Thursday, January 19, 2012

АНУ, Ираны аль алинд цөмийн дэмжлэг үзүүлж дайтуулан, ашиг дундаас нь унагах аргыг манай дарга нар сэджээ


Хойд, Өмнөд Солонгост хоёуланд нь атомын тусламж үзүүлж дайтуулан, хонжоо дундаас нь олох аргыг эрх баригчид сэтгэжээ

“Монголын цөмийн санаачилга”, “Түлшний иж бүрэн үйлчилгээ”, “Цөмийн банк” гэх зэрэг хуурамч нэр хаягуудыг хараад зарим хүн энх тайвны төлөө санаачилга, эрчим хүчний салбарын шинэчлэлт бүх ард түмний банк гэхчилэн эндүүрч болох юм. Аль нь ч биш ээ. Үүний ард Монголд дэлхийн цөмийн хогийн сав, бүс нутгийн цөмийн эрчим хүчний зангилаа, цөмийн зэвсэг үйлдвэрлэх, турших цогцолбор зэрэг хорт муу бүхнийг багтаасан, монголчуудыг устгах цөмийн гэноцидийн төлөвлөгөө нуугдаж буй билээ.
Монголын олон арван албан тушаалтан, мэргэжилтэн цөөнгүй жил зүтгэж, сүүлийн жилүүдэд онцгой идэвхийлэн даян дэлхийд ухуулж явсаар Монголд цөмийн өндөр эрсдэлтэй үйл ажиллагааны олон улсын төв байгуулах чиглэлтэй глобал сүлжээг байгуулсан.
Энэ сүлжээнд хамрагдсан (45 ч гэдэг) бүх улс орны нэр бүрэн тодроогүй байна. Гэхдээ тодорсоор байна. Маш санаандгүй улс орнуудын нэрс гарч ирж байна. Тэр бол Иран, Хойд Солонгос.

