Thursday, January 19, 2012

ОХУ-аас Жа ламынхаа толгойг авчран залж, их шүтээн болгоцгооё!

Жа лам бол яргачин бус, үндэсний хувьсгалын баатар, Монголын төрийн сайд

Ноён хутагт Дамбийжанцан буюу Жа лам гэгдэх домогт хүмүүнийг манай уншигчид их төлөв “Ичээнд нь” гэх үзэл суртлын киногоор мэддэг. Учир нь өдгөөг хүртэл, И.Ломакинагийн саявтар орчуулагдсан “Жа ламын толгой” гэх номоос өөр мэдээлэл бараг тохиолддоггүй, тэр номыг ч цөөн хүн уншсан.
1860 онд Астраханий Бага Дөрвөд аймагт Амурсанаев гэх халимаг айлын гэрт түүнийг мэндэлсэн гэж үздэг. Эцэг нь их сүсэг бишрэлтэй хүн байсан тул балчир хүүгээ Өвөр Монголын Долоннуурын хийдэд шавилуулахаар илгээжээ. Эрдэм номд сайн боловсорч, Түвдийн Дэрээвэн хийдэд үргэлжлүүлэн сурч байтал, нэгэн маргаан тэмцлийн үеэр найзыгаа хутгалж алаад зугтсан гэдэг. Гэхдээ энэ нь тодорхой бус юм. Түүний амьдрал үлгэр домгоор дүүрэн, ерөнхий чиг хандлага, үр дагавраар л дүгнэж болох талтай.
1891 онд тэрбээр Монголд хоёр цагаан тэмээтэй ирж, Амарсанаагийн хойд дүр хэмээн өөрийгөө бишрүүлж, Манжийн дарлалаас аварна хэмээн итгүүлж, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг өдөөх гэсэн тул Чин Улсын түшмэдүүд яаран сандран Орост мэдүүлж, баривчлуулан буцаалгажээ.

