Дамнуургаар зөөн Хятадад тушаажээ
1. 150 мянган монголчуудыг хядсан галзуучуудаас
1891 онд өвөр монголчууд Халхыг халхалсан
Өмнөд монгол ахан дүүсээ өмгөөлөхөөр цугласан үзэл санаа, сэтгэл зүтгэл нэгтнүүд ээ!
Хүний эрхийн энэ өдөр, 1989 онд монголчууд ардчилсан хөдөлгөөний анхны цуглаанаа хийж байсан. Тэр л цуглаанаас олон үнэ цэнэт зүйлс маань эхтэй. Тэгвэл 2011 оны хүний эрхийн энэ өдөр бид өмнөд монголчуудынхаа төлөө цуглаан хийж байна. Энэ цуглаанаас маань сайн сайхан үр дагавар гарах болтугай!
Өмнөд Монгол гэж юусан билээ, Өвөр Монгол гэдэггүй билүү гэж зарим хүн асуудаг. 100 жилийн өмнө бусад монголчуудтайгаа хамт Нэгдсэн, Нэгэн Монгол улсаа байгуулалцаж байсан Өвөр Монгол, Барга Монгол, Торгууд Монгол, Дээд Монгол бүгд нийлээд Өмнөд Монгол бүрдэх бүлгээ. 1947 онд том гүрнүүдийн хуйвалдаанаар ӨМӨЗО байгуулагдах хүртэл Монгол улсад нэгдэх хүслээ илэрхийлж, нэгдэхийн төлөө тэмцэж ирсэн нь Өмнөд Монгол оо. Түүнээс хойш өдийг хүртэл эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, харийн дарлалыг сөрж, мөнхүү Монгол улстай нэгдэх хүсэлтэй хэвээр ирсэн нь Өмнөд Монгол оо.
БНХАУ-ын өнөөгийн хилийн цаана оршин сууж буй зургаан сая гаруй бүх монголчуудыг Өмнөд Монгол гэж нэрлэх болжээ. Бид бүхэн ч Өмнөд Монголын аймшиг гамшиг арилаасай хэмээн хуран цуглаж буй билээ.
Өмнөд монголчууд маань “Бид Монгол улсаа, Монгол үндэстний тусгаар тогтнолын ариун голомтоо хамгаалах мах ясан хэрэм болно” гэж ярьдаг. Хэрэм байсаар ч ирлээ. 1891 оны жишээг санахад л хангалттай. “Хүнийг нь алж, газрыг нь булаая!” гэсэн уриатай, улаан малгайтны урвалгаанчид буюу жинданьдао гэх хэрцгий үймээнчид, хятадын харгисууд Харчин нутагт уулгалан орж ирж, 40 гаруй хоногийн турш 15 түмэн монголчуудыг алж хядаж бүр олон түмэн монголчуудыг хөөж дүрвүүлж байсан юм. 1902 оны Шинэ засгийн бодлогын дагуу хятад тариачид үерийн ус шиг сад тавин орж ирэхдээ Өмнөд Монголд шингэж байв. Олон олон аюумшигтай үйл явдлуудаас, Өмнөд Монгол гэх бамбайн ачаар Ар Монгол аврагдаж, халхлагдаж байсаан. Өмнөд Монголд хужаа байна, хужаагийн нөлөө байна гэж эмзэглэхийн оронд яагаад тийм болсны учрыг ухварлаж, өдгөө өмнөд монголчуудын хувьд халх хамгаалалт болох ёстойгоо ойлгох цаг иржээ.
2. Дөрөвхөн жилд 346 мянган өвөр монгол хүнийг алж, 500 мянгыг эрэмдэг болгожээ
Маочууд: “тэгш эрхтэй холбооны улс байгуулна, хэрэв та бүхний санаанд нийцэхгүй бол холбооны улсаас гарч хувь заяагаа өөрсдийн дураар шийдвэрлэж болно” гэж мэхлэх, хүчээр түрэмгийлэх, эх орончдыг алж хядах зэрэг жигшүүрт аргуудыг хэрэглэсээр 1947.5.1-нд ӨМӨЗО-ыг байгуулснаар өмнөд монголчуудын хувьд хамгийн сүйрэл мөхөлт цаг үе нь эхэлсэн билээ.