Ноднин Ираны онгоц ямар ч зөвшөөрөлгүй хил нэвтэрч ирээд, бууж ирсэн хүмүүс нь бүдүүлэг авирлан, захирч тушаах байдал гаргаж байсан бөгөөд, тэднийг манай нэг том дарга өмгөөлж, хамаг хууль дүрэм зөрчөөд л мах ачиж явууллаа гэсэн. Тэгэхэд олон хүн “Дэлхийн хамгийн болохгүй бүтэхгүй дэглэмийн нэгтэй манай орон олон улсын нийтлэг хандлагыг сөрөөд, ажилладаг л юм байх даа” гэж гайхсан билээ.
Иран-Монголын харилцаа нь үүлэн чөлөөний нар шиг л байсан юмсанж. 1971 онд дипломат харилцаа тогтоож, 1973 онд хараан зүхдэг харгис шахынхаа улсад Зөвлөлтийн даалгавраар Ю.Цэдэнбал айлчилж, 1976 онд Ираны ерөнхий сайд манайд хариу айлчлаад байтал, 1979 онд Аятолла Хомэйний хувьсгал гарч, одоо ч ноёрхож буй дэглэм тогтоод л бүх юм тасалдаж. Дэлхийн бурангуй, түрэмгий, хаалттай хориотой хэдхэн орны тоонд багтчихсан улстай хэн юу ярих вэ? Бөмбөрцөг даяар лалын хувьсгалыг ялуулж мандуулна, буруу номтнуудыг дагуулж бишрүүлнэ, Коран дээр гардаг чөтгөр шулам бол АНУ, түүнтэй хамтран ажиллагчид, Израиль, еврейчүүдийг устган сөнөөж, тэднийг дэмжигчдийг гэсгээн цээрлүүлнэ гэдэг засагтай яаж найрамдан нөхөрлөх вэ? Боломжтой бүхнийг үзэн ядаж, үзэл сурталд нь таалагдаагүй гадаадын хэнд ч эчнээ ял оноож, гүйцэтгэсэн хүнд өндөр шан өгнө хэмээн амлаж байдаг тэд үндэсний цөөнхөө монгол царайтай, гаралтай хэмээн ялгаварлан гадуурхаж, боолчилж, хөөж тууж байдаг тул Монгол улс бүр ч харьцах аргагүй байв.
Гэтэл ардчилсан хувьсгалаас хойш Ирантай хамтрахыг хүсэгчид манайд гарлаа. Улс оронд маань олон зүйл хүн төрөлхтний жам ёсноос эсрэгээр, урвуугаар эргэж эхэлсэн болохоор аль л болдоггүй улс орныг, удирдагчдыг таашаах явдал олны дунд дэлгэрэв. Өөрсдийгөө устгах программчлалтай болгодог үзэл сурталтай, дэлхийн хамгийн харгис дэглэмтэй орны ард иргэд иймэрхүү болдог юм байлгүй.
Манай газрын тосны талаархи хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажилд иранчууд оролцон тусалсан гэнэ. Яаж туслахаараа, байгалийн бүх баялгаа иранчуудынх болгосон тэд манай хамаг газрын тосыг харийнх болгох зөвлөгөө өгдөг байна? Эсвэл дарга нар маань гадаадаас сайн зүйл огт авахгүй, мууг нь л авна гээд зөвлөгөөг нь дагаагүй юм болов уу.
Ираны хазарууд өөрсдийг нь Тэхран Кабултай зөвшилцөн хүчээр Афганистан руу нүүлгэж байна, тэгэхдээ өөр үндэстний дунд цацаж, дайсагнасан хүрээллийн дунд суулгаж байна, бидний асуудлыг ахан дүү монголчууд та бүхэн дэлхий нийтийн сонорт хүргээд өгөөч, эсвэл Тэхрантай зөвшилцөөд эцэг өвгөдийн минь өлгий болсон Монгол улсад дагаар оруулан татаж аваач гэсэн хүсэлтийг манай талд удаа дараалан тавьж байсан юм байна. Монголын удирдагч Күбийн Хабанад эвсэлд үл нэгдэх орнуудын (өчнөөн эвсэлд нэгдчихсэн хэрнээ) арга хэмжээнд оролцохдоо Ираны ерөнхийлөгч Ахмадинэжадад энэ тухай матаж тал засаад, Монгол дахь цөмийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх дэлхийн сүлжээнд нэгдэхийг ятгасан шиг байгаа юм. (Манай өөр нэг удирдагч Афганистаны Карзайг сугадаж буланд аваачаад л нууц юм яриад, жигтэйхэн нөхөрсөг найрсаг байдаг гэдэг, тэр нь цөмийн асуудал арай биш, тусламж хүссэн хазаруудыг л матаж тал зассан явдал буй заа. Хазаруудтай тэмцэх глобал сүлжээ ч санаачлаад, байгуулаад явдаг байж магадгүй)
Монголын цөмийн санаачлагад нэгдэх нь Ираны хувьд амаргүй баймаар. Гэвч тэд манай удирдагчдыг монгол царайтай, гаралтай гэж хардаггүй шиг. Заналт дайсан АНУ-тайгаа нэг хуйвалдааны дээвэр дор орно гэдэг мөн ч бэрх. Гэвч зорилгоо биелүүлэхэд Иранд цөмийн түүхий эд ус агаар шиг хэрэгтэй болоод байгаа. Улс үндэстнийхээ эсрэг үйлсэд бол дарга нар маань дэлхийг ч нэгтгэх (авлигадаж) шидтэй аж.