10 жил алга болсны дараа, үндэсний их хувьсгалын үйл хэрэгт оролцов. Мөн Амарсанаагийн хойд дүр хувилгаан лам хэмээн шүтүүлж, итгүүлж, зарим урвагч ноёдын Хятадад нэгдэх санаархалд цохилт өгөв. Баруун хязгаарыг чөлөөлөх тулалдаанд халх, ойрд, цахар, барга, урианхай гээд бараг бүх монгол туургатан оролцсон байдаг бөгөөд Жа ламын цэрэг ч зүтгэлтэй оролцсон билээ.
Жа лам бол манай үндэсний их хувьсгалын баатар, Богд хаанаас Баруун хязгаарын сайдын хэргэм, Ноён хутагт номун хаан цол, шавь хошуугаар шагнуулсан хүн юм.
Улс орны баруун хязгаарын байдал нэг хэсэг туйлын тогтворгүй, Жа лам дунгаан, хасагийн дээрэмчид, хятадын өнгөлзлөгөөс нутаг орноо хамгаалах зэрэг хүнд хэцүү үүрэг хүлээгээд байв. Бас, Хятадтай нэгдэн урвасан торгуудын Балт ван нарт шахалт үзүүлж, зөрчилдөж байжээ. Тэгэхдээ стандарт бус алхам цөөнгүй хийдэг байсан нь янз бүрийн санал гомдлыг төрүүлж байлаа. Орос үүгээр шалтаглан, 1914 онд тусгай ажилбар зохион байгуулж, казак цэргийн хүчээр түүнийг авч явж, Якутск, Астраханьд цөлж, гэрийн хорионд байлгажээ. Тусгаар улсын сайдыг ямар эрхзүйн үндэслэлээр барьж, шийтгэж байсан нь тодорхойгүй.
Большевик эргэлт гарч, Оросод иргэний дайн өрнөх дүйвээнээр Жа лам ахин Монгол руу хөдөлжээ.
Шинжаанд Маажинсан гэх уулын орчимд шивээлэн сууж, их нөлөө хүчийг олох төлөвтэй байхад нь Зөвлөлтийн тусгай хороо (ЧК) гэх харгис байгууллага ажилбар зохион байгуулж, түүнийг хөнөөжээ. Тэгэхдээ Монголын төрийн хуурамч баримт бичгийг үйлдүүлж, Баруун хязгаарын сайд болгоно гэж Жа ламд мэдэгдэхэд ихэд баясан, урхинд нь орсон байдаг.
Түүнийг үлэмж харгис хэрцгий нэгэн байсан гэж социализмын үед ухуулж байсан бол, өдгөө тэр нь эргэлзээ төрүүлэх болжээ. Буддын болон, европын соёл боловсролтой нэгэн тэрбээр яахлаараа гэв гэнэт дундад зууны харгис яргачин болчихдог билээ. Тэр “харгис явдлыг” нь түүнтэй холбоотой үлгэр домгуудад хамруулан үзэж болохоор. Өөрөө ч тийм үлгэр домог тараалгаж байсан байж магадгүй. Элдэв дээрэмчид, түрэмгийлэгчдийг эмээлгэн дайжуулах шаардлага байсан ажээ.
Хэрвээ Жа лам тийм харгис хэрцгий хүн байсан бол гэрчлэх зүйл багагүй байх учиртай. Гэтэл байдаггүй. Чэхэд буй арьс гэдэг нь чухам Жа ламтай холбоотой гэх нотолгоогүй, хүний арьс мөн эсэх нь ч тодорхойгүй. Гэрманы Констэн гэх жуулчин үзсэн харсан гэж бичсэн ч, түүний ном тийм ч их итгэл төрүүлдэггүй байна.
Оросын судлаач Бурдуков “Монгол дахь хүнээр тахил өргөх ёс” гэх үгүүллийг их л зүрх зохиг гарган бичиж, Хатанбаатар Магсаржав Ванданов болон казакуудын зүрхээр тахил өргөсөн зэрэг жишээг дурдсан байдаг. Харин Жа ламын тухайд тийнхүү бичээгүй.
Магсаржав баатар харгис маньяк бус гэдэг нь ойлгомжтой. Дамбийжанцанг устгахад оролцсон халимаг Кануков, монгол дайчид зүрхийг нь хувааж идсэн гэдэг. Иймэрхүү зан үйл тэр үед тохиолдог л байжээ.
Зардыхан, Шынай, Сураган, Айбек зэрэг хүмүүс Дамбийжанцанг аймшигт гаж донтон, казахын ард түмнийг харгислагч гэж бичжээ. Нэг нь, 1993 онд БНХАУ-д хэвлэгдсэн “Гадаад Монголын тусгаар тогтнолын нууц” номоос эш татсан байсан. Жа ламыг муучилж гоочлох нь Хятадын үзэл суртлын хувьд бол зөв л байдаг юм бана.
Юманд учир, суманд гичир буй. Тэр үед казахын Сүкирбай ноён Балт вантай нийлж, Хятадад нэгдэх санаа өвөрлөдөг байжээ. Аврал эрэн нүүж ирчихээд, аюул учрах үед харин атаат дайсантай нийлэх гэсэн нь баруун хязгаарын сайдад таашаагдахгүй нь лавтай. Бас казахууд нутаг ус булаалдах зэргээр үймээн самууны дүйвээнээр зөрчил тэмцэл ч багагүй гаргадаг байжээ. зэвсэг атгасантай нь байлдаж, заримыг нь нутгийн гүн рүү нүүлгэж, өнчин казах хүүхдүүдийг хийдэд шавилуулж байсан байна. Тамласан зовоосон зүйл гарсан бол мэдээж тэр үйлдлийг нь зөвтгөх аргагүй.
Элэг буруулан тэмцэлдсэнийг нь гэсгээн цээрлүүлсэн болохоос бус, казах хүн гэхлээр л хялайгаад байсан зүйлгүй л аж. Хилан зэрэг, Монгол улстайгаа хамт байна гэсэн казах ноёдыг талархан дэмжиж, цол хэргэмээр шагнаж байжээ. Хилан нар ч Жа ламыг бишрэн, шавь нь болж, буддын шашинд орсон.
