Saturday, April 24, 2010

Хэрвээ…

Хүн гүрний түүх, соёл

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн эртний улсуудын нэг нь Хүн юм. Мөнгөн улсын мөхөл сүйрэлтэй холбоогүйгээр, харин хөгжлийнх нь явцад аажим төлөвшиж буй болсон улс гэдэг. Мөнгөн, Хүн гэдэг нь нэгэн улсын хоёр нэр ч хэмээж буй.
Сүүлийн үед, хятадын эрдэмтэд улсынхаа эх суурийг 8000 жилийн өмнө тавигдсан гэхийн сацуу, тэр үед л хойдын нүүдэлчин аймгуудтай байлдаж тэмцэлдэж явсан гэж байна. Мөн, Энэтхэгийн эрдэмтэд манай дээдэс 6-7 мянган жилийн өмнө өвөг монголчуудтай харилцаж байсан гэх болов. Төр улсын бүтэцгүй аваас, олон хүн амтай хятадын улстай тэмцэлдэх, алс холын Энэтхэг гүрэнтэй харилцах бололцоогүй юм. Харин ч, төр улс байсан гэж таамаглагдах дурсгал, сэжүүрүүд олдсоор.
8000 жилийн өмнө гэдэг нь дэлхийн хамгийн анхны улсууд гэсэн үг болно. Дунд-шинэ чулууны үе болой. Алтай хэл задраагүй асан /5000 жилийн өмнө задарсан гэж судлаачид үздэг/. Дэлхийн соёл иргэншлийн өлгий Монгол, Хятад, Энэтхэгт байсан болж таарах агаад, Монголын анхдагчлал нь илүү итгэл үнэмшил төрүүлнэ.

Хүн гэх нэрийг алтан ургийн Киян язгуур, эсвэл хүчирхэг Куян аймгаас гаралтай гэдэг. Гэхдээ, өргөмжлөлд урьд өмнө байгаагүй нэр хэрэглэх уламжлалын дагуу Хүн, Хүнни болгож өөрчилжээ. Хятад хэлт сурвалжид Хүннү, латин хэлт сурвалжид Хүнни гэсэн. Латинаар илүү ойр буулгасан байх үндэслэлтэй бөгөөд, хятад сурвалжид бол аль болох доромж утгатай дүрс үсгээр “галиглахыг” чармайсан байдаг. Хүннүг догшин боол гэсэн утгатай дүрс үсгээр тэмдэглэсэн.
НТӨ 1200 он орчмоос Хүн гүрэн бүрэлдэн тогтнох явц эхэлжээ. Конфэдэрациас, фэдэраци, улмаар унитар улс болох хувьсал явагджээ. 
Шар, Хөх мөрний хооронд голдуу нутаглаж асан хятадуудын түрэмгий хаад ноёд хөрш улс түмнүүдийн эсрэг эзлэн ноёрхох бодлого явуулж байснаас үүдэн, нүүдэлчид сөрөх дайн байлдааныг их хийж байлаа. Заримдаа олз ашгийн үүднээс довтолж асныг ч үгүйсгэх аргагүй.
Хятадын эртний Инь улс сурвалжид өвөг монголын улсыг Чөтгөрийн орон гэсэн байдаг. Дайн тулаан, эрдэм ухаан, аж төрөл аль алинд нь авьяас чадвартай болохоор чингэсэн аж. Мөн жун, ди, ху гэхчлэн янз бүрээр нэрлэжээ. Жун довтлов, Жунтай тэмцэлдэв гэсэн мэдээлэл хятадын сурвалжид их буй.
Хүн улс НТӨ  IҮ -НТ II зуун хүртэл нэн хүчирхэг байжээ. Тэр үед, дунху гэгдсэн, дорнодын өвөг монгол аймгууд салан тусгаарлах хандлага гаргаж тэмцэлдсэн, Хятад Цинь нэрийн дор нэгдсэн, түргүүд хүчийг олсон /хятад сурвалжид динлин/, скиф буюу сарматууд Согдыг эзэлсэн, Ром Карфагэнийг дарж хүчирхэгжсэн зэрэг Хүн гүрэнд нэлээд нөлөөлсөн үйл явдлууд болов.
Ялангуяа, Хүн гүрний заналт дайсан болсон, хятадын Цинши хуанди хааны довтолгоо, дунху нартай байлдсан нь улсыг хэсэг зуур сулран доройтуулжээ. Нэгэнтээ, хятадын хамгийн аугаа байлдан дагуулагч гэх Цинши хуанди, өвөг дээдсээс маань хамгаалах зорилгоор Их цагаан хэрмийг бариулах атлаа, Хүн гүрнийг тойрч, баруун зүг иран, түрэг хэлтнүүдийг түрэмгийлэн эзэлж асан. Гэтэл Түмэн хааны үед Ордос зэрэг говийн өмнөх нутгийг Хүн гүрнээс булаажээ. Хүү Модунгаа дайсагнагч тохарууд /юэчжи ч гэгддэг, иран хэлтэн/  барьцаа болгон өгч, улмаар сэм хорлохыг завдаж байв. Их хатнаас төрсөн, хууль ёсны залгамжлагч Модунг биш, бага хатнаас төрсөн хүүг өөрийн дараа хаан болгох гэсэн ордны явуургүй будлианаас үүдэн, чингэжээ.