Олон харгислалын оргил нь Соёлын хувьсгалын үе юм. Өвөр Монголд 30 түмэн хүн тамлагдаж, найман түмэн хүн тахир дутуу болж, 10 түмэн хүн алагдсан гэдэг. 1966-1976 онд 16222 хүн алагдаж, 87188 хүн эрэмдэг болсон гэсэн, засгийн албан ёсны статистик бий. Тэгвэл, үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн, 1967-1971 онд 346 мянган хүн алагдаж, 500 мянган хүн эрэмдэг болсон гэсэн тооцоо бий. Тухайн үед өвөр монголчууд 1.3-1.4 сая байсан гээд бод. Харин тэр үед 400 хятад хүний нэг нь алагдсан байна. Яагаад өвөр монголчууд хятадуудаас хэдэн арав, бүр 100 дахин ихээр хэлмэгдсэн гэсэн тоо баримтууд байна вэ. “Өвөр Монголын Ардын Намыг малтаж арилгах хөдөлгөөн” гэх тодорхой үндэстний эсрэг хөдөлгөөн өрнөснөөс болж, энэ аймшигт гэноцид үүджээ.
Гэвч өмнөд монголчуудын зориг мохолгүй тэмцлээ үргэлжлүүлсээр байв. Үй олон хятадуудыг ирүүлэн суурьшуулж, колоничлолыг шинэ шатанд гаргах нууц шийдвэрийг эсэргүүцэн, 1981.9.10-нд өргөн эсэргүүцэл өрнөж, жагсаал цуглаан, хичээл хаялтад олон мянган монгол хүн хамрагдаж, Бээжин рүү төлөөлөгчдөө илгээж байжээ. Олон эсэргүүцэгчийг олон жилээр хорьж тамлаж зовоон, бүр үхүүлж байсан юм. “Сурагчдын хөдөлгөөн” гэх тэр эсэргүүцлийн ажиллагаанаас Тэмцэлт, Хадаа, Хуучинхүү, Энхбат, Наранбилиг, Соёлт (Монголын иргэн болсон), Насанбат, Оюунбилиг зэрэг нэрт тэмцэгчид төрж төлөвшжээ.
1947 оноос хойшхи аймшигт колоничлолын үр дүнд Чингис хаанаа ч мэддэггүй, одоо хүртэл Маод мөргөдөг монгол хүмүүс ч буй болсон аж. Өнөөгийн Өвөр Монголын хүн амын 10-17% нь хятадууд юм. Амьдрахын эрхэнд зарим хүн монгол үндсээсээ татгалзаж байхад, төрийн дэмжлэгтэйгээр хятадууд "монгол" гэгдэн бичиг баримтжиж, тэнд ч, энд ч өмнөд монголчуудын орон зайг эзэлсээр байна. Монгол хэлээрхи сургалтад монгол хүүхдүүдийн 30 хувь нь л хамрагдаж болох боломжтой. Дөрөө шүргэх өвс ногоо халиурсан Өвөр Монголын тал нутаг элсжиж, нутаг дэвсгэрийнх нь 60 хувийг цөл эзлэх боллоо.
1986 онд өмнөд монголчуудын нүүдэллэх эрхийг хасч, хашаалсан газарт малтай нь хамт 30 жилийн хугацаатайгаар хорив. Үүнийг эсэргүүцсэн Юншээбү Бүрэн гэдэг том албан тушаалтныг хорлож алж байжээ. Хашаалаагүй газрыг, хужаа нарыг суурьшуулах, зэрлэг уул-уурхайг гааруулах, хортой, аюултай үйлдвэрлэлийг шилжүүлэх зэргээр, туйлын хөнөөлтэйгээр ашиглах болжээ.