Жа лам Баруун хязгаарт орчин үеийн өрнийн соёлыг нэвтрүүлэх, лам нараар сахил санваарын ёсыг чандлан сахиулах, архи тамхийг хязгаарлах, хятад худалдаачдын ноёрхлыг багасгах зэрэг дэвшилтэт алхмуудыг хийж явсан. Харин дундад зууны харгис яргачин байсан бол түүнийг нь гэрчлэх байсан олон нэртэй ноёд, зүтгэлтнүүд тийм гэрчлэх зүйл үлдээгээгүй л юм. Айдас хүйдсийн хүчээр л Жа лам ард олныг байлдан дагуулсан гэх нотолгоо үгүй билээ.
Казахын зарим зохиогч Жа лам бол Монголын баруун хязгаарыг Орост нэгтгэх гэсэн, оросын тагнуул байв гэжээ. Гэтэл Жа лам Оросын засаг захиргаанд огт хамрагддаггүй, захирагддаггүй, их түвэг уддаг, дуулгаваргүй нэгэн байсан. Тиймээс ч, хаант Орос ч, Зөвлөлт Орос ч түүнтэй зөрчилдөж байсаар эцэст нь хороосон.
Энэ хүн балчир багаасаа монгол туургатны зовлон зүдгүүрийг таньж мэдэх, эрх чөлөөнийх нь төлөө эрслэн тэмцье гэж амьдралын зорилгоо тодорхойлсон нэгэн гэж санагдана. Орос улсад Баруун Монголыг нэгтгэх төлөвлөгөөтэй асан бол, яагаад түүнийгээ хэрэгжүүлээгүй вэ, яагаад үндэсний их хувьсгалын үед Богд хааны төрийг дагахыг уриалж, яагаад амьдралынхаа эцэст Монголын засагт хүчин зүтгэ гэсэн саналыг баясан хүлээж авч, амь насаа алдав?
Монголын үндэсний нэгэн баатар, туургатны үйл хэрэгт халимаг түмнээ төлөөлөн оролцсон энэ удирдагч хүмүүнээ бид хүндлэн дээдлэх ёстой. Цав цагаан үйлстэй бурхан хүн биш байсан байж болно. Гэхдээ буян нүглийг нь дэнслэн үзвээс сайн сайхан нь үлэмж давна гэдэг нь дамжиггүй.
Учир иймд, Жа ламын нэрийг цагаатгаж, баатруудтай мөр зэрэгцүүлэн дээдлэе. Улс үндэстний төлөөх ариун гэгээн үйлсийг нь алдаа гэмээс нь зааглаж, судалж тодорхойлж гаргаж ирье. Хөшөө дурсгалыг нь босгон сүндэрлүүлье.
Хамгийн гол нь, Жа ламын толгойг Оросын Кунсткамэр гэх эрэмдэг гажууд, сонин жигтэй зүйлсийг дэлгэж, хачирхуулан үзүүлдэг мүзэйгээс чөлөөлж, Монгол орондоо залж авчиръя. Монгол улсыг байгуулалцсан баатрын толгой Монголд тахигдан шүтэгдэх ёстой. Найрамдалт Орос улсад албан ёсны санал хүсэлт тавибал монгол анд нөхөддөө татгалзахгүй биз ээ гэж найдаж байна. Хэлмэгдэгсдэд хамаатай эд өлгийн зүйлсийг ОХУ манай улсад шилжүүлэн өгсөөр ирсэн агаад, Жа ламын толгойг ч сайн санааны үүднээс буцаан өгч, большевикуудын гэмийг зохих хэмжээгээр цайруулах биз ээ.
Жа ламын толгойг олонд үзүүлж, үнэхээр жанч халсан гэж итгүүлж үнэмшүүлэх арга хэмжээг большевикууд зохион байгуулсан юм. Чингээд эд мөрийн баримт болон хадгалагдаж байхад нь Оросын нэг судлаач хулгуун, улс руугаа нууцаар илгээлгэсэн байдаг тул, Монгол улс алдсан зүйлээ эргүүлж авах бүрэн эрхтэй билээ.
Буриад улсад Итгэл хамбынхаа гэгээн бие цогцсыг тусгай сүмд залан, тахин шүтэж байна. Манай улс ч Жа ламынхаа ариун тэргүүнийг тусгай сүм байгуулан залж, наанадаж ойрад түмний, цаанадаж бүх монгол туургатны их шүтээн болгон залбал зохилтой.
Үүний тулд өргөн олны хүчин чармайлтыг нэгтгэх, төр засгийн анхаарлыг хандуулах, тусгай байгууллага, санг үүсгэн ажиллуулах, судлалыг хөгжүүлэх гээд багагүй ажлыг өрнүүлэх хэрэгтэй байна.
Гэхдээ зорилго тодорхой тул болж бүтэхдээ л бүтнэ.
Жа ламын толгойг Монголдоо авчран залцгаая гэж төр, түмэндээ уриалж буйг минь болгооно уу!
Ч.Мөнхбаяр 
ММХI.X.V
latinuseg@yahoo.com

3 comments:

Вандангийн ТҮВШИНТОГТОХ said...

Жа лам бол яргачин бус, үндэсний хувьсгалын баатар, Монголын төрийн сайд: Дэмжиж байна.

Манжийн дарлалд байсан Монголчуудыг "Амарсанаагийн хойд дүр" гэсэн үгээрээ дагуулж, эр зориг, хүсэл эрмэлзэлийг нь сэргээж чадсан гавъяатан.

otgonsuren said...

Алдсан юмаа эргүүлэн авахыг нэхэмжлэх эрхийнхээ дагуу одоогийн Орос улсад хандаж болох юм даа.

Жа ламын тухай ойлголт ихэнх хүмүүс соц үеийнхээрээ байгаа, үүнийг өөрчлөхөд түүхч, судлаач, бичгийн мэргэдийн нөлөө асар их үүрэгтэй тул Мөнхбаяр танд үүнийг бичсэний төлөө баяр хүргэх нь зүйтэй.
Дахин дахин сонин содон мэдээ дуулгаж байгаарай
Отго

gelgertseg said...

Tand tun ih talarhaj baina aa.Tanii blogoos share hiij bolohson bolov uu