Tuesday, September 14, 2010

Монгол үндэстнийг нэгтгэх шинэ төлөвлөгөө


 Өдгөө, монголчууд шиг тарж бутарсан үндэстэн ховор агаад, тэр чинээгээр үндэстний оршихуйн асуудалд асар их бэрхшээл учирч байна. Үндэсний, панмонголист чиг баримжаатай ТББ-ууд болон, хүмүүсийн хичээл зүтгэл хүчтэй хөшүүрэггүйгээр, хангалттай үр дүнд хүрэхгүй байна. Тийм нэгэн арга хэрэгсэл бол төрийн хөшүүрэг байж болох билээ.
Миний бие 1997 оноос, Монгол туургатны төрийн удирдлагуудын холбоо гэсэн олон улсын байгууллага байж болох юм хэмээн бодох болсныгоо энэ үгүүллээрээ дэвшүүлэн тавьж байна. Тодорхой хэлбэл, засаг захиргааны нэгжүүдийн (ЗЗН) төрийн дээд удирдах байгууллагуудын төлөөлөгчдийн холбоо. Ямар нэг товч бэлгэдлийн нэр өгөөд, ямар байгууллагууд яаж нэгдэх вэ гэдгээ эрхэм зорилгодоо тодорхойлж өгч болно.


Ингэснээр, монгол туургатны угсаатны бүлгүүдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, соёлын солилцоо, эдийн засгийн холбоо, хүний эрхийн хамгаалал, хүмүүнлэгийн нөхцөл байдлууд нэн сайжрах болно. Элссэн бүх ЗЗН-үүдийн монголчууд виз, татвар, худалдаа, ажил эрхлэлтийн хөнгөлөлт, хүний эрхийн болон хууль зүйн хамгаалал, янз бүрийн тусламжуудыг нийт Холбооныхоо хүрээнд эдлэх эрхтэй байж болно. Холбооны тусгай паспортыг ч гишүүн ЗЗН-үүдийн монголчуудад олгож болох билээ.
Өнөөдөр, бие биеийн засаг захиргаан дор оршдоггүй:
Монгол Улс
Оросод:
Буриад Улс
Халимаг Улс
Тува Улс
Алтай улс
Агын дүүрэг
Уст-Ордын дүүрэг
Хятадад:
Өвөр Монголын ӨЗО
Баянголын монгол ӨЗ тойрог (Шинжаан)
Борталын монгол ӨЗТ (Шинжаан)
Хайсигийн монгол, түвдийн ӨЗТ (Хөх нуур)
Хэнаний монгол ӨЗСум (Хөх нуур)
Хужугийн монгор ӨЗС (Хөх нуур)
Датунийн монгор, хотон ӨЗС (Хөх нуур)
Баоань, дуншан, саларын ӨЗС (Хөх нуур)
Ховогсайрын монгол ӨЗС(Шинжаан)
Цавчаад шивэйгийн ӨЗС (Шинжаан)
Сүбэйгийн монгол ӨЗС (Ганьсу)
Дуншаны ӨЗС (Ганьсу)
Сүнаний шар югур ӨЗС (Ганьсу)
Хорчин зүүн гарын монгол ӨЗС (Ляонин)
Фүсиний Монгол ӨЗС (Ляонин)
Өмнөд горлос монгол ӨЗС (Гирин)
Дөрвөд монгол ӨЗС (Хар мөрөн)
Вэйэний монгол, манж ӨЗС(Хэбэй)
Шинэ Монгол үндэстний гацаа (Юннань)
Афганистанд:
Бамиян муж
Дайкүнди муж
Кабулын хазар ЗЗН-үүд
12 мужийн хазар ЗЗН-үүд зэрэг ЗЗН-үүд байна. Афганистанд могол, чараймак, Кыргызстанд сарт халимагийн ЗЗН-үүд байдаг эсэх нь зохиогчийн хувьд тодорхойгүй байгаа. Тэднээс гадна, Хятадын бусад мужуудын болон Түвдийн монголчууд гээд л, аль аль нь л монгол туургатны аливаа үйл явцын гадна үлдэж болохгүй.
Холбооны төлөөлөн удирдах байгууллага Монгол Улсад суурин ажиллагаатай байх нь зүйтэй болов уу. Улс, ӨЗО-ноос нэг юмуу, хоёр бусад ЗЗН-үүдээс бүсчилсэн хуваарилалтын дагуу нэг төлөөлөгч ээлжлэн томилогдох зарчмаар удирдах байгууллагад орж болно. Эс бөгөөс, орон тоо олонтой, нүсэр удирдах байгууллага болж, үйл ажиллагаанд нь янз бүрийн хүндрэл учирна.
Холбоо монгол туургатны нэгдмэл ашиг сонирхлыг эрхэмлэнэ. Бүх монгол туургатан улс төр, соёл, мэдээлэл, эдийн засаг, бизнэс, хүмүүнлиг, эрхзүй, боловсрол, шинжлэх ухаан, мэргэшилт, дипломат харилцаа, шашны салбаруудад өргөнөөр хамтран ажиллаж, идэвхтэй солилцоо явуулахыг дэмжинэ. Дээрх хамтын ажиллагаа, солилцоонд оролцож буй монгол туургатан байгууллага, иргэдийг онцгойлон, төрөл бүрийн дэмжлэг хөнгөлөлт үзүүлдэг болгох чиглэлээр ажиллана. Холбооны бодлогыг хэрэгжүүлэхэд ОУБ-ууд, ТБ-ууд, ТББ-уудтай идэвхтэй хамтран ажиллана. Холбооны их хурлыг тодорхой үечлэлтэй явуулна. Холбооны удирдах байгууллагад зөвхөн монгол туургатан хүн ажиллана.
Ийм нэгэн байгууллага байвал ямар вэ? Уншигч та дэмжиж байна уу?
Монгол туургатан нэгдэн нягтарч, үүрд мөнх мандан бадрах болтугай!
Ч.Мөнхбаяр. 


ММХ.VIII.XXIV

1 comment:

Anonymous said...

Дэлхийгээр тархан суурьшисан Монгол үндэстнүүдийн Сүлжээ маш чухал. Эхлээд үндэстнүүдээ хооронд нь холбоод авах хэрэгтэй юм. Тэгээд тэдний хүсэл эрмэлзлэлийг Монголын Сэргэн Мандалд чиглэсэн нэгэн үзүүрт бодлогоор хөтлөх аваас Одоогийн Монголын тусгаар тогтнол, үндэсний эрх ашгийн хэрэгжилт зөв зохистой явагдана.
Үүний тулд Монгол улсад төвтэй Дэлхийн монголчуудын Ууарг тархи маягийн төв байгуулах нь зүйтэй юм шиг. Энэ төвийн шийдвэр зорилт нэгэн зэрэг бүх Монголчуудад неирон сувгуудаар хүрэх мэт ажилладаг байвал.... Мэдээллийн Технологи бидэнд ийм боломжийг олгоно. харин санхүүг яаж босгох вэ, яаж үнэнч шудрагаар хөтлөх вэ гэдэг проблем хэвээрээ үлдэнэ. Санхүүгүйгээр ийм том сүлжээг ажиллуулах нь утопи - мөрөөдөл болно л доо....