Сүүлийн үед, “мал олширсноос байгаль орчин сүйдэв, хөгжил дэвшил саарав” гэхчлэн худал аян шалтгаар, уламжлалт МАА-г устгах үйл ажиллагаа явуулж буй. Малчин монголчуудын хашаалсан газрыг захиргаадах, мэхлэх зэрэг аргаар булааж, хот суурин руу хүчээр нүүлгэх болсон. Тэд хятад олонхитой хот сууринд хамгийн муу ажлыг хамгийн бага хөлсөөр хийж боолчлогдон амь зогоох буюу, гуйланчлал, архидалт, гэмт хэрэг рүү өөрийн эрхгүй орж сөнөж, мөхөж байна. Сайн дураар нүүж ирэгч гэгдсэн шинэ жинданьдаогийн хужаа нар ямар ч үндэслэлгүйгээр малчдын нутгийг шууд хүчээр булааж, цуст мөргөлдөөн үүсгэж, газрын эздийн амь насыг ч хохироох болсон. Ийнхүү өмнөд монголчууд гишгэх газаргүй болж, зовж тарчилж буйн жишээ дуусашгүй.
Энэ бүхнийг эсэргүүцэн тэмцсэн Хадаа, Хуучинхүү нарыг бид мэднэ. Олон олон “Хадаа”, “Хуучинхүү” байна. 2007-2010 онд л гэхэд хэдэн арван өмнөд монгол тэмцэгчийг барьж, олон жилээр хорих болсон байна. Хятад тэмцэгчид бага ял авч, хатуу биш нөхцөлд хоригдож байхад өвөр монголчууд олон жилээр, маш хүнд нөхцөлд хоригдон тамлагдаж байна.
1996 онд Өвөр Монголын Ардчилсан Холбоог байгуулж, анхны цуглаанаа хийсэн Хадаад 15 жил оноон, хөдөлмөрийн чадваргүй хүнд өвчтөн болтол нь зодож тамлачихаад, 2011 онд суллалаа гэсэн ч, нууцаар хорьсоор байна. Бие муутай, 60 орчим настай эмэгтэй Хуучинхүүг хулгайлан, шүүх, ялгүйгээр хорьж, хэрцгийгээр зодож жанчин зовоож байна. Сүүлийн үед хулгайлах, сураггүй алга болгох аргад колоничлогчид ихэд амтшиж байгаа ажээ. 2011 оны зуны эсэргүүцлийн хөдөлгөөний дараа олон хүн сураггүй болов.
3. Монгол улсад өмнөд монгол хүн байх нь гэмт хэрэг
Монгол улсын маань төрийн нэг уламжлал нь өмнөд монголчуудтай тэмцэх явдал болсон нь юутай харуусалтай. 1911 онд Монгол улсыг байгуулалцсан өмнөд монгол зүтгэлтнүүд олноор алагдав, буцаагдав, заримыг нь байлдаж дарав. Өмнөд монголчуудыг большевик хэлмэгдүүлэлтээр харгислав. Дэмчигдонров ванг АНУ руу гарах боломжтой байхад нь хуурч ирүүлээд Маод барьж өгөв, БНМАУ-тай хамтран ажиллаж байсан 2200 шилдэг өмнөд монголчуудын матэриалыг Бээжинд тушаав, олон өмнөд монгол хүнийг Хятад руу хөөв, бүгд хэлмэгдэж, дийлэнх нь алагдав.
Харийн дарлал дор байсан тул чингэсэн гэж тайлбарладаг. Тэгвэл, дагуул орон байхаа больж, эрх чөлөөгөө олсон гэх цаг үед, НҮБ-д өвөр монголчуудын асуудлыг таниулах зорилгоор оргож ирсэн Баатар, Улаангэрэл нарыг хятадуудад тушааж, юу ч өөрчлөгдөөгүйг харуулж эхлэв.
