрх алхмуудыг багтаасан үндэсний дэсоветизацийн хөтөлбөртэй болъё!
10.Дэсоветизацийг улс даяарын, эх оронч-үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлье! гэж төр түмэндээ уриалж байна.
Халсан гэх нийгмээсээ салсан юмгүй үхширэн зууралдаад байвал Монгол улс үндэстэн удахгүй сөнөж мөхнө! Харийн бурангуйчуудын тулгасан колоничлол-гэноцидийн галзуу солиотой тогтолцоог түлхэн унагаж, түүхийн хог дээр хаявал Монгол улс үндэстэн үеийн үед мөнхжин бадарч, үрийн үрд цэнгэлийн манлайг эдлэн жаргах болноо!
Ч.Мөнхбаяр
ММХI.XI.XXIX
http://moenhbayar.blogspot.com

No comments: