Тэр төмөр замаар наашаа цөмийн хог, цаашаа эрдэс баялаг зөөнө
Ц.Элбэгдоржийн тодорхойгүй агуулгатай зарлиг, үг яриа сэлт нь цөмийн аюулын эсрэг тэмцлийг ихээхэн саармагжуулж, улс үндэстэнд сөрөг үр дагавар авчирлаа.
Өнөөдрийг хүртэл Монгол оронд цөмийн хаягдал булшлах, цөмийн аюулыг төвлөрүүлэх талаар хийгдсэн асар их ажил зүтгэл, гэрээ тохироог хэрхэх талаар Ц.Элбэгдорж нэг ч тодорхой зүйл айлдаагүй агаад, тийм юм болоогүй шүү л гэж үндэслэлгүйгээр үгүйсгэсэн. Ингэхлээр олон улсын цөмийн хуйвалдаан зогсох уу? Үгүй ээ. Зүгээр үгүйсгээд л сууж байхад яаж зогсох вэ?
2009.10.29 хүртэл атомын авантюрт С.Баяр гол тоглогч болон гоцолж явж. Гэтэл Сү.Батболдын ЗГ-ын үед “цөмийн эсрэг цогтой тэмцэгч” ерөнхийлөгч маань авантюрт орж ирж, ерөнхий сайдтай хоршиж, дүэт тоглолт хийж, басхүү гоцлох ч болжээ.
2009.8.25-нд Ц.Элбэгдорж цөмийн багт элссэн гэгддэг. Монголд айлчилсан Д.Медведевтэй хамт стратэгийн түншлэлийн (Монголыг стратэгийн зэвсэг болгоно гэж ойлгож болох нэр томъёо) тунхагт гарын үсэг зурсан өдөр шүү дээ. Энэ үеэр “Дорнод Уран”-ы талаар тохиролцоо хийгдэж, С.Энхбат, С.Кириенко үзэглэв.
2009.9.13-16-нд анхны гадаад айлчлалаа Энэтхэгт хийхдээ л Элбэгээ ерөнхийлөгч маань тус улсын ЗГ-тай цацраг идэвхт бодис, цөмийн эрчим хүчийг энхийг зорилгод ашиглах, цөмийн түлш нийлүүлэх (цөмийн хуйвалдааныг хэлэх олон халхавч нэр томъёонуудын зарим нь) гэрээг байгуулж, Монголын анхны “цөмийн” ерөнхийлөгчийн замналаа үргэлжлүүлжээ. Энэ гэрээг Монгол улсад нуун дарагдуулсан байна.
Манай мэргэжилтнүүд Энэтхэгт очиж, гэрээг хэрэгжүүлэх талаар судалж ажилласныг 2010.1.11-нд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр хэлжээ. Сайд хоёр орны цөмийн харилцааг гүнзгийрүүлэх талаар багагүй үйл ажиллагааг явуулжээ. Энэтхэгийн Жиндал Стил компани Монголын говьд ураны хайгуул хийх болов.
2009.10-р сард “атомын мангас” гэгддэг “Арэва” (Франц) грүппийн захирал Анн Лүвэржон Монголд ирээд, Ц.Элбэгдоржтой уулзахад (С.Баяр, Сү.Батболдтой бас уулзсан) эрхэм ерөнхийлөгч цөмийн салбар чухал ач холбогдолтой, Франц улстай энэ салбарт хамтран ажиллах хүсэлтэй гэжээ. “Арэва”-тай хамтрах санамж бичиг (гэрээний үүрэг гүйцэтгэдэг, гэрээг үгүйсгэхэд ашиглагддаг баримт бичиг)-т ЦЭГД С.Энхбат гарын үсэг зурав. 2009.12-р сард Сү.Батболд “Цөмийн тэхнологи-Монгол улсын хөгжил” уулзалт зохион байгуулж, цөмийн энэргийн салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарна, энэ салбар бол байгаль орчинд халгүй, хөнөөл багатай, аюулгүй гэхчлэн сүржигнэжээ.
2010.3-р сард Сү.Батболд Австрид очиж, ОУАЭА (IAEA)-т бараалхан С.Баярын үйлсийг үргэлжлүүлэв. С.Батболд (2010.4, Боао-гийн форум), Ц.Элбэгдорж (2010.4.28-5.3, Хятад дахь айлчлал) нар БНХАУ-ын удирдлагатай уулзаж, хэлэлцээр, тохиролцоо хийсний дараа, 5.31-6.2-нд тус улсын ерөнхий сайд Вэнь Зябао Монголд зочлохдоо хоёр орон цөмийн салбарт хамтрах талаар хэлэлцэв. China National Nuclear Corporation (CNNC) ба ЦЭГ-ын хамтран ажиллах санамж бичиг үзэглэгдэв.