АНУ-ын Наранбат, Алтан-Өлзий, Тайваний Хагаанчулуун зэрэг эрдэмтэн Монголын иргэн болох хүсэлт тавихад татгалзав. Тайваний өмнөд монгол зургаан чинээлэг гэр бүл ирэхийг хүсэхэд мөн адил. Эрдэмтэн Наранбат 300 мянган долларын лабориторитойгоо ирж, төрөөс цалин авалгүй ажиллана гэхэд татгалзаж байсан юм. Өмнөд монгол хүн томоохон хөрөнгө оруулалттай ирнэ гэхэд ч татгалздаг нь энгийн үзэгдэл.
1990 оноос хойш 1000 орчим өмнөд монгол хүн Монголд амьдрах, Монголын иргэн болох зорилгоор орж ирсэн бол, одоо 100 орчим нь л үлдсэн бөгөөд тэдний олонхи нь зохих статусгүй, ирээдүй нь эрсдэлтэй байна. Энэ талаар “Өмнөд монголчуудынхаа өр лүү өшиглөсөн он жилүүд” гэсэн судалгааны ном ч гарах гэж буй.
Шинжаанаас мянган мянган өрх нүүж ирж Монголд суурьших хүсэлтэй байсны түрүүч болох 14 гэр бүл орж ирэхэд, зовоож шаналгасаар 10-ыг нь буцааж, дөрвийг нь ОХУ-д өгчээ. Дээд Монголын эрдэмтэн Д.Мөнхбаатар Дээд Монголын Ажиа гэгээнд мөргөснийхөө төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулав гэж буруудаж, албадан гаргагдсан. Тэр Монгол улсын иргэн эхнэртэй, хоёр хүүхэдтэй байжээ. Бизнэсмэн Алтансанг хуурамч хэрэгт холбогдуулан хавчиж, буруугүйгээ нотолж заргалдан ялахад нь улс төрийн үйл ажиллагаа явуулав гээд хорьж байхдаа, хүнд хэрэгтнүүдээр тамлуулж, тархинд нь том хадаас зоолгож, улмаар албадан гаргасан агаад, Хятадад очсоноос хойш сураггүй болжээ. Монголын сонинд ажиллаж байсан сэтгүүлч М.Бадамыг мөн дээрх шалтгаанаар гаргаж байв. Монгол улсын иргэн болсон Ж.Соёлтыг Бээжинд хулгайлах ажлыг хятадуудтай хуйвалдан зохион байгуулчихаад нуун дарагдуулж байв. Өмнөд монгол хүнийг хулгайлж гаргах нь ховор тохиолдол биш гэдгийг хэлэх хэрэгтэй.
Буцахад хүргэх, буцааж тушаахаас гадна, Монголоос гуравдагч орон руу дүрвэхэд хүргэдэг нь түгээмэл. Монгол улсад өмнөд монгол хүн байх нь гэмт хэрэг шахуу байдаг. С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэх өргөн хэлмэгдүүлэлтийг өмнөд монголчуудын эсрэг үйл ажиллагаанд ашигласан. Д.Ялалтыг С.Зоригийн хэргийг хүлээлгэх гэж халаалтын ширэм мөргүүлэн зодох зэргээр тамлаж, хүнд өвчтэй болгосон бөгөөд, гадаадын хүний эрхийнхэн шаардаж байж түүнийг улс төрийн алуурчдын гараас салгаж авч байсан. Монголоос дүрвэсэн өмнөд монголчууд учир битүүлгээр алагдсан тохиолдлууд бий. Д.Мөрөн, Э.Эрдэнэбаяр нар Швэд, Казахстанд алагдсан жишээг л аваад үз. Ийм хэрэгт Монгол улсынхныг ч хардах явдал байдаг байна. 2011.5.30-ны, Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-ны өмнө болсон цуглааны дараа 10 гаруй өмнөд монгол хүн дүрвэсэн.
Өмнөд монголчуудыг намнах ажил дуусаагүй, улам эрчимжиж байгаа агаад, ялтан солилцох гэрээний дагуу Хятадад олноор нь тушаах магадлал буй боллоо.
4. Монгол улс өмнөд монгол хүнийг ялгаварлан гадуурхдаг апартэид улс болжээ
“Монгол улсын нутаг дэвсгэрт өмнөд монгол хүн нэвтрэхийг хориглох тухай” хууль гарчихсан юм шиг л нөхцөл байдал оршиж ирлээ. Цалингийн доод хэмжээнээс 10 дахин өндөр цалинтай ажил төдөн жил хийнэ гэсэн баталгаа авчирч, улмаар түүнийгээ биелүүлж, татвараа байнга төлж байх бол 1-2 жил суухыг зөвшөөрч, цаашид хугацааг сунгах эсэх асуудлыг авч үзнэ гэдэг аж. Монгол яс үндсийнхээ төлөө ялгаварлан гадуурхагдаж, аргаа бараад ирсэн хүн дээрх өндөр болзлуудыг яаж хангах билээ. Хоёр тэрбум төгрөгтэй байх, дор хаяж 5000 долларын хахууль өгөх зэрэг нь ч мэдээж боломжгүй.
Хятад улсын янз бүрийн тодорхойлолт авчрах, Хятадын иргэнчлэлээс гарахыг ч шаардана. Монгол улсад ирж байгаа өмнөд монголчуудын олонх нь үнэндээ улс төрийн орогногч бөгөөд, арайхийн зугтаж ирсэн тэд хэрхэн Хятад улсад эргэж хандах билээ дээ.
Монгол улсын иргэнтэй гэр бүл болсон (манайд буй өмнөд монголчуудын дотор тэд нэлээд хувийг эзэлдэг), Монгол улсад төрсөн өмнөд монголчуудад арай нааштай хандана гэдэг ч амьдрал дээр тэр нь биеллээ олдоггүй. Монгол улсын иргэнтэй гэр бүл болоод олон жил болсон ч зохих эрхээ авч чаддаггүй, эсвэл хөөгддөг тохиолдол цөөнгүй.
Өмнөд монгол хүний оршин суух эрх асар хэврэг. Ам л ангайвал улс төрийн үйл ажиллагаа явууллаа гээд хүчингүй болгоно. Авгайгаасаа салчихвал, хүчингүй болгож хөөнө, үр хүүхэдтэй нь ч хөөнө. Гэр бүлээрээ ирснийг салгаж ч хөөнө, гэр бүлээр нь ч хөөнө, тухайн түшмэдийн л үзэмжийн хэрэг. Өмнөд монгол хүнийг ад шоо үзэх апартэид бодлого байгаа учир, тэд яасан ч гэсэн хууль дүрэм зөрчигч мэт болчихдог. Тиймээс тэднийг хэзээ ч, яаж ч албадан гаргаж болно.
Мөн тэдний олонхийг өмнөд хөрш сэпаратизм, экстрэмизм, тэрроризм буюу “гурван хор”-той холбоотой гэмт этгээдүүд, социалист эх орноосоо, нам засгаасаа зугтсан урвагчид гэж үзэх гээд байдаг. Ялтан солилцох гэрээгээр БНХАУ Монголоос өмнөд монголчуудыг л авах сонирхолтой байгаа, түүнийгээ зохиомол эрүүгийн хэрэгт холбогдуулан далдлах магадлалтай хэмээн хүний эрхийнхэн түгшүүрийн харанга дэлдэж буй билээ. Ерөөсөө, гадаадынхны асуудлыг цэгцэлнэ гэхэд л юун түрүүн өмнөд монголчууд руу л халдлага дайралт хийдэг шүү дээ.