Модун тохаруудын барьцаанаас оргож, хаан ширээг булаан, хүчирхэгжлийн эхийг тавьсан нь 209 он. Дунху буюу сүмбэ нарыг байлдан дагуулж, бүх угсаатнаа нэгтгэв. Тохар, хибчааг /динлин, кюэшэ/, хиргис /гээгүүн/ нарыг ээлж дараалан цохиж, эзэрхий санаархлыг нь дарав. Цинь гүрэнтэй, залгамжлагч Хан гүрэнтэй нь  олон удаа их тулалдааныг хийж, ялж явав. НТӨ 201 онд нанхиадын 400 мянган цэрэгтэй тулалдаж дийлсэн. НТӨ 200 онд Хүн гүрний дөчин түмэн  цэрэг Хан гүрний армийг хиар цохиж, Гао Ди хааныг нь Пинчэн хотод бүсэлж байв. Эцэст, Цагаан хэрмээс хойшхи нутгаа бүрмөсөн чөлөөлжээ.
НТӨ 198 онд Хүн, Хан гүрнүүдийн хооронд найрамдлын гэрээ байгуулагдаж, улсын хил Цагаан хэрмээр тогтсон нь өдий хүртэл хүчинтэй байж, хоёр угсаатныг зааглаж ирэв. Түүнээс хойш, Хан улс 50 жилийн турш Хүнд алба барьж, гүнжээ илгээжээ.
Ташрамд хэлэхэд, урьд цагт хоёр угсаатны зааг нь Шар мөрөн байсан ч хятадын шунахай хаад ноёд элдэв аргаар нутаг орныг булаасаар, хилээ ихэд хойшлуулсан агаад, Цагаан хэрмийг барьсан давхар зорилго нь түрэмгийлсэн газартаа бэхжих явдал байв. Тийм учраас монголын хаад ноёд Шар мөрөн хүртэлх нутгаа эргүүлж авах оролдлого, дайн байлдааныг хожим олон удаа хийсэн.
Их байлдан дагуулагч Модун хаан өнөөгийн Зүүн Түркэстаны нутгийг эзэлж, Торгоны замд ноёрхлоо тогтоосноор байр сууриа улам бэхжүүлэв. Хүн гүрний МАА, төмөрлөгийн бараа бүтээгдэхүүний өмнө өргөн их зах зээл нээгдэв. Дэлхийн улс гүрнүүдтэй харилцах боломж ч үлэмж нэмэгдлээ. Дорны их гүрэн Хүн, өрний их гүрэн Ром хоёр өргөн хэмжээний найрамдалт харилцаа, хамтын ажиллагаатай болох хандлага гарав.
Хүн гүрэн 24 аймагтай, Төв, Зүүн, Баруун гар гэсэн их мужлалтай. Ой хөвч, далай тэнгисийн нөхцөлд Зүүн гарынхан, тал, говийн нөхцөлд Төв, уулархаг нөхцөлд Баруун гарынхны аж төрөл, төлөвшил өөр өөрөөр, янз бүрийн төвшинд бүрэлдэж байв. Мөн бусад улс, угсаатны хүрээлэл, бодлого ч нөлөөлнө. Сүмбэ, ухуань зэрэг хүчирхэг аймгуудтай Зүүн гарынхны салан тусгаарлах байдлаас болж, зөрчил их үүсч байв. Гэтэл Умард, өмнөдийн зөрчил мөн нэмэгдлээ. Энэ шинэ  зөрчлийг үүсгэхэд Хан улсынхан гол үүрэг гүйцэтгэсэн.
Хан гүрэн хөрш улсууд, ялангуяа хүчирхэг хойд хөршийнхөө эсрэг байнгын, эртнээс уламжилсан хорт бодлогуудыг хэрэгжүүлж байв. Зэргэлдээ улс түмнүүдийг нь Хүн гүрэнтэй эвдрэлцүүлж турхирахад багагүй ахицыг олов. Хан улсын хаан У Ди Хүн гүрний бүх дайснуудыг нэгтгэж чадлаа гэж сайрхаж байжээ. Чингээд эдийн засаг, улс төрийн хоригт оруулж, ганцаардуулахыг чармайв. Дэргэд нь хүчирхэг улс байхыг огт хүлцэхгүйн учир бүхнийг Хүнтэй тэмцэхэд зориулах нь холгүй асан. Тулаанд эрсэдсэн Хой Цуй Бин жанжиндаа, хүн дайчныг хөнөөж буйгаар дүрсэлсэн хөшөө  босгож байлаа. Хүнчүүдэд хэрхэн хандаж асны нэгэн жишээ энэ буюу.
Гэвч Хүн гүрнийхэн хүч чадал, нэр нөлөөндөө эрдэж, шаардлага гарвал цэргийн цохилт өгөхөөр л хариу арга хэмжээг хязгаарлаж байв. Тэр үед хүнчүүдийг хүнчүүд л дийлэх байлаа. Тийм ч учир хятадууд Таван урхины хэмээх тусгай бодлогыг боловсруулж хэрэгжүүлэв. Хүн гүрний хүчирхэг ноёдыг шаньюй /сайн хаан/ хэмээн өргөмжлөн харьцаж, өдөөн хатгана. Нэг хэсэг 5, бас нэг хэсэг 7 сайн хаан тодорсон байв.
Хүтүүс /Жижи/ хаантай Их усун /Хуханье/ дүүг нь эвдрэлцүүлснээр л сая Хан улс санасандаа хүрчээ. Их усунг шаньюй хэмээн  өргөмжилж,  алба барьж, гүнж илгээж, нийслэлдээ урьсан байна. Түүнийг 7 мужаар өнгөрөхөд, муж бүрд 2000 морьт, хүндэт харуул дагалдуулж, нийслэл Чаньанд хаан Сюань Ди өөрийн биеэр угтжээ. Нэг сар тансаг жаргалд умбуулж, хил хүртэл 20 мянган цэрэг дагалдуулан үдэж байжээ. Энэ айлчлалын үеэр Их усун өмнөд Хүнийг салан тусгаарлуулах, Хятадыг умард Хүн улсаас хамгаалахыг зөвшөөрчээ. Түүний холбоотон нь мөн дунху нар болов.
Удалгүй Өмнөд Хүн, Дунху, Хан, бусад өстөн улсуудын нэгдсэн хүч Хүтүүс хааны тал бүрээс довтолж, бут цохижээ. Ингэснээр Хүн гүрэн Өмнөд,  Умард гэж бүрмөсөн хоёр хуваагдаж, Зүүн гарынхан нэлээд тусгаар байдалтай болов. Янз бүрийн дайн тулаан нэлээд явагдсаны эцэст Умард Хүнгийн ард зоны нэг хэсэг нь баруун, нөгөө хэсэг нь баруун өмнөд, гуравдахь хэсэг нь дорно зүг рүү нүүж /Зүүн гарынханд дагаар орж/ байв. 85-87 онд Зүүн гарынхан сүмбэ нараар толгойлуулан, Умард Хүннүд удаа дараалан том цохилт  өгөв. Чингэснээр 93 онд Хүн гүрэн мөхлөө. Гэхдээ  Хүн гэж өөрийгөө нэрлэх гурван ч хүчирхэг  улс оршсоор байсан нь, гүрний сүр хүчийг илтгэх ажгуу.
Дунху нар Хүн гүрнийг залгамжлах Сүмбэ улсыг байгуулж хүчирхэгжсэн. Малчин, ойн иргэн, тариаланч, гар урлалч, загасчин, далайчин олон тооны ардыг багтаасан дорнод өвөг монгол 50 гаруй  овог аймгийнхан хүн ам ихтэй, газрын хомсдлыг амсч байв. Сүмбэ, Ухуань хоёр аймаг нь хамгийн хүчирхэг бөгөөд, хожим Сүмбэ зонхилжээ. 
Сүмбэчүүд буддын шашинтай байсан агаад, Сүмбэр гэх шүтээн уулынхаа нэрээр нэршсэн гэдэг. Шивээ гэх үгнээс Сүмбэ үүссэн хэмээх нь ч буй.
Хан улсынхан одоо л нүүдэлчдийг ноёлох цаг болов хэмээтэл, Өмнөд Хүн улс бид танайхыг умардынхнаас хамгаална гэснээс бус, захирагдах гээгүй гэжээ. Хоорондоо эвдрэлцэн байлдаж, хятадууд дахин дахин ялагдал хохирлыг үзэж, улмаар алба барих болов. 50 жилд олон тн алттай тэнцэх алба өргөсөн байдаг.
Нанхиадуудын хагалан бутаргах бодлогоос болж, Өмнөд Хүннү гурав хуваагдсаныг хятад сурвалжид Хан, Их Жао, Бага Жао гэж тэмдэглэсэн. Тэдгээр улсынхан Хятад руу уулгалан довтолж, нутгийнх нь гүнд суурьшиж, хаан ширээг нь ч булааж байжээ. Өмнөд Хүнгийн үүх түүх арвин.
Баруун зүг одсон хүнчүүд баатар гавъяа ихийг байгуулжээ. Гал мэсэн дундуур нүүдэллэн явсаар Ижил хавьд Хүн гүрнээ байгуулан суусан. Дараа нь ахин нүүдэллэж, Дунайн Хүнийг байгуулсан юм. Чингэх замдаа түрэг, иран, угор олон хүн ардыг дагуулан уусгажээ.
Герман овог аймгуудтай их дайтсан агаад, энэ тухай Нибэлүнгүүдийн дуулал зохиогджээ. Улмаар Визант, Ром зэрэг хүчирхэг гүрнүүдтэй нүүр тулж, байлдаж тулалдаж, аль алинаар нь алба бариулав.
Тэнгэрийн ташуур гэгдсэн агуу байлдан дагуулагч Аттила хаан Европын улс төрд багагүй нэр нөлөөтэй байв. Ордны хуйвалдаанаас болж, Византид цөлөгдсөн, Ромын Хонория гүнж өөрийг нь чөлөөлбөл хатан нь болохоо илэрхийлж асан. Хэрэв Хонория гүнжтэй гэрэлбэл, Ром, Византид ноёрхох боломж нээгдэх байлаа. Энэ асуудлаас болж, Аттила Ромтой эвдрэлцэж, их дайнд  мордсон. Хэрэв хүнчүүдийн  дунд өвчин гараагүй бол ялах байжээ. Ромын пап тэргүүтэй төлөөлөгчид ирж хүндлэл үзүүлснээр, найрамдлын гэрээ тогтоогдож асан. Дунайн хүнчүүд Францын нутагт ч цөмрөн орж байв.
Аттила хааныг их эрдэнэсийнх нь хамт нэгэн голын усан дор оршуулжээ. Тэр нууцлаг газар одоо хүртэл тодорхойгүй.
Умард хүн нар Ард түмнүүдийн их нүүдлийн эхийг тавьж, Евразийн улс төр, угсаатны дүр зургийг багагүй өөрчилсөн, Ромын дарангуйллыг унагалцаж, олон ард түмнийг чөлөөлсөөн.
Баруун өмнө рүү одсон хүн нар нэг хэсэг Долоон ус хавьд Цагаан хүн улс байгуулсаныг Юэбань гэсэн нь буй. Улам өмнө зүг рүү нүүдэллэж байжээ. Дундад Ази, Энэтхэг, Пэрс, Мэсопотамид ч байлдан дагуулж, ноёрхон захирч байсан. Баруун Хүний нөлөөний бүсэд нэвтэрч, хоорондоо байлдаж асан нь, хүн нар дэлхийд багтахгүй эрч хүчтэй явсан гэлтэй. Эфтал, Тораман хаадынхаа нэрээр ч улс нь нэрлэгдэж асан. Цагаан хүн нар өвөг монголчуудаасаа харилцаа тасралгүй, байнгын холбоотой байжээ. 533 онд Цагаан хүн улс мөхжээ. Өмнөд, Баруун, Цагаан Хүн улсуудыг киян овогт, Модунгийн удмын хаад захирч байв.
Алс газар байгуулагдсан хүн улсууд мөхөхдөө колониуд болон хувирлаа. Хүн колониуд Ижил, Дунай, Хар тэнгис, Газар дундын тэнгис, Улаан тэнгис, Сырдарья, Амударья, Каспийн тэнгис, Энэтхэгийн далайн эргээр олноороо байгуулагджээ. Өрнө Дорныг  холбосон эдгээр колонийн зарим нь хүчирхэг хот-улс болж байв.
Өвөг монголчуудын үндсэн хэсэгтэйгээ нягт хэлхээ холбоотой байх шаардлага колониудад их байлаа. Сүмбэ  зэрэг улсууд ч колониудыг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах нь ашигтай болохыг ойлгож, тал бүрийн дэмжлэг үзүүлэв. Ийнхүү колониуд-Сүмбэ гэсэн харилцан эргэх холбоо, дэлхийн сүлжээ үүсэв. Тэнгис далайг эзэмших үйл хэрэг ч эрчтэй хөгжлөө. Улсыг захирч асан дорнод өвөг монголчуудын дунд далайчин уламжлал  арвин байсан нь ч нөлөөлөв. Дорны викингүүд гэгддэг өвөг монгол далайчид колонийн үйл хэрэгт идэвхийлэн зүтгэв. Зарим нь далайн дээрмийн томоохон бүлэглэлүүдийг ч байгуулж байв.
Хүн гүрэн мөхөж, гадагш их хүн ам нүүдэллэн одсон ч, хожим ордын хөдөлгөөн өрнөж, нэлээд нь буцаж  иржээ. Энэ нь монгол газар нутгаа онцгой эрч хүч, нууцлаг ивээлтэй гэж шүтэхээс үүдэлтэй. Модун хаан “Газар бол төр улсын үндэс” гэж ач холбогдлыг нь өндрөөр үнэлсэн байдаг.
“Газар нутгийн хүч аугаа. Монгол газар нутаг Мөнх Тэнгэрийн хэмжээлшгүй их энэргийг шингээсэн. Энэ газар нутагт эцэг өвгөдийн маань мянга мянган жилийн эрч хүч, эр зориг, илч дулаан хуримтлагдсан юм. Бидний газар нутаг монгол хүнд хязгааргүй ээлтэй, ивээлтэй.
Газар нутгаа хайрласнаар бид харамгүй их эрч хүчийг хариуд нь авна. Хөл нь газарт хүрэх тусам хүч ордог Ки баатартай бид адил. Хөрст алтан дэлхий хэмээн өвөг дээдэс маань газар орноо алттай зүйрлэдэг асан. Газар нутгийнхаа төлөө амь амьдралаа зориулан тэмцэж байсан юм.
Бид уугуул нутгаасаа алдаж байсан. Нэмж алдах эрх байхгүй. Учир нь бид нутагтайгаа нэг цогц. Бусдад найр тавих нь байтугай, булаагдсан нутгаа авахын төлөө тэмцэж байх учиртай. Газраа алдах тусам л бид доройтно. Дээд Тэнгэрээс заяат эрч хүчийг хамт алдаж, энэ гэм нүглийнхээ дарамтад бөхийх болохоор тэр юм.
Хөрс шороонд амьдын хүч, амьдрал тэтгэгч эрчим дүүрэн лугшиж байдаг. Эрч хүчийг нь мэдрэн, хүртэж яв. Газарт залбирч, мөргөж, сүсэлж биширч, наманчил. Газар орноо хайрлаваас гайхамшигт энэргийг хүртдэг юм шүү” хэмээн ойлгож болох үзэл баримтлал өвөг дээдэст маань байсан учир, тийнхүү эх нутаг руугаа эргэн тэмүүлдэг байжээ. Нүүн ирж чадахгүй юмаа гэхэд, шүтээн болсон газар орондоо мөргөөд буцдаг асанжээ. Үүнийг, Монголоо шүтэхүй гэж томъёолж болох юм.
Хүн гүрэн цэргийн ардчиллаас сонгодог фэодализм хүртэлх замыг туулжээ. Улсыг сайн хаан /шаньюй/ цолт, үе залгамжлах тэргүүлэгч захирах бөгөөд, нэлээд тогтмолжсон хоёр хуралдайтай. Нэг хуралдайг язгууртнууд, нөгөөг гавьяа зүтгэлтнүүд /зонхилогчид/ бүрдүүлнэ. Улсыг Зүүн, Төв, Баруун гар гэсэн их мужлалд хуваана. Зүүн гарыг хүндэтгэн үзэх уламжлал Төвийг хүндэтгэх шинэчлэлээр солигдох шилжилтийн үе тохиосноор, зөрчил гарч байв.
Хаан Киян овгийнх байх ёстой. Эртний Ки баатар хааны удам юм. Хаадын түүхийг  тодорхой үгүүлсэн “Шижир” гэх судар буй. Түүнд сайнаар дурдагдахыг хаад ихэд хичээж, зарим нь түүхийг гуйвуулсан  тал бий. Хаад язгууртнуудыг болон, төрийг  ард зон тэнгэрийн гаралт хэмээн ихэд хүндэтгэнэ.
Хүн гүрний, тэр үедээ хамгийн дэвшилтэй, цэгцтэйд орж байсан төр хууль бүтээх, улсыг байгуулах, бэлгэдлийн ёс үйлдэх, гадаадтай харилцах зэрэг тодорхой үүрэгтэй байлаа.
Засаг захиргааны аравтын зохион байгуулалттай байв. Гэвч хүн ам өсөхийн хэрээр, тооны утга нь алдагдсан. Хүн гүрэн 24 аймагтай байлаа. Зарим сурвалжид 100 ч гэдэг. Хүн ам нь 3 сая гаруй  байв. Өнөр өтгөн болохын хэрээр суурьших, гадагш нүүдэллэх нь ихэсч асан. 
Маш их баян чинээлиг улс асан тул ард иргэддээ Эрдэнийн хишгийг түгээдэг байв. Дайн дажин, байгалийн гамшиг, эдийн засгийн хямрал зэрэг давагдашгүй хүчин зүйлээс болж үгүйрэн хоосорсон; өрхийн тэргүүн нь тулаанд үрэгдсэн, шархадсан, эсвэл ажил ахуйн осолд өртөн хөдөлмөрийн чадваргүй болсон зэрэг нөхцөлд төрөөс тусламж үзүүлэх Авлигын яам байлаа. Нийгмийн халамжийн төрийн дорвитой тогтолцоо анх өвөг монголчуудын дунд буй болсон юм. Ордын хөдөлгөөн буюу рэпатриацийг ч төрөөс мөнгө хөрөнгө гарган, үлэмж дэмждэг асан. Үнэт болон өнгөт төмөрлөгийн олборлол энэ бүхнийг санхүүжүүлэхэд их үүрэг гүйцэтгэдэг асан. 
Тэнгэризм, хасизм гэгдэх шүтлэг ноёлсон хэвээр байв. Энэ шашин нь үндэсний үзэл сурталтай ихээхэн сүлэлдсэн учир бусад ард түмнүүдэд түгэн дэлгэрдэггүй, харин харийн хүн дагавал өвөг монгол хүн гэж тооцогдох болдог  байлаа. Монголыг шүтэх, Монголын төлөө зүтгэх, монгол хэл мэдэх, ёс заншлыг дагах ёстой болдог тул тиймд хүрдэг асан.
Хүнчүүд өглөө нар, өдөр гал, орой саранд мөргөдөг асан нь үндэсний нэгэн бэлгэдлийг үүсгэжээ.
Хүн гүрэнд, ялангуяа Сүмбэ аймгийнхны  дунд буддын шашин дэлгэрсэн. Өвөг монголчууд нанхиадын уусгах бодлогоос их болгоомжилж, бусад түмнүүдтэй соёлын өргөн харилцаатай байхыг эрмэлздэг асныг онцлох хэрэгтэй. Тиймээс, Азийн Баруун Өмнөдийн шашин Зүүн Хойдын Сүмбэд өргөн дэлгэрч байжээ. Тэнгэризм нь шашны дээдэх шашин маягаар төлөвшсөн тул, зэрэгцээгээр нь өөр шашин шүтэх явдал нэлээд байв.
Хүн гүрэн дэлхийн соёлын нэг том төв байсан тул бусад улс түмэнд багш болж ч явсан. Жишээ нь, Хан улс Хүн улсаас 12 жилийн, жарны цаг тооллын систэмийг авч хэрэглэсэн. Хуанли гэдэг нь куян тоолол гэсэн хятад үг болой. Мөн цэргийн, мал адгуулах зэрэг эрдмийг хүнчүүдээс идэвхийлэн суралцаж байв. Нүүдлийн хэвшилд шилжихийг оролдсон хятад ноёд, ардууд ч байдаг. Хүнгээс европчууд ч их зүйл суралцсан бол, хүн нар дэлхийгээс мөн суралцаж, дэвшиж хөгжиж  байлаа. 
Эртний  Энэтхэг, Хятад, Грэк, Ромын ном зохиолыг хүн /өвөг монгол/ хэл рүү их хөрвүүлсэн. Хүн улсын мэргэдийн ном зохиол ч гадаадад алдар суутай байв. Хүн нарын дунд сэцэн цол хамгийн нэр хүндтэйн тоонд ордог байлаа.
Мөнгөн бичиг гэгдсэн рун бичгийг хүн нар улам хөгжүүлж боловсронгуй болгосон. Ер нь өвөг монголчуудын үсэг бичгийг дэлхийн хамгийн эртний байж болзошгүй гэдэг. Хүн хэл Евразид нэлээн өргөн дэлгэрсэн, худалдаа, эрдмийн хэл байлаа.
Хүн гүрэн 50 сая малтай, дэлхийн МАА-н хамгийн том төв асан. Хятадын түүхч Сыма Цянь хүнчүүд таван хошуу малаас гадна, илжиг луус өсгөдөг гэжээ. Мөн сайн үүлдрийн морийг зориуд үржүүлж худалддаг байв. Бас уул уурхайн ажилд зориулсан одой морь гаргаж авчээ. МАА-н зонхилох хэвшил нь нүүдлийнх. Нүүдэлчин ахуй нь хүн соёл иргэншлийг хадгалах, хамгаалах хүчин зүйл болж байлаа. 
Төмөрлөгийн олборлол, боловсруулалтаар дэлхийн тэргүүн эгнээнд явсаар ирсэн. Ерөөс хүрэл, төмрийг өвөг монголчууд анх гарган авсан байх магадлалтай. Тэр нь дайн байлдаан, аж ахуйн давуу  талыг олгодог байв. Өвөг монголчуудын цэргийн ялалт төмөрлөгийн үйлдвэрлэлийн дэвшилтэй нь нэлээд холбоотой асан. Хятад сурвалжид умардын бүдүүлэгчүүд төмөр  зэвсэгтэйн тул хүрэл зэвсэгтэй манай цэргийг ялав гэж дурдсан байдаг. Алтны олборлол, боловсруулалт өндөр төвшинд байв. 
Монгол бол ашигт малтмал, ялангуяа төмөрлөгийн ордоор дэлхийд хамгийн баян. Тиймээс, төмөрлөгийн ухааныг өвөг монголчууд эрчимтэй хөгжүүлсэн, үйлдсэн эдлэл нь дэлхий даяар эрэлт хэрэгцээтэй байлаа. Уул уурхайн эрдэм ухаан ч эртнээс хөгжиж, химийн шинжлэх ухааны эх үндэс тавигдаж асан.
Уул уурхай, худалдаа, зам харилцаа, цэрэг, шашин, засаг захиргааны холбогдолтой суурьшлууд олон байв. Хүн гүрэнд 10 том хот, 200 гаруй жижиг хот, суурин, тосгон байжээ. Хамгийн том хот нь Луут хот байв.
Ташрамд, луу бол Хятадын бэлгэдэл гэх нь ташаа ойлголт. Дорно, Өрнийн олон оронд луу хүндэт бэлгэдэл нь болж асан. Лууны ясыг уул уурхай хөгжсөн Хүн гүрэнд олонтаа олж биширч асан төдийгүй, амьтан судлаачид сонирхон шинжилж байв. 
Хурмастын амьтад хэмээн мөхсөн амьтдыг нэрлэж, ясыг нь  эвлүүлж, дүр төрхийг нь сэргээхийг оролдож; их бага олон зүйл луу буй гэсэн “Луугийн судар”-ыг ч бүтээсэн нь палэонтологийн шинжлэх ухааны үүдэл гэлтэй. Луугийн ясыг цуглуулж, тахидаг  сүм хийдүүд ч байлаа.
Модун хаан хүүгээ Луу хэмээн нэрлэж ч асан. 
Хүн улсын хот суурингууд өвөрмөц архитэктур бүхий барилгуудтай, сүрлэг цайз хэрэмтэй байлаа.
Суурин газруудын дэргэд гар урлал, худалдаа, газар тариалангийн үйл хөгжиж байв. МАА-н түүхий эдийг боловсруулах нь аж ахуйн том чиглэл байжээ. Торго ч нэхэж асан. Гэхдээ газар тариалангийн хувьд Хятадтай харилцаа сайдах муудахаас хамаарна. Хэрэв Хятад эдийн засгийн хориг тавибал Хүн гүрэн өөрийгөө бүх хэрэгцээт зүйлээр 100 хувь хангах  чадвар бүхий автарки эдийн засагтай байсан юм. Торгоны их замыг хяналтдаа авсан  нь Хүн гүрний эдийн засаг хөгжихөд түлхэц болсон. Харин ган, зуд, царцааны нүүдэл, тахал, газар хөдлөлт зэрэг гамшиг сөрөг нөлөө учруулж байжээ. Мянганы эхээр болсон газар хөдлөлтөд Хүн гүрний том хот Их хүрээ бараг ор үгүй болтлоо сүйдсэн.
Хүн гүрнийг хятад, тохар, согд, скиф, тангуд, түрэг, хамниган, солонгос зэрэг ард түмнүүдийн улс аймгууд хүрээлж байв. Эдэнтэй найрамдалтай, дайсагналтай, янз бүрийн харилцаатай байсан. Гэхдээ үргэлж дайтаж байлдана гэж үгүй учир найрамдаж нөхөрлөх нь илүү байв.
Алс холын Ром, Византтай найрсаг харилцаатай байж, олимпод ч тамирчдаа илгээж асан. Колонистууд, “викингүүд” Африк, Амэрик тивд хүрсэн ч, үр ашиг, хэтийн төлөв багатай хэмээн төдийлөн сонирхоогүй аж. 
Хүн гүрний хувьд цэрэг-дайны салбар чухал ач холбогдолтой байлаа. Өвөг дээдсийн маань алт баялиг, газар нутагт шунасан Хятад, түрэг, тохар, тангуд, хамниган хаад ноёдын өнгөлзлөг үл тасрана. Дандаа дайнч, түрэмгий хөршүүдээр хүрээлэгдсэн асан. Тэр цагт хэн хүчтэй нь л тогтнож үлддэг, хүчтэйн өмнө хүчгүй нь бурууддаг байв. Ийм нөхцөлд өвөг монголчуудын дунд дайчин баатарлаг замнал, цэрэг-дайны гавьяаг бишрэх үзэл үлэмж дэлгэрч, эр бүхэн нь дайчин баатар болохыг эрмэлздэг байлаа.
Хятадын эртний Шан улсынхныг хүнчүүд байлдааны тэргээрээ гайхуулж асан. Ер нь цэрэг-дайн, уул уурхайн олборлол-үйлдвэрлэл зэрэг нь өвөг монголчуудад эртнээс машин мэханизм, тэхник сэтгэлгээ хөгжих хөрс суурь болж байв. Хот балгадыг довтлох машин мэханизмын хүчирхэг систэмгүйгээр хүнчүүд томоохон суурин ард түмнүүдийг ялан дийлэх боломжгүй асан.
Төмөрлөгийн салбарын хөгжил зэрэг зэвсгийн давуу  талыг олгодог байв. Хүнчүүдийн хуяг дуулга, сэлэм жад, зэв сумны бат бэх, хатуу чанга нь гайхагдсан. Европын рыцариудын сүрлэг хуяг дуулга сэлт нь Азиас, тэр тусмаа өвөг монголчуудаас гаралтай болой.
Хүн гүрэн бол Харваач улс ч гэгддэг, харвах эрдмээр хол тасархай байв. Яс, хусан 7-11 хэсгийг эвлүүлж, нааж үйлдсэн, 140 см урт хүн нум бусад улс  түмнүүдийнхээс 2 дахин хол тусгалтай байв. Эр эмгүй харвах эрдмийг эзэмшсэн. Хавчаахай, бөмбөг, тавхай, занга, агсум, уртугчин, онист, хос онист гээд олон төрөл нум, агжим, анга, ацат, дуут, хоосор, хангай,  хошуумал, араат хошуумал, сам, элээ сүүлт зэрэг сумаар харвадаг аж. Дугуйт тэргэн дээр суурилуулсан аварга нум ч хэрэглэгдэнэ.
Харван  цэнгэх нь Хүн гүрний үед эрчтэй хөгжсөн. Алс хол зайд хаймсан харвана. Зэвт сумаар бай онож, цэц мэргийг сорино. Арьсан бөмбөгийг модонд цувуулан өлгөж, хурдтай давхихдаа харвана. Шир тэлж татаад, хорин сум цувуулж тавина. Хана хасаа харвана.
Цэргийн тусгай албадтай байв. Онцгой чухаг даалгаврыг биелүүлэх, хорлон сүйтгэх, тагнах зэрэгт ашиглагдана.
Сүр муутай, хуурамч парад хийж харийнхныг төөрөгдүүлж ч байжээ. Ташрамд, сүрлэг сайхан цэргийн парадыг баяр наадмын үеэр ард олондоо толилуулдаг асан.
Хүний нөөц, эдийн засгийн потэнциал ихтэй Хятад зэрэг улсын армитай дүйцэхүйц зэвсэгт хүчийг өөдөөс нь гаргаж, их тулалдааныг хийдэг асан нь Хүн гүрнийхний дайчин чанар, хүчирхгийг илтгэнэ. 300-400 мянган морьт цэрэг нь хэнд ч  дийлдэшгүй. 70-аад онд 100 мянган морьт цэрэг оролцсон их ав хомрого хийж байжээ. Байгалийг чанд сайн хамгаалж, ан гөрөөсийг намар болтол үржүүлж өсгөж, улс орноо тэр чигээр нь агнуурын аж ахуй мэт болгож байгаад, дараа нь ав хомрогоо хийдэг алсын хараа, холч ухаантай байжээ, өвөг дээдэс маань.
Хятадууд хүнчүүдийн цэргийн эрдмийг тусгай судлал үүсгэн эзэмшдэг асан. Жоу улсын хаад “хүннү хувцас өмсөж, хүннү хүн шиг байж, хүннүчүүд шиг морь унаж, харваж сур” гэж зарлигдсан байдаг. НТӨ 307 онд нанхиадын их ван У Лин цэргээ хүн маягаар удтал сурган бэлтгэсний дунд, хүн нарыг ялсан удаатай.
Өвөг монгол, монголчуудын тухай “хар домог”, тэднийг үгүйсгэхүй, андуу эндүү явдал зэргээс болж, Хүн гүрнийг  түрэг улс гэх төөрөгдөл амь бөхтэй байв. 
Түрэг хэмээх ард түмнийг өвөг монголын зарим хаад ноёд үндэсний алдаатай бодлогоороо бүтээсэн аж. Бусадтай цус холилдсон зарим овог аймгийнхнаа ялгаварлан  үзэж, уул уурхай-үйлдвэрлэлийн хүнд хүчир ажилд зүтгүүлж, дайн тулаанд олзлолгдсон харийнхныг нэмж авчран улам харьжуулж байжээ. 