2010 онд цөмийн хуйвалдааны ажлыг манай эрх баригчид үсрэнгүй ахиулжээ. Цөмийн мангас гэгддэг, асар бохир үйл ажиллагаатай Францын “Аравэ” компанийнхан Монголд айлчлаад хэдхэн хоносны дараа, манайд суух Ираны элчин сайд Мэхди Сафари нийслэлд маань харайлган ирж, жуух бичгээ барьжээ. Энэ хүн Ираны гадаад хэргийн сайд байхдаа Иран-Хятадын цөмийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд багагүй гавъяа байгуулж, тэгээд БНХАУ-д суух элчин сайдын албан тушаалд шилжсэн байх юм.
Монгол улс үүнээс өмнө Иранд мах нийлүүлэх болсныг дэлхий нийо хачирхаж, янз бүрийн таамаг дэвшүүлж байв. Таван жилийн өмнө АНУ USAID хөтөлбөрийн дагуу, Афганистанд мах экспортлохыг манай талд санал болгоход, одоо ч, хойшид ч боломжгүй гэх хариу өгч байжээ. Тэгвэл яагаад гэнэт хөрш Иранд нь нийлүүлэх боломжтой болов, эсвэл мах бус, өөр зүйл нууцаар нийлүүлээд байна уу гэх асуулт тавигдаж байжээ. 2010 онд Иранд 2000 тонн мах нийлүүллээ гэдэг. 2000 тонн өөр зүйл байсан бол яах вэ гэж түгших болж.
Сүүлийн үед Монголыг Ирантай нууцаар хуйвалдан, цөмийн талаар эрчимтэй хамтран ажиллаж байна гэж бүр ч гүнзгий хардах болжээ. Иран Монголын цөмийн түүхийн эдийг их сонирхох болсон гэдэг нь илэрхий болж. Явж явж дарга нар маань дэлхийн цөмийн дайн өдөөчих юм биш биз дээ.
Одоохондоо манайх уран олборлохгүй байгаа гэдэг. Гэтэл нууцаар олборлох явдал энд тэнд гарлаа л гэдэг шүү дээ. Тэгэхлээр түүхий ураныг Иранд мах гээд нийлүүлчихдэг ч юм билүү, нийлүүлэх бэлтгэлээ хангаж ч байгаа юм билүү, хэн мэдлээ. Мөн манайд цөмийн хаягдал нууцаар булж ирсэн гэдэг. Цөмийн түлшний хаягдлыг бол цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглаж болдог байна. Онцгой ашигтай наймаа байх нь ээ. Нэг кг цөмийн хаягдлыг нутагтаа булахад дор хаяж 500 доллар авдаг гэсэн, тэрийгээ цөмийн зэвсэгтэй болохыг хүссэн орнуудад зарна, үйлдвэрлэлийн хаягдлыг нь эргүүлээд авчран булж, өндөр төлбөр авна! Ийм зүйлээс манай дарангуйлагчид ер нь буцах уу даа, бодоод үзээч. Хамаг баялгаа хахууль аваад л харьд бэлэглэчихдэг улс шүү дээ. Харьд нэгдэх нууц хүсэлт тавьдаг гэсэн шүү дээ. Бүр тэнгэр газраа харьд нууцаар түрээслүүлж л байсан шүү дээ…
Миний бие 2000 онд, манай дарга нар БНАСАУ-тай хамтран ажиллаж буйг шүүмжлэхдээ, цөмийн зэвсгийн асуудалд нь нууцаар оролцож байгаа байж болон гэх үгүүлбэр оруулсан. Тэгэхэд нэгэн дарга асар их хилэгнэж, манай рэдакцийг шатаана гэхчлэн дарамталж байсан юм. Өнөөдөр Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй болоход нь тусалсан, тусалж байгаа, тусална гэх магадлал өндөр болоод байна.
Хятад улс Монгол улсын нутгаар дайруулан Хойд Солонгос руу зэвсэглэл гаргаж, мөрөө баллахыг оролдов гэх мэдээлэл гарч байсан. Тэр нь ямар зэвсэглэл болох нь тодорхойгүй. Хятадаас зэвсэг гараагүй, Монголоос уран, цөмийн хаягдал гарсан байж болох оо доо? Бололгүй яахав. Цөмтэй холбоотой бүх улстай хамтран ажилладаг, бүр ирээдүйд цөмийг сонирхож магадгүй гэх улсыг хүртэл очиж ятгадаг манай удирдлага цөмөөр ангаж цангаж, харангадаж байдаг орнуудыг яаж зүгээр орхих юм бэ?
Харин сүүлийн үед цөмийн хуйвалдаан нь шинэ агуулгаар сөхөгдөж, дэлхийд шившгээ тарьж, Гаагын шүүхээр орж дуусах нь дээ, эрх баригчид маань. Дэлхий дахинд цөмийн явдлыг хөөрөгдөж, сөргөлдөгч дайсагнагч талуудын ч (АНУ-Иран, Хойд-Өмнөд Солонгос гэх мэт) аль алинд цөмийн дэмжлэг үзүүлж, хүн төрөлхтөн сүйрлийн аюулыг ойртуулах болсон тэд яавч зүгээр өнгөрөхгүй. Монгол улс үндэстнийг тэд хамаг бие сэтгэлээ халтар төгрөгөөр үнэлэн худалдагч адгийн эм мэт болгож байгаа. Монголчууд бид харин дэлхий тэднийг гэсгээн цээрлүүлэхийг хүлээгээд л, хамгийн муу муухайгаар дарлуулан доромжлуулж, хүлцэн тэвчиж, нүгэл хурааж, нүдээрээ гаргасаар л суух уу?
Ч.Мөнхбаяр
ММХI.XI.I
www.facebook.com/groups/StopNuclearGenocide

1 comment:

Amartuvshin.L.Z said...

Keep writting! from Mongolia!