Тэгвэл, "Монгол улсаас зүй бусаар хөөгдөн хэлмэгдэгсдийн үр хойчис, Монголд садан төрөл нь байгаа, Монголд өндөр орлоготойгоор ажиллах гэж байна, хөрөнгө оруулах гэж байна, гэр бүлтэй болох гэж байна" гээд бүх л байж болох шалтгаанаар хятад хүмүүст хүссэн статусыг хүссэн цагт нь, өдөрт нь ч олгодог ажээ. "Өвөр монгол хүн" гэж хүртэл тэднийг оршин суулгана. Өмнөд монголчуудын эрх зөрчигдлөө гэхэд “Юу ярина вэ? Бид зөндөө өвөр монголчуудад эрх олгосон шүү дээ. Харин ч бүр мөнгөтэй төгрөгтэй, хамгийн шилдгүүдийг нь оруулсан” гэж хариулцгаах болно.
Жилд БНХАУ-аас 30 цагаач авна гэсэн нормтой. Жилд 30 өмнөд монгол хүн Монголын цагаач болж байгаа юу? Жилд нэг өмнөд монгол хүн цагаач болов гэсэн ч гайхамшиг мэт сонсогдохуйц бодот байдал байгаа.
Ийм байх ёстой юм уу? Үгүй ээ. Хөрш Казахстан, ОХУ бүх уугуул үндэстнээ урьж залж байна. Монголчуудын эсрэг улс болох манайд л тийм бодлого байхгүй. Монгол улсын төрд монгол үндэстэн гэдэг ойлголт байхгүй. Ерөнхийлөгчийн ТГ-ын нэг ажилтан надад “Монгол улс үндэстэн гэж ойлголт байдаггүй шүү дээ. Монгол улс гэдэг л ойлголт бий” гэж хэлж байсан юм!
Хэрэв тийм ойлголт байдаггүй бол, ядаж хүн гэдэг ойлголттой байж, хүн төрөлхтний нийтлэг жишгийг дагаач ээ гэмээр байна. Хилийн чанадын монгол туургатныг л нэвтрүүлэхгүйн тулд Дүрвэгчийн конвэнцид нэгдээгүй (хятад, хойд солонгос дүрвэгчдийг бол чөлөөтэй нэвтрүүлж, сум ч байгуулж өгч байгаа) болохоос бус, олон улсын бүх гэрээ, пакт, конвэнци, тунхагт нэгдчихсэнийгээ санаач ээ, эрх баригчид аа. Ардчилсан улс хавчигдаж хяхагдаж байгаа хүнд өмгөөлөл хамгаалал олгодог юм, чадахгүй бол гуравдагч оронд гарахад нь тусалдаг юм. Хилээр зааглагдсан ах дүүс, төрөл садныг учруулдаг юм (тийнхүү зааглагдсан хүмүүс маш олон бий)…
“Монгол улс та нарыг хүлээж авах ямар ч шалтгаан байхгүй. Хятадад эрх чөлөө, хөгжил дэвшил байна, амьдрал сайн байна, ах дүү, нутаг ус чинь байна, бүх юм байна” гэж өмнөд монголчуудад хэлдэг аж. Тэгэхлээр хүн гэх ойлголт ч манай төрд байхгүй байж болно.
5. Монголын төр БНХАУ-тай нийлж, өмнөд монголчуудын
эсрэг үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрөх ёстой
Энэ бүхнийг эцэс болгохын тулд бид тууштай тэмцэж, Хятад, Монголын төрд болон, дэлхий дахинд үгээ хүргэх ёстой.