Өвөг монголын уул уурхай-үйлдвэрлэлийн том бүс нь Алтай хавь асан. Алтай бол Алтан гэх үгээс гаралтай, бас энд дуулга бүтээдэг гэсэн утгаар Дуулгын нуруу ч гэж байв. Хүн ардыг нь дуулгачид, дуулгынхан хэмээнэ. Тэд түрэг болж монголчуудаас салсан агаад, босч тэмцэн, иран хэлтүүдийн нутаг руу дайжсан. Иранчуудын бусдыг уусгах уламжлалыг амин чухал хэмээн  хэрэгжүүлсэнээр, харин тэднийг өөрсдийг нь уусган, хүн ам ихтэй болж, хүчирхэгжсэн юм. Хожим түргүүд өвөг монголчуудтай тэмцэлдэхдээ, нэг хэсгийг нь уул уурхай-үйлдвэрлэлд хүчээр зүтгүүлж байсан удаатай. Түргүүд Монголын түүхэнд ихээхэн үүрэг рольтой байв.
Өрнийхөн хэд хэдэн Хүн улс байсан атал, олон тоот түрэг ард иргэд бүхий Баруун Хүн гүрнээр бүх хүнчүүдийг төсөөлсөн явдал буй. Пантюркист зарим зүтгэлтэн ч түүхийг  гуйвуулдаг. Хүн бол түрэг  хэлтэн, тэр үед өвөг монголчууд ой хөвч, тайга тундрт байсан гэлцдэг. Салангид хэсгийг дөвийлгөх явуургүй мэхийг ашигласан хэрэг юм. Зарим хүнчүүд түрэг хэлтэн, зарим өвөг монгол ойн иргэн байсан нь үнэн. Гэтэл ихэнх хүнчүүд монгол хэлтэн, нэлээд түргүүд ойн иргэн байсан нь бас үнэн. Сыма Цянь зэрэг эртний түүхч, нүүдэлчдийг, хооронд нь ялгаж салгалгүй будлиулсан ч байдаг. Гэвч Хүн гүрэн бол монгол хэлтэн улс, захирагчид нь монгол хэлт киян язгуурын алтан ургийнхан, соёл иргэншил нь монгол гэдэг нь хэдийнээ  тодорхой болжээ.
Ганц жишээ дурдахад л, эрийн гурван наадмыг аваад үз. Хүн наадамд бөх голлож, гурван зиндаагаар, тус тус долоон даваагаар барилдуулдаг байжээ. Бөх бол асар эртний үүсэл гаралтай агаад, тэнгэрийн шашны зан үйлтэй холбоотой. Угтаа нэг байгаад, шашин, спорт гэсэн чиглэлээр салаалж хөгжсөн амой. Тиймээс бөө бөх хоёрыг нэг үгээс салбарласан гэдэг. Эмэгтэй бөө, бөхийг адилхан нядхан хэмээнэ. Бөх нь тэнгэрийн ивгээлийг урина гэсэн утгаар хүчит жигүүртний шинжтэй гараа, дэвээ, шаваа бүхий. Бөхчүүд бол хурмастын хүчтэнүүд гэсэн санаа буй. Ийм язгуурын монгол соёл юм.
Сүүлийн үед Хүн гүрний судлал дэлхийн түүхч, архэологичдын анхаарлыг их татсан, ирээдүйтэй чиглэл болж байна. Сонирхолтой олдворууд ч илэрч буй. Нөгөөтэйгүүр, бусад улс түмнийхэн хүн нарын соёлын дурсгалыг улайран сүйтгэж, ул мөргүй болгох оролдлого хийдэг байсан нь ч илэрч. Тиймээс, жинхэнэ булшийг хуурамч булшаар далдалдаг байж . Хэдэн давхар булшин дор, асар гүнд жинхэнэ булш нь байх явдал тохиолддог.
Нэгэн булшны авсыг оюу толгойтой алтан хадаасаар хадсан байв. Энэ нь маш тансаг дээдэслиг амьдрал, гар урлалын өндөр төвшинг нотлоно. Авсыг алтан товруугаар зай завсаргүй шахам хээлэн чимэглэдэг ч байж. Алтлиг будгаар будсан, торгоор гадарлаж доторлосон байдаг. Маш нимгэн алтан ялтсыг чимэглэлд ашиглана. Ромын хаад ноёдын их хүндэтгэлийг илэрхийлсэн бэлэг зэрэг содон сонин дурсгал бишгүй олдож буй.
Мэталл, мод, үнэт чулуу, шил шаазан, ваар, паалан, нэхмэл, хивс, эсгий зэрэг эд, аргаар бүтээсэн урлагийн бүтээлүүд өвөг дээдсийн маань авъяас билгийг илтгэн, илэрч олдсоор байгаа билээ.
Дөрвөлжин булш монгол хэлтнүүдийнх, хиргисүүр түрэг, иран хэлтнүүдийнх гэсэн алдаатай төсөөлөл байв. Аль аль нь монгол  хэлтнүүдийн үүсгэсэн ёс гэдэг нь тогтоогдоод байна. Өөр өөр цаг үед үүссэн агаад, зарим өвөг монголчууд уламжлал, зарим нь шинэчлэлийг баримталснаас л үүджээ.
Ч.Мөнхбаяр. ММХ.IҮ.ҮI
http://moenhbayar.blogspot.com

1 comment:

Light said...

Хүн гүрний тухай ихийг үгүүлсэн сонирхолтой бичлэг байна. таны гүн агуулгатай бичлэгүүдийг унших дуртай. Хүн human хоёр холбоотой юу.