2010.6-р сард Ц.Элбэгдорж, ГХ-ны сайд Г.Занданшатар нар Стамбулд болсон Азийн дээд хэмжээний уулзалтад оролцов, Казахстантай цөмийн салбарт хамтран ажиллах болж, ЗГ хоорондын комисс байгуулахаар тохиролцов. 2010.7-р сард Г.Занданшатар Ханойд Японы ГХ-ийн сайд Окада-тай ураны чиглэлийн хамтын ажиллагааны талаар ярилцав. 7.29-8.3-нд ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг Японд айлчлахад тэр сайд мөн эхэлсэн яриагаа үргэлжлүүлэв. Японы, урантай холбоотой компаниудыг дэмжинэ гэж Д.Зоригт ам өчгөө өгөв. 8.30-нд Окада Монголд ирж, Ц.Элбэгдорж, Г.Занданшатар нартай ураны талаар ярилцаж, тэр чиглэлээр ажиллах Японы компаниудыг дэмжүүлэх болов.
9-р сард АНУ-ын ЭХ-ний дэд сайд Д.Поунмэн Монголд ирж, цөмийн санамж бичигт гарын үсэг зурав. Д.Поунмэн Монголд цөмийн хаягдал булшлах асуудалд их үүрэг гүйцэтгэсэн гэгддэг аж. Японы ЭЗХАҮЯ, Монголын ГХЯ ч мөн адил. 2011.3-р сард, АНУ-ын ТД-ын АД Р.Стрэтфорд Монгол улстай манай тал цөмийн хаягдлын талаар 2010 оны намраас ажиллаж эхэлсэн гэжээ.
2010.10-р сард Францын гадаад худалдааны сайд А-М.Идрак Монголд ирж, Ц.Элбэгдорж, Д.Дэмбэрэл, Г.Занданшатартай уулзаж, ЗГ хоорондын цөмийн талаарх хэлэлцээрийг байгуулав.
2010.9.28-10.1-нд С.Батболд Канадад айлчлахад, “МонАтом”-ын Р.Бадамдамдин ураны “Дэнисон Майнз” компанитай гэрээ байгууллаа. 2010.10.3-нд Асашёрюгийн зодог тайлах ёслолыг халхавч болгосон С.Батболд Японы ерөнхий сайд Н.Кан, улс төрчид, компаний удирдлагуудтай уулзаж, ураны талаар хамтран ажиллахаар тохиролцов. Н.Кантай 9.24-нд Нью-Йоркод уулзалдсан байна.
Ц.Элбэгдорж, Лу.Болд, Г.Занданшатар 11.14-19-нд Японд айлчлахад Н.Кантай ураны талаар хамтрах тохиролцоо бас л хийгдэв (гэрээнд заалт болж орсон). Гэрээний тухай мэдээлэхдээ, цөмийн асуудлыг нь нуун дарагдуулжээ.
11.26-нд Японы Тошиба (Цөмийн рэактор үйлдвэрлэдэг энэ компаний удирдлагатай өмнөхөн нь Ц.Элбэгдорж Японд уулзсан) Монголын MNFCC компаниуд санамж бичиг үзэглэцгээсэн нь ураны асуудлыг хөнджээ. 2010.9-р сард байгуулагдсан, төр-хувийн энэ ХХК-ийн захирал Д.Дашдорж цөмийн хатагтай А.Ундраагийн нөхөр юм. Эхнэрийнхээ удирддаг “МонАме” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн бөгөөд, энэ байгууллага АНУ-ын ЭСЯ-тай хамтран, Д.Поунмэний лэкцийг санхүүжүүлж байв.
Дээр дурьдсан, дор дурдагдах бүх цөмийн авантюрыг таслан зогсоох, авантюристуудад хариуцлага хүлээлгэх талаар Элбэгээ даргын зарлигт юу тусгагдсан бэ? Юу ч тусгагдаагүй. Зарлигийн дагуу, цөмийн хуйвалдааны эсрэг юу хийгдэх вэ? Юу ч хийгдэхгүй. Зарлигийн чадамж, хүрээ ийм л байна.
Сёндай орчимд газар хөдөлж, цунами болоход монголчууд энэлэн хайлж, япончуудад нэг аймгаа өгье гэж уулгалж байсан. Харамсалтай нь, түүнээс өмнө Монголын гэмт олигарх бүлэглэлүүд санаачилж, Японы ухвар мөчид улс төрч, бизнэсчид дэмжиж, маш хорт төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн ажээ. Бүр, Монгол-Японы тусгай төмөр замыг далай хүртэл тавьж, нааш нь цөмийн хаягдал, цааш нь эрдэс баялаг зөөх юмсанжээ.
Энэ нь мэдээж, Японы ард түмний хүсэл зориг биш юм. Гэхдээ дэлхий дахины хорт улс төрчид юу ч хийхээс буцахгүй. Ард түмэн минь сонор сэрэмжтэй байгтун.
Ч.Мөнхбаяр
ММХI.X.XVI
www.facebook.com/groups/StopNuclearGenocide
No comments:
Post a Comment