Хятадын төр:
-өмнөд монголчуудын хүний эрх, үндэсний эрх, амьд явах эрхийг хөсөрдүүлэх;
-баялгийг цөлмөж, бэлчээрийг сүйтгэж, нутгийг албан ёсны болон албан ёсны бус шилжин суурьшигч колонистуудаар дүүргэн эзлүүлэх, эздийг нь хятад олонхитой хот суурин руу нүүлгэн боолчилж, амьдрах аргагүй болгох;
-шударга тэмцлийг нухчин дарж, оролцогсдыг хэлмэгдүүлэн хорьж, эрүүдэн тамлах, сураггүй болгон хулгайлах, хороох зэргийг таслан зогсоох;
-гэноцидийг хүлээн зөвшөөрч, хууль-эрх зүйн үндэстэйгээр буруутгаж, үр дагаврыг арилгах үйл ажиллагааг зохион байгуулж, хохирлыг тал бүрээр барагдуулж, холбогдох мэдээллийг ил тод болгож, хэлмэгдэгчдийг цагаатган, дурсгалыг нь мөнхжүүлэн хүндэтгэх шаардлагатай юм.
Монголын төр:
-өмнөд монголчуудыг ялгаварлан гадуурхах, тэдний эсрэг үйл ажиллагаа, суртал ухуулга явуулж төрөл бүрээр дайсагнахаа зогсоож;
-Монгол улсад удаан хугацаагаар оршин суугч, ажиллах хүч, дүрвэгч, цагаач, иргэн болох явдлыг нь гадаадын өөр үндэстэн иргэдээс ялгавартай болгон бүхий боломжоор хангах;
-сонгодог рэпатриацаар буюу, Монгол улсаас Өмнөд Монгол, хятад мужуудад очигсод, хойчсыг нь урьж ирүүлэх;
-уугуулшуулал буюу өргөтгөсөн рэпатриацаар урьж ирүүлэх;
-шударга ёс, монгол үндэстний эрх ашгийн төлөө тэмцэгч өмнөд монголчуудыг Монгол улсын иргэн болгох, улс төрийн орогнол олгох, гуравдагч улсад дүрвэж цагаачлахад нь туслах зэргээр хамгаалах;
-БНХАУ-ын төртэй хамтран өмнөд монголчуудын эсрэг үйлдсэн апартэид гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч, хууль-эрх зүйн үндэстэйгээр буруутгаж, үр дагаврыг арилгах үйл ажиллагааг зохион байгуулах, хохирлыг тал бүрээр барагдуулах, холбогдох мэдээллийг ил тод болгох шаардлагатай юм.
Дэлхийн шударга улс түмэн, байгууллагууд, зүтгэлтнүүд:
-Өмнөд монголчуудын түмэн зовлон зүдгүүрийг судалж мэдэн, арилгах нимгэлэхийн төлөө тэмцэх шаардлагатай байна.
Энэ бүх яриа зөвхөн өмнөд монголчуудтай холбоотой бус юм. Далайц, төвшин нь одоохондоо өөр байгаа болохоос биш, Ар Өвөр Монголд адилхан үйл явц явагдаж байна. Бид үүнийг ойлгож тэмцэхгүй бол, маргааш Монгол улс яг л Өмнөд Монгол шиг болно шүү! Хоёрдахи Өмнөд Монгол болохгүйн төлөө өмнөд монголчуудыг өмгөөлөн тэмцье! Хамаг монгол зон зовлон зүдгүүр, сөнөл мөхөлгүй болж, нэгдэж нийлэн, нэгэн өрх бүлээрээ цэнгэлийн манлайд хүрэхийн төлөө өмнөд монголчуудыг өмгөөлөн тэмцье!
Уухай! Уухай! Уухай!
Ч.Мөнхбаяр
ММХI.XII.VIII
Http: //moenhbayar.blogspot.com
P.S: Энэ нийтлэлийг “Өмнөд монголчуудын төлөө хамтдаа!” цуглаанд зориулж бичсэн ч, хэмжээ нь том болсон тул, цуглааны үеэр агуулгыг нь товчлон ярьсан билээ.
2 comments:
erh chuluuniihuu tuluu temtsej baigaa tsogtoi zaluusin mini uils delgereh boltugai
erh chuluuniihuu tuluu temtsej baigaa tsogtoi zaluusin mini uils delgereh boltugai
Post a Comment